Энэ сайтад тавигдсан “Үнэгүй юм ‘үнэгүй’ л байдаг-цэцэрлэг ч мөн” гэсэн өгүүллийг уншаад цэцэрлэгүүд маань юу л болж байна даа гэж эмзэглэв. Ингээд энэ сэдвээр үргэлжүүлэн бичиж байна. Үнэхээр хүүхдийн хоол үнэгүй, багшийн ажил ч үнэгүй, орчинд нь байгаа газар үнэгүй, хүүхдийн тоглоомын талбай үнэгүй, цэцэрлэгийн хашаан дотор байгаа тоглоомын хэрэгсэл үнэгүй, тарьж ургуулсан мод, ургамал ч үнэгүй учир бүгд устгагдах болжээ.
Юуны өмнө “Газар худалддаг дарга нараа!!! Цэцэрлэгийн эзэмшлийн газрыг худалдахаа болиоч” гэж хэлмээр байна. Хүүхдийн цэцэрлэг бол хүүхдийн нас зүй, эрүүл ахуйн дагуу өөрийн гэсэн орчны стандарттай байдаг. Тэр стандартыг нь барьж ажилламаар байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн амьдрах, хөгжих, эрүүл явах эрх зөрчигдөж, цэцэрлэгийн орчин нэн аюултай болсоор цэцэрлэгийн хүүхэд байшингаасаа гарах эрхгүй болжээ. Дэргэд нь өндөр байшин барьж, том том өргөх кранууд цэцэрлэгийн байшин дээгүүр аялж, цэцэрлэгийн орчин машины гарааш, машины зам, машины зогсоол зэрэг хамгийн аюултай зүйлсээр хүрээлүүлж, хүүхдийг байшингаас гарч болохгүй шүү гэж анхааруулсаар байна.
Хүүхдийн цэцэрлэгийг олшруулах талаар нэлээд асуудлыг шинээр шийдсэн боловч сургуулийн өмнөх боловсролын асуудлыг хариуцдаг яам болон орон нутгийн Боловсрол, соёлын газар, шат шатны Мэргэжлийн хяналтын газрууд дараах асуудалд анхаарал тавьж, судлан үзэж, шийдмээр байна.
Цэцэрлэгийн багш нарын ажил, ачаалал
Цэцэрлэгийн багш нарын ачаалал хэт их байна. Өнөөдөр цэцэрлэгийн багш 45-50-60 хүүхэдтэй ганцаараа ажиллахад нэн хүнд байна. Шалтгаан нь ”Сургуулийн өмнөх боловсролын хууль”-д нэг бүлэгт байх хүүхдийн тоог зааж оруулаагүй, хувьсах зардлыг хүүхдийн тоогоор өгдөг болсон, цэцэрлэгийн нийт хүүхдийг үнэгүй хооллодог зэргээс үүдэлтэй. Ингээд дээрээс аваад нийт хүмүүс хүүхдээ цэцэрлэгт шахаж өгч байна. Бид өнөөдөр хүний төлөө, хүнийг эрүүл саруул байлгахын төлөө илүү анхаарах ёстой байтал хөөрхий цэцэрлэгийн багш нар маань өдөржин (10-12-14 цаг) хүүхдийн дуу чимээнд, тэр олон хүүхдийг осол аваргүй байлгах гэж сэтгэл санаа нь уймран, бүхий л ажлаа амжуулах гэж бухимдсаар ядарч туйлдан эрүүл мэндээрээ хохирч байна. Хүүхэд багтахгүй байхад дээрээс “заавал ав” гэж тушаах, мөн эрхлэгчийг авилгаар хүүхэд авч байна гэж олон нийтийн дунд мэдээлэл түгж байгаа нь цэцэрлэгийн эрхлэгчдийг ч дарамтад оруулж байна.
Ялангуяа 2, 3 настай бяцхан хүүхдийн уйлаан шуугиан дотор нэг бүлэгт 40-45 хүүхэдтэй ажиллана гэдэг бол нөр их ачаалал бөгөөд тэнд байгаа багш төдийгүй хүүхдийн эрүүл мэндэд нэн муугаар нөлөөлж байна. Ийм нөхцөлд асаргаа сувилгаа, хүмүүжил сургалтын үйл ажиллагаа явуулах ямар ч боломж байхгүй байгааг амьдрал харуулж байна. Энэ талаар багш нар үг хэлж чаддаггүй юм байна.
