2009-11-22

Ховор зураг, Өвөрхангай аймаг

Аймгийн анхны цэцэрлэг нь 1946 онд Уянга суманд артелийн хөрөнгөөр 15 хүүхэдтэй, 2 гэртэй, 1 байшин хашаатай, артелийн цэцэрлэг нэртэй байгуулагджээ. Анхны эрхлэгч, нярав нь Памын Цэдэвдорж, хүмүүжүүлэгчээр Дарьхүүгийн Должин, цэвэрлэгчээр Памын Пүрэв, тогооч сахиул Сэрээгийн Жанлав нар ажиллаж байв. Хүмүүжүүлэгч Д. Должин үйлчилгээний хоршооллын шугамаар Улаанбаатар хотод хэд хоногийн курсэд явж ирээд ажиллажээ.


Сургалтын гарын авлага, ном хэвлэл, заавар зөвлөмж удирдамж байгаагүй, цэцэрлэгийн бүх эд аж ахуйг артелийн хөрөнгөөр авч байхын гадна хоолны жор норм байхгүй, энгийн айлын маягаар байсан ба анхны үед эцэг эхээс хоолны мөнгө авч байгаагүй байна. Тэр үеийн ажиллаж байсан хүмүүсээс нэгч хүн үлдээгүй байна.  Энэ цэцэрлэг нь артелийн анхны дарга байсан Жамцын Чулуундоржийн санаачилгаар байгуулагдсан байна.

Аймгийн 2 дахь цэцэрлэг нь 1947 онд артелийн цэцэрлэг нэртэй Арвайхээр хотод 1 бүлэг, 3 ажилчинтай байгуулагдсан, цэцэрлэг нь одоогийн Арвайхээрийн 1-р цэцэрлэг нь юм. Энэ цэцэрлэгийн анхны хүмүүжүүлэгч нь Нацагням гэдэг хүн байжээ.

4 сартай хүүхэд

Хүүхэд тайван унтдаг болсон тул ээж жаргаж эхэлнэ..  Хүүхэд өдөрт  4 цагийн , шөнө нь 6,5-8 цагийн зайтай  хөхөө хөхдөг боллоо. Зарим хүүхэд  шөнө 2 удаа  ч ээжийгээ сэрээж хөхөө хөхөж ээждээ наалдаж унтахыг хүсдэг.   Хүүхэд хоол боловсруулах ферментийг боловсруулж эхэлнэ, тэр нь эхийн сүүг маш нарийн боловсруулна. Бас нэгэн  сонирхолтой зүйл   нь  хүүхэд  доошоо харж  хэвтээд, гэдэсний булчин дээр тулгуурлан, гэдсээрээ урагшлах хөдөлгөөн хийхийг оролдоно. 
4 сартай хүүхэд юу хийж чадах вэ?
  • Хажуу  талаараа хэвтэхийг оролдоно. Хажуу талаас нь харахад инээдэмтэй санагдана. Хүүхэд эхлээд толгойгоо хажуу тийш нь болгоно. Араас нь бие ээ эргүүлэх гэж тэмүүлнэ. Зарим нь бүр даваад өнхрөөд өгнө. Хөл гараараа  хөдөлгөөнийг удирдана. Дээшээ харсан цох хорхой шиг санагдана. Сарын эцэст энэ бүх зүйлийг даван туулж  хөл гарын  идэвхтэй хөдөлгөөнөөрөө  өөрийн зорилгоо биелүүлнэ.
  • Тоглоомуудыг барьж авна. Цээжний дээр өлгөөтэй тоглоомуудыг маш анхааралтай ажиглана. Хэрэв дээр нь тоглоомуудыг тойргоор эргэлдэхээр  өлгөсөн бол хүүхэд эргэлдэж байгаа тоглоомоос шүүрэхийг оролдоно. Хөдөлгөөнгүй өлгөсөн тоглоомыг хүүхэд шууд гартаа барина. Энэ нь хүүхэд гараараа шууд шинэ мэдээлэл авч байгаа юм. Хүүхэд тоглоомын гадна талыг мэдэрч ялгаж сонголт хийж барина. Үстэй тоглоомоос айх, пиавран тоглоом хүйтэн, резинэн тоглоом зөөлөн гэх мэтийг мэдэрч эхэлнэ. Ээж нь өөрөө өнгө өнгийн цоохор  давуун уутанд  төрөл бүрийн будаа тариа, шош , ээзгий, ааруул , шагай хийгээд тоглоом хийж болно. Уутыг маш сайн бөхөлж оёсон байх хэрэгтэй. Хүүхэд ууттай тоглоомыг барьж үзсэнээр түүний  шинж чанарыг таньж авна гэдэг бол  хүүхдийн тархины үйл ажиллагааг идэвхжүүлнэ гэсэн үг.
  • Доошоо харж удаан хугацаагаар хэвтэх дуртай болно. Эхний үед хүүхэд доошоо харж хэвтэх дургүй байсан бол одоо харин  хэдэн цагаар  ч доошоо харж хэвтэх дуртай болно. Энэ нь орчин тойронд байгаа зүйлийг  ажиглана. Доошоо харж хэвтэхдээ хоёр гар дээрээ тулж хэвтэнэ, сарвуу нь тэнийн , хөл нь  өвдгөөрөө нугалсан байна. Хүүхэд хөдөлгөөнгүй зүйл дээр хараагаа төвлөрүүлж харах буюу хөдөлж буй биетүүдийг дагуулж харна.
  • Ээж нь харагдахгүй ч гэсэн ээжийн дуу хоолойг танина. Хүүхэд дуу чимээг ялгаж  эхэлнэ. Хамгийн сайн таних дуу чимээ бол ээжийн  дуу хоолой. Та утсаар өөр өрөөнд хүнтэй ярьж байхад хүүхэд таныг  анхааралтай сонсож байна. Мөн аялга дуу чимээ  бүхэнд хариу үйлдэл үзүүлнэ. Хэрэв та инээж байвал хүүхдийн нүүрэн дээр инээмсэглэл илэрнэ. Та чанга инээвэл хүүхэд тантай хамт  чанга инээхэд бэлэн байна. Тэхдээ хүүхэд таныг  яриагаа хурдан дуусгаад  над дээр ирээсэй гэж хүснэ.
  • Тоглоом үзүүлээд энхрийлэхэд хүүхэд урамтайхан хариу үйлдэл үзүүлнэ. Хүүхэд өөртэй  нь  харилцахыг маш их хүснэ. Та  хүүхдэдээ гадаа юу болж байна, аав нь хэзээ ирэх вэ, ээж нь ямар хоол хийж байна, ах нь юу хийж байна, эмээ нь хаана юу хийж явна зэргийг хүүхдэд ярьж бай. Юм үзүүлээд тэдгээрийг нэрлэж бай. Шинэ  юм бүхнийг танилцуулна.  Таны сайхан аялга дуу чимээ  хүүхдэд хамгийн чухал байна.  Энэ сард  хүүхэд чинь  хөх ба шилтэй сүүгээ өөрөө гараараа  барьж хөхнө.

2009-11-10

3 сартай хүүхэд

Нэгэн сонирхолтой   зүйл   ээж аавын  анхаарлыг татна. Энэ нь нялх хүүхэд яаж чанга инээж байгааг анх удаа сонсоно. Олон аавууд анх удаа би “хүн” бүтээсэн байна гэдгийг ухамсарлан ойлгож эхэлнэ. Аавууд анхны  хүүхдээ  гар дээрээ авахдаа айхгүй болно, орчиндоо байгаа хүмүүст хүүхдээ тэвэрч үзүүлнэ, гайхуулна. Энэ үед ээж нь бага зэрэг амарч авна.

3 сартай хүүхэд  юу хийж чадах вэ?
  • Цээжээ өргөхийг оролдоно. Энэ сараас хүүхэд ямар нэгэн зүйл хийхийг оролдож эхэлнэ. Гэдсэн дээр  ээ хэвтэж байгаа хүүхэд гараараа тулж цээжээ өргөж толгойгоо өргөнө. Ийм байдалд байхдаа тоглоомыг дагаж харах ба толгойгоо эргүүлнэ. Энэ үед эцэг эхчүүд зургийн авч хадгална. Зургийн тайлбарт  ээж аав нь  “Би гэдсэн дээрээ хэвтэж юм харж байна”, “Та нар хар даа би толгойгоо өндөр өргөж чаддаг болсон шүү” гэж бичиж хадгалах байхдаа.
  • Тоглоом барьж сонирхож харна. Энэ үед тоглоомуудын байрлалыг сольж арай доош нь хүүхдээс дээш 10-15 см-д өлгөнө. Тоглоом олон янзын эдээр хийсэн байж болно. Хүүхдийн цээжний харалдаа байгаа тоглоомонд хүүхэд хүрэх гэж гараа сунгах, тоглоомыг барьж үзэх болно.  Харин  хүүхдийн нүдний харалдаа тоглоом өлгөхгүй байхыг анхаараарай,  хүүхдийн нүд солир болдог шүү. Тоглоомыг нэг байрлалд удаан хугацаагаар байлгалгүй харин  үе үе авч хураана.
  • Дуу чимээ гаргаж эхэлнэ. Хэн “а-а-а-аа-аа-аа” гээд дуулаад байна вэ? Дараа нь “гы”гы”гы”, “ агу-гу-гу-, “кх-кх-гу” гэж дуулаад байна вэ? Гуагалах нь хүүхдэд тал бүрийн хөгжлийг хангаж байгаа юм. Хэрэв 3 сартай хүүхэд дуу чимээ гаргахгүй бол Та хүүхдээ яаралтай  хүүхдийн мэдрэлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхдийн хэл ярианы анхны дадлыг хөгжүүлэхэд  ээж аав  заавал туслах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ  ойрхон ойрхон ярьж, түүнд дуу дуулж өгч бай. Та гайхамшигтай  сонсогчийг оллоо гэж бодоорой. Хүүхэд таныг сонсох дуртай байдаг шүү. Хүүхэд  хөхөө хөхөхийг хүсэхдээ “ам-ам” гэх дуу чимээ гаргахад дөхөж очно.
  • Сэтгэл хөдлөлийг ялгаж эхэлнэ. Та хүүхэд  рүүгээ инээмсэглэлтэй дөхөж очиход хүүхэд инээмсэглэж эхэлнэ. Хүүхэд таны нүүрний хувирлыг маш анхааралтай харах болно. Яагаад ээж минь надад хайнга хандаж байна вэ? Нэг л юм болж дээ. Хүүхдийн сэтгэл санаа нь зовж  танаас “хэрэв чи надад хайртай бол инээмсэглээч” гэж  өөрийн   шаардлагыг тавьж  эхэлнэ.
  • Босоо байдалд байгаа зүйлийг сонирхоно. Ээжийн гар дээр байхад хүүхдэд маш тааламжтай байна. Хэвтээ байдалд байхыг хүсэхгүй болно. Яагаад гэвэл “ надад юу ч үзэгдэхгүй байна шүү дээ” Харин босоо байдалд байвал эмээгийн өгсөн тоглоомыг харна, эмээ өвөөгөө, ах эгчээ, аавыгаа харах боломжтой. Эд нар чинь өнөөдөр ямар юм өмссөн байна вэ? Босоо байдалтай байхдаа олон юмыг ажиглаж эхэлнэ. 3 сартай  эрүүл хүүхэд нь 8,5 -9 см өсөж өндөр болно, жингээрээ бол 2200-2500 гр нэмэгддэг байна.
  • 3 сартай хүүхдэд эрүүлжүүлэх иллэг массаж хийхийг хүүхдийн эмч нар зөвлөдөг юм. Та хүүхэдтэйгээ өдөр бүр хийдэг дасгалд чинь эдгээр зөвлөгөөн тус болно гэдгийг эцэг эх мартахгүй байгаарай.

2 сартай хүүхэд.

Хоёр сартай болоход ээж нар бүдэг бадаг юмыг санадаг. Энэ нь ээж нь нойр муутай байсных юм. Хүүхэд нь бага унтаж шөнө олон дахин босож хөхүүлэх дахин унтуулах гээд ээж нь нойр муутай байдаг. Эхний үед хүүхэд хөхсөн сүүгээ боловсруулахад ээжийн фермент нь тусалдаг. Амьдралын 3 дахь долоо хоног өнгөрмөгц байгалийн жам ёсоор “за ходоод минь чи бие дааж ажил” гэж хүүхдийн ходоод сүүг өөрөө боловсруулж эхэлнэ. Гэхдээ хүүхдийн ходоод зарим нь бие дааж боловсруулж чадахгүй. Зарим хүүхдийн гэдэс нь хий дүүрч тэр хөлөө атриулан уйлж ээжийгээ дуудна. Энэ эвгүй байдлаас гарахын тулд зарим хүүхдийн гэдсэнд нь шар тос түрхэж дулаан жин тавьж хийг нь гаргана, зарим нь ээжийн гэдсэн дээр гэдсээр нь хэвтүүлж туслан, зарим нь нарийн гуурсаар хийг нь гарган, зарим нь өвс тан уулгаж хийг гаргах олон аргыг хэрэглэгдэг байна. Энэ үед ээж нь тэвчээртэй байхыг санах хэрэгтэй. Гурван сарын сүүлчээр хүүхдийн гэдэсний асуудал хэвийн болж тайвширна.

2 сартай хүүхэд юу хийж чадах вэ

  • Гар хөлөө идэвхтэй хөдөлгөнө. Ээж нь хүүхдээ хөхүүлэх, хуурайлах, усанд оруулах унтуулах гээд байнгын завгүй байсаар нялх хүүхэд маш түргэн өсөж байгааг анзаардаггүй байна.
  • Тэр зөвхөн гараа атгаад байдаггүй харин гараа илүү их хөдөлгөдөг. Ялангуяа уйлахдаа гараа бүүр ч их хөдөлгөн. Тайван сайхан зантай байхад гар хөлийн хөдөлгөөн ихсэж “ зугаалж байгаа юм шиг” байна.
  • Дуу чимээнд хариу үйлдэл үзүүлнэ. Хаалга чанга хаах, хүчтэй чимээ сонсмогц орон дотор байгаа хүүхэд цочиж толгойгоо чимээ гарсан тал руу эргүүлнэ.  Шоржгонуур тоглоомын чимээгээр дагаж харна. Та хүүхэд рүү хандаж ярихад тэр анхааралтай сонсож таныг харна. Хэрэв та хүүхдээ энхрийлэн харж” Миний хайртай, ухаантай хонгорхон охиныг минь, бид бүгдээрээ чамдаа хайртай шүү” хэлэхэд охин чинь инээмсэглэнэ.
  • Тоглоом ба хүмүүсийг сонирхоно. Нэг сарын сүүлээр хөөрхөн үр чинь ээжийн нүүрийг маш сонирхож харна. Өмнө тодорхой бус байдлаар харж байсан бол одоо хамгийн хайртай, хамгийн эелдэг ээжийн нүдийг ялгаж харах болно. Ээжийн өмссөн хувцасны хээг сонирхож харна. Түүнд харуулахын тулд ээж нь том тод хээтэй хувцас өмсөх хэрэгтэй. Хүүхдийн орны дээр тоглоомууд заавал өлгөнө. Тоглоомыг хүүхдийн цээжний харалдаа 50-70 см-ийн өндөрт өлгөнө.
  • Баяр талархлаа илэрхийлж эхэлнэ. Энэ хэн бэ, хэн ирэв ээ? Ээж үү! Хайртай ээжийгээ ирэхээр хүүхэд баярлаж жаргалтай хан инээмсэглэн хөл гараа маш идэвхтэй хөдөлгөн угтаж авна. Үүнээс илүү ямар жаргал байх билээ.
  • Дуу чимээ гаргаж “ ярьж”эхэлнэ. Хүүхэд унтахгүй маш их сэтгэл хөдлөлтэй сайхан цаг ирдэг. Ээж нь юм хийж байхад хүүхэд орон дээр буюу орон дотроо “гх-гх”, гы-гы”,” гу-гу”, “агх-агх” гуагалах дуу чимээ гаргаж “ “Ээжээ ! Чи надтай яриач дээ. Би чамтай яримаар байна” гэж ээжийгээ дуудаж байгаа нь тэр.
  • Толгойгоо дээш нь өргөж барьж эхэлнэ. Та хүүхдээ гэдсэн дээр нь хэвтүүлэх дасгал хийхээ битгий мартаарай . Ингээд “өсвөрийн биеийн тамирчин”-ий хүзүүний булчин хөгжиж эхэлнэ. 2 сарын сүүлээр гэдсэн дээрээ хэвтсэн хүүхэд 10 сек. ба түүнээс удаан хугацаатай толгойгоо дээш нь өргөж барина.

2009-11-03

Хүүхэд эцэг эхийн хамт цэцэрлэгийн бүлэгт баяр ба чөлөөт цагийг өнгөрүүлэх.

  • Баяр өдөрлөг “ Ээжийн өдөр”,“Эмээгийн өдөр”, “Төрсөн өдөр”-ийг сард нэг удаа хийнэ, “Миний гэр бүл хамгийн сайн гэр бүл” г.м. сэдвээр баярыг өнгөрүүлэх.
  • Мэргэжил бүхэн чухал тул бүгдээрээ мэргэжил эзэмшье”мэргэжлийн талаар хүүхдүүдэд эцэг эхээс яриа хийлгэнэ.
  • Спортын тэмцээн уралдаан
  • Гэр бүлийн үзэсгэлэн “Монгол үндэсний хувцас” “Монгол үндэсний гоёл чимэглэл”, “Монгол үндэсний сав суулга” зэрэг монгол үндэсний бахархал болсон зүйлээр сурталчилгаа хийх.
  • Жүжигчилсэн тоглолт эцэг эхийн хамт. Үүнд: П.Хорлоогийн “Туулайн бүжин”, орос ардын үлгэр “Өнхрүүш”, “Чоно ба ишигнүүд”, Г.Сэсмээгийн “Тоглоомууд яагаад зугтаа вэ”, Ш.Перрогийн “Улаан малгайт”, монгол ардын үлгэр “Ах дүү гурав”, “Шаазгай хүү”, “Долоон бор оготно”зэрэг үлгэрээр хүүхдийн дунд тоглолтыг явуулах нь хүүхдэд баяр баясгаланг авчрах юм.“Хүүхэд хоол идэж өсдөггүй харин баяр баясгалантай байвал түргэн өсдөг” гэж нэгэн эрдэмтэн хэлсэн билээ.
  • Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нарт зориулан эцэг эхийн дунд зохиох ажилд чинь нэмэр болох байх гэдэгт итгэж байна.