2011-04-25

5- 6 нас хүртэлх хүүхдийн онцлог.

  • 5 насандаа хүүхэд өөрийн овог нэр, насаа, ээж аавын нэр, ямар ажил хийдгийг мэддэг, гэрийнхээ хаягаа хэлж чаддаг, гэрийн ойролцоо байдаг дэлгүүр албан газар, явдаг унааг хэлж мэддэг. Ойролцоо байгаа цэцэрлэг сургуулийг мөн мэднэ. Амьдарч байгаа дүүрэг, хороог  ч нэрлэж чаддаг. 
  • Энэ насныхан өрж байгуулах тоглоомыг зургаар нь эвлүүлж чадна. Паасли /эвлүүлэх зураг/ тоглоомыг эвлүүлэх чадвартай байна. 
  • Хүний биеийн үндсэн бүх хэсгийг бүрэн зурж , нэрлэж чаддаг. 
  • Ямар нэгэн үйлдэл хийхийн тулд үйлдлээ төлөвлөдөг байна. 
  • Юмсын ялгаатай зүйлийг нэрлэнэ.
  •  Хүүхдийн хамтлаг бий болно. 
  • Хоорондоо сөргөлдөх явдал гарч эхэлнэ. 
  • Эцэг эхийн халамж хайрыг маш их хүснэ, эцэг эх багшаа дээд зэргээр үнэлдэг.

  •  5,5 насандаа хүүхэд бүх төрлийн сургалтыг хүлээн авах чадвартай, зарчмын хувьд сургуульд суралцахад бэлэн болсон байна.
  • Энэ насандаа хүүхэд том хүнтэй харилцах чадвартай,   том хүнээс халамж хайрыг маш ихээр хүсдэг, эцэг эхийн халамжийг авах ба өгөх дуртай, хайрлах мэдрэмж хөгжсөн, эцэг эхдээ ойр байх хүсэлтэй, бусад хүмүүсийг хайрлах талаар ялгавартай шүүмжлэлтэй ханддаг. 
  • Өөрийг ээ удирдана. 
  • Дүрслэлд сэтгэхүй нь нэлээд хөгжсөн, сургалтын явцад янз бүрийн зураг загварыг ашиглах, шалтгааныг илрүүлэх, асуулт тавих, хүүхэд хоорондын харьцаа тогтвортой болж, суралцах эрмэлзэл бий болно.
  • Энэ насандаа хүүхэд зурах сонирхол нь илүү болж , жилдээ  хоёр мянган зураг зурах чадвартай. 
  • Хүүхэд цаасан урлагт сонирхож  цаасаар  хэд хэдэн нугалаас хийх чадвартай, мөн байгалийн  ургамлаар ч дүрс бүтээх чадвартай байна. 
  • Юмсын хэмжээ, хэлбэр дүрс ба өнгө зэргийг зөв илэрхийлж уг мэдрэх чадвар улам сайжран.
  • Юмсын шинж чанараар нь ангилах эхлэл тавигдана.
  • Хүүхдийн анхаарал тогтвортой болж нэг зүйлээс  өөр нэг зүйл дээр анхаарлаа чиглүүлэх чадвартай.
  • Хүүхдийн хэл яриа улам боловсронгуй болж авиа дуудлагыг тод хэлэх, авиалбарын сонсгол хөгжиж өдөр бүрийн яриа, сэдэвт тоглоомын үед ба шүлэг уншихдаа уран тод ярьж уншдаг.
  • Зориудын анхаарал хөгжиж эхэлнэ, юмыг тогтооно, бие дааж сэтгэх, ёс суртахууны мэдрэмжүүд бий болж ирнэ. Хэн өөрт нь их дотно анхааралтай хандаж байна түүнд ойр дотно болно. 
  • Олны дунд биеэ зөв авч явахыг оролдоно.

5-6 настай хүүхдийг сургуульд оруулахын тулд эцэг  эх  дараах зорилт тавьж хүүхэдтэй илүү анхаарал тавьж хөгжүүлэх талаар  ажиллах шаардлагатай. 
Үүнд:

  1. Хүүхдийн эрүүл мэндийг бэхжүүлэх. Үүнд: биеийг нь чийрэгжүүлэх, үндсэн хөдөлгөөнийг нь  улам боловсронгуй болгох, үйл ажиллагааны явцад хүүхдийн биеийн галбир дээр байнга онцгой анхаарах,  боловсон  зөв биеэ авч явах   ба эрүүл ахуйн дадал хэвшлийг улам сайжруулах  хүмүүжил олгох. Хүүхдийг ядаргаанаас хамгаалах.
  2. Ардын болон улсын хэмжээнд  явуулдаг баяр , эх орныхоо тухай төсөөллийг улам баяжуулах.  Орон нутаг, хот аймаг, сум, баг, дүүрэг зэргийн онцлог газруудыг танилцуулах ба эх орноо хайрлах бахархах хүмүүжил олгох.
  3. Орчны амьдрал ахуй, үзэгдэл үйл явдал, байгаль дахь  уул ус, ургамал амьтны тухай  төсөөллийг баяжуулан, түүнийг нь бэхжүүлэн   хамгаалж хайрлах хүмүүжил олгоход эцэг эх үлгэрлэх.
  4. Энгийн ярианы хэлэнд сургах, харилцан яриаг үргэлжлүүлэн хөгжүүлэх,үгийн санг нэмэгдүүлж идэвхжүүлэх, төрөлх хэлээ  зөв  цэвэр дуудлагатай  ярих зэрэг хэл яриаг бүх талаас нь боловсронгуй болгох.  Авиалбарын сонсголыг нь хөгжүүлэх. Богино болон дэлгэрэнгүй асуулт тавих ,  яарахгүй хариулж сургах, тохирсон үгийг ашиглах.
  5. Бусад хүүхдүүдийн амжилтад баярлаж талархал илэрхийлэхийг  тэмүүлэх, хамт олноороо хичээллэх, хөдөлмөрлөх, тоглох дадалтай зэрэг хоорондоо эв найрамдалтай бие биеэ хүндэтгэсэн харьцааг бий болгох  хүмүүжлийг улам бэхжүүлэх.  Хичээнгүйлэн  ажил хийх дадалтай болгох ба өөрийн хийсэн хөдөлмөртөө үнэлгээ өгч чадах чадвар төлөвшүүлэх. Олон үндэстэн үеийнхнээ хүндэтгэлтэй хандах харьцааг төлөвшүүлэх.
  6. Сургуульд суралцах  хүсэл эрмэлзлийг дэмжин төлөвшүүлэх.
  7. Хүүхдийн анхаарлыг үргэлжлүүлэн хөгжүүлэх, өмнө тавьсан зорилгоо / юу хийх хэрэгтэйг/ ойлгох чадвар, түүнийг  амжилт анд  хүргэх  /яаж хийх/ арга барилыг сонгох, тэсвэртэй даван туулах хүмүүжил олгох, цөхрөлтгүй оролдож эцсийн үр дүнд хүрэх зорилго тэмүүлэлтэй байхыг сургах.
  8. Өөрийн үйлдлийг сайн талын үлгэр жишээ болгох, сахилга дэг журмыг хатуу мөрдөх, эхэлсэн зүйлээ эцсийн хүртэл хийдэг, өөрийн хүслийг хязгаарлах чадвартай зэрэг  туйлбартай чанаруудыг  улам хөгжүүлэх. 
  9. Ардын урлаг, уран зохиол, зургийн бүтээл, хөгжим, бүжигт сонирхолтой болгохыг үргэлжлүүлэн төлөвшүүлэх.
  10. Дүрслэх чадваруудыг улам хөгжүүлэх.
  11. Хүүхдийн ой тогтоолтыг сайжруулахын тулд аль зэрэг их юм цээжилж чадаж байгааг жишиж харьцуулалт хийж байх.

1 comment:

Blacker said...

Нонна багшийн хөтлөдөг блог байсан юм байна. Сая л харлаа.