Showing posts with label 3-4 нас. Show all posts
Showing posts with label 3-4 нас. Show all posts

2019-01-29

Хөдөлгөөнт тоглоом

 “БОР ШУВУУ” 


Тоглоомын зорилго: Өндөрлөг газар дээрээс үсэрч буух, буцаад гарч чаддаг, тарж гүйх, багшийн дохионы дагуу хөдөлгөөнийг хийлгэж сургана.

Тоглох арга: Хүүхдүүд бага зэргийн өндөрлөсөн  (өндөр нь 5-10 см байна) урт сандал, банз, шоо, модны тайрдас дээр тасалгаа буюу талбай дээр нэг талд зогсоно. Багш хүүхдүүдэд хандаж “ гадаа нар гарлаа, бор шувуунууд үүрнээсээ гарлаа,  үр тариа олж идэж байна” гэж хэлнэ. Хүүхдүүд өндөрлөгөөс бууж тасалгаа буюу талбайгаар тарж нисээд зарим нь газар дээр өвдөглөж гараараа  шал буюу газар дээр хуруугаараа тоншино (иднэ). Багш “бороо орлоо бүх шувуу үүр уруугаа нислээ” гэж хэлэхэд хүүхдүүд буцаж өөрсдийн байрандаа очно  (өндөрлөг дээр гарна). Өндөрлөг нь хүрэлцээтэй зайтай хүүхдүүд тарж очиж өндөрлөгт гарах боломжтойгоор сандал шоо, банз бэлтгэсэн байна. Зөөлөн буух, эргэж өндөрлөг дээр яаж гарах зэргийг зааж өгөх ба хүүхдэд тусална. Олон дахин давтан тоглосны дараа  тоглоомыг зөвхөн  “ нар”, “бороо” гэж нэг үгээр удирдана. 

2016-04-25

МИНИЙ ХӨӨРХӨН АМЬТАД (2)


2-5настай багачууддаа цээжлүүлэх шүлгүүд

Д.Отгонсүрэн      ТУУЛАЙ

Дэрсэн хярсан
Дэлдэн туулай
Дэргэдээс босоод
Дэгдэн харайлаа.
Дээр дээр
Үсрэн үсрэн
Дэлдэн туулай дэнж
  Дээгүүр даваад явчихлаа
Бүлтгэр нүдтэй
Дэлдэн чихтэй
Бүжин туулай
Ёстой хөөрхөн дөө
Дээр дээр
Үсрэн үсрэн
Дэлдэн туулай дэнж
  Дээгүүр даваад явчихлаа
Тоглох юмсан гэж
Бодоод явдаг
Бүжин туулай
Ёстой хөөрхөн дөө
Дээр дээр
Үсрэн үсрэн
Дэлдэн туулай дэнж
  Дээгүүр даваад явчихлаа

Ж.Нямдорж    БОТГО
           
Хархан нүдтэй
Халтар хан хамартай
Сөөвгөрхөн зогдортой
Сөрөвгөхөн хөмсөгтэй

Хөөрхөн ботго минь
Хөгжилтэй ч амьтан даа

Буйлаа хийлгэж
Бурантгаа зүүлгээд
Тэмээний зэрэгт хүрч
Тээврийн замд гарна

Хөөрхөн ботго минь
Хүчтэй ч амьтан даа.

Д.Дашдорж     ХОЁУЛАА ХӨӨРХӨН.

Хур бороонд угаагдсан
Хурга мөн ч хөөрхөн
Нүүр гараа угаасан
Хүү бас хөөрхөн

Угаасан хургыг хүндэтгэнэ
Хөөрхөн гэж хэлдэг шиг
Угаасан цэвэрхэн хүүг
Нямбай гэж нэрлэн.


2015-11-15

Хэл яриаг хөгжүүлэх -2


  • 2-3 настай хүүхдэд цээжлүүлэх шүлгүүд
  • 3-4 настай хүүхдэд уншиж цээжлүүлэх шүлгүүд
Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлье. Эх хэлээ эзэмшье.

Бага насны хүүхдэд шүлэг, оньсого, зүйр цэцэн үгс, жороо үгсийг эхлээд том чуул нь урнаар хэд хэдэн удаа уншиж өгнө. Дараа нь үг болгоныг тайлбарлан өгөөд дагуулж үг болгоныг хүүхдээр хэлүүлнэ. Хүүхдэд шүлгийг цээжлүүлэхэд байнга өдөр бүр давтаж тогтоолгоно. Хүүхдийн үгийн санг нэмэгдүүлэх, уран тод хэллэгт сургахад нэмэр болгох зорилгоор эцэг эх, багш нарт зориулан доор хи материалыг өглөө. Үүнд:

2-3 настай хүүхдэд цээжлүүлэх шүлгүүд

Бөмбөг

Миний бөмбөг улаан бөмбөг
Чиний бөмбөг хөх бөмбөг
Бөмбөг минь бөмбөр бөмбөр бөмбөрөн
Бүгд олноороо тоглоно.

Өнгийн харандаа

Миний улаан харандаа
Миний хөх харандаа
Миний ногоон харандаа
Миний шар харандаа
Харанда бол миний зэвсэг
Харандаадаа би хайрлана
Харандаагаа би гамнана.

3-4 настай хүүхдэд уншиж цээжлүүлэх шүлгүүд

Багшийн гар

Багшийн гар хүндтэй
Биднийг арчилсан ариун гар
Багшийн гар хөдөлмөрч гар
Биднийг хүмүүжүүлсэн гавьяатай гар

Багшаа сайн байна уу

Багш минь ! Сайн байна уу ?
Мэнд хүргэж ёсолж байна
Цэцэрлэгийн бяцхан сурагч би чинь
Хувцасаа цэвэрхэн өмсөөд ирлээ шүү
     Багш минь ! Сайн байна уу ?
     Мэнд хүргэн ёсолж байна
     Өчигдрийн хэлснийг өв үнэнээр биелүүлээд
     Хувцасаа цэв цэвэрхэн өмслөө.

Цэцэрлэг

Цэцэрлэг сайхан
Цэцэрлэг сайхан
Цэцэрлэгтээ би хайртай
     Цэцэрлэг сайхан
     Цэцэрлэг сайхан
     Цэцэрлэгтээ би жаргалтай
Цэцэрлэг сайхан
Цэцэрлэг сайхан
Цэцэрлэгийн багш надаа хайртай.
     Цэцэрлэг сайхан
     Цэцэрлэг сайхан
     Цэцэрлэгийн багшдаа би хайртай.

Хөдөлмөр сайхан

Хөдөлмөр сайхан, хөдөлмөр сайхан
Хоол унд хөдөлмөр хийвэл олдоно.
Хөдөлмөр сайхан, хөдөлмөр сайхан
Хувцас хунар хөдөлмөр хийвэл олдоно.

Ишиг хурга

Ишиг ишиг зуу зуу
Хурга хурга маа маа
Ишиг хургаа хайрлана
Хурга ишгээ арчилна.

Малын төл

Хонины төлийг хурга гэнэ
Ямаанй төлийг ишиг гэнэ
Үхрийн төлийг тугал гэнэ
Тэмээний төлийг ботго гэнэ
Адууны төлийг унага гэнэ
Илжигний төлийг тутраа гэнэ.

Амьтаны төл

Тахианы зулзагыг дэгдээхэй /цурваа/ гэнэ
Гахайн зулзагыг тоорой гэнэ
Туулайн зулзагыг бүжин гэнэ
Барсын зулзагыг бамбар гэнэ
Баавгайн зулзагыг бамбарууш гэнэ
Бугын зулзагыг нүр гэнэ
Хандгайн зулзагыг хотол гэнэ.

Төлийн дуу
Тугал үхэр мөөрнө
Ботго ингэ буйлна
Хурга ишиг майлана
Унага адуу янцгаана.

Тоглоом
Янз янзын тоглоом байна
Яасан гое сайхан тоглоом бэ?
Эвтэй эетэй наадацгаая
Эвдэж хэмхэлэхгүйгээр тоглоцгооёо

Баяртай

Найзаа найзаа баяртай
Найз нөхөд минь баяртай
Маргааш өглөө уулзъя
Маш сайхан наадацгаяа
Багшаа багшаа баяртай
Багын минь найзууд баяртай
Дараа өглөө уулзъя
Даан ч сайхан тоглоцгооё

Аяга

Шаазан аяга, цавгүй аяга
Эрэн өнгөтэй, цэвэр аяга
Бор өнгөтэй бөмбөгөр аяга
Хоол цай аягалахад сайхан аяг.

Цас

Цасан хүн цасан хүн
Өвлийн хүйтэнд сүртэйхэн
Цасан хүн цасан хүн
Хаврын уринд уйхланхан.

Ус
Ус бол урсдаг
Уур болон дэгддэг
Үүл болон хөвдөг
Бороо болон шаагдаг
Цас болон шуурдаг
Мөс болон хөлддөг

2015-06-03

Баярлалаа

Хүүхдийн цэцэрлэгийн номын булан хэрхэн яаж хийж болох  тухай санаа оноо

Д.Мягмар.    “Ном”

Чиний  ч ном, миний ч ном
Чи бидний бүгдийн ном
Зурагтай сайхан номоо
Зун ч үздэг, өвөл ч үздэг.
                      Номон дээр дуу ч бий
                      Номон дээр шүлэг ч бий
                      Чи ч дуулдаг, би ч дуулдаг
                      Чи бид нар цөмөөрөө дуулдаг.

Д.Давааням ын шүлэг  "БАЯРЛАЛАА" 

Өглөө эрт 
Ах минь намайг 
Цэцэрлэгт хүргэв.
Өрөөний цонхоор 
Араас нь би 
“Баярлалаа” гэв.
                      Өнөөдөр надтай 
                      Алимаа найз
                      Чихэр хуваав.
                      Өөрт нь талархаж 
                      Ангиас гарахдаа
                      “Баярлалаа” гэв. 
Сахилгагүй байх 
Муухай гэж 
Багш сургав
Сайхан үгийг
Тогтоож аваад
“Баярлалаа” гэв.
                      Сандлаа гамтай 
                      Хэрэглэж байхыг
                      Асрагч захив.
                      Сануулсан үгийг
                      Бодон, бодон 
                      “Баярлалаа” гэв. 
Аягаа муу 
Угаалаа гэж 
Эгч хэлэв.
Ахиад яасан ч 
Ингэхгүйг санаж
“Баярлалаа” гэв.
                      Авъяастай дуучин
                      Болох нь ээ гээд
                      Айлынхан магтав. 
                      Ангийнхаа багшаас
                      Сурснаа хэлээд 
                      “Баярлалаа” гэв. 

2015-04-21

Тоглоомууд яагаад зугтаа вэ?

Г.Сэсмээ

Follow Erdenechimeg's board Нэхмэл тоглоомууд on Pinterest.
Хурдан хурдан алхлаад
Хул морь хаачна вэ?
Хөл, сүүл, чихийг минь
Хөхөж зулгаагаад салдаггүй
Элдэв гэдэг жаалтай
Эвлэрч чадахаа байгаад
Замаар ороод явж байна
За машин чи хаачихна вэ?
Хайрга дээгүүр чирээд
Хамуутай юм шиг болгочихдог
Ол зод гэдэг хүүгээс
Оргож зугтаж явна.
Та бид хоёр ч мөн
Таарсан амьтад байна даа.
Хамт хоёулаа явъя
Хайрладаг эзэнд очъё

Байдаг тэнхээгээрээ алхлаад
Баавгай та хаачихна вэ?
Хүчит хүрэн баавгай би
Хүүхэдтэй наадах дуртай
Гэтэл тэр Дэндэв маань
Гэртээ намайг байлгаагүй
Зуны халуун наранд ч
Зудтай өвлийн хүйтэнд ч
Гадаа гаргаад хаячих юм.
Ганц ч ирж авахгүй юм.
Дургүй баахан хүрээд
Дулаан байр эрж явна.
Та бид нар ч мөн
Таарсан амьтан байна даа,
Хамт бүгдээр явъя
Хайрладаг эзэнд очъё

Хон хон дуутай
Хотон байрын шинжтэй
Хойлог гэдэг гөлөг
Хаа хүрэх гэж явна.
Тоглоомынхоо буланд байлгаад
Тогтмол засаж янзалдаггүй
Тоос шороог минь арчаад
Тордож цэвэрлэхийг мэддэггүй
Баатар гэдэг хүүгээс
Баригдалгүй зугтааж гарлаа
Цэвэрч нямбай хүүхэдтэй
Цэнгэн наадах хүсэлтэй
Та бид нар ч мөн
Таарсан амьтан байна даа,
Хамт бүгдээр явъя
Хайрладаг эзэнд очъё

Дэлдэн хэн хоёр чихтэй
Дэгдэн хэн бор туулай
Дэгдэн цовхорч хурдлаад
Дэмий л юундаа яараа вэ?
Туулай надтай тоглоод
Тухтай байж байснаа
Дорхноо уурлаад шиддэг
Дондов гэдэг хүүгээс
Холдож амрах санаатай
Холын замд гараад
Дэлдэн чихээ дэл бэгнүүлээд
Дэгдэж яваа минь энэ дээ.
Та бид нар ч мөн
Таарсан амьтан байна даа,
Хамт бүгдээр явъя
Хайрладаг эзэнд очъё

Уйлж нулимсаа гоожуулаад
Уухилж аахилж гүйгээд
Ямар хэрэг гараа вэ?
Яаж яваа чинь энэ вэ?
Хааяа эрхэлж байдаг
Хатирч хул морьтой юмсан.
Харин тэр минь байхгүй
Хаачсаныг бүү мэд
Та бид нар ч мөн
Таарсан амьтан байна даа,
Хамаагүй чирээд давхидаг
Хар ногоон “ЗИС”-тэй юмсан.
Харин тэр маань байхгүй
Хаачсаныг бас бүү мэд
Нийлээд хоёулаа явбал
Нэгийг нь ч болсон олох байгаа

Гунигтайхан алхаад чи
Ганцаар хаа хүрэх нь вэ?
Хон хон дуутай
Хоточ байрын шинжтэй
Хойлог гэдэг гөлөгөө
Харах бараагүй алдчихлаа
Хаачсаныг бүү мэд
Хайж эрээд явж байна
Харин ах дүү та нар минь
Харж үзээгүй биз дээ
Эрхэлдэг тоглоомоо алдаад
Эрээд гүйж явдаг
Та бид нар ч мөн
Таарсан амьтад байна даа.
Нийлээд бүгдээрээ явбал
Нэгийг нь ч болсон олох байгаа

Гурвуул дөрвүүлээ нийлээд
Гудамж өгсөөд хаачихна вэ?
Эрхэлдэг тоглоомоо алдчихаад
Эрээд явж байна даа бид
Энд тэнд явахдаа
Элдэв тоглоом үзээгүй биз?
Та бид нар ч мөн
Таарсан амьтад байна даа
Бөмбийсөн хөөрхөн биетэй
Бүлтийсэн хоёр нүдтэй
Хар халзан туулайтай юмсан
Харин тэр минь байхгүй
Хаачсаныг бүү мэд
Хайж эрээд явж байна
Нийлээд бүгдээрээ явъя
Нэгд нэгэнгүй олж авъя
Эрхэлдэг тоглоомоо алдчихаад
Эрээд явж байна даа бид
Энд тэнд явахдаа
Элдэв тоглоом үзээгүй биз?
Хазуулж орхисон морь
Халцарч холцорсон машин
Хатаж гандсан баавгай
Харлаж хиртсэн гөлөг
Хазгай доголон туулай тав
Хатирч хурдлан ирээд
Хашаа тойроод явчих нь билээ.
Одоохон бушуу явахгүй бол
Олж тэднийг авахгүй шүү
Гүйгээд байя, бүгдээрээ
Гүйцээд авъя, цөмөөрөө
Хэнээс ч зөвшөөрөл авалгүй,
Хэдүүлээ нийлээд хаачихна вэ?
Та нар бүгдээрээ биднийг
Тамлаж их тарчлаасан
Бид яасан ч очихгүй ээ.
Биеэ зовоож чадахгүй ээ
Олон хөөрхөн тоглоом минь
Одоо бид зовоохгүй ээ
Худлаа худлаа та нар
Хуурч залилж авлачихна уу?
Нээрэн нээрэн нээрэн шүү
Нэг ч удаа эвдлэхгүй гэж
Уйлан уйлан хэлээд,
Учиргүй гуйгаад байхаар нь
Өрөвчхөн сэтгэлтэй тоглоомууд
Өөрсдийнхөө эздэд очсон юм
гэдэг.

2015-01-22

1-3 настанд цээжлүүлэх шүлэг, дуу, оньсого (2)

Ээж, аавуудаа 1-4 настай хүүхдүүдэд ээ цээжлүүлж уншуулаарай. 

Ш.Энхбаяр         МИНИЙ ДҮҮ

Миний дүү
Жаахан жаахан
Надтай адилхан
Хөөрхөн хөөрхөн
Дүүгээ би
Дүү л гэдэг
Дүү намайг бас
Дүү л гэдэг
Эгч хараад
Инээдэг
Ээж хараад
Өхөөрддөг.

О. Сундуй            ХАА БАЙНА

Алаг нүд нь хаа байна
Энэ байна
Аавыгаа би харж байна
Энхрий хэн чих нь хаа байна
Энэ байна
Ээжийгээ би сонсож байна
Алив гар нь хаа байна
Энэ байна
Аавыгаа ээжийгээ тэвэрмээр байна.
Хөөрхөн хамар нь хаа байна
Энэ байна
Хөргөгчөөс алим үнэртээд байна
Ярьдаг ам нь хаа байна
Энэ байна
Яруу шүлэг уншмаар байна.

Л.Одончимид              ЧИМГЭЭ ОХИН

Чи гараа сайн угаадаг уу гэж
Чимгээ гийн ээж нь асуулаа.
Савандаад, базаад, мушгидаг юм чинь
Сайн байлгүй яах вэ дээ гэж тэр хариулав.

Г.Сэсмээ                     НАЙЗ АА НААШ ИР

Найз аа найз аа нааш ир
Надад чихэр байна
Аав минь надад өглөө
Адилхан хувааж идээрэй гэв.

Дүүдий , дүүдий нааш ир
Дүүдээ чихэр өгье
Ээж минь надад өглөө
Ижилхэн хувааж идээрэй гэв.

Айлын маамуу нааш ир
Алаг чихэр өгье
Ах минь надад өглөө
Адилхан хувааж идээрэй гэв.

Найз аа найз аа нааш ир
Надад чихэр байна
Чихрээ хувааж идээд
Эвтэйхэн сайхан тоглоё.

Ш.Энхбаяр                  АЯГА

Алтан амсартай шинэхэн аяга
Алаг эрээн хөөрхөн аяга
Гангар шаазан нэртэй аяга
Гар дамжин эдлэгддэг аяга
Алим жимсээр дүүрдэг аяга
Амттай бүхнээр бялхдаг аяга
Угааж байвал цэвэр аяга
Унагаж орхивол хагарна шүү .

2014-09-28

ТОГЛООМУУД ЯАГААД ЗУГТАА ВЭ?


Хүүхдийн зохиолч Г.Сэсмээ

Хурдан хурдан алхлаад
Хул морь хаачна вэ?
Хөл, сүүл, чихийг минь
Хөхөж зулгаагаад салдаггүй
                    Элдэв гэдэг жаалтай
                    Эвлэрч чадахаа байгаад
                    Замаар ороод явж байна
                    За машин чи хаачихна вэ?
Хайрга дээгүүр чирээд
Хамуутай юм шиг болгочихдог
Олзод гэдэг хүүгээс
Оргож зугтаж явна.
                    Та бид хоёр ч мөн
                    Таарсан амьтад байна даа.
                    Хамт хоёулаа явъя
                    Хайрладаг эзэнд очъё
Байдаг тэнхээгээрээ алхлаад
Баавгай та хаачихна вэ?
Хүчит хүрэн баавгай би
Хүүхэдтэй наадах дуртай
                    Гэтэл тэр Дэндэв маань
                    Гэртээ намайг байлгаагүй
                    Зуны халуун наранд ч
                    Зудтай өвлийн хүйтэнд ч
Гадаа гаргаад хаячих юм.
Ганц ч ирж авахгүй юм.
Дургүй баахан хүрээд
Дулаан байр эрж явна.
                    Та бид нар ч мөн
                    Таарсан амьтан байна даа,
                    Хамт бүгдээр явъя
                    Хайрладаг эзэнд очъё
Хон хон дуутай
Хотон байрын шинжтэй
Хойлог гэдэг гөлөг
Хаа хүрэх гэж явна.
                    Тоглоомынхоо буланд байлгаад
                    Тогтмол засаж янзалдаггүй
                    Тоос шороог минь арчаад
                    Тордож цэвэрлэхийг мэддэггүй
Баатар гэдэг хүүгээс
Баригдалгүй зугтааж гарлаа
Цэвэрч нямбай хүүхэдтэй
Цэнгэн наадах хүсэлтэй
                    Та бид нар ч мөн
                    Таарсан амьтан байна даа,
                    Хамт бүгдээр явъя
                    Хайрладаг эзэнд очъё
Дэлдэн хэн хоёр чихтэй
Дэгдэн хэн бор туулай
Дэгдэн цовхорч хурдлаад
Дэмий л юундаа яараа вэ?
                    Туулай надтай тоглоод
                    Тухтай байж байснаа
                    Дорхноо уурлаад шиддэг
                    Дондов гэдэг хүүгээс

Холдож амрах санаатай
Холын замд гараад
Дэлдэн чихээ дэл бэгнүүлээд
Дэгдэж яваа минь энэ дээ.
                    Та бид нар ч мөн
                    Таарсан амьтан байна даа,
                    Хамт бүгдээр явъя
                    Хайрладаг эзэнд очъё
Уйлж нулимсаа гоожуулаад
Уухилж аахилж гүйгээд
Ямар хэрэг гараа вэ?
Яаж яваа чинь энэ вэ?
                    Хааяа эрхэлж байдаг
                    Хатирч хул морьтой юмсан.
                    Харин тэр минь байхгүй
                    Хаачсаныг бүү мэд 
Та бид нар ч мөн
Таарсан амьтан байна даа,
Хамаагүй чирээд давхидаг
Хар ногоон “ЗИС”-тэй юмсан.
                    Харин тэр маань байхгүй
                    Хаачсаныг бас бүү мэд
                    Нийлээд хоёулаа явбал
                    Нэгийг нь ч болсон олох байгаа
Гунигтайхан алхаад чи
Ганцаар хаа хүрэх нь вэ?
Хон хон дуутай
Хоточ байрын шинжтэй
                    Хойлог гэдэг гөлөгөө
                    Харах бараагүй алдчихлаа
                    Хаачсаныг бүү мэд
                    Хайж эрээд явж байна
Харин ах дүү та нар минь
Харж үзээгүй биз дээ
Эрхэлдэг тоглоомоо алдаад
Эрээд гүйж явдаг
                    Та бид нар ч мөн
                    Таарсан амьтад байна даа.
                    Нийлээд бүгдээрээ явбал
                    Нэгийг нь ч болсон олох байгаа
Гурвуул дөрвүүлээ нийлээд
Гудамж өгсөөд хаачихна вэ?
Эрхэлдэг тоглоомоо алдчихаад
Эрээд явж байна даа бид
                    Энд тэнд явахдаа
                    Элдэв тоглоом үзээгүй биз?
                    Та бид нар ч мөн
                    Таарсан амьтад байна даа
Бөмбийсөн хөөрхөн биетэй
Бүлтийсэн хоёр нүдтэй
Хар халзан туулайтай юмсан
Харин тэр минь байхгүй
                    Хаачсаныг бүү мэд
                    Хайж эрээд явж байна
                    Нийлээд бүгдээрээ явъя
                    Нэгд нэгэнгүй олж авъя
Эрхэлдэг тоглоомоо алдчихаад
Эрээд явж байна даа бид
Энд тэнд явахдаа
Элдэв тоглоом үзээгүй биз?
                    Хазуулж орхисон морь
                    Халцарч холцорсон машин
                    Хатаж гандсан баавгай
                    Харлаж хиртсэн гөлөг
Хазгай доголон туулай тав
Хатирч хурдлан ирээд
Хашаа тойроод явчих нь билээ. 
                    Одоохон бушуу явахгүй бол
                    Олж тэднийг авахгүй шүү
                    Гүйгээд байя, бүгдээрээ
                    Гүйцээд авъя, цөмөөрөө
Хэнээс ч зөвшөөрөл авалгүй,
Хэдүүлээ нийлээд хаачихна вэ?
Та нар бүгдээрээ биднийг
Тамлаж их тарчлаасан
                    Бид яасан ч очихгүй ээ.
                    Биеэ зовоож чадахгүй ээ
                    Олон хөөрхөн тоглоом минь
                    Одоо бид зовоохгүй ээ
Худлаа худлаа та нар
Хуурч залилж авлачихна уу?
Нээрэн нээрэн нээрэн шүү
Нэг ч удаа эвдлэхгүй гэж
                    Уйлан уйлан хэлээд,
                    Учиргүй гуйгаад байхаар нь
                    Өрөвчхөн сэтгэлтэй тоглоомууд
                    Өөрсдийнхөө эздэд очсон юм                                       гэдэг.



2014-02-25

ТҮРГЭН ХЭЛЛЭГ

3-4 настай хүүхдэд тогтоолгох 
Хуш уу,хуруу,эрүү гээд
Хуш уу, хуруу, эрүүгээ
Бушуу өөрөө заагаарай
                                             Ус сайтай булаг
                                             Үс сайтай булга
Алаг шавар алга
Араг савар олго
                                             Дээлийн хээтэй торго
                                             Дэлэм хэртэй хөөрөг
Үүр цайлаа
Үүл цайрлаа
                                             Залгиж идвэл хор болно
                                             Зажилж идвэл хоол болно
Хүрэл ил үүр
Болор ээрүүл
                                             Арын уулын асга
                                             Авдрын урдах адсага
Туурай туруу хоёрын
Аль нь адуунд
Аль нь үхэрт байдаг вэ
                                             Эгч дуулаад
                                             Эгц уул өөд авирав
Бөв бөөрөнхий
Бөндгөр бөмбөгийг
Бөв бөөрөнхий
Бөндгөр бөөрөөр нь
Бөмбөрүүлэн бөмбөрүүлэн өнхрүүлнэ.

2014-01-14

Хүүхэд ба уран зохиол

            Өнөөдөр Боловсрол шинжлэх  ухааны яамнаас  боловсролын шинэчлэлийн тухай асуудал тавьж байгаа үед “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөдөлгөөнийг цэцэрлэг ерөнхий боловсролын  сургуулийн  багш нар олон сайхан ажил зохиож байна. Энэ сайхан  санаачлагыг цаашид үргэлжлүүлэн явуулж хэвшил болгох санааг та бүгдэд хүргэж байна.
           Бага насны хүүхэд бүр багаасаа эхлэн номыг сонирхож эхэлдэг. Эхлээд номын хуудсыг эргүүлэх нь сонин байна, дараа нь том хүн  ном  уншиж байгааг сонсох, номын зургийг харах сонирхол төрнө, номын зургуудыг харж сонирхохын зэрэгцээ  бичсэн зүйлийг сонирхож асууж эхэлдэг зэргээр дэс дараатай номонд сонирхолтой болдог.  Судалгаагаар бага насандаа хүүхэд номын гол баатрын үйл явдлыг сонирхож эхлэхийн зэрэгцээ хүүхдийн сэтгэл хөдлөлд өөрчилт гарч эхэлдэг.  Иймд  бага насны  хүүхдийг төрсөн өдрөөс нь эхлэн номын амтыг мэдрүүлэх, номыг сонирхож үзэхээс гадна зураг бүхнийг 1,5 сартай хүүхэд “ энэ юу вэ”  гэсэн асуулт тавьж эхлэхээс ажиллахад тохиромжтой үр дүнтэй байна. Боломж байвал хүүхдийг хэвлийд   байхаас нь эхлэн  ээж нь номыг чанга чанга  уншиж өгсний дараа , дөнгөж төрсөн өдрөөс нь эхлэн ээж нь үргэлжлүүлэн хүүхдэд зурагтай ном үзүүлж, ярьж өгөх нь амьдрал дээр үр дүн  үзүүлж байна. Энэ бүгдийг туршиж үзэхэд батлагдаж байна. Иймд бид хүүхдэд зөвхөн цэцэрлэгт орсон хойно биш бүр бага байхад  ном үзүүлж ярихад  дараа  нь  хүүхэд өөрөө номоо барьж ирээд яриулахыг хүсдгийг судалгаа харуулж  байна.
      Цэцэрлэгийн багш нарт зориулан 1970 оноос эхлэн одоо хүртэл  сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл ярианд тохирсон, хүүхдийн ой тогтоолд нь дөхөм, хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх, үгийн баялагийн нэмэгдүүлэх, эх хэлний баялагтай болгох, эх орныхаа тухай танилцах, эх орноороо бахархах хүмүүжил олгох  зорилгоор нэрд гарсан хүүхдийн сонгодог  зохиолчидын бүтээлийг  толилуулж байна.
             Та бүгд сар болгоны нэг долоо хоногийг “Номын долоо хоног” нэртэй болгож дунд ахлах бүлгийн хүүхдэд,  хүүхдийн зохиолчийн тухай товч,  ойлгомжтойгоор танилцуулж түүний  бүтээлээс   уншиж өгөөд утга агуулгыг тайлбарлан яриулах, хүмүүжлийн ач холбогдолыг  хүүхдээр  дүгнэлт хийлгэж ярилцах цаг гаргахыг та бүгдээс хүсэж байна. Уг   долоо хоногт хэл зүгшрүүлэх үгсийг хэлүүлэх, шүлэг, оньсого таавар, зүйр цэцэн үгсийг цээжлүүлэх, үлгэр өгүүллэгийг уншиж ярилцахдаа   ширээний, сүүдэр,  хурууны зэрэг жүжигчлэн тоглох аргуудыг хэргэлж номын агуулгыг хүүхдэд ойлгуулна. “Хэн олон оньсого, шүлэг, үлгэр мэддэг вэ” уралдаан тэмцээнийг хүүхэд эцэг эхийн дунд явуулах зэрэг ажлыг зохион байгуулж болно.
              Өдөр болгон өглөө ирмэгц  хүүхдэд уран зохиолоос / бага зэргийн хэмжээтэй байвал тохиромжтой/ уншиж өгөөд, юуны тухай уншисан тухай хоорондоо ярилцадаг журам тогтоовол илүү үр дүн өгөх болно.
             Өнөөдөр цэцэрлэг дээр хүүхдийн  зохиолчидыг болон тэдгээрийн уран зохиолыг танилцуулах  хичээлүүд явагдах цаг хугацаа байхгүй болж, хүүхэд монгол хэлээ, монгол зан заншилаа мартах, Монголоороо бахархах, Монголдоо хайртай болох зэрэг хүмүүжил орхигдож  байна.Хүүхдэд шүлэг зүйр цэцэн үгсийг цээжлүүлж ой тогтоолдыг нь хөгжүүлэх талаар ч санаа тавьмаар байна. Та бүгдэд цэцэрлэг яслийн насны хүүхэд дээр олон жил судалгаа туршилт хийж хүүхдийн зохиолуудыг сонгож авсныг толилуулж байна.
            Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид орж байгаа хүүхэд уншиж байгаа өгүүллэг ба  зарим үгийн утгыг ойлгохгүй,  уншсан өгүүллэгийн утгын ярьж чадахгүй, шүлэг, зүйр цэцэн үгсийг мэдэхгүй зэрэг хэл ярианы талаар хоцорч  байна.  Энэ байдал бидний сэтгэлийг зовоож байна. Та бүгд хүүхдэд эх орноороо бахархах хүмүүжлийг өгөх талаар санаа тавьж ажиллахыг хүсье!
             Уран зохиол нь хүүхдэд олон талын мэдлэг өгөх, уран яруу тод, зөв яриулж сургах ба олон талын хөгжлийг хангах,  хүмүүжлийн ач холбогдолтой. Хүүхэддээ багаас нь  номонд сонирхолтой болдогийг туршлага харуулж байна.

                    Та бүгдэд зориулан 1-3 настай хүүхдийг уран зохиолтой танилцуулах ажлыг өглөө хүүхдийг хүлээн авах, хичээлийн өмнө, үйл ажиллагааны үед, зугаалгаар, чөлөө цагт, өдөр бүр уран зохиол уншдаг цагтай болох зэргээр уран зохиолыг танилцуулахыг уриалж байна. Энэ удаа та бүгдэд “Багачуудда уншиж өгөөрэй 1” гурав дахь хэвлэлийн номын агуулгыг сар сараар хувиарлан ашиглах, багш таны ажлыг хөнгөвчлөх зорилгтойгоор  яаж  ашиглаж болохыг  үлгэр жишээ үзүүлхийг оролдлоо. Та үүнийг өөрчилж болно. Үүнд:

№
9 сар
10 сар
11 сар
12 сар
1


Ч .Чимид
“Би Монгол хүн”

“Би бага биш”

“Хөөрхөн Дүүдээ”
Д.Нацагдорж
“Миний сайхан нутаг”
С_Пүрэвсүрэн
“Төв сайхан нутаг минь”
2
Ч.Лхамсүрэн
“ Ясли
“Хөөрхөн Дүүдэ”
Т.Жамъянсүрэн
“Ах, эгч, дүү, би”
М.Чимид
“ Сүлд мод”
3
Д.Наваансүрэн
“ Манай  цэцэрлэг”
“Цэцэрлэг”
Л.Одончимид
“Чимгээ охин”
Т.Жамъянсүрэн
“Миний дээл
4
Д.Маам “Зун”
Н.Цэдэвсүрэн
“ Тариа будаа”
Ш.Энхбаяр
“ Аяга”
Ч.Одончимид
“ Барилгачин хүү”
5
Л.Тунгалаг
 “ Хуруу”
С.Погореловский
“Морилон ирнэ үү”
Л.Соронзонболд
“Бөмбөг”
Ш.Энхбаяр
“Төрсөн өдөр”
6
Т.Жамъянсүрэн
“Бороо бороо ороорой”
Т.Жамъянсүрэн
“ Таван хуруу”
Д.Мягмар
“Ном”
Ч.Аръяасүрэн
“ Ширээ”
7
Ш.Цэндаюуш
“Мөхөөлдөс”
Ш.Энхбаяр
“ Миний дүү”
Ч.Алагсай
“Хэрэм”
Д.Отгонсүрэн
“ Хүүхэлдэй”
8
Орос ардын үлгэр “Манжин”
Ч. .Алагсай
Туулай
Б.Энхтайван
“Монгол ботогны хонх”
Ч. Алагсай
“ Баавгай”
9
Украин ардын үлгэр” Тариан түрүүхэн”
Орос ардын үлгэр
“Өнхрүүш”
Б.Алтангэрэл
“Хөх ишигний хөглөл”
Орос ардын үлгэр “Чоно ба ишгүүд”
10
А.Барто
“ Тоглоомууд”
Г.Сэсмээ
“Тоглоомууд яагад зугтаа вэ”
Орос ардын үлгэр
“ Үнэг, зараа чоно гурав”
С. Маршак
“Нүдний шил яав”
11
Д.Содномдорж
“Хоёр жаал”
С.Маршак
“ Намар”
Д.Содномдорж
“Цэцэрлэгийн Цэцгээ”
Д. Содномдорж
“Дэндэв бид хоёр”



1 сар
2 сар
3 сар
4 сар
5 сар
1
“Багшийн гар”
“Аавын гар”
“Хавар”
“Ишиг, хурга”
Д.Дашдорж
“Хоёулаа хөрхөн”
2
“ Багшаа сайн байна уу”
Г.Сэсмээ
“Монголын уудам нутаг”
Г.Сэсмээ
“ Цуваа”
“Малын төл”
Р.Ядмаа
“ Муур”
3
О.Сундуй
“Миний хөрхөн гөлөг”
О.Сундуй
“ Хаа байна “
Д.Пашка, Д.Нямдорж
“Хөх бух”
Г.Батаа
“Энхээ”
Х.Баатар
“Малчин хүүгийн дуу”
4
Н.Одонхүү
“Өвөө”
Д.Дамбадаржаа
“Миний эмээ”
“Аав”
Ж.Нямдорж
“Ботго”
В.Осеева
“Шидэт үг”
Д.Гармаа
“Хувдай цагаан”
5
Д.Давааням
“ Өвөл”
Е.Благинина
“Чимээгүй, чимээгүй”
Ш.Энхбаяр
“ Дэгдээхэй”
Д.Санжжав
“Өвөөгийн сургаал”
С.Маршак
“ Бөмбөг”
6
Ч.Лувсандэндэв
“ Сүхбаатар”
Ч.Лувсандэндэв
“ Би, би”
Е.Благинина
“Миний сайхан ээж”
К.Д.Ушинский
“Өвгөн аав”
С.Маршак
“Тавдугаар сар”
7
Д.Отгонсүрэн
“Туулай”
Г.Сэсмээ
“Тэмээ томоо”
Ч.Лувсандэндэв
“Даадий Дүүдий”
Ч.Лувсандэндэв
“Дүүдийн хөгтэй явдал”
А.Толстой
“Алтан залаат тахиахан”
8
Т.Галсан
Өвөө эмээтэй золгоорой”
Ш.Перро
“Улаан малгайт”
Монгол ардын үлгэр “Мэргэн хүү”
З.Түмэнжаргал
“Тоглоомууд минь ядраа байлгүй”
Д.Содномдорж
“ Муур”
9
К.Чуковский
“Зад угаагч”
Х.Андерсен
“Таван буурцаг”
Ю.Яковлев
“Зоригт хүү Никита”
А.Толстой
“Лисийн яс”
П.Хорлоо
“Алт Мөнгө хоёр”
10
П.Хорлоо
“Туулайн бүжин”
П.Хорлоо
“Сүхбаатар багадаа”
Ж.Лодой
“Ишиг “
“Хурга”
Д. Содномдорж
“ Тэгшээ”
С.Михалков
“Степа ах”
11
Д.Содномдорж
“Цэцэгмаа охины тухай”
Ж.Лодой
“Унага”
“Тугал”
Ж.Лодой
“Ботго”
Д.Содномдорж
“Хүүхдийн баяр”.

12






Багш танд дээрхи бичсэн зүйл ойлгохгүй бол  холбоо барьж тодруулж аваарай.  (Боловсруулсан АБТА, Боловсрол судлалын магистр, “Зөвлөх” багш,  сургуулийн өмнөх боловсролын асуудлаар 40 гаруй жил ажилласан , ахмад багш Д.Нонна.)   танд тайлбарлаад туслаад өгнө.                         2013. 10. 09.