2012-02-07

Ишиг, хурга, унага, тугал, ботго


3-4 насны хүүхдэд цээжлүүлэх шүлэг

Ж.Лодой 
ИШИГ

Сониуч байрын ааштай 
Шодгор жижигхэн сүүлтэй 
Хуруувчин чинээ эвэртэй 
Хуруун дайтай хөлтэй 
Цэнхэр хөх ишгээ 
Сэвгүй гэгч маллаж 
Самнаад баршгүй ноолууртай 
Сайхан ямаа болгоё. 

ХУРГА

Чандаган цагаан зүстэй 
Мяндсан зөөлөн үстэй 
Шөмбөгөр хөөрхөн толгойтой 
Шүрэн борлог нүдтэй 
Хун цагаан хургаа 
Тун сайхан маллаж 
Хүн бүхэн хичээж 
Түм бумаар өсгөе. 

УНАГА

Толгой хаялан нааддаг
Тоос татуулан давхидаг
Сүүлээ шарван тонгордог 
Сүүдрээ хараад бусгадаг
Эр хүний нөхөр эмээл хазаарын эзэн
Хөөрхөн цовоо унагаа
Хурдан хүлэг болгоё.

ТУГАЛ

Түнтгэр халзан духтай 
Түжгэр борхон гэдэстэй
Сагсгар өтгөн үстэй
Салаа найман туурайтай,
Шантгар улаан тугалаа
Цатгалан тарган тэжээсээр
Мах, сүүгээр элбэг 
Мундаг үхэр болгоё. 

БОТГО

Бүлээн зөөлхөн хошуутай
Бүлтгэр борхон нүдтэй
Удаан нь аргагүй тэнцдэг
Уянгатай гэгчээр буйлдаг 
Тэмээ болох санаатай 
Тээхэлзэж байгаа ботгоо
Арчлахын сайнаар арчилж 
Аяны унаа болгоё. 

2012-01-03

Давалгаа сайтаас

Эх сурвалж : 

Амьдралынхаа 40 гаруй жилийн хугацаанд бага насны хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын асуудалд ухаан бодол, сэтгэл, зүтгэлээ зориулан ирсэн, одоо ч бидэнд үлгэр дуурайл болон ажиллаж байгаа Д.Нонна багшийнхаа тухай хэдэн үг тэрлэхээр шийдлээ. Тэрбээр Монгол улсад орчин  цагийн хүүхдийн цэцэрлэгийг хөгжүүлэх, багшлах болон удирдах боловсон хүчин бэлтгэх, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр боловсруулах, бага насны хүүхэд, эцэг эхэд зориулсан ном, гарын авлага бүтээх гээд өргөн хүрээний ажил хөдөлмөр эрхэлсээр ирсэн нөр их хөдөлмөрч хүн билээ. 

Юуны өмнө Д.Нонна багшийн амьдралын замнал руу нь бага боловч өнгийн харъя. 


Амьдралын замнал

Д.Нонна багш 1935 оны 5 дугаар сарын 30-нд Дашзэвэгийн анхны охин болон Москва хотод төрсөн, гахай жилтэй. 1942-1951 онд Улаанбаатар хотын орос 1 дүгээр сургуулийн бага, бүрэн бус дунд сургуулийг төгсжээ.

Зураг 1 
1953-1957 онд Улсын багшийн институтыг орос хэлний багш мэргэжлээр төгсөж, 1957 оны 8 дугаар сарын 15-наас Улаанбаатар хотын Багшийн сургуульд орос хэлний багшаар томилогдон ажиллахын сацуу 1959-1962 онд цэцэрлэгийн мэргэжилтэн В.Ф.Максаковагийн орчуулагчаар хавсран ажилласан байна. 

1962-1963 оны хичээлийн жилд Цэцэрлэгийн багшийн сургууль Багшийн сургуулиас тусгаарлан гарахад Д.Нонна багш орос хэлний болон сургуулийн өмнөх насны хүүхдийн дүрслэх урлаг, байгаль заах арга зүй, гэр ахуйн хичээлийг давхар зааж байсан аж. Ингээд 1963-1967 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуульд суралцан сургуулийн өмнөх сурган, сэтгэл судлал, арга зүйч мэргэжлээр төгсөж ирсэн.

1967-1970 онд Ардын Боловсролын яамны боловсон хүчний хэлтэс ба Хүүхдийн цэцэрлэгийн хэлтэст мэргэжилтэн, 1970-1981 онд СХУ-ны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1981-1990 онд Ардын Боловсролын яаманд хүүхдийн цэцэрлэгийн хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж байгаад, 1990 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. 

Зураг 2
Д.Нонна багш хэдийгээр тэгэвэрт гарсан ч 1991-1994 онд нийслэлийн 147 болон 122 дугаар цэцэрлэгүүдэд арга зүйч багш, Монген сургууль, Америкийн гэр цэцэрлэгт зөвлөх багшаар ажилласан байсан. Мөн “Өүлэн ээжийн төв” ТББ байгуулж, цэцэрлэгт хамрагдаагүй олон хүүхдийг сургуульд бэлтгэх буянтай үйлийг хийж ирсэн билээ. 


Миний мэдэх Д.Нонна багш

Д.Нонна багш бол ясны хөдөлмөрч хүн дээ гэж юуны өмнө хэлмээр байна. Өдгөө 70 гаруй насыг насалсан ч зүгээр сууна гэж үгүй. Уншиж судлах, бичиж боловсруулах, багш нарт зөвлөн туслах, уулзалт ярилцлага, ахмадын ажилд оролцох гээд байнга завгүй. Сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдах болсон  “насан туршийн боловсрол” буюу хүн бол хүүхэд ахуйгаасаа эхлэн насан эцэстлээ байнга суралцан хөгжиж, дэвжин дээшилж байх ёстой гэсэн үзэл санааг амьрал дээр хэрэгжүүлж буй биет төлөөлөгч. 



2011-12-05

Цэцэрлэгийн эрхлэгч (3)


Эцэг эхэд зориулсан сурталчилгааны хэлбэрүүд:

  • Эцэг эхийн булан / Боловсролын хуулиас, цэцэрлэгийн талаар Боловсролын яамнаас гарсан тушаалын хэсгээс, сургалтын хөтөлбөрийн агуулгаас, эрүүл ахуйн холбогдолтой материал, хүүхдийн цэцэрлэгийн өдрийн дэглэм, хүүхдийн хоолонд ордог хүнсний нэр, калорийн хэмжээ, хүүхдийн гэрт байх өдрийн хувиар зэрэг эцэг эхийн заавал мэдэж байх зүйлийг байрлуулна./
Сурталчилгааны хавтас аялуулж  дараах сэдвээр сурталчлах. Үүнд:“Эрүүл мэндийн мэдлэгтэй больё”,”Хүүхдийн талаар дэлхий юу хийж байна вэ”, “ Аав ээж хүүхдээ ингэж хүмүүжүүлж байна”, “ Танай хүүхэд ийм чадвартай”, “Хүүхдийн эрүүл мэндийг хэрхэн яаж бэхжүүлэх вэ”,”Хүүхдийг халдварт өвчнөөс хэрхэн хамгаалах вэ”,”0-1 настай хүүхдийн онцлог ба яаж хөгжүүлэх вэ”,”1-2 настай хүүхдийн онцлог ба яаж хөгжүүлэх вэ”,”2-3 настай хүүхдийн онцлог ба аж хөгжүүлэх вэ”, “3-4 настай хүүхдийн онцлог ба яаж хөгжүүлэх вэ”,”4-5 настай хүүхдийн онцлог ба яаж хөгжүүлэх вэ”,”Хүүхдийг сургуульд яаж бэлтгэх вэ” г.м. хав тасуудыг ажиллуулах/
  • Гэр бүлийн ба бүлгийн үйл ажиллагааг харуулсан альбомууд  бэлтгэнэ. Үүнд: “Манай эвсэг гэр бүл”, “Манай бүлэг өдөр бүр”, “ Бид хичээл хийж байна”, “Би сургуульд орох бэлтгэлээ хийж байна”,” Би тоглох дуртай”, “Ээж ямаагаа яаж сааж байна вэ”, “Би цэцэг арчлах дуртай”, “Миний хайртай нохой”, “ Бид ногоо тарьж байна”, “Бид ногоо хурааж байна”, “Манайх өвс хадлангаа авч байна”  г.м.
  • Нүүдлийн номын сан  аялуулах:  Эцэг эх, эмээ өвөө ба хүүхдэд зориулсан хүмүүжил сургалттай холбоотой ном байна.
  • Фото зургийн цуглуулгаа: ”Бүлгийн амьдралаас”, “Бид малд хайртай”, “Бид байгалийн найз нөхөд”, “Бидний дуртай цэцэг”, “Бид гэртээ” ,Бид хашаандаа” г.м.
  • Фото зургийн үзэсгэлэн гаргах:  “ Миний эмээ бусдаас илүү”, “Ээж ба би хамгийн жаргалтай”, “Миний хайртай аав”, “ Аав ээж би хамгийн эвсэг найртай гэр бүл”, “Би аав ээжийн ажил дээр”, “Би аавын байгуулсан үнээний ферм үзэж явна”  гэх мэт.
  • Гэр бүлийн онцлог:  “Миний гэр бүл хамгийн сайхан”, “ Эрүүл аж амьдрахад гэр бүл”, “Аав болоход суралцах хэрэгтэй”,” Бидний хүү ба охин”, “Би аав ээждээ ингэж тусалдаг” гэх мэт.
  • Гэр бүлийн сонин гаргах:  “Би  хайртай эмээтэйгээ”, “ Бид  гэр бүлээрээ ингэж амардаг”, “Гэр бүлийн сонирхолтой явдлууд”, “Манай гэр бүлийн хамгийн дуртай хоол”,” Би ээжтэйгээ хонио хариулдаг”, “Миний хамгийн хайртай  ишиг”,”Манай нутгийн хайрхан уулс”, зэрэг сэдвээр гаргана.
  • Сэтгэл хөдлөлийн буланд:  ”Би өнөөдөр ийм байгаа”, “Би ирлээ сайн байна уу”, “ Инээдмийн өдөр”, “Өнөөдөр аавтайгаа аялал хийсэн” “Миний аав хамгийн хөгжилтэй”, “ Би аав шигээ болно”,”Би аав ээждээ маш их хайртай” зэрэг сэдэв байж болно.
  • “Сайхан үйлсийн хуримтлал” буланд  эцэг эхэд зориулан гаргаж сурталчилна. Эцэг эхийг идэвхжүүлэхэд олон хэлбэрийн жижиг хэмжээний сурталчилгаа хийж болно. Жишээ нь : “ Гэртээ хүүхдээ яаж юугаар саатуулах вэ”, “Та асуу бид хариулъя”, “Хүүхдүүд ингэж ярьж байна”, “Талархаж байна”, “Энэ сонирхолтой шүү”, “Тоглоод үзье”, “Өсөж том болж байна”, “Булбарай хөөрхөн хүү /охин/”, “Сэтгэлээсээ” “Та анхаарна уу”, “Бид найз нар таа ингэж тусалдаг”, “Миний хөөрхөн найз”,  зэрэг хүүхэд чинь цэцэрлэгт юу хийдгийг эцэг эхийн сонирхлыг татахуйц хүүхдийн үнэн байдлыг харуулсан зургуудыг сурталчилж болно.

Цэцэрлэгийн бүлэгт эцэг эхийн 
хамт явуулах баяр ба чөлөөт цаг.

Тэмдэглэлт баяруудаас  “ Ээжийн өдөр”, “Эмээгийн өдөр”, “Төрсөн өдөр”-ийг сард нэг удаа хийнэ, “Миний гэр бүл хамгийн сайн гэр бүл” зэрэг сэдвээр баярыг өнгөрүүлж болох юм.
  • “Мэргэжил бүхэн чухал бүгдээрээ мэргэжил эзэмшье” эцэг эхээс мэргэжлийн талаар хүүхдүүдэд яриа хийх.
  • Спортын тэмцээн уралдаан явуулах
  • Гэр бүлийн үзэсгэлэн гаргах  “Монгол үндэсний хувцас” “Монгол үндэсний гоёл чимэглэл”, “Монгол үндэсний сав суулга” зэрэг гэр бүлийн  амьдралын онцлогийг харуулсан фото зургийн үзэсгэлэн байна.
  • Жүжигчилсэн тоглолт эцэг эхийн хамт тоглох.  Жишээ нь: П. Хорлоогийн “Туулайн бүжин”, орос ардын үлгэр “Өнхрүүш”, “Чоно ба ишигнүүд”,Г. Сэсмээгийн “Тоглоомууд яагаад зугтаа вэ”, Ш.Перрогийн “Улаан малгайд”, монгол ардын үлгэр “Ах дүү гурав”, “Шаазгай хүү”, “Долоон бор оготно” зэрэг үлгэрээр хүүхдийн дунд тоглолтыг явуулах нь хүүхдэд баяр баясгаланг авчир ах юм. “Хүүхэд хоол идэж өсдөггүй харин баяр баясгалантай байвал түргэн өсдөг” гэж нэгэн эрдэмтэн хэлсэн билээ.
Болгоомжтой явган   аялал / 7 хоног явуулах/. Үүнд:
  • Зам хөндлөн явж гарах зорилготой зугаалга
  • “Үл мэдэгч гудамжинд” сэдвээр өдөрлөг тоглох.
  • Жолооч нарын өдөрлөг /жолооч аав ээж нартай хамтран / явуулна/.
  • Замын хөдөлгөөний сэдэвтэй тоглоом тоглох.
  • Замын хөдөлгөөнийг хэн сайн мэдэх вэ? Хүүхэд эцэг эхийн хамт ярилцаг явуулах.
  • Замын хөдөлгөөний цагдааг урьж яриа хийлгэх.
Урлагийн долоо хоног. Үүнд:
  • Зургийн үзэсгэлэн явж үзэх.
  • Зураачдын өдөр /уран зураг зурдаг / зураачийг урьж яриа хийлгэнэ.
  •  Монголын болон бусад орны зураачдын зургийг үзүүлж тайлбарлана ярилцана.
  • Хөгжмийн  өдөр /  Монголын нэртэй болон залуу хөгжимчнийг  урьж уулзалт зохиох/.
  •  Хөгжим сонсох утгын тайлбарлаж ярилцах, дуу дуулах.
  • Хүүхдийн зургийн өдөр.
  • Хүүхдийн тоглоомын гоё талбайн өдөр/ эцэг эхийн хамт ойролцоо  хүүхдийн талбайтай танилцах зугаалга явуулна.
Бидний хайртай Улаанбаатар хотын  долоо хоног. Үүнд:
Хот минь юу юунаас бүтдэг вэ ? Ярилцлага явуулна.
  • “Хот- гудамж- миний гэр /байшин/” сэдвээр ярилцлага зохион.
  • “Хот-зам-би” сэдвээр ярилцана.
  • “Хотын хүмүүс” сэдвээр ярилцана.
  • “Хотын байгаль” сэвээр ярилцана.
  • “Хотын дурсгалт газрууд” сэдвээр ярилцана.
  • “Хот аюултай ба аюулгүй” сэдвээр ярилцана.


2011-11-29

Сунадаг...

