2014-03-12

ТЭМЭЭ, БУГА ХОЁР

Монгол ардын үлгэр (Багачууддаа уншиж өгөөрэй 2 номоос) 
4-6 настай хүүхдүүдэд уншиж өгөх үлгэр,
 УБ, 61-р цэцэрлэгийн 6 настай Г.Номинэрдэнэ зурав

Эрт урьд цагт тэмээ одоогийн бугынх шиг арван хоёр салаатай эвэртэй байсан ажээ. Бас өтгөн болоод урт сайхан сүүлтэй байж гэнэ. Харин тэр цагт буга эвэргүй, мухар мулзан, адуу сүүлгүй шахам годон шодон юмсанжээ. Иймд тэмээ, сүрлэг сайхан эвэртэй дээ их л биеэ тоон эврээрээ ямагт гайхуулан хөөрөлдөг байжээ.

Тэмээ нэг өдөр ус уухаар нуурын хөвөөнд ирээд уухаасаа илүү усанд туссан дүрсээ олж үзээд сүр жавхлантайгаа их л бахдан хараад зогсож байжээ.
Тэгтэл энэ үеэр ойгоос буга гарч ирээд толгой бөхийлгөн мэхэсхийж гунигтайгаар хэлжээ:
Өнөө үдэш би ойн амьтдын чуулганд айлчлан очих учиртай билээ. Ийм муухай мөлчгөр мухар духтай яаж очих билээ? Ядаж нэг цагийн төдий ч бол чинийх шиг ийм сайхан эвэртэй явж үзэхсэн, тэмээ чи өршөөж, өнөөдөр над эврээ түр өгөөч! Маргааш чамайг ус уухаар энд ирэхэд чинь би эврийг чинь авчирч өгөмз гэж гуйжээ.

Тэмээ бугыг үзвэл үнэхээр өрөвдмөөр сүр үзэмжгүй харагдсан тул эврээ мулталж өгөөд “Ус уухаар ирэхэд минь заавал авчирч өгөөрэй” гэж захив. Сүрлэг сайхан чимэглэл болсон эврийг шүүрч аваад буга ойдоо орчив. Замд нь морь бас нэг гоё сайхан юм олж авах санаатай тэмээнд очоод сүүлийг гуйжээ. Сайхан сэтгэлт тэмээ аанай л морины үгэнд ороод сүүлээ бас сольчихжээ.

Түүнээс хойш өдөр хоног өнгөрсөөр он удсан боловч хөөрхий тэмээ эвэр сүүл хоёрынхоо аль алиныг олж авч чадаагүй ажээ. Авлагатай амьтадтайгаа уулзаад эвэр сүүл хоёрыг нь эргүүлж өгнө гэж амласныг сануулахад цаадуул нь дооглон инээгээд буга бас нэмж хэлсэн нь:
Тэхийн эврийг тэнгэрт тулахаар тэмээний (шинэ) сүүлийн газарт хүрэхээр өгөмз гэжээ.
Тэр цагаас хойш одоо болтол тэмээ ус уух бүрдээ усан дотор эвэргүй мухар мулзан болсон дүрсээ олж хараад дур нь гутаж толгойгоо сэгсэрдэг болсон гэх ба ус хэд балгаад энэ тэр уулын орой харж эврийг нь авчирч өгнө гэж амласан бугын болздог санаад “Буга эврийг минь авчирч яваа болов уу?” гэж горьдож хардаг учраас тэр гэнэ. Бас бугын эвэр жилд нэг удаа булгарч унадаг нь тэр эвэр угаас бугад заяасан биш, тэмээнээс залилж авсны улмаас тэгдэг гэнэ.

No comments: