2014-09-16

Хүүхдийн цэцэрлэгийн түүхийн нэгэн хэсэг.

Энэ сонирхолтой зургийн тухай Д.Нонна, Монгол улсад сургуулийн өмнөх  боловсрол хөгжиж ирсэн түүх( 1921-2000 ) номоос иш татаж оруулж ирлээ.

Улаанбаатар хотын 1-р цэцэрлэгийн хүүхдүүд Богд хааны ордны хашаанд хойт талын 3 байшинд зусж байгаа нь 1943 он. 
Одоо Богд хааны зуны ордны музейд байгаа хувилбар 2014 он.
Үүнд: ... Зохиолч Чойжилийн Чимидийн дурдатгалд: " 1933 оны зун Базарсадын Кармагуай (Пунцагнорвын ээж) Эрдэнчимэг бид хоёрыг хөтлөн хааны ордонд зусаж байсан Сүхбаатарын нэрэмжит цэцэрлэгт аваачиж оруулав. Хааны ордны давхар хашаанд гурван хэсэг байранд манай цэцэрлэг байрлаж байсан. Одоо тэр гурван байранд музей байгаа. Биднийг байрлаж байхад одоогийн музейн үзмэр болсон хааны жууз тэрэг, зарим эд хогшил, зураг хөрөг дэл сул хэвтэж л байсан юм. Тэр цэцэрлэгт Кармагуай манай ээж хоёрын хэн завтай нь Эрдэнчимэг бид хоёрыг хүргэж өгдөг,орой нь угтаж авдаг байлаа. Хүүхэд төдий олон байгаагүй. Бодвол зуу орчим байсан болов уу. Тэр үеийн хүүхдүүдээс сэтгүүлч Э. Түмэнжаргал, Дэсээжалбуу нарыг л би лав таньж байна. Бидний байсан цэцэрлэг одоогийнхоос онцын ялгаагүй. Цагийн хуваарь адилхан. Багш хүмүүжүүлэгч нар нь харин туршлага нимгэн байсан байж болзошгүй. Гэвч тэр үед бид тийм юм мэдэх биш анхаарах ч биш. Орой цэцэрлэгээс тараад гэртээ ирэхдээ бүхэл бүтэн өдрийн сонин гэж барагдахгүй яриатай ирнэ. Цэвэгжав багш тэр сониныг яриулах их дуртай. Дараа нь өөрөө элдвийн сонин юм ярьж өгнө. Би түрүүн дурсаад өнгөрсөн Робинзон Крузогийн түүхийг Эрдэнчимэг бид хоёрт хэдэн удаа хэсэг хэсгээр нь цувуулан ярьж өгсөн юм. Би санаж байна. Нэг орой тэднийд ороход ширээн дээр хөх хавтастай зузаавтар ном байсан. Олон зурагтай. Тэр зургуудыг үзэхэд урьд өмнө бараа гий нь хараагүй усан онгоц, мод хадтай газар, шовгор малгайтай, арьсан хүрэмтэй өвгөн, хар арьстай хүн зэрэг сонин зураг их харагдаж байв. Хүүхэд бид тэр зурагтай номыг ихэд шохоорхон үзэж байгааг Цэвэгжав багш мэдээд,зургийн нь тайлбарлах журмаар зохиолын үйл явдлаас ярьж өгдөг байв. Маргааш нь би цэцэрлэгтээ очоод хамт байдаг нөхдөдөө уул зохиолоос юу тогтоосноо ярьж өгнө. Тэгээд орой болгон Цэвэгжав багш тэр номыг дуустал зохиолын үйл явдлаас ярих би тэрнийг тогтоож аваад маргааш нь цэцэрлэгтээ очоод нөхдөдөө ярьдаг байв. Мартсан хэсэг байвал санаанаасаа зохиож Робинзон баасан хоёрын тулалдсан дээрэмчдийн тоо цөөн санагдвал "шороо шиг олон", " нүгэлтэй олон" болгоод ярьдаг байв. Ингэж Цэвэгжав багшийн нэг хоёр хүүхдэд ярьсан зүйл цаашаагаа нэг хэсэг хүүхдийн хүртээл болдог байв. Тэр бүхний дунд нэгэн хэлхээ нь болж явснаа би бас бахархан санах билээ. Тэгтэл намар болж Сүхбаатарын цэцэрлэг хот руу, өвлийнхөө байранд нүүх болов. Эрдэнэчимэг бид хоёр гэр хол тул цэцэрлэгээс гарлаа. Цэвэгжав багшийнд бүр өдрийг өнгөрөөж үе үе яриа гий нь чагнах бөгөөд тэр бүхнийг цуг тоглодог хүүхдүүд гэр орныхон тэр ч байтугай намын сургуулийн зарим сурагчдад хүртэл дам ярьж гайхуулдаг байлаа. Тэгэхдээ яг Цэвэгжав багшийн ярьснаар тэр болгоныг тогтоохгүй эвлүүлж хэлж чадахгүй байсан нь юмыг өсгөн буюу хувирган бодох, зохион сэтгэхийн анхны дасгал болж өгсөн болов уу гэж бодох бүлгээ. " гэж өөрийн дурдатгалд тэмдэглэжээ.
Post a Comment