(Багачууддаа уншиж өгөөрэй 5-6 настай, 4-р хэсэг)
ҮргэлжлэлИдэж ууж, сунаж хэвтсээр Эрт унтаж, орой боссоор Өрөөлийн мууг шоолж Өөрийн сайныг гайхсаар Гэнэхэн хонгор аварга маань Гэдсээрээ цүлхийн таргалж Гэдийж хэд алхахаас цааш Гэрээс холдож чадахыг байлаа. Гэлээ ч гэсэн санаа нь үүлэнд Гэдгэр ч гэсэн хүсэл нь ууланд Ижлийн манлайд тэмүүлнэ Ишгэдийн тэргүүнд санаархана. Алагдай гэвэл уурлан давшилна, Аварга гэвэл инээн онгирно Харсан бүхэнд “Би чадна” Хавьтсан бүрд “Би мэднэ” гэнэ. Аясын салхи сэржигнэсэн Аялуун намрын нэг өглөө Ааглуу омголон Алагдай Анд нөхдөдөө хандаж: “Хулан чихтэйн унагатай Хурд чадлаа үзэлцэнэ, Хумбан туурайтын үрстэй Хувь заяагаа сорилцоно. Ганцхан өдөрт багтааж Галавын говийг туулна, Оргилох шаргал тоосоор Орчлон дэлхийг бүрхэнэ” гэхэд нь Ээж аав хоёр нь Ээлж дараалан үглэж “Эрх бяцхан ишиг минь Эргэцүүлж сайтар тунгаа, Харийн харгүй бартаатай, Хартан дайсан аюултай, Өглөө үдшийн бүрийгээр Өлөн чоно гэтдэг шүү” гэхэд нь “Би бол ишиг биш Бие гүйцсэн ухна Эгэл нэг ямаа биш Эрх төгс аварга, | Хэнээр ч хэлүүлэхгүй Явах замаа тухайлна, Хэнд ч заалгахгүй Яах ийхээ мэднэ” гээд Ширүүн гэдэг нь тэнцэлгүй Шийдэмгий гэдэг нь тогтоолгүй Аашийн жолоогоо таталгүй Авирлан муухай загнахад нь Аав ээж хоёр нь Аргадан ятгаж цөхрөөд Ах эгчий нь дагуулан Алсын замд мордуулав. Хулангийн газар зорьж Хурднаа нэг үзэлцэнэ гээд Онгироо аварга оройлон Орогдой, Эрээдэй дагалдаад Задгай талд гартал нь Зайгуул чоно угтаж Амттай бэлэн хоолонд Амаа зэхэн дайрав. Хэрцгий нүд нь жартайсан Хэдрэг шүд нь ярзайсан Зүүдэнд оршгүй муухай Зүхлийн дайсныг үзэхдээ Мээмний гурван ишиг Мэгдэж тэвдсэн нь хэмжээгүй, Ухаан жолоогоо алдаж Ум хумгүй зугтаав. Овойж биеэ тоосоор Олох эрдмээс хоцорсон Сунаж тэрийж хэвтсээр Сургууль дасгалаа мартсан, Олиг муутыг бодвол Орогдой Эрээдэй хоёр Харайх гүйхдээ хурдан Харах бараагүй талийв. |