2011-10-11

Ураг төрлөө нэрлэх ёс


(Аав, ээжүүд ураг төрлөө зөв нэрлэж дуудвал таны хүүхдүүд ч бага наснаасаа энэ бүхнийг мэддэг ойлгодог хэрэглэдэг болно. Иймээс эцэг эхчүүддээ уншуулахаар 1988 оны Сурган хүмүүжүүлэх сэтгүүлийн ӨВ булангаас МУИС-ийн багш Х.Нямбуу, Б.Сарантуяа нарын бичсэн Хүний эш үндсийн тухай нийтлэлийг хуулбарлаж орууллаа.  ) 

Монголын түүхийн эртний сурвалж бичиг “Шар тууж”-д “Ер хүн уг язгуураа эс мэдвээс ойд төөрсөн мичтэй адил” гэж дурдсан нь монголчууд ураг удам, овог төрлөө мэддэг байхыг ихэд эрхэмлэж байсны тод баримт юм. Монгол хүн бүр уг үндэс, ураг төрлөө сайтар мэдэж, үр залгамждаа учир түүхийг нь зөв ухааруулдаг уламжлалтай. Тиймээс ч монголч эрдэмтэд монголчуудын ураг удам эш үндсийн тухай мэдлэгийг ихэд үнэлдэг билээ.

Ах дүүгийн холбоотой, алаг бөөрийн сүлбээтэй”, “алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий”, “халуун махны тасархай, хавтгай ясны хэлтэрхий” гэж ураг удам, овог төрлөө хэзээнээс нааш мэдэж, хэлэлцсээр ирсэн монгол түмний маань хэлэнд, дэлхийн олон үндэстний хэлэнд-хүний эшийн холбогдолтой нэр томьёог ерөнхийд нь тоймолж хэлснийг нь маш нарийн ялгаж нэрлэсэн нь өдий төдий бий. Монгол хэлэнд ураг удам, овог төрлийн холбогдолтой нэр томьёо нь “Хүний эш” гэдэгт ерөнхийдөө багтдаг. Үүнийг түүхийн олон тулгар сурвалж бичиг, дээр үеийн толь бичиг, тайлбар толь, хууль цаазны бичиг тэргүүтнээс олж үзэж болох юм.

Хүн бүр аав, ээж, ах, дүү, эгч гэхээс өөр үг бараг үл хэлж, заримдаа бүр хэл сураагүй хүн мэт этгээд зүйл өгүүлэх нь элбэг байдаг. Жишээлбэл: аав ээжийнхээ төрлийг “Манай аавын хамаатан, манай ээжийн садан” гэхээс өөрөөр хэлэхээ байжээ.

Манай ардын заншлаар хүний ураг нь ясан төрөл, махан төрөл, цусан төрөл гэж ялгагддаг бөгөөд ясан төрөл нь аавын төрөл, махан төрөл нь ээжийн төрөл, цусан төрөл нь үр хүүхэд юм. Ясан төрөл нь нэн дээрээс удамшилтай, эцгийн удам хэмээн үздэг.

Тэгээд ч удмаа тоолохдоо гарынхаа нугарах үеийг дагуулан дээш дооших үеэ тодорхойлдог байна. Ингэхэд тоологч хүн өөрийнхөө биеийг эхлэл (тэг) болгоод мөр суганы үеийг аав, тохойн үеийг өвөг аав, бугуйн үеийг өндөр өвөг, алганы үеийг элэнц эцэг, хурууны дунд үеийг хуланц эцэг, хурууны өндөгний үеийг элэн, хурууны үзүүрийг хулан хэмээгээд хумируулдаг.

Ийнхүү дээшээгээ долоон үе тоолохын зэрэгцээгээр доошоогоо үр хүүхдийнхээ үеийг бас тодорхойлдог. Үүнд: сугыг хүү гэх тохойг ач, бугуйг жич, алганы үеийг гуч, хурууны дунд үеийг дөч, өндөгний үеийг тач, хурууны үзүүр төгсгөлийг жилийх талийх гээд жилийн оддог байна.

Эхийн талын үеийг бас эх, эмэг эх, өндөр эмэг, элэнц эх, хуланц эх гэх мэтээр тоолно. Аавын төрлийг авга (ах, эгч, дүү), ээжийн төрлийг нагац (ах, эгч, дүү) гэнэ.
Мөн өөрийн төрсөн төрлийг том (их, ууган), дунд, бага (отгон), ах эгч дүү гэхийн зэрэгцээгээр үеийн төрлөөс аавын ах буюу эрэгтэй дүүгийн хүүхдийг үеэл, түүний хүүг хаяал, гэж нэрлэн, өөрөөс нас ахжаар бол үеэл ах, эгч, бүл ах эгч,үеэл бүл дүү гэж хэлдэг. Түүнээс бус “манай аавын дүүгийн хүүхэд, миний дүү болох хүү” гэж ярих нь тайлбар үг мэт болно.

Айлын хүргэн бэр нь төрлөө “хадам” гэж дуудахын дээр хоёр талын хадам нь бие биенээ “худ ураг”, “худ худгуй” гэдэг. Нэг айлын хүргэнүүд биесээ “баз” гэх ба бэргэнүүд “авьсан”, ажингэнэ. Хүний эш удмын нэг чухал зүйл нь овог аймаг, ясны нэр юм. Монголчууд эртнээс нааш улс, аймаг, яс овгоо дуудалцан танилцаж, түүх шастирт тэмдэглэсээр ирсэн. Монгол улсын хүн ам 20-иод ястан болохын дээр 2000 гаруй овог ясны нэр тэмдэглэгдсэн байдаг. Жишээлбэл: “халх” гэхэд дотроо 12 том яс, 400 овог болдог. Буриад гэхэд л хорь 11, ага 8, булгад 7, эхирид 8 овог байна. Монгол олон ястан нь овгийн нэрийг харилцан өөрөөр нэрлэх нь бий. Үүнд нийт овгоор яс овог гэж байхад баруун монголд “элхэн”, баргад “хал” гэлцдэг. Энэхүү овог нь дотроо овог, тээхэн, миен болдог. “”

Хүний эш удмын олон нэр томьёо монгол хэлэнд байхаас гадна ураг төрлөө авгайлж дууддаг авгайлах үг бас байдаг. Жишээлбэл:
  • ааваа (аав, ажаа, баавай)
  • ахыгаа (амбаа, анидаа, бандихай)
  • ээжээ (ээж, мөөм, аажий, ижий)
  • эгчээ (адиа, аниа, ажаа)
  • өвөг аавыгаа (өвөө, буурал аав, абудай)
  • эмэг эхийгээ (эмээ, эмээ ээж, эмгээ, буурал ээж) гэдэг


Мөн нэрийг нь цээрлэн “Лу авгай” гэх буюу нэрээр нь хэлэх бол нэрэн дээр нь “гуай” нэмж “Дорж гуай” гэнэ. Нэрийг мэдэхгүй бол “хүн гуай, ах гуай. эгч гуай, ах минь, эгч минь” гэж авгайлна. Дүү хүнд бол “дүү минь”, “миний хүү” гэж хэлдэг. Харин “дүү хүү”, “ах хүү”, “өвгөн гуай” гэдэг нь тийм ч хүндтэй бус үг юм. Хүнийг мэргэжил алдраар нь хүндлэн дууддаг ёс бий. Жишээлбэл Да багш, Лу профессор, Доо дарга, Дугар сайд, Цэрэн инженер, Долгор эмч, гавьяат Лувсан, зохиолч Бат, дуучин Дулмаа гэх мэт.

Хүний эшийн үндсэн нэр томьёоны товч толь

Аав – даруй эцэг хэмээх үг. Үр хүүхэд нь эцгээ энхрийлэн дуудах нэр юм. Эцэг гэдэг нь албаны зүйл мэтэд ихэвчлэн хэрэглэдэг нэр.
Өвөг аав – (өвөг эцэг, өвөө) авгайлах үг (буурал аав) аавын аав.
Нагац аав – Нагац эцэг хэмээх үг. Эхийн эцгийг энхрийлэн хүндэтгэж ярианд нагац аав гэж хэрэглэдэг.
Өндөр өвөг – өвөг аавын эцэг.
Элэнц эцэг – өндөр өвгийн эцэг.
Хуланц эцэг – элэнц эцгийн эцэг.
Элэн – хуланц эцгийн эцэг.
Хулан – элэнгийн эцэг.
Ээж ижий – даруй эх хэмээх үг. Үр хүүхэд нь эхээ энхрийлэн дуудах нэр. Эх гэдэг нь албаны зүйл мэтэд ихэвчлэн хэрэглэдэг. Ярианы хэлэнд дотночлон хэлэхдээ ижий гэнэ.
Эмэг ээж – ээжийн ээж (эмэг эх, эмээ) авгайлах үг (буурал эмээ).
Өндөр эмээ – эмэг ээжийн эх.
Элэнц эх – өндөр эмээгийн эх.
Хуланц эх – элэнц эхийн эх.
Төрөл – нэг овгийг төрөл гэнэ.
Хүй – даруй төрөл хэмээх үг. Төрөл хүй гэж холбон хэлэлцдэг.
Удам – нэг овгийн хүмүүсийг удам гэдэг.
Угсаа – нэг салаагаас төрсөн хүүхэд ачинцрыг нэг угсаа гэнэ.
Аглаг – төрлийн үе сунжирч холдсоныг аглаг гэдэг.
Аглаг салбар – үе сунжирсан төрлийн салаа салбар, төрлийн үе сунжирч холдсон салаа.
Аглаг төрөл – үе сунжирсан төрөл, үе холдсон төрөл.
Ууган (ахмад, том) хүү, охин – анхны хүү, охин, хамгийн том хүү, охин.
Отгон (бага) хүү, охин – хамгийн бага хүү, охин.
Ач – хүүгээс төрсөн хүү, охин.
Ач дүү – ах, эрэгтэй дүүгийн хүүхэд.
Зээ – охиноос төрсөн хүү, охин.
Зээ дүү – эгч буюу охин дүүгийн хүүхэд.
Зээнцэр – зээгийн хүүхэд.
Ачинцэр – ач дүүгийн хүүхэд.
Жичинцэр – ачинцрын хүүхэд.
Жич – ач хүүгийн хүүхэд.
Гуч – жичийн хүүхэд.
Дөч – гучийн хүүхэд.
Тач – дөчийн хүүхэд.
Жилийх – тачийн хүүхэд.
Талийх – жилийхийн хүүхэд.
Нагац (ах, эгч, дүү) – ээжийн ах, эгч, дүү.
Авга (ах, эгч, дүү) – аавын ах,эгч дүү.
Хадам аав, ээж – нөхөр (эхнэрийн)-ийн аав, ээж.
Хадам ах,эгч, дүү – нөхөр (эхнэрийн)-ийн ах,эгч, дүү.
Хүргэн – охин буюу дүүгийн нөхрийг хүргэн гэдэг.
Хүр ах – эгчийн нөхөр.
Хүр дүү – дүүгийн нөхөр.
Бэр (бэргэн) хүү, дүүгийн эхнэрийг бэр гэдэг.
Бэргэн (бэр эгч) – ахын эхнэрийг бэргэн гэдэг.
Баз – эгч, дүү хоёрын нөхөр бие биеэ баз хэмээн дууддаг.
Авьсан – нэг айлын ахмад бэрийг дүүмэд нь авьсан гэдэг.
Ажин – дүүмэд бэр нь ахмад бэрийг ажин гэдэг.
Бөл – эгч, охин дүү хоёрын хүүхдүүд хоорондоо бөл болно.
Бөлөнцэр – хоёр бөлөөс төрсөн хүүхдүүд бөлөнцөр болдог.
Үеэл (үеэлэд) ах, дүүгийн хүүхэд хоорондоо үеэл болдог.
Хаяал (хаяалад) үеэлийн хүүхэд.
Үенцэр – хаяалын хүүхдийг үенцэр гэдэг.
Худ ураг (худ худгай) хоёр талын хадмууд бие биеэ ингэж дууддаг.


Post a Comment