2015-09-30

Сургуулийн өмнөх насны боловсрол


МОНГОЛ УЛСЫН СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ БОЛОВСРОЛ  
СУДЛАЛЫН ЗАРИМ АСУУДАЛД
(1921-1960)

Д.Нонна(1),  Да.Эрдэнэбат(2)

Монгол улсын Засгийн газраас сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол, хүмүүжлийн асуудалд анхаарал хандуулсны үр дүнд 1924 онд Алтанбулагт, 1925 оноос Улаанбаатар хотод анх цэцэрлэг байгуулж, 30 гаруй хүүхэд, 4 багштайгаар үйл ажиллагаа эхлүүлсэн түүхтэй. Гэтэл тогтмол хэвлэлийн мэдээнд, 1923 оны 4 дүгээр сарын 8-нд(3) нийслэл Хүрээнд Крупскагийн нэрэмжит хүүхдийн цэцэрлэг анх нээгджээ гэж дурдагдсан байгаа нь Шинэ Монголын шинэхэн түүхийн нэгэн олзуурхууштай баримт болно. Урьд нь нялх үрсэд зөвхөн гэр бүлийн хэмжээнд хүмүүжил олгож байсан явдлыг өөрчилж, хот, хөдөөгүй боловсон маягийн ясли, цэцэрлэгийн тоо олширч иржээ.
Харин хөдөөд 1929 онд анхны цэцэрлэг (Баянхонгор аймагт) байгуулагдаж байсан гэх баримт байх бөгөөд 1931 онд Хэнтийн Өндөрхаан, Төвийн Тариалан, Дорнодын Баянтүмэн, Хөвсгөлийн Хатгал, Газар тариалангийн Алтанбулаг, Архангайн Цэцэрлэг, Завханы Улиастай, Ховдын төв, Өвөрхангайн төвийн Ламын гэгээний хийд, Улаанбаатарт хоёрын зэрэг газарт хүүхдийн цэцэрлэг шинээр нэмж байгуулжээ(4).
Хүүхдийн цэцэрлэгийн үүсэл гарлын тухай товчхон өгүүлэхэд, Европт XVII зуунаас эхлэн хүүхдийн хүмүүжлийн тухай бүтээл гарч, бага насны хүүхдийн сургууль байгуулагдаж, хүүхдийн цэцэрлэг гэсэн нэр бий бол, анхны цэцэрлэг байгуулагдаж байжээ. Тухайлбал, Чехийн сурган хүмүүжүүлэгч Коменский Ян Амосын (1592-1670) “Ээжийн сургууль” гэсэн бүтээл хэвлэгдэж, Польш, Англи, Швед, Унгар зэрэг орнуудад хэрэглэгдэж байсан бол, Английн дэвшилт үзэлтэн Оуэн Роберт (1771-1858) хүүхдийн хүмүүжлийн асуудалд онцгой анхаарч, 1802 онд Нью-Лакарке хотод бага насны хүүхдийн сургууль байгуулж (1-5 насны хүүхдийн сургууль), 1837 онд Германы сурган хүмүүжүүлэгч Ф.Фребель “Хүүхдийн цэцэрлэг” гэсэн алдрыг бий болгож, анхны цэцэрлэг байгуулсан төдийгүй “Сургуулийн өмнөх сурган”-ыг бие даасан шинжлэх ухаан гэдгийг баталжээ. Түүнчлэн Оросод 1866 оноос хувийн цэцэрлэг байгуулагдаж, Аделиада Симонович (1840-1933) нөхөр Я.И.Симоновичийн хамтаар Петербургад анх удаа сургуулийн өмнөх сурган хүмүүжүүлэхийн хэвлэл болох “Детский сад” гэсэн нэртэй сэтгүүл хэвлүүлж байсан бол, Бельгийн сурган хүмүүжүүлэгч Декроли Овид (1871-1932) 1907 онд бага насны хүүхдийг хөгжүүлэх сургууль байгуулж байжээ(5).  
Үүнээс үзэхэд сургуулийн өмнөх боловсролын сургалтын суурь дэвсгэр Европт тэрлэн бий болж, бие даасан шинжлэх ухаан болох үйл явц XVII зуунаас эхлэн боловсорч иржээ.
Үндэсний ардчилсан хувьсгалын дараахнаас Монгол Улсад эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүргийг тодорхойлох болж, тэдгээрийг тусгайлан сурган боловсруулах хөгжүүлэх, эмэгтэйчүүдийг аж үйлдвэр нийгмийн тустай хөдөлмөрт татан оролцуулах нөхцөлийг бий болгох, бага насны хүүхдийг нийгмийн хүмүүжилд хамруулахад эмэгтэйчүүдийг дайчлах талаар төрөөс санаачлагчид гарч, бага насны хүүхдийг хүмүүжүүлж сургах боловсрол олгох талаар эрэл хайгуул хийж, хаана яаж хүүхдийн байгууллагыг байгуулах, ямар хөрөнгөөр ямар зорилготой байгуулах талаар төрийн их, бага хурлаар хэлэлцүүлж тогтоол шийдвэр, гарын авлага гаргах болсон юм.
Намын II их хурлаар “Эрмэлзэх арван зүйл”-ийн хоёрдугаарт, “Монголын ард түмэн энх төвшин агаад боловсон олон улсын соёл эрдмийг хүртэж урагш давших эсэх нь монгол үндэстэн өөртөө эзэрхэн нэгэн гэр улс байгуулж, өөрөө засахад буй” хэмээсэн бол есдүгээрт,  “Ард түмний бага нас, их нас ялгахгүй монгол үсэг, бичиг ба бусад олон зүйлийн тусгай эрдэмд боловсруулан нийтээр эрдэм нээгдсүгэй”(6) гэж зааснаас үзвэл сургуулийн өмнөх боловсролын асуудлыг судалж, нэвтрүүлэх арга замыг эрэлхийлж байсны гэрч болно. Тэрчлэн МАХН-ын III их хурлын Гэгээрлийн яаманд зориулан гаргасан тогтоолын аравдугаар зүйлд, “Манай Монгол бол аливаа гадаадын боловсон улсын эрдэмд боловсруулах нь нэн чухал тул манай улсаас тухайлан тусгай боловсронгуй хүмүүсийг илгээж, мөнхүү гадаад боловсорсон улсын сургуулийн байдал төлөвийг таниулан ирүүлж, Монголын байдалд нийцүүлэн үлгэр болгож, улмаар боловсроход дөхөм тустай болговол ямар гэснийг хэлэлцээд, гадаадын боловсронгуй байдлыг дагаж мөрдөн явах нь нэн зүйтэй ”(7) гэсэн нь өрнөдийн боловсролын байгууллагын туршлагаас суралцах, судлуулах, нэвтрүүлэх талаар тодорхой алхам хийж эхэлсний илрэл байв. Бүсгүйчүүдийн тасгийн зорилгыг, “Бүсгүйчүүдийн дотор суртлыг дэлгэрүүлэх, даруй бичиг үсэгт сургах, Улаанбаатар хотод бүсгүйчүүдийн түр хугацааны сургууль байгуулж, хөдөө зэрэг газарт хэргийг хөдөлгөж чадах хүмүүсийг бэлтгэх” гэж тодорхойлжээ.
БНМАУ-ын анхдугаар  их хуралд, Гэгээрлийн яамны сайд О.Жамьян илтгэхдээ, “Балчир хүүхдийг сурган хүмүүжүүлэх цэнгэлдэх байгуулах, хэрхэн бага балчруудыг асрамжлан хүмүүжүүлж өсгөх тухай дэвтэр зүйлийг зохиох, хэвлэх ба Нийслэл Хүрээ мэт газрын хүүхдийг хуралдуулан цэнгэлдүүлж удирдан боловсруулснаар сургуулийн насанд хүргэх аргыг сүвэгчлэнэ”(8) гэж дурдсанаас үзвэл, хүүхэд саатуулах газар, хүүхдийн цэцэрлэгийг байгуулах, балчир насанд нь нийгмийн хүмүүжил олгох, гарын авлагатай болгох, сургуульд бэлтгэх зэрэг асуудлыг хөндсөн нь сургуулийн өмнөх насны боловсролын түүхэнд чухал ач холбогдолтой саналыг дэвшүүлсэн явдал болсон юм.
Ардын гэгээрлийн яамны сайд Эрдэнэбат (1924-1929) сургууль боловсрол соёл эрдмийг хүн бүр эрхлэн сурах тухай ухуулах бичигтээ, “Сурган хүмүүжүүлэх дөрвөн зүйлийн ерийн сургууль байвал зохих гээд, 1.Нялх хүүхдийн эхийн сургууль, 2.Долоон наснаас дээш, 13 наснаас доош ардын бага сургууль” гэх мэтээр ангилж, эхийн сургуульд хүүхдийн сэтгэл санааг, биеийн тамирыг сайжруулан хүмүүжүүлэхийг гол”(9) болгож байснаас үзэхэд хүүхдийг багаас нь хөгжүүлж хүмүүжүүлэх асуудлыг тавихдаа эхийн сургуулийг боловсролын системийн нэг хэсэг гэж тодорхойлжээ.
МАХН-ын III бүгд хурлын (1927) тогтоолын “Суртлын тухай” хэсэгт, “Клуб, улаан булангийн тоо олширч буй учир эмэгтэйчүүдийн салбар байгуулах, тэдгээрийг зохион байгуулагчаар тавих, нүүдлийн байдалд тохируулан тусгай гэгээрлийн гэр зэргийн боловсролын газруудыг байгуулан турших”-аар болсон нь эдгээр байгууллага нь аажмаар бага насны хүүхдийг хамруулж хүмүүжил олгох сургах үйл ажиллагаагаа эхлэх суурь дэвсгэр болж өгчээ. Мөн онд тухайн үед байгуулагдсан зургаан аймгийн яамдын дэргэд Ардыг гэгээрүүлэх хэлтэс байгуулагдаж байсан тул бага насны хүүхдийг сургуульд татан оруулахад урьдчилан гэр орноор нь бэлтгэл хийлгүүлдэг, ардууд аль идэвх зүтгэлтэй суралцах дөртэй хүүхдийг лам болгохоор хүрээ хийд рүү зүглүүлдэг, бүрэг доройг нь сургуульд суулгадаг байсан тул төрөөс сургуульд аль болох сэргэлэн, сурах авьяастай хүүхдийг оруулж байхыг зааснаас үзэхэд, эцэг эхчүүд хүүхдээ гэрийн сургалт анд хамруулж хөгжүүлэх сэргэлэн ухаантай, хэл яриа сайн хөгжсөн, бэлтгэл сайтай байхад нь анхаардаг байжээ.
БНМАУ-ын V  их хурлаас гаргасан тогтоолын 169-р зүйлд (1928), “Сургуулийн насанд хүрээгүй хүүхдийг гэрийн газар сурган үүрдийн хэв суртал болгох явдлыг хэрхэн чанартайгаар явуулах тухай заавар гаргаж шаардан бүртгэх зэргээр маш чухалчлан гүйцэтгэвэл зохино” гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор хөдөө орон нутагт гэрийн багш  нар илгээж, хүүхдийг бага наснаас нь бичиг үсэгт сургах, тоо бодлогын анхны мэдэгдэхүүн өгөх зэргээр ажиллаж байв. Мөн оны 10 дугаар сарын 23-нд хуралдсан МАХН-ын VII их хурлын тогтоолын 93-р зүйлд, “Эх нялхасыг асран хамгаалах ажилд эмэгтэйчүүдийг гадаад дотоодод явуулан боловсруулахыг хичээхийн дээр мөнхүү эх нялхасыг хамгаалах тасгийн хэрэгт нам ба улсаас онцгойлон туслалцуулах болговол зохино” гэж заасан нь бага насны хүүхэдтэй ажиллах, тэднийг асрах хүмүүжүүлэхэд зайлшгүй мэргэжлийн боловсон хүчин шаардлагатайг харуулж буй бөгөөд мөн тогтоолын 95-р зүйлд, “Эцэг эхгүй өнчин ядуу хүүхдийг асран хамгаалж боловсон байдлаар хүмүүжүүлэх явдлыг чухалчилж, ялангуяа харанхуй эндүүрлийн харгаагаар зарим этгээд нялх үр хүүхдийг хөсөрдүүлэн хүрдэнд тавих зэргийн муу гэмийг эсэргүүцэж устгах явдлыг эмэгтэйчүүдийн хэлтсээс чухалчилж тусгай нялхас өнчдийг тэтгэн хүмүүжүүлэх газар байгуулах аргыг эрэлхийлбэл зохино” хэмээсэн нь тухайн нийгэмд бага насны хүүхдийг асран хүмүүжүүлэх асуудал нь хүн ам цөөнтэй манайх шиг оронд ихээхэн чухал асуудал болон тавигдаж байв.
Бид Монгол оронд сургуулийн өмнөх насны боловсролын асуудлыг шийдвэрлэхээр төр, засгаас авч явуулж байсан бодлогын талаар цухас дурдсан хэдий ч эл удаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг бий болгоход нэн тэргүүнд шаардлагатай гарын авлагын тухайд тогтож өгүүлэхээр зорив. Бага насны хүүхдийг нийгмийн хүмүүжилд татан оролцуулах, хүүхдийн цэцэрлэг байгуулах талаар ухуулгын ажил хийгдэж байснаас юуны түрүүнд Орос болон бусад улсын туршлагаас мэдээ материалыг хөрвүүлэн ашиглах замаар сургалт, судалгааны шинжтэй ажлууд хийгдэж байв. Тухайлбал, Оросын нэрт сурган хүмүүжүүлэгч Т.Н.Алексеевнагийн(10) бүтээлээс Монгол улсын 1920-30-аад оны шилдэг сэхээтний нэгэн болох Б.Ишдорж багш хөрвүүлэн “Сургуулийн наснаа хүрээгүй багачуудыг боловсруулах хэмээх юу вэ?” нэртэйгээр 1929 онд хэвлүүлсэн нь (3000 хувь) тухайн үедээ багш нарт чухал гарын авлага болсон юм.
 Нэгдүгээрт, Тус номын бүлэг бүрт тусгасан байдлыг  харгалзан товч байдлаар өгүүлье.  “Бүх дэлхий дахинаа” бүлэгт, “Цэцэрлэгийн ариун цэвэр, цагаан хормогчтой, тус тусдаа ширээ сандалтай, тоглоомын булантай, тоглоом наадгайгаар хүүхдүүд яаж тоглох талаар бичжээ. Итали, Швейцар, Шотланд, Япон (цав цагаан байшинд) цэцэрлэг байгуулж, Берлин, Америкийн цэцэрлэгийн дэргэд (усны амьтныг танилцуулах цөөрөм байгуулж), Песталоцийн амьтан тэжээх газар, хөдөөгийн цэцэрлэг зэргийг байгуулж, хүүхдийг хөгжүүлэн ажиллаж байгаа тухай, Норвеги, Австрали, Энэтхэг, Зөвлөлт засагт багачуудын орднуудыг байгуулж ажиллаж байна” гэсэн бол, “Сургуулийн наснаа хүрээгүй багачууд” бүлэгт, “XIX зууны үеэс эхлэн багачуудыг судалж эхэлсэн тухай, томчууд багачуудын онцлогийг мэдэхгүй учир хурдан том болгохыг хүсэж байсан нь багачуудын судалгааг эхлүүлсэн, хүүхдийн сэтгэл санаа, өсөлтийн талаарх онцлогийг нээсэн, удаан хугацаагаар хүүхдийг суулгах нь тусгүй тул тусгай танхим байгуулж хүмүүжүүлэх аргыг олсон, гурван настай хүүхдийн хөдөлгөөнтэй байдал, бүхнийг өөрөө хийхийг хүсдэг, бүх юмыг дуурайж тоглодог, олон цөөн гэж хэлэхгүй, санаж тогтоох нь бага, хянаж болгоомжлох нь тогтворгүй, зохион бүтээх чадвартай гэсэн бол зургаан настай хүүхдийг ажил хийж, бичиг үсэг тоо бодлого бодож чаддаг, орчноос шалтгаалан хүүхдийн хөгжил явагдана” гэх зэргээр судалгаан дээр тулгуурлан тодорхой бичжээ. “Сургуулийн нас наа хүрээгүй багачуудыг хүмүүжүүлэх боловсруулах хэрэгтэй юу?” бүлэгт, багачуудыг аажмаар сургана гээд цэцэрлэгт яваагүй гэр орондоо байгаа хүүхдийг бэлтгэх нь чухал. Хэрэв бэлтгэхгүй бол насан турш мэдэхгүй зүйл ч үлдэх болно гэж эцэг эхчүүдэд зориулан бичээд сургуульд орохын наана сурдаг зүйлд, чадамгай явах, үсрэх, авирах, аливаа өнгө, хэлбэр дүрс, дуу, үнэр, хүрэлцэхүй зэргийг мэдэрдэг, хэлэх ярихад суралцаж, өөрийнхөө санал бодлыг илэрхийлдэг, таван эрхтнээр танин мэдэж, тэдгээрийг шинжиж ижил ялгаврыг олж, өөрийн дүгнэлтийг хийдэг, тоглоом, зураг, баримал, дуу хөгжмийн бүтээлүүдэд өөрийн саналаа илтгэх, ариун цэвэрч, нягт үнэнч, чин шударга, эелдэг байхад суралцдаг гэж хүүхдийг сургуульд орохын өмнө эзэмших ёстой мэдлэг чадварыг тодорхойлж, гэр орны нөхцөлд хүүхдийг сургуульд бэлтгэх нь чухал, хүүхэд бие дааж өсөж хөгждөггүй, заавал хүмүүжүүлж хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг онцгойлжээ.
“Настайчууд багачуудыг хэрхэн үздэг вэ?” бүлэгт, Багачууд нь хөдөлгөөн ихтэй, их юм асуудаг, туршиж судлах, толгой даах зэргээр төрөлхийн авьяастай бөгөөд элс шороогоор тоглох, усанд орох, амьтны дэргэд байхыг хүсдэг, хүүхдүүдэд саад болдог зүйлд, настайчууд багачуудад юу хэрэгтэйг ойлгодоггүй, болгоомжлохгүй хааш яйш үзэхээс гадна хүүхдийг саад төвөг татагч, яршигтай амьтад гэж үздэг төдийгүй хүүхдийн онцлог байдлыг хайхардаггүй, багачуудын сурч боловсрох талаарх ойлголтоо өөрчлөх хэрэгтэй, хүн ямагт боловсорч сайжирч байх учир төрсөн цагаас өтлөх хүртлээ ямагт суралцана, хүний биеийн зарим эрхтэн хүүхдийн бага балчир үед амархан хөгждөг учир тухайн үед нь сургах нь зүйтэй. Ёс суртахууны хүмүүжлийг багаас нь эхлэх нь зүйтэй бөгөөд хүүхдийг хүмүүжүүлэх эдийн засгийн чадамж өнөө цагт алга байна гэдгийг өгүүлжээ.
“Пролетарийн ба үгээгүй ардын багачууд” бүлэгт, пролетарийн хүүхдийн амьдрал маш хүнд, бие бялдар нь дорой туранхай гэх зэргээр бичсэн бол, “Зөвлөлт засагт багачуудыг боловсруулах явдал хэрхэн бий болсон бэ?” бүлэгт, Өнчин хүүхдийн байгууллагын тухай, XIX зууны дундуур нялхсыг хамгаалах газар байгуулсан, 3-7 настай хүүхдийн цэцэрлэг Германд байгуулагдсан бөгөөд мөн тус улсад ”Хүүхдийн цэцэрлэг” гэдэг нэр томьёог анх томьёолсон болон Орос улсад хувьсгалаас өмнө хүүхдийн цэцэрлэг 400 байсан бол 1921 он гэхэд 6000 гаруй цэцэрлэг бий болсон тухай өгүүлсэн байна.
“Хүүхдийн цэцэрлэг гэж юу юм бэ?” бүлэгт, хагас өдрийн цэцэрлэг (4-6 цаг ажилладаг), 24 цагийн болон 8 цагийн цэцэрлэг байдгийг тэмдэглэжээ. Түүнчлэн хүүхдийн цэцэрлэгийг “цэцэрлэг”, “голомт”, “хүүхдийн байшин”, “хүүхдийн зуслан”, “зуны цэцэрлэг”, “хүүхдийн эмнэлгийн газар” зэргээр ангилж, хүүхдийг хүмүүжүүлэх хөтөлбөрийг бүлгээр дурдсан агаад үүнд, бие бялдрыг сайнаар боловсруулах, хүүхдийн таван эрхтэнг боловсруулах, эдийг танилцуулах, биеийн хөдөлгөөнийг боловсруулах (хураагдах нугарах тоглоом, эвлүүлэх, бага нь томдоо давхарлаж ордог тоглоом), зохион бүтээх билгийг хөгжүүлэх, хүүхдийн оюуныг боловсруулах, хэл болон ажилд сургах, уран сайхныг танин мэдэх, сайн заншил сурталд сургах, олон нийтийн хөдөлмөрт суралцах гэж хүмүүжил сургалтын агуулгыг тодорхойлж өгчээ. Цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг (удирдагч бүсгүйн) мөн дурджээ.
  “Сургуулийн наснаа хүрээгүй багачуудыг боловсруулах хэмээх юу вэ?” ном нь дэлхий дахинд Европ, Америк, Азийн хөгжилтэй орнуудад бага насны хүүхдийг хүмүүжүүлж байгаа ерөнхий төрх байдал, сургуулийн наснаа хүрээгүй хүүхдийн бие бялдрын хөгжлийн онцлог, хүүхдийг хэрхэн хөгжүүлэх талаар хүмүүжил сургалтын агуулгыг багтааж, эцэг эхчүүдэд нарийвчилсан зөвлөгөө өгсөн зэргээрээ тухайн үеийн Монголын нөхцөлд багш нар төдийгүй, өрх гэр бүлд ихээхэн ач холбогдол тойгоороо ялгарч байжээ.
Монголд хүүхдийн цэцэрлэг байгуулах, цэцэрлэгийн хүүхдэд олгох мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чухам яаж юу хийвэл зүйтэйг чиглүүлж өгснөөрөө дээрх гарын авлага чухал үүргийг гүйцэтгэжээ.
Хоёрдугаарт, Монгол улсын гавьяат багш  Л.Балжирын “Хөдөөд байгуулах хүүхдийн цэцэрлэгийн тухай” (1931) гарын авлага нь (2000 хувь хэвлэгдсэн) тэр үедээ сургуулийн насанд хүрээгүй багачуудыг хүмүүжүүлэх газруудыг байгуулах чухал асуудлыг тусгаснаараа онцлог юм. Уул номын оршилд, “Хот хөдөөгийн орон нутгийн бага сургуульд бэлтгэж бүхий хүүхдийг оруулах явдал нь чухал бөгөөд бичиг үсгийг боловсруулан бэлтгэх явдал бус хүүхдийн цэцэрлэгийг орон нутгийн газраа, багачууд хүүхдийг нийтийн байдал, дадлага олгуулж, ариун цэврийг сахиж, ажилд дуртай болгох нь хүмүүжил боловсролын гол зүйл болно. СССР улсын Ардын Гэгээрүүлэх яамны дэргэдэх багачууд хүүхдийг асран хүмүүжүүлэх төв газраас хөдөө тариачин ардын багачууд хүүхдийн хүмүүжүүлэх газрын ажлын арга заавар хэмээх дэвтрийг Монголын орон нутгийн байдалд тохируулан зохион орчуулав” гэжээ.
“Сургуулийн нас хүрээгүй багачуудыг хүмүүжүүлэх газруудыг байгуулах тухай” бүлэгт, Орон нутгийн газар багачууд хүүхдийг хүмүүжүүлэх газрыг байгуулахдаа газар орны байдалд таа цуулан байгуулах ба хүмүүжлийн газрыг биелүүлэн гүйцэтгэх ажлыг шинжлэн үзэж, чухам ямар хүмүүжлийн газар байгуулбал ашиг тустай болохыг байдлаас хянан гүйцэтгэх нь чухал бөгөөд хөдөө орон нутгийн газарт аж байдалд тохируулан хоёр янзаар ялгаварлан байгуулахдаа, нэгдүгээрт, зун цагт түр цэцэрлэг байгуулах, нөгөө нь байнга орших хүүхдийн цэцэрлэг болно гээд түр хүмүүжлийн газрыг нээхдээ хүн бөөгнөрсөн хамтрал, коммуна, артель зэргийн газруудад хаврын тариалангийн үед 3-4 сарын хугацаатайгаар, мөн баярын өдөр март сарын 8, майн 1-нийг тохиолдуулан нээвэл зохино гэж үзсэн нь ард түмний дунд баяр наадам, ажил хөдөлмөрийн үеэр сурталчилгаа явуулах  тохиромжтой гэж тооцжээ. Ухуулан таниулах ажилд нам, эвлэлийн олон гишүүдийг дайчлан орон нутгийн засаг захиргаа, эмэгтэйчүүдийн салбар хэлтэс, үйлдвэрчний эвлэл, сургууль, хоршоо худалдааны зэрэг газарт эрхлэн гүйцэтгэнэ гээд орон сууцны асуудлыг зөвхөн ариун цэврийг чухалчлан хуурай ба нартай, дулаахан орон сууц байвал зохихыг заагаад эсгий гэр байж болох бөгөөд модон шалтай, нарны гэрэл илчээр сайн давхар бүрээстэй, хаяа нь сайн, тооно нь шилтэй байх, цэцэрлэгийн дэргэд ногоо тарих, газрыг бэлтгэх ба мод суулгах зэрэг ажлыг үйлдэх нь чухал гээд зуны улиралд хүүхдийн цэцэрлэгийг сургуулийн байранд болон улаан гэрт, клубт байгуулж болно гэжээ.
Орон нутагт хүүхдийн цэцэрлэгийг байгуулахдаа, хэрэглэх ширээ сандал зэрэг эд зүйлийг зуны улиралд модоор хүүхдийн байдалд тохируулан үйлдэх, ажиллах цагийг өвөл 6 цаг, зун 10-12 цагаар тооцож, хөдөө орон нутагт цэцэрлэгийн ач холбогдлыг сайн ойлгохгүйгээс болоод ангийн бүрдэл дутуу, санхүүгээс шалтгаалан цэцэрлэг бүрэн ажиллахад хүндрэлтэй байдаг тухай бичжээ. Өдөр тутмын цэцэрлэгт хоолыг гурваас цөөнгүйгээр олгохдоо, өглөөний цайг наймд, өдрийн хоолыг арван хоёрт, их үдэд гурван цаг хагсаад, оройн хоолыг 19 цагт хэмээн хуваарилж, өдөрт талх 3-4 фунт, мах 200-250 гр, сүү хагас литр, тос 25 гр, чихэр 25 грамм, элдэв будаа 30-50 грамм, элдэв ногоог таацуулан хэрэглэнэ хэмээсэн нь тэртээ 80-аад жилийн өмнө хүүхдийн илчлэг тэжээлийг шинжлэх ухааны үндэстэйг ээр өгч байсан байна.
 Орон нутагт хүүхдийн цэцэрлэгийн газарт, 1-8 хүртэлх насны багачуудыг хүмүүжүүлж, хүүхдийг их багаар ялгаварлан суулгаж, удирдагч хүмүүжүүлэгч нарыг нялхсыг хүмүүжүүлэгч эмч нарын туслагч сестра нар удирдаж, багачуудыг элсүүлэхдээ ангийн чанарыг харгалзан авч байсан нь Зүүнтний балмад бодлоготой холбоотой болно. Тухайлбал, нэн даруй ядуу анги, дараа нь дунд ба албан хаагчдын багачууд хүүхдийг авбал зохино гэж байв. Эл үед яслийн болон цэцэрлэгийн насны багачуудыг хамтад нь түр авч байжээ. Цэцэрлэгт 25 хүүхдэд нэг хүмүүжүүлэгч, 50 хүүхдэд хоёр хүмүүжүүлэгч байхаар орон тоог баталж, яслийн насны хүүхдүүд байх аваас нялхасын хүмүүжүүлэгч авч ажиллуулж байхаар тогтжээ.
Хөдөө орон нутгийн цэцэрлэгийн гол бодлого нь: 1.Багачууд хүүхдийн хүмүүжил боловсролын тухай нийт ардад өргөнөөр таниулах, 2.Хүүхдийн цэцэрлэгийг орон нутгийн газар өргөнөөр байгуулах явдлыг гол бодлого болгон явуулах, 3.Хүүхдийн цэцэрлэг нь орон нутгийн газар хүмүүжил боловсролын төв газар болох тул багш нар хүмүүжүүлэгч нар нь олон нийтийн газар соёлын довтолгоо ба нийтийн компанийн ажилд оролцон гүйцэтгэх, 4.Багачуудыг хүмүүжүүлэх явдалд олон нийтийн санал эрмэлзлийг хандуулан оролцуулахыг гол бодлого болгож, хүүхдийн эцэг эхийг цэцэрлэгийн хүмүүжлийн ажилтай танилцуулахдаа жижүүрлэх ба зөвлөлийн гишүүдэд оруулах, хуралдуулах зэргээр танилцуулсан нь хүүхдийн цэцэрлэг байгуулахад олон нийтийн дунд сурталчлах тэдний санал бодлыг цэцэрлэг рүү хандуулах талаар тодорхой өгүүлсэн байна.
Хүүхдийн цэцэрлэгийн зөвлөлийн зорилго нь хамтралын газруудтай холбоотой ажиллах, орон нутгийн цэцэрлэг нь эмэгтэйчүүдийн салбар хэлтэс буюу төлөөлөгч нартай харилцан ажиллах, ХЗЭ болон пионерийн бүлэг, хоршоо худалдаа, аймаг ба сумын захиргааны газар, үйлдвэрчний эвлэл, эх нялхасыг хамгаалах газар ба эмч доктор нартай хамтран ажиллахад оршиж байв. Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч нар орон нутгийн эвлэл, үйлдвэрчин, эмэгтэйчүүд болон засаг захиргаатай холбоотой нэгдсэн төлөвлөгөөнд оруулах, цэцэрлэгийн үйл ажиллагааг сурталчлах, хэвлэлд бичиж гаргах, олон түмний дунд тайлагнах ажлыг гүйцэтгэх хэрэгтэйг дурджээ. Түүнчлэн цэцэрлэгийн ажлын төлөвлөгөөг гаргаж, түүнд багш, эцэг эх, олон нийтийн төлөөлөл оруулсан зөвлөл байгуулах, багш нарын хурал хэлэлцэх асуудал, цэцэрлэгийн орон тоо, хүүхдийн цэцэрлэгийн хуваарь  (том, жижиг хүүхдийн) долоо хоногийн хоолны хуваарь, хөдөө орон нутгийн газар хүүхдийн цэцэрлэгийг 40 хүүхдэд бэлтгэх зүйлүүдийг тодорхойлж, аж ахуйн эд хогшил, ариун цэврийн болон хичээлийн хэрэглэлд холбогдох зүйлс зэрэг чухал асуудлуудыг тусгасан гарын авлагууд бий болжээ.
Хичээлийн зүйлд холбогдол бүхий зүйл гэсэн гарчигт, тоглоомууд, оёдол, ногоо цэцэг тарих, зураг зурах ба наах, нийгмийн байдлын сахилга журмыг, муу сайныг мэдүүлэх, цэцэрлэгийн дотоод журмыг сахих, ариун цэврийг дээдлэх зэргийг багтаажээ. Олон нийтийн ажилд оролцох тухайд улаан гэр, клуб, гэгээрэл боловсролын байгууллага, хоршоо худалдаа, сумын захиргаа зэргийг очиж үзэх, аливаа ажилд оролцох, элдэв лоозонг бэлтгэх, нийтээр дуу дуулах, уран зохиолд шамдан шүлэг бичих, элдэв оньсон техниктэй танилцах, хамтралын ажил байдал, хадлан тариалангийн газар, сүү тосны завод, үзэсгэлэн үзэх, жагсаалд оролцох, индэр, клубыг чимэглэх, хувьсгалын баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай ярилцах зэргээр төлөвлөн ажиллаж байсан нь хүмүүжил сургалтын агуулгаар хүүхдэд маш их зүйлийн мэдлэг өгч хүмүүжүүлэх ажлыг явуулах үед орон нутгийн сургуулиудын захирал, багш нар зөвлөгөө өгч оролцож байсныг түүхэн баримт харуулж байна.
Дээрх гарын авлага нь хүүхдийн цэцэрлэгийн ажилтнууд ямар их идэвхтэй  чадвартай эмэгтэйчүүдээс бүрдэж, тэд орон нутгийн засаг захиргаа, залуучуудын байгууллага нам, эвлэлийн гишүүдийг, албан газрууд, хоршоо артель зэрэгт хүүхдийн байгууллагыг байгуулахад оролцуулахын тулд суртал нэвтрүүлгийг хүний ой тойнд ортол  шингээдэг, хурал цуглаан хийх, хүүхдийн болон багш нарын бүтээлээр олон нийтийн дунд үзэсгэлэн гаргах хүүхдийн тоглолт үзүүлэлт зэрэг хүчтэй сурталчилгаа хийж олон цэцэрлэг байгуулж байсан түүхтэй юм.
Гэгээрлийн яамны сайд Т.Машлай тус яаманд хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг хариуцсан тасаг (1940) байгуулж, эрхлэгчээр Д.Долгоржав, мэргэжилтэн В.Ф.Максаковаг зөвлөхөөр нь томилсноор, тэд Гэгээрлийн яамны зөвлөх А.В.Русаков, А.В.Лесин нарын удирдлагаар хүүхдийн цэцэрлэгийг хөгжүүлэх ажилд  орсон байна.  Тэрчлэн орон нутагт 1931 онд 76 улаан гэр, 76 ажилчинтай, 1932 онд 132 улаан гэр, 99 ажилчинтайгаар цэцэрлэг байгуулах хөдөлгөөн өрнөж байсан гэж зарим эх сурвалжид тэмдэглэжээ.
Цэцэрлэгийг боловсон хүчнээр хангахад онцгой анхаарч 1941 онд Ардыг гэгээрүүлэх яамнаас цэцэрлэгийн эрхлэгч, хүмүүжүүлэгчдийг бэлтгэх курс байгуулж, сургалтын шинэ программ боловсруулж, хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд бэлтгэх ажлыг хэрэгжүүлсэн төдийгүй ЗХУ-ын хүүхдийн цэцэрлэгийн туршлагаас суралцаж, хүүхдийн цэцэрлэгт зохиох хүмүүжил сургалтын агуулга, арга зүйг нэвтрүүлжээ(11).
Хүүхдийн цэцэрлэгийн дүрмийг батлан гаргаснаас хойш тогтсон цагийн хуваарьтай, боловсруулсан хөтөлбөртэй, хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх ардын урлаг, угсаатан зүйн холбогдолтой тоглоом наадгайтай, хөдөлмөрийн болон гоо зүйн хүмүүжил олгох аливаа хичээлүүдийг явуулдаг болсон нь сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалт, арга зүйн бааз суурийг тэлж, улмаар цаашид ажиллах суурийг бэхжүүлж өгсөн хэрэг байв.
1930-1940 оны статистикийн мэдээгээр: 1931 онд цэцэрлэгийн тоо 12, хүүхдийн тоо 365 байсан бол, 1932 онд 14 цэцэрлэг, 405 хүүхэд, 1933 онд 4 цэцэрлэг, 125 хүүхэд, 1934 онд 6 цэцэрлэг, 180 хүүхэд, 1935 онд 6 цэцэрлэг 180 хүүхэд, 1940 онд 6 цэцэрлэг, 140 хүүхэдтэйгээр буюу 1930 оныхоос даруй 6 дахин нэмэгдсэн тоон үзүүлэлтээр ойлгож болох юм.
1921-1940 онуудад хүүхдийн ясли цэцэрлэг, сургуулийн өмнөх насны багачуудыг хүмүүжүүлэх, боловсруулах, монгол орны нөхцөлд тохирсон хөтөлбөрийг боловсруулж, хэвшүүлэх, боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх зэрэгт анхааран ажиллаж байв.
Гэгээрлийн яамнаас сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил, сургалт, заах арга, цэцэрлэгийн дотоод дүрэм, журамд холбогдох (1941-1947) “Хүүхдийн цэцэрлэгийн дүрэм”,  “Цэцэрлэгийн эрхлэгчийн жилийн ажлын төлөвлөгөөний загвар”, “Эцэг, эхээс хоолны хөлсийг хураах заавар”, “Цэцэрлэгийн ариун цэврийн дүрэм”, “Хичээлийн товч агуулга”, “Цаас, модоор тоглоом хийх загвар”, “Талбайн төхөөрөмж (морь, гулгуур, тэнцвэрийн вандан, завь, ачааны машин, онгоц гэх мэт)-ийн загвар”, “Хүүхдийн хоолны нэрс ба тэдгээрийг хийх аргачлал”, “24 цагийн цэцэрлэгийн үйл ажиллагааны зөвлөмж”, “Экскурс, зугаалга явуулах зөвлөмж”, “Цэцэрлэгийн дотоод төхөөрөмжийн үндсэн хэмжээ”, “Хүүхдийн цэцэрлэгт явагдах хичээл”, “Хүүхдийн цэцэрлэгийн өглөөний гимнастикийн нэгдсэн дасгал”(12) зэрэг олон арван дүрэм, заавруудыг гарган мөрдүүлснээр хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа тогтмолжиж, сургуулийн өмнөх байгууллагыг шинжлэх ухааны үндэстэйг ээр удирдан явуулах эх суурь тавигдсан юм.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын боловсон хүчний асуудлыг хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, хүмүүжүүлэгч нарыг бэлтгэх түр курсыг хоёр сарын хугацаатайгаар (1931), түр хичээллэх курс (1941-1950), Багшийн сургуульд  цэцэрлэгийн багш бэлтгэх гурван жилийн дамжаа (1951)-гаар бэлтгэж байв.
Ардыг гэгээрүүлэх яамны харьяан дахь цэцэрлэгийн тасгийн 1941-1960 он хүртэл авч явуулсан үйл ажиллагаа нь хүүхдийн цэцэрлэгийг улсын төсвөөс гадна, зарим томоохон үйлдвэр (Аж үйлдвэрийн комбинат, Налайхын уурхай гэх мэт), аж ахуй, засаг захиргааны газарт хариуцуулах замаар санхүүжүүлж цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, сүү боловсруулах газрыг аймаг бүрт байгуулан цэцэрлэг, яслийн хоол хүнсийг хангах, ариун цэврийн үйл ажиллагааг сайжруулж, багшийн сургуульд  цэцэрлэгийн боловсон хүчнийг бэлтгэх эхлэлийг тавих, тэдэнд зориулсан гарын авлагыг орчуулах, шинээр боловсруулах ажлыг зохион байгуулах, цэцэрлэгийг барилгажуулах, эдэлбэр газрыг тохижуулах, тоног төхөөрөмж, тоглоомоор хангахад чиглэгджээ(13).
Ийнхүү XX дугаар зууны хориос жараад оны үед Монгол улсад сургуулийн өмнөх насны боловсролын асуудал төр, засгийн хэмжээнд тавигдаж, үүсэл төлөвшихийн эхэн үеийг амжилттай туулсаар  иржээ. Үндэсний ардчилсан хувьсгалын дараахнаас буюу  1923 оны 4 дүгээр сарын 8-нд хүүхдийн цэцэрлэг  Нийслэл Хүрээнд тэрлэн бий болж, удаад нь Монгол улсын хоймор нутаг болох Алтанбулаг хотод үйл ажиллагаагаа эхэлж байсан бол хориод оны сүүлчээр орон нутгуудад бий болжээ.
Цэцэрлэгийн байгууллагын эхэн үеийн үйл ажиллагаа ихээхэн саад бэрхшээлтэй тулгарч ирсэн авч, хөрш орнуудын туршлагыг нэвтрүүлж, хэрэгжүүлснээр боловсон хүчний дутмаг байдал, сургалт, гарын авлагын гээгдэл үгүй болж, 1960 он болж ирэхэд, ясли, цэцэрлэгийн хүрэлцээ, боловсон хүчний асуудал шийдэгдэн,  шинжлэх ухааны үндэстэй судалгаа шинжилгээний үнэлэмжтэй, хүн амын өсөлт бойжилт онд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан боловсролын салбарын дорвитой нэгэн салаа мөчир болон өндийж иржээ.

Ашигласан бүтээл.
(1)Дашзэвэгийн Нонна. Боловсрол судлалын магистр, ахмад багш.
(2)ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Бүс нутаг ба орчин үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан,  доктор /Ph.D/
(*)1931 оны 12 дугаар сарын 31-ны мэдээгээр хүүхдийн цэцэрлэгт 25 хүүхэд, 2 багш  байжээ.
(3)Бюллетень.  “Монта” 1923.
(4)Боловсрол шинжлэх ухааны яам  90 жил. (1924-2014). УБ., 2014. т. 5.
(5)Нонна. Монгол улсад сургуулийн өмнөх боловсрол хөгжиж ирсэн нь. УБ., 2014. т. 13-14.
(6)МАХН-ын их, бага, төв хорооны бүгд хурлуудын тогтоол шийдвэр. УБ., 1956. т. 37-38.
(7)мөн тэнд, т. 75.
(8)Монгол улс. ҮТА. ф.6, д.1, хн.5, х.7.
(9)ХХ зууны Монголын боловсрол судлал. УБ., 2002. т. 26.
(10)Альмедингин-Тумим Наталья Алексеевна (1883-1943). Петербургийн Фребелийн нийгэмлэгийн идэвхтэй гишүүн, “Хүмүүжил ба сургалт” сэтгүүлийн редактор (1909-1917),  Октябрын хувьсгалын дараа Ленинград хотын сургуулийн өмнөх сурганы дээд сургуулийн профессор, Герцений нэрэмжит сурганы дээд сургуулийн, сургуулийн өмнөх сурган хүмүүжүүлэх ухааны кафедрын профессор. 1922 онд “Сургуулийн өмнөх хэрэг” өгүүллийн  нэгтгэсэн сэтгүүл, 1925 онд “Сургуулийн өмнөх байгууллага ажилтан нарт тусламж” сэтгүүлийн редактор, 1923 онд “Гэр бүл ба олон түмэнтэйгээ ажиллах”, 1940 онд “Сургуулийн өмнөх сурганы түүх”  зэрэг сургуулийн өмнөх боловсролтой холбоотой олон ном бичсэн байна. 1943 онд Ленинградын бүслэлтэд байхдаа өлсгөлөнгөөр нас баржээ.
(11)Б.Самбуу.  Ардын боловсролын систем. УБ., 1989, т. 23.
(12)Эргэн дурсахуй.  дурсамж, дурдатгал. УБ., 2014.  т. 93-94.
(13)Монгол улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 90 жил.Эрдэм шинжилгээний бага хурлын эмхтгэл. УБ., 2014. т. 125.



Post a Comment