2009-11-10

3 сартай хүүхэд

Нэгэн сонирхолтой   зүйл   ээж аавын  анхаарлыг татна. Энэ нь нялх хүүхэд яаж чанга инээж байгааг анх удаа сонсоно. Олон аавууд анх удаа би “хүн” бүтээсэн байна гэдгийг ухамсарлан ойлгож эхэлнэ. Аавууд анхны  хүүхдээ  гар дээрээ авахдаа айхгүй болно, орчиндоо байгаа хүмүүст хүүхдээ тэвэрч үзүүлнэ, гайхуулна. Энэ үед ээж нь бага зэрэг амарч авна.

3 сартай хүүхэд  юу хийж чадах вэ?
  • Цээжээ өргөхийг оролдоно. Энэ сараас хүүхэд ямар нэгэн зүйл хийхийг оролдож эхэлнэ. Гэдсэн дээр  ээ хэвтэж байгаа хүүхэд гараараа тулж цээжээ өргөж толгойгоо өргөнө. Ийм байдалд байхдаа тоглоомыг дагаж харах ба толгойгоо эргүүлнэ. Энэ үед эцэг эхчүүд зургийн авч хадгална. Зургийн тайлбарт  ээж аав нь  “Би гэдсэн дээрээ хэвтэж юм харж байна”, “Та нар хар даа би толгойгоо өндөр өргөж чаддаг болсон шүү” гэж бичиж хадгалах байхдаа.
  • Тоглоом барьж сонирхож харна. Энэ үед тоглоомуудын байрлалыг сольж арай доош нь хүүхдээс дээш 10-15 см-д өлгөнө. Тоглоом олон янзын эдээр хийсэн байж болно. Хүүхдийн цээжний харалдаа байгаа тоглоомонд хүүхэд хүрэх гэж гараа сунгах, тоглоомыг барьж үзэх болно.  Харин  хүүхдийн нүдний харалдаа тоглоом өлгөхгүй байхыг анхаараарай,  хүүхдийн нүд солир болдог шүү. Тоглоомыг нэг байрлалд удаан хугацаагаар байлгалгүй харин  үе үе авч хураана.
  • Дуу чимээ гаргаж эхэлнэ. Хэн “а-а-а-аа-аа-аа” гээд дуулаад байна вэ? Дараа нь “гы”гы”гы”, “ агу-гу-гу-, “кх-кх-гу” гэж дуулаад байна вэ? Гуагалах нь хүүхдэд тал бүрийн хөгжлийг хангаж байгаа юм. Хэрэв 3 сартай хүүхэд дуу чимээ гаргахгүй бол Та хүүхдээ яаралтай  хүүхдийн мэдрэлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхдийн хэл ярианы анхны дадлыг хөгжүүлэхэд  ээж аав  заавал туслах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ  ойрхон ойрхон ярьж, түүнд дуу дуулж өгч бай. Та гайхамшигтай  сонсогчийг оллоо гэж бодоорой. Хүүхэд таныг сонсох дуртай байдаг шүү. Хүүхэд  хөхөө хөхөхийг хүсэхдээ “ам-ам” гэх дуу чимээ гаргахад дөхөж очно.
  • Сэтгэл хөдлөлийг ялгаж эхэлнэ. Та хүүхэд  рүүгээ инээмсэглэлтэй дөхөж очиход хүүхэд инээмсэглэж эхэлнэ. Хүүхэд таны нүүрний хувирлыг маш анхааралтай харах болно. Яагаад ээж минь надад хайнга хандаж байна вэ? Нэг л юм болж дээ. Хүүхдийн сэтгэл санаа нь зовж  танаас “хэрэв чи надад хайртай бол инээмсэглээч” гэж  өөрийн   шаардлагыг тавьж  эхэлнэ.
  • Босоо байдалд байгаа зүйлийг сонирхоно. Ээжийн гар дээр байхад хүүхдэд маш тааламжтай байна. Хэвтээ байдалд байхыг хүсэхгүй болно. Яагаад гэвэл “ надад юу ч үзэгдэхгүй байна шүү дээ” Харин босоо байдалд байвал эмээгийн өгсөн тоглоомыг харна, эмээ өвөөгөө, ах эгчээ, аавыгаа харах боломжтой. Эд нар чинь өнөөдөр ямар юм өмссөн байна вэ? Босоо байдалтай байхдаа олон юмыг ажиглаж эхэлнэ. 3 сартай  эрүүл хүүхэд нь 8,5 -9 см өсөж өндөр болно, жингээрээ бол 2200-2500 гр нэмэгддэг байна.
  • 3 сартай хүүхдэд эрүүлжүүлэх иллэг массаж хийхийг хүүхдийн эмч нар зөвлөдөг юм. Та хүүхэдтэйгээ өдөр бүр хийдэг дасгалд чинь эдгээр зөвлөгөөн тус болно гэдгийг эцэг эх мартахгүй байгаарай.

No comments: