2009-10-28

Уламжлал (түүхээс)

Монголын ард түмэн үр хүүхдээ эрдэм номд гэрийн нөхцөлд сургаж хүмүүжүүлэх явдал 1700-1790-д онуудаас дэлгэрч гэрийн сургалт уламжилж иржээ. Монгол ардын гэрийн хүмүүжлийн уламжлал нь олон зуун жилийн түүхтэй ба баялаг туршлага, арга барилын агуу их сан хуримтлагдана байдаг.

Монгол хүний хүмүүжил төлөвшилт эхийн гүйцэтгэх үүрэг хариуцлага асар их байжээ. Монгол ахуй, айл гэрт хүүхэдтэй хамгийн ойр дотно, үргэлжийн харьцаатай байдаг хүн ээж нь бөгөөд хүүхдийн өсөлт бойжилт оюун ухаан, ёс суртахууны хүмүүжил нь ямар болох нь ээжээс нь илүү хамаардаг байв.

Манай өвөг дээдэс 13-р зуунд төдийгүй эрт дээр үеэс үлгэр, домог цээжлэх ярих зэрэг арга хэлбэрээр өөрийнхөө түүх намтраа, үр удмаа, мэдлэг боловсрол, туршлага сургамжаа хүүхэд багачуудад өвлүүлж ирсэн юм.

Эртний монголчуудын сурган хүмүүжлийн үзэл санааны чухал нэгэн онцлог нь ёс суртахууны хүмүүжлийг чухалчилж байсан байна.

Монголчууд домог яриа, ёгт үлгэр, ардын дуу зэргээс гадна зүйр цэцэн үг, билэг сургаалын үгс нь эв нэгдлийн тухай хүмүүжлийг олон талаар сурталчлан ухуулж байжээ. Жишээ нь: Нууц товчоонд: Алангоо таван хөвгүүнээ сургаж өгүүлрүүн:” Та таван хөвгүүн, миний нэгэн хэвлээс төрсөн биш үү. Та нар ганц ганцаар салбал нэжгээд сум мэт хүнд хялбархан дийлдэнэ. Та нар эв эе нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бэх болж, хэнд ч хялбар дийлдэхгүй болно” (Монголын нууц товчоо. УБ. 2005 он. 23-р тал) гэж үр хүүхдээ эе эвтэй болж нэгдэн нягтрахыг хүмүүжүүлэн сургадаг билээ.

Энэ нь тухайн үеийн нийгмийн хэрэгцээ шаардлага ба түүхийн хөгжлийн хандлагатай нийцсэн сургаал байсан юм.
Post a Comment