2011-01-18

АЛАГДАЙ АВАРГА - 5

Д.Цэвэгмид


(Багачууддаа уншиж өгөөрэй 5-6 настай, 5-р хэсэг)
Үргэлжлэл


Гайхал аварга Алагдай
Гавьтай гүйж чадсангүй
Хэдхэн харайсны эцэст
Хийгүй бөмбөг шиг шолхойж
          Ахин дахин чармайвч
          Аахилан бахардан цуцаж
          Араатны хоншоорын өмнөхөн
          Амь тэмцэн ойчив.
Амжиж энэхэн хооронд
Ах эгч хоёр нь
Аюул түгшүүрийн мэдээг
Анчинд хүргэж чадсанаар
          Шүдээ хавиран дайрч
          Шүлсээ гоожуулан довтолсон
          Ховдог чонын толгойд
          Холч буугийн сум тусаж,
Тарган цүзгэр Алагдай
Танагтай үлдсэн боловч
Сандарч айсны эрхээр
Салганан бие нь чичирч
          Хөл нь эзэнгүй гуйвганан
          Хөлс нь тогтолгүй асгаран
          Уруу буруугаа унаж
          Ухаантай ухаангүй байв.
Ах эгч хоёртоо
Алагдай түшүүлэн явахыг
Агаарын жигүүртнүүд үзээд
“Аваргыг хараач та минь,

          

Баахан мэдлэгтээ ташуурч
Бардам сэтгэл баривал
Сээтэн чонын зууш болж
Сэвстэй гүзээ л үлдэнэ шүү” гэж инээлдэв.
           Айдар баахан Алагдай
           Амь наана, там цаана
           Алхаж ядан гуйвсаар
           Арай чарай ирэхэд нь
Сүргийн өвгөн сэрх
Сүрхий түвшин дүрээр
Сэлмэн эврээ сэжин байж
Сэрвэн сахлаа ирмэн байж:
           “Ямаан омог эрдэм биш
           Ярвагар зан чимэг биш
           Бэрхийг сурвал гайхамшиг
           Эрхийг сурвал гутамшиг
Эцэг өвгөдийн захиасыг дага,
Эрдэмтэн мэргэдийн үгсийг сана,
Эеийн жолоог хүндэтгэ
Эвийн холбоог бататга.
           Мэдлээ гэж бүү сагсуур
           Мэдлэгийн хүрээ хязгааргүй,
           Сурлаа гэж бүү онгир
           Сурлагын далай захгүй” гэж
Ижил сүрэгтээ хандан
Илтгэж хэлсэн үг нь
Ишгэн ухнад ч хэрэгтэй,
Идэр тамирчинд ч сургаалтай.

No comments: