2009-11-22

Ховор зураг, Өвөрхангай аймаг

Аймгийн анхны цэцэрлэг нь 1946 онд Уянга суманд артелийн хөрөнгөөр 15 хүүхэдтэй, 2 гэртэй, 1 байшин хашаатай, артелийн цэцэрлэг нэртэй байгуулагджээ. Анхны эрхлэгч, нярав нь Памын Цэдэвдорж, хүмүүжүүлэгчээр Дарьхүүгийн Должин, цэвэрлэгчээр Памын Пүрэв, тогооч сахиул Сэрээгийн Жанлав нар ажиллаж байв. Хүмүүжүүлэгч Д. Должин үйлчилгээний хоршооллын шугамаар Улаанбаатар хотод хэд хоногийн курсэд явж ирээд ажиллажээ.


Сургалтын гарын авлага, ном хэвлэл, заавар зөвлөмж удирдамж байгаагүй, цэцэрлэгийн бүх эд аж ахуйг артелийн хөрөнгөөр авч байхын гадна хоолны жор норм байхгүй, энгийн айлын маягаар байсан ба анхны үед эцэг эхээс хоолны мөнгө авч байгаагүй байна. Тэр үеийн ажиллаж байсан хүмүүсээс нэгч хүн үлдээгүй байна.  Энэ цэцэрлэг нь артелийн анхны дарга байсан Жамцын Чулуундоржийн санаачилгаар байгуулагдсан байна.

Аймгийн 2 дахь цэцэрлэг нь 1947 онд артелийн цэцэрлэг нэртэй Арвайхээр хотод 1 бүлэг, 3 ажилчинтай байгуулагдсан, цэцэрлэг нь одоогийн Арвайхээрийн 1-р цэцэрлэг нь юм. Энэ цэцэрлэгийн анхны хүмүүжүүлэгч нь Нацагням гэдэг хүн байжээ.

4 сартай хүүхэд

Хүүхэд тайван унтдаг болсон тул ээж жаргаж эхэлнэ..  Хүүхэд өдөрт  4 цагийн , шөнө нь 6,5-8 цагийн зайтай  хөхөө хөхдөг боллоо. Зарим хүүхэд  шөнө 2 удаа  ч ээжийгээ сэрээж хөхөө хөхөж ээждээ наалдаж унтахыг хүсдэг.   Хүүхэд хоол боловсруулах ферментийг боловсруулж эхэлнэ, тэр нь эхийн сүүг маш нарийн боловсруулна. Бас нэгэн  сонирхолтой зүйл   нь  хүүхэд  доошоо харж  хэвтээд, гэдэсний булчин дээр тулгуурлан, гэдсээрээ урагшлах хөдөлгөөн хийхийг оролдоно. 
4 сартай хүүхэд юу хийж чадах вэ?
  • Хажуу  талаараа хэвтэхийг оролдоно. Хажуу талаас нь харахад инээдэмтэй санагдана. Хүүхэд эхлээд толгойгоо хажуу тийш нь болгоно. Араас нь бие ээ эргүүлэх гэж тэмүүлнэ. Зарим нь бүр даваад өнхрөөд өгнө. Хөл гараараа  хөдөлгөөнийг удирдана. Дээшээ харсан цох хорхой шиг санагдана. Сарын эцэст энэ бүх зүйлийг даван туулж  хөл гарын  идэвхтэй хөдөлгөөнөөрөө  өөрийн зорилгоо биелүүлнэ.
  • Тоглоомуудыг барьж авна. Цээжний дээр өлгөөтэй тоглоомуудыг маш анхааралтай ажиглана. Хэрэв дээр нь тоглоомуудыг тойргоор эргэлдэхээр  өлгөсөн бол хүүхэд эргэлдэж байгаа тоглоомоос шүүрэхийг оролдоно. Хөдөлгөөнгүй өлгөсөн тоглоомыг хүүхэд шууд гартаа барина. Энэ нь хүүхэд гараараа шууд шинэ мэдээлэл авч байгаа юм. Хүүхэд тоглоомын гадна талыг мэдэрч ялгаж сонголт хийж барина. Үстэй тоглоомоос айх, пиавран тоглоом хүйтэн, резинэн тоглоом зөөлөн гэх мэтийг мэдэрч эхэлнэ. Ээж нь өөрөө өнгө өнгийн цоохор  давуун уутанд  төрөл бүрийн будаа тариа, шош , ээзгий, ааруул , шагай хийгээд тоглоом хийж болно. Уутыг маш сайн бөхөлж оёсон байх хэрэгтэй. Хүүхэд ууттай тоглоомыг барьж үзсэнээр түүний  шинж чанарыг таньж авна гэдэг бол  хүүхдийн тархины үйл ажиллагааг идэвхжүүлнэ гэсэн үг.
  • Доошоо харж удаан хугацаагаар хэвтэх дуртай болно. Эхний үед хүүхэд доошоо харж хэвтэх дургүй байсан бол одоо харин  хэдэн цагаар  ч доошоо харж хэвтэх дуртай болно. Энэ нь орчин тойронд байгаа зүйлийг  ажиглана. Доошоо харж хэвтэхдээ хоёр гар дээрээ тулж хэвтэнэ, сарвуу нь тэнийн , хөл нь  өвдгөөрөө нугалсан байна. Хүүхэд хөдөлгөөнгүй зүйл дээр хараагаа төвлөрүүлж харах буюу хөдөлж буй биетүүдийг дагуулж харна.
  • Ээж нь харагдахгүй ч гэсэн ээжийн дуу хоолойг танина. Хүүхэд дуу чимээг ялгаж  эхэлнэ. Хамгийн сайн таних дуу чимээ бол ээжийн  дуу хоолой. Та утсаар өөр өрөөнд хүнтэй ярьж байхад хүүхэд таныг  анхааралтай сонсож байна. Мөн аялга дуу чимээ  бүхэнд хариу үйлдэл үзүүлнэ. Хэрэв та инээж байвал хүүхдийн нүүрэн дээр инээмсэглэл илэрнэ. Та чанга инээвэл хүүхэд тантай хамт  чанга инээхэд бэлэн байна. Тэхдээ хүүхэд таныг  яриагаа хурдан дуусгаад  над дээр ирээсэй гэж хүснэ.
  • Тоглоом үзүүлээд энхрийлэхэд хүүхэд урамтайхан хариу үйлдэл үзүүлнэ. Хүүхэд өөртэй  нь  харилцахыг маш их хүснэ. Та  хүүхдэдээ гадаа юу болж байна, аав нь хэзээ ирэх вэ, ээж нь ямар хоол хийж байна, ах нь юу хийж байна, эмээ нь хаана юу хийж явна зэргийг хүүхдэд ярьж бай. Юм үзүүлээд тэдгээрийг нэрлэж бай. Шинэ  юм бүхнийг танилцуулна.  Таны сайхан аялга дуу чимээ  хүүхдэд хамгийн чухал байна.  Энэ сард  хүүхэд чинь  хөх ба шилтэй сүүгээ өөрөө гараараа  барьж хөхнө.

2009-11-10

3 сартай хүүхэд

Нэгэн сонирхолтой   зүйл   ээж аавын  анхаарлыг татна. Энэ нь нялх хүүхэд яаж чанга инээж байгааг анх удаа сонсоно. Олон аавууд анх удаа би “хүн” бүтээсэн байна гэдгийг ухамсарлан ойлгож эхэлнэ. Аавууд анхны  хүүхдээ  гар дээрээ авахдаа айхгүй болно, орчиндоо байгаа хүмүүст хүүхдээ тэвэрч үзүүлнэ, гайхуулна. Энэ үед ээж нь бага зэрэг амарч авна.

3 сартай хүүхэд  юу хийж чадах вэ?
  • Цээжээ өргөхийг оролдоно. Энэ сараас хүүхэд ямар нэгэн зүйл хийхийг оролдож эхэлнэ. Гэдсэн дээр  ээ хэвтэж байгаа хүүхэд гараараа тулж цээжээ өргөж толгойгоо өргөнө. Ийм байдалд байхдаа тоглоомыг дагаж харах ба толгойгоо эргүүлнэ. Энэ үед эцэг эхчүүд зургийн авч хадгална. Зургийн тайлбарт  ээж аав нь  “Би гэдсэн дээрээ хэвтэж юм харж байна”, “Та нар хар даа би толгойгоо өндөр өргөж чаддаг болсон шүү” гэж бичиж хадгалах байхдаа.
  • Тоглоом барьж сонирхож харна. Энэ үед тоглоомуудын байрлалыг сольж арай доош нь хүүхдээс дээш 10-15 см-д өлгөнө. Тоглоом олон янзын эдээр хийсэн байж болно. Хүүхдийн цээжний харалдаа байгаа тоглоомонд хүүхэд хүрэх гэж гараа сунгах, тоглоомыг барьж үзэх болно.  Харин  хүүхдийн нүдний харалдаа тоглоом өлгөхгүй байхыг анхаараарай,  хүүхдийн нүд солир болдог шүү. Тоглоомыг нэг байрлалд удаан хугацаагаар байлгалгүй харин  үе үе авч хураана.
  • Дуу чимээ гаргаж эхэлнэ. Хэн “а-а-а-аа-аа-аа” гээд дуулаад байна вэ? Дараа нь “гы”гы”гы”, “ агу-гу-гу-, “кх-кх-гу” гэж дуулаад байна вэ? Гуагалах нь хүүхдэд тал бүрийн хөгжлийг хангаж байгаа юм. Хэрэв 3 сартай хүүхэд дуу чимээ гаргахгүй бол Та хүүхдээ яаралтай  хүүхдийн мэдрэлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхдийн хэл ярианы анхны дадлыг хөгжүүлэхэд  ээж аав  заавал туслах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ  ойрхон ойрхон ярьж, түүнд дуу дуулж өгч бай. Та гайхамшигтай  сонсогчийг оллоо гэж бодоорой. Хүүхэд таныг сонсох дуртай байдаг шүү. Хүүхэд  хөхөө хөхөхийг хүсэхдээ “ам-ам” гэх дуу чимээ гаргахад дөхөж очно.
  • Сэтгэл хөдлөлийг ялгаж эхэлнэ. Та хүүхэд  рүүгээ инээмсэглэлтэй дөхөж очиход хүүхэд инээмсэглэж эхэлнэ. Хүүхэд таны нүүрний хувирлыг маш анхааралтай харах болно. Яагаад ээж минь надад хайнга хандаж байна вэ? Нэг л юм болж дээ. Хүүхдийн сэтгэл санаа нь зовж  танаас “хэрэв чи надад хайртай бол инээмсэглээч” гэж  өөрийн   шаардлагыг тавьж  эхэлнэ.
  • Босоо байдалд байгаа зүйлийг сонирхоно. Ээжийн гар дээр байхад хүүхдэд маш тааламжтай байна. Хэвтээ байдалд байхыг хүсэхгүй болно. Яагаад гэвэл “ надад юу ч үзэгдэхгүй байна шүү дээ” Харин босоо байдалд байвал эмээгийн өгсөн тоглоомыг харна, эмээ өвөөгөө, ах эгчээ, аавыгаа харах боломжтой. Эд нар чинь өнөөдөр ямар юм өмссөн байна вэ? Босоо байдалтай байхдаа олон юмыг ажиглаж эхэлнэ. 3 сартай  эрүүл хүүхэд нь 8,5 -9 см өсөж өндөр болно, жингээрээ бол 2200-2500 гр нэмэгддэг байна.
  • 3 сартай хүүхдэд эрүүлжүүлэх иллэг массаж хийхийг хүүхдийн эмч нар зөвлөдөг юм. Та хүүхэдтэйгээ өдөр бүр хийдэг дасгалд чинь эдгээр зөвлөгөөн тус болно гэдгийг эцэг эх мартахгүй байгаарай.

2 сартай хүүхэд.

Хоёр сартай болоход ээж нар бүдэг бадаг юмыг санадаг. Энэ нь ээж нь нойр муутай байсных юм. Хүүхэд нь бага унтаж шөнө олон дахин босож хөхүүлэх дахин унтуулах гээд ээж нь нойр муутай байдаг. Эхний үед хүүхэд хөхсөн сүүгээ боловсруулахад ээжийн фермент нь тусалдаг. Амьдралын 3 дахь долоо хоног өнгөрмөгц байгалийн жам ёсоор “за ходоод минь чи бие дааж ажил” гэж хүүхдийн ходоод сүүг өөрөө боловсруулж эхэлнэ. Гэхдээ хүүхдийн ходоод зарим нь бие дааж боловсруулж чадахгүй. Зарим хүүхдийн гэдэс нь хий дүүрч тэр хөлөө атриулан уйлж ээжийгээ дуудна. Энэ эвгүй байдлаас гарахын тулд зарим хүүхдийн гэдсэнд нь шар тос түрхэж дулаан жин тавьж хийг нь гаргана, зарим нь ээжийн гэдсэн дээр гэдсээр нь хэвтүүлж туслан, зарим нь нарийн гуурсаар хийг нь гарган, зарим нь өвс тан уулгаж хийг гаргах олон аргыг хэрэглэгдэг байна. Энэ үед ээж нь тэвчээртэй байхыг санах хэрэгтэй. Гурван сарын сүүлчээр хүүхдийн гэдэсний асуудал хэвийн болж тайвширна.

2 сартай хүүхэд юу хийж чадах вэ

  • Гар хөлөө идэвхтэй хөдөлгөнө. Ээж нь хүүхдээ хөхүүлэх, хуурайлах, усанд оруулах унтуулах гээд байнгын завгүй байсаар нялх хүүхэд маш түргэн өсөж байгааг анзаардаггүй байна.
  • Тэр зөвхөн гараа атгаад байдаггүй харин гараа илүү их хөдөлгөдөг. Ялангуяа уйлахдаа гараа бүүр ч их хөдөлгөн. Тайван сайхан зантай байхад гар хөлийн хөдөлгөөн ихсэж “ зугаалж байгаа юм шиг” байна.
  • Дуу чимээнд хариу үйлдэл үзүүлнэ. Хаалга чанга хаах, хүчтэй чимээ сонсмогц орон дотор байгаа хүүхэд цочиж толгойгоо чимээ гарсан тал руу эргүүлнэ.  Шоржгонуур тоглоомын чимээгээр дагаж харна. Та хүүхэд рүү хандаж ярихад тэр анхааралтай сонсож таныг харна. Хэрэв та хүүхдээ энхрийлэн харж” Миний хайртай, ухаантай хонгорхон охиныг минь, бид бүгдээрээ чамдаа хайртай шүү” хэлэхэд охин чинь инээмсэглэнэ.
  • Тоглоом ба хүмүүсийг сонирхоно. Нэг сарын сүүлээр хөөрхөн үр чинь ээжийн нүүрийг маш сонирхож харна. Өмнө тодорхой бус байдлаар харж байсан бол одоо хамгийн хайртай, хамгийн эелдэг ээжийн нүдийг ялгаж харах болно. Ээжийн өмссөн хувцасны хээг сонирхож харна. Түүнд харуулахын тулд ээж нь том тод хээтэй хувцас өмсөх хэрэгтэй. Хүүхдийн орны дээр тоглоомууд заавал өлгөнө. Тоглоомыг хүүхдийн цээжний харалдаа 50-70 см-ийн өндөрт өлгөнө.
  • Баяр талархлаа илэрхийлж эхэлнэ. Энэ хэн бэ, хэн ирэв ээ? Ээж үү! Хайртай ээжийгээ ирэхээр хүүхэд баярлаж жаргалтай хан инээмсэглэн хөл гараа маш идэвхтэй хөдөлгөн угтаж авна. Үүнээс илүү ямар жаргал байх билээ.
  • Дуу чимээ гаргаж “ ярьж”эхэлнэ. Хүүхэд унтахгүй маш их сэтгэл хөдлөлтэй сайхан цаг ирдэг. Ээж нь юм хийж байхад хүүхэд орон дээр буюу орон дотроо “гх-гх”, гы-гы”,” гу-гу”, “агх-агх” гуагалах дуу чимээ гаргаж “ “Ээжээ ! Чи надтай яриач дээ. Би чамтай яримаар байна” гэж ээжийгээ дуудаж байгаа нь тэр.
  • Толгойгоо дээш нь өргөж барьж эхэлнэ. Та хүүхдээ гэдсэн дээр нь хэвтүүлэх дасгал хийхээ битгий мартаарай . Ингээд “өсвөрийн биеийн тамирчин”-ий хүзүүний булчин хөгжиж эхэлнэ. 2 сарын сүүлээр гэдсэн дээрээ хэвтсэн хүүхэд 10 сек. ба түүнээс удаан хугацаатай толгойгоо дээш нь өргөж барина.

2009-11-03

Хүүхэд эцэг эхийн хамт цэцэрлэгийн бүлэгт баяр ба чөлөөт цагийг өнгөрүүлэх.

  • Баяр өдөрлөг “ Ээжийн өдөр”,“Эмээгийн өдөр”, “Төрсөн өдөр”-ийг сард нэг удаа хийнэ, “Миний гэр бүл хамгийн сайн гэр бүл” г.м. сэдвээр баярыг өнгөрүүлэх.
  • Мэргэжил бүхэн чухал тул бүгдээрээ мэргэжил эзэмшье”мэргэжлийн талаар хүүхдүүдэд эцэг эхээс яриа хийлгэнэ.
  • Спортын тэмцээн уралдаан
  • Гэр бүлийн үзэсгэлэн “Монгол үндэсний хувцас” “Монгол үндэсний гоёл чимэглэл”, “Монгол үндэсний сав суулга” зэрэг монгол үндэсний бахархал болсон зүйлээр сурталчилгаа хийх.
  • Жүжигчилсэн тоглолт эцэг эхийн хамт. Үүнд: П.Хорлоогийн “Туулайн бүжин”, орос ардын үлгэр “Өнхрүүш”, “Чоно ба ишигнүүд”, Г.Сэсмээгийн “Тоглоомууд яагаад зугтаа вэ”, Ш.Перрогийн “Улаан малгайт”, монгол ардын үлгэр “Ах дүү гурав”, “Шаазгай хүү”, “Долоон бор оготно”зэрэг үлгэрээр хүүхдийн дунд тоглолтыг явуулах нь хүүхдэд баяр баясгаланг авчрах юм.“Хүүхэд хоол идэж өсдөггүй харин баяр баясгалантай байвал түргэн өсдөг” гэж нэгэн эрдэмтэн хэлсэн билээ.
  • Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нарт зориулан эцэг эхийн дунд зохиох ажилд чинь нэмэр болох байх гэдэгт итгэж байна.

Эцэг эхэд зориулсан сурталчилгаа явуулах.

  • Эцэг эхийн буланд Боловсролын хуулиас, цэцэрлэгийн талаар Боловсролын яамнаас гарсан тушаалын хэсгээс,сургалтын хөтөлбөрийн агуулгаас, эрүүл ахуйн холбогдолтой материал, хүүхдийн цэцэрлэгийн өдрийн дэглэм, хүүхдийн хоолонд ордог хүнсний нэр, калорын хэмжээ,хүүхдийн гэрт байх өдрийн хувиар зэрэг цэцэрлэгийн талаар эцэг эхийн заавал мэдэж байх зүйлийг байрлуулна.
  • Сурталчилгааны хавтаст “Эрүүл мэндийн мэдлэгтэй больё”,”Хүүхдийн талаар дэлхий юу хийж байна вэ”, “ Аав ээж хүүхдээ ингэж хүмүүжүүлж байна”, “ Танай хүүхэд ийм чадвартай”, “Та хүүхэдтэйгээ ярилцаж байна уу ? “ , “Хүүхдийн хичээл хийх,тоглоом тоглох, чөлөөт цагтаа ном үзэх зэрэг хөгжүүлэх буланг гэртээ хэрхэн байгуулах вэ”, “Та хүүхэдтэйгээ аялал зугаалга зохио”, “Таны хүүхэд ингэж хөгждөг шүү”г.м. хүүхдийн хөгжил хүмүүжлийг хавтсаар сурталчилна.
  • “Гэр бүлийн амьдрал” фото зургаар гэр бүл ба цэцэрлэгийн бүлгийн үйл ажиллагааг харуулсан самбараар “Манай эвсэг гэр бүл”, “Манай бүлэг өдөр бүр”, “Тал бүрийн хүмүүжил” , “Миний хайртай аав ээж”, “Миний хайртай тоглоомууд”, “Миний хайртай эмээ”,”Ээж ба би хамгийн жаргалтай”,”Би аав ээждээ тусалдаг”зэрэг олон сэдвээр сурталчилна.
  • Нүүдлийн номын сан (эцэг эхэд ба хүүхдэд зориулсан хүмүүжил сургалттай холбоотой, хүүхдийн уран зохиолын ном байна)-гаар ном уншуулах ажил зохиох.
  • Фото зургийн цуглуулгын (”Бүлгийн амьдралаас”, “Бид малд хайртай”, “Бид байгалийн найз нөхөд”, “Бидний дуртай цэцэг”, “Бид гэртээ” ,Бид хашаандаа”, “Миний хайртай унага”, “Миний хайртай нохой”, “Ямар хөөрхөн хүүхэд вэ”г.м.) самбар ажиллуулах.
  • Гэр бүлийн сонин гаргах  (“Би өөрийн хайртай эмээтэйгээ”, “ Гэр бүлээрээ амардаг”, “Гэр бүлийн сонирхолтой явдлууд” г.м. сэдвээр гаргана)
  • Сэтгэл хөдлөлийн булан (”Би өнөөдөр ийм байгаа”, “Би ирлээ сайн байна уу”, “ Инээдмийн өдөр”, “Өнөөдөр аавтайгаа аялал хийсэн” “Миний аав хамгийн хөгжилтэй” г.м.) ажиллуулна.
  • “Сайхан үйлсийн хуримтлал” булан зэргийг эцэг эхэд зориулан гаргаж сурталчилна. Эцэг эхийг идэвхжүүлэхэд олон хэлбэрийн жижиг хэмжээний сурталчилгаа хийж болно. Жишээ нь : “ Гэртээ хүүхдээ яаж юугаар саатуулах вэ”, “Та асуу бид хариулъя”, “Хүүхдүүд ингэж ярьж байна”,“Талархаж байна”, “Энэ сонирхолтой шүү”, “Тоглоод үзье”, “Өсөж том болж байна”, “Булбарай хөөрхөн”, “Сэтгэлээсээ” “Та анхаарна уу” г.м. хүүхэд чинь цэцэрлэгт юу хийдгийг эцэг эхийн сонирхлыг татахуйц хүүхдийн үнэн байдлыг харуулах зургуудыг сурталчилж болно.

2009-11-02

Цэцэрлэгээс эцэг эхийн дунд зохиох үйл ажиллагаа.

(үргэлжлэл 2)
  • Цэцэрлэгт явж байгаа хүүхдийн гэрээр очиж танилцах,
  • Нийт ба бүлгийн эцэг эхийн хурлыг тогтмол хийх / эцэг эхийн анхны хурлыг тоглоомын аргаар тойрч зогсоод өөрсдийгөө танилцуулах, хүүхэд насаа санаж ярилцах, хүүхдийн болон том хүний дуу дуулах, г.м./
  • Хүүхдийн хүмүүжлийн талаар зөвлөгөө өгөх / хүүхдийн нас зүйн онцлог тэдэнтэй хэрхэн яаж ажиллах талаар богино хэмжээтэй байх ба сэтгэл судлаач,эмч, хэл засалч зэрэг мэргэжлийн хүмүүсийг уриж яриа хийлгэх/
  • Эцэг эх хүүхэд оролцсон хичээл явуулах / “ Бид дэлхийн хүүхдүүд”, “Миний сайхан нутаг”, “Миний хайртай хот / хот,аймаг, дүүрэг, сум баг, хороо г.м./”, “Миний хайртай унага”, “Миний хайртай ишиг”, “Манай аймгийн домог”, “Манай нутгийн бахархал”, “Миний хайртай багш”, “Манай нутгийн шувууд”, “Мэдлэгийн орон” “Газар дэлхийгээ аваръя” г.м сэдэвтэй хичээлийн конспект бэлтгэж явуулах/
  • Эцэг эх ба хүүхдийн оролцсон бүтээлийн үзэсгэлэн гаргах /зургийн, наамлын, баримлын, зохион бүтээх, эцэг эхийн урлан бүтээсэн зүйл, эцэг эх хүүхдийн хамт хийсэн бүтээл г.м./
  • Хамтарсан аялал экскурс зохиох / нутаг орноороо явж бахархал төрүүлэх/
  • Харилцааны өдөр / цэцэрлэгийн эрхлэгч , арга зүйч ,багш нарын төлөөлөл, эцэг эх нар оролцсон“ Халуун хийцтэй цайны өдөр” , “Халуун кофены өдөр”, “Илэн далангүй ярилцлага” сэдвээр уулзалт зохиож эцэг эхийн саналыг сонсох, багш эцэг эхийн харилцан чөлөөтэй ярилцах г.м./
  • Буян хийх өдөр / жилд нэг удаа тухайн цэцэрлэгт явж байгаа хагас өнчин, нэн ядуу айлын хүүхдэд туслах зорилгоор айлд байгаа илүү тоглоом, хүүхдийн хувцас , ном хичээлийн хэрэглэлийг хүүхдэд бэлэглэх арга хэмжээ явуулахын тулд “ 10 төгрөгийн өдөр”, “ Найздаа хувцас бэлэглэе” ,” Найздаа тоглоомоо бэлэглэе”, “ Найздаа хичээлийн хэрэгсэл ба номоор тусалъя”, “Зүгээр л тусалж байна”, “Би найздаа хайртай” зэрэг сэдэвтэй хөдөлгөөн өрнүүлж ядарсан хүүхдэдээ туслах, хайрлах, халамжлах ажил зохиох өдөртэй болох г.м/
  • Нээлттэй хаалга / улиралд нэг өдөр эцэг эхчүүд бүтэн өдөр хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай / сургалт хүмүүжлийн ажилд хүүхдүүд яаж оролцож байгаа, багш хүүхдэд юу сургаж хүмүүжүүлж ,тэдэнтэй хэрхэн яаж харьцаж байгаа, хүүхдийн хоолыг яаж бэлтгэж хийж байгаа, эрхлэгч , арга зүйч нар хүүхэд багш нарт ямар туслалцаа үзүүлж байгаа байдалтай танилцах зорилготой/
  • Баяр, чөлөөт цагийг өнгөрүүлэх бэлтгэл ажил ба үйл ажиллагаанд / “9-р сарын 1-ний нээлт”, “Шинэ жил”, “Ээжийн баяр” , Хүүхдийн төрсөн өдөр”, “ Сургуульд үдэх өдөр”, “ Аав ээж би”спортын зугаа наадам зэрэг арга хэмжээний бэлтгэл ажилд ба өдөрлөгт зөвхөн цэцэрлэг дээрээ эцэг эх оролцоно, гадуур ресторан баар олны газарт оролцохыг хориглоно/
  • Фото зургийн үзэсгэлэн гаргахад эцэг эх оролцох / гэр бүлийн зураг, олон үйл явдалд хүүхдийн оролцсон байдал , хүүхдийн өсөлт ,хүүхдийн хөгтэй явдлууд зөвхөн гэр бүлтэй холбоотой зургууд байх эсвэл зөвхөн цэцэрлэгийн үйл явдлаас харуулсан зургууд байна/
  • Хөгжүүлэх сургалтын орчин бүрдүүлэхэд эцэг эх хамтран оролцож бий болгоно.
  • Өглөөний мэндчилгээнд оролцох
  • Бүлгийн эцэг эхийн зөвлөлийн ажилд оролцох
  • Эцэг эх ба хүүхэдтэйгээ чөлөөтэй харилцан ярилцах
  • Сургалт семинар дадлага /“ Та хүүхдээ хэрхэн хөгжүүлж байгаа”, “Танай хүүхдийн эрүүл мэнд”, “Танай хүүхэд ямар хоолонд дуртай вэ”, “Танай хүүхэд гэртээ ямар хөдөлмөр хийдэг вэ”,“Хүүхдийг сургуульд бэлтгэх”, ”Танай хүүхэд ямар тоглоомоор тоглодог, ямар ном сонирхдог”, “Танай хүүхэд сургуульд явах хүсэлтэй юу” сэдвээр судалгаа хийх, ярилцлага зохиох г.м./
  • Эцэг эхийн хүлээн авах өрөөнд ажил зохиох / эрхлэгч буюу арга зүйч нар эцэг эхтэй ганцаарчилсан уулзалтууд зохиох/
  • Итгэлт утас / утасны дугаар тавьж утсаар эцэг эхээс мэдээлэл авах/ ажиллуулах
  • Итгэлт шуудан / шуудангийн хайрцгаар мэдээ авах/ ажиллуулах

Цэцэрлэг эцэг эхийн дунд зохиох ажил (1)

Эцэг эх бол хүүхдийн анхны багш. Тэд хүүхдийг хувь хүний хувьд нялхаас нь эхлэн бие бялдар, ёс суртахуун ба оюуныг хөгжүүлэх төлөвшүүлэх анхны суурийг тавих үүрэгтэй.

Гэр бүл ба хүүхдийн цэцэрлэг бол ирээдүйн иргэнийг бий болгох нийгмийн хоёр чухал сургууль. Гэвч бие биеэ ойлгох, сонсох, тэсвэр хатуужлыг давах, хоорондоо харилцах, харилцан ойлголцох талаар цаг хугацаа хүрэлцдэггүй. Харилцан бие биеэ ойлгохгүйгээс болж дунд нь хүүхэд хохирч байдаг байна. Эцэг эх хүүхдэд минь өнөөдөр ямар хоол өгсөн бол гэдгийг л сонирхдог, цэцэрлэг бидний ажил хийх үед хүүхдийн минь зөвхөн харж саатуулдаг л гэж ойлгодог. Иймд багш нарт дээрх шалтгаанаас болж эцэг эхтэй харьцахад маш их саад учирдаг.

Хүүхдийн хүмүүжлийн талаар эцэг эхэд ойлгуулахад багш нарт маш хүнд байдаг. Хүүхдийг зөвхөн хооллоод, гоё хувцас өмсгөөд байх нь биш хүүхэдтэйгээ харьцаж ярилцаж, тэдний бодол санаа, мөрөөдлийг сонсож, тэднийг сэтгэж бодож байгааг дэмжиж байх талаар багш нар эцэг эхэд зөвлөгөөн өгөхөд хүлээн авах дургүй байдаг.  “Бид завгүй, цаг байхгүй”, “Бид өглөө гараад л орой ирдэг, хэдийд нь хүүхэдтэй ажиллах вэ ?” “Та нар л хүүхдийг сургаж хүмүүжүүлэх үүрэгтэй шүү дээ” гэж хариулна.

Үүнийг яаж өөрчлөх вэ? Эцэг эхийг хүүхэд рүү яаж анхаардаг болгох вэ ? Эцэг эхийг хамтран ажиллах талаар яаж сонирхлыг татах вэ?

Юуны өмнө эцэг эхийн амьдралыг судлах, тэдэнтэй илэн далангүй ярилцах , гэр орноор нь очих, гэр бүлийн хүмүүжил, эцэг эхийн хоорондын харьцаа, хүүхэд эцэг эхийн харьцаа, хүүхэд хүүхдийн хоорондын харьцаа, хүүхдийг хөгжих орчин гэрт нь байгаа эсэхийг судалж дүгнэлт гаргах нь чухал байдаг.

Эцэг эхийг судлаад үзэхэд тэд гурван бүлэгт хуваагддаг. Үүнд:

Лидер /манлайлагч/ эцэг эх гэж байдаг. Тэд хүүхдийн цэцэрлэгийг сонирхдог, цэцэрлэгт хамгийн бэрхшээлтэй ямар асуудал байдгийг мэддэг, байнга цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцож тусалдаг.

Гүйцэтгэгч эцэг эх
гэж байна. Тэд ямар нэгэн болзол харж цэцэрлэгийн ажилд оролцоно.

Шүүмжлэлтэй ажиглагч эцэг эх гэж байна. Тэд хүүхдийнхээ боловсролд анхаарч зарим хүмүүжил сургалтын үйл ажиллагаанд сууж өөрийн хүүхэд хэр зэрэг оролцож байгааг ажиглах, ямар нэгэн асуудал гарахад цэцэрлэгээс гадна мэргэжлийн хүнд хандаж шийдвэр гаргах, цэцэрлэг дээр болж байгаа үйл явдалд шүүмжлэлтэйгээр оролцоно,“Миний үед биднийг ингэж л сургаж хүмүүжүүлж байсан юм” гэж хайнга хандах зэргээр оролцдог эцэг эх байдаг .

Иймд хүүхдийн цэцэрлэгээс эцэг эхтэй хамтран ажиллах талаар тодорхой зорилго чиглэлтэй , эцэг эхийн сонирхлыг татахуйц тэдэнд гэр бүлдээ хэрхэн хүүхдийг сургаж хүмүүжүүлэх талаар боловсрол олгох олон төрлийн ажил зохиох шаардлагатай байна. (үргэлжилнэ)

1 сартай хүүхэд

(Төрсний дараа хүүхэд минь сар бүр яаж хөгжих вэ)
Та төрөх эмнэлгээс жижигхэн бодолтой хумсан чинээ үрээ гэртээ авчирч  хараад  өөрийгөө яаж ч хамгаалж  чадахгүй  амьтан байна гэж өрөвдөж өхөөрдөж хардаг биз дээ. Задлаад үзэхэд хөл гар нь замбараагүй хөдөлж, нүд нь бүдэгхэн харагдана. Гэтэл сая төрсөн хүүхдийн организм нь амьдрах чадвар сайтай байна

Яагаад хүүхэд  замбараагүй хөдөлгөөн хийгээд байгаа юм ?
Нялх амьтан төрөх үед маш их дарамтад  орсон тул эхний долоон хоногт тэр  дарамтаас  гарч эхэлдэг байна. Түүний булчингууд нь тамирдсан байдаг учраас хөл гар нь замбараагүй хөдөлгөөнтэй байгаа юм. Тийм учраас ээж нь хүүхдээ тайвшруулах иллэг хийх, ээж минь хамт байгаа учраас айх юм байхгүй гэдэг ойлголт өгөхийн тулд хүүхдээ ойрхон ойрхон зүүн гар дээрээ  хүүхдийн чих нь  таны зүрхний чимээг сонсохоор авч тэврэх хэрэгтэй.

Юм сонсдог.
Таныг дуугарах чимээ өгөхөд хүүхэд юм сонсохгүй мэт санагдана. Энэ бол тийм биш. Төрсөн өдрөөсөө эхлэн хүүхэд хэмнэлттэй авиаг сонсож  хөдөлнө, харин чанга хашгарах, хөгжим чанга тавих үед хүүхэд цочдог. Та хүүхэдтэйгээ аль болох тайван харьцах, бүүвэйн дуу, тайван дуу дуулах, тэхдээ хэт их  удаан хөгжим сонсгох хэрэггүй. Түүний оронд хоржигнодог тоглоом сонсгоно. Хүүхдийг хамгийн их тайвшруулдаг зүйл гэвэл ээжийн хоолой дуу чимээ ба  зүрхний цохилт юм.

Юм хардаг.
Хүүхэд эхлээд юмыг сайн харж чадахгүй. Амьдралын эхний өдөр эргэн тойрон байгаа зүйл нь мананд байгаа юм шиг харагдана. Тэр хараагаа төвлөрүүлж  тогтоож чадахгүй. Хоёр долоо хоногийн дараа тэр  таны нүүрийг, түүний дээр 30 см-ийн өндөрт өлгөсөн тоглоом  дээр хараагаа тогтоож харах оролдлого хийнэ.  Зарим үед нүдээ бүлтийлгэн харна, та битгий айгаарай тэр хараагаа хянаж сураагүй   байгаа юм шүү. Сарын дараа тэр ээжийнхээ хөхийг хөхөж байхдаа ээжийнхээ нүдийг маш анхааралтай сонирхолтойгоор судалж хардаг юм шүү.

Үнэртэнэ.
Түүний үнэртэх эрхтэн илүү их хөгжсөн байдаг. Ээжийгээ үнэрээр нь таньж ялгаснаар миний хамгийн хэрэгтэй хүн гэдгийг ойлгоно. Та хүүхдээ цээжиндээ тэврэхэд хүүхэд шууд хөхөө олж хөхдөг шүү дээ.

Уйлдаг.
Тэр байнга уйлж байх юм яасан юм бол гэж  та санаа зовдог. Тэр уйлж байгаа биш харин таныг надтай яриач, та над руу  анхаарлаа тавиач, гэж гуйж байна, шаардаж байна, гомдлоо илэрхийлж байгаа юм шүү. Би нойтон байна, би өлсөж байна, би даарч байна, би эвгүй хэвтэж байна, эсвэл миний  хөл загатнаад байна, миний гэдэс өвдөж байна  гэж уйлах аргаар танд хэлж байгаа шүү. Хоёр долоо хоногийн дараа хүүхэд өөрийн эвгүй байдлыг илэрхийлэхэд та ойлгодог болно.

Хүүхэд өөрийн дэглэмтэй байна.
Эхний долоо хоногт хүүхэд 2,5 – 4 цагийн зайн хэмнэлтэйгээр(завсарлагаатайгаар)  амьдарч эхэлнэ. Завсарлагаа бүрд хөхөө хөхнө, унтана, 15-20 минут  унтахгүй сэрүүн байж амжуулна. Эхний нэг сарын дараа хүүхэд хагас цаг буюу түүнээс илүү  унтахгүй сэрүүн байх болно.

Инээмсэглэдэг.
Ээж хүн болгон  хайртай үрийнхээ  анхны   инээмсэглэлийг маш их   хүлээдэг. Иймд та хүүхэдтэйгээ  маш их ярьж, харилцаж бай, өөрөө инээмсэглэж байх юм бол таны үр чинь хамгийн гайхамшигтай сайхан энхрийлэн инээмсэглэлийг бэлэглэх болно.