2017-09-10

Социализмын үед хүн бүр хүүхэд рүү анхаардаг байлаа.

Эх нийтлэл нь  /www.davalgaa.mn/ хуудсанд байгааг уншиж олно.

Монголын багш нарын 47 дахь өдрийг угтаж “цэцэрлэгийн” гэх тодотголтой, боловсрол судлалын магистр, “Зөвлөх” багш Д.Ноннатай “Боловсролын давалгаа” ТББ-ын ажилтнууд социализмын үеийн хүүхдийн хөгжил, хүмүүжлийн талаар ярилцлаа.
Д.Нонна багш маань гялалзаад л би “Багачууддаа уншиж өгөөрэй” номынхоо 1 дүгээр дэвтрийг гаргалаа. Үүнийг 3 хүртэлх насны хүүхдэд зориулан гаргаж байгаа юм. Одоо хүүхдүүд “Хэнз хурга” шүлгээ ч мэдэхээ байчихсан байна шүү дээ гэсээр яриагаа эхлэв.

Боловсролын давалгаа (Б.Д): “Боловсролын давалгаа” ТББ-аас цаашид үйл ажиллагаагаа явуулахад “Одоо бид хүүхдийг ер нь яаж харах юм бэ?” гэсэн асуулт тулгараад байна. Малчин, нүүдэлчин үед ахмад хүмүүс бол амьдралын хамгийн их туршлагатай, мэдлэгтэй, тэднийг бусад нь хүндэлдэг, үгийг нь сонсдог байсан. Гэтэл одоо бидний амьдралын тогтолцоонд өөрчлөлт ороод байна. Суурьшмал амьдралтай болж. Зарим залуучууд ихийг мэддэг, чаддаг болжээ. Тэгэхээр хүүхэд, залуучуудад хандах хандлагаа эргэж харах шаардлага бидэнд үүсч байна.

Д.Нонна (Д.Н): Харин тиймээ. Хүүхдийг хүн гэж үздэггүй, тэдэнд дээрэлхүү байдлаар ханддаг хүмүүс цөөнгүй байна. Би автобусанд жаахан хүүхдийг суудлаас нь босгодоггүй. Хүүхэд чинь ч бас ядардаг юм шүү дээ. Уламжлалт аргаа орчин үетэйгээ уялдуулах шаардлагатай. Өнөөгийн эцэг эхчүүдийн хүүхдээ таних, хүүхэдтэйгээ ажиллах боловсрол их тааруу болжээ.

(Б.Д): Одоо үеийг социализмын үетэй харьцуулахад ялгаа байна уу?

(Д.Н): Социализмын үед хүүхдийн тухай хүн бүр ярьдаг байсан. Боловсролын байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллага, хөдөө орон нутагт очиход аймаг, сум нэгдлийн дарга нар гээд хүүхдийн асуудлыг ярьдаггүй хүн байгаагүй. Төрөөс хүүхдийн хүмүүжилд их анхаардаг байсан. Хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаар эцэг эхчүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажил ч их хийдэг байлаа. Сар тутам “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүл гарч, түүнийг нь эцэг эхчүүд тогтмол авч уншдаг байсан.  Би цуглуулсан “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүлээ нийслэлийн 129 дүгээр цэцэрлэгт өгсөн. Тэнд очиж үзэж сонирхож болно.

(Б.Д): Дуу, шүлэг гэх мэт хүүхдэд зориулсан бүтээлүүд ч олноороо гардаг байсан даа.

(Д.Н): Тийм. Элдэв-Очир чинь хүүхдийн кино театр байлаа шүү дээ. Хүүхдэд зориулсан “Оюун түлхүүр” сэтгүүл гардаг байлаа. Түүний дотор эцэг эхчүүдэд зориулсан зүйлс бас байдаг байсан. Мөн олон эцэг эх хүүхдүүдтэйгээ сонсдог “Цэнхэр самбар” радио хичээл бүтэн сайн өдрийн 10.00 цагт явдаг байв. 1962 он чухал эргэлт гарсан жил байсан. Засгийн газраас хүүхдийн асуудалд анхаарах талаар бүх хүнд хандсан захидал гаргасан.

1990 он гараад л хүүхдийн хүмүүжил гэж ярих хүн ховордсон доо. Би гэхэд л 1990 онд яамнаасаа “Цэцэрлэгийн хэлтэс”-тэйгээ хамт тэтгэвэрт гарсан.

(Б.Д): Хэрэв бидэнд уламжлал байсан бол ийм хурдан алга болчихмооргүй юм?

(Д.Н): Одоо хүүхэд өөрөө өөрсдийгөө удирдах ёстой гээд үүнийгээ шинэ юм шиг яриад байна. Тэр чинь байсан л байхгүй юу. Бүлгийн ажил, пионерийн ажил гээд хүүхдүүд “пионерийн танхим”-даа ороод ярилцдаг, өөрсдөө хамтарч юм хийдэг байсан. Одоо тийм юм алга. 2-3 ээлжтэй болохоор өрөө тасалгаа ч олдохоо байжээ. Одоо нийгмийн ажилтан гэж байна, гэхдээ ядуу өрх, хог шороо ярина уу гэхээс биш, хүүхдийн тухай ярьж байгаа юм алга. Хорооны дарга хулгайч, архичин, гэр бүлийн салалт ярина уу гэхээс биш хүүхдийн асуудал ярьдаггүй.

(Б.Д): Үлдэх ёстой боловч алга болчихсон тийм уламжлал байна уу?

Одоо бол гадны юм их ороод ирчихсэн байна. Эцэг эх үлгэрлэх, хүүхдээ хүндлэх, зөв харилцах, хүүхэд нь эцэг эхээ хайрлаж хүндэтгэх сайхан уламжлалыг авч хоцрох л ёстой. Олон хүүхэдтэй айлын хүүхдүүдийн ах, эгч нь дүүгээ сургаж, өсгөж өндийлгөөд л явчихдаг байсан. Мөн эцэг эхчүүд  хүүхдийнхээ нас зүйн онцлогийг сайн мэдэж байж, хүүхэдтэйгээ зөв харилцана.
Социализмын үед нийгмийн төлөө их юм хийж байсан. Алдаа нь хувь хүний асуудлыг бага анхаардаг байсан байх.

(Б.Д): Одоо бол нийгмээ ч, бас хүнээ ч хаясан юм биш үү?

(Д.Н): Өнөөдөр хүүхдийг амьдрах ухаанд сургах ажил их орхигдож байна. Хүүхдүүд биеэ дааж, өөрийгөө авч явж чадахгүй байна. Цэцэрлэгт “хөдөлмөр”-ийн хичээл гэж ордог байсан. Ахлах насныхан нь товч энэ тэрээ хадаад сурчихдаг байлаа ш дээ.

(Б.Д): Тэр үед нэг ангид олон хүүхэдтэй байв уу?

(Д.Н): Нэг анги 25 хүүхэдтэй л байдаг байсан, яслийн ангид бол 15 хүүхэдтэй. Одоо зарим анги 50-60 хүүхэдтэй байна шүү дээ. Багш нар ядаргаанд орж байна. Ийм олон хүүхэдтэй болохоор зугаалгаар хүүхдээ салхинд ч гаргаж чадахгүй болж. Цэцэрлэгт хүүхдийг мөнгөгүй авдаг болсноос л болж байна. Багшийн ажил, үйлчилгээг үнэлэхгүй байна.

(Б.Д): Тэр үед цэцэрлэгийн хамралт хэд байсан бэ?

(Д.Н): 20-30%-тай л байсан. Одоо 60, 70% гээд л байгаа юм. Яг бодит байдал дээр 50%-ийг нь л хамарч байгаа юм уу даа. Тэр хувилбарт сургалт энэ тэр ч худлаа юм билээ. “Шонхор” захын тэнд би нэг шинэ цэцэрлэгт очиж үзсэн. Зай талбай багатай, жижигхээн цэцэрлэг байна лээ.  Энэ их олон хүнтэй хотод 250, 330 хүүхдийн том том цэцэрлэг барих хэрэгтэй байна ш дээ. Том орон сууцнууд олноор баригдаж байна. Ийм орон сууцны 1 дүгээр давхарт нь цэцэрлэг байвал хүүхдэд ч, эцэг эхчүүдэд ч хэчнээн амар байхав. Барилга барихаас нь өмнө барилгын компанитай 1 дүгээр давхарт нь цэцэрлэг байна шүү гээд л гэрээ байгуулчихаж болмоор санагддаг юм.
Сүүлийн 23 жил Монголд шунал  ихэссэн. Улсын хэмжээнд 400 ясли байсан, бүгд хувьд шилжиж, хувийн нүдний эмнэлэг, шүдний эмнэлэг, байр энэ тэр болоод дууссан.

(Б.Д): Үүнд хэн буруутай вэ?

(Д.Н): Хувьчлал гэдэг юм чинь л буруутай байхгүй юу. Сүүлдээ би өөрийгөө загнадаг юм. “Чамд ямар хамаатай юм бэ?” гэж. Тэгээд бас чадахгүй ээ, энэ хэдэн цэцэрлэгийн багшдаа туслах санаатай “юм” хэлчих гээд л.
Агуулгын стандарт гэхээсээ цэцэрлэгийн зай талбай, тавилга, тоглоом наадгай ямар байх ёстойг заасан стандартыг л гаргах шаардлагатай. Одоо хүүхдүүд цементэн шалан дээр хуванцар ширээ сандал, тоглоом наадгай хэрэглээд л байж байна. Энэ чинь хортой. Бүх зүйл модоор хийсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой.

(Б.Д): Сургалтын агуулгын хувьд Таны бодол?

(Д.Н): Эхлээд монгол хүүхэд дээр судалгаа, туршилт хийж, бусад орны сургуулийн өмнөх насны хүүхэд дээр хийсэн судалгаатай харьцуулан, өөрийн гэсэн агуулгыг бий болгох. Одоогийн стандарт гэдгийг бүрэн өөрчилж, өмнө хийж байсан цэцэрлэгийн хүмүүжил сургалтын агуулгад ойртуулах, тэгээд цэцэрлэгийн хүмүүжил сургалтын агуулгыг 8-10 жилийн хугацаанд тогтвортой байлгамаар байна.

(Б.Д): Цэцэрлэгийн багш нарт хандаж Та юу хэлмээр байна вэ?

(Д.Н): Хүүхдийн төлөө бүхий л насаа зориулж, хүүхдийг хүн болгох буянтай үйлсэд  зүрх сэтгэлээ өгсөн сайхан багш нартаа улам их амжилт гаргахыг хүсье. Та нар минь биеэ бодож, өөртөө цаг гаргаж, дандаа өөдрөг сэтгэлтэй, инээж баясаж яваарай.

Орчин үеийн сургалтын бүтэц өөрчлөгдөж байна. Оросд “2100 оны цэцэрлэг” гэсэн хөтөлбөр гарч сургалтын зарчмууд шинээр бий болж байна. Багш нар бүтээлчээр ажиллах, мэдээллийн технологийг бүрэн эзэмших, хүн түүний сэтгэл зүйн онцлогийг мэддэг хүн судлаач болоход анхаараарай.
 
Цаг зав гарган ирж, чухал санаанууд хөндсөн ярилцлага өгсөнд их баярлалаа.

Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Тэмдэглэсэн:  Н.Норжхорлоо