2015-01-22

1-3 настанд цээжлүүлэх шүлэг, дуу, оньсого (2)

Ээж, аавуудаа 1-4 настай хүүхдүүдэд ээ цээжлүүлж уншуулаарай. 

Ш.Энхбаяр         МИНИЙ ДҮҮ

Миний дүү
Жаахан жаахан
Надтай адилхан
Хөөрхөн хөөрхөн
Дүүгээ би
Дүү л гэдэг
Дүү намайг бас
Дүү л гэдэг
Эгч хараад
Инээдэг
Ээж хараад
Өхөөрддөг.

О. Сундуй            ХАА БАЙНА

Алаг нүд нь хаа байна
Энэ байна
Аавыгаа би харж байна
Энхрий хэн чих нь хаа байна
Энэ байна
Ээжийгээ би сонсож байна
Алив гар нь хаа байна
Энэ байна
Аавыгаа ээжийгээ тэвэрмээр байна.
Хөөрхөн хамар нь хаа байна
Энэ байна
Хөргөгчөөс алим үнэртээд байна
Ярьдаг ам нь хаа байна
Энэ байна
Яруу шүлэг уншмаар байна.

Л.Одончимид              ЧИМГЭЭ ОХИН

Чи гараа сайн угаадаг уу гэж
Чимгээ гийн ээж нь асуулаа.
Савандаад, базаад, мушгидаг юм чинь
Сайн байлгүй яах вэ дээ гэж тэр хариулав.

Г.Сэсмээ                     НАЙЗ АА НААШ ИР

Найз аа найз аа нааш ир
Надад чихэр байна
Аав минь надад өглөө
Адилхан хувааж идээрэй гэв.

Дүүдий , дүүдий нааш ир
Дүүдээ чихэр өгье
Ээж минь надад өглөө
Ижилхэн хувааж идээрэй гэв.

Айлын маамуу нааш ир
Алаг чихэр өгье
Ах минь надад өглөө
Адилхан хувааж идээрэй гэв.

Найз аа найз аа нааш ир
Надад чихэр байна
Чихрээ хувааж идээд
Эвтэйхэн сайхан тоглоё.

Ш.Энхбаяр                  АЯГА

Алтан амсартай шинэхэн аяга
Алаг эрээн хөөрхөн аяга
Гангар шаазан нэртэй аяга
Гар дамжин эдлэгддэг аяга
Алим жимсээр дүүрдэг аяга
Амттай бүхнээр бялхдаг аяга
Угааж байвал цэвэр аяга
Унагаж орхивол хагарна шүү .

No comments: