2018-05-29

Өвлийн тухай 4,5,6 -р хичээл


4-р ХИЧЭЭЛ

Сэдэв:            Тасалгааны цэцгийн тухай         

Хүмүүжил сургалтын  зорилго:
Ø  Өвөл тасалгааны цэцэг ургадаг энэ нь дулаан, гэрэл, чийгтэй учир ургадгийг ойлгуулах
Ø  Цэцэг бүхэн нэртэй, цэцэгт иш, мөчир, навч, навчны иш, цэцэг, цомирлог, дэлбээ дохиур байдгийг ойлгуулах
Ø  Цэцэг бүхэн өөрийн онцлог гоо сайхан байдаг гэж таниулж гоо сайхны хүмүүжил олгох
Ø  Цэцэг арчилгааг их шаарддаг
Ø  Хүүхдийн ярианы чадварыг сайжруулах үгийн баялаг нэмэгдүүлэх
Ø  Зарим цэцэг өвөл амардаг

Хүмүүжил сургалтын  бэлтгэл
Ø  Бодит байдлаар цэцгүүдийг бэлтгэх
Ø  Цэцэг байлгах боломжгүй бол тасалгааны цэцгийн зураг бэлтгэнэ
Ø  Хүүхдэд тарааж өгөх тасалгааны цэцгийн зураг

Хүмүүжил сургалтын үйл  явц
Ø  Хичээлийн зорилгоо танилцуулах
        Өмнө нь цэцгийн талаар үзсэн зүйлээ сэргээн сануулж ярилцах
Ø  Яагаад тасалгааны цэцэг гэдэг вэ?
Ø  Ямар ямар нэртэй цэцэг байдаг вэ?
Ø  Сүлжгэнэ  цэцэг юугаар ялгаатай вэ?
Шинээр 3-4 цэцэг нэмж тодорхойлж ярьж өгнө. Дараах дэс дарааллаар ярина.
Үүнд:
Ø  Навч цэцэгийн өнгө
Ø  Навч цэцэгийн хэлбэр
Ø  Цэцэгийн иш навч яаж байрласан бэ?
Ø  Хүүхдэд гэрт нь ямар цэцэг байдгийг доорхи дэс дарааллаар яриулна.
Зарим цэцэгүүдийг тодорхойлж хүүхдээр яриулна.

Цэцэгийн тухай шүлэг уншиж өгөх.  ( дараа нь цээжлүүлэх )

Ж. Нямдорж                                           ЦЭЦЭГ
                  Улаахан цэцэгээ
                  Ургууллаа
                  Уран дэлбээ нь
                  Тэнийлээ
                          Цэнхэрхэн цэцэгээ
                          Ургууллаа
                          Цэвэрхэн дэлбээ нь
                          Тэнийлээ
                  Улаан, цэнхэр цэцэг минь
                  Өндөрснөө
                  Улсын минь далбаа шиг
                  Өнгөлөг дөө
                          Цэцэг минь цэвэрхэндээ
                          Цэцэг шиг цэгцгэр би
                          Цэцэг минь ургаж байна
                          Цэцэг шигээ ургаж байна
Хүүхдэд тасалгааны цэцэгийн зураг тарааж өгөөд тодорхойлж яриулна.
Тасалгааны цэцэгээс мөчрөөр үржүүлдэг тухай ярьж өгөөд хэд хэдэн цэцэгийн мөчрийг огтолж усанд үндэслүүлхээр хийнэ. /хүүхдийн хамт/
Өвөл цэцэгийг хэрхэн яаж арчилдэг тухай багш ярьж өгнө.
Зүйр цэцэн үгсийг хэлүүлж сургах
“Борооны дараа сэрүүн
Худлын дараа ичгүүр”
             “Бурууг дуулж
              Зөвийг сонсох”
“Буруу бүхнээ хэлээд
Зөвөө сонсох сайхан”
Хичээлийг дүгнэж дуусгах.

5-р ХИЧЭЭЛ

Сэдэв нь:           “Өвөл тэжээвэр амьтадын тухай”

Хүмүүжил сургалтын  зорилго :      Үхэр, ямаа, нохойны тухай төсөөлөл олгоно.
Ø  Үхэр, ямаа, нохой гадаад байдлыг таниулах ба нэрлүүлэх бусад амьтадаас ялгуулах
Ø  Хүүхдийн үгийн баялагыг нэмэгдүүлэх ба ярианы чадварыг сайжруулах

Хүмүүжил сургалтын үйл  авц:
1.     Хүүхдүүдээр тэжээвэр амьтадыг нэрлүүлнэ
2.     Хичээлийн зорилгоо танилцуулна
3.     Үхэр, ямаа, нохойн тухай хүүхдийн амьдрал туршлагаас яриулна
4.     Том зураг дээр үхэр, ямаа, нохой гадаад байдалтай танилцуулах /багшийн яриа/

Ø  Толгойн хэсэг /эвэр, чих, хошуу, ам, хамар, нүд, хүзүү/
Ø  Их бие /4 хөл, урт сүүл/
Ø  Үхэр, ямар, нохой дуу чимээ хэрхэн хөдлөж явдгийг ярих
Ø  Араатаны эрхтнүүдийн шинж чанарыг хэлж өгөх ба хүүхдээр хэлүүлэх
Ø  Хүнд ба шинэ үгийг тайлбарлах давтан хэлүүлэх дасгал хийнэ
Ø  Хүн тэжээвэр амьтадыг хэрхэн арчилж тэжээдэг тухай багш ярьж өгнө

5.     Хүүхдээр зураг дээр тодорхойлуулж яриулна

Тэжээвэр амьтадын тухай

Тэжээвэр амьтадын тухай оньсого тайлбарлаж хэлүүлж сургах /цаашид цээжлүүл/

                     Сонин сайхан дүр
                     Согоо сайхан ургамал
                     Урт сайхан шилбүүр
                     Уянгын сайхан дуу                     ( үхэр )
                                  Урдаа сэрээтэй
                                  Дундаа хөнөгтэй
                                  Ардаа ташууртай                        ( үхэр )
                  Харахад хүйтэн
                  Барихад бүлээн                                                        ( үхрийн эвэр )
                                  Үхэр биш байтлаа эвэртэй
                                  Өвгөн биш байтлаа сахалтай
                                  Өвөл зун гэж ялгалгүй
                                  Үсэн дахаа өмсөнө                                       ( ямаа )
                  Нуман хэлбэрт эвэртэй
                  Ноосон ширхэгт дээлтэй
                  Идэх нь ногоон өвс
                  Баах нь хар чавга                                                        ( ямаа )
                                  Дулаан дээлтэй
                                  Дэгээ сүүлтэй
                                  Гадаа байртай
                                  Гэрийн сахиул                                               ( нохой )
                  Хамаг бие нь үс боловч
                  Харанхуй шөнө онц сэргэлэн
                  Хаалга үүдийг хичээн сахиж
                  Харгис хулгайг сэргийлнэ                                      ( нохой )

6.     Дээрх амьтадын тухай уран зохиол ашиглан нэмж уншиж өгч болно.
7.     Хүмүүжил сургалтыг  дүгнэж дуусгана.


6-р хичээл
Сэдэв: “Өвлийн зугаа наадам”

      Хүмүүжил сургалтын  зорилго:
Ø  Өвөл цас их орж эргэн тойронд цас мөстэй болдог тухай төсөөлөл өгөх
Ø  Өвлийн гоо сайхныг мэдүүлэх
Ø  Өвөл хүүхдүүд тоглодог тухай танилцуулах
        Хүмүүжил сургалтын  бэлтгэл:
Ø  Өвлийн зугаа наадам сэдэвт зураг бэлгэнэ
Ø  Хүүхдүүдэд тарааж өгөх “Өвлийн сэдэвт” зургууд бэлтгэнэ
           Хүмүүжил сургалтын үйл  явц:
Ø  Хичээлийн зорилгоо танилцуулах
Ø  Өмнөх хичээл дээр өвлийн тухай ярилцсаныг сэргээн сануулах
Ø  Өвлийн эхэн сарын онцлогийг дараах схемээр багш ярьж өгнө.
1.     Нарны байдал
2.     Үүл, тэнгэрийн байдал
3.     Газрын хөрс ямар болсон байгаа
4.     Мод ямар болсон байна
5.     Хүмүүс өвөл ямар хувцас өмссөн байна
6.     Амьтад өвөл яадаг вэ?
7.     Шувууд өвөл яадаг вэ?
8.     Өвөл хүүхдүүд яадаг вэ?
            Энэ дэс дарааллаар бүх улиралыг тодорхойлон ярих болно. Хүүхдийг ч  энэ дэс    
             дарааллаар яриулж сургана.
Ø  Өвлийн го сайхныг зураг дээр ярьж өгөх ( нар, үүл, ургамал, амьтан дээр тогтож ярина.)
Ø  Өвөл хүүхдүүд янз бүрийн тоглоомоор тоглодог. ( чарга, тэшүүр, хокей, цасаар шидэх, цасаар амьтан хийх, барилга байгууламж барих гэх мэт )
Ø  Хүүхдэд зураг харуулж яриулна.
Ø  Тарааж өгсөн зураг дээр хүүхдийгяриулна.

Өвлийн сэдэвтэй шүлэг уншиж өгнө. ( аажмаар цээжлүүлнэ.)

                Т. Жамъянсүрэн
                                             “Цас” ( шүлгээс )
                                    Цас будрана
                                    Цацран бутаргана
                                    Цайран шамарна
                                    Цавцайтал нөмөрнө
                                                  Хусан цанаа
                                                  Зүлгэж тослон
                                                  Хурдан чаргаа
                                                  Зүгшрүүлэн бэлдэн
                                    Уудам талаар
                                    Дэрвэн дүүлээрэй
                                    Уул толгодоос
                                    Дэгдэн буугаарай...
Ø  Хичээлийг дүгнэх

( Нэмж чээжлүүлэх шүлгүүд )



М. Чимэд                  “Цана хүүхэд хоёр”

Цасан жимээр зам зурайна
Цаны эрчээр би хурдална
Хөвөн цас хөлд хуйлрана
Хүүхд бүхэн баясан инээнэ
Цасан навчаар газар гоёно
Цайдам талаар мал дүүрэн
Гурван ёсын жин хүйтэн
Хүүхэд бидний өлчрийг шалгана.

С. Батболд                  “Цасаа цасаа ороорой” дуу

Хөвөн цагаан өнгөтэй
Хөнгөн сиймхий цас минь
Хөвчийн ойгоо чимэх гээд
Хөвсийн хөвсийн буулаа
Хөвсийн буусан цасаараа
Хүрэн баавгай хийцгээеэ
Хүүе наашаа ирээрэй
Хүрэн баавгай хийцгээеэ
Цацаг чимгэн гоёлтой
Цалин цагаан цас минь
Цайдмын талаа хучих гээд
Цацлан цацлан буулаа
Цацлан буусан цасаараа
Цасан өвгөн хийцгээеэ
Цасаа цасаа ороорой
Цасан өвгөн хийцгээеэ

Х. Баатар                  “Цаначин хүүхдүүд” шүлэг

Цагаан үүр цайж
Цасан ширхэг уналаа
Цаначин биднийг баясуулж
Цайдам талдаа урилаа
Цанаа аваад гараарай
Чадлаа сорьж уралдацгаая
Чаргаа аваад гараарай
Цэнгэн гулган тоглоцгооё
Хун цагаан цасаар
Хорвоо дэлхийг хучлаа
Хүн бүхнийг догдлуулж
Хүсэл зоргий нь татлаа
Цанаа аваад гараарай
Чадлаа сорьж уралдацгаая
Чаргаа аваад гараарай
Цэнгэж гулгаж тоглоцгооё

Б. Доржсүрэн                  “Цаначин”

Цайрч будраад
Цас орлоо
Гоё гоёо гоёо
Цанаа аваад
Ууланд гарлаа
Гоё доо гоё доо гоё доо
Тэгш газар
Тэнхээ сорьлоо
Гоё доо гоёо гоёо
Уруу газар
Ууланд давхилаа
Гоё доо гоё доо гоё доо

Ш. Энхбаяр                  “Дөрвөн цагийн бороо” шүлгээс

Өвлийн улиралд харин
Өндөр тэнгэрээс бороогүй
Өнгө цагаан цас л
Өргөн дэлхийг бүгнэ
Хунгар цагаан цас
Хавар болоход ус
Хатуурч орсон бороо
Хамгийг ундлах хур
Агния Барто
“Өвлийн ногоон толгод”
Өвч цастай уул толгодын
Өнгө нь гэнэт ногоон болж
Зуны сайхан байгаль дэлхий
Зургийн юм шиг тодроод ирлээ
Цасан хүний цайрах бие
Цагаан биш ногоон болж
Яагаад энэ чинь хаврыг алгасаад
Явуухан зун нь ирдэг билээ
Шилний хагархайнаас болсон юм аа
Шинэрхүүлж түүнийг гайхаад яахав
Алгын чинээ ногоон шилийг
Авч би харсан юм аа

Ч. Лхамсүрэн                  “Өвлийн шөнө”             ( Бэлтгэл )

Огторгуй цэлэлзэх
Од гялалзаад
Сар хүрээлж
Салхи хаварлаад
Өвлийн шөнө
Өвөлжөөн дээр
Буурал цас
Будран хаялна
Дугираг суурьтай
Дулаан гэртээ
Аагтай цайгаа
Амтлан уугаад
Үрээр өнөр
Үрээгээр баян
Малчин айлынх
Магнай тэнэгэр
Хуурай аргалыг
Зэрэглэн түлэхэд
Ган тулганд
Магнай тэнэгэр
Хуурай аргалыг
Зэрэглэн түлэхэд
Ган тулганд
Гал бардаад
Шилтэй жааз
Ширээний цаг
Гэрийн тань
Гэрэлтүүлж өгнө
Өвөг эцэг
Өмнөө барьсан
Үлгэр шүлгийг
Үсэглэн уншаад
Урьдын зовлонг
Улиглан ярьж
Одоогийн жаргалыг
Онцлон магтана
Эмгэн ээжий
Ээрүүл бариад
Эхнэр хүүхэн
Эмжээр хайчлаад
Дээл оёж
Дэвсгэр ширээд
Ажлаа хийж
Амжин бүтээнэ
Сурамгай эр
Сур элдэж
Чөдөр ногт
Чөлөөтэй зангидаад
Уул ажилдаа
Уралцан зүтгэж
Урт шөнийн
Уужмыг хагаслана
Сургуулид байгаа
Сурагч ахаа
Хөөрхөн дүүс
Хүсэн ярилцаад
Авчирч өгсөн
Алиа тоглоомоор
Шуугилцан дурсана
Шулганан наадах
Их өвсөнд
Идшилж ирсэн
Хонин сүрэг
Хотонд налайгаад
Өтгөн бууц
Өргөн хашаанд
Хивэн яраглан
Хэвтэж амарна
Үлэмж бууцын
Үйрмэг хормойд
Тэмээ, үхэр
Тэнхийн хэвтээд
Аргамжааны газар
Адуу янцгааж
Тойрон үедээ
Тодхон цуурайтна
Холын чимээнд
Хоточ нохой
Архиран хуцаж
Авирлан загнаад
Мал сүргийг
Манан тойрч
Малч эзэндээ
Махран зүтгэнэ
Шуурга ширүүсэж
Шуугин үүмэхэд
Ард малчин
Анхаарч гараад
Хотоо эргэж
Холыг хараад
Агаарын байдлыг
Ажиглан шинжиж
Зундаа гангүй
Зуссан айл
Өвлийн бэрхэд
Өнтэй ороод
Ажил туршлагаас
Арвин болгож
Дараа жилдээ
Дахин орно

“Мөнгөн өвөл”
Өвлийн үлгэр                 ( ахлах бүлгийн хүүхдэд өгүүллэг)

Нар, ууган хүү Намар, дунд хүү Зун, отгон хүү Хавар гэсэн гурван хүүтэй юм санжээ. Тэр гэртээ зовлон зүдгүүргүй сайхан амьдардаг байлаа. Гэтэл хүүхдүүдээ дэлхийд илгээх болж хүүхдүүд нь ээлжлэн явах боллоо. Отгон хүү хавар эхлээд явах болж гэнэ. Нар хайрт хүүдээ мөнх залуугаараа байх бэлэг өгөв. Түүнээс хойш гурван сарын дараа Зун явах болов. Зуныг явах өдөр Нар “хүү минь чи үнэхээр үзэсгэлэнтэй байна. Би чамд мөнх үзэсгэлэнт байх бэлэг өгье” гэжээ.
Дараа нь Намар аялалд бэлтгэлээ. Нар хүү минь миний бүх баялагийг ав. Чамд бүх алтаа өгнө. Чамайг өгөөмөр сэтгэлтэй байвал дэлхийн хүмүүс хайрлана гэжээ. Нар орон гэрээ орхин бүхэл өдөржингөө огторгуйгаар аялан аз жаргалтай Хавар үзэсгэлэн гоо Зун өгөөмөр баян Намар хүүхдүүдээрээ бахархан аялдаг болжээ. Энэ үед дэлхийн нөгөө хязгаарт хүйтний ганц хүү Өвөл аялалд гарахаар бэлтгэж байлаа. Өвөл хүү дэлхийд нэг улирал болон очихоор зэхжээ. Хүүгий нь бие бялдар, хувцас хунар огт үзэмжгүй болохоор хүмүүс яаж угтах бол доо гэж эцэг нь бодож байваа.
Эцэг хүйтний бүх хөрөнгө нь ганц атга мөнгөн цацаантай байлаа. Өвөл хүү тэр мөнгийг авч холын аяндаа мордлоо. Өвөл хүүгийн морилон ирэхийг хэн ч хүссэнгүй. Манан татаж наран сүүмэлзээд цасан ширхэг малгайлан орж битүү цасаар хучигдлаа. Бяцхан хүүхдүүд жижиг хүрзээр цас малтаж гялалзаж гялтгасан овоо босгож цог хийморь нь бадран цасан бөмбөлгөөр шидэлцэн тоглодог болохоор цагийн уртыг огтхон ч анзаардаггүй байв.
Хүүхдүүд төдөлгүй хувин шүүр барьж өвлийн өвгөнийг урлаж мөнх ногоон гацуур модыг босгож түмэн өнгийн чимгээр гоёв. Цасан мөсөн ширхэг болор шилийн адил гялалзан гялтагнахад хүйтний хүү Өвөл аз жаргалтайгаа сая мэддэг байлаа. Эцэг өвөл хүүдээ энэ тухай нэг бус удаа сануулан хэлдэг байжээ. Өвөл хүн бүхэнд бэлэг өгөх уужим сэтгэл гаргахыг хүсэж байлаа. Тэдэнд юу ч хайрлахгүй гээд гар дахь мөнгөө газар уруу цацахад цасан цагаан мөнгөнүүд хангинаж жингэнэн гялалзан гялтганаж цасанд шигдэнэ. Цасан нөмрөгт талд цана барьсан хүмүүс гарч ирцгээв.
Тэд цанаа бэхлээд цасан дээгүүр нисэх жигүүртэн адил гулгана. Бас өвөл хүмүүсийг аль хэдийнээ тэшүүрт сургажээ. Өвлийн алдар дэлхий даяар түглээ. Хүмүүс цаст цагаан өвлийн сайхныг сэтгэл доглон хүлээх боллоо. Хүмүүс өвөлд зориулан дуу, шүлэг, хөгжим зохиолоо. Өвөл хүмүүсийн хавар зун, намрыг тэсэн ядан хүлээж байдгийг сонсоод хүмүүс хэзээ нэг цагт намайг урин дуудах шүү дээ гэж сэтгэлээ тайтгаруулдаг байлаа.
Өвөл болоход
Баян намар өнгөрч, өнтэй өвөл эхлэв. Уудам тал цасаар хучигдаад ой, модод цагаан нөмрөгөө өмсөв. Өргөн хөндийн бэлчээр гэх сахлаг хагд өвч цасыг нэвтлэн харагдах нь дүн цагаан цасан дээр шарангуй туяа тусгаж байна. Бэлчээрийн мал зөөлөн цасыг хөлөөрөө онгичин малтаж, соргог өвсийг иднэ. Хашир сайн малчид хагд иртэй, нимгэн цастай газрыг андахгүй мэдэж малаа бэлчээнэ.
Анчид хурдан морио унаж, анч нохойгоо дагуулан уул хадаар явцгаав. Анч ноход чонын мөрийг үнэрлэн хөөж, чонын бараа хармагч чанга чанга хуцаж эзэндээ чимээ өгнө. Анчид чоныг хөөж агнана. Малын хайсан чоныг авлах нь мал сүргийг өсгөн үржүүлэх нэг нөхцөл байдаг. Мөн алсан чонын арьсыг улсын бэлтгэлд нийлүүлнэ. Энэ бол малчин анчин иргэн бүрийн ариун үүрэг юм.

Энэтхэгээс ирсэн захидал

Анд Монгол найз аа
Амархан сайн байн уу?
Эрхэм Монгол найз аа
Энэтхэгээс бичиж сууна аа
Танай тэнд
Танан цас
Ордог гэлцэнэ
Үнэн үү?
Цавчим уул
Цасан дээл
Өмсдөг гэлцэнэ
Үнэн үү
Цалин цагаан
Цасан сумаар
Шидэлцдэг гэлцэнэ
Тийм үү?
Цасан дээгүүр
Цанан хөлгөөр
Гулгадаг гэлцэнэ
Тийм үү?
Хаа сайгүй
Хашийн цасан
Дарцаг юм бол
Найз аа
Энд тэндгүй
Элбэг дэлбэг
Байдаг юм бол
Найз аа
 Хариу захидалд
Цасан ширхэг
Хийж явуулаач
За юу
Халуун орны
Найз нартаа
Нээж үзүүлэе
За юу
Чин сэтгэлээс ёслов
Чиний Энэтхэг найз


Өвлийг өнтэй давж болно

Ямар ч юмыг хийж бүтээе гэвэл цуцалтгүй шургуу хөдөлмөр уйгагүй нягт нямбай ажиллагаа, урагш тэмүүлсэн их эрмэлзлэл хэрэгтэй. Малчин хүнд энэ нь бүр их хамаатай. Өвлийн улирал мал маллахад маш нарийн арга ажиллагаа шаардана. Өвөлд хүйтний эрч туйлдаа хүртэл нэмэгдэн өдөр богиносдог болохоор малын идэш тэжээл, бэлчээрийг их анхаарах хэрэгтэй болдог. Бог малын бэлчээрт идэшлэх хугацааг аль болохоор уртасган бололцооны хэрээр нэмэгдэл тэжээл өгөх нь чухал байдаг юм. Гэхдээ бэлчээрт удаан байгаа нь энэ гээд өглөөний жавраар халуун хэвтрээс хөөн босгох, орон жаварт хэвтрий нь хөлдөхөөс болгоомжил. Бог малын бэлчээр хэт холгүй, өвч ургамал нь сайн, хариулга маллагаа нь зөвө байвал ямар ч богино өдөр мал тэжээлэээр өлдөхгүй байдаг юм. Өвөлжөөндөө олон сар хоногоор байх болохоор бэлчээрийг их хайрлаж, ариг гамтай хуварьтай ашиглах хэрэгтэй. Өвөлжөөлсөн эхний сар буюу дунд үед өөрөөр хэлвэл малын хүч сайн цаг агаарын байдал дулаавтар үед алс холынхоо бэлчээрт бэлчээж өвлийн сүүлч юм уу хүнд хэцүү үед ойрынхоо бэлчээрийг ашиглана.
Өвлийн улиралд бог малын бэлчээрийг холынхоос ойртуулах журмаар ашиглах ёстой. Муу малчны хаяа хоосон гэгчээр зарим айл өвөлжөөндөө буусан даруй ойрынхоо бэлчээрийг хоосолдог юм. Тэгвэл сүүлдээ хүндэрнэ. Өндөр уулын өвөр энгэр буюу алсын жавар салхи хааж чадах гүн жалга, өвөлжөөнд ойр дөт бэлчээрийг шуургатай юм уу хүнд хэцүү өдрүүдэд хэрэглэхээр нөөцөлдөг байна.
Хатуу хахир цагт бэлчээрийг чөдрийн морины, тугал бярууны алсын бэлчээрт явж чадахгүй ядарсан малын хээл нь томорч төллөх болсон малын хүйтэн дулаан өдрийн гэх зэргээр нарийн хуваарьтай ашиглана.
Өвөлд хонины бэлчээр бол нөмөр, дулаан, хөр цасгүй байх хошуугаар ярж идэх зөөлөн цастай байвал сайн. Өвс нь агь, шарилж шаваг мэтийн амтлаг ургамал байх нь тохиромжтой. Ерөөс евлийн бэлчээрийг өдөр өдрөөр нэг захаас нь хөөж зохион байгуулалттай ашиглана. Жишээ нь өглөө хонио урьд өдрийн идэшлүүлсэн газрыг дагуулж тогтуун явуулсаар бэлчээрийнхээ захад хүрээд, үд дундын үед эргэх үедээ мал яваагүй шинэ соргог газраар явуулан идэшлүүлсээр хотлуулна. Малчин хүн уйгагүй шургуу хөдөлмөрлөн өвс бэлчээр хэвтэр бууц ус хужрыг нь тааруулж чадвал ямарч хариг хатуу өвөл малыг онд бүрэн мэнд оруулж болно.


Д. Содномдорж                  “Сүлд модоо тойроод”

Өндөр ногоон гацуур маань
Танхим дунд сүндэрлээд байна
Өнгөтэй сайхан чимэглэл нь
Тал бүрд нь гялалзаж байна
Сагсгар сүүлтэй хэрэм
Соотгор сихтэй чоно
Ойн хүчит баавгай
Ов зальт үнэг
Баг хувцасаа өмсөөд
Баясгалантай тоглож байна
Бавгар сахалтай өвгөн
Багачуудыг хараад баясаж байна
Дэгдэг гүйдэг янзага
Дэлдэн чихт бүжин
Үсэрч дүүлдэг муур
Үндэс хадардаг гахай
Сүлд модоо тойроод цөм
Сүртэй сайхан наадаж байна
Багш минь биднийг хараад
Баярлаж инээгээд зогсож байна

С. Эрдэнэчулуун                  “Анхын цас”

Уулсын сүрлэг оргилоор
Уудам талын энгэрээр
Урт хөндийн эхээр
Ус мөрний саваар
Ариг цэвэрхэн
Ариун цагаахан
Анхны цас орж байна
Танан барилгын дээвэр дээр
Таримал модны мөчир дээр
Талбай гудамж зам дээр
Таны миний малгай дээр
Ариг цэвэрхэн
Ариун цагаахан
Анхны цас орж байна
Хөөрөн баяссан хүүхдүүдийн
Хөөрхөн гарын алган дээр
Хөгжүүн тамирчид уралдах
Хөнгөн цаны талбар дээр
Ариг цэвэрхэн
Ариун цагаахан
Анхны цас орж байна

Т. Жамъянсүрэн                  “Цасан өвгөн”

Анхны цас
Шинэхэн цас
Агаар тэнгэрээс
Бужигнан орлоо
Хөрш айлын
Хүүхдүүд цөмөөрөө
Хөл алдан
Хөгжиж гүйлдэнэ
Шинэхэн орсон
Сонихон цасыг
Өнхрүүлж тойруулж
Өнхрүүш хийлээ
Том өнхрүүшдээ
Толгой суулгаад
Өндөр цагаан
Өвгөн босголоо
Багахан өнхрүүшээ
Баруунтай
Зүүнтэй нь
Байрлуулж суулгаад
Хөөрхөн хурга
Хөгжилтэй ишиг
Унага, тугал
Урлаж хийлээ
Цангинам хүйтэн
Өвөл цагийн
Цасан ээжтэй
Өвгөн аав минь
Хурга ишиг
Унага тугалаа
Хариулж өвөлжөөд
Хавартай золгоно

Д. Содномдорж                  “Анхны цас”

Сав саяхан орсон
Шив шинэхэн цас
Эх нутгийг бүрхээд
Их сайхан байна да
Мөнгөн цасан дээгүүрээ
Хөнгөн чаргаар тоглоцгооё
Уруу газар гулгахдаа
Буруу хазгай явчилгүй
Хад чулуу шөргөлгүй
Хашийн цасан дээгүүрээ
Хавтай сайхан наадацгаая

Д.Маам                  “Өвөл”

Цастай өвөл, мөстэй өвөл
Хүйтэн хүүрэг жавартай өвөл
Хүүхэд бидний хүлээсэн өвөл
Хүйтэн гэлгүй хүсдэн өвөл
Цана чаргаар гулгадаг өвөл
Цас мөсөн дээр тоглохгүй бол
Мөнгөн өвөл гомдоно байх даа

Б. Доржсүрэн                  “Сүлд мод”

Ногоон цэнхэр
Улаан шар
Цагаан гээд л
Өнгө өнгийн зүүлт чимэг
Сүлд модон байна
Ногоон өнгийг
Харлаа харлаа
Сүрлэг сайхан сүлд модны
Номин ногоон өнгө нь байна
Цэнхэр өнгийг харлаа харлаа
Цэлмэг цэнхэр өнгө нь тийм
Улаан шар учиртай сайхан
Харлаа харлаа
Үүрд мандах гэгээн нарны
Ариухан алтлах өнгө нь байна
Цагаан өнгийг харлаа харлаа
Хүүхэд бидний сэтгэл шиг
Цайлган цагаан цасны маань
Өнгө нь байна
Бид бүгдийн өнгө нь тэнд
Байдаг болхоор сүлд модны
Наадам маань сүртэй сайхан болдог байна

Ч. Лхамсүрэн                  “Гацуур”

Өдөр шөнөгүй
Цасаар булавч
Өглөө үдэшгүй
Шуургаар нүдэвч
Гацуур мод
Зунаараа байдаг
Ганган ногоон
Тэрлэгэндээ байдаг.

М.Чимэд                  “Сүлд мод”

Өнгөт мөчрөө дэлгэсэн
Өндөр сайхан гацуурын
Мөчир салаа бүрд нь
Мөнгөн чимэг гялалзана
Хүйтэн өвөл ирж
Хүүхэд багачууддаа мэндэллээ
Хуучин оноо үдэж
Шинэ жилийг авчирна
Онцгой гоёор чимсэн
Ойн ногоон гацуураа
Олон бүгд тойрч
Онц сайхнаар бүжиглэнэ



Боловсруулсан АБТА, Боловсрол судлалын магистр, “Зөвлөх багш” хүндэт профессор
Д.Нонна   2017 оны 02 сарын 25.