Хүүхдийн цэцэрлэгийн орны тоо хүрэлцээгүй байгаагаас олон хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилгоор “сургуулийн өмнөх хувилбарт сургалт” явуулдаг нь хот, аймгийн төвийн цэцэрлэгт хүнд асуудал болж байна. Цэцэрлэгүүдийг тойргийнхоо хүүхдийг бүгдийг хамар гэсэн шаардлага тавьдаг. Ялангуяа хот, аймгийн төвийн цэцэрлэгүүдэд өдөрт нь дээр дурдсан олон хүүхэдтэй ажиллаж байгаа багшид дахин гэр орноор явж, цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг олж, тэдэнд гэрээр нь сургалт явуул, эсвэл унтлагын цагаар хагас өдрийн бүлэг ажиллуул гэсэн даалгавар өгдөг нь бас нэгэн томоохон дарамт болдог аж.
Цэцэрлэгийн багш нарын өнөөгийн дүр төрх
Цэцэрлэгийн багш нарын аж амьдрал ямар байгаа билээ, ихэнх багш нар өглөө босоод цайгаа чанаад нөхөр, хүүхэдтэйгээ хамт цайлж ундлаад гарч чадаж байна уу (гэргийн үүргийг гүйцэтгэж чадахгүй тул нөхөр нь тэсэлгүй салж явдаг тохиолдол цөөнгүй), өрх толгойлж яваа олон багш байна, цалин бага, өөрийн гэсэн гэр оронгүй айлын байр, гэр түрээслэн амьдарч байгаа багш нар ч байна.
Цэцэрлэгийн багш нарт өөрсдийн хүүхдийнхээ төлөө анхаарал халамж тавих боломж байдаггүй. Тэд хүүхдийнхээ хичээл, сурлагад туслах, эцэг эхийн хуралд нь оролцох, багштай нь очиж уулзах, хүүхэдтэйгээ хамт юм үзэх, хамт сууж хооллож ундлах, өглөө хүүхдэдээ урам өгч, сургамжийн үг хэлээд сургуульд нь явуулах, хүүхэдтэйгээ хамт амрах боломжгүй ээ. Тэд өглөө гэрийнхнээсээ хамгийн түрүүнд гарч, орой хамгийн сүүлд нь ирнэ.
Өдөртөө хариуцан ажиллаж буй бүлгийнхээ хүүхдийг эзгүй орхих эрхгүй учир цэцэрлэгийн багш нарт эмнэлэгт үзүүлэх, дэлгүүр явах, үсчинд очих цаг зав, боломж байхгүй. Өнөөдөр цэцэрлэгийн багш нарыг та харвал ядарч сульдсан, дээрээс болон удирдлагаасаа маш их дарамттай, уур уцаар ихтэй, нүүрний баясгалангүй нэгэн ажиглагдана.
Бид юу хийж, багш нартаа туслах вэ?
Бусад улс орнуудад цэцэрлэгийн хүүхдийн тооны нормативыг тогтоож, түүнийгээ хатуу баримталдаг. Эцэг эх хүүхдийн хоолны зардлын заримыг нь төлдөг, зарим оронд хүүхдийн хоолны зардлыг эцэг эх төлөхгүй, харин хүүхдийг нь асарч харж хамгаалж, хөгжүүлэх үйл ажиллагаа явуулсан үйлчилгээний төлбөрийг эцэг эх өгдөг, төлбөрөө төлөхөөс гадна эцэг эхчүүд цэцэрлэгт анхаарал тавин тусалж, хариуцлагатай ханддаг.
Манайд юуны өмнө цэцэрлэгийн багшийн ажлыг хөнгөвчлөх, эрүүл мэндэд нь анхаарч, өдөрт хүүхэдтэй ажиллах цагийг цөөрүүлэхийн зэрэгцээ хүүхдийн тоог норм хэмжээнд нь барихтай холбогдох зарим саналыг дэвшүүлж байна. Үүнд:
- Сургуулийн өмнөх боловсролын хуульд нэг бүлэгт байх хүүхдийн тооны дээд хязгаарыг зааж өгөх. Тухайлбал, 0-1 нас 10, 1-2 нас 15, 2-3 нас 20, 4-5 нас 25 хүүхэд байхаар тогтоох.
- Цэцэрлэгийн багшийн хүүхэдтэй ажиллах цагийг 6 цаг болгох ба 2 цагийг дараагийн өдрийн хүүхэдтэй ажиллах бэлтгэлийг хангахад зориулдаг болгох.
- Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улс дааж байгаа тохиолдолд хүүхдийг халамжилж, асарч сувилж, хүмүүжил сургалт явуулж байгаа цэцэрлэгийн үйл ажиллагааг үнэлгээтэй болгох. Энэ үнэлгээ нь хүүхдийн нас бага байх тутам өндөр байж болно. Эсвэл хүүхдийн хоолны зардлыг эцэг эх хариуцах. Харин эцэг эхээс гарах зардлыг хүүхдийн мөнгөнд шингээж улсаас олгодог тогтолцоонд шилжих.
- Цэцэрлэгийн хувьсах зардлыг хүүхдийн насны байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд зэргээр ялгавартай тогтоож, цэцэрлэгүүдэд олгох. Тухайлбал, нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд цэцэрлэгт байхад хоёр хүүхдийн хувьсах зардал олгож байх жишээтэй. Үүн дээрээ тулгуурлан цэцэрлэгт ажиллагсдын орон тоог шинжлэх ухааны үндэстэй тогтоох.
- Цэцэрлэгийн эрхлэгчээр мэргэжлийн бус хүн томилон ажиллуулдаг явдлыг таслан зогсоох. Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчид бол Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг төгссөн, наад зах нь цэцэрлэгт 4-5 жил багшаар ажилласан байх шаардлагатай.
Цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх асуудалд
Хүүхдийн цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, хамралтын хүрээг өргөжүүлэхийн тулд дараах асуудлыг хөндөн тавьж байна. Үүнд:
- Хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 50, 75, 100 хүүхдийнхээр барьж байгуулж байгаа боловч хүүхдээ багтааж чадахгүй байна. Төвлөрсөн газруудад олон хүүхэд хамрахын тулд 140, 160, 280 хүүхдийн барилгуудыг барих нь зүйтэй байна. Өнөөдөр Улаанбаатар хотод том цэцэрлэгүүд хэрэгтэй байна. Сумдад харин хүүхдийн тоог харгалзан 50, 75 хүүхдийн барилга байж болох юм.
- Орчин үед маш олон барилга баригдаж байна. Иймд компаний эзэд орон сууц барихдаа хүүхдийн цэцэрлэгийг тооцож, 1 дүгээр давхартаа эсрэг талаас нь ордог хаалгатай цэцэрлэгийн өрөө тасалгаанууд бүхий барилга барих, орчныг нь тохижуулсан тоглоомын талбайтай болгох практикт орвол тэр байрны хүүхдүүд элдэв хүндрэлгүйгээр шууд цэцэрлэг рүүгээ ордог, эцэг эхчүүд ч ажилдаа явахад саадгүй болно.
- Ясли, цэцэрлэгийн зориулалттай хуучин барилгын судалгаа хийж буцааж авч энэ олон хүүхдийг цэцэрлэгтэй болгох ажлыг хот, дүүрэг хиймээр байна. 1990-ээд оны эхээр ялангуяа Улаанбаатарт олон ясли, цэцэрлэгийн барилга хувь хүмүүсийн гарт шилжиж, зориулалтын бусаар ашиглагдаж эхэлсэн.
- Орон сууцны хорооллыг шинээр барихад заавал ясли, цэцэрлэгтэй эсвэл ясли-цэцэрлэгийн цогцолбортой барьдаг практикыг хэрэгжүүлэх.
Боловсрол судлалын магистр, “Зөвлөх” багш, ахмад багш Д.Нонна
2012.06.04