2011-12-05

Цэцэрлэгийн эрхлэгч (3)


Эцэг эхэд зориулсан сурталчилгааны хэлбэрүүд:

  • Эцэг эхийн булан / Боловсролын хуулиас, цэцэрлэгийн талаар Боловсролын яамнаас гарсан тушаалын хэсгээс, сургалтын хөтөлбөрийн агуулгаас, эрүүл ахуйн холбогдолтой материал, хүүхдийн цэцэрлэгийн өдрийн дэглэм, хүүхдийн хоолонд ордог хүнсний нэр, калорийн хэмжээ, хүүхдийн гэрт байх өдрийн хувиар зэрэг эцэг эхийн заавал мэдэж байх зүйлийг байрлуулна./
Сурталчилгааны хавтас аялуулж  дараах сэдвээр сурталчлах. Үүнд:“Эрүүл мэндийн мэдлэгтэй больё”,”Хүүхдийн талаар дэлхий юу хийж байна вэ”, “ Аав ээж хүүхдээ ингэж хүмүүжүүлж байна”, “ Танай хүүхэд ийм чадвартай”, “Хүүхдийн эрүүл мэндийг хэрхэн яаж бэхжүүлэх вэ”,”Хүүхдийг халдварт өвчнөөс хэрхэн хамгаалах вэ”,”0-1 настай хүүхдийн онцлог ба яаж хөгжүүлэх вэ”,”1-2 настай хүүхдийн онцлог ба яаж хөгжүүлэх вэ”,”2-3 настай хүүхдийн онцлог ба аж хөгжүүлэх вэ”, “3-4 настай хүүхдийн онцлог ба яаж хөгжүүлэх вэ”,”4-5 настай хүүхдийн онцлог ба яаж хөгжүүлэх вэ”,”Хүүхдийг сургуульд яаж бэлтгэх вэ” г.м. хав тасуудыг ажиллуулах/
  • Гэр бүлийн ба бүлгийн үйл ажиллагааг харуулсан альбомууд  бэлтгэнэ. Үүнд: “Манай эвсэг гэр бүл”, “Манай бүлэг өдөр бүр”, “ Бид хичээл хийж байна”, “Би сургуульд орох бэлтгэлээ хийж байна”,” Би тоглох дуртай”, “Ээж ямаагаа яаж сааж байна вэ”, “Би цэцэг арчлах дуртай”, “Миний хайртай нохой”, “ Бид ногоо тарьж байна”, “Бид ногоо хурааж байна”, “Манайх өвс хадлангаа авч байна”  г.м.
  • Нүүдлийн номын сан  аялуулах:  Эцэг эх, эмээ өвөө ба хүүхдэд зориулсан хүмүүжил сургалттай холбоотой ном байна.
  • Фото зургийн цуглуулгаа: ”Бүлгийн амьдралаас”, “Бид малд хайртай”, “Бид байгалийн найз нөхөд”, “Бидний дуртай цэцэг”, “Бид гэртээ” ,Бид хашаандаа” г.м.
  • Фото зургийн үзэсгэлэн гаргах:  “ Миний эмээ бусдаас илүү”, “Ээж ба би хамгийн жаргалтай”, “Миний хайртай аав”, “ Аав ээж би хамгийн эвсэг найртай гэр бүл”, “Би аав ээжийн ажил дээр”, “Би аавын байгуулсан үнээний ферм үзэж явна”  гэх мэт.
  • Гэр бүлийн онцлог:  “Миний гэр бүл хамгийн сайхан”, “ Эрүүл аж амьдрахад гэр бүл”, “Аав болоход суралцах хэрэгтэй”,” Бидний хүү ба охин”, “Би аав ээждээ ингэж тусалдаг” гэх мэт.
  • Гэр бүлийн сонин гаргах:  “Би  хайртай эмээтэйгээ”, “ Бид  гэр бүлээрээ ингэж амардаг”, “Гэр бүлийн сонирхолтой явдлууд”, “Манай гэр бүлийн хамгийн дуртай хоол”,” Би ээжтэйгээ хонио хариулдаг”, “Миний хамгийн хайртай  ишиг”,”Манай нутгийн хайрхан уулс”, зэрэг сэдвээр гаргана.
  • Сэтгэл хөдлөлийн буланд:  ”Би өнөөдөр ийм байгаа”, “Би ирлээ сайн байна уу”, “ Инээдмийн өдөр”, “Өнөөдөр аавтайгаа аялал хийсэн” “Миний аав хамгийн хөгжилтэй”, “ Би аав шигээ болно”,”Би аав ээждээ маш их хайртай” зэрэг сэдэв байж болно.
  • “Сайхан үйлсийн хуримтлал” буланд  эцэг эхэд зориулан гаргаж сурталчилна. Эцэг эхийг идэвхжүүлэхэд олон хэлбэрийн жижиг хэмжээний сурталчилгаа хийж болно. Жишээ нь : “ Гэртээ хүүхдээ яаж юугаар саатуулах вэ”, “Та асуу бид хариулъя”, “Хүүхдүүд ингэж ярьж байна”, “Талархаж байна”, “Энэ сонирхолтой шүү”, “Тоглоод үзье”, “Өсөж том болж байна”, “Булбарай хөөрхөн хүү /охин/”, “Сэтгэлээсээ” “Та анхаарна уу”, “Бид найз нар таа ингэж тусалдаг”, “Миний хөөрхөн найз”,  зэрэг хүүхэд чинь цэцэрлэгт юу хийдгийг эцэг эхийн сонирхлыг татахуйц хүүхдийн үнэн байдлыг харуулсан зургуудыг сурталчилж болно.

Цэцэрлэгийн бүлэгт эцэг эхийн 
хамт явуулах баяр ба чөлөөт цаг.

Тэмдэглэлт баяруудаас  “ Ээжийн өдөр”, “Эмээгийн өдөр”, “Төрсөн өдөр”-ийг сард нэг удаа хийнэ, “Миний гэр бүл хамгийн сайн гэр бүл” зэрэг сэдвээр баярыг өнгөрүүлж болох юм.
  • “Мэргэжил бүхэн чухал бүгдээрээ мэргэжил эзэмшье” эцэг эхээс мэргэжлийн талаар хүүхдүүдэд яриа хийх.
  • Спортын тэмцээн уралдаан явуулах
  • Гэр бүлийн үзэсгэлэн гаргах  “Монгол үндэсний хувцас” “Монгол үндэсний гоёл чимэглэл”, “Монгол үндэсний сав суулга” зэрэг гэр бүлийн  амьдралын онцлогийг харуулсан фото зургийн үзэсгэлэн байна.
  • Жүжигчилсэн тоглолт эцэг эхийн хамт тоглох.  Жишээ нь: П. Хорлоогийн “Туулайн бүжин”, орос ардын үлгэр “Өнхрүүш”, “Чоно ба ишигнүүд”,Г. Сэсмээгийн “Тоглоомууд яагаад зугтаа вэ”, Ш.Перрогийн “Улаан малгайд”, монгол ардын үлгэр “Ах дүү гурав”, “Шаазгай хүү”, “Долоон бор оготно” зэрэг үлгэрээр хүүхдийн дунд тоглолтыг явуулах нь хүүхдэд баяр баясгаланг авчир ах юм. “Хүүхэд хоол идэж өсдөггүй харин баяр баясгалантай байвал түргэн өсдөг” гэж нэгэн эрдэмтэн хэлсэн билээ.
Болгоомжтой явган   аялал / 7 хоног явуулах/. Үүнд:
  • Зам хөндлөн явж гарах зорилготой зугаалга
  • “Үл мэдэгч гудамжинд” сэдвээр өдөрлөг тоглох.
  • Жолооч нарын өдөрлөг /жолооч аав ээж нартай хамтран / явуулна/.
  • Замын хөдөлгөөний сэдэвтэй тоглоом тоглох.
  • Замын хөдөлгөөнийг хэн сайн мэдэх вэ? Хүүхэд эцэг эхийн хамт ярилцаг явуулах.
  • Замын хөдөлгөөний цагдааг урьж яриа хийлгэх.
Урлагийн долоо хоног. Үүнд:
  • Зургийн үзэсгэлэн явж үзэх.
  • Зураачдын өдөр /уран зураг зурдаг / зураачийг урьж яриа хийлгэнэ.
  •  Монголын болон бусад орны зураачдын зургийг үзүүлж тайлбарлана ярилцана.
  • Хөгжмийн  өдөр /  Монголын нэртэй болон залуу хөгжимчнийг  урьж уулзалт зохиох/.
  •  Хөгжим сонсох утгын тайлбарлаж ярилцах, дуу дуулах.
  • Хүүхдийн зургийн өдөр.
  • Хүүхдийн тоглоомын гоё талбайн өдөр/ эцэг эхийн хамт ойролцоо  хүүхдийн талбайтай танилцах зугаалга явуулна.
Бидний хайртай Улаанбаатар хотын  долоо хоног. Үүнд:
Хот минь юу юунаас бүтдэг вэ ? Ярилцлага явуулна.
  • “Хот- гудамж- миний гэр /байшин/” сэдвээр ярилцлага зохион.
  • “Хот-зам-би” сэдвээр ярилцана.
  • “Хотын хүмүүс” сэдвээр ярилцана.
  • “Хотын байгаль” сэвээр ярилцана.
  • “Хотын дурсгалт газрууд” сэдвээр ярилцана.
  • “Хот аюултай ба аюулгүй” сэдвээр ярилцана.


2011-11-29

Сунадаг...

Б.Ганчимэгийн  Сунадаг автобус, Хөлөндөө өндөгтэй унага, Оймс иддэг хулгана, Баллуур зэрэг хүүхдийн хөөрхөн шүлэгүүд дээрх сайтаар гарсан байна. Номыг авч хүүхдүүдээ уншуулаарай.

