2010-07-27

АЛАГДАЙ АВАРГА - 3

Д.Цэвэгмид
(Багачууддаа уншиж өгөөрэй 5-6 настай, 3-р хэсэг)
Үргэлжлэл

Айлын ямааг төлөөлж
Алагдай уралдаанд оролцоод
Алсын тавианд түрүүлж
Аварга цол шагнуулаад,
     Эргэж сүрэгтээ ирэхэд нь
     Ээж нь сэтгэл хангалуунаар
     “Эвий хөөрхөн ишиг минь”
     Энхрий хайрт үр минь
Янгирын наадамд манлайлж
Ямаа нэрээ мандууллаа,
Ялалтын өндрийг эзэмшиж
Яруу алдраа дуурсгалаа,
     Уртын аян харгуйд
     Ундаасаа биз, сүүгээ уу,
     Өнжин саатан явж
     Өлсөө биз, мээмээ хөх” гэхэд нь       
Алагдай аварга ширвэлзэж
Амаа мурийтал ярвалзаж
Дэргэдэхээ дэгс харж
Хажуудахаа халит хялайж
     “Талын уудмаар давхиж
     Таанын үзүүр шилэх,
     Тагийн аглагийг зорьж
     Тансаг идээг таних,
Ээжийн мээмээс холдож
Эрдэм чадлаа сорих
Эрийн цээнд хүрсэн
Эрхэм аварга боллоо” гээд
     Эрхийн чинээхэн эврээ өрж
     Эрэвгэр хэдхэн сахлаа илж
     Үүдэн хойморт ханхалзан
     Үүлтэй тэнгэр өөд өлийхөд нь
Боролжны ёроолоор бөмбөрдөг
Борхон туулайн бүжингүүд
Цохио дамжин харайдаг
Цоохор жирхийн зулзагууд
Ямар сүртэй “сэрх” вэ,
Яасан жавхаатай “эр” вэ? гэж
Шаг шууг бололцон
Шагшран магтаж гайхалцав.
     Аварга цолын халуунд
     Алагдайн нойр нь ихдэж
     Гэдсээ цүндийтэл идээд
     Гэдийн хэвтэх нь олшров.
Эрээдэй, Орогдой хоёр
Эртний нарнаар босож
Хатирах тэших сургууль
Харайх гүйх дасгал хийнэ.
     Ээж нь Алагдайг сэрээж
     “Энхрий хүү минь бос,
     Халих дүүлэхийн дасгалд
     Хамаг ишигнүүд гарлаа” гэхэд нь
Ноохойдоо хоргодсон Алагдай
Нойрондоо дарагдсан аварга маань
“Би түүнийг чадахаа л чадна
Битгий намайг сэрээ” гээд
     Үүрэглэж нүдээ нухан
     Үд болтол унтаад,
     Өдөр дундын үесээр
     Өндийж нэг харахдаа,
Уралдаж байгаа унага
Одоорч байгаа тугал
Дэвхэрч байгаа ишиг
“Борви нь тушилдсан болхиодой,
     Хөл нь хөшилдсөн хөглөөхэй,
     Нэр гутаам нэвсгэрүүд,
     Цол гутаам цордгорууд” гэж шоолно.

Үргэлжлэнэ ->> ...