2010-05-31

АЛАГДАЙ АВАРГА - 2

Д.Цэвэгмид  
(Багачууддаа уншиж өгөөрэй 5-6 настай,   2-р хэсэг)

Үргэлжлжл

Алагдайн гарамгай тамирчинг
Амьтан бүхэн магтаж
“Ямар мундаг ишиг вэ?
Яасан догь ямаа вэ?” гэлцэнэ.
    Магтаал сайшаал сонсоод
    Мань Алагдай бүр ч гаарч
    Хайр чулууг харжигнатал
    Хад асгыг доргитол
Тэв тэв гишгэлнэ
Тэнд энд цовхорно.
Годон сүүлээ өргөж
Гоё ганган зогсоно.
    Намрын нэгэн өдөр
    Нармай янгир гөрөөсний
    Сүргийн наадам болох
    Сүржин зарлал тархав.
          Өчүүхэн гурван ишиг
          Үүр цүүрээр босож
          Үс зүсээ янзлан
          Үзэмж өнгөө засаад,
              Сайрыг өгсөн цахилсаар
              Хайрыг бутарган хатирсаар
              Янгирын наадмын газар
              Яаран сандран хүрэхэд,
          Уртын харайлтаас эхлэн
          Уралдах харвалдах дараалан
          Янгирын барилдаан хүртэл
          Янз бүрийн тэмцээн болов.



                     Үргэлжлэнэ    -> ...


2010-05-27

АЛАГДАЙ АВАРГА

Д.Цэвэгмид  
(Багачууддаа уншиж өгөөрэй 5-6 настай,   1-р хэсэг)

Он жилийн цэлмэгт
Онгон тэнгэрийн сайханд
Оргил цагаан титэм нь
Од болон гялалзсан
         Өндөр шөнийн бүрхэгт
         Өглөө үдшийн буданд
         Уул үүл уулзан золгож
         Учир нэгнийг шивнэлдсэн,
Алтай хааны архан бие
Асгат Хайрханаар нутагладаг
Эгэл малчны ямаан сүрэгт
Ихэр гурван ишиг төржээ.
         Эрхэлж гарсан эгчмэдийг
         Эрээн цоохор толбоор нь
         Дагаж гарсан дараа дахийг
         Даруу орог зүсээр нь
Хожуу гарсан отгоныг
Хондлой алаг тэмдгээр нь
Эрээдэй, Орогдой, Алагдай гэж
Эзэн нь эрхлүүлэн нэрлэв.
         Ажиж сайтар харвал
         Алагдай тун ч соньхон,
         Цавиараа цагаан алаг,
         Хүзүүгээрээ хөх алаг,
Магнайдаа саран толботой
Хошуундаа ногтон зурвастай
Овоо эелдэг зантай
Цовоо хөөрхөн ааштай ажээ. 
              Өнөө гурван ишиг
              Өдөр ирэх бүр
              Том болон өссөөр
              Торниж тэнхээ орсоор
     Өөдөө сөөргөө цойлдог
     Өндөрт авирч чаддаг
     Урагш хойшоо тонгочин
     Уралдаж мөргөлддөг болов.
              Ялангуяа Алагдай ишиг
              Ямаа бүхнээс онцгой.
              Асга дамжихдаа адтай
              Ирмэг дагахдаа идтэй
     Юу юуны түрүүнд
     Хөлөө дэвсэн эрвэлзэнэ,
     Юм юмны эхэнд
     Хүзүү сунган сэрвэлзэнэ.
              Тэртээ өндрөөс тэрнийг
              Тэх янгир хараад:
              “Шууман харцага шувуу шиг  
              Шуугьж явдаг хэн бэ?” гэхэд нь
     Хаднаас хаданд дүүлж
     Чулуунаас чулуунд дэвхэрч
     Хандсан зүг бүрдээ
     Харвасан сум шиг хурдална.
              Тийшээ ч булт үсэрч
              Тэнхээ чадлаа харуулна.
              Ийшээ ч халби харайж
              Ид шидээ гайхуулна.

--> үргэлжилнэ ...

2010-05-21

ХАЧИН БОРОО

(Хүүхэддээ уншиж өгөөрэй, 4-5 нас)
                                           Ч.Арьяасүрэн
Хотод ээжтэйгээ ирээд
Ховор юм нэгийг үзлээ
         Өглөө эртлэн босоод
         Өргөн гудамж өгстөл
Булан тойроод нэг машин
Бороо оруулсаар гарч ирлээ
         Хоёр хажуугаас нь орсон бороо
         Хамаг зүлгийг услаад өнгөрлөө
Хотод ээжтэйгээ ирээд
Ховор юм нэгийг үзлээ
        Тэнгэрт үүлгүй цэлмэг байхад
        Тэр машин л бороо оруулж явах юм.

2010-03-30

Багчуудаа хөгжүүлье 3-4 нас


3 ба 4 настай хүүхдийг гэрээр  сургах хүүхэд , эцэг эхийн сургалтын гарын авлага.

Өнөөдөр олон хүүхэд  багачууд ясли цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Ялангуяа гэр хороолол, малчдын 0-6 настай  хүүхдүүд  гэр орноороо ах, эгч, эмээ өвөөгийн гар дээр бойжиж байгаа. Мөн тухайн газарт нь ясли цэцэрлэг байхгүй  бол голдуу гэрээрээ байдаг.  Хүүхдийг гэр орноор нь зөвхөн харгалзах буюу асрагчийн үүднээс хандаж хөгжүүлэх талыг мартдаг явдал бий.  Бага насны хүүхдийг насны онцлог, мэдээлэл хүлээж авах , юмыг ухааран ойлгох чадвар зэргийг харгалзан  дэс дараатайгаар хөгжүүлж, хүмүүжүүлэх зүйтэй гэж бид үздэг. Иймд Та бүгдэд  гэрээр  хүүхдийг хөгжүүлэх, хүмүүжүүлэхэд зориулан  хүүхэд, эцэг эхийн сургалтын гарын авлага байдгийн нэгэн жишээг толилуулж байна.  

Эдгээр  сургалтын гарын авлага нь  цэцэрлэгээс хүүхдэд эзэмшүүлж байгаа сургуулийн өмнөх боловсролын агуулгатай дүйцэхээр бэлтгэгдсэн юм. Энэ нь  сургуульд ороход гэрээс ба цэцэрлэгээс  адил бэлтгэлтэй хүүхдүүд ирэх юм. Үүний тул бид хүүхдийг 3 наснаас нь эхлэн үе шаттай хөгжүүлж хүмүүжүүлж сургуульд бэлтгэх сургалтын  гарын авлагыг боловсруулан гаргасан билээ.

Үүнээс гадна  хөдөө орон нутагт сургуулийн өмнөх боловсрол олгоход  явуулын багшийн сургалтын гарын авлагыг иж бүрнээр нь боловсруулан гаргасан билээ. Эдгээр   сургалтын гарын авлагаар 10 жил туршиж 20 000 гаруй хүүхдийг сургуульд бэлтгэсэн туршлагаа та бүгдэд толилуулж байгаа юм.  Энэ талаар танд санаа оноо байвал бичээрэй.

Үргэлжлүүлээд ном гарын авлага хуудаснаас мэдээллийг аваарай.

 

2010-02-25

Би 12 сартай /нэг настай/.

Би нэг настай боллоо гэж үү. Тэхдээ би ямар жижигхэн бэ. Миний бие даан ч жижигхэн ,арай л болоогүй байна даа. Тэхдээ би бол ээж аавын хайртай хонгорхон хүү нь маш олон юм хийж сурсан учир ээж аавын бахархал нь болсон шүү.

Би одоо юу хийж чаддаг вэ гэвэл

Биеэ дааж явдаг болсон.Та бүгд гайхах больсон байх. Өмнө та нар баярлаад сүйд болдогсон. Би чөлөөтэй явдаг болсон, хэрэв би явж чадахгүй байгаа бол ээж та надаа иллэг хийж намайг явах дасгалд сургаарай.

Ам, хамар,чихэнд хийж болох жижиг зүйлийг би хоёр хуруугаараа чимхэж авах сонирхолтой болсон тул та бүгд анхааралтай байгаарай.

Би бөхийх, хагас суух, нэг хөлөө өргөх зэрэг хөдөлгөөн хийхээс гадна юм түшихгүйгээр ганцаараа алхаж явааг ээж аав хараад баярлаж суудаг.

Хөгжмийн ямар ч аянд бүжиглэх, алга таших хөдөлгөөн би хийж чаддаг болсон. Намхан шатаар дээшээ гарах ба буух дасгалыг би ядартлаа хийдэг. Миний сэтгэхүй нэлээд сайн хөгжиж том хүмүүс болон хүүхдүүдийн нэр ,олон юмсын нэр, үйлийн нэрийг мэддэг.

“Байранд нь тавь”, “түүнд өг”, “аваад ир”, “өгөөрэй”, “ол” гэсэн үгийг би ойлгож гүйцэтгэдэг болсон. “Болохгүй” гэсэн үгийг би ойлгож үйлдлээ зогсоодог. “Тоглоомууд” гэсэн ерөнхийлсөн утгатай үг, том хүмүүсийн яриа үгийг ойлгодог болсон.

Өмнө өгч байсан даалгаврыг ойлгож тоглоомын явцад хүүхэлдэйг хооллох, хайрлах, бүүвэйлэх, явуулах үйлдлийг би хийдэг. Тоглоомоор янз бүрийн үйлдлийг бие дааж хийдэг болсон.
Шинэ үгийг дуурайж би хэлдэг ба 6-12 үгийг яриандаа хэрэглэдэг болсон. Олон дүрсүүд дотроос туйпуу хэлбэрийг шогоос ялгана, бас бусад юмсын хэлбэр дүрсийг томчуудын хэлснээр ялгах чадвартай болсон. Би хүмүүсийн фото зургийг таньдаг болсон.

Ээж аав нарт анхааруулах зүйл гэвэл. Хүүхэд төрсний дараа хэрхэн яаж хөгждөг талаар хүүхдийн үгээр илэрхийлж маш товч зүйлийг бичсэн тул эцэг эх төрсөн хүүхэд чинь хэрхэн яаж хөгждөг юун дээр анхаарах талаар бичихийг оролдов. Харин эцэг эх энэ талаар нэмэгдэл материалыг олж уншиж хүүхдээ хөгжүүлэх талаар анхаарч ажиллах байх гэдэгт итгэж байна.

“Мама и малыш: Календарь развития ребенка” интернетээс энэ сэдвийг авч зохиомжлон орчуулав,