MongolNews.mn - Хүүхдийн зохиолч ЭЭЖ ОХИН ХОЁР: "
Б.ГАНЧИМЭГ
Хөл тавих зайгүй
Дүүрэн зорчигч суулгасан
Хөх цэнхэр автобус
Хүнгэнэн дуугарч давхина
Нэгдүгээр ангийн сурагчид
Эхний эгнээнд суужээ
Хоёр гуравдугаар ангийнхан
Хойно хойноосоо дараалжээ."
Дунд ангийн сурагчид
Дундуур хавьцаа тухалжээ
Арын хэдэн суудал
Ахлах ангийнханд оногджээ.
'via Blog this'

2011-11-21

Цэцэрлэгийн эрхлэгч (2)


Цэцэрлэгээс эцэг эхийн дунд зохиох ажил.

Эцэг эх бол хүүхдийн анхны багш. Тэд хүүхдийг хувь хүний хувьд нялхаас нь эхлэн бие бялдар, ёс суртахуун ба оюуныг хөгжүүлэх төлөвшүүлэх анхны суурийг тавих үүрэгтэй.
Гэр бүл ба хүүхдийн цэцэрлэг бол ирээдүйн иргэнийг бий болгох нийгмийн хоёр чухал сургууль. Гэвч бие биеэ ойлгох, сонсох, тэсвэр хатуужлыг давах, хоорондоо харилцах, харилцан ойлголцох талаар цаг хугацаа бага байдаг.  Харилцан бие биеэ ойлгохгүйгээс болж дунд нь хүүхэд хохирч байдаг байна. Эцэг эх хүүхдэд минь өнөөдөр ямар хоол өгсөн бол гэдгийг сонирхдог, цэцэрлэг бидний  хүүхдийг минь зөвхөн харж саатуулдаг гэж ойлгодог. Иймд багш нарт дээрх шалтгаанаас болж эцэг эхтэй харьцахад их саад учирдаг.

Хүүхдийн хүмүүжлийн талаар эцэг эхэд ойлгуулахад багш нарт маш хүнд байдаг. Хүүхдийг зөвхөн хооллоод, гоё хувцас өмсгөөд байх нь биш хүүхэдтэйгээ харьцаж ярилцаж, тэдний бодол санаа, мөрөөдлийг сонсож, тэднийг сэтгэж бодож байгааг дэмжиж байх талаар багш нар эцэг эхэд зөвлөгөөн өгөхөд хүлээн авах дургүй байдаг. "Бид завгүй, цаг байхгүй" гэж хариулна.

 Үүнийг яаж өөрчлөх вэ?
 Хамтран ажиллах талаар яаж эцэг эхийн сонирхлыг татах вэ?

Эцэг эхтэй хамтран ажиллахад  юуны өмнө эцэг эхийн  сонирхол, үзэл бодол, мөрөөдөл, амьдралыг судлах, гэр орноор нь очих, гэр бүлийн хүмүүжил, эцэг эхийн хоорондын харьцаа, хүүхдийн хөгжих орчин гэрт нь байгаа эсэхийг судалж дүгнэлт гаргах нь чухал байдаг.

Эцэг эхийг судлаад үзэхэд тэд гурван бүлэгт хуваагддаг. Үүнд:

  • Лидер /манлайлагч/ эцэг эх гэж байдаг. Тэд хүүхдийн цэцэрлэгийг сонирхдог, тэдний үйл ажиллагааг мэддэг байнга цэцэрлэгийн ажилд тусалдаг.
  • Гүйцэтгэгч эцэг эх гэж байна. Тэд ямар нэгэн болзол харж цэцэрлэгийн ажилд оролцоно.
  • Шүүмжлэлтэй ажиглагч эцэг эх гэж байна. Тэд хүүхдийнхээ боловсролд анхаарч хүмүүжил сургалтын зарим үйл ажиллагаанд сууж өөрийн хүүхэд  аль зэрэг оролцож байгааг ажиглах, хүүхдийн ямар нэгэн асуудал гарахад мэргэжлийн хүнд хандаж шийдвэр гаргах, “Намайг  ингэж л хүмүүжүүлж байсан юм” гэж хайнга хандах зэргээр  дээрхи эцэг эх бидний зохиож  байгаа ажилд оролцдог .

Иймд хүүхдийн цэцэрлэг эцэг эхтэй хамтран ажиллах талаар тодорхой зорилго чиглэлтэй ,эцэг эхийн сонирхлыг татахуйц тэдэнд хүүхдийн хүмүүжлийн талаар боловсрол олгох олон төрлийн ажил зохиох шаардлага гарч ирж байдаг. Энэ талаар та бүгдэд эцэг эхтэй ажиллахад үлгэр жишээ болгож  ирэх бичлэгүүдээрээ дараах зүйлийг өгнөө.  Үүнд:

  •    Цэцэрлэгээс эцэг эхийн дунд зохиох үйл ажиллагаа. /үлгэрчилсэн байдлаар өглөө/
  •    Эцэг эхэд зориулсан сурталчилгааны хэлбэрүүд. (дараах бичлэгт)
  •    Цэцэрлэгийн бүлэгт эцэг эхийн хамт явуулах баяр ба чөлөөт цаг. (дараах бичлэгтсэдвүүдийг өгөх болно.

 Цэцэрлэгээс эцэг эхийн дунд зохиох үйл ажиллагаа. /үлгэрчилсэн байдлаар өглөө/

  •  Цэцэрлэгт явж байгаа хүүхэд нэг бүрийн  гэрээр очиж танилцах,
  • Нийт ( жилд 2 удаа)  ба бүлгийн  (  улиралд 1 удаа ) эцэг эхийн хурлыг тогтмол хийх / эцэг эхийн эхний хурлыг тоглоомын аргаар тойрч зогсоод өөрсдийг ээ танилцуулах, хүүхэд насаа санаж ярилцах, хүүхдийн болон том хүний дуу дуулах,  цэцэрлэгийн  ба бүлгийн зорилгоо танилцуулах ба жил ба улирлын тайлангаа тавих  гэх мэт./
  • Хүүхдийн хүмүүжлийн талаар зөвлөгөөн өгөх / хүүхдийн нас зүйн онцлог тэдэнтэй хэрхэн яаж ажиллах талаар богино хэмжээтэй байх ба сэтгэл судлаач,эмч, хэл засалч зэрэг мэргэжлийн хүмүүсийг урьж яриа хийлгэх/
  • Эцэг эх хүүхэд оролцсон хичээл явуулах / “ Бид дэлхийн хүүхдүүд”, “Миний сайхан нутаг”, “Миний хайртай хот / хот,аймаг, дүүрэг, сум бригад, хороо гэх мэт”, “Миний хайртай унага”, “Миний хайртай дүү”, “ Миний хайртай өвөө, эмээ”,“Миний хайртай ишиг”,  “Миний хайртай нохой”,  “Миний хайртай цэцэг”, “Манай аймгийн домог”, “Манай нутгийн шувууд”, “Мэдлэгийн орон” “Газар дэлхийгээ аваръя” зэрэг  сэдэвтэй хичээлийн конспект бэлтгэж явуулах/
  • Эцэг эх ба хүүхдийн оролцсон бүтээлийн үзэсгэлэн гаргах /зургийн, наа малын, баримлын, зохион бүтээх, эцэг эхийн урлан бүтээсэн зүйл, эцэг эх хүүхдийн хамт хийсэн бүтээл гэх мэт./
  • Хамтарсан аялал экскурс зохиох / нутаг орноороо явж бахархал төрүүлэх/
  • Харилцааны өдөр / цэцэрлэгийн эрхлэгч , арга зүйч ,багш нарын төлөөлөл, эцэг эх нар оролцсон“ Халуун хийцтэй цайны өдөр” , “Боорцогтой халуун цайны өдөр” сэдвээр чөлөөтэй · ярилцаж эцэг эхийн саналыг сонсох, багш эцэг эхийн харилцан чөлөөтэй ярилцах гэх мэт./
  • Буян хийх өдөр / жилд нэг удаа тухайн цэцэрлэгт явж байгаа хагас өнчин, нэн ядуу айлын хүүхдэд туслах зорилгоор айлд байгаа илүү тоглоом, хүүхдийн хувцас , ном хичээлийн хэрэглэлийг хүүхдэд бэлэглэх арга хэмжээ явуулахын тулд “ 10 төгрөгийн өдөр”, “ Найздаа хувцас бэлэглэе” ,” Найздаа тоглоомоо бэлэглэе”, “ Найздаа хичээлийн хэрэгсэл ба номоор тусалъя”, “Зүгээр л тусалж байна”, “Байгалийн гамшигт орсон орны хүүхдэд тусалъя”  гэх мэт ядарсан хүүхдэдээ туслах хайрлах халамжлах ажил зохиох өдөртэй болох г.м/
  • Нээлттэй хаалга / улиралд нэг өдөр эцэг эхчүүд хүүхдийн болон багшийн үйл ажиллагаатай танилцах зорилготой/
  • Баяр, чөлөөт цагийг өнгөрүүлэх бэлтгэл ажилд эцэг эх оролцох / “9-р сарын 1-ний нээлт”, “шинэ жил”, “ээжийн баяр” , хүүхдийн “төрсөн өдөр”, “ сургуульд үдэх өдөр” зэрэг арга хэмжээний бэлтгэл ажилд ба өдөрлөгт зөвхөн цэцэрлэг дээрээ оролцоно, гадуур ресторан бааранд олны газарт оролцохыг хориглоно/
  • Фото зургийн үзэсгэлэн гаргахад эцэг эх оролцох / гэр бүлийн зураг, олон үйл явдалд оролцсон, хүүхдийн өсөлт ,хүүхдийн хөгтэй явдлууд зөвхөн гэр бүлтэй холбоотой зургууд байх эсвэл зөвхөн цэцэрлэгийн үйл явдлаас харуулсан зургууд байна/
  • Хөгжүүлэх сургалтын орчин бүрдүүлэхэд эцэг эх хамтран оролцох
  • Өглөөний мэндчилгээнд оролцох 
  • Бүлгийн эцэг эхийн зөвлөлийн ажилд оролцох
  • Эцэг эх ба хүүхэдтэй харилцан ярилцах
  • Эцэг эхийн дунд сургалт семинар дадлага  хийх /“ Та хүүхдээ хэрхэн хөгжүүлж байгаа”, “Танай хүүхдийн эрүүл мэнд”, “Танай хүүхэд ямар хоолонд дуртай вэ”, “Танай хүүхэд гэртээ ямар хөдөлмөр хийдэг вэ”,“ Танай хүүхэд сургуульд ороход бэлэн үү ”, ”Танай хүүхэд ямар тоглоомоор тоглодог, ямар ном сонирхдог”, “Танай хүүхэд сургуульд явах хүсэлтэй юу” сэдвээр судалгаа хийх, ярилцлага зохиох гэх мэт./
  • Эцэг эхийн хүлээн авах өрөөнд ажил зохиох / эрхлэгч буюу арга зүйч нар эцэг эхтэй ганцаарчилсан уулзалтууд зохиох/
  • Итгэлт утас / утасны дугаар тавьж утсаар эцэг эхээс мэдээлэл авах/ ажиллуулах
  • Итгэлт шуудан / шуудангийн хайрцгаар мэдээ авах/ ажиллуулах

үргэлжилнэ

2011-11-06

Хонио өсгөё

Ээж аавуудаа хүүхдүүдтэйгээ хамт хонио өсгөөрэй. Эхлээд дөрвөлжин шугамтай дэвтрийн цаас ашиглаж том жижгийг тохируулж зураад хайчилж загварыг хатуу цаасан дээр тавьж зурж хайчлаад, будаж өнгө оруулаарай.







2011-11-03

Цэцэрлэгийн эрхлэгч (1)

Энэ удаагийн цуврал бичлэгээр цэцэрлэгийн эрхлэгч болон цэцэрлэгийн багш нарт юу анхаар ч ажиллах, яаж ажиллах талаар товч зөвлөгөө  өгнө.

Цэцэрлэгийн эрхлэгч нэгэн байгууллагыг удирддаг өөрийн мэдлэг боловсролыг байнга дээшлүүлж ажиллах нь зүйтэй. Мэдлэгээ дээшлүүлэхдээ:
  • сургуулийн өмнөх сурган, сэтгэл судлал,  арга зүй  зэрэг мэргэжлийн онол,
  • тал бүрийн өргөн мэдлэгтэй байх,
  • хүмүүжлийн үйл явцыг сайн мэдэх, мэдрэмжтэй байх,
  • судалгаа туршилт хийх, нэгтгэн дүгнэлт гаргаж байх асуудлуудыг анхаарч ажиллах нь чухал байдаг. 
  • ...
Цэцэрлэгийн  эрхлэгчийн үйл ажиллагаа  гурван чиглэлд чиглэгдэнэ. Үүнд:
  • хүмүүжлийн  үйл ажиллагаа болон заах арга зүйг удирдах,
  • цэцэрлэгийн аж ахуй  ба захиргааны асуудлыг шийдэх,
  • гэр бүлтэй ажиллах ба  эцэг эх болон  нийт хүмүүсийн  дунд сургуулийн өмнөх боловсролыг сурталчлах. 
Жишээ болгож энэ гурван чиглэлд юу хийж болохыг доор дурдлаа.

Хүмүүжлийн үйл ажиллагаа ба заах арга зүйг удирдахад дараах зүйлийг хийнэ. Үүнд:
  • цэцэрлэгийн хүмүүжил сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд юуны өмнө цаг алдахгүй багш нарт  шинэ мэдээллээр туслалцаа үзүүлэх
  • багш нарын мэргэжлийн дагуу боловсролоо бие дааж дээшлүүлэхэд хяналт тавьж байх
  • хамт олноороо цэцэрлэгийн багшийн  үйл ажиллагаанд нь сууж ярилцах
  • багш нарын тэргүүний туршлагыг  судалж ,нэгтгэн дүгнэх,  сурталчлах ба нэвтрүүлэх
  • тодорхой сэдвээр бие биеийнхээ хүмүүжил сургалтын үйл ажиллагаанд суух
  • цэцэрлэгийн  хүмүүжил сургалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх
  • багш нарын зөвлөгөөнөөр тодорхой асуудлыг хэлэлцүүлж байх
  • багш нарын дунд семинар  дадлага, сургалтууд явуулах
  • багш нарын дунд ялгавартай / туршлагатай ба шинээр ирсэн багш нар/ зөвлөгөө өгч байх
  • заах аргын кабинетыг / багшийг хөгжүүлэх төв /тохижуулж  тогтмол үйл ажиллагаа явуулах
  • шинэ  технологи, арга зүй, өөрийн ,бусад цэцэрлэгийн  болон гадаадын цэцэрлэгийн  багш нарын туршлагаас үзэсгэлэн гаргах
  • эцэг эхийн сурталчилгааны самбар ажиллуулах
  • нийгмийн  ядуу,  хэцүү гэр бүлтэй ажиллах
Цэцэрлэгийн эрхлэгч арга зүйчтэй ажиллах хэлбэрүүд
  • тухайн цэцэрлэгийн онцлог тохируулан  багш нарыг дахин бэлтгэх сургалт явуулах
  • семинар зөвлөгөөн явуулах
  • хичээл хүмүүжлийн ажилд дагуулан сууж  түүнд анализ дүгнэлт гаргах аргад сургах
  • дадлага  семинар явуулах
  •  нийт багш нарт болон ганцаарчлан зөвлөгөө өгөх
  • хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг  туршлагатай хүмүүстэй хамт  шалгалт явуулж оролцуулах

Нээлттэй үйл ажиллагаанд оролцох
  • аймаг дүүргийн цэцэрлэгүүдийн үзүүлэх тайлан хуралд оролцох
  • сурган хүмүүжүүлэх зөвлөгөөн, сурган хүмүүжүүлэх онол-практикийн уншлагад оролцох
  • сургуулийн өмнөх байгууллагын намрын тайлан зөвлөгөөнд оролцох
  • цэцэрлэгийн эрхлэгч нарын зөвлөгөөнд оролцох
Цэцэрлэгийн асуудлыг хариуцсан залуу мэргэжилтэн арга зүйч нарын сургалтуудад оролцох
  • ажлаа хэрхэн яаж төлөвлөхөд зааж сургах
  • цэцэрлэгийг шалгах график гаргах сургах
  • хяналт шалгалтын аргачлалд сургах
  • хүнтэй хэрхэн яаж ажиллах, хяналтын явцад гарсан дүгнэлтийг хэрхэн засах арга
  • цэцэрлэгийн эрхлэгч, хүмүүжүүлэгч багш ба хамт олны тэргүүн туршлагыг хэрхэн ажиглах, судлах, нэгтгэн дүгнэх, сурталчлах, хэрэгжүүлэх аргачлал
  • цэцэрлэгийн байцаагчийг бэлтгэхэд барилгын , санхүүгийн болон бусад мэргэжилтнүүдийг татан оролцуулах
  • цэцэрлэгийн байцаагч нарын үйл ажиллагааг дурдах биш харин үйл ажиллагаанд нь задлан шинжилж дүгнэлт өгч сургах
Хурал зөвлөгөөн семинарт цэцэрлэгийн талаар дараах асуудлыг хэлэлцдэг байх
  • Хот аймаг, дүүргийн хүүхдийн цэцэрлэгийн нэг болон таван жилийн ажлын тайлан үр дүнг дараах асуудлаар хэлэлцүүлнэ. Үүнд:
  • 1. Улсын хэмжээний хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хэрэгжилтийн ололт дутагдал, бэрхшээл түүнийг даван туулсан, гарсан үр дүн,
  • 2. Хүүхдийг эрүүлжүүлсэн ажлын тайлан үр дүн,
  • 3. Хувилбар сургалтыг явуулсан арга туршлага тайлан үр дүн,
  • 4. Хүүхдийг сургуульд бэлтгэж ерөнхий боловсролын сургуульд шилжүүлсэн тайлан үр дүн
  • 5. Шинэ хичээлийн жилийн зорилго зорилт зэрэг асуудлыг хэлэлцэх.
  • Орон нутагт хүүхдийн цэцэрлэг дундын заах аргын нэгдлийн ажлын явц байдал үр дүн, багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлж байгаа байдал, тухай орон нутгийн арга зүйч ба цэцэрлэгийн эрхлэгч нарыг чадваржуулсан байдал зэргийг хэлэлцэх.
Жилд 2-3 удаа зөвлөгөөн семинарт тухайн цэцэрлэгийн талаар хэлэлцэх асуудал. Үүнд:
  • Цэцэрлэгийн жилийн ажлын төлөвлөгөө ба заах аргын нэгдлийн ажлын төлөвлөгөө
  • Төлөвлөгөө хийх аргачил ал дадлага /сургалт/
  • Сурган хүмүүжүүлэх уншлагад бэлтгэх, илтгэл бичих , онолын номд дүгнэлт өгөх, илтгэл бичих аргачлалд сургах
Улс, хот аймгийн  багш нарын дунд явуулдаг намрын бага хуралд оролцох.

Хүүхдийн цэцэрлэг жилд тодорхой нэгэн асуудлыг авч хэлэлцэхийн тулд долоо хоног бүрд тодорхой заах аргын асуудлыг шийдэж байх учраас  Долоо хоногийн заах аргын ажилүлгэр жишээ гаргахыг оролдов.

Жишээ нь тухай цэцэрлэг жилдээ Хүүхдийн цэцэрлэг ба гэр бүлийн нөхцөлд хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх гэсэн асуудлыг авч үзье. Энэ асуудлыг долоо хоног бүрд задлаад тодорхой нэг сэдвийг төлөвлөнө.

Үүнд: Заах аргын нэгдлийн долоо хоногт хийх ажлын төлөвлөгөө.

Сэдэв: “ Хүүхдийн цэцэрлэг ба гэр бүлийн нөхцөлд хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх”
Зорилго: Тус сэдвээр багш нарын мэдлэгийг системтэй болгох ба энэ үйл явцад эцэг эхийг татан оролцуулж хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх зөвлөгөөн аргачлал өгнө.

Долоо хоногийн гариг
  -Ажлын агуулга ба хэлбэрүүд
  -Хариуцах хүн
  -Оролцох хүмүүс
Даваа
 -Дугуй ширээний ярилцлага. “Цэцэрлэг ба гэр бүлээс хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх” сэдвийн онолын хэсэг.
-Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх талаар гаргасан асуултад хариулах даалгавар
-Арга зүйч
-Багш нар
Мягмар
-Дунд ба бэлтгэл бүлэгт хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх нээлттэй хичээл явуулах.
-Хичээл дээр ба хичээлээс гадуур хүмүүжлийн ажил дээр хүүхдийн үг яриан дээр ажиллах аргачлал тоглоомын аргаар.
- Арга зүйч ба нийт багш нар оролцоно.
Лхагва
- “Авиаг зөв дуудах” дасгал ба семинар.
- “Өвлийн зугаа наадам” сэдвээр хүүхдүүдийн бүтээлч ажил ба өгүүллэг зохиож ярилцах
- Арга зүйч ба хэл засалч багш.
- Нийт багш ба хүүхэд оролцоно.
Пүрэв
-Эцэг эхтэй хамтран явуулах арга хэмжээ:
Нээлттэй өдөр:
-эцэг эх хэл яриа хөгжүүлэх хичээлд суух
-багш эцэг эхийн хамтарсан үйл ажиллагаа /тоглоом ба ярилцлага/
- Дээрх сэдэвтэй холбоотой хамтран самбар гаргах
- “Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх өрх гэрийн нөхцөл дэх боломж” практик дадлага
-”Өөрийгөө танин мэдэх” сургалтын ярилцлага.
- Арга зүйч ба бүлгийн нийт багш нар.
- Бүх багш нар ба эцэг эх оролцоно.
Баасан
- Долоо хоногийн ажлын үр дүнг гаргах.
- Цай уух ярилцлага зохиох
- Арга зүйч. Бүх багш нар, эцэг эх оролцоно.
Үргэлжилнэ

2011-10-24

1-3 настанд цээжлүүлэх шүлэг, дуу, оньсого


Д.Мягмар.    “Ном”

Чиний  ч ном, миний ч ном
Чи бидний бүгдийн ном
Зурагтай сайхан номоо
Зун ч үздэг, өвөл ч үздэг.
                      Номон дээр дуу ч бий
                      Номон дээр шүлэг ч бий
                      Чи ч дуулдаг, би ч дуулдаг
                      Чи бид нар цөмөөрөө дуулдаг.

Ч. Лувсандэндэв  “ Мөндөө би”.

                      Аав намайг аавын хүү гэдэг
                      Ээж намайг ээжийн хүү гэдэг
Аавын ч хүү ээжийн ч хүү мөндөө би.
                      Өвөө намайг өвөөгийн ч хүү гэдэг
                      Эмээ намайг эмээгийн хүү гэдэг
Өвөөгийн ч хүү, эмээгийн ч хүү мөндөө би
                      Ах намайг ахын дүү гэдэг
                      Эгч намайг эгчийн дүү гэдэг
Эгчийн ч дүү, ахын ч дүү мөндөө би.

Оньсого  цээжлүүлэх

                      Торхон дотор
                      Тос ус хоёр    /өндөг/

                      Ах дүү тав
                      Нэг ижил нэртэй
                      Өндөр нам биетэй    / гар хөлийн хуруу/

                      Цондгор гэдэстэй
                      Цор овгор уруултай
                      Өрөөсөн чихтэй
                      Өглөгч зантай        /ваар/

                      Хөх торгон дээл
                      Цагаан торгон хээтэй   / тэнгэр од/

                      Хөлгүй байж явдаг
                      Нүдгүй байж уйлдаг.  /үүл, бороо/

                      Хар хурга
                      Ясан бөөртэй.  / мойл/

2011-10-18

Сэтгэх бүтээх



Хүүхдийн сэтгэх бүтээх ур чадварыг хөгжүүлэх, гар урлалд сургах дасгалуудыг та Дейснэ нь эндээс үзэж болно, мөн "kids craft ideas" гэх түлхүүр үгсийг ашиглаж интернетээс олон янзын санааг ч олж авах боломжтой байна. Хүүхдүүдтэйгээ хамтран ажиллаж бүтээлүүд бүтээж бусадтай санаа оноогоо хуваалцахын зэрэгцээ, хүүхдийнхээ сэтгэх чадварыг хөгжүүлж байгаа аав, ээжүүд минь санаж байгаарай.  Блогт өдөрт доод тал нь 300 хүн орж гарч байдаг учир, өөрсдийн хийж бүтээсэн сонин санаа байвал энэ хуудастай холбож болно.

2011-10-11

Ураг төрлөө нэрлэх ёс


(Аав, ээжүүд ураг төрлөө зөв нэрлэж дуудвал таны хүүхдүүд ч бага наснаасаа энэ бүхнийг мэддэг ойлгодог хэрэглэдэг болно. Иймээс эцэг эхчүүддээ уншуулахаар 1988 оны Сурган хүмүүжүүлэх сэтгүүлийн ӨВ булангаас МУИС-ийн багш Х.Нямбуу, Б.Сарантуяа нарын бичсэн Хүний эш үндсийн тухай нийтлэлийг хуулбарлаж орууллаа.  ) 

Монголын түүхийн эртний сурвалж бичиг “Шар тууж”-д “Ер хүн уг язгуураа эс мэдвээс ойд төөрсөн мичтэй адил” гэж дурдсан нь монголчууд ураг удам, овог төрлөө мэддэг байхыг ихэд эрхэмлэж байсны тод баримт юм. Монгол хүн бүр уг үндэс, ураг төрлөө сайтар мэдэж, үр залгамждаа учир түүхийг нь зөв ухааруулдаг уламжлалтай. Тиймээс ч монголч эрдэмтэд монголчуудын ураг удам эш үндсийн тухай мэдлэгийг ихэд үнэлдэг билээ.

Ах дүүгийн холбоотой, алаг бөөрийн сүлбээтэй”, “алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий”, “халуун махны тасархай, хавтгай ясны хэлтэрхий” гэж ураг удам, овог төрлөө хэзээнээс нааш мэдэж, хэлэлцсээр ирсэн монгол түмний маань хэлэнд, дэлхийн олон үндэстний хэлэнд-хүний эшийн холбогдолтой нэр томьёог ерөнхийд нь тоймолж хэлснийг нь маш нарийн ялгаж нэрлэсэн нь өдий төдий бий. Монгол хэлэнд ураг удам, овог төрлийн холбогдолтой нэр томьёо нь “Хүний эш” гэдэгт ерөнхийдөө багтдаг. Үүнийг түүхийн олон тулгар сурвалж бичиг, дээр үеийн толь бичиг, тайлбар толь, хууль цаазны бичиг тэргүүтнээс олж үзэж болох юм.

Хүн бүр аав, ээж, ах, дүү, эгч гэхээс өөр үг бараг үл хэлж, заримдаа бүр хэл сураагүй хүн мэт этгээд зүйл өгүүлэх нь элбэг байдаг. Жишээлбэл: аав ээжийнхээ төрлийг “Манай аавын хамаатан, манай ээжийн садан” гэхээс өөрөөр хэлэхээ байжээ.

Манай ардын заншлаар хүний ураг нь ясан төрөл, махан төрөл, цусан төрөл гэж ялгагддаг бөгөөд ясан төрөл нь аавын төрөл, махан төрөл нь ээжийн төрөл, цусан төрөл нь үр хүүхэд юм. Ясан төрөл нь нэн дээрээс удамшилтай, эцгийн удам хэмээн үздэг.

Тэгээд ч удмаа тоолохдоо гарынхаа нугарах үеийг дагуулан дээш дооших үеэ тодорхойлдог байна. Ингэхэд тоологч хүн өөрийнхөө биеийг эхлэл (тэг) болгоод мөр суганы үеийг аав, тохойн үеийг өвөг аав, бугуйн үеийг өндөр өвөг, алганы үеийг элэнц эцэг, хурууны дунд үеийг хуланц эцэг, хурууны өндөгний үеийг элэн, хурууны үзүүрийг хулан хэмээгээд хумируулдаг.

Ийнхүү дээшээгээ долоон үе тоолохын зэрэгцээгээр доошоогоо үр хүүхдийнхээ үеийг бас тодорхойлдог. Үүнд: сугыг хүү гэх тохойг ач, бугуйг жич, алганы үеийг гуч, хурууны дунд үеийг дөч, өндөгний үеийг тач, хурууны үзүүр төгсгөлийг жилийх талийх гээд жилийн оддог байна.

Эхийн талын үеийг бас эх, эмэг эх, өндөр эмэг, элэнц эх, хуланц эх гэх мэтээр тоолно. Аавын төрлийг авга (ах, эгч, дүү), ээжийн төрлийг нагац (ах, эгч, дүү) гэнэ.
Мөн өөрийн төрсөн төрлийг том (их, ууган), дунд, бага (отгон), ах эгч дүү гэхийн зэрэгцээгээр үеийн төрлөөс аавын ах буюу эрэгтэй дүүгийн хүүхдийг үеэл, түүний хүүг хаяал, гэж нэрлэн, өөрөөс нас ахжаар бол үеэл ах, эгч, бүл ах эгч,үеэл бүл дүү гэж хэлдэг. Түүнээс бус “манай аавын дүүгийн хүүхэд, миний дүү болох хүү” гэж ярих нь тайлбар үг мэт болно.

Айлын хүргэн бэр нь төрлөө “хадам” гэж дуудахын дээр хоёр талын хадам нь бие биенээ “худ ураг”, “худ худгуй” гэдэг. Нэг айлын хүргэнүүд биесээ “баз” гэх ба бэргэнүүд “авьсан”, ажингэнэ. Хүний эш удмын нэг чухал зүйл нь овог аймаг, ясны нэр юм. Монголчууд эртнээс нааш улс, аймаг, яс овгоо дуудалцан танилцаж, түүх шастирт тэмдэглэсээр ирсэн. Монгол улсын хүн ам 20-иод ястан болохын дээр 2000 гаруй овог ясны нэр тэмдэглэгдсэн байдаг. Жишээлбэл: “халх” гэхэд дотроо 12 том яс, 400 овог болдог. Буриад гэхэд л хорь 11, ага 8, булгад 7, эхирид 8 овог байна. Монгол олон ястан нь овгийн нэрийг харилцан өөрөөр нэрлэх нь бий. Үүнд нийт овгоор яс овог гэж байхад баруун монголд “элхэн”, баргад “хал” гэлцдэг. Энэхүү овог нь дотроо овог, тээхэн, миен болдог. “”

Хүний эш удмын олон нэр томьёо монгол хэлэнд байхаас гадна ураг төрлөө авгайлж дууддаг авгайлах үг бас байдаг. Жишээлбэл:
  • ааваа (аав, ажаа, баавай)
  • ахыгаа (амбаа, анидаа, бандихай)
  • ээжээ (ээж, мөөм, аажий, ижий)
  • эгчээ (адиа, аниа, ажаа)
  • өвөг аавыгаа (өвөө, буурал аав, абудай)
  • эмэг эхийгээ (эмээ, эмээ ээж, эмгээ, буурал ээж) гэдэг


Мөн нэрийг нь цээрлэн “Лу авгай” гэх буюу нэрээр нь хэлэх бол нэрэн дээр нь “гуай” нэмж “Дорж гуай” гэнэ. Нэрийг мэдэхгүй бол “хүн гуай, ах гуай. эгч гуай, ах минь, эгч минь” гэж авгайлна. Дүү хүнд бол “дүү минь”, “миний хүү” гэж хэлдэг. Харин “дүү хүү”, “ах хүү”, “өвгөн гуай” гэдэг нь тийм ч хүндтэй бус үг юм. Хүнийг мэргэжил алдраар нь хүндлэн дууддаг ёс бий. Жишээлбэл Да багш, Лу профессор, Доо дарга, Дугар сайд, Цэрэн инженер, Долгор эмч, гавьяат Лувсан, зохиолч Бат, дуучин Дулмаа гэх мэт.

Хүний эшийн үндсэн нэр томьёоны товч толь

Аав – даруй эцэг хэмээх үг. Үр хүүхэд нь эцгээ энхрийлэн дуудах нэр юм. Эцэг гэдэг нь албаны зүйл мэтэд ихэвчлэн хэрэглэдэг нэр.
Өвөг аав – (өвөг эцэг, өвөө) авгайлах үг (буурал аав) аавын аав.
Нагац аав – Нагац эцэг хэмээх үг. Эхийн эцгийг энхрийлэн хүндэтгэж ярианд нагац аав гэж хэрэглэдэг.
Өндөр өвөг – өвөг аавын эцэг.
Элэнц эцэг – өндөр өвгийн эцэг.
Хуланц эцэг – элэнц эцгийн эцэг.
Элэн – хуланц эцгийн эцэг.
Хулан – элэнгийн эцэг.
Ээж ижий – даруй эх хэмээх үг. Үр хүүхэд нь эхээ энхрийлэн дуудах нэр. Эх гэдэг нь албаны зүйл мэтэд ихэвчлэн хэрэглэдэг. Ярианы хэлэнд дотночлон хэлэхдээ ижий гэнэ.
Эмэг ээж – ээжийн ээж (эмэг эх, эмээ) авгайлах үг (буурал эмээ).
Өндөр эмээ – эмэг ээжийн эх.
Элэнц эх – өндөр эмээгийн эх.
Хуланц эх – элэнц эхийн эх.
Төрөл – нэг овгийг төрөл гэнэ.
Хүй – даруй төрөл хэмээх үг. Төрөл хүй гэж холбон хэлэлцдэг.
Удам – нэг овгийн хүмүүсийг удам гэдэг.
Угсаа – нэг салаагаас төрсөн хүүхэд ачинцрыг нэг угсаа гэнэ.
Аглаг – төрлийн үе сунжирч холдсоныг аглаг гэдэг.
Аглаг салбар – үе сунжирсан төрлийн салаа салбар, төрлийн үе сунжирч холдсон салаа.
Аглаг төрөл – үе сунжирсан төрөл, үе холдсон төрөл.
Ууган (ахмад, том) хүү, охин – анхны хүү, охин, хамгийн том хүү, охин.
Отгон (бага) хүү, охин – хамгийн бага хүү, охин.
Ач – хүүгээс төрсөн хүү, охин.
Ач дүү – ах, эрэгтэй дүүгийн хүүхэд.
Зээ – охиноос төрсөн хүү, охин.
Зээ дүү – эгч буюу охин дүүгийн хүүхэд.
Зээнцэр – зээгийн хүүхэд.
Ачинцэр – ач дүүгийн хүүхэд.
Жичинцэр – ачинцрын хүүхэд.
Жич – ач хүүгийн хүүхэд.
Гуч – жичийн хүүхэд.
Дөч – гучийн хүүхэд.
Тач – дөчийн хүүхэд.
Жилийх – тачийн хүүхэд.
Талийх – жилийхийн хүүхэд.
Нагац (ах, эгч, дүү) – ээжийн ах, эгч, дүү.
Авга (ах, эгч, дүү) – аавын ах,эгч дүү.
Хадам аав, ээж – нөхөр (эхнэрийн)-ийн аав, ээж.
Хадам ах,эгч, дүү – нөхөр (эхнэрийн)-ийн ах,эгч, дүү.
Хүргэн – охин буюу дүүгийн нөхрийг хүргэн гэдэг.
Хүр ах – эгчийн нөхөр.
Хүр дүү – дүүгийн нөхөр.
Бэр (бэргэн) хүү, дүүгийн эхнэрийг бэр гэдэг.
Бэргэн (бэр эгч) – ахын эхнэрийг бэргэн гэдэг.
Баз – эгч, дүү хоёрын нөхөр бие биеэ баз хэмээн дууддаг.
Авьсан – нэг айлын ахмад бэрийг дүүмэд нь авьсан гэдэг.
Ажин – дүүмэд бэр нь ахмад бэрийг ажин гэдэг.
Бөл – эгч, охин дүү хоёрын хүүхдүүд хоорондоо бөл болно.
Бөлөнцэр – хоёр бөлөөс төрсөн хүүхдүүд бөлөнцөр болдог.
Үеэл (үеэлэд) ах, дүүгийн хүүхэд хоорондоо үеэл болдог.
Хаяал (хаяалад) үеэлийн хүүхэд.
Үенцэр – хаяалын хүүхдийг үенцэр гэдэг.
Худ ураг (худ худгай) хоёр талын хадмууд бие биеэ ингэж дууддаг.


2011-09-29

Цээжлүүлэх шүлгүүд 1


Хүүхдэд уншиж цээжлүүлэх шүлгүүд. Энэ насны хүүхдэд шүлгийг эхлээд 2-3 дахин уншиж өгөөд дараа нь үг болгоныг тайлбарлаж хэлж өгсний дараа цээжлүүлнэ. Шүлгийн байнга давтаж хэлүүлж байгаарай.

Тоглоом”.       “Хэлний боловсрол” номоос
Янз янзын тоглоом байна
Яасан сайхан тоглоом бэ
Эвтэй эетэй наадацгаая
Эвдэж хэмхлэхгүй тоглоцгооё.

Аяга”
Шаазан аяга цавгүй аяга
Цагаан өнгөтэй цэвэр аяга
Бор өнгөтэй бөмбөгөр аяга
Хоол аягалдаг сайхан аяга.

Т. Жамьянсүрэн "Таван хуруу"

Тав хүртэл
Тоолж сурлаа
Таван хуруугаа
Нэрлэж тоолъё
              Эрхий мэргэнийг нэг гэв
              Долоовор хуруугаа хоёр гэв
              Дунд хуруугаа гурав гэв
              Ядам хуруугаа дөрөв гэв
              Чигчий хуруугаа тав гэв
Таван хурууг ямар нэртэйг
Та нар цөм мэдэх нь энэ
Тав хүртэл зөв тоолохыг
Ташрамд бас сурах нь тэр
              Хуруугаа түргэн дараалж дараад
              Хурдан зөв нэрлэж тоолцгоо.

Г.Ганболд “Дэлдэн чихэр”

Нүдээ аньсан чинь – Чихэр
Нүүрээ дарсан чинь - Чихэр
Харагдаад байлаа – Чадсангүй ээ
Хоёрыг аваад – Идчихлээ
             Тавгаар дүүргэсэн -Чихэр
             Танил олонх -Чихэр
             Үзэгдээд байлаа – Тэссэнгүй ээ
             Үлдээлгүй бүгдийг нь – Идчихлээ
Чихэр болохоор нь -Чадсангүй
Чихээ дэлдийтэл – Идчихлээ
Хачин гоё байлаа – Больсонгүй
Хацраа бум байлгаад – Идчихлээ.


2011-09-01

Түргэн хэллэг


      Ус сайтай булаг               Алга шавар алга
      Үс сайтай булга              Араг савар олго

      Дэлийн хээтэй торго
      Дэлэм хэртэй хөөрөг


Хүүхдээр биеийн хэсгүүдийг түргэн хэлүүлж сурга. Үүнд:

Миний толгой, үс, дух, хөмсөг, сормуус, нүд, хацар, хамар, чих, ам, уруул, хэл, шүд, шанаа, эрүү, хүзүү.

Миний   хүзүү, цээж бэлхүүс, мөр, гар, тохой, бугуй, алга, хуруу, хумс.

Миний  шагай, тавхай, өлмий, өсгий,  хөлийн хуруу, гэдэс, нуруу, хөл, гуяа, өвдөг.

2011-07-02

1-3 настай хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх


Хэл зүгшрүүлэх үгсийг олон дахин  давтан хэлүүлэх дасгал. Үүнд: Үг болгонд зураг заавал байлгана.
аав- ах            аргал -авдар
аяга -ам          алх -алчуур
аалз  -адуу      ааруул – аарц
алим -айраг    автобус   - ачаа

багш- баг            баавгай - бамбарууш
бууз боорцог      болжмор – буга
бялуу – бэлэг      бөмбөр – бөмбөг
бийр – будаг       байшин банз
бүс – бээлий       бахь – банз

гэр – гар               гинж – гутал
гол  - горхи          гурил – гоймон
гөлөг – гөрөөс     гүзээлзгэнэ – гадил
галуу – гахай        гүрвэл – гурав
гал – гүүр             гавар - гацуур

ваар – сав             вандуй – лууван
өвөө – аав            саван – завь
ховоо – шувуу     лууван -  өвгөн

данх – домбо           даалуу – даам
дух  -  дэр                дал  - далавч
дэвтэр – дөрөв        дэглий   - дах
дэгдээхээ – дүнз     даалин – даавуу
дөрөө – дугуй         далбаа – дарцаг
давс – дөрвөлжин   хөвөнтэй дээл – дан дээл

ембүү - еэвэн          ёочин -хоёр
ес  - соёо                 ёроол  - Ёндон
ёотон  - гоёо            гоё - ёотон

2011-04-25

5- 6 нас хүртэлх хүүхдийн онцлог.

  • 5 насандаа хүүхэд өөрийн овог нэр, насаа, ээж аавын нэр, ямар ажил хийдгийг мэддэг, гэрийнхээ хаягаа хэлж чаддаг, гэрийн ойролцоо байдаг дэлгүүр албан газар, явдаг унааг хэлж мэддэг. Ойролцоо байгаа цэцэрлэг сургуулийг мөн мэднэ. Амьдарч байгаа дүүрэг, хороог  ч нэрлэж чаддаг. 
  • Энэ насныхан өрж байгуулах тоглоомыг зургаар нь эвлүүлж чадна. Паасли /эвлүүлэх зураг/ тоглоомыг эвлүүлэх чадвартай байна. 
  • Хүний биеийн үндсэн бүх хэсгийг бүрэн зурж , нэрлэж чаддаг. 
  • Ямар нэгэн үйлдэл хийхийн тулд үйлдлээ төлөвлөдөг байна. 
  • Юмсын ялгаатай зүйлийг нэрлэнэ.
  •  Хүүхдийн хамтлаг бий болно. 
  • Хоорондоо сөргөлдөх явдал гарч эхэлнэ. 
  • Эцэг эхийн халамж хайрыг маш их хүснэ, эцэг эх багшаа дээд зэргээр үнэлдэг.

  •  5,5 насандаа хүүхэд бүх төрлийн сургалтыг хүлээн авах чадвартай, зарчмын хувьд сургуульд суралцахад бэлэн болсон байна.
  • Энэ насандаа хүүхэд том хүнтэй харилцах чадвартай,   том хүнээс халамж хайрыг маш ихээр хүсдэг, эцэг эхийн халамжийг авах ба өгөх дуртай, хайрлах мэдрэмж хөгжсөн, эцэг эхдээ ойр байх хүсэлтэй, бусад хүмүүсийг хайрлах талаар ялгавартай шүүмжлэлтэй ханддаг. 
  • Өөрийг ээ удирдана. 
  • Дүрслэлд сэтгэхүй нь нэлээд хөгжсөн, сургалтын явцад янз бүрийн зураг загварыг ашиглах, шалтгааныг илрүүлэх, асуулт тавих, хүүхэд хоорондын харьцаа тогтвортой болж, суралцах эрмэлзэл бий болно.
  • Энэ насандаа хүүхэд зурах сонирхол нь илүү болж , жилдээ  хоёр мянган зураг зурах чадвартай. 
  • Хүүхэд цаасан урлагт сонирхож  цаасаар  хэд хэдэн нугалаас хийх чадвартай, мөн байгалийн  ургамлаар ч дүрс бүтээх чадвартай байна. 
  • Юмсын хэмжээ, хэлбэр дүрс ба өнгө зэргийг зөв илэрхийлж уг мэдрэх чадвар улам сайжран.
  • Юмсын шинж чанараар нь ангилах эхлэл тавигдана.
  • Хүүхдийн анхаарал тогтвортой болж нэг зүйлээс  өөр нэг зүйл дээр анхаарлаа чиглүүлэх чадвартай.
  • Хүүхдийн хэл яриа улам боловсронгуй болж авиа дуудлагыг тод хэлэх, авиалбарын сонсгол хөгжиж өдөр бүрийн яриа, сэдэвт тоглоомын үед ба шүлэг уншихдаа уран тод ярьж уншдаг.
  • Зориудын анхаарал хөгжиж эхэлнэ, юмыг тогтооно, бие дааж сэтгэх, ёс суртахууны мэдрэмжүүд бий болж ирнэ. Хэн өөрт нь их дотно анхааралтай хандаж байна түүнд ойр дотно болно. 
  • Олны дунд биеэ зөв авч явахыг оролдоно.

5-6 настай хүүхдийг сургуульд оруулахын тулд эцэг  эх  дараах зорилт тавьж хүүхэдтэй илүү анхаарал тавьж хөгжүүлэх талаар  ажиллах шаардлагатай. 
Үүнд:

  1. Хүүхдийн эрүүл мэндийг бэхжүүлэх. Үүнд: биеийг нь чийрэгжүүлэх, үндсэн хөдөлгөөнийг нь  улам боловсронгуй болгох, үйл ажиллагааны явцад хүүхдийн биеийн галбир дээр байнга онцгой анхаарах,  боловсон  зөв биеэ авч явах   ба эрүүл ахуйн дадал хэвшлийг улам сайжруулах  хүмүүжил олгох. Хүүхдийг ядаргаанаас хамгаалах.
  2. Ардын болон улсын хэмжээнд  явуулдаг баяр , эх орныхоо тухай төсөөллийг улам баяжуулах.  Орон нутаг, хот аймаг, сум, баг, дүүрэг зэргийн онцлог газруудыг танилцуулах ба эх орноо хайрлах бахархах хүмүүжил олгох.
  3. Орчны амьдрал ахуй, үзэгдэл үйл явдал, байгаль дахь  уул ус, ургамал амьтны тухай  төсөөллийг баяжуулан, түүнийг нь бэхжүүлэн   хамгаалж хайрлах хүмүүжил олгоход эцэг эх үлгэрлэх.
  4. Энгийн ярианы хэлэнд сургах, харилцан яриаг үргэлжлүүлэн хөгжүүлэх,үгийн санг нэмэгдүүлж идэвхжүүлэх, төрөлх хэлээ  зөв  цэвэр дуудлагатай  ярих зэрэг хэл яриаг бүх талаас нь боловсронгуй болгох.  Авиалбарын сонсголыг нь хөгжүүлэх. Богино болон дэлгэрэнгүй асуулт тавих ,  яарахгүй хариулж сургах, тохирсон үгийг ашиглах.
  5. Бусад хүүхдүүдийн амжилтад баярлаж талархал илэрхийлэхийг  тэмүүлэх, хамт олноороо хичээллэх, хөдөлмөрлөх, тоглох дадалтай зэрэг хоорондоо эв найрамдалтай бие биеэ хүндэтгэсэн харьцааг бий болгох  хүмүүжлийг улам бэхжүүлэх.  Хичээнгүйлэн  ажил хийх дадалтай болгох ба өөрийн хийсэн хөдөлмөртөө үнэлгээ өгч чадах чадвар төлөвшүүлэх. Олон үндэстэн үеийнхнээ хүндэтгэлтэй хандах харьцааг төлөвшүүлэх.
  6. Сургуульд суралцах  хүсэл эрмэлзлийг дэмжин төлөвшүүлэх.
  7. Хүүхдийн анхаарлыг үргэлжлүүлэн хөгжүүлэх, өмнө тавьсан зорилгоо / юу хийх хэрэгтэйг/ ойлгох чадвар, түүнийг  амжилт анд  хүргэх  /яаж хийх/ арга барилыг сонгох, тэсвэртэй даван туулах хүмүүжил олгох, цөхрөлтгүй оролдож эцсийн үр дүнд хүрэх зорилго тэмүүлэлтэй байхыг сургах.
  8. Өөрийн үйлдлийг сайн талын үлгэр жишээ болгох, сахилга дэг журмыг хатуу мөрдөх, эхэлсэн зүйлээ эцсийн хүртэл хийдэг, өөрийн хүслийг хязгаарлах чадвартай зэрэг  туйлбартай чанаруудыг  улам хөгжүүлэх. 
  9. Ардын урлаг, уран зохиол, зургийн бүтээл, хөгжим, бүжигт сонирхолтой болгохыг үргэлжлүүлэн төлөвшүүлэх.
  10. Дүрслэх чадваруудыг улам хөгжүүлэх.
  11. Хүүхдийн ой тогтоолтыг сайжруулахын тулд аль зэрэг их юм цээжилж чадаж байгааг жишиж харьцуулалт хийж байх.

2011-04-21

2-3 настай хүүхдийн хэл яриаг хөгжүүлье.


Эх хэлээ эзэмшье, шүлгүүд.

Бөмбөг.
Миний бөмбөг улаан бөмбөг
Чиний бөмбөг хөх бөмбөг
Бөмбөг минь бөмбөр бөмбөр бөмбөрөн
Бүгд хамтдаа тоглоно.

Өнгийн харандаа.
Миний улаан харандаа
Миний хөх харандаа
Миний ногоон харандаа
Миний шар харандаа
Харандаа бол миний зэвсэг
Харандаагаа би хайрлана
Харандаагаа би гамнана.

Хөдөлмөр сайхан.
Хөдөлмөр сайхан хөдөлмөр сайхан
Хоол унд хөдөлмөр хийвэл олдоно.
Хөдөлмөр сайхан хөдөлмөр сайхан
Хувцас хунар хөдөлмөр хийвэл олдоно.

Малын төл
Хонины төлийг хурга гэнэ
Ямааны төлийг ишиг гэнэ
Үхрийн төлийг тугал гэнэ
Тэмээний төлийг  ботго гэнэ
Адууны төлийг унага гэнэ
Илжигний төлийг тутраа гэнэ.

Төлийн дуу чимээ.
Тугал үхэр мөөрнө
Ботго ингэ буйлна
Хурга, ишиг майлна
Унага адуу янцгаана.

2011-04-07

Тоглоомын талбай


Хүүхдийн тоглоомын талбай дэлхийн олон оронд ямар байдаг мөн яаж бүтээж болохыг энэ хуудсанд жагсаасан холбоосуудаар үзэж болно. Эх сурвалжуудаас хамааран жагсаалтыг тогтмол баяжуулах бодолтой байна. Харин та үүнээс санаа авч өөрийн амьдрах орчиндоо, гэр хороололдоо, хөршийн холбоондоо эсвэл цэцэрлэгт өөрсдийн бяцхан хүүхдүүдээ тоглуулах талбайг монгол орныхоо нөхцөл орчиндоо тохируулж байгуулж бүтээхэд туслаарай гэж танаас хүсмээр байна.


2011-03-29

4- 5 насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог.



  • 4 насандаа хүүхэд өөрөө үзэж хараагүй юмны тухай  хүний яриаг ойлгох чадвартай. 
  • Хүүхэд ном чанга уншиж өгөхийг хүсэх  ба утгыг  нь олон дахин яриулах сонирхолтой байдаг.  Зураг дээр байгаа зүйлийг яриулах түүнийгээ  эргүүлэн өөрөө  тодорхой энгийн байдлаар өгүүллэг зохиож ярина, том хүний эхэлсэн үг яриаг утга төгөлдөр дуусгаж чаддаг, нэгтгэн дүгнэж ярина, “ Яагаад? ” гэх гол асуултыг тавина. 
  • Үеийнхэнтэйгээ сэдэвт тоглоомоор тоглож байхдаа дүрээ өөрчилж чаддаг, тоглоомын утгыг ойлгож дүрмийн дагуу тоглохыг оролдоно, зарим үед гол баатарт тоглох сонирхол төрнө. Бусад хүүхэдтэй хамтран тоглох сонирхолтой болно.
  • Хүүхдийн дүрслэх үйл ажиллагаа нь нэлээд хөгжиж ирнэ. Хүний дүрсийг нэлээд тодорхой гаргаж ирнэ. Жишээ  нь хүний бие, нүд, ам, хамар, үс , зарим үед хүмүүсийн   хувцасны  хэсгүүдийг гаргаж эхэлнэ. Дүрслэх  техник талаас  нь боловсронгуй болно. Хүүхдүүд геометрийн үндсэн дүрсийг гаргаж зурах, хайчаар дүрс гаргаж хайчлах, дүрсээ цаасан дээр наах зэрэг чадвартай болсон байна.
  • Хөдөлгөөн нэлээд нэмэгдэж авхаалж самбаатай, хөдөлгөөнөө зохицуулах, тэнцэх, жижиг хашлага дээгүүр алхах, үсрэх, юм өшиглөх, гүйж харайх, бөмбөгтэй тоглоом нэлээд хүндрүүлж тоглоно. 
  • Энэ насанд хүүхдийн хүртэхүй нэлээд хөгжин. Энгийн дүрсүүдийг ялгах бусад зүйлтэй  харьцуулан ижил зүйлийг олох,  юмны хэмжээ, өнгө, өндөр нам, өргөн нарийн зэргийг ялгаж  эхэлнэ. Орчиндоо цохицоно. Ой тогтоол сайжирч юмыг баримжаалах чадвар  нэмэгдэнэ. Хүүхэд 7-8 юмсын нэрийг тогтоох чадвартай.
  • Хүүхдийн анхаарал  тогтвортой болж 15-20 минут анхаарлаа төвлөрүүлж чадна.
  • Нэг зүйлийг эхэлсэн бол 40-50 минут үргэлжлүүлэх чадвартай. Зорилготой үйлдэл хийнэ. 
  • Маргалдаж эхэлнэ. Энэ насанд хүүхэд магтуулах дуртай .
  • Юмыг сонирхож эхэлнэ. Ямар нэгэн зүйлийг дуурайж бие дааж хийж эхэлнэ.  
  • Хүүхдийн   ярианы чадвар сайжирсан , авиа дуудлага тод , үгийн сан нэмэгдэж, уншсан зүйлийн  утгыг нь чөлөөтэй ярина,  үг бүрийн утгыг ойлгоно, асуултаар чөлөөтэй ярилцана, амьтны дуу хоолойгоор дуугарах,үг бүтээж ярих зэрэг  энэ насандаа хүүхэд чөлөөтэй харилцах чадвартай болсон байна. 
  • 4,5 насандаа хүүхэд зорилго тавьж чаддаг, үр дүнд хүрэхийн тулд төлөвлөдөг. “Яах юм “ гэдэг асуулт тавьдаг. 

4-5 насны хүүхэдтэй эцэг эх хүүхдээ 
хөгжүүлэх ба хүмүүжүүлэхэд дараах зорилго тавин 
ажиллах нь зүйтэй. Үүнд:


  • Юуны өмнө хүүхдийг эрүүл мэндийг бэхжүүлэх, чийрэгжүүлэх, үндсэн хөдөлгөөнийг нь хөгжүүлэх. Ямар ч үед хүүхдийн биеийн галибар  дээр анхаарч зөв явах, суух, зогсож сургана. Эрүүл ахуйн дадал хэвшлийг бэхжүүлэх.
  • Хүүхдийн ажигч, сонирхлыг нь хөгжүүлэх.
  • Өрийн гэр орон, орон  нутагтаа, өөрийн явж байгаа цэцэрлэгтээ хайртай байх хүмүүжлийг үргэлжлүүлэн хөгжүүлэх.
  • Хүүхдийн хэл яриаг улам сайжруулах, үгийн санг  нэмэгдүүлэх, хүүхэдтэй харилцан ярилцах яриаг хөгжүүлэх, өгүүллэг зохиолгох, тоглоом сэдэвт зургийг тодорхойлж яриулахад туслах.
  • Ойр байгаа хүмүүсийн мэргэжил, хөдөлмөрийн ач холбогдлыг ярьж өгөх. Энгийн хөдөлмөрийн дадал хэвшил суулгах.
  • Эхэлсэн зүйлийг дуусгадаг, хамт олны үйл ажиллагаанд оролцож сургах. Хамт олны хөдөлмөрийн даалгаврыг  эцсийн хүртэл гүйцэтгэх чадвартай,  хөдөлмөрийн үр шимийг мэдрэх хүмүүжил олгох.
  • Даруу , шударга ,  эрч хүчтэй ба зоригтой байх хүмүүжил олгох. Буруу юм хийсэн бол ичих ба бусдаас  уучлалт гуйдаг.  Энэ насны хүүхэд   гомддог учир  нийтийн дунд  хүүхдийг зэмлэхгүй байх. Ойр ойрхон хүүхдийг үгээр урамшуулж сайшааж байх нь чухал.
  • Ном, тоглоом бусад зүйлтэй зөв харьцан гамнаж сургах
  • Тоглоом, ахуй , байгальтай зөв харьцах тэдний гоо сайхныг мэдрэх, хайрлаж гамнах, орчны сайхныг хүртэх чадварыг хөгжүүлэх, орчинд байгаа  сайхан зүйлээр бахархаж сургах.
  • Урлагийн бүтээлийн агуулгыг   нь  ойлгох чадварыг хөгжүүлэх, өгүүллэг, үлгэр, хөгжим анхааралтай сонсож сургах.
  • Уран ярьж илтгэх, уран унших, сайхан(гоё) дуулах, хөгжмийн аянд  уран хөдөлгөөн хийж сургах зэрэг чадвар дадал суулгахад эцэг эх анхаарч хүүхэдтэй ажиллавал их сайн.


2011-03-15

МУУ НӨХӨР

Багачууддаа уншиж өгөөрэй. 
Л.Толстой

Хоёр хүүхэд ой дотор явж байтал, гэнэт модны цаанаас нэг том баавгай гарч иржээ. Нэг нь зугтаж модонд авиран гарчээ. Нөгөө нь зам дээр үхсэн мэт хэвтэж өнгөрөхөөс өөр аргагүй болжээ. Баавгай хүрч ирээд хүүхдийг шиншжээ. Тэр хүүхэд үхсэн мэт амьсгаа хурааж хэвтлээ. Баавгай нүүрийн шиншиж шиншиж яваад өгчээ.
Модон дээр гарсан хүүхэд, баавгайг хол явсан хойно бууж ирээд “Баавгай чиний чихэнд юу хэлэв” гэж нөгөө нөхрөөсөө асуув.

“Аюултай цагт нөхрөө хаядаг хүн адгийн муу нөхөр гэж хэллээ” гэж хариулав.

2011-01-31

ТУУЛАЙ

Хүүхдүүд ээ цээжлүүлээрэй
Д.Отгонсүрэнийн шүлэг
ТУУЛАЙ


Дэрсэн хярсан
Дэлдэн туулай
Дэргэдээс босоод
Дэгдэн харайлаа.

Дээр дээр
Үсрэн үсрэн
Дэлдэн туулай дэнж
Дээгүүр даваад явчихлаа
Бүлтгэр нүдтэй
Дэлдэн чихтэй
Бүжин туулай
Ёстой хөөрхөн дөө

Дээр дээр
Үсрэн үсрэн
Дэлдэн туулай дэнж
Дээгүүр даваад явчихлаа
Тоглох юмсан гэж
Бодоод явдаг
Бүжин туулай
Ёстой хөөрхөн дөө

Дээр дээр
Үсрэн үсрэн
Дэлдэн туулай дэнж
Дээгүүр даваад явчихлаа


Ч.Алагсайн шүлэг
ТУУЛАЙ


Дээр дээр
Дэгдэн дүүлж
Дэлдэн туулай
Дэндүү хурдан !
Дэрсний цаанаас
Дэлдэсхийснээ
Дэнж дээгүүр
Давж одно
Бутны ёроолоос
Бултасхийснээ
Бусгаж хулжаад
Бараагүй арилна


2011-01-19

3-4 нас хүртэлх хүүхдийн онцлог.

  • 3 насандаа хүүхэд гар хөлийн хөдөлгөөн оролцсон үйл ажиллагаанаас сэтгэл ханамжтай байна. Хөдөлгөөн хийснээр  хүүхэд өөртөө итгэл төрүүлнэ. Түүний алхалт нь том хүний алхалттай адил байна. Хүүхэд гүйхийг их хүсдэг, зүгээр алхах нь сонирхолгүй байдаг учраас хоёр хөл дээрээ 30 см өндөр  хүртэл үсрэх ба шатанд дээшээ авирах буух чадвар эзэмшиж эхэлнэ. Энэ насны хүүхэд гурван дугуйтай дугуй унах дур бий болно, нэг хөл дээрээ  тэнцэх үсрэх, бөмбөгөөр тоглох, бүжиглэх, юм чулуудах сонирхолтой болно. 
  • Гурван  настай  хүүхэд  “Яагаад? “шалтгааныг мэдэх гэсэн асуулт тавина. Хэрэв хүүхдэд дөхүүлэх асуулт нэмж өгвөл тэр үзсэн харсан зүйл, сонссон зүйлийг эргүүлэн ярина. 
  • Гурван настай хүүхэд яриандаа   250-1000  идэвхтэй үгийг хэрэглэнэ. 1000 үг гэдэг нь орчинд байгаа бүх зүйлийн зөвхөн нэр үг л байна. 3,5 настай хүүхдийн орчинтойгоо илүү харьцаж юмыг танин мэдэж  авсны үр дүнд  үгийн сан  нэмэгдэж 1200-1800 үгтэй болно. 
  • Гурван настай хүүхэд энгийн асуултад хариулж чаддаг байна. Үүнд: өөрийн нэр, аав ээжийн нэр , өөрийн овгоо хэлэх, эрэгтэй  эмэгтэй хүүхэд гэдгээ бага зэрэг ялгана,  ядарсан байдал,  өлсөх, даарсан гэдгийг илэрхийлж хэлнэ. 
  • Энэ насны хүүхэд анхаарлаа 10-15 минут төвлөрүүлж чаддаг учир хичээл, үйл ажиллагааг үүнд тохируулна. 
  • 3-4 настай хүүхэд  орчны бүх зүйлийг мэдэж нэрлэж  сурна. 
  • Түүний  сэтгэхүй нь нэлээд хөгжиж жижиг хэмжээний өгүүллэг зохиож ярина. 
  • Гурван  настай хүүхэд өдөрт 400 асуулт тавина. 
  • “Олон цөөн”,  “их бага”,  “нэг ба олон”  гэдгийг ойлгоно. 
  • Юмсыг нэг шинжээр нь таньж нэрлэнэ. Жишээ нь:  туулайг чихээр нь,   үхрийг эврээр нь, тэмээг бөхөөр нь ялгаж танина. Юмыг орлуулаж (бургас нь морь болно, дөрвөлжин чулуу авдар, ор, машин болно) тоголоно. 
  • Ямар нэгэн  буруу  зүйлийг хийгээд түүнийгээ “би хийгээгүй”, “би тэгээгүй “ гэж өөрөөсөө холдуулах онцлогтой.
  • 3-4 насандаа хүүхэд  зохион бүтээж эхлэхдээ, өөрийн төлөвлөгөөг гаргаж ирэхийг оролдоно.Амьдралын зарим дүрийг дуурайж тоглоно, нэлээд сүүлд нь үеийнхээ хүүхэдтэй хамтран сэдэвт тоглоомын хэсгүүдийг  зохиож тоглоно. (би ээж нь болно, чи аав нь бол, чи ах нь бол гэх мэтээр) 
  • Сэтгэл хөдлөлөөс өрөвдөх, дагаж уйлах, атаархах, сайныг хүсэх, уйтгарлах, баярлах, гомдох, бие тоох байдал үзэгдэнэ.
  • 3-4 настай хүүхэд өөрийг ээ “Би хүн шүү” гэж өргөмжлөн илэрхийлэх  зарим үед эсэргүүцэж үгэнд орохгүй байх, сүрдүүлэх, уурлах, том хүмүүсийг янз бүрээр  /“чи муухай”, чи өөрөө тэнэг”/ гэж хэлэх зэргээр энэ насны хүүхдийн онцлогуудыг эцэг эхчүүд мэдэж аваад дараах байдлаар хүүхэдтэйгээ ажиллах нь зүйтэй.  


Ийм насны хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлэхэд дараах  зорилго тавьж эцэг эхчүүд ажиллахыг зөвлөж байна.Үүнд:

  1. Хүүхдийнхээ  эрүүл мэндийг хамгаалж бэхжүүлэх, биеийг нь тогтмол чийрэгжүүлэх , үндсэн хөдөлгөөнийг хөгжүүлэх. Хүүхдийн биеийн галбир дээр илүү анхаарах зөв суух, зөв явах, нуруугаа эгц авч явахад  эцэг эх анхаарах. Эрүүл ахуйн дадал хэвшлийг эзэмшүүлэн бэхжүүлэх. Идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах.
  2. Байгалийн үзэгдэл, үеийн хүүхэд болон том хүмүүсийн амьдрал, үйл ажиллагаанд нь сонирхдог болгон хүмүүжүүлэх. 
  3. Бодит юмтай харьцах үйлдлийг эзэмшүүлж, үзэгдэл юмсын хоорондын  холбоог мэдүүлэх, энгийн дүгнэлт гаргаж сургах хүүхдийн мэдлэгийн хүрээг  тэлж  хөгжүүлэх 
  4. Хүүхдийн хэл яриаг  үргэлжлүүлэн хөгжүүлэх: хүүхдэд асуулт тавих аргаар яриаг идэвхжүүлэх,үгийн санг тогтмол нэмэгдүүлэх, зөв яриулах, үгийг зөв бүрэн хэлүүлэх, авиаг зөв дуудаж хэлүүлэх, богино хэмжээний өгүүлбэр хэлүүлж сургах, 4-6 мөрт шүлэг, зүйр үг, оньсого, цээжлүүлэх.
  5. Богино хэмжээний  өгүүллэг, үлгэрийг хүүхдэд уншиж өгөхөд сонсох чадвар суулгах ба  уншиж байгаа номд  үйл явдал хэрхэн өрнөж байгаа байдлыг анхааралтай сонсох  чадварыг хөгжүүлэх, утгыг нь яриулж сургах. Зурагтай ном үзэх  сонирхлыг бий болгох. Эцэг эх хүүхдийг ном онд дуртай болгох нөхцөлийг бий болгох.
  6. Тоглох үйлдэлд сургах: юмсыг орлуулах, тоглох явцад нөхөдтэй гээ зөв харьцах,  нөхдөө хүндэтгэх, нөхдөдөө туслах, хамтран тоглох, тоглоомын сэдвийг сонгох, бүтээлчээр хандах, бие дааж өөрийг ээ хөгжүүлэх, бусдын үгийг сонсох, тэвчээртэй байх  хүмүүжил олгох.
  7. Урлаг гоо сайхны үйл ажиллагаанд оролцуулах /хөгжим сонсох,  дуу дуулах, ном унших үед сонирхож сонсох, номын утга агуулгыг ойлгохыг хичээх, жүжигчлэн тоглох,   уран сайхны зургийг танин мэдэх, сонирхох,  зураг зурах, баримлаар  дүрс гаргах, цаасаар дүрс хай чилж наах дадал хэвшилд сургах.
  8. Үеийн нөхөдтэйг ээ, аав ээжтэйгээ, ахмадуудтай  зөв  харьцах харьцааны соёлыг эзэмшүүлж  төлөвшүүлэх, ахмадын хөдөлмөрийг хүндэтгэх, тэдэнд туслах эрмэлзэлтэй болгох,  бие дааж гэрийн ажлын зарим хэсгийг хийх чадвартай болгох.
  9. Бие бялдрыг хөгжүүлэх  /биеийн  хөгжүүлэх  дасгал хийх, хөгжөөнт тоглоомоор тоглох, үндсэн хөдөлгөөн  болох гүйх, харайх, үсрэх, авирах,тэнцэж явах зэрэг хөдөлгөөнийг хөгжүүлэх, жижиг булчингуудыг хөгжүүлэх , агаарт зугаалж тоглох г.м./ чиглэгдэнэ.


2011-01-18

АЛАГДАЙ АВАРГА - 5

Д.Цэвэгмид


(Багачууддаа уншиж өгөөрэй 5-6 настай, 5-р хэсэг)
Үргэлжлэл


Гайхал аварга Алагдай
Гавьтай гүйж чадсангүй
Хэдхэн харайсны эцэст
Хийгүй бөмбөг шиг шолхойж
          Ахин дахин чармайвч
          Аахилан бахардан цуцаж
          Араатны хоншоорын өмнөхөн
          Амь тэмцэн ойчив.
Амжиж энэхэн хооронд
Ах эгч хоёр нь
Аюул түгшүүрийн мэдээг
Анчинд хүргэж чадсанаар
          Шүдээ хавиран дайрч
          Шүлсээ гоожуулан довтолсон
          Ховдог чонын толгойд
          Холч буугийн сум тусаж,
Тарган цүзгэр Алагдай
Танагтай үлдсэн боловч
Сандарч айсны эрхээр
Салганан бие нь чичирч
          Хөл нь эзэнгүй гуйвганан
          Хөлс нь тогтолгүй асгаран
          Уруу буруугаа унаж
          Ухаантай ухаангүй байв.
Ах эгч хоёртоо
Алагдай түшүүлэн явахыг
Агаарын жигүүртнүүд үзээд
“Аваргыг хараач та минь,

          

Баахан мэдлэгтээ ташуурч
Бардам сэтгэл баривал
Сээтэн чонын зууш болж
Сэвстэй гүзээ л үлдэнэ шүү” гэж инээлдэв.
           Айдар баахан Алагдай
           Амь наана, там цаана
           Алхаж ядан гуйвсаар
           Арай чарай ирэхэд нь
Сүргийн өвгөн сэрх
Сүрхий түвшин дүрээр
Сэлмэн эврээ сэжин байж
Сэрвэн сахлаа ирмэн байж:
           “Ямаан омог эрдэм биш
           Ярвагар зан чимэг биш
           Бэрхийг сурвал гайхамшиг
           Эрхийг сурвал гутамшиг
Эцэг өвгөдийн захиасыг дага,
Эрдэмтэн мэргэдийн үгсийг сана,
Эеийн жолоог хүндэтгэ
Эвийн холбоог бататга.
           Мэдлээ гэж бүү сагсуур
           Мэдлэгийн хүрээ хязгааргүй,
           Сурлаа гэж бүү онгир
           Сурлагын далай захгүй” гэж
Ижил сүрэгтээ хандан
Илтгэж хэлсэн үг нь
Ишгэн ухнад ч хэрэгтэй,
Идэр тамирчинд ч сургаалтай.