2012-01-03

Давалгаа сайтаас

Эх сурвалж : 

Амьдралынхаа 40 гаруй жилийн хугацаанд бага насны хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын асуудалд ухаан бодол, сэтгэл, зүтгэлээ зориулан ирсэн, одоо ч бидэнд үлгэр дуурайл болон ажиллаж байгаа Д.Нонна багшийнхаа тухай хэдэн үг тэрлэхээр шийдлээ. Тэрбээр Монгол улсад орчин  цагийн хүүхдийн цэцэрлэгийг хөгжүүлэх, багшлах болон удирдах боловсон хүчин бэлтгэх, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр боловсруулах, бага насны хүүхэд, эцэг эхэд зориулсан ном, гарын авлага бүтээх гээд өргөн хүрээний ажил хөдөлмөр эрхэлсээр ирсэн нөр их хөдөлмөрч хүн билээ. 

Юуны өмнө Д.Нонна багшийн амьдралын замнал руу нь бага боловч өнгийн харъя. 


Амьдралын замнал

Д.Нонна багш 1935 оны 5 дугаар сарын 30-нд Дашзэвэгийн анхны охин болон Москва хотод төрсөн, гахай жилтэй. 1942-1951 онд Улаанбаатар хотын орос 1 дүгээр сургуулийн бага, бүрэн бус дунд сургуулийг төгсжээ.

Зураг 1 
1953-1957 онд Улсын багшийн институтыг орос хэлний багш мэргэжлээр төгсөж, 1957 оны 8 дугаар сарын 15-наас Улаанбаатар хотын Багшийн сургуульд орос хэлний багшаар томилогдон ажиллахын сацуу 1959-1962 онд цэцэрлэгийн мэргэжилтэн В.Ф.Максаковагийн орчуулагчаар хавсран ажилласан байна. 

1962-1963 оны хичээлийн жилд Цэцэрлэгийн багшийн сургууль Багшийн сургуулиас тусгаарлан гарахад Д.Нонна багш орос хэлний болон сургуулийн өмнөх насны хүүхдийн дүрслэх урлаг, байгаль заах арга зүй, гэр ахуйн хичээлийг давхар зааж байсан аж. Ингээд 1963-1967 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуульд суралцан сургуулийн өмнөх сурган, сэтгэл судлал, арга зүйч мэргэжлээр төгсөж ирсэн.

1967-1970 онд Ардын Боловсролын яамны боловсон хүчний хэлтэс ба Хүүхдийн цэцэрлэгийн хэлтэст мэргэжилтэн, 1970-1981 онд СХУ-ны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1981-1990 онд Ардын Боловсролын яаманд хүүхдийн цэцэрлэгийн хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж байгаад, 1990 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. 

Зураг 2
Д.Нонна багш хэдийгээр тэгэвэрт гарсан ч 1991-1994 онд нийслэлийн 147 болон 122 дугаар цэцэрлэгүүдэд арга зүйч багш, Монген сургууль, Америкийн гэр цэцэрлэгт зөвлөх багшаар ажилласан байсан. Мөн “Өүлэн ээжийн төв” ТББ байгуулж, цэцэрлэгт хамрагдаагүй олон хүүхдийг сургуульд бэлтгэх буянтай үйлийг хийж ирсэн билээ. 


Миний мэдэх Д.Нонна багш

Д.Нонна багш бол ясны хөдөлмөрч хүн дээ гэж юуны өмнө хэлмээр байна. Өдгөө 70 гаруй насыг насалсан ч зүгээр сууна гэж үгүй. Уншиж судлах, бичиж боловсруулах, багш нарт зөвлөн туслах, уулзалт ярилцлага, ахмадын ажилд оролцох гээд байнга завгүй. Сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдах болсон  “насан туршийн боловсрол” буюу хүн бол хүүхэд ахуйгаасаа эхлэн насан эцэстлээ байнга суралцан хөгжиж, дэвжин дээшилж байх ёстой гэсэн үзэл санааг амьрал дээр хэрэгжүүлж буй биет төлөөлөгч. 

Орос хэл бол Д.Нонна багшийн бараг төрөлх хэл нь гэлтэй. Орос хэлээр гарсан сэтгүүл, ном хэвлэл, сүүлийн үед мөн вэбсайтуудын идэвхтэй хэрэглэгч. Хувийнх нь онцлогоос дурдахад сайн хань, сайхан ээж, эмээ. Өмсөж зүүхээ тохируулж биеэ сайхан авч явна, жимс, ногоо ургуулж арчлахдаа гаргуун, олон төрлийн амтлаг сайхан хоол, зууш, ундаа, нарийн боов хийнэ. Шулуун шударга, няцаж шантраад байдаггүй, санаж бодсоноо шууд л хэлчихнэ. Энэ нь зарим хүний дургүйг хүргэдэг ч байж болох.  

Ойрын жилүүдийнх нь ажил Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын түүхийг судлах, бичиж цэгцлэх, мөн энэ салбарын тулгын чулууг тавилцаж, ажиллаж байсан ахмад хүмүүсийнхээ түүх, дурсамжийг бичихэд голлон чиглэж байна. Саяхан Д.Нонна багшийн “Монгол улсын сургуулийн өмнөх боловсрол хөгжиж ирсэн нь” ном хэвлэгдэн гарсан нь хойч үедээ үлдээж буй үнэ цэнэтэй бүтээл юм. Одоо энэ түүхэн зохиолд бичигдсэн зарим зүйлсийг үргэлжлүүлэн нарийвчлан судлах, зарим материалыг интернетэд тавьж олны хүртэл болгоход цаг заваа заран сууна.  

Багшийн багшийн багш 

Д.Нонна багшийн багшлах ажил дээр дурдсанаар өдгөөгөөс хагас зуун жилийн тэртээ эхэлсэн. Цэцэрлэгийн багш бэлтгэх сургуулийн анхны багш нарын нэг.  

Зураг 3
Тэрбээр 1957-1963 онд Багшийн сургууль, Цэцэрлэгийн багш бэлтгэх сургуульд багш, мөн дараа нь удирдах болон эрдэм шинжилгээний ажил хийх явцдаа УБДС, Цэцэрлэгийн багшийн сургууль, “Лаавай” дээд сургуулийн цэцэрлэгийн ангид цагийн багшаар ажиллан нийт 40 шахам жил багшийн ажил хийж ирсэн. Түүний бэлтгэж гаргасан олон хүмүүжүүлэгч багш, эрхлэгчид манай орны өнцөг булан бүрт амжилттай ажиллаж ирснээс заримыг нь дурдахад Л.Балжид, С.Урмаа, С.Майдаржав нар нь “Монгол улсын гавьяат багш” цол хүртсэн билээ. Шавь нар нь ч дараагийн үеийн багш нараа дадлагажуулан бэлтгэсээр. Ийнхүү Д.Нонна гэсэн нэрийн ард “багш” гэж хэлдэггүй хүн энэ салбартаа л үгүй билээ. 

1976 оноос багш нарын мэргэжил дээшлүүлэх курсэд ирсэн (таван жил тутамд цэцэрлэгийн багш, эрхлэгчид мэргэжил дээшлүүлэх 1 сарын курсэд хот, хөдөөнөөс ирдэг байсан) цэцэрлэгийн багш нарт сургалтын шинэ технологийг эзэмшүүлэх зорилгоор ЗХУ-ын нэрт сэтгэл судлаач А.В.Запорожцын нэрэмжит эрдэм шинжилгээний байгууллагаас эрдэмтдийг урьж, сургуулийн өмнөх боловсролд гарч байгаа шинэлэг зүйл болон туршлагаас 1 сарын семинар-сургалт явуулж, тэдэнтэй тогтмол холбоотой ажиллан өөрийн орны цэцэрлэгийн багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлдэг байсан тул 1988 онд СССР-ийн Гэгээрлийн яамны “ПОЧЁТНАЯ ГРАМОТА” (хүндэт жуух)-аар шагнуулж байв. 

Д.Нонна багш гавъяаныхаа амралтад гарсныхаа дараа 1994 оноос “Өүлэн ээжийн төв”- төрийн бус байгууллага байгуулж, олон улсын байгуллага болох “Английн хүүхдийг ивээх сан”-тай хамтран цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг сургуульд бэлтгэх үйл ажиллагааг эхлүүлэн Улаанбаатар хотын гэр хороолол, Өвөрхангай, Өмнөговь, Архангай аймаг, Дархан хотын цэцэрлэгт хамрагдаагүй 22000 хүүхдийг сургуульд бэлтгэн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид амжилттай элсүүлсэн. Ийнхүү тэрбээр бяцхан хүүхдүүдийн багш, мөн тэдний багшийн багшаар ажилласаар ирэв. 

Эрдэм шинжилгээний ажилтан, түүний бүтээл туурвал

Д.Нонна багш 1970-1981 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байхдаа сургуулийн өмнөх 0-6 настай хүүхэд дээр судалгаа хийж, түүн дээрээ тулгуурлан цэцэрлэгийн хүмүүжил, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгон 1976 онд “Цэцэрлэгийн хүмүүжил сургалтын программа”, 1982 онд шинээр “Яслийн хүүхдийн хүмүүжил сургалтын программ”-ыг  орон тооны бус эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтарч боловсруулж гаргасан.