Б.Ганчимэгийн  Сунадаг автобус, Хөлөндөө өндөгтэй унага, Оймс иддэг хулгана, Баллуур зэрэг хүүхдийн хөөрхөн шүлэгүүд дээрх сайтаар гарсан байна. Номыг авч хүүхдүүдээ уншуулаарай.

MongolNews.mn - Хүүхдийн зохиолч ЭЭЖ ОХИН ХОЁР: "
Б.ГАНЧИМЭГ
Хөл тавих зайгүй
Дүүрэн зорчигч суулгасан
Хөх цэнхэр автобус
Хүнгэнэн дуугарч давхина
Нэгдүгээр ангийн сурагчид
Эхний эгнээнд суужээ
Хоёр гуравдугаар ангийнхан
Хойно хойноосоо дараалжээ."
Дунд ангийн сурагчид
Дундуур хавьцаа тухалжээ
Арын хэдэн суудал
Ахлах ангийнханд оногджээ.
'via Blog this'

2011-11-21

Цэцэрлэгийн эрхлэгч (2)


Цэцэрлэгээс эцэг эхийн дунд зохиох ажил.

Эцэг эх бол хүүхдийн анхны багш. Тэд хүүхдийг хувь хүний хувьд нялхаас нь эхлэн бие бялдар, ёс суртахуун ба оюуныг хөгжүүлэх төлөвшүүлэх анхны суурийг тавих үүрэгтэй.
Гэр бүл ба хүүхдийн цэцэрлэг бол ирээдүйн иргэнийг бий болгох нийгмийн хоёр чухал сургууль. Гэвч бие биеэ ойлгох, сонсох, тэсвэр хатуужлыг давах, хоорондоо харилцах, харилцан ойлголцох талаар цаг хугацаа бага байдаг.  Харилцан бие биеэ ойлгохгүйгээс болж дунд нь хүүхэд хохирч байдаг байна. Эцэг эх хүүхдэд минь өнөөдөр ямар хоол өгсөн бол гэдгийг сонирхдог, цэцэрлэг бидний  хүүхдийг минь зөвхөн харж саатуулдаг гэж ойлгодог. Иймд багш нарт дээрх шалтгаанаас болж эцэг эхтэй харьцахад их саад учирдаг.

Хүүхдийн хүмүүжлийн талаар эцэг эхэд ойлгуулахад багш нарт маш хүнд байдаг. Хүүхдийг зөвхөн хооллоод, гоё хувцас өмсгөөд байх нь биш хүүхэдтэйгээ харьцаж ярилцаж, тэдний бодол санаа, мөрөөдлийг сонсож, тэднийг сэтгэж бодож байгааг дэмжиж байх талаар багш нар эцэг эхэд зөвлөгөөн өгөхөд хүлээн авах дургүй байдаг. "Бид завгүй, цаг байхгүй" гэж хариулна.

 Үүнийг яаж өөрчлөх вэ?
 Хамтран ажиллах талаар яаж эцэг эхийн сонирхлыг татах вэ?

Эцэг эхтэй хамтран ажиллахад  юуны өмнө эцэг эхийн  сонирхол, үзэл бодол, мөрөөдөл, амьдралыг судлах, гэр орноор нь очих, гэр бүлийн хүмүүжил, эцэг эхийн хоорондын харьцаа, хүүхдийн хөгжих орчин гэрт нь байгаа эсэхийг судалж дүгнэлт гаргах нь чухал байдаг.

Эцэг эхийг судлаад үзэхэд тэд гурван бүлэгт хуваагддаг. Үүнд:

  • Лидер /манлайлагч/ эцэг эх гэж байдаг. Тэд хүүхдийн цэцэрлэгийг сонирхдог, тэдний үйл ажиллагааг мэддэг байнга цэцэрлэгийн ажилд тусалдаг.
  • Гүйцэтгэгч эцэг эх гэж байна. Тэд ямар нэгэн болзол харж цэцэрлэгийн ажилд оролцоно.
  • Шүүмжлэлтэй ажиглагч эцэг эх гэж байна. Тэд хүүхдийнхээ боловсролд анхаарч хүмүүжил сургалтын зарим үйл ажиллагаанд сууж өөрийн хүүхэд  аль зэрэг оролцож байгааг ажиглах, хүүхдийн ямар нэгэн асуудал гарахад мэргэжлийн хүнд хандаж шийдвэр гаргах, “Намайг  ингэж л хүмүүжүүлж байсан юм” гэж хайнга хандах зэргээр  дээрхи эцэг эх бидний зохиож  байгаа ажилд оролцдог .

Иймд хүүхдийн цэцэрлэг эцэг эхтэй хамтран ажиллах талаар тодорхой зорилго чиглэлтэй ,эцэг эхийн сонирхлыг татахуйц тэдэнд хүүхдийн хүмүүжлийн талаар боловсрол олгох олон төрлийн ажил зохиох шаардлага гарч ирж байдаг. Энэ талаар та бүгдэд эцэг эхтэй ажиллахад үлгэр жишээ болгож  ирэх бичлэгүүдээрээ дараах зүйлийг өгнөө.  Үүнд:

  •    Цэцэрлэгээс эцэг эхийн дунд зохиох үйл ажиллагаа. /үлгэрчилсэн байдлаар өглөө/
  •    Эцэг эхэд зориулсан сурталчилгааны хэлбэрүүд. (дараах бичлэгт)
  •    Цэцэрлэгийн бүлэгт эцэг эхийн хамт явуулах баяр ба чөлөөт цаг. (дараах бичлэгтсэдвүүдийг өгөх болно.

 Цэцэрлэгээс эцэг эхийн дунд зохиох үйл ажиллагаа. /үлгэрчилсэн байдлаар өглөө/

  •  Цэцэрлэгт явж байгаа хүүхэд нэг бүрийн  гэрээр очиж танилцах,
  • Нийт ( жилд 2 удаа)  ба бүлгийн  (  улиралд 1 удаа ) эцэг эхийн хурлыг тогтмол хийх / эцэг эхийн эхний хурлыг тоглоомын аргаар тойрч зогсоод өөрсдийг ээ танилцуулах, хүүхэд насаа санаж ярилцах, хүүхдийн болон том хүний дуу дуулах,  цэцэрлэгийн  ба бүлгийн зорилгоо танилцуулах ба жил ба улирлын тайлангаа тавих  гэх мэт./
  • Хүүхдийн хүмүүжлийн талаар зөвлөгөөн өгөх / хүүхдийн нас зүйн онцлог тэдэнтэй хэрхэн яаж ажиллах талаар богино хэмжээтэй байх ба сэтгэл судлаач,эмч, хэл засалч зэрэг мэргэжлийн хүмүүсийг урьж яриа хийлгэх/
  • Эцэг эх хүүхэд оролцсон хичээл явуулах / “ Бид дэлхийн хүүхдүүд”, “Миний сайхан нутаг”, “Миний хайртай хот / хот,аймаг, дүүрэг, сум бригад, хороо гэх мэт”, “Миний хайртай унага”, “Миний хайртай дүү”, “ Миний хайртай өвөө, эмээ”,“Миний хайртай ишиг”,  “Миний хайртай нохой”,  “Миний хайртай цэцэг”, “Манай аймгийн домог”, “Манай нутгийн шувууд”, “Мэдлэгийн орон” “Газар дэлхийгээ аваръя” зэрэг  сэдэвтэй хичээлийн конспект бэлтгэж явуулах/
  • Эцэг эх ба хүүхдийн оролцсон бүтээлийн үзэсгэлэн гаргах /зургийн, наа малын, баримлын, зохион бүтээх, эцэг эхийн урлан бүтээсэн зүйл, эцэг эх хүүхдийн хамт хийсэн бүтээл гэх мэт./
  • Хамтарсан аялал экскурс зохиох / нутаг орноороо явж бахархал төрүүлэх/
  • Харилцааны өдөр / цэцэрлэгийн эрхлэгч , арга зүйч ,багш нарын төлөөлөл, эцэг эх нар оролцсон“ Халуун хийцтэй цайны өдөр” , “Боорцогтой халуун цайны өдөр” сэдвээр чөлөөтэй · ярилцаж эцэг эхийн саналыг сонсох, багш эцэг эхийн харилцан чөлөөтэй ярилцах гэх мэт./
  • Буян хийх өдөр / жилд нэг удаа тухайн цэцэрлэгт явж байгаа хагас өнчин, нэн ядуу айлын хүүхдэд туслах зорилгоор айлд байгаа илүү тоглоом, хүүхдийн хувцас , ном хичээлийн хэрэглэлийг хүүхдэд бэлэглэх арга хэмжээ явуулахын тулд “ 10 төгрөгийн өдөр”, “ Найздаа хувцас бэлэглэе” ,” Найздаа тоглоомоо бэлэглэе”, “ Найздаа хичээлийн хэрэгсэл ба номоор тусалъя”, “Зүгээр л тусалж байна”, “Байгалийн гамшигт орсон орны хүүхдэд тусалъя”  гэх мэт ядарсан хүүхдэдээ туслах хайрлах халамжлах ажил зохиох өдөртэй болох г.м/
  • Нээлттэй хаалга / улиралд нэг өдөр эцэг эхчүүд хүүхдийн болон багшийн үйл ажиллагаатай танилцах зорилготой/
  • Баяр, чөлөөт цагийг өнгөрүүлэх бэлтгэл ажилд эцэг эх оролцох / “9-р сарын 1-ний нээлт”, “шинэ жил”, “ээжийн баяр” , хүүхдийн “төрсөн өдөр”, “ сургуульд үдэх өдөр” зэрэг арга хэмжээний бэлтгэл ажилд ба өдөрлөгт зөвхөн цэцэрлэг дээрээ оролцоно, гадуур ресторан бааранд олны газарт оролцохыг хориглоно/
  • Фото зургийн үзэсгэлэн гаргахад эцэг эх оролцох / гэр бүлийн зураг, олон үйл явдалд оролцсон, хүүхдийн өсөлт ,хүүхдийн хөгтэй явдлууд зөвхөн гэр бүлтэй холбоотой зургууд байх эсвэл зөвхөн цэцэрлэгийн үйл явдлаас харуулсан зургууд байна/
  • Хөгжүүлэх сургалтын орчин бүрдүүлэхэд эцэг эх хамтран оролцох
  • Өглөөний мэндчилгээнд оролцох 
  • Бүлгийн эцэг эхийн зөвлөлийн ажилд оролцох
  • Эцэг эх ба хүүхэдтэй харилцан ярилцах
  • Эцэг эхийн дунд сургалт семинар дадлага  хийх /“ Та хүүхдээ хэрхэн хөгжүүлж байгаа”, “Танай хүүхдийн эрүүл мэнд”, “Танай хүүхэд ямар хоолонд дуртай вэ”, “Танай хүүхэд гэртээ ямар хөдөлмөр хийдэг вэ”,“ Танай хүүхэд сургуульд ороход бэлэн үү ”, ”Танай хүүхэд ямар тоглоомоор тоглодог, ямар ном сонирхдог”, “Танай хүүхэд сургуульд явах хүсэлтэй юу” сэдвээр судалгаа хийх, ярилцлага зохиох гэх мэт./
  • Эцэг эхийн хүлээн авах өрөөнд ажил зохиох / эрхлэгч буюу арга зүйч нар эцэг эхтэй ганцаарчилсан уулзалтууд зохиох/
  • Итгэлт утас / утасны дугаар тавьж утсаар эцэг эхээс мэдээлэл авах/ ажиллуулах
  • Итгэлт шуудан / шуудангийн хайрцгаар мэдээ авах/ ажиллуулах

үргэлжилнэ