2012-10-17

УЛААН МАЛГАЙТ үлгэр


Багачууддаа уншиж өгөөрэй,   3-4 нас
Ш.Перро 


Эрт урьдын цагт нэгэн тосгонд дэлхий дээр байхгүй хөөрхөн бяцхан охин суудаг байжээ. Эх нь түүндээ ухаангүй хайртай байхад эмэг эх нь бүр илүү хайртай байжээ.
Ая охиныхоо төрсөн өдрийн нь ойд зориулж, эмэг эх нь улаан малгай бэлэглэж өгчээ.
Түүнээс хойш охин, хаашаа юунд ч явсан өнөө гоё улаан малгайгаа өмсөж явдаг болсонд, айлынх нь хүмүүс:
Улаан малгайт маань л ирж байна гэж ярилцдаг байв. Эх нь нэг өдөр амттай хуушуур хийгээд охиндоо:
-Улаан малгайт аа! Чи эмэг ээждээ энэ хуушуур, савтай тос хоёрыг аваачиж өгөөд бие нь ямар шүү байгааг мэдээд ир! гэж хэлэв.
Улаан малгайт юмаа аваад эмэг эх дээрээ очихоор өөр тосгон уруу явжээ. Охиныг ой модоор явж байтал нь замд нь нэг саарал чоно тохиолджээ.
Чоно, Улаан малгайтныг идэх гэж хүссэн боловч модчин гийн мод цавчих сүхний дуу ойрхон дуугараад байхаар зориг нь хүрсэнгүй. Улаан Малгайтад ойртов.
Улаан малгайт чонотой дайралдах нь аюултай гэдгийг огтхон ч мэдэхгүй учир чонотой мэндлээд:
-Эмэг эхдээ энэ хуушуур, тос аваачиж өгөх гэж явна гэв.
-Чиний эмэг эх чинь хол байдаг уу? гэж чоно асуув.
-Нэлээд зайтай, тэр харагдаж байгаа тосгонд, тээрмийн цаана, тосгоны захын нэгдүгээр байшин гэж Улаан Малгайт хариулав.
-Тэгвэл би ч гэсэн эмэг эхийг чинь үзэхийг хүсэж байна. Би энэ замаар явъя, чи тэр замаар яв, хэн нь түрүүлж хүрэхээ үзье гэж чоно хэлэв. Чоно өөрийнхөө дөт гэсэн замаараа гүйв. Харин Улаан малгайт охин хамгийн тойруу замаар зам зуур зогсож цэцгийн баглаа хийхээр цэцэг зулгаасаар яаралгүй явав. Охиныг тээрэм ч хүрч амжаагүй явахад чоно хэдийн эмэг эхийн нь байшинд хүрч үүдийг нь тог тог хийтэл тогшив.
-Хэн бэ? гэж Улаан малгайтын эмэг эх асуухад
-Би байна таны охин Улаан малгайт, танд хуушуур, тос авч айлчилж ирлээ гэж чоно нарийн дуугаар хариулав.
Энэ үед тэр хөгшин өвчтэй, орондоо хэвтэж байжээ. Тэгээд үнэхээр Улаан малгайт ирлээ гэж бодоод:
-Охин минь наад олсноосоо тат тэгэхээр л үүд чинь онгойно гэж хашхирав. Чоно олсноос дугтармагц хаалга нь онгойв. Гурван өдөр юу ч идээгүй өлсгөлөн чоно хөгшин тийш үсэрч, хүүе гэхийн зав өгөлгүйгээр түүнийг залгичхав.
Тэгээд үүдийг нь хааж, хөөрхий хөгшний орон дотор хэвтээд, Улаан малгайтыг хүлээж байв. Охин удсан ч үгүй хүрч ирээд үүдийг нь тог тог тогшив.
-Хэн бэ? гэж чонын асуухад, чонын дуу бүдүүн яхир сонсогдов. Улаан малгайт их л айснаа, эмэг ээж минь магад салхинд цохиулж, хоолой нь сөөсөн байхдаа гэж бодоод:
-Би байна, охин чинь танд хуушуур, тос авчирлаа гэж хэлэв. Чоно ханиалгаж байгаад нарийн дуугаар:
-Охин минь наад олсноосоо тат, тэгэхэд л үүд чинь онгойно гэв.
Улаан малгайт олсноос нь татмагц онгойв. Охиныг байшинд ороход чоно хөнжил доогуур нуугдаж:
-Охин минь хуушуураа ширээн дээр, тосоо тавиур дээр тавьчхаарай, тэгээд өөрөө миний хажуугаар хэвт, хөөрхий чи минь их л ядраа биз гэв. Улаан малгайт, чонын хажуугаар орж хэвтээд
-Хөгшин ээжээ, яагаад гар чинь ийм том байгаа юм бэ? гэж асуухад:
-Чамайг чанга тэврэх гэж ийм болсон юм охин минь гэв.
-Хөгшин ээжээ, ямар учраас чих чинь ийм том байгаа юм бэ? гэхэд
-Юм сайн сонсох гэж тийм том байгаа юм охин минь гэв.
-Хөгшин ээжээ, нүд чинь яагаад ийм том байгаа юм бэ? гэхэд
-Юм сайн харах гэж тийм байгаа юм охин минь гэв.
-Хөгшин ээжээ, яагаад шүд чинь ийм том байгаа юм бэ? гэхэд
-Аа энэ бол чамайг түргэн идэхийн тулд ийм том болсон юм охин минь гээд Улаан малгайтыг хай! Гэхийн завгүй муу гайхал чоно гутал малгайтай нь залгичхав.
Харин аз болж, энэ үед байшингийн хажуугаар сүхээ мөрөн дээрээ тавьсан түлээчид явж байгаад, байшинд их чимээ гарахыг сонсоод орж нөгөө чоныг алж гэдсийг нь хага яртал Улаан малгайт, дараа нь эмэг эх нь гарч ирэв. Тэгээд хөөрхий хөгшин эх, ач охинтойгоо ямар ч аюул гэмтэлгүй эсэн мэнд уулзав.

Post a Comment