2015-04-21

Тоглоомууд яагаад зугтаа вэ?

Г.Сэсмээ

Follow Erdenechimeg's board Нэхмэл тоглоомууд on Pinterest.
Хурдан хурдан алхлаад
Хул морь хаачна вэ?
Хөл, сүүл, чихийг минь
Хөхөж зулгаагаад салдаггүй
Элдэв гэдэг жаалтай
Эвлэрч чадахаа байгаад
Замаар ороод явж байна
За машин чи хаачихна вэ?
Хайрга дээгүүр чирээд
Хамуутай юм шиг болгочихдог
Ол зод гэдэг хүүгээс
Оргож зугтаж явна.
Та бид хоёр ч мөн
Таарсан амьтад байна даа.
Хамт хоёулаа явъя
Хайрладаг эзэнд очъё

Байдаг тэнхээгээрээ алхлаад
Баавгай та хаачихна вэ?
Хүчит хүрэн баавгай би
Хүүхэдтэй наадах дуртай
Гэтэл тэр Дэндэв маань
Гэртээ намайг байлгаагүй
Зуны халуун наранд ч
Зудтай өвлийн хүйтэнд ч
Гадаа гаргаад хаячих юм.
Ганц ч ирж авахгүй юм.
Дургүй баахан хүрээд
Дулаан байр эрж явна.
Та бид нар ч мөн
Таарсан амьтан байна даа,
Хамт бүгдээр явъя
Хайрладаг эзэнд очъё

Хон хон дуутай
Хотон байрын шинжтэй
Хойлог гэдэг гөлөг
Хаа хүрэх гэж явна.
Тоглоомынхоо буланд байлгаад
Тогтмол засаж янзалдаггүй
Тоос шороог минь арчаад
Тордож цэвэрлэхийг мэддэггүй
Баатар гэдэг хүүгээс
Баригдалгүй зугтааж гарлаа
Цэвэрч нямбай хүүхэдтэй
Цэнгэн наадах хүсэлтэй
Та бид нар ч мөн
Таарсан амьтан байна даа,
Хамт бүгдээр явъя
Хайрладаг эзэнд очъё

Дэлдэн хэн хоёр чихтэй
Дэгдэн хэн бор туулай
Дэгдэн цовхорч хурдлаад
Дэмий л юундаа яараа вэ?
Туулай надтай тоглоод
Тухтай байж байснаа
Дорхноо уурлаад шиддэг
Дондов гэдэг хүүгээс
Холдож амрах санаатай
Холын замд гараад
Дэлдэн чихээ дэл бэгнүүлээд
Дэгдэж яваа минь энэ дээ.
Та бид нар ч мөн
Таарсан амьтан байна даа,
Хамт бүгдээр явъя
Хайрладаг эзэнд очъё

Уйлж нулимсаа гоожуулаад
Уухилж аахилж гүйгээд
Ямар хэрэг гараа вэ?
Яаж яваа чинь энэ вэ?
Хааяа эрхэлж байдаг
Хатирч хул морьтой юмсан.
Харин тэр минь байхгүй
Хаачсаныг бүү мэд
Та бид нар ч мөн
Таарсан амьтан байна даа,
Хамаагүй чирээд давхидаг
Хар ногоон “ЗИС”-тэй юмсан.
Харин тэр маань байхгүй
Хаачсаныг бас бүү мэд
Нийлээд хоёулаа явбал
Нэгийг нь ч болсон олох байгаа

Гунигтайхан алхаад чи
Ганцаар хаа хүрэх нь вэ?
Хон хон дуутай
Хоточ байрын шинжтэй
Хойлог гэдэг гөлөгөө
Харах бараагүй алдчихлаа
Хаачсаныг бүү мэд
Хайж эрээд явж байна
Харин ах дүү та нар минь
Харж үзээгүй биз дээ
Эрхэлдэг тоглоомоо алдаад
Эрээд гүйж явдаг
Та бид нар ч мөн
Таарсан амьтад байна даа.
Нийлээд бүгдээрээ явбал
Нэгийг нь ч болсон олох байгаа

Гурвуул дөрвүүлээ нийлээд
Гудамж өгсөөд хаачихна вэ?
Эрхэлдэг тоглоомоо алдчихаад
Эрээд явж байна даа бид
Энд тэнд явахдаа
Элдэв тоглоом үзээгүй биз?
Та бид нар ч мөн
Таарсан амьтад байна даа
Бөмбийсөн хөөрхөн биетэй
Бүлтийсэн хоёр нүдтэй
Хар халзан туулайтай юмсан
Харин тэр минь байхгүй
Хаачсаныг бүү мэд
Хайж эрээд явж байна
Нийлээд бүгдээрээ явъя
Нэгд нэгэнгүй олж авъя
Эрхэлдэг тоглоомоо алдчихаад
Эрээд явж байна даа бид
Энд тэнд явахдаа
Элдэв тоглоом үзээгүй биз?
Хазуулж орхисон морь
Халцарч холцорсон машин
Хатаж гандсан баавгай
Харлаж хиртсэн гөлөг
Хазгай доголон туулай тав
Хатирч хурдлан ирээд
Хашаа тойроод явчих нь билээ.
Одоохон бушуу явахгүй бол
Олж тэднийг авахгүй шүү
Гүйгээд байя, бүгдээрээ
Гүйцээд авъя, цөмөөрөө
Хэнээс ч зөвшөөрөл авалгүй,
Хэдүүлээ нийлээд хаачихна вэ?
Та нар бүгдээрээ биднийг
Тамлаж их тарчлаасан
Бид яасан ч очихгүй ээ.
Биеэ зовоож чадахгүй ээ
Олон хөөрхөн тоглоом минь
Одоо бид зовоохгүй ээ
Худлаа худлаа та нар
Хуурч залилж авлачихна уу?
Нээрэн нээрэн нээрэн шүү
Нэг ч удаа эвдлэхгүй гэж
Уйлан уйлан хэлээд,
Учиргүй гуйгаад байхаар нь
Өрөвчхөн сэтгэлтэй тоглоомууд
Өөрсдийнхөө эздэд очсон юм
гэдэг.