2010-05-31

АЛАГДАЙ АВАРГА - 2

Д.Цэвэгмид  
(Багачууддаа уншиж өгөөрэй 5-6 настай,   2-р хэсэг)

Үргэлжлжл

Алагдайн гарамгай тамирчинг
Амьтан бүхэн магтаж
“Ямар мундаг ишиг вэ?
Яасан догь ямаа вэ?” гэлцэнэ.
    Магтаал сайшаал сонсоод
    Мань Алагдай бүр ч гаарч
    Хайр чулууг харжигнатал
    Хад асгыг доргитол
Тэв тэв гишгэлнэ
Тэнд энд цовхорно.
Годон сүүлээ өргөж
Гоё ганган зогсоно.
    Намрын нэгэн өдөр
    Нармай янгир гөрөөсний
    Сүргийн наадам болох
    Сүржин зарлал тархав.
          Өчүүхэн гурван ишиг
          Үүр цүүрээр босож
          Үс зүсээ янзлан
          Үзэмж өнгөө засаад,
              Сайрыг өгсөн цахилсаар
              Хайрыг бутарган хатирсаар
              Янгирын наадмын газар
              Яаран сандран хүрэхэд,
          Уртын харайлтаас эхлэн
          Уралдах харвалдах дараалан
          Янгирын барилдаан хүртэл
          Янз бүрийн тэмцээн болов.



                     Үргэлжлэнэ    -> ...


2010-05-27

АЛАГДАЙ АВАРГА

Д.Цэвэгмид  
(Багачууддаа уншиж өгөөрэй 5-6 настай,   1-р хэсэг)

Он жилийн цэлмэгт
Онгон тэнгэрийн сайханд
Оргил цагаан титэм нь
Од болон гялалзсан
         Өндөр шөнийн бүрхэгт
         Өглөө үдшийн буданд
         Уул үүл уулзан золгож
         Учир нэгнийг шивнэлдсэн,
Алтай хааны архан бие
Асгат Хайрханаар нутагладаг
Эгэл малчны ямаан сүрэгт
Ихэр гурван ишиг төржээ.
         Эрхэлж гарсан эгчмэдийг
         Эрээн цоохор толбоор нь
         Дагаж гарсан дараа дахийг
         Даруу орог зүсээр нь
Хожуу гарсан отгоныг
Хондлой алаг тэмдгээр нь
Эрээдэй, Орогдой, Алагдай гэж
Эзэн нь эрхлүүлэн нэрлэв.
         Ажиж сайтар харвал
         Алагдай тун ч соньхон,
         Цавиараа цагаан алаг,
         Хүзүүгээрээ хөх алаг,
Магнайдаа саран толботой
Хошуундаа ногтон зурвастай
Овоо эелдэг зантай
Цовоо хөөрхөн ааштай ажээ. 
              Өнөө гурван ишиг
              Өдөр ирэх бүр
              Том болон өссөөр
              Торниж тэнхээ орсоор
     Өөдөө сөөргөө цойлдог
     Өндөрт авирч чаддаг
     Урагш хойшоо тонгочин
     Уралдаж мөргөлддөг болов.
              Ялангуяа Алагдай ишиг
              Ямаа бүхнээс онцгой.
              Асга дамжихдаа адтай
              Ирмэг дагахдаа идтэй
     Юу юуны түрүүнд
     Хөлөө дэвсэн эрвэлзэнэ,
     Юм юмны эхэнд
     Хүзүү сунган сэрвэлзэнэ.
              Тэртээ өндрөөс тэрнийг
              Тэх янгир хараад:
              “Шууман харцага шувуу шиг  
              Шуугьж явдаг хэн бэ?” гэхэд нь
     Хаднаас хаданд дүүлж
     Чулуунаас чулуунд дэвхэрч
     Хандсан зүг бүрдээ
     Харвасан сум шиг хурдална.
              Тийшээ ч булт үсэрч
              Тэнхээ чадлаа харуулна.
              Ийшээ ч халби харайж
              Ид шидээ гайхуулна.

--> үргэлжилнэ ...

2010-05-21

ХАЧИН БОРОО

(Хүүхэддээ уншиж өгөөрэй, 4-5 нас)
                                           Ч.Арьяасүрэн
Хотод ээжтэйгээ ирээд
Ховор юм нэгийг үзлээ
         Өглөө эртлэн босоод
         Өргөн гудамж өгстөл
Булан тойроод нэг машин
Бороо оруулсаар гарч ирлээ
         Хоёр хажуугаас нь орсон бороо
         Хамаг зүлгийг услаад өнгөрлөө
Хотод ээжтэйгээ ирээд
Ховор юм нэгийг үзлээ
        Тэнгэрт үүлгүй цэлмэг байхад
        Тэр машин л бороо оруулж явах юм.

2010-03-30

Багчуудаа хөгжүүлье 3-4 нас


3 ба 4 настай хүүхдийг гэрээр  сургах хүүхэд , эцэг эхийн сургалтын гарын авлага.

Өнөөдөр олон хүүхэд  багачууд ясли цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Ялангуяа гэр хороолол, малчдын 0-6 настай  хүүхдүүд  гэр орноороо ах, эгч, эмээ өвөөгийн гар дээр бойжиж байгаа. Мөн тухайн газарт нь ясли цэцэрлэг байхгүй  бол голдуу гэрээрээ байдаг.  Хүүхдийг гэр орноор нь зөвхөн харгалзах буюу асрагчийн үүднээс хандаж хөгжүүлэх талыг мартдаг явдал бий.  Бага насны хүүхдийг насны онцлог, мэдээлэл хүлээж авах , юмыг ухааран ойлгох чадвар зэргийг харгалзан  дэс дараатайгаар хөгжүүлж, хүмүүжүүлэх зүйтэй гэж бид үздэг. Иймд Та бүгдэд  гэрээр  хүүхдийг хөгжүүлэх, хүмүүжүүлэхэд зориулан  хүүхэд, эцэг эхийн сургалтын гарын авлага байдгийн нэгэн жишээг толилуулж байна.  

Эдгээр  сургалтын гарын авлага нь  цэцэрлэгээс хүүхдэд эзэмшүүлж байгаа сургуулийн өмнөх боловсролын агуулгатай дүйцэхээр бэлтгэгдсэн юм. Энэ нь  сургуульд ороход гэрээс ба цэцэрлэгээс  адил бэлтгэлтэй хүүхдүүд ирэх юм. Үүний тул бид хүүхдийг 3 наснаас нь эхлэн үе шаттай хөгжүүлж хүмүүжүүлж сургуульд бэлтгэх сургалтын  гарын авлагыг боловсруулан гаргасан билээ.

Үүнээс гадна  хөдөө орон нутагт сургуулийн өмнөх боловсрол олгоход  явуулын багшийн сургалтын гарын авлагыг иж бүрнээр нь боловсруулан гаргасан билээ. Эдгээр   сургалтын гарын авлагаар 10 жил туршиж 20 000 гаруй хүүхдийг сургуульд бэлтгэсэн туршлагаа та бүгдэд толилуулж байгаа юм.  Энэ талаар танд санаа оноо байвал бичээрэй.

Үргэлжлүүлээд ном гарын авлага хуудаснаас мэдээллийг аваарай.