2014-12-02

Монгол дээл

Хичээлийн сэдэв: “Монгол үндэсний хувцасны тухай”.

Оньсого: “Гартай байж хөлгүй
                   Хүзүүтэй байж толгойгүй”        /Дээл/.

Хичээлийн зорилго:
  • Хүүхдэд үндэсний хувцасны тухай ерөнхий ойлголт өгөх
  • Хувцас зориулалтаараа олон янз байдаг тухай
  • Үндэстэн бүхэн өөрийн онцлогтой хувцас өмсдөг тухай
  • Хувцас хийхэд эд материалын өнгө чухал үүрэгтэй танилцуулах
  • Хүүхдийн яриаг хөгжүүлэх, зарим үгийг хэлүүлж сургах
  • Зураг дээр байгаа хувцасны ялгааг олж тодорхойл ярих
  • Үндэсний хувцаснаас аль нэгийн зурах.
Хичээлийн бэлтгэл:
  • Үндэсний хувцастай зураг бэлтгэх
  • Багш хүүхдүүд бусад бүх хүмүүс үндэсний дээл хувцас өмсөж ирэх
  • Үндэсний хувцасны хээ угалзыг харуулсан үзүүлэн бэлтгэж ирэх
  • Үндэсний хувцас зурах зургийн хэрэгслийг бэлтгэх
Хичээл үйл ажиллагааны явц:
  • Хичээл үйл ажиллагааны зорилгоо танилцуулах
  • Хэн хэн ямар хувцастай ирснийг тойргоор зогсож хооронд нь төрөлжүүлнэ. Жишээ нь: дээлтэй хүүхдүүд нэг талд, хантаазтай хүүхдүүд нөгөө талд, малгайтай хүүхдүүд зэрэг ялгааг хүүхдүүд ажиглан тодорхойлж / ямар хувцас юу гэж нэрлэдэг, ямар ямар хэсгээс бүтсэн / хувцас тодорхойлох схемээр/ байна, ямар өнгөтэй, ямар эд материалаар хийсэн байна, чамд ямар хувцас таалагдаж байгаа зэргийг /ярина.
Хувцасны магтаалаас уншиж өгөх:

Т.Алтанцэцэг “Унага даагатай болно”.

Ээж надад                             Унага даагатай
Дээл хийв                              Хойд талаа бүрхсэн
Урд хормой нь                      Хонь хургатай
Унага даага                            Болох юм байна
Хойд хормой нь                    Том болоод
Хонь хурга гэж                      Малчин болно
Намайг ерөөв                        Шинэ дээл
Унага даагатай болно           Өмссөн хүүхдүүд
Олон дахин                           Бүгд адилхан
Шинэ дээл өмсвөл               Ерөөлгөдөг болов уу.
Урд голоо дүүрсэн


Үндэсний хувцасны тухай багш нарт зориулан энэ сэдвийг оруулж та бүгд хүүхэдтэйгээ ярилцахад нэмэр болгох зорилгоор Х.Нямбуугийн “Хамгийн эрхэм ёсон” гэсэн номоос авлаа.

Хүмүүс өөрийн амьдрал ахуйн болоод гоо сайхны хэрэгцээ шаардлагыг харгалзан хувцсыг бүтээж хэрэглэсээр иржээ. Иймд хувцсыг дотор нь өдөр тутмын, ахуйн нөхцөлд тохирсон ердийн хувцас, баяр ёслол, гоёлын хувцас, тусгай зориулалттай хувцас гэж хуваадаг.
Хувцсыг хэнд зориулснаар нь эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувцас гэж ялгах бөгөөд хийх эд , оёх, урлах арга, гоёл чимэглэл зэрэг нь өвөрмөц байна.
Ястан нарын оршин суудаг нутгийн байгаль, цаг уур, хийж буй хөдөлмөрөөс шалтгаалан өөр өөр байна. Хувцас нь халх, буриад, казак, үзэмчин гэх мэтээр өөр өөр байна.
Авгайчуудын гоёлын дээл, тэрлэгийг тод улаан дэвсгэртэй, ногоон, ягаан өнгийн навч цэцгэн хээтэй торгоор хийдэг. Дээлийн энгэр, зах зэргийг хөх хоргойгоор эмжинэ. Дээл, тэрлэг ний ташааг хоргойгоор эмжинэ. Дээлийн ханцуйн гадрыг улаан өнгийн хас, хаан бугуйвч, хатан сүйх, навчин хээтэй цагаан хоргойгоор, ханцуйн дотор талыг шар саа, уруу хээтэй улаан торгоор хийнэ. Дээл тэрлэг ний товч шилбийг саагаар хийж, энгэр хос, зах суга, ташаанд нэжгээд товч хадна. Дээл тэрлэг ний ханцуйд үргэлж буюу саланги хоёр янзын нударга хийдэг.
Дээлээс гадна ууж гэдгийг өмсөнө. Ууж нь ханцуйгүй энгэр нь тууш задгайд дээлээс өөр өнгөөр хийнэ. Авгайн дээл нь зах энгэр, ханцуй ар өвөр, дотоод хормой, мөрний цүдгэр гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ. Эмэгтэй хүний дээлийн өнгөний хослол хээ гоёл ол, сэлт нь бүсгүй хүний намба төрх, нүүр царай, түүгээр үл барам унах морины зүс тохох эмээлийн өнгө, гоёл зэрэгтэй зохицно.
Эмэгтэйчүүдийн дээлийг хонины элдсэн цагаан нэхий дээл даавуу даалимба, чисчүү, торгоор гадарласан хурган ,ишгэн, дээлийг өмсдөг. Эрэгтэйчүүдийн дээл нь энгэр, зах,гадаад дотоод хийгээд ар өвөр, хормой, ханцуй, товч шилбэ зэргээс бүрдэнэ. Ардын хувцас нь улирлын байдалд тохирох үндсэн хоёр янз бөгөөд урин цагт дан тэрлэг, давхар тэрлэг, хамба, элгэн дээл, нимгэн дээл, одончуу дээл, хөвөнтэй дээл, хурган дээл сэгсүүргэн дээл, сармай нэхий, азарган нэхий дээл, ишгэн, ямаан илбэнх, хярсан, чонын, туулай,аргаль зээрийн арьсан дотортой дээл, их хүйтэнд дээлийн гадуур ямаан дах, нохой, чоно, баавгайн арьсан дах давхац өмсөнө.
Монгол хувцас нь хүрэм, хэв нэг, хантааз, дах, бүс цамц, малгай, гутал зэрэг олон төрлийн хувцас орно. Хүрэм гэдэг нь эрэгтэйчүүдийн ан авлах, мал хариулах зэрэг голдуу явган явахад зориулсан хувцас юм. Хэв нэг гэдэг нь зун намрын хүйтэн борооны үед болон сэрүүн цагт хээр явахдаа ахрын эсгийгээр хийсэн хэв нэгийг давхац болгон дээл дээр өмсөнө. Хантааз нь цээж хувцасны нэг төрөл, эрэгтэйчүүдийн баяр ёслолын өмсгөл юм. Хантаазыг гоёлын ба энгийн гэж ангилна. Гоёлын хантааз нь өлзий хээгээр чимэглэсэн эмжээртэй байна. Дах нь өвлийн хүйтэнд хүн алс хол юманд явахдаа өмсдөг дулаалгын зориулалттай давхац юм.

Бүс. Дээлийн бүс нь үндсэн хоёр зориулалттай. Нэгдүгээр үүрэг нь урт хормойтой хувцсыг хумин эвтэйхэн, дулаахан болгох явдал юм. Нөгөө үүрэг нь хүн алив хэрэгцээтэй хутга, хавтага, байлдааны болоод ангийн сүх сумны саадаг, агс арга зэргийг биедээ байнга авч явах зориулалттай юм. Өөрөөр хэлбэл өөрийн биед байнга авч явах зүйлийг бүсэндээ хавчуулж явна. Бүсийг хэдэн янз бүсэлнэ. Бүсийг мөн гол дундуураар нь араас нь биеэ ороож бүслэх нь нийт халхад дэлгэрсэн билээ. Бүсийг ороож бүслэхдээ голоор нь хоёр хувааж, биеийнхээ урд талаас эхэлж, ар тийш ороож өмнөө бүсний үзүүрийг зөрүүлэн гогцоолон чангалаад хоёр үзүүрийг хоёр ташаанд унжуулж хавчуулна. Энэ нь бүс алдуурахгүй, нөгөөтэй гүүр гоё харагддаг гэнэ. Үүнийг буриад бүслэлт гэнэ. Бүсний дундуураас нь биеэ ороож бүслээд хоёр үзүүрт нь гогцоо гаргаж түүнийг хоёр ташаандаа хөг барим хэмжээний унжуулж, бүслэхийг үзэмчин бүслэлт гэнэ. Бүс нь бас гоёл болох учир өмнөх хувцасны өнгөнөөс шалтгаалан бүсний өнгө янз бүр байна. Даавуу бүсний үзүүрийг сэмлэж гоёмсог болгон цацаг гаргах учир ч бий. Бүсийг дотор нь гоёлынх, ажлынх гэж ялгахын зэрэгцээ бас эмэгтэйчүүдийн, эрэгтэйчүүдийн, хүүхдийнх гэж ангилна. Бүсгүйчүүд бүс бүсэлдэггүй байсан учир эмэгтэйчүүдийг бүсгүйчүүд гэж нэрлэжээ. Дээлийн бүс бүслэх, тайлах зэрэгтэй холбогдсон ардын зан заншилтай. Дээлийн бүс бол хоёр хагасаас дөрөв хагас метр байхад хүрэлцээтэй гэж үздэг.
Бүсийг бүслэхдээ ямагт нар зөв эргүүлэн үзүүрийг нь баруун ташаандаа хавчуулна. Монгол хүн бүс дээр огт гишгэхгүй дээгүүр нь алхах ч ёсгүй. Шөнө унтахдаа бүсээ тайлж, аман хүзүү зангиагаар зангидаж, орны дэрний хавьд тавьдаг заншилтай. Бүсийг алив задгай таран хайг бэхлэн батжуулж, салсан сарнисныг эвлүүлж, бүтээх утга агуулдаг гэдэг болохоор монголчууд бүтээх төрийн сүлд хэмээн эрхэмлэнэ. Мөн хүн бүсээ өөр хүнтэй солихгүй, харин хар элгэн хүнтэй анд бололцох, хүж барилдан ёс гүйцэтгэх үед бие биеэ итгэж буйн тэмдэг болгон бүсээ солин бүсэлдэг заншил байсан нь эртнээс уламжлагдсан байна.
Монголчууд бүсээ зангидахыг цээрлэнэ. Хэрэв бүс зангидвал тэр чигээр нь гурав хонуулаад, хамгийн ахмад хүнд очин миний бүсний зангиаг тайлна уу гэж хүсдэг. Ахмад хүн уг эзнээс юу олсон үзсэнийг асуухад, бүс зангидсан хүн гурав хоногийн хугацаанд юу үзсэн, олсноо хэлдэг ёстой. Мөн ахмад хүн эхлээд тэр хүний үзсэн одсон зүйлийг аль бэлэгтэйг тайлбарлаж, уул зангирсан бүсийг тайлдаг байжээ.


Монгол дээл хувцасны ерөөл, магтаал шүлэг дуунаас.

Урт настай                                             Дотоод хормойг ий чинь
Удаан жаргалтай                                   Тос өөхөөр мялаатугай
Урд хормойг ий чинь                            Тооноор гарч
Унага даага                                            Торгон дээл өмсөөрэй / өмстүгэй/
Хойд хормойг ий чинь
Хурга ишиг гишгэтүгэй.

Эзэн нь мөнх                                           Ар тал нь
Эд нь хэврэг                                           Айраг тараг
Энэ жил даалимба                                 Өвөр тал нь өөх тос.
Ирэх жил чисчүү, торго өмсөөрэй.
Дотоод хормойг ий нь                           Урд хормой нь унага даага
Тос өрмөөр мялаая                                 Усан Тэлмэн жороо хүлэг
Ар хормойг ий нь                                    Хойд хормой нь хонь хурга
Айраг таргаар мялаая                           Хонгор улаан ботго тором
Эзэн нь мөнх                                           Дотоод энгэр нь тос өөх
Эд нь хэврэг байтугай                            Толин ташаа нь тараг цагаа.
Энэ жил даалимба
Ирэх жил торго өмсөөрэй.

Д. Пүрэвдорж “Хөх даалимбан тэрлэг” найраглалаас

Уургын уртыг барина гэж                      Унаган туруу нударга тавилаа
Уужим сайхан суга тавилаа                   Эргэцээ морины эргээ бодож
Уулын жавар унана гэж                         Элбэг сайхан ташаа тавилаа.

Хувцасны магтаал дуут бүжиг”.

Бөмбөрцөг дэлхий хэлбэртэй                         Эцэг өвгөдийн хийсэн
Бүслүүр хавчаар тохирсон                              Дөрвөлжин захтай дээл
Бөөрөнхий дуг ариг тоорцог                          Эргэн тойрон мөшгө өртэй
Толгой дээрээ дэгжин                                     Элбэг маягийн хувцас

Мяндсан дурдан бүсийг                                    Уранаа гаргаж оёсон
Маягийн нь тааруулж ороосон                          Утас гаргаж чимсэн
Мянган түмний үзэсгэлэн                                  Удамт Монголын хувцас
Манай нутгийн заншил                                      Уудам нутагтаа дэгжин.

БНМАУ-ын угсаатны зүй” номоос

Урд хормой дээр чинь                                     Энгэр захыг нь
Унага даага гишгэл                                          Эрдэм номоор мялаая
Хойд хормой дээр чинь                                   Гадаад хормойг нь
Хонь хурга харайлга                                        Ганзаганы сур чимэг
Дотоод хормой дээр чинь                             Урд хормойг унага даага
Тос өөх наалд                                                 Хойд хормойг нь хонь хурга дагаг
Эд нь хэврэг                                                   Энэ жил даавуу даалимбаар хийв
Эзэн нь мөнх                                                  Ирэх жил торго дурдангаар хийнэ.

Хувцасны ерөөлөөс

...Том жижиг биедээ                                        Торгон дээл дотуур хувцас
Тохируулж хийсэн хувцсыг чинь                  Хар цагаан хурган дээл
Тоймтой хэдийг хэлье                                      Хавар намрын өмсгөл
Хатуу ултай хром                                             Үнэт даавуу, үйтэн хуайр дээл
Хаймаар ултай гутал                                      Минжин малгай, чисчүү тэрлэг
Халзан сарьстай                                             Идэр гурван есийг
Хамар богиновтор наамал                             Ирмүүн сүрхий хүйтэнд
Дугуй малгай, дурдан бүс                             Эдэлж өмсдөг
Дулаан хувцас хөвөнтэй дээл                       Эсгий гутал, илбэнх хүрэм
Хөнгөн хувцас                                                Үстэй дээл, үнэгэн малгай хүртэл байна.

Т.Жамъянсүрэн “ Миний дээл”

Ээжийн оёсон шинэхэн дээл                       Тос өөхөнд шүр гэмгүй дээл
Эвтэйхэн хөнгөн хөөрхөн дээл                   Хийсэн эд нь хиргүй байг
Тоног эмжээр нь зохисон дээл                    Хийлгэсэн эзэн нь хийморьлог яваг гэж
Товч шилбэ нь тохирсон дээл                     Ачит ээжийн минь ерөөсөн дээл
Тоос шороон дээр хөрвөөлгүй дээл          Айлын эгчийн мялаасан дээл.

Т. Бат-Очир “Бойтог минь”

Аавын зэхэж элдсэн
Хонины нэхий бойтог минь
Ажаа гийн зүүж өгсөн
Хонхон чимэгтэй бойтог минь
Аавын алганд өөдөөгөө болсон
Алтан босгонд өлмийгөө өргөсөн
Бойтог минь! Бойтог минь!
Бодлын хөөрхөн бойтог минь
Ээжийн эсгэж цойлсон
Эвтэй сайхан бойтог минь
Эмээгийн мялааж хайрласан
Энхрий зөөлхөн бойтог минь
Дахилт
Даахин насанд хүргэсэн
Дахиж багтаагүй бойтог минь
Дэлхийг алхахад тусалсан
Дэм нь багадаагүй бойтог минь

Юнна Мориц “Ягаан муурын нууц” номоос /1991 он/

Оймсоо угаацгаа “.

Хиртэй оймсоо шүүгээ уруу
Хэзээ ч битгий шидээрэй
Оронд биш шоронд орсон шиг
Оймс гуньдгийг санаарай!
Авдар дахь оймс гүйж чадахгүй
Алаг бөмбөг элдэх аргагүй
Уйтгарласаар уужирсан хойно нь бол
Угааж булхаад ч нэмэргүй!

Түргэхэн зуур оймсоо тайлаад
Түмпэнд хийсэн дээр!
Бамбар сан хөөстэй савантай усанд
Базаж угаасан нь дээр!

Гоё түмпэн үгүй бол
Гоожуурын цоргонд тос!
Халуун хүйтэн гоожуургүй бол
Харз булаг уруу нис!

Тийм ус байхгүй бол
Тэнгист угаасан ч болно доо!
За эсвэл нуур цөөрөмд
Зайлаад ч авч болно шүү!

Оймсоо угаана гэдэг чинь
Онцгой чухал соёл шүү!
Оймсоо угаана гэдэг олон бүхний ажил гэж
Усан зэрэг худлаа хэлэхгүй уран найрагч, та нарыг хуурахгүй!

Хиртэй оймсоо шүүгээ уруу
Хэзээ ч шидэж болохгүй гэж
Даян дэлхийн хууль дүрэм ч
Давтан бас батлаад өгнө.

Шивэртэй оймсоо шүүгээ уруу
Шидэх дуртай бүхнийг
Хавийнхан нь дооглох хэрэгтэй
Хатуу торгох эрхтэй.


Оньсого

Шилэн дээр явагч 
Шидээстэй нөхөр
Шилэн хүзүүн дээр
Шидээстэй явна
Ширүүн бороо ноор
Хэрэг болно
Хүзүү сээрэн дээр
Хүлээстэй явна
Хүйтэн сэрүүнд
Хэрэг болно. / Юүдэн малгай/.

Хүн гэхэд хүзүүгүй
Хөх үүр гэхэд ёроолгүй. / Дээл/.

Хоёр хар морийг
Нэг хүн
Хол ойр ялгаагүй
Зэрэг унадаг. / Гутал/

Өглөө бүр холбож залгана
Үдэш бүр холдуулж салгана. /Товч шилбэ/

Сургах тоглоом. “Ижлийн ол!”.

Бээлий. гутал, оймс зурсан зүсмэл зургуудыг хүүхдэд тарааж өгөөд багаараа сууж ижлийг нь олох даалгавар өгнө. Хэний бага түрүүлж ижлийг олсон нь урамшуулалтай.

Хувцсыг дараах байдлаар тодорхойлж ярилцах. Үүнд:
  • Ямар өнгөтэй, хээтэй
  • Ямар улиралд өмсдөг хувцас
  • Хэнд / хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд эсэх/ зориулагдсан хувцас
  • Ямар үед өмсдөг хувцас
  • Хувцас нь ямар хэсгүүдээс бүтсэн байна
  • Хувцсыг ямар идээр хийсэн зэргийг хүүхдээс асууж ярилцана.
Хичээлийн төгсгөл

Ажиглаж ярилцсан хувцаснаас хүүхдүүд зурж будах боломж өгч хичээлийг төгсгөнө.

Цэцэрлэгийн багш нарт. Та бүгд дээр өгсөн зүйлээс өөрийн хичээл үйл ажиллагаандаа ашиглан хүүхдэд Монгол үндэстний хувцас танилцуулахад зориулан энэ конспектыг өгсөн юм. Энэ бүгдийг хуулах биш өөрсдөө бүтээлчээр хандахыг хүсье .
Ашигласан ном:
  1. Х.Нямбуу “Хамгийн эрхэс ёсон”
  2. БНМАУ-ын угсаатны зүй” ном
  3. Монголын хүүхдийн уран зохиолын дээж” 1+р боть 2009 он
  4. Багачууддаа уншиж өгөөрэй 2” 2014 он

Ахмад багш, “Зөвлөх багш” “Сургагч багш” Д.Нонна. 2014. 12. 01.