2012-06-14

Хөөрхий, цэцэрлэгийн багш нар минь!


Энэ сайтад тавигдсан “Үнэгүй юм ‘үнэгүй’ л байдаг-цэцэрлэг ч мөн” гэсэн өгүүллийг уншаад цэцэрлэгүүд маань юу л болж байна даа гэж эмзэглэв. Ингээд энэ сэдвээр үргэлжүүлэн бичиж байна. Үнэхээр хүүхдийн хоол үнэгүй, багшийн ажил ч үнэгүй, орчинд нь байгаа газар үнэгүй, хүүхдийн тоглоомын талбай үнэгүй, цэцэрлэгийн хашаан дотор байгаа тоглоомын хэрэгсэл үнэгүй, тарьж ургуулсан мод, ургамал ч үнэгүй учир бүгд устгагдах болжээ.

Юуны өмнө “Газар худалддаг дарга нараа!!! Цэцэрлэгийн эзэмшлийн газрыг худалдахаа болиоч” гэж хэлмээр байна. Хүүхдийн цэцэрлэг бол хүүхдийн нас зүй, эрүүл ахуйн дагуу өөрийн гэсэн орчны стандарттай байдаг. Тэр стандартыг нь барьж ажилламаар байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн амьдрах, хөгжих, эрүүл явах эрх зөрчигдөж, цэцэрлэгийн орчин нэн аюултай болсоор цэцэрлэгийн хүүхэд байшингаасаа гарах эрхгүй болжээ. Дэргэд нь өндөр байшин барьж, том том өргөх кранууд цэцэрлэгийн байшин дээгүүр аялж, цэцэрлэгийн орчин машины гарааш, машины зам, машины зогсоол зэрэг хамгийн аюултай зүйлсээр хүрээлүүлж, хүүхдийг байшингаас гарч болохгүй шүү гэж анхааруулсаар байна.

Хүүхдийн цэцэрлэгийг олшруулах талаар нэлээд асуудлыг шинээр шийдсэн боловч сургуулийн өмнөх боловсролын асуудлыг хариуцдаг яам болон орон нутгийн Боловсрол, соёлын газар, шат шатны Мэргэжлийн хяналтын газрууд дараах асуудалд анхаарал тавьж, судлан үзэж, шийдмээр байна.

Цэцэрлэгийн багш нарын ажил, ачаалал

Цэцэрлэгийн багш нарын ачаалал хэт их байна. Өнөөдөр цэцэрлэгийн багш 45-50-60 хүүхэдтэй ганцаараа ажиллахад нэн хүнд байна. Шалтгаан нь ”Сургуулийн өмнөх боловсролын хууль”-д нэг бүлэгт байх хүүхдийн тоог зааж оруулаагүй, хувьсах зардлыг хүүхдийн тоогоор өгдөг болсон, цэцэрлэгийн нийт хүүхдийг үнэгүй хооллодог зэргээс үүдэлтэй. Ингээд дээрээс аваад нийт хүмүүс хүүхдээ цэцэрлэгт шахаж өгч байна. Бид өнөөдөр хүний төлөө, хүнийг эрүүл саруул байлгахын төлөө илүү анхаарах ёстой байтал хөөрхий цэцэрлэгийн багш нар маань өдөржин (10-12-14 цаг) хүүхдийн дуу чимээнд, тэр олон хүүхдийг осол аваргүй байлгах гэж сэтгэл санаа нь уймран, бүхий л ажлаа амжуулах гэж бухимдсаар ядарч туйлдан эрүүл мэндээрээ хохирч байна. Хүүхэд багтахгүй байхад дээрээс “заавал ав” гэж тушаах, мөн эрхлэгчийг авилгаар хүүхэд авч байна гэж олон нийтийн дунд мэдээлэл түгж байгаа нь цэцэрлэгийн эрхлэгчдийг ч дарамтад оруулж байна.

Ялангуяа 2, 3 настай бяцхан хүүхдийн уйлаан шуугиан дотор нэг бүлэгт 40-45 хүүхэдтэй ажиллана гэдэг бол нөр их ачаалал бөгөөд тэнд байгаа багш төдийгүй хүүхдийн эрүүл мэндэд нэн муугаар нөлөөлж байна. Ийм нөхцөлд асаргаа сувилгаа, хүмүүжил сургалтын үйл ажиллагаа явуулах ямар ч боломж байхгүй байгааг амьдрал харуулж байна. Энэ талаар багш нар үг хэлж чаддаггүй юм байна.

Хүүхдийн цэцэрлэгийн орны тоо хүрэлцээгүй байгаагаас олон хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилгоор “сургуулийн өмнөх хувилбарт сургалт” явуулдаг нь хот, аймгийн төвийн цэцэрлэгт хүнд асуудал болж байна. Цэцэрлэгүүдийг тойргийнхоо хүүхдийг бүгдийг хамар гэсэн шаардлага тавьдаг. Ялангуяа хот, аймгийн төвийн цэцэрлэгүүдэд өдөрт нь дээр дурдсан олон хүүхэдтэй ажиллаж байгаа багшид дахин гэр орноор явж, цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг олж, тэдэнд гэрээр нь сургалт явуул, эсвэл унтлагын цагаар хагас өдрийн бүлэг ажиллуул гэсэн даалгавар өгдөг нь бас нэгэн томоохон дарамт болдог аж.

Цэцэрлэгийн багш нарын өнөөгийн дүр төрх

Цэцэрлэгийн багш нарын аж амьдрал ямар байгаа билээ, ихэнх багш нар өглөө босоод цайгаа чанаад нөхөр, хүүхэдтэйгээ хамт цайлж ундлаад гарч чадаж байна уу (гэргийн үүргийг гүйцэтгэж чадахгүй тул нөхөр нь тэсэлгүй салж явдаг тохиолдол цөөнгүй), өрх толгойлж яваа олон багш байна, цалин бага, өөрийн гэсэн гэр оронгүй айлын байр, гэр түрээслэн амьдарч байгаа багш нар ч байна.

Цэцэрлэгийн багш нарт өөрсдийн хүүхдийнхээ төлөө анхаарал халамж тавих боломж байдаггүй. Тэд хүүхдийнхээ хичээл, сурлагад туслах, эцэг эхийн хуралд нь оролцох, багштай нь очиж уулзах, хүүхэдтэйгээ хамт юм үзэх, хамт сууж хооллож ундлах, өглөө хүүхдэдээ урам өгч, сургамжийн үг хэлээд сургуульд нь явуулах, хүүхэдтэйгээ хамт амрах боломжгүй ээ. Тэд өглөө гэрийнхнээсээ хамгийн түрүүнд гарч, орой хамгийн сүүлд нь ирнэ.

Өдөртөө хариуцан ажиллаж буй бүлгийнхээ хүүхдийг эзгүй орхих эрхгүй учир цэцэрлэгийн багш нарт эмнэлэгт үзүүлэх, дэлгүүр явах, үсчинд очих цаг зав, боломж байхгүй. Өнөөдөр цэцэрлэгийн багш нарыг та харвал ядарч сульдсан, дээрээс болон удирдлагаасаа маш их дарамттай, уур уцаар ихтэй, нүүрний баясгалангүй нэгэн ажиглагдана.

Бид юу хийж, багш нартаа туслах вэ?

Бусад улс орнуудад цэцэрлэгийн хүүхдийн тооны нормативыг тогтоож, түүнийгээ хатуу баримталдаг. Эцэг эх хүүхдийн хоолны зардлын заримыг нь төлдөг, зарим оронд хүүхдийн хоолны зардлыг эцэг эх төлөхгүй, харин хүүхдийг нь асарч харж хамгаалж, хөгжүүлэх үйл ажиллагаа явуулсан үйлчилгээний төлбөрийг эцэг эх өгдөг, төлбөрөө төлөхөөс гадна эцэг эхчүүд цэцэрлэгт анхаарал тавин тусалж, хариуцлагатай ханддаг.

Манайд юуны өмнө цэцэрлэгийн багшийн ажлыг хөнгөвчлөх, эрүүл мэндэд нь анхаарч, өдөрт хүүхэдтэй ажиллах цагийг цөөрүүлэхийн зэрэгцээ хүүхдийн тоог норм хэмжээнд нь барихтай холбогдох зарим саналыг дэвшүүлж байна. Үүнд:
  •  Сургуулийн өмнөх боловсролын хуульд нэг бүлэгт байх хүүхдийн тооны дээд хязгаарыг зааж өгөх. Тухайлбал, 0-1 нас 10, 1-2 нас 15, 2-3 нас 20, 4-5 нас 25 хүүхэд байхаар тогтоох.
  • Цэцэрлэгийн багшийн хүүхэдтэй ажиллах цагийг 6 цаг болгох ба 2 цагийг дараагийн өдрийн хүүхэдтэй ажиллах бэлтгэлийг хангахад зориулдаг болгох. 
  • Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улс дааж байгаа тохиолдолд хүүхдийг халамжилж, асарч сувилж, хүмүүжил сургалт явуулж байгаа цэцэрлэгийн үйл ажиллагааг үнэлгээтэй болгох. Энэ үнэлгээ нь хүүхдийн нас бага байх тутам өндөр байж болно. Эсвэл хүүхдийн хоолны зардлыг эцэг эх хариуцах. Харин эцэг эхээс гарах зардлыг хүүхдийн мөнгөнд шингээж улсаас олгодог тогтолцоонд шилжих. 
  • Цэцэрлэгийн хувьсах зардлыг хүүхдийн насны байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд зэргээр ялгавартай тогтоож, цэцэрлэгүүдэд олгох. Тухайлбал, нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд цэцэрлэгт байхад хоёр хүүхдийн хувьсах зардал олгож байх жишээтэй. Үүн дээрээ тулгуурлан цэцэрлэгт ажиллагсдын орон тоог шинжлэх ухааны үндэстэй тогтоох.
  • Цэцэрлэгийн эрхлэгчээр мэргэжлийн бус хүн томилон ажиллуулдаг явдлыг таслан зогсоох. Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчид бол Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг төгссөн, наад зах нь цэцэрлэгт 4-5 жил багшаар ажилласан байх шаардлагатай. 
Цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх асуудалд 

Хүүхдийн цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, хамралтын хүрээг өргөжүүлэхийн тулд дараах асуудлыг хөндөн тавьж байна. Үүнд:
  • Хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 50, 75, 100 хүүхдийнхээр барьж байгуулж байгаа боловч хүүхдээ багтааж чадахгүй байна. Төвлөрсөн газруудад олон хүүхэд хамрахын тулд 140, 160, 280 хүүхдийн барилгуудыг барих нь зүйтэй байна. Өнөөдөр Улаанбаатар хотод том цэцэрлэгүүд хэрэгтэй байна. Сумдад харин хүүхдийн тоог харгалзан 50, 75 хүүхдийн барилга байж болох юм. 
  • Орчин үед маш олон барилга баригдаж байна. Иймд компаний эзэд орон сууц барихдаа хүүхдийн цэцэрлэгийг тооцож, 1 дүгээр давхартаа эсрэг талаас нь ордог хаалгатай цэцэрлэгийн өрөө тасалгаанууд бүхий барилга барих, орчныг нь тохижуулсан тоглоомын талбайтай болгох практикт орвол тэр байрны хүүхдүүд элдэв хүндрэлгүйгээр шууд цэцэрлэг рүүгээ ордог, эцэг эхчүүд ч ажилдаа явахад саадгүй болно. 
  • Ясли, цэцэрлэгийн зориулалттай хуучин барилгын судалгаа хийж буцааж авч энэ олон хүүхдийг цэцэрлэгтэй болгох ажлыг хот, дүүрэг хиймээр байна. 1990-ээд оны эхээр ялангуяа Улаанбаатарт олон ясли, цэцэрлэгийн барилга хувь хүмүүсийн гарт шилжиж, зориулалтын бусаар ашиглагдаж эхэлсэн. 
  • Орон сууцны хорооллыг шинээр барихад заавал ясли, цэцэрлэгтэй эсвэл ясли-цэцэрлэгийн цогцолбортой барьдаг практикыг хэрэгжүүлэх. 

Монголын боловсролын ахмад удирдах ажилтны холбооны зөвлөлийн гишүүн, АБТА,
Боловсрол судлалын магистр, “Зөвлөх” багш, ахмад багш Д.Нонна

2012.06.04

2012-05-23

Миний эмээ


Л.Баяраагийн авсан гэрэл зураг
Д.Дамбадаржаа

МИНИЙ ЭМЭЭ

Миний эмээ мундаг
Юм бүгдийг мэддэг
Үлгэр домог ярьдаг
Үнэн сургаал хэлдэг.

Миний эмээ мундаг
Юм бүгдийг мэддэг
Би үнэхээр биширдэг
Бид бүгдээрээ хүндэлдэг.











О. Сундуй

ХАА БАЙНА

Алаг нүд нь хаа байна
Энэ байна
Аавыгаа би харж байна

Энхрий хэн чих нь хаа байна
Энэ байна
Ээжийгээ би сонсож байна

Алив гар нь хаа байна
Энэ байна
Аавыгаа ээжийгээ тэвэрмээр байна.

Хөөрхөн хамар нь хаа байна
Энэ байна
Хөргөгчөөс алим үнэртээд байна

Ярьдаг ам нь хаа байна
Энэ байна
Яруу  шүлэг уншмаар байна.

2012-03-13

Хүүхэд тагтаа хоёр


pigeon


М.Чимэд
                  Хүүхэд тагтаа хоёр.

          Наранд ээвэр саравчинд
          Намхан байр засаад
          Багахан  будаа  цацаж
          Бяцхан Болд явав.

 Цагаан цэнхэр тагтаа
Цугларч олуулаа ирээд
Асгасан будаа түүж
Амтархан идэж шуугилдав.

            Аравхан хоногийн дараа
            Ариун цагаан  тагтаа хан
            Болдын дэргэд ирээд
            Будаа идээд овоордог болов.

Цаг хоног өнгөрөхөд
Цагаан цэнхэр тагтаа
Болдын мөрөн дээр суугаад
Баяртай явдаг боллоо.

Гурваас дөрвөн настай хүүхдүүдэд цээжлүүлэх шүлэг. 

2012-02-07

Ишиг, хурга, унага, тугал, ботго


3-4 насны хүүхдэд цээжлүүлэх шүлэг

Ж.Лодой 
ИШИГ

Сониуч байрын ааштай 
Шодгор жижигхэн сүүлтэй 
Хуруувчин чинээ эвэртэй 
Хуруун дайтай хөлтэй 
Цэнхэр хөх ишгээ 
Сэвгүй гэгч маллаж 
Самнаад баршгүй ноолууртай 
Сайхан ямаа болгоё. 

ХУРГА

Чандаган цагаан зүстэй 
Мяндсан зөөлөн үстэй 
Шөмбөгөр хөөрхөн толгойтой 
Шүрэн борлог нүдтэй 
Хун цагаан хургаа 
Тун сайхан маллаж 
Хүн бүхэн хичээж 
Түм бумаар өсгөе. 

УНАГА

Толгой хаялан нааддаг
Тоос татуулан давхидаг
Сүүлээ шарван тонгордог 
Сүүдрээ хараад бусгадаг
Эр хүний нөхөр эмээл хазаарын эзэн
Хөөрхөн цовоо унагаа
Хурдан хүлэг болгоё.

ТУГАЛ

Түнтгэр халзан духтай 
Түжгэр борхон гэдэстэй
Сагсгар өтгөн үстэй
Салаа найман туурайтай,
Шантгар улаан тугалаа
Цатгалан тарган тэжээсээр
Мах, сүүгээр элбэг 
Мундаг үхэр болгоё. 

БОТГО

Бүлээн зөөлхөн хошуутай
Бүлтгэр борхон нүдтэй
Удаан нь аргагүй тэнцдэг
Уянгатай гэгчээр буйлдаг 
Тэмээ болох санаатай 
Тээхэлзэж байгаа ботгоо
Арчлахын сайнаар арчилж 
Аяны унаа болгоё. 

2012-01-03

Давалгаа сайтаас

Эх сурвалж : 

Амьдралынхаа 40 гаруй жилийн хугацаанд бага насны хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын асуудалд ухаан бодол, сэтгэл, зүтгэлээ зориулан ирсэн, одоо ч бидэнд үлгэр дуурайл болон ажиллаж байгаа Д.Нонна багшийнхаа тухай хэдэн үг тэрлэхээр шийдлээ. Тэрбээр Монгол улсад орчин  цагийн хүүхдийн цэцэрлэгийг хөгжүүлэх, багшлах болон удирдах боловсон хүчин бэлтгэх, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр боловсруулах, бага насны хүүхэд, эцэг эхэд зориулсан ном, гарын авлага бүтээх гээд өргөн хүрээний ажил хөдөлмөр эрхэлсээр ирсэн нөр их хөдөлмөрч хүн билээ. 

Юуны өмнө Д.Нонна багшийн амьдралын замнал руу нь бага боловч өнгийн харъя. 


Амьдралын замнал

Д.Нонна багш 1935 оны 5 дугаар сарын 30-нд Дашзэвэгийн анхны охин болон Москва хотод төрсөн, гахай жилтэй. 1942-1951 онд Улаанбаатар хотын орос 1 дүгээр сургуулийн бага, бүрэн бус дунд сургуулийг төгсжээ.

Зураг 1 
1953-1957 онд Улсын багшийн институтыг орос хэлний багш мэргэжлээр төгсөж, 1957 оны 8 дугаар сарын 15-наас Улаанбаатар хотын Багшийн сургуульд орос хэлний багшаар томилогдон ажиллахын сацуу 1959-1962 онд цэцэрлэгийн мэргэжилтэн В.Ф.Максаковагийн орчуулагчаар хавсран ажилласан байна. 

1962-1963 оны хичээлийн жилд Цэцэрлэгийн багшийн сургууль Багшийн сургуулиас тусгаарлан гарахад Д.Нонна багш орос хэлний болон сургуулийн өмнөх насны хүүхдийн дүрслэх урлаг, байгаль заах арга зүй, гэр ахуйн хичээлийг давхар зааж байсан аж. Ингээд 1963-1967 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуульд суралцан сургуулийн өмнөх сурган, сэтгэл судлал, арга зүйч мэргэжлээр төгсөж ирсэн.

1967-1970 онд Ардын Боловсролын яамны боловсон хүчний хэлтэс ба Хүүхдийн цэцэрлэгийн хэлтэст мэргэжилтэн, 1970-1981 онд СХУ-ны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1981-1990 онд Ардын Боловсролын яаманд хүүхдийн цэцэрлэгийн хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж байгаад, 1990 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. 

Зураг 2
Д.Нонна багш хэдийгээр тэгэвэрт гарсан ч 1991-1994 онд нийслэлийн 147 болон 122 дугаар цэцэрлэгүүдэд арга зүйч багш, Монген сургууль, Америкийн гэр цэцэрлэгт зөвлөх багшаар ажилласан байсан. Мөн “Өүлэн ээжийн төв” ТББ байгуулж, цэцэрлэгт хамрагдаагүй олон хүүхдийг сургуульд бэлтгэх буянтай үйлийг хийж ирсэн билээ. 


Миний мэдэх Д.Нонна багш

Д.Нонна багш бол ясны хөдөлмөрч хүн дээ гэж юуны өмнө хэлмээр байна. Өдгөө 70 гаруй насыг насалсан ч зүгээр сууна гэж үгүй. Уншиж судлах, бичиж боловсруулах, багш нарт зөвлөн туслах, уулзалт ярилцлага, ахмадын ажилд оролцох гээд байнга завгүй. Сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдах болсон  “насан туршийн боловсрол” буюу хүн бол хүүхэд ахуйгаасаа эхлэн насан эцэстлээ байнга суралцан хөгжиж, дэвжин дээшилж байх ёстой гэсэн үзэл санааг амьрал дээр хэрэгжүүлж буй биет төлөөлөгч. 

Орос хэл бол Д.Нонна багшийн бараг төрөлх хэл нь гэлтэй. Орос хэлээр гарсан сэтгүүл, ном хэвлэл, сүүлийн үед мөн вэбсайтуудын идэвхтэй хэрэглэгч. Хувийнх нь онцлогоос дурдахад сайн хань, сайхан ээж, эмээ. Өмсөж зүүхээ тохируулж биеэ сайхан авч явна, жимс, ногоо ургуулж арчлахдаа гаргуун, олон төрлийн амтлаг сайхан хоол, зууш, ундаа, нарийн боов хийнэ. Шулуун шударга, няцаж шантраад байдаггүй, санаж бодсоноо шууд л хэлчихнэ. Энэ нь зарим хүний дургүйг хүргэдэг ч байж болох.  

Ойрын жилүүдийнх нь ажил Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын түүхийг судлах, бичиж цэгцлэх, мөн энэ салбарын тулгын чулууг тавилцаж, ажиллаж байсан ахмад хүмүүсийнхээ түүх, дурсамжийг бичихэд голлон чиглэж байна. Саяхан Д.Нонна багшийн “Монгол улсын сургуулийн өмнөх боловсрол хөгжиж ирсэн нь” ном хэвлэгдэн гарсан нь хойч үедээ үлдээж буй үнэ цэнэтэй бүтээл юм. Одоо энэ түүхэн зохиолд бичигдсэн зарим зүйлсийг үргэлжлүүлэн нарийвчлан судлах, зарим материалыг интернетэд тавьж олны хүртэл болгоход цаг заваа заран сууна.  

Багшийн багшийн багш 

Д.Нонна багшийн багшлах ажил дээр дурдсанаар өдгөөгөөс хагас зуун жилийн тэртээ эхэлсэн. Цэцэрлэгийн багш бэлтгэх сургуулийн анхны багш нарын нэг.  

Зураг 3
Тэрбээр 1957-1963 онд Багшийн сургууль, Цэцэрлэгийн багш бэлтгэх сургуульд багш, мөн дараа нь удирдах болон эрдэм шинжилгээний ажил хийх явцдаа УБДС, Цэцэрлэгийн багшийн сургууль, “Лаавай” дээд сургуулийн цэцэрлэгийн ангид цагийн багшаар ажиллан нийт 40 шахам жил багшийн ажил хийж ирсэн. Түүний бэлтгэж гаргасан олон хүмүүжүүлэгч багш, эрхлэгчид манай орны өнцөг булан бүрт амжилттай ажиллаж ирснээс заримыг нь дурдахад Л.Балжид, С.Урмаа, С.Майдаржав нар нь “Монгол улсын гавьяат багш” цол хүртсэн билээ. Шавь нар нь ч дараагийн үеийн багш нараа дадлагажуулан бэлтгэсээр. Ийнхүү Д.Нонна гэсэн нэрийн ард “багш” гэж хэлдэггүй хүн энэ салбартаа л үгүй билээ. 

1976 оноос багш нарын мэргэжил дээшлүүлэх курсэд ирсэн (таван жил тутамд цэцэрлэгийн багш, эрхлэгчид мэргэжил дээшлүүлэх 1 сарын курсэд хот, хөдөөнөөс ирдэг байсан) цэцэрлэгийн багш нарт сургалтын шинэ технологийг эзэмшүүлэх зорилгоор ЗХУ-ын нэрт сэтгэл судлаач А.В.Запорожцын нэрэмжит эрдэм шинжилгээний байгууллагаас эрдэмтдийг урьж, сургуулийн өмнөх боловсролд гарч байгаа шинэлэг зүйл болон туршлагаас 1 сарын семинар-сургалт явуулж, тэдэнтэй тогтмол холбоотой ажиллан өөрийн орны цэцэрлэгийн багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлдэг байсан тул 1988 онд СССР-ийн Гэгээрлийн яамны “ПОЧЁТНАЯ ГРАМОТА” (хүндэт жуух)-аар шагнуулж байв. 

Д.Нонна багш гавъяаныхаа амралтад гарсныхаа дараа 1994 оноос “Өүлэн ээжийн төв”- төрийн бус байгууллага байгуулж, олон улсын байгуллага болох “Английн хүүхдийг ивээх сан”-тай хамтран цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг сургуульд бэлтгэх үйл ажиллагааг эхлүүлэн Улаанбаатар хотын гэр хороолол, Өвөрхангай, Өмнөговь, Архангай аймаг, Дархан хотын цэцэрлэгт хамрагдаагүй 22000 хүүхдийг сургуульд бэлтгэн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид амжилттай элсүүлсэн. Ийнхүү тэрбээр бяцхан хүүхдүүдийн багш, мөн тэдний багшийн багшаар ажилласаар ирэв. 

Эрдэм шинжилгээний ажилтан, түүний бүтээл туурвал

Д.Нонна багш 1970-1981 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байхдаа сургуулийн өмнөх 0-6 настай хүүхэд дээр судалгаа хийж, түүн дээрээ тулгуурлан цэцэрлэгийн хүмүүжил, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгон 1976 онд “Цэцэрлэгийн хүмүүжил сургалтын программа”, 1982 онд шинээр “Яслийн хүүхдийн хүмүүжил сургалтын программ”-ыг  орон тооны бус эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтарч боловсруулж гаргасан.