Showing posts with label Түүх. Show all posts
Showing posts with label Түүх. Show all posts

2018-10-31

В.Ф.МАКСАКОВА БАГШ


МОНГОЛ УЛСЫН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ СУДЛАЛД ГАДААДЫН БАГШ НАРЫН ОРУУЛСАН ХУВЬ НЭМРИЙН ТУХАЙД: В.Ф.МАКСАКОВА БАГШ

Д.Нонна, Да.Эрдэнэбат нарын өгүүллэг

            Монгол улс УААА, соёлоо хөгжүүлэх төлөвлөгөөг нэг жилийн хугацаанд гүйцэтгэх явуулахаар болсон юм. Улсын VIII их хуралд “...эдүгээ ажиллаж буй хүүхдийн цэцэрлэг нь ард орны шаардлагыг хангаж чадахгүй буюу өсөлтгүй байгаа байдлыг харгалзан, ойрын цагт өргөтгөж, ариун цэвэр ба боловсон байдлаар хүүхдийг хүмүүжүүлэх хэрэгтэй болно. Зарим цэцэрлэгийг аж ахуйн хангамжийн хувьд үйлдвэр аж ахуй, засаг захиргааны газар хариуцуулж, сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагуудыг санхүүжүүлэх явдалд оролцож байх” тухай саналуудыг оруулж өгсөн байна.Я.И.Певзнерийн бичсэн “Монгол улсын эрүүлийг хамгаалах талаар” гэсэн өгүүлэлд[1] манай улсад 1928 онд анх хүүхдийн талаар зөвлөгөө өгөх газар байгуулагдсан гэж дурджээ. Энэ нь удалгүй  нялхаст болон эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх газар, ясли, сүүний газрыг хамруулан 1929 онд эх нялхасыг хамгаалах төв болон өргөжсөн байна.
1941 он болж ирэхэд нийслэлд хоёр ясли, Алтанбулаг, Хатгал, Баянтүмэн, Цэцэрлэг, Улаангомд ясли нээгдэн үйл ажиллагаагаа явуулж байв. Дээрх сэтгүүлд Гэгээрлийн яамны зөвлөх А.В.Русаковын бичсэн,  “Монгол улсын Ардын Гэгээрүүлэх яамны тухай” нэртэй өгүүлэлд, “1930 онд нийслэлд 30 хүүхэдтэй, 4 багштай, 1 цэцэрлэг, 1931 онд 356 хүүхэдтэй 30 багштай 12 цэцэрлэг, 1932 онд 405 хүүхэдтэй, 34 багштай, 14 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байв. Түүнчлэн 1931 онд хөдө орон нутагт 76 ажилчинтай 76 улаан гэр, 1932 онд 99 ажилчинтай, 132 улаан гэр үйл ажиллагаа явуулж байсан[2] гэж тэмдэглэжээ.Зарим эх сурвалжид улаан гэрт цэцэрлэг байгуулах хөдөлгөөн орнөж байсан хэмээн дурдагдсан байдаг. Бидний хийсэн судалгаа болон бусад эх сурвалжуудаас үзэхэд Монгол улсын Засгийн газраас сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол, хүмүүжлийн асуудлыг чухалчлан авч үзсэний дүнд 1924 онд Алтанбулагт, 1925 оноос Улаанбаатар хотод анх цэцэрлэг байгуулж, 30 гаруй хүүхэд 4 багштайгаар үйл ажиллагаа эхлүүлсэн түүхтэй байна. Эдгээрийн нотолгоо нь Баянхонгор аймагт 1929 онд байгуулагдсан цэцэрлэгийн эрхлэгч хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан Д.Цэрмаагийн дурдатгал юм.
1940 оноос эхлэн сургуулийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлэх байгууллагуудыг үйлдвэр, аж ахуй засаг захиргааны байгууллагуудад хариуцуулж санхүүжүүлэх явдалд ч оролцох байхын чухлыг онцлон анхаарч хүүхдийн ясли, цэцэрлэгийг улсын төсвөөс гадна томоохон үйлдвэр, аж ахуй албан байгууллагуудын санхүүжилтээр, тухайн үйлдвэр, аж ахуйд ажиллаж байгаа ажилчид, албан хаагчдын хүүхдийг асран хүмүүжүүлэх ажилд татан оролцуулж эхэлсэн байна. Эл үед Монгол улсын Гэгээрлийн яамны сайд Т.Машлай (1940-1946 онуудад), хүүхдийн цэцэрлэгийг мэргэжлийн боловсон хүчнээр хангахад онцгой анхаарч, 1940 онд Гэгээрүүлэх яаманд хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг хариуцсан тасаг байгуулж, тасгийн эрхлэгчээр, бага ангийн багш байсан орос хэлтэй Даваагийн Долгоржавыг (1941-1945 онуудад), мөн 1941-1947 оныг дуустал зөвлөхөөр нь тэр үеийн ЗХУ-ын мэргэжилтний гэр бүл болох сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэй Вераа Фёдоровна Максаковаг Гэгээрлийн яамны сайдын 1941 оны 1 дүгээр сарын 18-ны тоот тушаалаар зөвлөхөөр томилжээ.
Тэд Гэгээрүүлэх яамны зөвлөх Алексей Владимирович Русаков, заах аргач Андрей Васильевич Лесин нарын шууд удирдлагын дор хүүхдийн цэцэрлэгийг хөгжүүлэх ажлыг эхлүүлжээ. Цэцэрлэгийн тасаг байгуулагдсан болохоор юуны өмнө цэцэрлэгтэй танилцах, судлах шаардлага бий болсон тул морин тэргээр явж, байгуулагдсан цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, заавар зөвлөгөө өгдөг байжээ. Морин тэргээ жолоодон хотын дундуур явахдаа, Вера Фёдоровна жолоогоо барьж, Д.Долгоржав ард нь сууж ажил хэргээ гүйцэтгэдэг байсан тухай дурссан байдаг. Удалгүй тэр хоёрт эмэгтэй хүний унадаг дугуй, тасагт нь заах аргын захидал, зөвлөмжийг олшруулахад зориулсан радатор өгчээ. Сургагч В.Ф.Максакова багш ирмэгц юуны өмнө сургуулийн өмнөх хүүхдийн байгууллагын ажилтай нарийвчлан танилцах шаардлагатай байсан тул Д.Долгоржав багшийн хамт явахад улсын хэмжээнд 14 цэцэрлэг ажиллаж, цэцэрлэгийн эрхлэгчдийн ихэнх нь эрэгтэйчүүд байжээ. Үүнд:
1.Д.Сүхбаатарын нэрэмжит цэцэрлэг (гурван бүлэгтэй), эрхлэгч нь Цэрэннадмид,
2.Үйлдвэр комбинатын цэцэрлэг (хоёр бүлэгтэй), эрхлэгч нь Ринчин,
3.Цэргийн Улаанхуарангийн цэцэрлэг (хоёр бүлэгтэй), эрхлэгч нь Лувсанжамц,
4.Хоршоодын яамны цэцэрлэг (хоёр бүлэгтэй), эрхлэгч нь Бужмаа,
5.Дотоод яамны цэцэрлэг (хоёр бүлэгтэй), эрхлэгч нь мэргэжилтэн Гаврилова,
6.Гар үйлдвэрийн цэцэрлэг (гурван бүлэгтэй), эрхлэгч нь Дэчин зэрэг найман цэцэрлэг Нийслэлд үйл ажиллагаа явуулж байжээ. Бусад зургаан цэцэрлэг нь Сэлэнгэ, Завхан, Дорнод, Архангай, Өвөрхангай, Хэнтий зэрэг аймагт ажиллаж байв. Тэр үеийн цэцэрлэгт хүүхдийн тоглох тоглоом наадгай байхгүй материаллаг баазын хувьд ихээхэн хүнд байдалд байжээ. В.Ф.Максакова, Д.Долгоржав нар ажлаа хүлээж аваад юуны өмнө төр, засгийн шийдвэрээр цэцэрлэг олноор байгуулах шаардлагатай байсан тул шинээр цэцэрлэг ажиллуулах байр орон сууцыг шалгах, орон тоог батлуулах, эд аж ахуйг захиалж хийлгэх, төсөв батлуулах, юуны өмнө цэцэрлэгийн дотоод төхөөрөмж, хэрэгсэл, хүүхдийн насны онцлогт тохируулан хийлгэх шаардлагатай байв.

В.Ф.Максаковабагш цэцэрлэгийн насны хүүхдийн эрүүл ахуй, нас зүйн онцлогт тохирсон аюулгүй байх шаардлагыг хатуу мөрдөж, заавал модон материал бүхий тоглоомтой байх, сандал, ширээ, хувцасны шүүгээ, эвхдэг ор, материал хадгалах шүүгээ, тоглоомын тавиуртай байх, алчуурны өлгүүр, хувцасны шүүгээ зэргийн эскиз зураг гаргаж, орон нутгийн цэцэрлэгүүдэд хүргэж, гар үйлдвэрт захиалан хийлгэх, цэцэрлэгүүдийг эрүүл ахуйн шаардлагын дагуу модоор хийсэн

В.Ф.Максакова (1959-1963)
Цэцэрлэгүүдэд тоглоом наадгай байхгүй байсан учир мэргэжилтэн В.Ф.Максакова Гэгээрүүлэх яамны цэцэрлэгийн тасгаас Орос улсад тоглоомын захиалга өгч, хүрэлцэн ирсэн тоглоомуудыг цэцэрлэгүүдэд хуваарилан өгдөг байв. Үүнээс гадна цэцэрлэг дээр шагай цуглуулж, мод даавуугаар тоглоом хийх ажлыг өрнүүлсний үр дүнд цэцэрлэгүүдэд тоглоомын булан бий болж, цэцэрлэгийн хүмүүжил сургалтын ажил явуулдаг материаллаг баазын суурийг тавьж, бэхжүүлж байсан юм. Дайны жилүүдэд ЗХУ-д хүүхдийн цэцэрлэгт хоол хүнсний зүйл ховордож, ихэнх цэцэрлэгүүд хаагдаж, зарим газар нүүдлийн байдалтай ажиллаж, олон мянган хүүхэд өнчирч, тэдгээрт зориулагдсан асрамжийн газрууд ихээр байгуулагдаж байв. Манай оронд ч мөн адил эл жилүүдэд багачуудыг асрах газарт ихээхэн гачигдал бий болж, хоол хүнс ховордсон юм. В.Ф.Максакова, Д.Долгоржав багш нар бэлэн мөнгөөр (цэцэрлэгийн эрхлэгч нарт тэр үед төсвийг нь гар дээр нь өгдөг байжээ) мэргэжилтний тусгай 18-р дэлгүүрээс будаа, хатсан жимс зэрэг ховор хүнсний зүйлийг бэлэн мөнгөөр авч цэцэрлэгүүдэд хуваарилан өгдөг байжээ. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанарыг сайжруулах, олон төрлийн хоолоор  үйлчдэх зорилгоор хотын хүүхдийн цэцэрлэгүүдийг ногооны талбайтай болгох, түүнд хүнсний ногоо тарих гээд туслах аж ахуйтай болгох, хурааж авсан ургацыг хэрхэн яаж боловсруулах хадгалах, түүгээр хоол хийх арга, байгалийн халиар, жис, мөөг зэргийг түүж ашиглах талаар В.Ф.Максакова багш байнга ухуулдаг, мөөг, байцаа, ногоо даршлах, ногоогоор хоол хийх, жимсээр чанамал хийж үзүүлэх сургалтыг тогоочдын дунд явуулдаг байв.


Цэцэрлэгийн тогооч нарын анхдугаар курс. Эхний эгнээ: Зүүнээс хоёр дахь нь В.Ф.Максакова багш

Цэцэрлэгүүдэд туслах аж ахуйг бий болгон хөгжүүлэх талаар нэлэд анхаарсны үр дүнд, Д.Сүхбаатарын нэрэмжит нэгдүгээр цэцэрлэг, Улаанхуарангийн цэцэрлэг, Мах комбинатын цэцэрлэг, ногооны талбай дээр ногоо тарих, гахай, тахиа үржүүлж тэжээх зарим цэцэрлэг нь саалийн үнээтэй байх зэргээр хоолны төрөл зүйлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байв. Хотын зарим цэцэрлэг хоол хүнс, мод нүүрсээ зөөх, жимс мөөгөнд явах, хүүхдийг зусланд гаргах зэрэг аж ахуйн ажлаа амжуулах зорилгоор хүүхдийн цэцэрлэгүүд нь өөрийн гэсэнморин тэрэгтэй, мотоцикл, ачааны машинтай байжээ.
Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын ажлыг шинжлэх ухааны үндэстэй явуулахын тулд цэцэрлэгийн зорилгыг тодорхойлох, хүмүүжил сургалтын агуулгыг тогтоох зэрэг асуудал чухал байсан юм. Эл үед цэцэрлэгийн хүмүүжил сургалтыг явуулахад удирдамж материал, заах аргын гарын авлага байхгүй байв.
1940 оноос өмнө Ардыг Гэгээрүүлэх яаманд цэцэрлэгийн асуудлыг сургуулийн хэлтсийн мэргэжилтэн Лобова хариуцаж байсан бөгөөд сургагч  В.Ф.Максакова 1941-1947 онуудад сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил сургалттай холбоотой дараах материалыг боловсруулан гаргажээ. Үүнд:
-        Хүүхдийн цэцэрлэгийн дүрэм
-        Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн жилийн ажлын төлөвлөгөөний загвар
-        Эцэг эхээс хоолны хөлсийг хураах заавар
-        Цэцэрлэгийн ариун цэврийн дүрэм
-        Цэцэрлэгийн хүүхдийн дунд зохиох хүмүүжлийн ажлыг төлөвлөх, хичээлийн үлгэрчилсэн конспект
-        Хүүхдийн цэцэрлэгт явагдах хичээлийн товч агуулга
-        Цаас модоор тоглоом хийх загвар
-        Талбайн төхөөрөмжийн (морь, гулгуур, тэнцвэрийн вандан, завь, ачааны машин, онгоц гэх мэт) загвар
-        Хүүхдийн хоолны нэрс ба тэдгээрийг хийх аргачлал
-        Өглөөлөг өдөрлөгийн программ
-        Хүүхдийн зуны талбайн заавар
-        24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн үйл ажиллагааны зөвлөмж
-        Экскурс зугаалга явуулах зөвлөмж
-        Бүлэг тус бүрийн өглөөний гимнастикийн дасгалын жагсаалт
-        Цэцэрлэгийн дотоод төхөөрөмжийн үндсэн хэмжээ
-        Цэцэрлэгийн эрхлэгчээс өдөр бүр хийж байх хяналт шалгалтын ажил
-        Цэцэрлэгийн байр болон орчныг цэвэр тохилог байлгах тухай
-        Хүүхдийн цэцэрлэгт явагдах хичээл
-        Хүүхдийн цэцэрлэгийн бага бүлэгт зургийн хичээл яаж заах вэ
-        Хүүхдийн цэцэрлэгт өглөөний гимнастикийн нэгдсэн дасгал зэрэг удирдамжийг гардан боловсруулж өгчээ.
Эл үеэс эхлэн манай улсын хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын агуулга тогтож, сургуулийн өмнөх байгууллагыг шинжлэх ухааны үндэстэй удирдан явуулах болсон юм. Үүнээс гадна тус хэлтэст, 1940 оноос эхлэн Зөвлөлтийн хэвлэл болох “Дошкольное воспитание” сэтгүүлийг захиалж, уул сэтгүүлийг шууд орчуулан цэцэрлэгийн үйл ажиллагаанд нэвтрүүлж байв. Боловсруулан  гаргасан материал бүхнийг хувилж олшруулан цэцэрлэг нэг бүрт хүргүүлэх, эдгээр материалыг цэцэрлэгийн ажилтан бүрт таниулах, хэрэгжүүлэх талаар В.Ф.Максакова багш уйгагүй завлаж, тайлбарлаж ажиллажээ. В.Ф.Максакова багшийн бичиж боловсруулсан зүйлийг Д.Долгоржав орчуулж, зарим сэтгүүлд нийтэлдэг байжээ.
1942 онд гарсан “Багш нарт тусламж” сэтгүүлийн №”-д “Багачуудын хүмүүжилд” буланд хэвлэгдсэн “Хүүхдийн цэцэрлэг ба гэрийн газар хүүхэд багачуудыг хэрхэн хүмүүжүүлэх вэ?” гэсэн өгүүллэгт цэцэрлэгийн насны хүүхдийн өсөлт хөгжилт, мөрдөх өдрийн дэглэм, хооллох, унтуулахын ач холбогдол, ариун цэврийн дадал олгох, хувцсыг зөв тохируулах зэрэг асуудлаар тодорхой зөвлөмж өгчээ.
В.Ф.Максакова багш Улаанбаатар хотын цэцэрлэгийн ажилтан нэг бүрийн мэргэжил боловсролыг дээшлүүлэхийн тулд 1943 онд хүмүүжүүлэгчдийн дунд “Эрхлэгч ба цэцэрлэгийн бусад ажилтны үүрэг, зорилго” гэсэн сэдвээр бага хурлыг явуулж, Улаанбаатар хотод 7 хоног бүр цэцэрлэгийн эрхлэгчийн үйл ажиллагаа, хүмүүжүүлэгчдэд мэргэжил боловсролыг дээшлүүлэх зорилгоор цэцэрлэгийн хүмүүжил сургалтын ажлын талаар сургалт семинарыг тогтмол зохиодог байжээ. Энэ сургалт семинар дээр хүмүүжил сургалтын ажлыг төлөвлөх, тоглоом наадгай үзүүлэн хийлгэх, хөдөлгөөнт тоглоом тоглуулж сургах, дуу заах арга, хөгжмийг пянзнаас сонсох аргыг заах (Монголд сууж байсан Зөвлөлтийн элчин сайдын яамнаас мэргэжилтэн урьж дуу ритмийг заалгадаг) ба бусад хичээлийг явуулах арга барилд биечлэн зааж үзүүлэх аргаар цэцэрлэгийн багш нарыг сургадаг байсан. Түүнээс гадна цэцэрлэгийн тогоочдын курс зохиож нийт тогоочид (20 хүн) хүүхдийн хоол хийх технологи, байгалийн нөөц болох жимсний чанамал хийх, мөөг байцаа давслах аргад сургаж байжээ.
Багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд тэргүүний хүмүүжүүлэгчдийн туршлагыг судалж дэлгэрүүлэх ажил нэлээд зохиож, хүмүүжүүлэгч нарын бүтээлийн самбар, булан гаргаж сурталчилдаг байжээ. В.Ф.Максакова багш 1941 оноос цэцэрлэгийн боловсон хүчнийг бэлтгэж нэг сарын курс зохиож хүмүүжүүлэгчдийг бэлтгэх, 1943-1944 онуудад анх удаа цэцэрлэгийн хүмүүжүүлэгчдийн гурван сарын курсээр цэцэрлэгийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд биеэрээ оролцжээ.
В.Ф.Максакова багш цэцэрлэг дээр өөрөө биечлэн баяр бүрээр өглөөлгийн программ гаргах, хүүхдийн хувцас оёх, өглөөлөг өдөрлөгт биеэрээ оролцох, өөрөө хичээл зааж үзүүлэх зэрэг ажил зохиож байжээ. Жил бүр Улс хувьсгалын баяраар наадмын талбай дээр (яармагт) Гэгээрлийн яамны үзэсгэлэнд “Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын ажлаас” булан гаргаж, цэцэрлэг, хүмүүжүүлэгчдийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанаас сурталчилдаг байжээ. Мөн тэр үзэсгэлэнгийн дэргэд хүүхдийн 24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэг, хүүхэд саатуулах зуны талбай байгуулж, долоон хоногоор ажиллуулж, түүнд В.Ф.Максакова багш Д.Долгоржав багш нар (тэндээ нэг өрөөтэй байсан) цэцэрлэгийн багш хүүхэдтэй хамтран биечлэн ажиллаж, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг сурталчилдаг байжээ. Ардыг Гэгээрүүлэх яамнаас наадмаар цэцэрлэгийн хүүхдүүдийг цэвэрхэн харагдуулахын тулд бэлэн мөнгө олгож байсан учир Д.Долгоржав багш уул мөнгөөр амьд хонь, сүү, цагаан идээ авдаг, харин В.Ф.Максакова багш хүүхдийн гоёлын хувцасны загвар гаргаж, ажилчдынхаа хамт оёж хүүхдүүдээ хувцаслаж, наадамчин олны өмнө өглөөлөг, өдөрлөг, концерт тоглон үзүүлдэг байжээ.
1941-1947 онуудад цэцэрлэгүүд бүтэн жилээр ажиллаж, засвар хийх үедээ хамт олноороо аль нэгэн цэцэрлэг дээр нийлж ажилладаг эсбөгөөс зусландаа гардаг байжээ (Зайсан, Амгалангийн хойно гэрт байрладаг байжээ). Эл үед цэцэрлэг нь  бүтцийн хувьд голдуу 1-2 бүлэгтэй бөгөөд Дотоод яамны цэцэрлэгт зөвлөлтийн мэргэжилтний хүүхдийг авдаг орос бүлэг нэг, Багш нарын цэцэрлэгийн дэргэд  фронтод явсан хүмүүсийн хүүхдийг хүмүүжүүлэх орос бүлэг нэг ажиллаж байв. Сургуулийн өмнөх насны багачуудыг асрах байгууллагад хүмүүжүүлэгчээр Бадамцэрэн, Шагдар, Сономжав, Долгор, Цэрэннадмид, эрхлэгч Долгоржав (одон орон судлаач Нинжбадгарын ээж), Магсар, Лувсанцэрэн, Бужмаа, Гаваа, Норов, Ринчин нар ажиллаж байжээ.
В.Ф.Максакова багш бол Монгол Улсын сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын хүмүүжил сургалтын ажлыг шинжлэх ухааны үндэстэй явуулах зорилгоор хүмүүжил сургалтын агуулга тогтоох, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, цэцэрлэгийг дотоод тавилгатай болгон материаллаг бааз суурийг бий болгох, боловсон хүчнийг бэлтгэх, багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх, гарын авлага боловсруулж хүмүүжүүлэгч багш нарын гарт нь өгөх, биечлэн цэцэрлэгийн хүүхдэд хичээл заах, хөдөлгөөнт ба сэдэвт тоглоом үзүүлэх, дүрслэх урлагийн хичээл заах, экскурс, зугаалга явуулж үзүүлэх, биечлэн багш нартай хамт зохион явуулах, гэр ахуйн хичээл заах зэргээр цэцэрлэгийн хүмүүжил сургалтын үйл ажиллагааг зааж үзүүлж байлаа. Тэрбээр 1951-1953 онд Багшийн сургуулийн дунд боловсролтой цэцэрлэгийн анхны 17 багш нарыг бэлтгэн гаргахад ... багшийн хамт ажиллаж байжээ. Анхны цэцэрлэгийн багш нарын нэгэн болох Ч.Гаасүрэн, “Вера Фёдоровна Максакова багш бидний төлөө байнга анхаарч санаа тавьж, хичээл заахдаа үзүүлэнгээ өөрөө авчирдаг, хэрэв бидний аль нэг маань өвдвөл эмнэлэгт эргэх, хоол тал, жимс өгч явуулдаг байлаа” гэж дурдсан байдаг.Энэ үед ажиллаж байсан нэгдүгээр цэцэрлэгийн хүмүүжүүлэгч Б.Шагдар, “Максакова багш дуу хөгжимд их сайн “яблочка” бүжиг зааж өгч, хүүхдийн хувцас, ариун цэврийг сайжруулах талаар их зөвлөж, янз бүрийн тоглоом наадгай хийх, эцэг эхэд зориулан самбар гаргах, хувцасны эсгүүр гаргах зэргээр сургадаг байсан” гэж дурссан юм. 1959-1962 онд Д.Нонна багшийн хамт, Улаанбаатарын Багшийн сургуульд цэцэрлэгийн багш бэлтгэхэд биечлэн оролцож, дээрх ... ... дагалдуулан сургуулийн ... ... ... ... ... үнэлшгүй хувь нэмрээ оруулсан гавьяатай хүн байсныг ... .... ...... ...
В.Ф.Максакова багш Багшийн сургуульд цэцэрлэгийн ангид заах хичээлийн конспектыг балын харандаагаар маш томоор урьд өдөр нь бичсэн дэвтрээ авчраад дагалдагч багшдаа тайлбарлаж өгөөд тэдгээр дагалдагч багш нар шөнөжин сууж, орчуулж бичиж ирээд оюутнуудад заадаг байв. Дагалдан багш бүх зургийн болон наамал, баримал, зохион бүтээх тоглоом зэрэг үзүүлэнг хийхээс гадна загвар тоглоом, хүүхдийн майк, богино дотуур өмд, хүүхдийн плать зэргийг оёж, оюутнуудад эсгүүрийг хэрхэн хийх, яаж дүрс хайчлах зэрэг хичээлтэй холбоотой үзүүлэн бүхнийг хийж ирээд оюутнуудад зааж дадлагажуулах ажлыг хийдэг байсан юм.
В.Ф.Максакова багш ажилч хичээнгүй, өмнөө тодорхой зорилго тавьж биелүүлдэг, үнэхээр мэргэжилдээ үнэнч, хүнийг уйгагүй сургадаг, хүүхдийн сайн сайхны төлөө сэтгэл санаагаа бүрэн дайчилдаг, эрхэлсэн ажилдаа дур сонирхолтой, хүнд тусархаг зэрэг сайхан чанаруудыг хадгалсан үлгэр жишээч нэгэн байлаа.


[1]Современное Монголия. №2-3, 1941.
[2]Там же,

2015-09-30

Сургуулийн өмнөх насны боловсрол


МОНГОЛ УЛСЫН СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ БОЛОВСРОЛ  
СУДЛАЛЫН ЗАРИМ АСУУДАЛД
(1921-1960)

Д.Нонна(1),  Да.Эрдэнэбат(2)

Монгол улсын Засгийн газраас сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол, хүмүүжлийн асуудалд анхаарал хандуулсны үр дүнд 1924 онд Алтанбулагт, 1925 оноос Улаанбаатар хотод анх цэцэрлэг байгуулж, 30 гаруй хүүхэд, 4 багштайгаар үйл ажиллагаа эхлүүлсэн түүхтэй. Гэтэл тогтмол хэвлэлийн мэдээнд, 1923 оны 4 дүгээр сарын 8-нд(3) нийслэл Хүрээнд Крупскагийн нэрэмжит хүүхдийн цэцэрлэг анх нээгджээ гэж дурдагдсан байгаа нь Шинэ Монголын шинэхэн түүхийн нэгэн олзуурхууштай баримт болно. Урьд нь нялх үрсэд зөвхөн гэр бүлийн хэмжээнд хүмүүжил олгож байсан явдлыг өөрчилж, хот, хөдөөгүй боловсон маягийн ясли, цэцэрлэгийн тоо олширч иржээ.
Харин хөдөөд 1929 онд анхны цэцэрлэг (Баянхонгор аймагт) байгуулагдаж байсан гэх баримт байх бөгөөд 1931 онд Хэнтийн Өндөрхаан, Төвийн Тариалан, Дорнодын Баянтүмэн, Хөвсгөлийн Хатгал, Газар тариалангийн Алтанбулаг, Архангайн Цэцэрлэг, Завханы Улиастай, Ховдын төв, Өвөрхангайн төвийн Ламын гэгээний хийд, Улаанбаатарт хоёрын зэрэг газарт хүүхдийн цэцэрлэг шинээр нэмж байгуулжээ(4).
Хүүхдийн цэцэрлэгийн үүсэл гарлын тухай товчхон өгүүлэхэд, Европт XVII зуунаас эхлэн хүүхдийн хүмүүжлийн тухай бүтээл гарч, бага насны хүүхдийн сургууль байгуулагдаж, хүүхдийн цэцэрлэг гэсэн нэр бий бол, анхны цэцэрлэг байгуулагдаж байжээ. Тухайлбал, Чехийн сурган хүмүүжүүлэгч Коменский Ян Амосын (1592-1670) “Ээжийн сургууль” гэсэн бүтээл хэвлэгдэж, Польш, Англи, Швед, Унгар зэрэг орнуудад хэрэглэгдэж байсан бол, Английн дэвшилт үзэлтэн Оуэн Роберт (1771-1858) хүүхдийн хүмүүжлийн асуудалд онцгой анхаарч, 1802 онд Нью-Лакарке хотод бага насны хүүхдийн сургууль байгуулж (1-5 насны хүүхдийн сургууль), 1837 онд Германы сурган хүмүүжүүлэгч Ф.Фребель “Хүүхдийн цэцэрлэг” гэсэн алдрыг бий болгож, анхны цэцэрлэг байгуулсан төдийгүй “Сургуулийн өмнөх сурган”-ыг бие даасан шинжлэх ухаан гэдгийг баталжээ. Түүнчлэн Оросод 1866 оноос хувийн цэцэрлэг байгуулагдаж, Аделиада Симонович (1840-1933) нөхөр Я.И.Симоновичийн хамтаар Петербургад анх удаа сургуулийн өмнөх сурган хүмүүжүүлэхийн хэвлэл болох “Детский сад” гэсэн нэртэй сэтгүүл хэвлүүлж байсан бол, Бельгийн сурган хүмүүжүүлэгч Декроли Овид (1871-1932) 1907 онд бага насны хүүхдийг хөгжүүлэх сургууль байгуулж байжээ(5).  
Үүнээс үзэхэд сургуулийн өмнөх боловсролын сургалтын суурь дэвсгэр Европт тэрлэн бий болж, бие даасан шинжлэх ухаан болох үйл явц XVII зуунаас эхлэн боловсорч иржээ.
Үндэсний ардчилсан хувьсгалын дараахнаас Монгол Улсад эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүргийг тодорхойлох болж, тэдгээрийг тусгайлан сурган боловсруулах хөгжүүлэх, эмэгтэйчүүдийг аж үйлдвэр нийгмийн тустай хөдөлмөрт татан оролцуулах нөхцөлийг бий болгох, бага насны хүүхдийг нийгмийн хүмүүжилд хамруулахад эмэгтэйчүүдийг дайчлах талаар төрөөс санаачлагчид гарч, бага насны хүүхдийг хүмүүжүүлж сургах боловсрол олгох талаар эрэл хайгуул хийж, хаана яаж хүүхдийн байгууллагыг байгуулах, ямар хөрөнгөөр ямар зорилготой байгуулах талаар төрийн их, бага хурлаар хэлэлцүүлж тогтоол шийдвэр, гарын авлага гаргах болсон юм.
Намын II их хурлаар “Эрмэлзэх арван зүйл”-ийн хоёрдугаарт, “Монголын ард түмэн энх төвшин агаад боловсон олон улсын соёл эрдмийг хүртэж урагш давших эсэх нь монгол үндэстэн өөртөө эзэрхэн нэгэн гэр улс байгуулж, өөрөө засахад буй” хэмээсэн бол есдүгээрт,  “Ард түмний бага нас, их нас ялгахгүй монгол үсэг, бичиг ба бусад олон зүйлийн тусгай эрдэмд боловсруулан нийтээр эрдэм нээгдсүгэй”(6) гэж зааснаас үзвэл сургуулийн өмнөх боловсролын асуудлыг судалж, нэвтрүүлэх арга замыг эрэлхийлж байсны гэрч болно. Тэрчлэн МАХН-ын III их хурлын Гэгээрлийн яаманд зориулан гаргасан тогтоолын аравдугаар зүйлд, “Манай Монгол бол аливаа гадаадын боловсон улсын эрдэмд боловсруулах нь нэн чухал тул манай улсаас тухайлан тусгай боловсронгуй хүмүүсийг илгээж, мөнхүү гадаад боловсорсон улсын сургуулийн байдал төлөвийг таниулан ирүүлж, Монголын байдалд нийцүүлэн үлгэр болгож, улмаар боловсроход дөхөм тустай болговол ямар гэснийг хэлэлцээд, гадаадын боловсронгуй байдлыг дагаж мөрдөн явах нь нэн зүйтэй ”(7) гэсэн нь өрнөдийн боловсролын байгууллагын туршлагаас суралцах, судлуулах, нэвтрүүлэх талаар тодорхой алхам хийж эхэлсний илрэл байв. Бүсгүйчүүдийн тасгийн зорилгыг, “Бүсгүйчүүдийн дотор суртлыг дэлгэрүүлэх, даруй бичиг үсэгт сургах, Улаанбаатар хотод бүсгүйчүүдийн түр хугацааны сургууль байгуулж, хөдөө зэрэг газарт хэргийг хөдөлгөж чадах хүмүүсийг бэлтгэх” гэж тодорхойлжээ.
БНМАУ-ын анхдугаар  их хуралд, Гэгээрлийн яамны сайд О.Жамьян илтгэхдээ, “Балчир хүүхдийг сурган хүмүүжүүлэх цэнгэлдэх байгуулах, хэрхэн бага балчруудыг асрамжлан хүмүүжүүлж өсгөх тухай дэвтэр зүйлийг зохиох, хэвлэх ба Нийслэл Хүрээ мэт газрын хүүхдийг хуралдуулан цэнгэлдүүлж удирдан боловсруулснаар сургуулийн насанд хүргэх аргыг сүвэгчлэнэ”(8) гэж дурдсанаас үзвэл, хүүхэд саатуулах газар, хүүхдийн цэцэрлэгийг байгуулах, балчир насанд нь нийгмийн хүмүүжил олгох, гарын авлагатай болгох, сургуульд бэлтгэх зэрэг асуудлыг хөндсөн нь сургуулийн өмнөх насны боловсролын түүхэнд чухал ач холбогдолтой саналыг дэвшүүлсэн явдал болсон юм.
Ардын гэгээрлийн яамны сайд Эрдэнэбат (1924-1929) сургууль боловсрол соёл эрдмийг хүн бүр эрхлэн сурах тухай ухуулах бичигтээ, “Сурган хүмүүжүүлэх дөрвөн зүйлийн ерийн сургууль байвал зохих гээд, 1.Нялх хүүхдийн эхийн сургууль, 2.Долоон наснаас дээш, 13 наснаас доош ардын бага сургууль” гэх мэтээр ангилж, эхийн сургуульд хүүхдийн сэтгэл санааг, биеийн тамирыг сайжруулан хүмүүжүүлэхийг гол”(9) болгож байснаас үзэхэд хүүхдийг багаас нь хөгжүүлж хүмүүжүүлэх асуудлыг тавихдаа эхийн сургуулийг боловсролын системийн нэг хэсэг гэж тодорхойлжээ.
МАХН-ын III бүгд хурлын (1927) тогтоолын “Суртлын тухай” хэсэгт, “Клуб, улаан булангийн тоо олширч буй учир эмэгтэйчүүдийн салбар байгуулах, тэдгээрийг зохион байгуулагчаар тавих, нүүдлийн байдалд тохируулан тусгай гэгээрлийн гэр зэргийн боловсролын газруудыг байгуулан турших”-аар болсон нь эдгээр байгууллага нь аажмаар бага насны хүүхдийг хамруулж хүмүүжил олгох сургах үйл ажиллагаагаа эхлэх суурь дэвсгэр болж өгчээ. Мөн онд тухайн үед байгуулагдсан зургаан аймгийн яамдын дэргэд Ардыг гэгээрүүлэх хэлтэс байгуулагдаж байсан тул бага насны хүүхдийг сургуульд татан оруулахад урьдчилан гэр орноор нь бэлтгэл хийлгүүлдэг, ардууд аль идэвх зүтгэлтэй суралцах дөртэй хүүхдийг лам болгохоор хүрээ хийд рүү зүглүүлдэг, бүрэг доройг нь сургуульд суулгадаг байсан тул төрөөс сургуульд аль болох сэргэлэн, сурах авьяастай хүүхдийг оруулж байхыг зааснаас үзэхэд, эцэг эхчүүд хүүхдээ гэрийн сургалт анд хамруулж хөгжүүлэх сэргэлэн ухаантай, хэл яриа сайн хөгжсөн, бэлтгэл сайтай байхад нь анхаардаг байжээ.
БНМАУ-ын V  их хурлаас гаргасан тогтоолын 169-р зүйлд (1928), “Сургуулийн насанд хүрээгүй хүүхдийг гэрийн газар сурган үүрдийн хэв суртал болгох явдлыг хэрхэн чанартайгаар явуулах тухай заавар гаргаж шаардан бүртгэх зэргээр маш чухалчлан гүйцэтгэвэл зохино” гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор хөдөө орон нутагт гэрийн багш  нар илгээж, хүүхдийг бага наснаас нь бичиг үсэгт сургах, тоо бодлогын анхны мэдэгдэхүүн өгөх зэргээр ажиллаж байв. Мөн оны 10 дугаар сарын 23-нд хуралдсан МАХН-ын VII их хурлын тогтоолын 93-р зүйлд, “Эх нялхасыг асран хамгаалах ажилд эмэгтэйчүүдийг гадаад дотоодод явуулан боловсруулахыг хичээхийн дээр мөнхүү эх нялхасыг хамгаалах тасгийн хэрэгт нам ба улсаас онцгойлон туслалцуулах болговол зохино” гэж заасан нь бага насны хүүхэдтэй ажиллах, тэднийг асрах хүмүүжүүлэхэд зайлшгүй мэргэжлийн боловсон хүчин шаардлагатайг харуулж буй бөгөөд мөн тогтоолын 95-р зүйлд, “Эцэг эхгүй өнчин ядуу хүүхдийг асран хамгаалж боловсон байдлаар хүмүүжүүлэх явдлыг чухалчилж, ялангуяа харанхуй эндүүрлийн харгаагаар зарим этгээд нялх үр хүүхдийг хөсөрдүүлэн хүрдэнд тавих зэргийн муу гэмийг эсэргүүцэж устгах явдлыг эмэгтэйчүүдийн хэлтсээс чухалчилж тусгай нялхас өнчдийг тэтгэн хүмүүжүүлэх газар байгуулах аргыг эрэлхийлбэл зохино” хэмээсэн нь тухайн нийгэмд бага насны хүүхдийг асран хүмүүжүүлэх асуудал нь хүн ам цөөнтэй манайх шиг оронд ихээхэн чухал асуудал болон тавигдаж байв.
Бид Монгол оронд сургуулийн өмнөх насны боловсролын асуудлыг шийдвэрлэхээр төр, засгаас авч явуулж байсан бодлогын талаар цухас дурдсан хэдий ч эл удаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг бий болгоход нэн тэргүүнд шаардлагатай гарын авлагын тухайд тогтож өгүүлэхээр зорив. Бага насны хүүхдийг нийгмийн хүмүүжилд татан оролцуулах, хүүхдийн цэцэрлэг байгуулах талаар ухуулгын ажил хийгдэж байснаас юуны түрүүнд Орос болон бусад улсын туршлагаас мэдээ материалыг хөрвүүлэн ашиглах замаар сургалт, судалгааны шинжтэй ажлууд хийгдэж байв. Тухайлбал, Оросын нэрт сурган хүмүүжүүлэгч Т.Н.Алексеевнагийн(10) бүтээлээс Монгол улсын 1920-30-аад оны шилдэг сэхээтний нэгэн болох Б.Ишдорж багш хөрвүүлэн “Сургуулийн наснаа хүрээгүй багачуудыг боловсруулах хэмээх юу вэ?” нэртэйгээр 1929 онд хэвлүүлсэн нь (3000 хувь) тухайн үедээ багш нарт чухал гарын авлага болсон юм.
 Нэгдүгээрт, Тус номын бүлэг бүрт тусгасан байдлыг  харгалзан товч байдлаар өгүүлье.  “Бүх дэлхий дахинаа” бүлэгт, “Цэцэрлэгийн ариун цэвэр, цагаан хормогчтой, тус тусдаа ширээ сандалтай, тоглоомын булантай, тоглоом наадгайгаар хүүхдүүд яаж тоглох талаар бичжээ. Итали, Швейцар, Шотланд, Япон (цав цагаан байшинд) цэцэрлэг байгуулж, Берлин, Америкийн цэцэрлэгийн дэргэд (усны амьтныг танилцуулах цөөрөм байгуулж), Песталоцийн амьтан тэжээх газар, хөдөөгийн цэцэрлэг зэргийг байгуулж, хүүхдийг хөгжүүлэн ажиллаж байгаа тухай, Норвеги, Австрали, Энэтхэг, Зөвлөлт засагт багачуудын орднуудыг байгуулж ажиллаж байна” гэсэн бол, “Сургуулийн наснаа хүрээгүй багачууд” бүлэгт, “XIX зууны үеэс эхлэн багачуудыг судалж эхэлсэн тухай, томчууд багачуудын онцлогийг мэдэхгүй учир хурдан том болгохыг хүсэж байсан нь багачуудын судалгааг эхлүүлсэн, хүүхдийн сэтгэл санаа, өсөлтийн талаарх онцлогийг нээсэн, удаан хугацаагаар хүүхдийг суулгах нь тусгүй тул тусгай танхим байгуулж хүмүүжүүлэх аргыг олсон, гурван настай хүүхдийн хөдөлгөөнтэй байдал, бүхнийг өөрөө хийхийг хүсдэг, бүх юмыг дуурайж тоглодог, олон цөөн гэж хэлэхгүй, санаж тогтоох нь бага, хянаж болгоомжлох нь тогтворгүй, зохион бүтээх чадвартай гэсэн бол зургаан настай хүүхдийг ажил хийж, бичиг үсэг тоо бодлого бодож чаддаг, орчноос шалтгаалан хүүхдийн хөгжил явагдана” гэх зэргээр судалгаан дээр тулгуурлан тодорхой бичжээ. “Сургуулийн нас наа хүрээгүй багачуудыг хүмүүжүүлэх боловсруулах хэрэгтэй юу?” бүлэгт, багачуудыг аажмаар сургана гээд цэцэрлэгт яваагүй гэр орондоо байгаа хүүхдийг бэлтгэх нь чухал. Хэрэв бэлтгэхгүй бол насан турш мэдэхгүй зүйл ч үлдэх болно гэж эцэг эхчүүдэд зориулан бичээд сургуульд орохын наана сурдаг зүйлд, чадамгай явах, үсрэх, авирах, аливаа өнгө, хэлбэр дүрс, дуу, үнэр, хүрэлцэхүй зэргийг мэдэрдэг, хэлэх ярихад суралцаж, өөрийнхөө санал бодлыг илэрхийлдэг, таван эрхтнээр танин мэдэж, тэдгээрийг шинжиж ижил ялгаврыг олж, өөрийн дүгнэлтийг хийдэг, тоглоом, зураг, баримал, дуу хөгжмийн бүтээлүүдэд өөрийн саналаа илтгэх, ариун цэвэрч, нягт үнэнч, чин шударга, эелдэг байхад суралцдаг гэж хүүхдийг сургуульд орохын өмнө эзэмших ёстой мэдлэг чадварыг тодорхойлж, гэр орны нөхцөлд хүүхдийг сургуульд бэлтгэх нь чухал, хүүхэд бие дааж өсөж хөгждөггүй, заавал хүмүүжүүлж хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг онцгойлжээ.
“Настайчууд багачуудыг хэрхэн үздэг вэ?” бүлэгт, Багачууд нь хөдөлгөөн ихтэй, их юм асуудаг, туршиж судлах, толгой даах зэргээр төрөлхийн авьяастай бөгөөд элс шороогоор тоглох, усанд орох, амьтны дэргэд байхыг хүсдэг, хүүхдүүдэд саад болдог зүйлд, настайчууд багачуудад юу хэрэгтэйг ойлгодоггүй, болгоомжлохгүй хааш яйш үзэхээс гадна хүүхдийг саад төвөг татагч, яршигтай амьтад гэж үздэг төдийгүй хүүхдийн онцлог байдлыг хайхардаггүй, багачуудын сурч боловсрох талаарх ойлголтоо өөрчлөх хэрэгтэй, хүн ямагт боловсорч сайжирч байх учир төрсөн цагаас өтлөх хүртлээ ямагт суралцана, хүний биеийн зарим эрхтэн хүүхдийн бага балчир үед амархан хөгждөг учир тухайн үед нь сургах нь зүйтэй. Ёс суртахууны хүмүүжлийг багаас нь эхлэх нь зүйтэй бөгөөд хүүхдийг хүмүүжүүлэх эдийн засгийн чадамж өнөө цагт алга байна гэдгийг өгүүлжээ.
“Пролетарийн ба үгээгүй ардын багачууд” бүлэгт, пролетарийн хүүхдийн амьдрал маш хүнд, бие бялдар нь дорой туранхай гэх зэргээр бичсэн бол, “Зөвлөлт засагт багачуудыг боловсруулах явдал хэрхэн бий болсон бэ?” бүлэгт, Өнчин хүүхдийн байгууллагын тухай, XIX зууны дундуур нялхсыг хамгаалах газар байгуулсан, 3-7 настай хүүхдийн цэцэрлэг Германд байгуулагдсан бөгөөд мөн тус улсад ”Хүүхдийн цэцэрлэг” гэдэг нэр томьёог анх томьёолсон болон Орос улсад хувьсгалаас өмнө хүүхдийн цэцэрлэг 400 байсан бол 1921 он гэхэд 6000 гаруй цэцэрлэг бий болсон тухай өгүүлсэн байна.
“Хүүхдийн цэцэрлэг гэж юу юм бэ?” бүлэгт, хагас өдрийн цэцэрлэг (4-6 цаг ажилладаг), 24 цагийн болон 8 цагийн цэцэрлэг байдгийг тэмдэглэжээ. Түүнчлэн хүүхдийн цэцэрлэгийг “цэцэрлэг”, “голомт”, “хүүхдийн байшин”, “хүүхдийн зуслан”, “зуны цэцэрлэг”, “хүүхдийн эмнэлгийн газар” зэргээр ангилж, хүүхдийг хүмүүжүүлэх хөтөлбөрийг бүлгээр дурдсан агаад үүнд, бие бялдрыг сайнаар боловсруулах, хүүхдийн таван эрхтэнг боловсруулах, эдийг танилцуулах, биеийн хөдөлгөөнийг боловсруулах (хураагдах нугарах тоглоом, эвлүүлэх, бага нь томдоо давхарлаж ордог тоглоом), зохион бүтээх билгийг хөгжүүлэх, хүүхдийн оюуныг боловсруулах, хэл болон ажилд сургах, уран сайхныг танин мэдэх, сайн заншил сурталд сургах, олон нийтийн хөдөлмөрт суралцах гэж хүмүүжил сургалтын агуулгыг тодорхойлж өгчээ. Цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг (удирдагч бүсгүйн) мөн дурджээ.
