Showing posts with label 5-6 нас. Show all posts
Showing posts with label 5-6 нас. Show all posts

2019-01-29

Хөдөлгөөнт тоглоом

 “БОР ШУВУУ” 


Тоглоомын зорилго: Өндөрлөг газар дээрээс үсэрч буух, буцаад гарч чаддаг, тарж гүйх, багшийн дохионы дагуу хөдөлгөөнийг хийлгэж сургана.

Тоглох арга: Хүүхдүүд бага зэргийн өндөрлөсөн  (өндөр нь 5-10 см байна) урт сандал, банз, шоо, модны тайрдас дээр тасалгаа буюу талбай дээр нэг талд зогсоно. Багш хүүхдүүдэд хандаж “ гадаа нар гарлаа, бор шувуунууд үүрнээсээ гарлаа,  үр тариа олж идэж байна” гэж хэлнэ. Хүүхдүүд өндөрлөгөөс бууж тасалгаа буюу талбайгаар тарж нисээд зарим нь газар дээр өвдөглөж гараараа  шал буюу газар дээр хуруугаараа тоншино (иднэ). Багш “бороо орлоо бүх шувуу үүр уруугаа нислээ” гэж хэлэхэд хүүхдүүд буцаж өөрсдийн байрандаа очно  (өндөрлөг дээр гарна). Өндөрлөг нь хүрэлцээтэй зайтай хүүхдүүд тарж очиж өндөрлөгт гарах боломжтойгоор сандал шоо, банз бэлтгэсэн байна. Зөөлөн буух, эргэж өндөрлөг дээр яаж гарах зэргийг зааж өгөх ба хүүхдэд тусална. Олон дахин давтан тоглосны дараа  тоглоомыг зөвхөн  “ нар”, “бороо” гэж нэг үгээр удирдана. 

2017-07-31

Унаганы зүс

Эцэг эхчүүдээ Т. Жамъяансүрэнгийн   Унаганы зүс шүлгийг 
5-6 насны хүүхдүүддээ уншиж өгч цээжлүүлээрэй.


Зэвэг ахын
урд зэлэн дээр
          Зэсэн олон
          унага байлаа
Цөмийг нь зүсэлж
чадах уу гэж
          Цэрэн ах
          надад хэллээ

Хамгийн урдах нь
Халиун
          Хажуу дахь том нь
          Хар
Хойдох жижиг нь
Хонгор
          Хэвтэж байгаа нь
          Хээр
Зэрэгцэж байгаа нь
Зээрд
          Ард нь туригдаг нь
          Алаг
Цаана нь цавчилдаг нь
Цавьдар
          Саяын босдог нь
          Саарал
Сааралын наадах нь
Буурал
          Цорвойж байгаа нь
          Цоохор
Хөрвөөж байгаа нь
Хүрэн
          Босож суниадаг нь
          Бор
Хулмайж хаждаг нь
Хул
          Шарваж байгаа нь
          Шар гэж

Цөмийг нь би
зүсэлж гүйцээд
          Зөв үү гэж
          лавлан асуутал:
Шарга гэхийг л
шар гэж
          Яльгүй жаахан
          самуурсан ч гэлээ
Адууны зүсийг
андахгүй мэддэг
          Адтай сүрхий
          эр юм гэлээ.

2015-12-10

Хэл яриаг хөгжүүлэх –4

5-6 настай хүүхдэд уншиж өгөх ба цээжлүүлэх
Хүүхдийн хэл зүгшрүүлэх үгс

Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлье. Эх хэлээ эзэмшье.

Бага насны хүүхдэд шүлэг, оньсого, зүйр цэцэн үгс, жороо үгсийг эхлээд том чуул нь урнаар хэд хэдэн удаа уншиж өгнө. Дараа нь үг болгоныг тайлбарлан өгөөд дагуулж үг болгоныг хүүхдээр хэлүүлнэ. Хүүхдэд шүлгийг цээжлүүлэхэд байнга өдөр бүр давтаж тогтоолгоно. Хүүхдийн үгийн санг нэмэгдүүлэх, уран тод хэллэгт сургахад нэмэр болгох зорилгоор эцэг эх, багш нарт зориулан доор хи материалыг өглөө. Үүнд:

Д.Нацагдорж “Хэнз хурга”

Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг
Мярас мярас майлж
Намайг чиглэсээр ирдэг
Дун цагаан үстэй
Дуран хар нүдтэй
Түмэн хонины дунд
Түүнээс хөөрхөн амьтангүй
Төрсөн хотон дотроо
Тэр бид хоёр тоглодог.
Өвдгөө сөгдөж байгаад
Өөрийнхөө ээжийг хөхдөг
Өвөр дээр минь гараад
Өхөөрдмөөр өхөөрдмөөр эрхэлдэг
Нааш цааш дэгдэн
Малчин эзнээ баясгадаг.

“Миний цэцэрлэг”

Хашаа хүрээ нь цэв цэвэрхэн
Хаалга үүд нь тэв тэгшхэн
Шил цонх нь тув тунгалаг
Ширээ сандал нь шив шинэхэн
Хүүхэд бидний хүмүүжлийн өлгий
Багачууд бидний баярын дэлхий
Цэцэрлэгтээ бид хайртай
Цэцэрлэг минь бидэнд хайртай.

“Найзаа үдъеэ”


Ахлах ангиа төгсөөд
Бага сургаальд дэвшлээ
Эгч ах нар минь баяртай
Эрдэм номдоо шамдаарай

Ахлах ангиа төгсөөд
Бага сургуульд дэвшлээ
Ах эгч нар минь баяртай
Амжилтай сайн сураарай

“Хавар”


Хавар, хавар сайхан
Халуун дулааныг авчрана
Хавар, хавар гоёхон
Хамаг бодисыг ногоорулна.

Хавар, хавар урьхан
Хүүхэд амьтныг төлжүүлнэ
Хавар, хавар хүслэн
Хавар шиг бид цэцэглэнэ.

“Цэцэрлэг”


Манай цэцэрлэгийн хүүхэд
Хүүхэд баярладаг газар
Газар газрын хүүхдүүд
Хүүхэд бүр дотно
Дотно ая сайхан
Сайханд дуртай бид
Бид бүгдээрээ хүүхэд
Хүүхэд баярладаг газар
Газрын сайхан цэцэрлэг
Цэцэрлэг манай гэр.

“Муухай”

Гар нүүрээ угаахгүй
Халтар явбал муухай
Бөөс хурсаа арилгахгүй
Бохир явбал муухай

Хувцас хунараан оёхгүй
Хиртүүлэн явбал муухай
Хуруу хумсаа цэвэрлэхгүй
Хир суулгавал муухай.

“Цас”

Цас цас будрана
Цагаан хуваар дэлгэрэнэ
Мөнгөн дэлхий гялалзана
Мөнч сайхан харагдана.

Цас цас будрана
Цагаан цэцэг хаялана
Хас дэлхийг цайлгана
Хавтай сайхан үзэгдэнэ.

“Миний морь”


Миний морь зээрд морь
Гүйдэл сайтай тарган морь
Чиний морь хул морь
Хол ойрдоо алдартай морь.

“Найзаа угтая”


Бага найз ирлээ
Баярлан баярлан угтая
Сая танилцсан чамтай
Сайхан нөхөр болъё.
          Бяцхан нөхөд ирлээ
          Бид бүгдээрээ угтая
          Сая танилцсан чамтай
          Сайхан ханилж явъя.

“Од тоольё”

Дүүдээ дүүдээ наашаа ир
Тэнгэрийн одыг тоолж үзье
Нэг,хоёр, гурав, дөрөв, тав
Нийлээд хэд байх вэ
Тоолоорой, тоолоорой
Тоог мэдвэл хэлээрэй.

Д.Навансүрэн “Хавар”

Хавартай би найзлан даа
Хамт гадаа наадандаа
Усны шувууг угтан даа
Уран зэрэглээг харандаа
          Хавартай би найзландаа
          Хамт ажил хийнэ дээ
          Зүлэг модоо усландаа
          Шүлэг номоо уншин даа.

“Хурга минь”

Тун цагаан хурга минь
Тун чхөөрхөн ааштай
Тормогор хар нүдтэй
Торгон сайхан үстэй
          Түмэн хонины түрүүнд
          Тоглон дэгдэн гүйнэ
          Төрсөн нутгийн минь чимэг
          Түмэн сүргийн минь эрдэнэ.

“Тугалчин хүү”


Тугалын сүрэг бөмбөр бөмбөр
Тоос татлан манас манас
Тугалчин хүү жирс жирс
Тушаа шилбүүр тас няс

“Миний хурга”


Миний цагаан хурга
Май май майлдаг
Угжтай сүүгээ нэхээд
Уруулаа дологоод майлдаг
Хормойг үнэрлээд дагаад
Хурууг өмхөд мөмдөдөг
Араг дээр үсрээд
Алиалан тоглож нааддаг
Миний цагаан хурга
Майлаад намайг дагадаг.

“Таван хошуу мал”


Дэл сайтай азрага
Дэлэн сайтай гүү
          Сүр сайтай бух
          Сүү сайтай үнээ
Ноос сайтай хуц
Ноолуур сайтай хонь
          Эвэр сайтай ухна
          Үйлдэр сайтай ямаа
Хүч сайтай буур
Хөх сайтай ингэ

“Бэлэг”


Ээждээ би баяраар бэлэг өгмөөр байна
За байз бодоё , заавал бэлэг бэлтгэе
Эрээн бөмбөг өгвөл, ээж авахгүй
Тоглоом өгөөд яах юм бэ
Томчуул ямар тоголдог биш дээ
Ингээд ер нь надад илүү юм алга
Зурсан зургаа бэлэглээд,сурсан дуугаа дуулж өгьё.

Т.Баточир
“Бойтог минь”


Аавын зэхэж элдсэн
Хонины нэхий бойтог минь
Ажаагийн зүүж өгсөн
Хонхон чимэгтэй бойтог минь
          Аавын алганд өөдөөгөө болсон
          Алтан босгонд өлмийгөө өргөсөн
          Бойтог минь. Бойтог минь.
          Бодлын хөөрхөн бойтог минь,
Ээжийн эсгэж цойлдсон
Эвтэй сайхан бойтог минь
Эмээгийн мялааж хайрласан
Энхрий зөөлхөн бойтог минь
          Дахилт
Даахин насанд хүргэсэн
Дахиж багтаагүй бойтог минь
Дэлхийг алхахад тусалсан
Дэм нь багадаагүй бойтог минь
          Дахилт

“32 хул тоолох”

Дэн дун хул
Дэрсэн хул
Ян ян хул
Ясан хул
Бөн бөн хул
Бөндийсэн хул
Сайн эрийн хорин таван хул
Муу эрийн арван хул
Муу тоолвол таван хул
За тоолъё.

32 цагаан лонх
25 хулыгнэг амьсгалаар тоолох

“За, би нэг сайн эр болж 32 цагаан лонхыг нэг амьсгалаар тоолъё гээд тоолно.

Хүүхдийн хэл зүгшрүүлэх үгс

Эргэн дээр элээ хэрээ галуу гурав байна.

Ээрүүл хайруул бариул, билүү чулуу илүүр.

Хадлан руу мал оруулуузай, харгана руу хонь оруулуузай.

Хулан жороо хурдан жирийнэ, хуйвтай шилбүүр хуйлран эвхрэнэ.

Ах, аавын араг савраар аргал хоргол түүлээ.

Ихэр мухар хоёр ишиг, эрх хув хар нэг ишиг.

Аргал том арга бага болохоос, арга том аргал бага биш.

Арван тарвага арвуулаа тарган уу, арван тарвага арвуулаа эцэнхий юу.

Төлгөн хонинууд түргэн хөлтэй үү, иргэн хонинууд түргэн хөлтэй юу,

Бөөрийн талд явахад бөөрөнхий хамхуул бөмбөрөн бөмбөрөн, өнхрөн өнхрөн, өнгөрөн өнгөрөн хийслээ.

Эрээн давуу бараан даавуу хоёрын эрээн нь барааны дор гэсэн болохоос, эрээн давуу бараан даавуу хоёрын эрээн нь дор бараан нь дээр гээгүй.

Дэлгэр тэнэгэр зуны, цэлгэр цэлмэг тэнгэр.

Шилин цонхоны цаана ширэн цүнх, ширэн цүнхний цаана ширмэн хонх.

Хуучин байсан байшин, шинэ барьсан байшин.

Ширгэн дээр иргэн хонь, эргэн дээр төлгөн хонь.

Цох чих дух гурав гээд
Цох чих дух гурваа заагаарай.

Бөх хүнийг бөх хүн гэхээс, бүх хүнийг бөх хүн гэхгүй.

Нимгэн дэвтэр шингэн бэх, мөнгөн үзэг мөн ч тустай.

Эрхэм эрдэнэ эрдэм ном.
Эрдэнэ хүсвэл эрдэм ном сур
Эрдэм сурвал эрдэнэ тэр.

Бор бор болжмор жил жилд өндөглөнө
Бор бор болжмор жир жир жиргэнэ.

Цаас цагаан, цас цагаан, царс цагаан цөм цав цагаан.

Тэнгэр хөх тэнгис хөх тиймээ, хоёюулаа хөв хөх

Ашигласан ном хэвлэл:
  1. “Монгол ардын оньсого цэцэн үг “ Ц.Өлзийхутаг, Улсын Хэвлэлийн газар, Улаанбаатар 1982, номоос авав.
  2. “Хүүхдийн цэцэрлэгийн хэлний боловсрол” багшийн хэрэглэх бичгээс авав. Өвөрмонголын сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо 1987 он
  3. Хүүхдийн зохиолчдын шүлгүүдийг сонгож авав. 
Сургуулийн өмнөх насны хүүхдэд тохирсныг сонгож хүүхэд дээр туршиж дээрх материалыг түүвэрлэсэн Д.Нонна.

2015-10-27

Арван хоёр жилийн магтаал


Хүүхдийн тоглоомын талбайд таван хушуу малтай танилцуулах нэгэн санаа 

Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг
Эрүү цагаан хулгана нэгэн жил
                    Эвэр сүүл нь тэнцүүхэн байдаг
                    Эзэндээ ээлтэй үхэр хоёр жил
Арын модонд алаглаад байдаг
Алаг эрээн бар гурван жил

                    Дэлхий дээгүүр дэгдээд байдаг
                    Дэлдэн чихтэй туулай дөрвөн жил
Хөх тэнгэрт хүржигнээд байдаг
Хүч ихтэй луу таван жил
                    Цаг үргэлж цагираглаад байдаг
                    Цагаан эрээн могой зургаан жил

Цагийн газрыг товчлоод байдаг
Цомбон туурайтай морь долоон жил
                    Хотгор газрыг хорголоороо дүүргэдэг
                    Хотондоо ээлтэй хонь найман жил
Үзсэн бүхнийг элэглээд байдаг
Илбэчин эрдэмтэй бич есөн жил

                    Таван жингээр донгодоод байдаг
                    Тархиндаа улаантай тахиа арван жил
Хот газрыг манаад байдаг
Хон хон дуутай нохой арван нэгэн жил
                    Арын газрыг хадраад байдаг
                    Алтан соёотой гахай арван хоёр жил

Хүүхдийн тоглоомын талбайд таван хушуу малтай танилцуулах нэгэн хэлбэр


2015-06-03

Баярлалаа

Хүүхдийн цэцэрлэгийн номын булан хэрхэн яаж хийж болох  тухай санаа оноо

Д.Мягмар.    “Ном”

Чиний  ч ном, миний ч ном
Чи бидний бүгдийн ном
Зурагтай сайхан номоо
Зун ч үздэг, өвөл ч үздэг.
                      Номон дээр дуу ч бий
                      Номон дээр шүлэг ч бий
                      Чи ч дуулдаг, би ч дуулдаг
                      Чи бид нар цөмөөрөө дуулдаг.

Д.Давааням ын шүлэг  "БАЯРЛАЛАА" 

Өглөө эрт 
Ах минь намайг 
Цэцэрлэгт хүргэв.
Өрөөний цонхоор 
Араас нь би 
“Баярлалаа” гэв.
                      Өнөөдөр надтай 
                      Алимаа найз
                      Чихэр хуваав.
                      Өөрт нь талархаж 
                      Ангиас гарахдаа
                      “Баярлалаа” гэв. 
Сахилгагүй байх 
Муухай гэж 
Багш сургав
Сайхан үгийг
Тогтоож аваад
“Баярлалаа” гэв.
                      Сандлаа гамтай 
                      Хэрэглэж байхыг
                      Асрагч захив.
                      Сануулсан үгийг
                      Бодон, бодон 
                      “Баярлалаа” гэв. 
Аягаа муу 
Угаалаа гэж 
Эгч хэлэв.
Ахиад яасан ч 
Ингэхгүйг санаж
“Баярлалаа” гэв.
                      Авъяастай дуучин
                      Болох нь ээ гээд
                      Айлынхан магтав. 
                      Ангийнхаа багшаас
                      Сурснаа хэлээд 
                      “Баярлалаа” гэв. 

2015-02-04

Таван хөөрхөн

Г. Сэсмээ

ХУРГА
     Уураг сүүлээ хөдөлгөөд
     Эхийгээ хөхөх нь хөөрхөн
     Олуулаа бужигнаж давхиад
     Тоглож байх нь хөөрхөн
     Хэлээ бултгануулж байгаад
     Хужир долоох нь хөөрхөн
     Хэнэг ч үгүй хэвтээд
     Хивж байх нь хөөрхөн.

ИШИГ
               Годон сүүлээ хөдөлгөөд
               Эхийгээ хөхөх нь хөөрхөн,
               Голын эрэгт мөргөлдөөд
               Эрхэлж тоглох нь хөөрхөн,
               Хэлээ бултгануулж байгаад
               Хужир долоох нь хөөрхөн
               Хэн эг ч үгүй хэвтээд
               Хивж байх нь хөөрхөн.

ТУГАЛ
     Моодон сүүлээ хөдөлгөөд
     Эхийгээ хөхөх нь хөөрхөн,
     Мод мөргөж тоглоод
     Мөөрч байх нь хөөрхөн,
     Хэлээ бултгануулж байгаад
     Хужир долоох нь хөөрхөн,
     Хэн эг ч үгүй хэвтчихээд
     Хивж байх нь хөөрхөн.

БОТГО
               Годгор сүүлээ хөдөлгөөд
               Эхийгээ хөхөх нь хөөрхөн,
               Голын ширгэн дээр аргамжуулаад
               Эргэлдэж буйлах нь хөөрхөн
               Хэлээ бултгануулж байгаад
               Хужир долоох нь хөөрхөн,
               Хэн эг ч үгүй хэвтээд
               Хивж байх нь хөөрхөн.

УНАГА
     Сагсгар сүүлээ хөдөлгөөд
     Эхийгээ хөхөх нь хөөрхөн,
     Саалийн зэлэн дээр уяулаад
     Тонгочин байх нь хөөрхөн.
     Хэлээ бултгануулж байгаад
     Хужир долоох нь хөөрхөн,
     Хэн эг ч үгүй хэвтээд

     Унтаж байх нь хөөрхөн.



2015-01-09

Ээж аавын хайртай үрс

Mongolian kids on Pinterest.
Хүүхдүүддээ уншиж өгөөрэй.
Д.Дамбийжанцан
БЯЦХАН НАЙЗ

Хотоос ирсэн жаахан охин Сувдаа гадаа гарахад бяцхан цагаан ботго аргамжааныхаа гадсыг тойрон алхахдаа жингэнэтэл “уйлж” байв. Сувдаа нүдээ бүлтийлгэн гайхан зогсов.
-Чи яагаад уйлаад байгаа юм бэ? гэж нарийхан дуугаар бас л жингэнүүлэн асуув. Ботго түүнийг хараад толгойгоо сэгсэрлээ.
-Аа мэдлээ, мэдлээ. Чи уйлаагүй дуулж байгаа юм уу? Майлаад ч байгаа юм уу? гэж уянгалуулан дуулах мэт асуулаа. Ботго толгойгоо бас л сэгсчин гадсаа тойрон өвөг сөөв өг алхана.
-Хүүе, бүжиж байна! гээд Сувдаа “ход ход” инээв. Гараараа ч зааж дэвхцэв.
Ботго түүнийг ажин харж толгойгоо гудайлган зогслоо.
-Чи дүрсгүйтээд л уяулаа юу? Над шиг томоотой байх хэрэгтэй! гэж Сувдаа хэлэв. Ботго дахиад л уйлав. Түүний дуу чихэнд уян хатан аятайхан сонсогдоно. Түүнд яаж тус хүргэх вэ? Нулимсаа арч гэж алчуураа өгөх үү! гэж Сувдаа бодлоо. Тэгээд “аав минь, намайг хөдөө явахад юу гэж захилаа даа. Эмээ ээжий дээ тустай, малд хайртай байгаарай! ” гэсэн шүү дээ. Яагаад тэгж байгаа юм бэ? гэж асуухад:
-Малд хайртай байвал сүү нь их гардаг юм. Чи сүү, тараг, ааруулд ухаангүй дуртай шүү дээ гэсэн. Аав ийм их юм ярьсан мөртлөө бяцхан цагаан ботгоны ингэж хачин дуулдгийг над яагаад яриагүй юм бол оо гэж бас саналаа.
Сувдаа ботгоны дэргэд очмоор санагдав. Тэгээд юу гэж асууя даа гэж нэг хэсэг гайхан зогссоноо:
-Чи юунд мөөрөөд байгаа юм бэ? гэв. Ботго охиныг харж толгойгоо шилгээнэ.
-Үхэр л мөөрдөг болохоос биш тэмээ мөөрдөггүй шүү дээ! гэхэд бяцхан Сувдаа юу гэж асуувал таарах бол гэж баахан бодсоноо:
-Чи яагаад майлаад байгаа юм бэ!
-Еэ, хэзээ тэмээ тайлж байсан юм бэ!
-Манай тэнд чам шиг жижигхэн тэмээ байдаггүй. Өндөр тэмээ хааяа явдаг юм. Тэр бол танай ээжий байхаа гэхийг бяцхан ботго сонсонгоо бас л уянгалуулан дуугарч бүлтгэр хар нүднээсээ нулимс унагалаа.
Сувдаа охин бяцхан ботгоны толгойг нь илж:
-Битгий уйл дээ. Ээжий чинь хаачсан юм бэ! би дуудаад ирье! Гэв.
-Манай ээжий бэлчээр явсан байх. Халуун нар шараад ам цангаад байна гэхэд Сувдаа гэр уруугаа гүйж, эмээ ээжээсээ баахан юм асууснаа, хувинтай ус дааж ядан өргөж ботгоны дэргэд ирээд:
-Би цөмийг нь ойлгосон, чи сонсооч! Ботго буйлна, хурга майлна, ишиг бас майлна, унага янцгаана, тугал, мөөрнө тийм ээ! Гэхэд ботго ус уунгаа инээмсэглэх мэт хошуугаа шомбойлгон:
-Хүний хүү ийм их ухаантай байх юм. Хоромхон зуур бүгдийг мэдчихлээ. Юм бүгдийг чаддаг. Чи над ус авчирч өглөө. Бас өвс өгнө гэсэн. Би ийм сайхан найзтай болсондоо баярлаж байна. Би дахин уйлахгүй, дандаа баяртай байна гэжээ. 

2014-12-02

Монгол дээл

Хичээлийн сэдэв: “Монгол үндэсний хувцасны тухай”.

Оньсого: “Гартай байж хөлгүй
                   Хүзүүтэй байж толгойгүй”        /Дээл/.

Хичээлийн зорилго:
  • Хүүхдэд үндэсний хувцасны тухай ерөнхий ойлголт өгөх
  • Хувцас зориулалтаараа олон янз байдаг тухай
  • Үндэстэн бүхэн өөрийн онцлогтой хувцас өмсдөг тухай
  • Хувцас хийхэд эд материалын өнгө чухал үүрэгтэй танилцуулах
  • Хүүхдийн яриаг хөгжүүлэх, зарим үгийг хэлүүлж сургах
  • Зураг дээр байгаа хувцасны ялгааг олж тодорхойл ярих
  • Үндэсний хувцаснаас аль нэгийн зурах.
Хичээлийн бэлтгэл:
  • Үндэсний хувцастай зураг бэлтгэх
  • Багш хүүхдүүд бусад бүх хүмүүс үндэсний дээл хувцас өмсөж ирэх
  • Үндэсний хувцасны хээ угалзыг харуулсан үзүүлэн бэлтгэж ирэх
  • Үндэсний хувцас зурах зургийн хэрэгслийг бэлтгэх
Хичээл үйл ажиллагааны явц:
  • Хичээл үйл ажиллагааны зорилгоо танилцуулах
  • Хэн хэн ямар хувцастай ирснийг тойргоор зогсож хооронд нь төрөлжүүлнэ. Жишээ нь: дээлтэй хүүхдүүд нэг талд, хантаазтай хүүхдүүд нөгөө талд, малгайтай хүүхдүүд зэрэг ялгааг хүүхдүүд ажиглан тодорхойлж / ямар хувцас юу гэж нэрлэдэг, ямар ямар хэсгээс бүтсэн / хувцас тодорхойлох схемээр/ байна, ямар өнгөтэй, ямар эд материалаар хийсэн байна, чамд ямар хувцас таалагдаж байгаа зэргийг /ярина.
Хувцасны магтаалаас уншиж өгөх:

Т.Алтанцэцэг “Унага даагатай болно”.

Ээж надад                             Унага даагатай
Дээл хийв                              Хойд талаа бүрхсэн
Урд хормой нь                      Хонь хургатай
Унага даага                            Болох юм байна
Хойд хормой нь                    Том болоод
Хонь хурга гэж                      Малчин болно
Намайг ерөөв                        Шинэ дээл
Унага даагатай болно           Өмссөн хүүхдүүд
Олон дахин                           Бүгд адилхан
Шинэ дээл өмсвөл               Ерөөлгөдөг болов уу.
Урд голоо дүүрсэн


Үндэсний хувцасны тухай багш нарт зориулан энэ сэдвийг оруулж та бүгд хүүхэдтэйгээ ярилцахад нэмэр болгох зорилгоор Х.Нямбуугийн “Хамгийн эрхэм ёсон” гэсэн номоос авлаа.

Хүмүүс өөрийн амьдрал ахуйн болоод гоо сайхны хэрэгцээ шаардлагыг харгалзан хувцсыг бүтээж хэрэглэсээр иржээ. Иймд хувцсыг дотор нь өдөр тутмын, ахуйн нөхцөлд тохирсон ердийн хувцас, баяр ёслол, гоёлын хувцас, тусгай зориулалттай хувцас гэж хуваадаг.
Хувцсыг хэнд зориулснаар нь эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувцас гэж ялгах бөгөөд хийх эд , оёх, урлах арга, гоёл чимэглэл зэрэг нь өвөрмөц байна.
Ястан нарын оршин суудаг нутгийн байгаль, цаг уур, хийж буй хөдөлмөрөөс шалтгаалан өөр өөр байна. Хувцас нь халх, буриад, казак, үзэмчин гэх мэтээр өөр өөр байна.
Авгайчуудын гоёлын дээл, тэрлэгийг тод улаан дэвсгэртэй, ногоон, ягаан өнгийн навч цэцгэн хээтэй торгоор хийдэг. Дээлийн энгэр, зах зэргийг хөх хоргойгоор эмжинэ. Дээл, тэрлэг ний ташааг хоргойгоор эмжинэ. Дээлийн ханцуйн гадрыг улаан өнгийн хас, хаан бугуйвч, хатан сүйх, навчин хээтэй цагаан хоргойгоор, ханцуйн дотор талыг шар саа, уруу хээтэй улаан торгоор хийнэ. Дээл тэрлэг ний товч шилбийг саагаар хийж, энгэр хос, зах суга, ташаанд нэжгээд товч хадна. Дээл тэрлэг ний ханцуйд үргэлж буюу саланги хоёр янзын нударга хийдэг.
Дээлээс гадна ууж гэдгийг өмсөнө. Ууж нь ханцуйгүй энгэр нь тууш задгайд дээлээс өөр өнгөөр хийнэ. Авгайн дээл нь зах энгэр, ханцуй ар өвөр, дотоод хормой, мөрний цүдгэр гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ. Эмэгтэй хүний дээлийн өнгөний хослол хээ гоёл ол, сэлт нь бүсгүй хүний намба төрх, нүүр царай, түүгээр үл барам унах морины зүс тохох эмээлийн өнгө, гоёл зэрэгтэй зохицно.
Эмэгтэйчүүдийн дээлийг хонины элдсэн цагаан нэхий дээл даавуу даалимба, чисчүү, торгоор гадарласан хурган ,ишгэн, дээлийг өмсдөг. Эрэгтэйчүүдийн дээл нь энгэр, зах,гадаад дотоод хийгээд ар өвөр, хормой, ханцуй, товч шилбэ зэргээс бүрдэнэ. Ардын хувцас нь улирлын байдалд тохирох үндсэн хоёр янз бөгөөд урин цагт дан тэрлэг, давхар тэрлэг, хамба, элгэн дээл, нимгэн дээл, одончуу дээл, хөвөнтэй дээл, хурган дээл сэгсүүргэн дээл, сармай нэхий, азарган нэхий дээл, ишгэн, ямаан илбэнх, хярсан, чонын, туулай,аргаль зээрийн арьсан дотортой дээл, их хүйтэнд дээлийн гадуур ямаан дах, нохой, чоно, баавгайн арьсан дах давхац өмсөнө.
Монгол хувцас нь хүрэм, хэв нэг, хантааз, дах, бүс цамц, малгай, гутал зэрэг олон төрлийн хувцас орно. Хүрэм гэдэг нь эрэгтэйчүүдийн ан авлах, мал хариулах зэрэг голдуу явган явахад зориулсан хувцас юм. Хэв нэг гэдэг нь зун намрын хүйтэн борооны үед болон сэрүүн цагт хээр явахдаа ахрын эсгийгээр хийсэн хэв нэгийг давхац болгон дээл дээр өмсөнө. Хантааз нь цээж хувцасны нэг төрөл, эрэгтэйчүүдийн баяр ёслолын өмсгөл юм. Хантаазыг гоёлын ба энгийн гэж ангилна. Гоёлын хантааз нь өлзий хээгээр чимэглэсэн эмжээртэй байна. Дах нь өвлийн хүйтэнд хүн алс хол юманд явахдаа өмсдөг дулаалгын зориулалттай давхац юм.

Бүс. Дээлийн бүс нь үндсэн хоёр зориулалттай. Нэгдүгээр үүрэг нь урт хормойтой хувцсыг хумин эвтэйхэн, дулаахан болгох явдал юм. Нөгөө үүрэг нь хүн алив хэрэгцээтэй хутга, хавтага, байлдааны болоод ангийн сүх сумны саадаг, агс арга зэргийг биедээ байнга авч явах зориулалттай юм. Өөрөөр хэлбэл өөрийн биед байнга авч явах зүйлийг бүсэндээ хавчуулж явна. Бүсийг хэдэн янз бүсэлнэ. Бүсийг мөн гол дундуураар нь араас нь биеэ ороож бүслэх нь нийт халхад дэлгэрсэн билээ. Бүсийг ороож бүслэхдээ голоор нь хоёр хувааж, биеийнхээ урд талаас эхэлж, ар тийш ороож өмнөө бүсний үзүүрийг зөрүүлэн гогцоолон чангалаад хоёр үзүүрийг хоёр ташаанд унжуулж хавчуулна. Энэ нь бүс алдуурахгүй, нөгөөтэй гүүр гоё харагддаг гэнэ. Үүнийг буриад бүслэлт гэнэ. Бүсний дундуураас нь биеэ ороож бүслээд хоёр үзүүрт нь гогцоо гаргаж түүнийг хоёр ташаандаа хөг барим хэмжээний унжуулж, бүслэхийг үзэмчин бүслэлт гэнэ. Бүс нь бас гоёл болох учир өмнөх хувцасны өнгөнөөс шалтгаалан бүсний өнгө янз бүр байна. Даавуу бүсний үзүүрийг сэмлэж гоёмсог болгон цацаг гаргах учир ч бий. Бүсийг дотор нь гоёлынх, ажлынх гэж ялгахын зэрэгцээ бас эмэгтэйчүүдийн, эрэгтэйчүүдийн, хүүхдийнх гэж ангилна. Бүсгүйчүүд бүс бүсэлдэггүй байсан учир эмэгтэйчүүдийг бүсгүйчүүд гэж нэрлэжээ. Дээлийн бүс бүслэх, тайлах зэрэгтэй холбогдсон ардын зан заншилтай. Дээлийн бүс бол хоёр хагасаас дөрөв хагас метр байхад хүрэлцээтэй гэж үздэг.
Бүсийг бүслэхдээ ямагт нар зөв эргүүлэн үзүүрийг нь баруун ташаандаа хавчуулна. Монгол хүн бүс дээр огт гишгэхгүй дээгүүр нь алхах ч ёсгүй. Шөнө унтахдаа бүсээ тайлж, аман хүзүү зангиагаар зангидаж, орны дэрний хавьд тавьдаг заншилтай. Бүсийг алив задгай таран хайг бэхлэн батжуулж, салсан сарнисныг эвлүүлж, бүтээх утга агуулдаг гэдэг болохоор монголчууд бүтээх төрийн сүлд хэмээн эрхэмлэнэ. Мөн хүн бүсээ өөр хүнтэй солихгүй, харин хар элгэн хүнтэй анд бололцох, хүж барилдан ёс гүйцэтгэх үед бие биеэ итгэж буйн тэмдэг болгон бүсээ солин бүсэлдэг заншил байсан нь эртнээс уламжлагдсан байна.
Монголчууд бүсээ зангидахыг цээрлэнэ. Хэрэв бүс зангидвал тэр чигээр нь гурав хонуулаад, хамгийн ахмад хүнд очин миний бүсний зангиаг тайлна уу гэж хүсдэг. Ахмад хүн уг эзнээс юу олсон үзсэнийг асуухад, бүс зангидсан хүн гурав хоногийн хугацаанд юу үзсэн, олсноо хэлдэг ёстой. Мөн ахмад хүн эхлээд тэр хүний үзсэн одсон зүйлийг аль бэлэгтэйг тайлбарлаж, уул зангирсан бүсийг тайлдаг байжээ.


Монгол дээл хувцасны ерөөл, магтаал шүлэг дуунаас.

Урт настай                                             Дотоод хормойг ий чинь
Удаан жаргалтай                                   Тос өөхөөр мялаатугай
Урд хормойг ий чинь                            Тооноор гарч
Унага даага                                            Торгон дээл өмсөөрэй / өмстүгэй/
Хойд хормойг ий чинь
Хурга ишиг гишгэтүгэй.

Эзэн нь мөнх                                           Ар тал нь
Эд нь хэврэг                                           Айраг тараг
Энэ жил даалимба                                 Өвөр тал нь өөх тос.
Ирэх жил чисчүү, торго өмсөөрэй.
Дотоод хормойг ий нь                           Урд хормой нь унага даага
Тос өрмөөр мялаая                                 Усан Тэлмэн жороо хүлэг
Ар хормойг ий нь                                    Хойд хормой нь хонь хурга
Айраг таргаар мялаая                           Хонгор улаан ботго тором
Эзэн нь мөнх                                           Дотоод энгэр нь тос өөх
Эд нь хэврэг байтугай                            Толин ташаа нь тараг цагаа.
Энэ жил даалимба
Ирэх жил торго өмсөөрэй.

Д. Пүрэвдорж “Хөх даалимбан тэрлэг” найраглалаас

Уургын уртыг барина гэж                      Унаган туруу нударга тавилаа
Уужим сайхан суга тавилаа                   Эргэцээ морины эргээ бодож
Уулын жавар унана гэж                         Элбэг сайхан ташаа тавилаа.

Хувцасны магтаал дуут бүжиг”.

Бөмбөрцөг дэлхий хэлбэртэй                         Эцэг өвгөдийн хийсэн
Бүслүүр хавчаар тохирсон                              Дөрвөлжин захтай дээл
Бөөрөнхий дуг ариг тоорцог                          Эргэн тойрон мөшгө өртэй
Толгой дээрээ дэгжин                                     Элбэг маягийн хувцас

Мяндсан дурдан бүсийг                                    Уранаа гаргаж оёсон
Маягийн нь тааруулж ороосон                          Утас гаргаж чимсэн
Мянган түмний үзэсгэлэн                                  Удамт Монголын хувцас
Манай нутгийн заншил                                      Уудам нутагтаа дэгжин.

БНМАУ-ын угсаатны зүй” номоос

Урд хормой дээр чинь                                     Энгэр захыг нь
Унага даага гишгэл                                          Эрдэм номоор мялаая
Хойд хормой дээр чинь                                   Гадаад хормойг нь
Хонь хурга харайлга                                        Ганзаганы сур чимэг
Дотоод хормой дээр чинь                             Урд хормойг унага даага
Тос өөх наалд                                                 Хойд хормойг нь хонь хурга дагаг
Эд нь хэврэг                                                   Энэ жил даавуу даалимбаар хийв
Эзэн нь мөнх                                                  Ирэх жил торго дурдангаар хийнэ.

Хувцасны ерөөлөөс

...Том жижиг биедээ                                        Торгон дээл дотуур хувцас
Тохируулж хийсэн хувцсыг чинь                  Хар цагаан хурган дээл
Тоймтой хэдийг хэлье                                      Хавар намрын өмсгөл
Хатуу ултай хром                                             Үнэт даавуу, үйтэн хуайр дээл
Хаймаар ултай гутал                                      Минжин малгай, чисчүү тэрлэг
Халзан сарьстай                                             Идэр гурван есийг
Хамар богиновтор наамал                             Ирмүүн сүрхий хүйтэнд
Дугуй малгай, дурдан бүс                             Эдэлж өмсдөг
Дулаан хувцас хөвөнтэй дээл                       Эсгий гутал, илбэнх хүрэм
Хөнгөн хувцас                                                Үстэй дээл, үнэгэн малгай хүртэл байна.

Т.Жамъянсүрэн “ Миний дээл”

Ээжийн оёсон шинэхэн дээл                       Тос өөхөнд шүр гэмгүй дээл
Эвтэйхэн хөнгөн хөөрхөн дээл                   Хийсэн эд нь хиргүй байг
Тоног эмжээр нь зохисон дээл                    Хийлгэсэн эзэн нь хийморьлог яваг гэж
Товч шилбэ нь тохирсон дээл                     Ачит ээжийн минь ерөөсөн дээл
Тоос шороон дээр хөрвөөлгүй дээл          Айлын эгчийн мялаасан дээл.

Т. Бат-Очир “Бойтог минь”

Аавын зэхэж элдсэн
Хонины нэхий бойтог минь
Ажаа гийн зүүж өгсөн
Хонхон чимэгтэй бойтог минь
Аавын алганд өөдөөгөө болсон
Алтан босгонд өлмийгөө өргөсөн
Бойтог минь! Бойтог минь!
Бодлын хөөрхөн бойтог минь
Ээжийн эсгэж цойлсон
Эвтэй сайхан бойтог минь
Эмээгийн мялааж хайрласан
Энхрий зөөлхөн бойтог минь
Дахилт
Даахин насанд хүргэсэн
Дахиж багтаагүй бойтог минь
Дэлхийг алхахад тусалсан
Дэм нь багадаагүй бойтог минь

Юнна Мориц “Ягаан муурын нууц” номоос /1991 он/

Оймсоо угаацгаа “.

Хиртэй оймсоо шүүгээ уруу
Хэзээ ч битгий шидээрэй
Оронд биш шоронд орсон шиг
Оймс гуньдгийг санаарай!
Авдар дахь оймс гүйж чадахгүй
Алаг бөмбөг элдэх аргагүй
Уйтгарласаар уужирсан хойно нь бол
Угааж булхаад ч нэмэргүй!

Түргэхэн зуур оймсоо тайлаад
Түмпэнд хийсэн дээр!
Бамбар сан хөөстэй савантай усанд
Базаж угаасан нь дээр!

Гоё түмпэн үгүй бол
Гоожуурын цоргонд тос!
Халуун хүйтэн гоожуургүй бол
Харз булаг уруу нис!

Тийм ус байхгүй бол
Тэнгист угаасан ч болно доо!
За эсвэл нуур цөөрөмд
Зайлаад ч авч болно шүү!

Оймсоо угаана гэдэг чинь
Онцгой чухал соёл шүү!
Оймсоо угаана гэдэг олон бүхний ажил гэж
Усан зэрэг худлаа хэлэхгүй уран найрагч, та нарыг хуурахгүй!

Хиртэй оймсоо шүүгээ уруу
Хэзээ ч шидэж болохгүй гэж
Даян дэлхийн хууль дүрэм ч
Давтан бас батлаад өгнө.

Шивэртэй оймсоо шүүгээ уруу
Шидэх дуртай бүхнийг
Хавийнхан нь дооглох хэрэгтэй
Хатуу торгох эрхтэй.


Оньсого

Шилэн дээр явагч 
Шидээстэй нөхөр
Шилэн хүзүүн дээр
Шидээстэй явна
Ширүүн бороо ноор
Хэрэг болно
Хүзүү сээрэн дээр
Хүлээстэй явна
Хүйтэн сэрүүнд
Хэрэг болно. / Юүдэн малгай/.

Хүн гэхэд хүзүүгүй
Хөх үүр гэхэд ёроолгүй. / Дээл/.

Хоёр хар морийг
Нэг хүн
Хол ойр ялгаагүй
Зэрэг унадаг. / Гутал/

Өглөө бүр холбож залгана
Үдэш бүр холдуулж салгана. /Товч шилбэ/

Сургах тоглоом. “Ижлийн ол!”.

Бээлий. гутал, оймс зурсан зүсмэл зургуудыг хүүхдэд тарааж өгөөд багаараа сууж ижлийг нь олох даалгавар өгнө. Хэний бага түрүүлж ижлийг олсон нь урамшуулалтай.

Хувцсыг дараах байдлаар тодорхойлж ярилцах. Үүнд:
  • Ямар өнгөтэй, хээтэй
  • Ямар улиралд өмсдөг хувцас
  • Хэнд / хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд эсэх/ зориулагдсан хувцас
  • Ямар үед өмсдөг хувцас
  • Хувцас нь ямар хэсгүүдээс бүтсэн байна
  • Хувцсыг ямар идээр хийсэн зэргийг хүүхдээс асууж ярилцана.
Хичээлийн төгсгөл

Ажиглаж ярилцсан хувцаснаас хүүхдүүд зурж будах боломж өгч хичээлийг төгсгөнө.

Цэцэрлэгийн багш нарт. Та бүгд дээр өгсөн зүйлээс өөрийн хичээл үйл ажиллагаандаа ашиглан хүүхдэд Монгол үндэстний хувцас танилцуулахад зориулан энэ конспектыг өгсөн юм. Энэ бүгдийг хуулах биш өөрсдөө бүтээлчээр хандахыг хүсье .
Ашигласан ном:
  1. Х.Нямбуу “Хамгийн эрхэс ёсон”
  2. БНМАУ-ын угсаатны зүй” ном
  3. Монголын хүүхдийн уран зохиолын дээж” 1+р боть 2009 он
  4. Багачууддаа уншиж өгөөрэй 2” 2014 он

Ахмад багш, “Зөвлөх багш” “Сургагч багш” Д.Нонна. 2014. 12. 01.

2014-06-19

ХӨГШИН ХОНЬ, ЯМАА, ЧОНО ГУРВЫН ҮЛГЭР

Монгол ардын үлгэр (Багачууддаа уншиж өгөөрэй 2 номоос) 
4-6 настай хүүхдүүдэд уншиж өгөх үлгэр,

Зургийг 61-р цэцэрлэг, 6нас, эм, О.Эрдэнэбаяр,
Хөгшин хонь ямаа хоёр байжээ. Хөгшин ямаа нь хоёул гэр барья гэж хонинд хэлэв.
Хонь: - Талий талий өмхий ямаа!
Би сүүлтэй, ноостой билээ. Над гэр хэрэггүй гээд тусалсангүй.
Хөгшин ямаа өөрөө гэр барив.
Өвөл болж, цас оров.
Хонь даарсандаа:
-Намайг энэ шөнө гэртээ хонуулаач! Гэж гуйв. Ямаа хариуд нь:
-Талий талий ! Чи сүүлтэй, ноостой амьтан, гэрээр юү хийдэг юм бэ? Гадаа хэвт гэв. Хонь гадаа хэвтээд хөлдөж үхэв. Өглөө хөгшин ямаа гэрээс гарч, үхсэн хонийг үзээд хөлөөс нь чирч хол хаяжээ.
Тэр ямаа ишиглэж, хоёр ишигтэй болов. Нэгд нь Шангуул, нөгөөд нь Мангуул гэж нэр өгөв. Хөгшин ямаа өдөр бүр талд гарч эврээ усаар, амаа өвсөөр, дэлэнгээ сүүгээр дүүргэж үдэш гэртээ ирээд,
-Шангуул, Мангуул! Үүдээ нээ. Эвэр дүүрэн ус, ам дүүрэн сүүтэй ирэв гэж хоёр ишгэндээ өгөөд, өглөө дахин талд бэлчдэг байв.
Нэг чоно үүнийг мэдээд хөгшин ямааны гэрийн өмнө ирж:
-Шангуул, Мангуул! Үүдээ нээ. Эвэр дүүрэн ус, ам дүүрэн өвс, дэлэн дүүрэн сүүтэй ирэв гэхэд:
-чи манай ээж биш байх хөлөө үзүүл гэв. Чоно хөлөө үзүүлэв. Ишиг:
-Ээж хөлдөө туурайтай. Чи манай ээж биш байна гэв. Чоно туурай олж хөлдөө өмсөөд ирж:
-Шангуул, мангуул! Үүдээ нээ. Эвэр дүүрэн ус, ам дүүрэн өвс, дэлэн дүүрэн сүүтэй ирэв гэв.
Ишиг:
-Хөлөө үзүүл гэв. Чоно хөлөө үзүүлэв. Ишиг үүдээ нээж өгөв. Чоно гэрт орж Шангуул Мангуул хоёрыг ховдоглон залгив.
Хөгшин ямаа ирээд:
-Шангуул, Мангуул! Үүдээ нээ. Эвэр дүүрэн ус, ам дүүрэн өвс, дэлэн дүүрэн сүүтэй ирэв гээд гэртээ ортол Шангуул Мангуул хоёрыг нэг амьтан идсэн байв.
Тэгээд хөгшин ямаа ирвэсний гэр дээр гарч хөлөө дэвсэв.
Ирвэс:
-Миний гэр дээр хэн хөлөө дэвссэн бэ? Гэв. Ямаа:
-Хурдан хөлт ямаа би байна. Миний Шангуул, Мангуул хоёрыг хэн идсэн бэ? Буутай сумтай бол үтэр түргэн гарч надтай үзэлц гэв. Ирвэс:
-Чиний Шангуул Мангуул хоёрыг идээгүй. Над буу ч байхгүй, сум ч байхгүй, үзэлцэх ч үгүй гэв. Ямаа чонын гэр дээр гарч хөлөө дэвсэв. Чоно:
-Миний гэр дээр хэн хөлөө дэвссэн бэ? Ямаа:
-Хурдан хөлт ямаа би байна. Миний Шангуул, Мангуул хоёрыг хэн идсэн бэ? Буутай сумтай бол гарч ир! Надтай үзэлц гэв. Чоно:
-Чиний, Шангуул Мангуул хоёрыг би идсэн. Над буу ч бий, сум ч бий, Гарч үзэлцье гэв Ямаа:
-Болзооны газар хаана вэ? гэв. чоно:
-Уулын дор, усны дэргэд болзъё гэв. Чоно хонины тулмыг дүүртэл үлээж, туламны амсарт хэдэн чавга хийгээд, тулмаа дарханд аваачаад хэлсэн нь:
-Миний шүдийг ирлэж өгнө үү. Би чамд уутаар дүүрэн чавга авчраа гээд шүдээ ирлүүлээд явчхав.
Дархан, хүүдээ:
-Чавганаас идье. Тэр тулмыг онгойлго гэв. Онгойлготол хий гарав.
Дархан, хүүдээ:
-Хөвгүүн хөвгүүн ! Чонын хойноос очоод, миний аав чиний нэг шүдийг мартаад дутуу ирлэв. Очиж ирлүүл гэж дууд гэв.
Чоно буцаж ирэв. Дархан чонын шүдийг суга татаад давстай хөвөн хийв.
Чоно хэлэв.
-Шүд минь юунд өвдөж байна? Гэхэд дархан
-Чиний шүд хурц болсондоо өвдөв, зүгээр гэжээ. Чоно буцлаа:
Хөгшин ямаа хувин дүүрэн чихэртэй тараг бүрж, дарханд авчраад:
-Миний хоёр эврийг жад болтол ирлэж өгөөч дээ! гэв
Дархан жад болтол ирлэж өгөв.
Өглөө нөгөө болзооны газар очив. Чоно эхлэн сувгийн энэтээ гээс үсэрч ямааг зуутал шүдгүйгээ мэдэв. Хөгшин ямаа өөрийнхөө ээлжид сувгийн тэртээгээс үсрэн чоныг мөргөж гэдсийг хагалан Шангуул, Мангуул хоёроо гаргаад гэртээ буцаж амар сайхан жаргав гэнэ.



2014-03-12

ТЭМЭЭ, БУГА ХОЁР

Монгол ардын үлгэр (Багачууддаа уншиж өгөөрэй 2 номоос) 
4-6 настай хүүхдүүдэд уншиж өгөх үлгэр,
 УБ, 61-р цэцэрлэгийн 6 настай Г.Номинэрдэнэ зурав

Эрт урьд цагт тэмээ одоогийн бугынх шиг арван хоёр салаатай эвэртэй байсан ажээ. Бас өтгөн болоод урт сайхан сүүлтэй байж гэнэ. Харин тэр цагт буга эвэргүй, мухар мулзан, адуу сүүлгүй шахам годон шодон юмсанжээ. Иймд тэмээ, сүрлэг сайхан эвэртэй дээ их л биеэ тоон эврээрээ ямагт гайхуулан хөөрөлдөг байжээ.

Тэмээ нэг өдөр ус уухаар нуурын хөвөөнд ирээд уухаасаа илүү усанд туссан дүрсээ олж үзээд сүр жавхлантайгаа их л бахдан хараад зогсож байжээ.
Тэгтэл энэ үеэр ойгоос буга гарч ирээд толгой бөхийлгөн мэхэсхийж гунигтайгаар хэлжээ:
Өнөө үдэш би ойн амьтдын чуулганд айлчлан очих учиртай билээ. Ийм муухай мөлчгөр мухар духтай яаж очих билээ? Ядаж нэг цагийн төдий ч бол чинийх шиг ийм сайхан эвэртэй явж үзэхсэн, тэмээ чи өршөөж, өнөөдөр над эврээ түр өгөөч! Маргааш чамайг ус уухаар энд ирэхэд чинь би эврийг чинь авчирч өгөмз гэж гуйжээ.

Тэмээ бугыг үзвэл үнэхээр өрөвдмөөр сүр үзэмжгүй харагдсан тул эврээ мулталж өгөөд “Ус уухаар ирэхэд минь заавал авчирч өгөөрэй” гэж захив. Сүрлэг сайхан чимэглэл болсон эврийг шүүрч аваад буга ойдоо орчив. Замд нь морь бас нэг гоё сайхан юм олж авах санаатай тэмээнд очоод сүүлийг гуйжээ. Сайхан сэтгэлт тэмээ аанай л морины үгэнд ороод сүүлээ бас сольчихжээ.

Түүнээс хойш өдөр хоног өнгөрсөөр он удсан боловч хөөрхий тэмээ эвэр сүүл хоёрынхоо аль алиныг олж авч чадаагүй ажээ. Авлагатай амьтадтайгаа уулзаад эвэр сүүл хоёрыг нь эргүүлж өгнө гэж амласныг сануулахад цаадуул нь дооглон инээгээд буга бас нэмж хэлсэн нь:
Тэхийн эврийг тэнгэрт тулахаар тэмээний (шинэ) сүүлийн газарт хүрэхээр өгөмз гэжээ.
Тэр цагаас хойш одоо болтол тэмээ ус уух бүрдээ усан дотор эвэргүй мухар мулзан болсон дүрсээ олж хараад дур нь гутаж толгойгоо сэгсэрдэг болсон гэх ба ус хэд балгаад энэ тэр уулын орой харж эврийг нь авчирч өгнө гэж амласан бугын болздог санаад “Буга эврийг минь авчирч яваа болов уу?” гэж горьдож хардаг учраас тэр гэнэ. Бас бугын эвэр жилд нэг удаа булгарч унадаг нь тэр эвэр угаас бугад заяасан биш, тэмээнээс залилж авсны улмаас тэгдэг гэнэ.

2014-01-09

Хүүхдийн зохиолч Ш.Энхбаярын шүлгүүдээс.

4-6 настай хүүхдүүдэд цээжлүүлэх шүлгүүд.

Цас.
Өвөл цагийн өнгөрүүлэн
Өдөн цагаан цас
Хөх тэнгэрийн цэцэг
Хун цагаан цас
Цалин цагаан цас
Чамин цагаан цас
Хөмсөг сормуус цантуулсан
Хөнгөн сэвсгэр цас
Хөхөө өвлийн  цас
Хүүхдийн инээ дэнд хайлна
Жихүүн өвлийн цас
Жижигхэн гарт хайлна.

Агаар.
Харагдах юмгүй агаар
Баригдах юмгүй агаар
Хий хоосон агаар
Хаа сайгүй агаар
Агаараар амьсгална
Агаараар  амьдарна
Агаараар ургана
Агаараар ундална
Амьд байгаль
Араатан жигүүртэн
Алив бүхэнд
Агаар хэрэгтэй.

Нар.
Өглөөний нар  мандах нар
Өдрийн нар үдийн нар
Оройн нар жаргах нар
Өдөржин биднийг гийгүүлсэн нар
Уулын цаана унтдаг байлгүй
Өглөө сэрээд манддаг байлгүй.

Сар.
Ээж ээ
Энэ тэнгэрт олон сар 
Манддаг юм уу?
Эсвэл олон нэртэй юм уу ?
Ээж нь
Шинийн нэгний 
Шинэ сар
Харанхуйг гийгүүлэгч 
Хөмсгөн сар
Сарын аравдаар
Саран авхай
Тал дугуй
Тал сар
Арван тавны
Тэргэл сар
Дүүрэн дугуй
Дүгрэг сар гэжээ.

Ангаахай.
Ангаахай ангаахай
Ангас ангас
    жив жив
    жив  жив
Дэгдээхээ дэгдээхээ

Дэрвэс  дэрвэс
    жив  жив
    жив жив
Бялзуухай бялзуухай
Бөндгөс бөндгөс
     жив  жив
      жив жив

Тэнгэр.
Тэнгэрт наран мандана
Тэнгэрт одод түгнэ
Тэнгэрт үүлс хурна
Тэнгэрт онгоц ниснэ
Тэнгэрт шувууд ниснэ
Тэргүүн дээр цэлийх
Тэнгэр цэнхэр өнгөтэй!

Бүүвэйн дуу.
Нар жаргалаа
Сар гарлаа
Од түглээ
Шөнө боллоо
Ээ бүүвэй , ээ бүүвэй
Ээ бүүвэй, ээ бүүвэй
Бүжин туулай
Бутандаа хярлаа
Болжмор шувуу 
Үүрэндээ шургалаа
Ээ бүүвэй,  ээ бүүвэй
Ээ бүүвэй, ээ бүүвэй
Алтан дэлхий
Амгалан нойрслоо
Алив хүү минь
Амарч унт даа
Ээ бүүвэй , ээ бүүвэй
Ээ бүүвэй,  ээ бүүвэй.