2010-11-19

АЛАГДАЙ АВАРГА - 4

Д.Цэвэгмид
(Багачууддаа уншиж өгөөрэй 5-6 настай, 4-р хэсэг)
Үргэлжлэл


Идэж ууж, сунаж хэвтсээр
Эрт унтаж, орой боссоор
Өрөөлийн мууг шоолж
Өөрийн сайныг гайхсаар
          Гэнэхэн хонгор аварга маань
          Гэдсээрээ цүлхийн таргалж
          Гэдийж хэд алхахаас цааш
          Гэрээс холдож чадахыг байлаа.
Гэлээ ч гэсэн санаа нь үүлэнд
Гэдгэр ч гэсэн хүсэл нь ууланд
Ижлийн манлайд тэмүүлнэ
Ишгэдийн тэргүүнд санаархана.
          Алагдай гэвэл уурлан давшилна,
          Аварга гэвэл инээн онгирно
          Харсан бүхэнд “Би чадна”
          Хавьтсан бүрд “Би мэднэ” гэнэ.
Аясын салхи сэржигнэсэн
Аялуун намрын нэг өглөө
Ааглуу омголон Алагдай
Анд нөхдөдөө хандаж:
          “Хулан чихтэйн унагатай
          Хурд чадлаа үзэлцэнэ,
          Хумбан туурайтын үрстэй
          Хувь заяагаа сорилцоно.
Ганцхан өдөрт багтааж
Галавын говийг туулна,
Оргилох шаргал тоосоор
Орчлон дэлхийг бүрхэнэ” гэхэд нь
          Ээж аав хоёр нь
          Ээлж дараалан үглэж
          “Эрх бяцхан ишиг минь
          Эргэцүүлж сайтар тунгаа,
Харийн харгүй бартаатай,
Хартан дайсан аюултай,
Өглөө үдшийн бүрийгээр
Өлөн чоно гэтдэг шүү” гэхэд нь
          “Би бол ишиг биш
          Бие гүйцсэн ухна
          Эгэл нэг ямаа биш
          Эрх төгс аварга,

          

Хэнээр ч хэлүүлэхгүй
Явах замаа тухайлна,
Хэнд ч заалгахгүй
Яах ийхээ мэднэ” гээд
          Ширүүн гэдэг нь тэнцэлгүй
          Шийдэмгий гэдэг нь тогтоолгүй
          Аашийн жолоогоо таталгүй
          Авирлан муухай загнахад нь
Аав ээж хоёр нь
Аргадан ятгаж цөхрөөд
Ах эгчий нь дагуулан
Алсын замд мордуулав.
          Хулангийн газар зорьж
          Хурднаа нэг үзэлцэнэ гээд
          Онгироо аварга оройлон
          Орогдой, Эрээдэй дагалдаад
Задгай талд гартал нь
Зайгуул чоно угтаж
Амттай бэлэн хоолонд
Амаа зэхэн дайрав.
          Хэрцгий нүд нь жартайсан
          Хэдрэг шүд нь ярзайсан
          Зүүдэнд оршгүй муухай
          Зүхлийн дайсныг үзэхдээ
Мээмний гурван ишиг
Мэгдэж тэвдсэн нь хэмжээгүй,
Ухаан жолоогоо алдаж
Ум хумгүй зугтаав.
          Овойж биеэ тоосоор
          Олох эрдмээс хоцорсон
          Сунаж тэрийж хэвтсээр
          Сургууль дасгалаа мартсан,
          
          
          
          
Олиг муутыг бодвол
Орогдой Эрээдэй хоёр
Харайх гүйхдээ хурдан
Харах бараагүй талийв.

2010-07-27

АЛАГДАЙ АВАРГА - 3

Д.Цэвэгмид
(Багачууддаа уншиж өгөөрэй 5-6 настай, 3-р хэсэг)
Үргэлжлэл

Айлын ямааг төлөөлж
Алагдай уралдаанд оролцоод
Алсын тавианд түрүүлж
Аварга цол шагнуулаад,
     Эргэж сүрэгтээ ирэхэд нь
     Ээж нь сэтгэл хангалуунаар
     “Эвий хөөрхөн ишиг минь”
     Энхрий хайрт үр минь
Янгирын наадамд манлайлж
Ямаа нэрээ мандууллаа,
Ялалтын өндрийг эзэмшиж
Яруу алдраа дуурсгалаа,
     Уртын аян харгуйд
     Ундаасаа биз, сүүгээ уу,
     Өнжин саатан явж
     Өлсөө биз, мээмээ хөх” гэхэд нь       
Алагдай аварга ширвэлзэж
Амаа мурийтал ярвалзаж
Дэргэдэхээ дэгс харж
Хажуудахаа халит хялайж
     “Талын уудмаар давхиж
     Таанын үзүүр шилэх,
     Тагийн аглагийг зорьж
     Тансаг идээг таних,
Ээжийн мээмээс холдож
Эрдэм чадлаа сорих
Эрийн цээнд хүрсэн
Эрхэм аварга боллоо” гээд
     Эрхийн чинээхэн эврээ өрж
     Эрэвгэр хэдхэн сахлаа илж
     Үүдэн хойморт ханхалзан
     Үүлтэй тэнгэр өөд өлийхөд нь
Боролжны ёроолоор бөмбөрдөг
Борхон туулайн бүжингүүд
Цохио дамжин харайдаг
Цоохор жирхийн зулзагууд
Ямар сүртэй “сэрх” вэ,
Яасан жавхаатай “эр” вэ? гэж
Шаг шууг бололцон
Шагшран магтаж гайхалцав.
     Аварга цолын халуунд
     Алагдайн нойр нь ихдэж
     Гэдсээ цүндийтэл идээд
     Гэдийн хэвтэх нь олшров.
Эрээдэй, Орогдой хоёр
Эртний нарнаар босож
Хатирах тэших сургууль
Харайх гүйх дасгал хийнэ.
     Ээж нь Алагдайг сэрээж
     “Энхрий хүү минь бос,
     Халих дүүлэхийн дасгалд
     Хамаг ишигнүүд гарлаа” гэхэд нь
Ноохойдоо хоргодсон Алагдай
Нойрондоо дарагдсан аварга маань
“Би түүнийг чадахаа л чадна
Битгий намайг сэрээ” гээд
     Үүрэглэж нүдээ нухан
     Үд болтол унтаад,
     Өдөр дундын үесээр
     Өндийж нэг харахдаа,
Уралдаж байгаа унага
Одоорч байгаа тугал
Дэвхэрч байгаа ишиг
“Борви нь тушилдсан болхиодой,
     Хөл нь хөшилдсөн хөглөөхэй,
     Нэр гутаам нэвсгэрүүд,
     Цол гутаам цордгорууд” гэж шоолно.

Үргэлжлэнэ ->> ...

2010-05-31

АЛАГДАЙ АВАРГА - 2

Д.Цэвэгмид  
(Багачууддаа уншиж өгөөрэй 5-6 настай,   2-р хэсэг)

Үргэлжлжл

Алагдайн гарамгай тамирчинг
Амьтан бүхэн магтаж
“Ямар мундаг ишиг вэ?
Яасан догь ямаа вэ?” гэлцэнэ.
    Магтаал сайшаал сонсоод
    Мань Алагдай бүр ч гаарч
    Хайр чулууг харжигнатал
    Хад асгыг доргитол
Тэв тэв гишгэлнэ
Тэнд энд цовхорно.
Годон сүүлээ өргөж
Гоё ганган зогсоно.
    Намрын нэгэн өдөр
    Нармай янгир гөрөөсний
    Сүргийн наадам болох
    Сүржин зарлал тархав.
          Өчүүхэн гурван ишиг
          Үүр цүүрээр босож
          Үс зүсээ янзлан
          Үзэмж өнгөө засаад,
              Сайрыг өгсөн цахилсаар
              Хайрыг бутарган хатирсаар
              Янгирын наадмын газар
              Яаран сандран хүрэхэд,
          Уртын харайлтаас эхлэн
          Уралдах харвалдах дараалан
          Янгирын барилдаан хүртэл
          Янз бүрийн тэмцээн болов.



                     Үргэлжлэнэ    -> ...