  “Сургуулийн наснаа хүрээгүй багачуудыг боловсруулах хэмээх юу вэ?” ном нь дэлхий дахинд Европ, Америк, Азийн хөгжилтэй орнуудад бага насны хүүхдийг хүмүүжүүлж байгаа ерөнхий төрх байдал, сургуулийн наснаа хүрээгүй хүүхдийн бие бялдрын хөгжлийн онцлог, хүүхдийг хэрхэн хөгжүүлэх талаар хүмүүжил сургалтын агуулгыг багтааж, эцэг эхчүүдэд нарийвчилсан зөвлөгөө өгсөн зэргээрээ тухайн үеийн Монголын нөхцөлд багш нар төдийгүй, өрх гэр бүлд ихээхэн ач холбогдол тойгоороо ялгарч байжээ.
Монголд хүүхдийн цэцэрлэг байгуулах, цэцэрлэгийн хүүхдэд олгох мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чухам яаж юу хийвэл зүйтэйг чиглүүлж өгснөөрөө дээрх гарын авлага чухал үүргийг гүйцэтгэжээ.
Хоёрдугаарт, Монгол улсын гавьяат багш  Л.Балжирын “Хөдөөд байгуулах хүүхдийн цэцэрлэгийн тухай” (1931) гарын авлага нь (2000 хувь хэвлэгдсэн) тэр үедээ сургуулийн насанд хүрээгүй багачуудыг хүмүүжүүлэх газруудыг байгуулах чухал асуудлыг тусгаснаараа онцлог юм. Уул номын оршилд, “Хот хөдөөгийн орон нутгийн бага сургуульд бэлтгэж бүхий хүүхдийг оруулах явдал нь чухал бөгөөд бичиг үсгийг боловсруулан бэлтгэх явдал бус хүүхдийн цэцэрлэгийг орон нутгийн газраа, багачууд хүүхдийг нийтийн байдал, дадлага олгуулж, ариун цэврийг сахиж, ажилд дуртай болгох нь хүмүүжил боловсролын гол зүйл болно. СССР улсын Ардын Гэгээрүүлэх яамны дэргэдэх багачууд хүүхдийг асран хүмүүжүүлэх төв газраас хөдөө тариачин ардын багачууд хүүхдийн хүмүүжүүлэх газрын ажлын арга заавар хэмээх дэвтрийг Монголын орон нутгийн байдалд тохируулан зохион орчуулав” гэжээ.
“Сургуулийн нас хүрээгүй багачуудыг хүмүүжүүлэх газруудыг байгуулах тухай” бүлэгт, Орон нутгийн газар багачууд хүүхдийг хүмүүжүүлэх газрыг байгуулахдаа газар орны байдалд таа цуулан байгуулах ба хүмүүжлийн газрыг биелүүлэн гүйцэтгэх ажлыг шинжлэн үзэж, чухам ямар хүмүүжлийн газар байгуулбал ашиг тустай болохыг байдлаас хянан гүйцэтгэх нь чухал бөгөөд хөдөө орон нутгийн газарт аж байдалд тохируулан хоёр янзаар ялгаварлан байгуулахдаа, нэгдүгээрт, зун цагт түр цэцэрлэг байгуулах, нөгөө нь байнга орших хүүхдийн цэцэрлэг болно гээд түр хүмүүжлийн газрыг нээхдээ хүн бөөгнөрсөн хамтрал, коммуна, артель зэргийн газруудад хаврын тариалангийн үед 3-4 сарын хугацаатайгаар, мөн баярын өдөр март сарын 8, майн 1-нийг тохиолдуулан нээвэл зохино гэж үзсэн нь ард түмний дунд баяр наадам, ажил хөдөлмөрийн үеэр сурталчилгаа явуулах  тохиромжтой гэж тооцжээ. Ухуулан таниулах ажилд нам, эвлэлийн олон гишүүдийг дайчлан орон нутгийн засаг захиргаа, эмэгтэйчүүдийн салбар хэлтэс, үйлдвэрчний эвлэл, сургууль, хоршоо худалдааны зэрэг газарт эрхлэн гүйцэтгэнэ гээд орон сууцны асуудлыг зөвхөн ариун цэврийг чухалчлан хуурай ба нартай, дулаахан орон сууц байвал зохихыг заагаад эсгий гэр байж болох бөгөөд модон шалтай, нарны гэрэл илчээр сайн давхар бүрээстэй, хаяа нь сайн, тооно нь шилтэй байх, цэцэрлэгийн дэргэд ногоо тарих, газрыг бэлтгэх ба мод суулгах зэрэг ажлыг үйлдэх нь чухал гээд зуны улиралд хүүхдийн цэцэрлэгийг сургуулийн байранд болон улаан гэрт, клубт байгуулж болно гэжээ.
Орон нутагт хүүхдийн цэцэрлэгийг байгуулахдаа, хэрэглэх ширээ сандал зэрэг эд зүйлийг зуны улиралд модоор хүүхдийн байдалд тохируулан үйлдэх, ажиллах цагийг өвөл 6 цаг, зун 10-12 цагаар тооцож, хөдөө орон нутагт цэцэрлэгийн ач холбогдлыг сайн ойлгохгүйгээс болоод ангийн бүрдэл дутуу, санхүүгээс шалтгаалан цэцэрлэг бүрэн ажиллахад хүндрэлтэй байдаг тухай бичжээ. Өдөр тутмын цэцэрлэгт хоолыг гурваас цөөнгүйгээр олгохдоо, өглөөний цайг наймд, өдрийн хоолыг арван хоёрт, их үдэд гурван цаг хагсаад, оройн хоолыг 19 цагт хэмээн хуваарилж, өдөрт талх 3-4 фунт, мах 200-250 гр, сүү хагас литр, тос 25 гр, чихэр 25 грамм, элдэв будаа 30-50 грамм, элдэв ногоог таацуулан хэрэглэнэ хэмээсэн нь тэртээ 80-аад жилийн өмнө хүүхдийн илчлэг тэжээлийг шинжлэх ухааны үндэстэйг ээр өгч байсан байна.
 Орон нутагт хүүхдийн цэцэрлэгийн газарт, 1-8 хүртэлх насны багачуудыг хүмүүжүүлж, хүүхдийг их багаар ялгаварлан суулгаж, удирдагч хүмүүжүүлэгч нарыг нялхсыг хүмүүжүүлэгч эмч нарын туслагч сестра нар удирдаж, багачуудыг элсүүлэхдээ ангийн чанарыг харгалзан авч байсан нь Зүүнтний балмад бодлоготой холбоотой болно. Тухайлбал, нэн даруй ядуу анги, дараа нь дунд ба албан хаагчдын багачууд хүүхдийг авбал зохино гэж байв. Эл үед яслийн болон цэцэрлэгийн насны багачуудыг хамтад нь түр авч байжээ. Цэцэрлэгт 25 хүүхдэд нэг хүмүүжүүлэгч, 50 хүүхдэд хоёр хүмүүжүүлэгч байхаар орон тоог баталж, яслийн насны хүүхдүүд байх аваас нялхасын хүмүүжүүлэгч авч ажиллуулж байхаар тогтжээ.
Хөдөө орон нутгийн цэцэрлэгийн гол бодлого нь: 1.Багачууд хүүхдийн хүмүүжил боловсролын тухай нийт ардад өргөнөөр таниулах, 2.Хүүхдийн цэцэрлэгийг орон нутгийн газар өргөнөөр байгуулах явдлыг гол бодлого болгон явуулах, 3.Хүүхдийн цэцэрлэг нь орон нутгийн газар хүмүүжил боловсролын төв газар болох тул багш нар хүмүүжүүлэгч нар нь олон нийтийн газар соёлын довтолгоо ба нийтийн компанийн ажилд оролцон гүйцэтгэх, 4.Багачуудыг хүмүүжүүлэх явдалд олон нийтийн санал эрмэлзлийг хандуулан оролцуулахыг гол бодлого болгож, хүүхдийн эцэг эхийг цэцэрлэгийн хүмүүжлийн ажилтай танилцуулахдаа жижүүрлэх ба зөвлөлийн гишүүдэд оруулах, хуралдуулах зэргээр танилцуулсан нь хүүхдийн цэцэрлэг байгуулахад олон нийтийн дунд сурталчлах тэдний санал бодлыг цэцэрлэг рүү хандуулах талаар тодорхой өгүүлсэн байна.
Хүүхдийн цэцэрлэгийн зөвлөлийн зорилго нь хамтралын газруудтай холбоотой ажиллах, орон нутгийн цэцэрлэг нь эмэгтэйчүүдийн салбар хэлтэс буюу төлөөлөгч нартай харилцан ажиллах, ХЗЭ болон пионерийн бүлэг, хоршоо худалдаа, аймаг ба сумын захиргааны газар, үйлдвэрчний эвлэл, эх нялхасыг хамгаалах газар ба эмч доктор нартай хамтран ажиллахад оршиж байв. Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч нар орон нутгийн эвлэл, үйлдвэрчин, эмэгтэйчүүд болон засаг захиргаатай холбоотой нэгдсэн төлөвлөгөөнд оруулах, цэцэрлэгийн үйл ажиллагааг сурталчлах, хэвлэлд бичиж гаргах, олон түмний дунд тайлагнах ажлыг гүйцэтгэх хэрэгтэйг дурджээ. Түүнчлэн цэцэрлэгийн ажлын төлөвлөгөөг гаргаж, түүнд багш, эцэг эх, олон нийтийн төлөөлөл оруулсан зөвлөл байгуулах, багш нарын хурал хэлэлцэх асуудал, цэцэрлэгийн орон тоо, хүүхдийн цэцэрлэгийн хуваарь  (том, жижиг хүүхдийн) долоо хоногийн хоолны хуваарь, хөдөө орон нутгийн газар хүүхдийн цэцэрлэгийг 40 хүүхдэд бэлтгэх зүйлүүдийг тодорхойлж, аж ахуйн эд хогшил, ариун цэврийн болон хичээлийн хэрэглэлд холбогдох зүйлс зэрэг чухал асуудлуудыг тусгасан гарын авлагууд бий болжээ.
Хичээлийн зүйлд холбогдол бүхий зүйл гэсэн гарчигт, тоглоомууд, оёдол, ногоо цэцэг тарих, зураг зурах ба наах, нийгмийн байдлын сахилга журмыг, муу сайныг мэдүүлэх, цэцэрлэгийн дотоод журмыг сахих, ариун цэврийг дээдлэх зэргийг багтаажээ. Олон нийтийн ажилд оролцох тухайд улаан гэр, клуб, гэгээрэл боловсролын байгууллага, хоршоо худалдаа, сумын захиргаа зэргийг очиж үзэх, аливаа ажилд оролцох, элдэв лоозонг бэлтгэх, нийтээр дуу дуулах, уран зохиолд шамдан шүлэг бичих, элдэв оньсон техниктэй танилцах, хамтралын ажил байдал, хадлан тариалангийн газар, сүү тосны завод, үзэсгэлэн үзэх, жагсаалд оролцох, индэр, клубыг чимэглэх, хувьсгалын баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай ярилцах зэргээр төлөвлөн ажиллаж байсан нь хүмүүжил сургалтын агуулгаар хүүхдэд маш их зүйлийн мэдлэг өгч хүмүүжүүлэх ажлыг явуулах үед орон нутгийн сургуулиудын захирал, багш нар зөвлөгөө өгч оролцож байсныг түүхэн баримт харуулж байна.
Дээрх гарын авлага нь хүүхдийн цэцэрлэгийн ажилтнууд ямар их идэвхтэй  чадвартай эмэгтэйчүүдээс бүрдэж, тэд орон нутгийн засаг захиргаа, залуучуудын байгууллага нам, эвлэлийн гишүүдийг, албан газрууд, хоршоо артель зэрэгт хүүхдийн байгууллагыг байгуулахад оролцуулахын тулд суртал нэвтрүүлгийг хүний ой тойнд ортол  шингээдэг, хурал цуглаан хийх, хүүхдийн болон багш нарын бүтээлээр олон нийтийн дунд үзэсгэлэн гаргах хүүхдийн тоглолт үзүүлэлт зэрэг хүчтэй сурталчилгаа хийж олон цэцэрлэг байгуулж байсан түүхтэй юм.
Гэгээрлийн яамны сайд Т.Машлай тус яаманд хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг хариуцсан тасаг (1940) байгуулж, эрхлэгчээр Д.Долгоржав, мэргэжилтэн В.Ф.Максаковаг зөвлөхөөр нь томилсноор, тэд Гэгээрлийн яамны зөвлөх А.В.Русаков, А.В.Лесин нарын удирдлагаар хүүхдийн цэцэрлэгийг хөгжүүлэх ажилд  орсон байна.  Тэрчлэн орон нутагт 1931 онд 76 улаан гэр, 76 ажилчинтай, 1932 онд 132 улаан гэр, 99 ажилчинтайгаар цэцэрлэг байгуулах хөдөлгөөн өрнөж байсан гэж зарим эх сурвалжид тэмдэглэжээ.
Цэцэрлэгийг боловсон хүчнээр хангахад онцгой анхаарч 1941 онд Ардыг гэгээрүүлэх яамнаас цэцэрлэгийн эрхлэгч, хүмүүжүүлэгчдийг бэлтгэх курс байгуулж, сургалтын шинэ программ боловсруулж, хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд бэлтгэх ажлыг хэрэгжүүлсэн төдийгүй ЗХУ-ын хүүхдийн цэцэрлэгийн туршлагаас суралцаж, хүүхдийн цэцэрлэгт зохиох хүмүүжил сургалтын агуулга, арга зүйг нэвтрүүлжээ(11).
Хүүхдийн цэцэрлэгийн дүрмийг батлан гаргаснаас хойш тогтсон цагийн хуваарьтай, боловсруулсан хөтөлбөртэй, хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх ардын урлаг, угсаатан зүйн холбогдолтой тоглоом наадгайтай, хөдөлмөрийн болон гоо зүйн хүмүүжил олгох аливаа хичээлүүдийг явуулдаг болсон нь сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалт, арга зүйн бааз суурийг тэлж, улмаар цаашид ажиллах суурийг бэхжүүлж өгсөн хэрэг байв.
1930-1940 оны статистикийн мэдээгээр: 1931 онд цэцэрлэгийн тоо 12, хүүхдийн тоо 365 байсан бол, 1932 онд 14 цэцэрлэг, 405 хүүхэд, 1933 онд 4 цэцэрлэг, 125 хүүхэд, 1934 онд 6 цэцэрлэг, 180 хүүхэд, 1935 онд 6 цэцэрлэг 180 хүүхэд, 1940 онд 6 цэцэрлэг, 140 хүүхэдтэйгээр буюу 1930 оныхоос даруй 6 дахин нэмэгдсэн тоон үзүүлэлтээр ойлгож болох юм.
1921-1940 онуудад хүүхдийн ясли цэцэрлэг, сургуулийн өмнөх насны багачуудыг хүмүүжүүлэх, боловсруулах, монгол орны нөхцөлд тохирсон хөтөлбөрийг боловсруулж, хэвшүүлэх, боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх зэрэгт анхааран ажиллаж байв.
Гэгээрлийн яамнаас сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил, сургалт, заах арга, цэцэрлэгийн дотоод дүрэм, журамд холбогдох (1941-1947) “Хүүхдийн цэцэрлэгийн дүрэм”,  “Цэцэрлэгийн эрхлэгчийн жилийн ажлын төлөвлөгөөний загвар”, “Эцэг, эхээс хоолны хөлсийг хураах заавар”, “Цэцэрлэгийн ариун цэврийн дүрэм”, “Хичээлийн товч агуулга”, “Цаас, модоор тоглоом хийх загвар”, “Талбайн төхөөрөмж (морь, гулгуур, тэнцвэрийн вандан, завь, ачааны машин, онгоц гэх мэт)-ийн загвар”, “Хүүхдийн хоолны нэрс ба тэдгээрийг хийх аргачлал”, “24 цагийн цэцэрлэгийн үйл ажиллагааны зөвлөмж”, “Экскурс, зугаалга явуулах зөвлөмж”, “Цэцэрлэгийн дотоод төхөөрөмжийн үндсэн хэмжээ”, “Хүүхдийн цэцэрлэгт явагдах хичээл”, “Хүүхдийн цэцэрлэгийн өглөөний гимнастикийн нэгдсэн дасгал”(12) зэрэг олон арван дүрэм, заавруудыг гарган мөрдүүлснээр хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа тогтмолжиж, сургуулийн өмнөх байгууллагыг шинжлэх ухааны үндэстэйг ээр удирдан явуулах эх суурь тавигдсан юм.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын боловсон хүчний асуудлыг хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, хүмүүжүүлэгч нарыг бэлтгэх түр курсыг хоёр сарын хугацаатайгаар (1931), түр хичээллэх курс (1941-1950), Багшийн сургуульд  цэцэрлэгийн багш бэлтгэх гурван жилийн дамжаа (1951)-гаар бэлтгэж байв.
Ардыг гэгээрүүлэх яамны харьяан дахь цэцэрлэгийн тасгийн 1941-1960 он хүртэл авч явуулсан үйл ажиллагаа нь хүүхдийн цэцэрлэгийг улсын төсвөөс гадна, зарим томоохон үйлдвэр (Аж үйлдвэрийн комбинат, Налайхын уурхай гэх мэт), аж ахуй, засаг захиргааны газарт хариуцуулах замаар санхүүжүүлж цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, сүү боловсруулах газрыг аймаг бүрт байгуулан цэцэрлэг, яслийн хоол хүнсийг хангах, ариун цэврийн үйл ажиллагааг сайжруулж, багшийн сургуульд  цэцэрлэгийн боловсон хүчнийг бэлтгэх эхлэлийг тавих, тэдэнд зориулсан гарын авлагыг орчуулах, шинээр боловсруулах ажлыг зохион байгуулах, цэцэрлэгийг барилгажуулах, эдэлбэр газрыг тохижуулах, тоног төхөөрөмж, тоглоомоор хангахад чиглэгджээ(13).
Ийнхүү XX дугаар зууны хориос жараад оны үед Монгол улсад сургуулийн өмнөх насны боловсролын асуудал төр, засгийн хэмжээнд тавигдаж, үүсэл төлөвшихийн эхэн үеийг амжилттай туулсаар  иржээ. Үндэсний ардчилсан хувьсгалын дараахнаас буюу  1923 оны 4 дүгээр сарын 8-нд хүүхдийн цэцэрлэг  Нийслэл Хүрээнд тэрлэн бий болж, удаад нь Монгол улсын хоймор нутаг болох Алтанбулаг хотод үйл ажиллагаагаа эхэлж байсан бол хориод оны сүүлчээр орон нутгуудад бий болжээ.
Цэцэрлэгийн байгууллагын эхэн үеийн үйл ажиллагаа ихээхэн саад бэрхшээлтэй тулгарч ирсэн авч, хөрш орнуудын туршлагыг нэвтрүүлж, хэрэгжүүлснээр боловсон хүчний дутмаг байдал, сургалт, гарын авлагын гээгдэл үгүй болж, 1960 он болж ирэхэд, ясли, цэцэрлэгийн хүрэлцээ, боловсон хүчний асуудал шийдэгдэн,  шинжлэх ухааны үндэстэй судалгаа шинжилгээний үнэлэмжтэй, хүн амын өсөлт бойжилт онд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан боловсролын салбарын дорвитой нэгэн салаа мөчир болон өндийж иржээ.

Ашигласан бүтээл.
(1)Дашзэвэгийн Нонна. Боловсрол судлалын магистр, ахмад багш.
(2)ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Бүс нутаг ба орчин үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан,  доктор /Ph.D/
(*)1931 оны 12 дугаар сарын 31-ны мэдээгээр хүүхдийн цэцэрлэгт 25 хүүхэд, 2 багш  байжээ.
(3)Бюллетень.  “Монта” 1923.
(4)Боловсрол шинжлэх ухааны яам  90 жил. (1924-2014). УБ., 2014. т. 5.
(5)Нонна. Монгол улсад сургуулийн өмнөх боловсрол хөгжиж ирсэн нь. УБ., 2014. т. 13-14.
(6)МАХН-ын их, бага, төв хорооны бүгд хурлуудын тогтоол шийдвэр. УБ., 1956. т. 37-38.
(7)мөн тэнд, т. 75.
(8)Монгол улс. ҮТА. ф.6, д.1, хн.5, х.7.
(9)ХХ зууны Монголын боловсрол судлал. УБ., 2002. т. 26.
(10)Альмедингин-Тумим Наталья Алексеевна (1883-1943). Петербургийн Фребелийн нийгэмлэгийн идэвхтэй гишүүн, “Хүмүүжил ба сургалт” сэтгүүлийн редактор (1909-1917),  Октябрын хувьсгалын дараа Ленинград хотын сургуулийн өмнөх сурганы дээд сургуулийн профессор, Герцений нэрэмжит сурганы дээд сургуулийн, сургуулийн өмнөх сурган хүмүүжүүлэх ухааны кафедрын профессор. 1922 онд “Сургуулийн өмнөх хэрэг” өгүүллийн  нэгтгэсэн сэтгүүл, 1925 онд “Сургуулийн өмнөх байгууллага ажилтан нарт тусламж” сэтгүүлийн редактор, 1923 онд “Гэр бүл ба олон түмэнтэйгээ ажиллах”, 1940 онд “Сургуулийн өмнөх сурганы түүх”  зэрэг сургуулийн өмнөх боловсролтой холбоотой олон ном бичсэн байна. 1943 онд Ленинградын бүслэлтэд байхдаа өлсгөлөнгөөр нас баржээ.
(11)Б.Самбуу.  Ардын боловсролын систем. УБ., 1989, т. 23.
(12)Эргэн дурсахуй.  дурсамж, дурдатгал. УБ., 2014.  т. 93-94.
(13)Монгол улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 90 жил.Эрдэм шинжилгээний бага хурлын эмхтгэл. УБ., 2014. т. 125.



2014-10-16

" Хүүхдийн цэцэрлэгийн хэлтэс”-ийн түүхээс


Ардын Боловсролын яамны" Хүүхдийн цэцэрлэгийн хэлтэс”-ийн түүхээс

•1940 он хүртэл хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг сургуулийн хэлтэс давхар хариуцаж байсан байна.
•1941 оны 1-р сарын 18-аас 3-р сургуулиас Гэгээрлийн яаманд цэцэрлэгийн тасгийн даргаар сайдын 4 тоот тушаалаар Даваагийн Долгоржавыг Гэгээрлийн яаманд хүүхдийн цэцэрлэгийн тасаг байгуулагджээ. 1941 оны 2-р сараас 1943 оны 6-р сар хүртэл Гэгээрлийн яамны сургагчаар нь Вера Фёдоровна Максаковаг томилжээ. 1940 оны 11-р сард Максакова багш Улаанбаатар хотын гэгээрлийн хэлтэст зааварлагчаар ажиллаж байсан байна. (Максакова багшийн тэмдэглэлээс авав. Д. Нонна).
•1945 оны 12-р сарын 30 өдрийн Гэгээрлийн яамны мэргэжилтний хүүхдийн цэцэрлэгт эрхлэгчээр Даваагийн Долгоржавыг Сайдын 306-р тушаалаар томилжээ. (Хувин хөдөлмөрийн дэвтрээс авав Д. Нонна).
•1946-1951 онуудад Норжмоо (архиваас тодруулж үзэх шаардлагатай.)
•1951-1954 онуудад цэцэрлэг хариуцсан байцагчаар Эрдэнбатхааны Карма ажиллаж байв. (Э. Кармын хувийн хөдөлмөрийн дэвтрээс)
•1955-1957 онуудад цэцэрлэг хариуцсан байцаагчаар Э.Карма ажиллаж байв. (Э. Кармын хувийн хөдөлмөрийн дэвтрээс)
•1958-1959 он хүртэл цэцэрлэгийн байцаагчаар Ө.Баяраа ажиллаж байв
•1959-1962 он хүртэл цэцэрлэг хариуцсан байцагчаар Цагааны Үдэрпил ажиллаж байв.
•1962-1981 он хүртэл Гэгээрлийн яамны хүүхдийн цэцэрлэгийн хэлтсийг 3 хүний орон тоотой байгуулж даргаар нь Эрдэнбатхааны Карма ажилласан. Э.Кармын хамт С.Дэнсмаа, Р.Цэндаюуш, Т.Сүрэнжав, Доржпагам, Казыра, П.Бямбадорж, Д.Нонна, Ж.Лхагвасүрэн И.Орломжав, Ш.Гандолгор нар ажилласан.
•1982 оны 2-р сарын сүүлээр 1990 оны 5-р сарын 30 хүртэл Боловсролын яамны хүүхдийн цэцэрлэгийн хэлтсийн даргаар Дашзэвгийн Нонна гурван орон тоотой ажилласан. Д.Нонны хамт Д.Лхагвасүрэн, Ч.Балжиням, Ш. Гандолгор, Н. Норжхорлоо, түр хугацаагаар Л.Балжид хамтран ажиллаж байгаад 1990 онд Д.Нонна тэтгэвэрт гарч, хүүхдийн цэцэрлэгийн хэлтэс татан буугдаж цэцэрлэг хариуцсан байцагчаар Ч.Балжиням ерөнхий боловсролын хэлтэст мэргэжилтнээр үлдсэн.
•1990 оноос хойш АБЯ-анд цэцэрлэг хариуцсан мэргэжилтнээр Ч.Балжиням, Н.Норжхорлоо, Ч.Пүрэвочир, Ш.Цэрэннадмид нар ажиллаж ирсэн.
...

Д.Нонна, Монгол улсад сургуулийн өмнөх боловсрол хөгжиж 
ирсэн нь.(1921-2000) номоос авлаа. 

2014-09-21

Монгол улсад сургуулийн өмнөх боловсрол хөгжиж ирсэн он тоолол.


 Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны архив. 1924 он 7-р тал. )

Ардын Хувьсгалын эхэн үе буюу 1924 онд хуралдсан улсын анхдугаар хуралд Ардыг Гэгээрүүлэх яамны ажлын тухай, гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлдээ "Балчир хүүхдийг сурган хүмүүжүүлэх цэнгэлдэх цэцэрлэг байгуулах. Үүнд: манай ардыг гэгээрүүлэх яамнаас…хэрхэн бага балчируудыг асрамжлан хүмүүжүүлж өсгөх тухай дэвтэр зүйлийг зохиох, хэвлэх ба нийслэл хүрээ мэт газрын хүүхдийг хуралдуулан цэнгэл дүүлж удирдан боловсруулснаар сургуулийн насанд хүргэх аргыг сүвэгчлэн"гэсэн байна.
1928 оны 10-р сарын 23-нд хуралдсан МАХН-ын 7-р их хурлын тогтоолд "Эмэгтэйчүүдийн тухай" гэсэн хэсэгт "Эцэг эхгүй өнчин ядуу хүүхдийг асран хамгаалж боловсон байдлаар хүмүүжүүлэх явдлыг чухалчилж ялангуяа харанхуй эндүүрлийн харгаагаар зарим этгээд нялх үр хүүхдийг хөсөрдүүлэн хүрдэнд тавих зэргийн муу гэмийг эсэргүүцэж устгах явдлыг эмэгтэйчүүдийн хэлтсээс чухалчилж тусгай нялхас өнчинийг тэтгэн хүмүүжүүлэх газар байгуулах аргыг эрэлхийлбэл зохино" гэжээ.
1919 (1929) онд Альмедингин-Тумим Наталья Алексеевна (1883-1943) ийн "Сургуулийн насанд хүрээгүй багачуудыг боловсруулах хэмээх юу вэ?" Б. Ишдоржийн орчуулсан ном гарчээ.
Э. Чимидцэрэнгийн "БНМАУ-д эмэгтэйчүүдийг нийгмийн дарлалаас чөлөөлсөн түүхэн туршлага"(1973он) номоос:
"1929 онд Ардыг Гэгээрүүлэх яамнаас хүүхдийн цэцэрлэг, эх нялхсыг хамгаалах газрыг байгуулж улаан гэрүүдийг орон нутагт гаргасан гэж уг илтгэлд тэмдэглэсэн байна. Манай оронд хүүхдийн байгууллага 1930-аад оноос эхлэн хүүхдийн цэцэрлэг,хүүхэд саатуулах газрыг улсын хөрөнгөөр байгуулах ажлыг анх үүсгэн явуулж,цаашид олшруулсан байна ” гэж тэмдэглэжээ.
Балжир 1921 (31) онд "Хөдөө байгуулах хүүхдийн цэцэрлэгийн тухай" номонд: оршил,орон нутгийн газар сургуулийн нас хүрээгүй багачуудыг хүмүүжүүлэх газруудыг байгуулах тухай, хүүхдийн цэцэрлэгийг хэрхэн ямар газар байгуулах, хүүхдийн цэцэрлэг байгуулах орон сууц, хүүхдийн цэцэрлэгийг байгуулахад хэрэглэгдэх хэрэгсэл, хүүхдийн цэцэрлэгийн ажил хийх цаг хэмжээ, хоол ундны тухай, цэцэрлэгт авах хүүхдийн нас, албан хаагчдын тухай, цэцэрлэгээс хөдөө ард түмний дунд гүйцэтгэх ажлын арга маяг,цэцэрлэгийн ажилчдаас орон нутгийн ба төв газруудын улс төрийн газруудад лугаа харилцах тухай, хамтралын газрууд лугаа хэрхэн холбоотой байх, эмэгтэйчүүдийн салбар хэлтэс буюу эмэгтэйчүүдийн төлөөлөгч нар лугаа харилцан ажиллах тухай, ХЗЭ лугаа хэрхэн ямар хэлхээ холбоотой байвал зохимой, г. м хүүхдийн цэцэрлэг яаж ажиллах талаар тодорхой зөвлөмж гарчээ.
Дамдины Сүхбаатарын гэргий Нэмэндэйн Янжмаа Күтвийн сургуулийн улс төрийн дээд сургууль төгсөж ирээд 1930 онд Нийслэлийн хүүхдийн цэцэрлэг байгуулах ажилд томилогдсон байна. Н. Янжмаа Эрдэнэ жонон вангийн хашаанд хүүхдийн цэцэрлэг байгуулж, түүний эрхлэгчээр нэг хэсэг ажиллажээ. “Эгшигт ээж” номын 21-р тал, 1994 он.
1929 онд Баянхонгор аймгийн Баянзүрх уулын хошуу гэдэг газарт улаан гэрт анхны цэцэрлэгийг 30 хүүхэдтэйгээр байгуулсан тухай ахмад багш П. Цэрмаагийн дуртгалаас.
1929 онд …Эх нялхсын төв анх байгуулагдсан.
1930 онд Улаанбаатар хотод Д,Сүхбаатарын нэрэмжит коммуны дэргэд анхны цэцэрлэгийг З0 хүүхэдтэйгээр байгуулжээ. (Р. Л. Балдааев "Народное образование вМНР" изд, Наука . М. 1971г).
1921\31) онд сургуулийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлэх ажилчны түр сургууль байгуулж 30 хүнийг бэлтгэсэн болой" ("Ажилчин Эмэгтэй" сэтгүүл 1932 оны №6. )
1931 онд анх удаа "Соёлын тэмцэл (1931 оны 1,2-р дугаар, 6-12-р тал) сэтгүүлд "Сургуулийн өмнөх хүмүүжил ба олон нийтийн ажлаар оролдогч багшийн үүрэг" гэсэн өгүүллэг нийтлүүлжээ.
1931 онд Дорнодын Баянтүмэн, Хэнтийн Өндөрхаан, Төвийн Тариалан ба Сүхбаатарын нэрийн дор байгуулагдсан коммун, Хөвсгөлийн Хатгал, Тариалан аймгийн Алтанбулаг, Архангайн Цэцэрлэг, Завханы Улиастай Ховдын төвд Алтайн Лениний нэрийн дор байгуулагдсан коммун, Өвөрхангай төвийн Ламын гэгээний хийд, Улаанбаатар хоёрын зэрэг газарт хүүхдийн цэцэрлэг шинээр нэмж байгуулагджээ. (Ардыг гэгээрүүлэх яамны тайлан. 1935 он)
Н. Янжмаа 1931 оноос Эрүүлийг Хамгаалах яамны эх нялхсын хэлтсийн даргаар 1932 он хүртэл ажиллаж байсан байна.
1940 онд Ардыг Гэгээрүүлэх яаманд анх удаа хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг эрхэлсэн тасаг байгуулагдаж тасгийн эрхлэгчээр Даваагийн Долгоржав, сургагчаар нь Вера Фёдоровна Максакова (1940-1947, 1950-1955, 1959-1963 онуудад гэр бүлийн хамт Монголд ажиллаж байсан) нар ажиллаж байв.
1941онд анх удаа цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, эрхлэгчийн нэг сарын семинар курсийг явуулж эхэлсэн. (" Ардыг Гэгээрүүлэх яамны 30 жилийн хөгжилт" Ц. Шаравнямбуугийн илтгэлээс. ) Багш нарын сэтгүүл № 2-1951он.
1942 оны 5-р сард “Хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэх багачуудын хоолны зардлыг эцэг эхээс гаргуулах тухай” Сайд нарын зөвлөлийн 20-р тогтоол гарчээ.
1943 онд "Тус Монгол улсаас улаан цэрэгт татагдсан Зөвлөлтийн харьяат нарын хүүхдийн цэцэрлэг нээж байгуулах тухай” 58-р тогтоол гарч орос хэлний сургалттай цэцэрлэг бий болжээ.
1946 онд "Сургууль ба сургуулийн өмнөх насны багачуудыг хүмүүжүүлэх ажлын тухай" Сайд нарын зөвлөл ба Намын Төв хорооны хамтарсан 41/17-р тогтоол гарч цэцэрлэгийн хүмүүжил сургалтыг сайжруулах, цэцэрлэгийг олноор байгуулах, хүүхдийн цэцэрлэгийг тоглоом номоор хангах, боловсон хүчнийг чанаржуулах тухай заагджээ.
"Шинэ байгуулагдах сургууль, цэцэрлэгүүдийн гэрийн бүрээсэнд ноос олгох тухай" 1947 онд СНЗ-ийн 32-р тогтоол гарч хүүхдийн цэцэрлэгүүд гэрийн ноосоор бүрээсэн өөрсдөө хийж гэрээ дулаалдаг байв.
"Хүүхдийн цэцэрлэгийн дүрэм" 1947 онд анх гарч цэцэрлэгүүд мөрдөх болов. "Багш" сэтгүүл №2-1947 он.
"БНМАУ-ын аймгийн Гэгээрлийн хэлтсийн дүрэм" СНЗ-ийн 1948 оны 2-р сарын 20-ны өдрийн 47-р тогтоолд хүүхдийн цэцэрлэгийн дотоод ажлыг тодорхой тусгаж оруулжээ.
1948 онд Э. Кармын “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарт гарын авлага” ном гарсан.
1951 оноос Улаанбаатар хотын багшийн сургууль дээр цэцэрлэгийн багш бэлтгэх бүлгийг нээж 3 жилээр бэлтгэж эхлэв. 1954 онд анхны дунд мэргэжлийн цэцэрлэгийн хүмүүжүүлэг багш 17 хүн төгсөв. Энэ үед зөвлөлтийн мэргэжилтэн В. Ф. Максакова багш, Э. Карма орчуулагч багшаар хамт мэргэжлийн хичээл зааж байв. (В. Ф. Максакова Монголд 3 удаа нөхрөө дагаж ирсэн. 1959-1963 он хүртэл Д. Нонна багш дагалдан багшаар хамт ажиллаж байв. )
1952 оноос анх удаа сургуулийн өмнөх сурганы дээд боловсролоор боловсон хүчнийг ЗХУ-д бэлтгэж эхлэв. 1956 онд Ц. Үдэрпил төгсөж ирсэн.
1953-1957 онуудад Солонгосын өнчин 3-6 насны 200 хүүхдүүд ирж манай улсын хүүхдийн цэцэрлэг сургуульд хүмүүжиж байгаад нутаг буцсан. Энэ үед цэцэрлэгийн хүүхдүүдтэй ажиллуулахад Улаанбаатар хотын Багшийн сургуулийн цэцэрлэгийн багшийн анхны ангиас С. Жалам, Д. Цэндаюуш, П. Жүрмэд, С. Бүжинлхам, Ж. Гарамханд зэрэг сурагчдыг томилон ажиллуулсан байна.
1954 оны Гэгээрлийн яамны хүүхдийн цэцэрлэгийн хэлтсийн тайланд:"1954 оны 7-р сард цэцэрлэгийн эрхлэгчдийн 10 хоногийн семинар явуулж, тэд нарт сургуулийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлэх арга барилын талаар 62 эрхлэгчид 64 цагийн онолын хичээл, 4 цагийн практикийн хичээлийг заажээ. Мөн хүүхдийн цэцэрлэгт заавал явагдах хэл бичиг, тооны хичээлийн программыг гаргаж өгөв" гэжээ.
1956 онд анх БНМАУ-ын хүүхдийн цэцэрлэгт "Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч нарт удирдамж" түүвэрлэн орчуулсан (С. Цэвэгмид УБ. 1956. он) хөтөлбөрөөр хүмүүжил сургалтын ажлыг явуулж эхэлсэн.
1958 онд цэцэрлэгийн эрхлэгч нарт зориулсан “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарт гарын авлага ” гэсэн гарын авлага номыг эмхтгэн Э. Карма гаргажээ.
1959 онд мэргэжлийн багш Ц. Үдэрпил анх удаа сургуулийн өмнөх боловсролын асуудлаар олон улсын семинарт Москва хотод оролцож Монгол улсын хүүхдийн цэцэрлэгийн асуудлаар илтгэл тавьж ээ.
"Сургуулийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлэх ажлыг цаашид сайжруулах арга хэмжээний тухай" 1962 онд 387-р тогтоол гарч хот аймаг орон нутагт цэцэрлэгийн хүмүүжил сургалт, удирдлагын асуудлыг хариуцсан байцаагчтай болгох, багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хүүхдийн цэцэрлэг бүхнийг зуслантай болгох, цэцэрлэгийг тохижуулахад олон нийтийн анхаарлыг хандуулж шефлэн авах, цэцэрлэгийн хүмүүжил сургалтын чанарыг сайжруулах тухай оруулжээ.
1962 онд хүүхдийн дууны уралдаан зарлаж Ч. Лхамсүрэн зохиолч “Хүрэн морь” найраглал, анх удаа “Маамуу наашаа ир” дууны шүлгээрээ төрийн шагнал авч байсан байна.
1962-1963 оны хичээлийн жилээс эхлэн “Цэцэрлэгийн багш нарыг бэлтгэх тусгай дунд сургууль” бие дааж байгуулагдав. Захирлаар нь Д. Цэнджав, хичээлийн эрхлэгчээр нь Ц. Үдэрпилийг томилов.
1953-1963 онуудад багшийн сургуулийн дэргэдэх цэцэрлэгийн ангид багш бэлтгэхэд ЗХУ-ын мэргэжилтэн В. Ф. Максакова (орчуулагч багшаар Э. Карма, Д. Нонна), П. Давыдова (орчуулагч багшаар орос хэлний багш нараас Д. Нонна, Ч. Түмэндэлгэр), А. Н. Петрова (орчуулагч багшаар урлагийн ажилтан Б. Тунгалаг , орос хэлний багш Г. Лхаасүрэн), нар мэргэжлийн хичээлийг зааж байв.
1963-1964 оны хичээлийн жилээс цэцэрлэгийн мэргэжлийн гарын авлага номыг орос мэргэжилтний тусламжтай хамтарсан бүтээлийг Н. А. Петрова, Г. Лхаасүрэн (орос хэлний багш) "Цэцэрлэгийн дуу хөгжим", П. Давыдова, "Ш. Гандолгор, Ч. Түмэндэлгэрийн "Хүүхдийн цэцэрлэгийн дүрслэх урлал заах аргын ном", Ч . Лувсандэндэвийн "Төрөлх хэл заах арга зүй" зэрэг зохиомжилсан орчуулгын номууд гарчээ.
1963 онд цэцэрлэгийн багш эцэг эхэд зориулан "Эцэг эх, хүмүүжүүлэгч багш нарт зөвлөгөө" сэтгүүл гарч эхлэв.
1964 онд Э. Карма багшийн зохиосон "Хүүхдийн цэцэрлэгийн хичээлийн программ" хэвлэгдэн улсын хэмжээний хүүхдийн цэцэрлэгт мөрдөх анхны үндэсний хөтөлбөр гарсан.
1966 онд Ардын их хурлын 186-р зарлигаар Дорнод аймгийн Чойбалсан хотын хүүхдийн 1-р цэцэрлэгийг “Зоя Космедьянская” нэрэмжит болгов.
1967 онд манай улсад анхны цогцолбор болох яслитай-цэцэрлэг Найрамдлын районд улсын тэргүүний 61-р цэцэрлэг Зөвлөлтийн тусламжаар баригдсан. Тэр үед эрхлэгчээр анхны Л. Бадамханд ажиллаж,Эрүүлийг Хамгаалах яамны дэргэдэх ВОЗ-ын тусламжаар яслийн 4 бүлгийг бүрэн тохижуулан, тоглоомоор хангагдсан бүлгүүдийг хүлээлгэн өгсөн.
1968 онд "Цэцэрлэгийн хүмүүжлийн программ" гарч цэцэрлэгт хүмүүжлийн ажлын хөтөлбөртэй болов.
"Цэцэрлэг, хүүхэд саатуулах газрын тэргүүний ажилтны улсын анх дугаар зөвлөгөөн" 1968 онд болж 300 гаруй төлөөлөгчид оролцов.
УБДС-ийн дэргэд цэцэрлэгийн дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэх ангийг 1969 онд нээж 30 хүний элсүүлж хичээллэж эхэлсэн. Энэ үед сургуулийн өмнөх сурганы хичээлийг орос мэргэжилтэн Л. Ф. Климова УБДС-ийн сурганы багш Оюун багшийн хамт сургуулийн өмнөх сурганы хичээл, сургуулийн өмнөх сэтгэл судлалын хичээлийг доктор Д. Санжжав багш, сургуулийн өмнөх насны хүүхдэд математик заах аргыг Ж. Алтанцэцэг багш,сургуулийн өмнөх насны хүүхдийг байгальтай танилцуулах, хэл заах аргыг Д. Нонна зэрэг багш нар зааж эхэлсэн. 1969-1974 онуудад 74 хүнтэй хоёр анги төгссөн.
1970 онд Сурган хүмүүжүүлэх хүрээлэнд сургуулийн өмнөх боловсролын асуудлаар ажиллах эрдэм шинжилгээний ажилтны орон тоотой болж Д. Нонна (1970-1982 оныг хүртэл) сургуулийн өмнөх насны боловсролын асуудлыг эрхэлсэн анхны эрдэм шинжилгээний ажилтнаар Ардын Боловсролын яамнаас томилон ажиллав. 1976 онд цэцэрлэгийн багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудлаар Ж. Лхагвасүрэн яамнаас томилогдон очиж ажилласан.
1971 онд Ардын Боловсролын яамны сайдын тушаалаар “Ясельтай цэцэрлэгийн дүрэм” гарчээ.
1973 онд " Монголын Хүүхдийн Төлөө фонд" байгуулагдаж түүний хөрөнгөөр анхны үлгэр жишээ 25 хүүхдийн яслитай цэцэрлэгийг хотын ойролцоо Рашаант зөрлөг дээр баригдсан. Тэр үед хүн болгон нэгээс хоёр өдрийн цалингаа хандивладаг байв. Фондын даргаар Ю. Цэдэнбалын гэргий Анастасия Ивановна Филатова (1973-1984 онуудад) байлаа. Энэ хугацаанд 8О орчим хүүхдийн цэцэрлэг, ясли, хүүхдийн эмнэлэг зэрэг баригдсан.
"Сургуулийн өмнөх насны хүүхдийг сургуульд бэлтгэх зарим арга хэмжээний тухай" 20-р тогтоол 1974 онд гарч цэцэрлэгт хамрагдаагүй 7-8 настай хүүхдийг ерөнхий боловсролын сургуулийн дэргэд бэлтгэл бүлэг нээж, бага ангийн багш нар нэг сарын хугацаатай бэлтгэл хийж 5-р сарын 1-ээс 6-р сарын 1 хүртэл нэг сар сургуульд орох бэлтгэлийг нийт хүүхдэд хийдэг болов.
1974 онд Улаанбаатар хотын Найрамдал районы 22-р цэцэрлэгийн эрхлэгч Ноосойн Сүрэндарь Найрамдал районы орон сууц гудамжны 5-р хорооны хөдөлмөрчдийн хурлаас АИХ-ыг сонгуульд нэрийг дэвшүүлж Залаатын 58-р тойргоос, цэцэрлэгүүдээс анхны АИХ-ын депутатаар сонгогджээ.
1974 онд анх удаа цэцэрлэгийн багш нарын дахин шалгаруулалтын нэг сарын семинар сургалт явагдаж багш нар 5 жил тутамд ирж мэргэжил дээшлүүлдэг болов.
"Ясли-цэцэрлэгийн харьяаллын тухай, "Ясли, цэцэрлэгийн барилгын талаар авах зарим арга хэмжээний тухай" 1975 онд тогтоолууд гарч цаашид яслитай цэцэрлэгийн барилга барих ба хүмүүжил сургалтын асуудлыг Боловсролын яам, эрүүл мэндийн асуудлыг Эрүүлийг хамгаалах яам хариуцах, нэг удирдлагатай болгов. (тэр үед нэг байшин хоёр удирдлага байв)
1975 оны 12-р сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс “Цэцэрлэгийн хүүхдийн тоглоом, тоглоомын хэрэглэлийн хангамжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай” тогтоол гарчээ.
1976 онд Сурган Хүмүүжүүлэх Ухааны Хүрээлэнгээс "Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын программ" гэсэн хүмүүжил сургалтыг нэгтгэсэн сургуулийн өмнөх насны монгол хүүхэд дээр хийсэн туршилт судалгаан дээр үндэслэсэн хөтөлбөр гарч улсын хэмжээнд мөрдөгдсөн.
1976 онд анх удаа "Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч ба хүмүүжүүлэгч нарын бие дааж мэргэжил дээшлүүлэх программ " гарч багш нарын гар дээр очив.
1976 оноос 1984 он хүртэл ЗХУ-ын "Сургуулийн өмнөх боловсролын асуудлыг эрхэлдэг эрдэм шинжилгээний хүрээлэн"-ээс эрдэмтэн А. Давидчук, А. Шатова, Л. Парамонова, Тумакова, Богина зэрэг хүмүүс ирж сургуулийн өмнөх сурган сэтгэл судлал, заах аргаас шинэлэг сургалтын технологи зааж, мэдээлэл өгдөг байв.
1979 онд хүүхдийн цэцэрлэгт орос хэл заах хөтөлбөр боловсруулж Ардын боловсролын яамны коллегээр батлуулж Улаанбаатар болон зарим аймгийн цэцэрлэгт орос хэлний хичээлийг бэлтгэл бүлгүүдэд сургалт явуулж эхэлсэн.
1980 оноос эхлэн Улаанбаатар хотод хүүхдийн цэцэрлэгүүдийн дунд хавар хүүхдийн баяраар “Олимпын гараа” багачуудын уран сайхан гимнастикийн тэмцээн уралдаан явуулж Хүүхдийн Төлөө Фондоос шалгарсан цэцэрлэгийн эрхлэгч, багш, хүүхдүүдийг урамшуулж тоглоом мөнгөн шагнал өгдөг байв.
1982 онд “Яслийн хүмүүжил сургалтын хөтөлбөр”-ыг Д. Нонна хамтын бүтээлээр гаргаж улсын хэмжээний яслиудад мөрдөж эхэлсэн.
1983 онд “Монгол улсын боловсролын хууль” гарав. Түүнд сургуулийн өмнөх боловсролын тухай тусгай бүлэг болж оров.
1983 онд анх удаа хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарын 45 хоногийн “Удирдах ажилтан” сэдвээр сургалт явуулж эхэлсэн. Жил бүр 50 эрхлэгчийг авчирч сургалтад нийт 300 гаруй эрхлэгчид хамрагдсан.
1986 онд ясли цэцэрлэгийн хөтөлбөрийг боловсронгуй болгож сургуулийн өмнөх насны монгол хүүхэд дээр хийсэн туршилт судалгааны үндсэн дээр "Сургуулийн өмнөх 0-8 насны хүүхдийн хүмүүжил сургалтын хөтөлбөр" гарч улсын хэмжээний ясли цэцэрлэгт 1991 он хүртэл мөрдөж ирсэн.
"Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын талаар авах арга хэмжээний тухай" 421-р тогтоол 1986 онд гарч хүүхдийн цэцэрлэгийг олшруулах, албан газрын хөрөнгөөр цэцэрлэг байгуулах, хүүхдийн хамралтыг нэмэгдүүлэх, хүүхдийг сургуульд бэлтгэх асуудлыг чанаржуулах, боловсон хүчнийг чанаржуулах, дээд боловсролтой удирдах ажилтныг бэлтгэх зэрэг олон асуудлыг тусгасан билээ.
1986 онд хүүхдийг гэрээр сургуульд бэлтгэх зорилгоор Ардын боловсролын яам, Цэцэрлэгийн багшийн сургуулийн багш нар, Радиогийн хүүхдийн нэвтрүүлгийн ажилтан Эрдэнчулуун хамтран радио хичээл "Цэнхэр самбар" нэвтрүүлгээр 58 хичээл явуулсан.
1988 оноос Болгарын туршлагаар хүүхдийн цэцэрлэгийн дэргэд хагас өдрийн бүлгийг ажиллуулж цэцэрлэгт хамрагдах боломжгүй 7-8 настай хүүхдийг цэцэрлэгийн хүүхдийн унтлагын цагаар хүмүүжил сургалтыг явуулж эхэлсэн. 1988 онд гэхэд 100 цэцэрлэг дээр хагас өдрийн бүлэг (одоогоор цагийн сургалт) нээж цэцэрлэгт хамрагдах боломжгүй 3300 хүүхдийг хамруулсан байв.
1988 онд тусгай сургалттай (харааны гажигтай) цэцэрлэгийн бүлгийг Улаанбаатар хотын 25-р цэцэрлэг дээр хүүхдийн нүдний эмч Монгол Ардын Гавьяат эмч Л. Манлай ажиллаж сургуулийн өмнөх насны хүүхдийн тусгай сургалтын суурийг анх эхлүүлсэн.
1988-1990 онуудад Улаанбаатар хотын өнчин хүүхдийн 58-р цэцэрлэг дээр Афганистаны өнчин 27 хүүхэд, 2 багшийн хамт ирж хүмүүжиж эрүүлжин буцсан. Афганистанаас хүүхдүүдийг очиж авахдаа өнчин хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч Б. Уртнасан, Ц. Тунгалаг, П. Шаандар эмч Эх нялхсын төвийн хүүхдийн эмч Малчинхүүгийн хамт явсан. Хүүхдүүдийг буцааж хүргэж өгөхөд цэцэрлэгийн эрхлэгч Т. Уртнасан, Д. Раяа багш эмч П. Шаандар нар явсан. Афганистаны хүүхдүүд хоёр бүлэг болж хүмүүжил сургалт явуулсан. Нэг бүлэгт Афгани багш Шохнооз 13 хүүхэдтэй монгол багш асрагч нараас Д. Раяа Б. Уртнасан багш, асрагчаар Хүдэрчулуун, Да. Оюунчимэг, Б. Тунгалаг нар, хоёр дахь бүлэгт багш Олло 14 хүүхэд монгол багш нараас Ц. Тунгалаг, Д. Дашдулам туслах багшаар Ариунчимэг, Дуламсүрэн нар ажиллаж байв.
1989 оноос хүүхдийн хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгийн барилгыг өргөтгөж гэр хэлбэрийн байрыг Улаанбаатар хотын 52,62,12,83 зэрэг цэцэрлэгийн дэргэд барьж эхэлсэн ба орон сууцны 1-р давхарт цэцэрлэг байгуулах, шинээр барьж байгаа орон сууцанд цэцэрлэгтэй барих төсөл гарч хэрэгжив.
1989 онд Арменд газар хөдөлж олон барилга байшин нурж сүйдсэн тул Монгол улсаас өөрийн хүч хөрөнгөөр 1 сургууль, 280 хүүхдийн 1 цэцэрлэг бүрэн төхөөрөмжилсөн (цэцэрлэгийн тооцоог хийхэд үндэсний хивс, Д. Сүхбаатарын жаазтай хөрөг,монгол пластилин, диафильм, шагай, дэвжээ, зэрэг үндэсний ваар, баримал, хөөмөл, зэрэг унтлагын өрөөнд хивс, хивсэнцэр, заалын өрөөний чимэглэл зэргийг багтаасан), гадаад бүрэн тохижилттой цэцэрлэгийн зураг загварыг ардын зураач Чүлтэм гуайтай хамт Ш. Гандолгор гаргаж эдгээр төслийг дээд байгууллагад өгч тус оронд туслалцаа үзүүлсэн. .
1989 оноос хот аймгийн Боловсролын хэлтэст хүүхдийн цэцэрлэг хариуцсан байцаагч, арга зүйч хоёр хүний орон тоотой, цэцэрлэгт арга зүйчтэй, яслитай цэцэрлэгт эмчтэй болгосон.
1990 онд "Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын хөтөлбөр " боловсронгуй болгож 4 дахь удаа хэвлэгдэв.
1990 оны 4-р сараас Ардын Боловсролын Яамны цэцэрлэгийн хэлтсийг цомхтгох нэрийдлээр татан буулгаж сургуулийн хэлтэстэй нийлүүлж улсын хэмжээний 900 гаруй цэцэрлэгийг хариуцсан цэцэрлэгийг нэг хүнтэй болгосон. 1940 оноос1990 хүртэл 50 жил ажиллаж байсан цэцэрлэгийн хэлтсийг татан буулгав.
1991 онд “Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын хөтөлбөр” дахин боловсронгуй болгож 5 дахь удаа хэвлэгдэн гарав.
1993 онд хүүхдийн 112-р цэцэрлэгийн эрхлэгч анх удаа хүүхдийн цэцэрлэгүүдээс “Улсын гавьяат багш” цолыг Л. Балжид багш хүртсэн хүн. Өмнө Улаанбаатар хотын 45-р цэцэрлэг, Төв аймгийн Баянцогт сумын Улсын тэргүүний цэцэрлэгийн эрхлэгчээр 28 жил ажилласан.
1995 онд "Сургуулийн өмнөх боловсрол хөтөлбөр" 1995-2005 онуудад сургуулийн өмнөх байгууллагыг хөгжүүлэх, шинэчлэх, бүтцийг боловсронгуй болгох, боловсон хүчний чанаржуулах, хүүхдийн хамралтыг 80 хувьд хүргэх, зэрэг чухал зорилтыг дэвшүүлжээ.
1996 онд Лондонгийн их сургуулийн дэргэдэх боловсролын хүрээлэнгийн нийгмийн ухааны эрдэм шинжилгээний төвийн ажилтан Хелэн Пен монгол улсын “Сургуулийн өмнөх боловсрол” хөтөлбөрийн талаар дүгнэлт өгч зөвлөмж гаргав.
1999 онд “Малчдын хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох сургалтын үлгэрчилсэн зөвлөмж”-нд малчдын хүүхдийг сургуульд бэлтгэхэд зориулан сургуулийн өмнөх боловсрол олгох сургалт хүмүүжлийн агуулга зөвлөмжийг багтаасан номыг Гэгээрлийн яам, Английн хүүхдийг ивээх сантай хамтран гаргасан.
2000 онд “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын үлгэрчилсэн цөм хөтөлбөр”-т Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын системийн тухай дүгнэлт өгсөн ном гарсан.
2001 онд 2005-2010 он хүртэл “Сургуулийн өмнөх боловсрол-2” үндэсний хөтөлбөр гарч сургуулийн өмнөх боловсролын бодлого, зохицуулалт, менежментийн тогтолцоог сайжруулах, сургалтын агуулгын стандарт боловсруулах, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, үйлчилгээг сайжруулах, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох, хамрагдах хүүхдийн тоог 2007 онд 62 хувьд хүргэх, төрийн бус өмчийн цэцэрлэгийг нэмэгдүүлэх, сургалтын орчны стандартыг нэмэгдүүлэх зэрэг зорилт тавьжээ.
2003 онд “Сургуулийн өмнөх боловсролын стандарт”-ыг БСШУ Яам гаргав.
2005 онд “Сургуулийн өмнөх боловсролын киррикюлим”-ыг БСШУЯам ЮНЕСКО –гоос гаргав.

2008 онд “Сургуулийн өмнөх боловсролын тухай” Монгол улсын хууль гарав. 
Д.Нонна