3-4 насны хүүхдэд цээжлүүлэх шүлэг
Ж.Лодой
ИШИГ
Сониуч байрын ааштай
Шодгор жижигхэн сүүлтэй
Хуруувчин чинээ эвэртэй
Хуруун дайтай хөлтэй
Сэвгүй гэгч маллаж
Самнаад баршгүй ноолууртай
Сайхан ямаа болгоё.
ХУРГА
Чандаган цагаан зүстэй
Мяндсан зөөлөн үстэй
Шөмбөгөр хөөрхөн толгойтой
Шүрэн борлог нүдтэй
Хун цагаан хургаа
Тун сайхан маллаж
Хүн бүхэн хичээж
Түм бумаар өсгөе.
Толгой хаялан нааддаг
Тоос татуулан давхидаг
Сүүлээ шарван тонгордог
Сүүдрээ хараад бусгадаг
Эр хүний нөхөр эмээл хазаарын эзэн
Хөөрхөн цовоо унагаа
Хурдан хүлэг болгоё.
ТУГАЛ
Түнтгэр халзан духтай
Түжгэр борхон гэдэстэй
Сагсгар өтгөн үстэй
Салаа найман туурайтай,
Шантгар улаан тугалаа
Цатгалан тарган тэжээсээр
Мах, сүүгээр элбэг
Мундаг үхэр болгоё.
БОТГО
Бүлээн зөөлхөн хошуутай
Бүлтгэр борхон нүдтэй
Удаан нь аргагүй тэнцдэг
Уянгатай гэгчээр буйлдаг
Тэмээ болох санаатай
Тээхэлзэж байгаа ботгоо
Арчлахын сайнаар арчилж
Аяны унаа болгоё.