2009-10-28

Гэрийн хүмүүжил

Гэрийн хүмүүжил сургалтын гол зүйл: багаас нь ажилд сургах, байгаль орчноо ажиглах, байгалийг хүндэтгэх, зөв ашиглах, бэрхшээл зовлон давж сургах. Мөн хүүхдээ хүмүүжүүлэн сургаж ирсэн заншил, ёс горимд хөвгүүд охидыг балчир наснаас нь хүн авгайлах, хүндэтгэх, хүний мэнд асуух ёсонд сургах, амьдрал ахуйн уламжлалт, тоглоом наадам, дуу хуур, үлгэр оньсого цээжлүүлж бусдад ярьж өгөхөд зааж сургах, өдөр гариг, сар жилийг 12 амьтнаар нэрлэх, жилийн дөрвөн улирал, дэлхийн ертөнцийн дөрвөн зүг, найман зовхис, нутаг орны уул, ус, ургамал, баялаг, ан гөрөөс зэргээс таниулан зааж сургах гэрийн сургалт, сурган хүмүүжүүлэх арвин их хэв заншилд ёс горимд сургахаас гадна бичиг үсэгт сургаж байжээ.

Монголчуудын гэрийн хүмүүжлийн гол арга нь хөдөлмөр байж. Жилийн дөрвөн улиралд мал аж ахуйтай холбоотой мал маллах, аян жин тээх, ан гөрөө хийх зэрэг амьжиргааны арга ухаанд сургадаг байв. Хүүхдийг бага балчир гэж ялгаварлахгүйгээр хэр чадалд нь тохирсон ажил хөдөлмөрт оролцуулдаг нарийн хуваарьтай байсан нь уламжлалт ёс заншил, ном зохиолоос тодорхой харагдана. Жишээ нь гишгэж чадмагц аяга таваг авахуулах, 2-3 наснаас нь аяга сав угаалгах, хурга ишиг татуулах, 5-6 наснаас нь эхлүүлж тугал хурга хариулах, аргал түүх, айраг бүлэх, морь унах зэрэг малчин хүн зоны амьжиргааны хэрэгцээт дадал чадварыг олгож байжээ.

1735 онд гарсан “То гүнгийн 3 үсэгт” номд:
  • Хүүхдийг идэж чадмагц баруун гарыг сургана.
  • Хэлж чадмагц эрхлэх дууг үл гаргана.
  • Явж чадмагц дөрвөн зүг дээд доодыг ухуулна.
  • Мэхэсхийж чадмагц ёслол найр тавих, эцэг эхээ хүндэтгэхийг сургана.
гэжээ. Үүнээс үзэхэд монголчууд хүүхдийг хүмүүжүүлж сургахдаа хүүхдийн насны онцлог чадварыг нэлээд анхаардаг байжээ.

No comments: