2009-11-22

4 сартай хүүхэд

Хүүхэд тайван унтдаг болсон тул ээж жаргаж эхэлнэ..  Хүүхэд өдөрт  4 цагийн , шөнө нь 6,5-8 цагийн зайтай  хөхөө хөхдөг боллоо. Зарим хүүхэд  шөнө 2 удаа  ч ээжийгээ сэрээж хөхөө хөхөж ээждээ наалдаж унтахыг хүсдэг.   Хүүхэд хоол боловсруулах ферментийг боловсруулж эхэлнэ, тэр нь эхийн сүүг маш нарийн боловсруулна. Бас нэгэн  сонирхолтой зүйл   нь  хүүхэд  доошоо харж  хэвтээд, гэдэсний булчин дээр тулгуурлан, гэдсээрээ урагшлах хөдөлгөөн хийхийг оролдоно. 
4 сартай хүүхэд юу хийж чадах вэ?
  • Хажуу  талаараа хэвтэхийг оролдоно. Хажуу талаас нь харахад инээдэмтэй санагдана. Хүүхэд эхлээд толгойгоо хажуу тийш нь болгоно. Араас нь бие ээ эргүүлэх гэж тэмүүлнэ. Зарим нь бүр даваад өнхрөөд өгнө. Хөл гараараа  хөдөлгөөнийг удирдана. Дээшээ харсан цох хорхой шиг санагдана. Сарын эцэст энэ бүх зүйлийг даван туулж  хөл гарын  идэвхтэй хөдөлгөөнөөрөө  өөрийн зорилгоо биелүүлнэ.
  • Тоглоомуудыг барьж авна. Цээжний дээр өлгөөтэй тоглоомуудыг маш анхааралтай ажиглана. Хэрэв дээр нь тоглоомуудыг тойргоор эргэлдэхээр  өлгөсөн бол хүүхэд эргэлдэж байгаа тоглоомоос шүүрэхийг оролдоно. Хөдөлгөөнгүй өлгөсөн тоглоомыг хүүхэд шууд гартаа барина. Энэ нь хүүхэд гараараа шууд шинэ мэдээлэл авч байгаа юм. Хүүхэд тоглоомын гадна талыг мэдэрч ялгаж сонголт хийж барина. Үстэй тоглоомоос айх, пиавран тоглоом хүйтэн, резинэн тоглоом зөөлөн гэх мэтийг мэдэрч эхэлнэ. Ээж нь өөрөө өнгө өнгийн цоохор  давуун уутанд  төрөл бүрийн будаа тариа, шош , ээзгий, ааруул , шагай хийгээд тоглоом хийж болно. Уутыг маш сайн бөхөлж оёсон байх хэрэгтэй. Хүүхэд ууттай тоглоомыг барьж үзсэнээр түүний  шинж чанарыг таньж авна гэдэг бол  хүүхдийн тархины үйл ажиллагааг идэвхжүүлнэ гэсэн үг.
  • Доошоо харж удаан хугацаагаар хэвтэх дуртай болно. Эхний үед хүүхэд доошоо харж хэвтэх дургүй байсан бол одоо харин  хэдэн цагаар  ч доошоо харж хэвтэх дуртай болно. Энэ нь орчин тойронд байгаа зүйлийг  ажиглана. Доошоо харж хэвтэхдээ хоёр гар дээрээ тулж хэвтэнэ, сарвуу нь тэнийн , хөл нь  өвдгөөрөө нугалсан байна. Хүүхэд хөдөлгөөнгүй зүйл дээр хараагаа төвлөрүүлж харах буюу хөдөлж буй биетүүдийг дагуулж харна.
  • Ээж нь харагдахгүй ч гэсэн ээжийн дуу хоолойг танина. Хүүхэд дуу чимээг ялгаж  эхэлнэ. Хамгийн сайн таних дуу чимээ бол ээжийн  дуу хоолой. Та утсаар өөр өрөөнд хүнтэй ярьж байхад хүүхэд таныг  анхааралтай сонсож байна. Мөн аялга дуу чимээ  бүхэнд хариу үйлдэл үзүүлнэ. Хэрэв та инээж байвал хүүхдийн нүүрэн дээр инээмсэглэл илэрнэ. Та чанга инээвэл хүүхэд тантай хамт  чанга инээхэд бэлэн байна. Тэхдээ хүүхэд таныг  яриагаа хурдан дуусгаад  над дээр ирээсэй гэж хүснэ.
  • Тоглоом үзүүлээд энхрийлэхэд хүүхэд урамтайхан хариу үйлдэл үзүүлнэ. Хүүхэд өөртэй  нь  харилцахыг маш их хүснэ. Та  хүүхдэдээ гадаа юу болж байна, аав нь хэзээ ирэх вэ, ээж нь ямар хоол хийж байна, ах нь юу хийж байна, эмээ нь хаана юу хийж явна зэргийг хүүхдэд ярьж бай. Юм үзүүлээд тэдгээрийг нэрлэж бай. Шинэ  юм бүхнийг танилцуулна.  Таны сайхан аялга дуу чимээ  хүүхдэд хамгийн чухал байна.  Энэ сард  хүүхэд чинь  хөх ба шилтэй сүүгээ өөрөө гараараа  барьж хөхнө.

No comments: