2019-12-19

Гурван баавгай


Л.Толстой 

Нэг охин гэрээсээ гарч яваад ойд оржээ. Тэгээд ойд төөрч гэртээ буцах замдаа эрээд олсонгүй явсаар ойд байгаа нэг жижиг гэрт хүрч иржээ. Үүд нь онгорхой байв.
Үүдээр нь харахад гэрт хэн ч байсангүй учир, тэр охин оржээ. Энэ жижигхэн байшинд гурван баавгай суудаг байжээ. Нэг баавгай нь эцэг нь ба түүнийг Михаил Иванович гэж дууддаг билээ. Энэ нь биеэр арай том биетэй, саглагар үстэй баавгай байжээ. Нөгөө дэх нь эх баавгай байжээ. Энэ нь биеэр арай бага ба түүнийг Настасья Петровна гэнэ. Гурав дахь жижигхэн хүү баавгай нь Мишутка гэдэг нэртэй билээ. Баавгайнууд гэртээ байгаагүй бөгөөд тэд ойгоор зугаацах гэж явсан байлаа.
Тэр байшин нь хоёр өрөөтэй, нэг нь хоол идэх, нөгөө нь унтлагын өрөө байв.
Охин хоол иддэг өрөөнд нь ортол, ширээн дээр шөлтэй гурван аяга байхыг үзжээ. Нэг аяга нь их том байсан бөгөөд тэр нь Михайл Ивановичийнх, хоёр дахь арай бага нь Настаья Петровнагийнх, гурав дахь жижиг хөх аяга нь Мишуткийнх юмсанжээ. Аяга бүрийн хажууд том, дунд, жижиг халбага байв. Охин том халбагыг аваад том аяган доторхоос идэж үзээд, дараагаар нь дунд халбагаар дунд аяганаас, сүүлд нь жижиг халбагыг авч жижиг хөх аягатайгаас идээд үзэхэд нь Мишуткийн шөл хамгийн амттай шиг санагдав. Ширээний дэргэд гурван сандал байхыг үзээд сууж үзэхсэн гэж бодов. Нэг том нь Михайл Ивановичийнх, арай багавтар нь Настаья Петровнагийнх, хөх дэртэй хамгийн жижиг сандал нь Мишуткийнх юмсанжээ. Охин, том сандал дээр гарах гээд унав. Дунд сандал дээр суусан нь их эвгүй байв. Эцэст нь жижиг сандал дээр суухад их тохиромжтой байсан учир инээд алджээ. Охин жижиг хөх аягыг өвдөг дээрээ авч суугаад идэж гарав. Шөлийг бүгдийг идээд, сандал дээрээ ганхаж суутал нь сандал нь эвдрээд, өөрөө шалан дээр ойчлоо. Тэндээс босоод сандлаа өргөж тавиад, унтлагын өрөөнд оржээ. Тунд гурван ор байсан нь: Нэг том Михайл Ивановичийнх, нөгөө нь Настаья Петровнагийнх, гурав дахь жижиг нь Мишуткийнх юмсанжээ. Охин, том орон дээр хэвттэл хэтэрхий том, нөгөө нь хэтэрхий өндөр байв. Харин жижиг орон дээр хэвтэж үзвэл түүнд яаг таарсан учир хэвтээд унтчихжээ. Баавгайнууд ихэд өлсөөд гэртээ ирээд юм идэх гэв. Том баавгай өөрийнхөө аягыг авч үзээд аймшигтай чангаар бархирсан нь:
-Хэн, миний аягатай шөлнөөс идэв. Мишутка өөрийнхөө аяга хоосон болсныг үзээд нарийхан дуугар гангинасан нь:
-Миний аягатайг хэн идээд хоослов. Михайл Иванович өөрийн сандлыг үзээд чангаар хашхирсан нь:
-Хэн миний сандал дээр суугаад, байрнаас нь хөдөлгөв. Насатья Петровна өөрийн сандлыг үзээд чанга биш дуугаар хэлсэн нь:
-Миний сандал дээр хэн суугаад байрнаас нь хөдөлгөв!
Мишутка өөрийн эвдэрхий байгаа сандлыг үзээд нарийн дуугаар гангинасан нь:
-Хэн миний сандар дээр суугаад, эвдэж орхив! Тэгээд баавгайнууд унтах өрөөндөө орцгоов.
-Хэн, миний орон дээр хэвтээд онгилж орхив гэж Настасья Петровна чанга биш дуугаар хашхирав. Мишутка сандал тавьж өөрийнхөө орыг үзүүтээ нарийн дуугаар хоолойгоор гангинасан нь:
-Хэн, миний орон дээр хэвтээ вэ! Тэгээд охиныг хэвтэж байхыг гэнэт хараад, хутгаар хатгуулсан юм шиг чарласан нь:
-Энд байна! Бариач, бариач! Энд байна! Энд байна ! Аа-яа-яа ! бариад аваач! Тэр, охиныг хазах гэв. Охин нүдээ нээж баавгайнуудыг үзээд цонх уруу ухас хийв. Цонх нь онгорхой байсан тул үсэрч гараад зугтаачихлаа. Тэгээд баавгайнууд түүнийг хөөгөөд гүйцээгүй ажээ.

No comments: