Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн
тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны архив. 1924 он 7-р
тал. )
Ардын Хувьсгалын эхэн үе буюу 1924 онд хуралдсан
улсын анхдугаар хуралд Ардыг Гэгээрүүлэх яамны ажлын тухай, гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлдээ "Балчир хүүхдийг сурган
хүмүүжүүлэх цэнгэлдэх цэцэрлэг байгуулах. Үүнд: манай ардыг гэгээрүүлэх
яамнаас…хэрхэн бага балчируудыг асрамжлан хүмүүжүүлж өсгөх тухай дэвтэр зүйлийг
зохиох, хэвлэх ба нийслэл хүрээ мэт газрын хүүхдийг хуралдуулан цэнгэл дүүлж
удирдан боловсруулснаар сургуулийн насанд хүргэх аргыг сүвэгчлэн"гэсэн
байна.
•1928 оны 10-р сарын 23-нд хуралдсан МАХН-ын 7-р их хурлын тогтоолд
"Эмэгтэйчүүдийн тухай" гэсэн хэсэгт "Эцэг эхгүй
өнчин ядуу хүүхдийг асран хамгаалж боловсон байдлаар хүмүүжүүлэх явдлыг
чухалчилж ялангуяа харанхуй эндүүрлийн харгаагаар зарим этгээд нялх үр хүүхдийг
хөсөрдүүлэн хүрдэнд тавих зэргийн муу гэмийг эсэргүүцэж устгах явдлыг
эмэгтэйчүүдийн хэлтсээс чухалчилж тусгай нялхас өнчинийг тэтгэн хүмүүжүүлэх
газар байгуулах аргыг эрэлхийлбэл зохино" гэжээ.
•1919 (1929) онд Альмедингин-Тумим Наталья Алексеевна
(1883-1943) ийн "Сургуулийн насанд хүрээгүй багачуудыг боловсруулах хэмээх
юу вэ?" Б. Ишдоржийн орчуулсан ном гарчээ.
•Э. Чимидцэрэнгийн "БНМАУ-д эмэгтэйчүүдийг
нийгмийн дарлалаас чөлөөлсөн түүхэн туршлага"(1973он)
номоос:
"1929
онд Ардыг Гэгээрүүлэх яамнаас хүүхдийн цэцэрлэг, эх нялхсыг хамгаалах
газрыг байгуулж улаан гэрүүдийг орон нутагт гаргасан гэж уг илтгэлд тэмдэглэсэн
байна. Манай оронд хүүхдийн байгууллага 1930-аад оноос эхлэн хүүхдийн
цэцэрлэг,хүүхэд саатуулах газрыг улсын хөрөнгөөр
байгуулах ажлыг анх үүсгэн явуулж,цаашид олшруулсан байна ” гэж тэмдэглэжээ.
•Балжир 1921 (31) онд "Хөдөө байгуулах хүүхдийн
цэцэрлэгийн тухай" номонд: оршил,орон
нутгийн газар сургуулийн нас хүрээгүй багачуудыг хүмүүжүүлэх газруудыг
байгуулах тухай, хүүхдийн цэцэрлэгийг хэрхэн ямар газар байгуулах, хүүхдийн
цэцэрлэг байгуулах орон сууц, хүүхдийн цэцэрлэгийг байгуулахад хэрэглэгдэх
хэрэгсэл, хүүхдийн цэцэрлэгийн ажил хийх цаг хэмжээ, хоол ундны тухай,
цэцэрлэгт авах хүүхдийн нас, албан хаагчдын тухай, цэцэрлэгээс хөдөө ард түмний
дунд гүйцэтгэх ажлын арга маяг,цэцэрлэгийн ажилчдаас орон нутгийн ба төв
газруудын улс төрийн газруудад лугаа харилцах тухай, хамтралын газрууд лугаа
хэрхэн холбоотой байх, эмэгтэйчүүдийн салбар хэлтэс буюу эмэгтэйчүүдийн төлөөлөгч
нар лугаа харилцан ажиллах тухай, ХЗЭ лугаа хэрхэн ямар хэлхээ холбоотой байвал
зохимой, г. м хүүхдийн цэцэрлэг яаж ажиллах талаар тодорхой зөвлөмж гарчээ.
•Дамдины Сүхбаатарын гэргий Нэмэндэйн Янжмаа Күтвийн сургуулийн улс төрийн дээд сургууль төгсөж ирээд 1930 онд Нийслэлийн
хүүхдийн цэцэрлэг байгуулах ажилд томилогдсон байна. Н. Янжмаа Эрдэнэ жонон
вангийн хашаанд хүүхдийн цэцэрлэг байгуулж, түүний эрхлэгчээр нэг хэсэг
ажиллажээ. “Эгшигт ээж” номын 21-р тал, 1994 он.
•1929 онд Баянхонгор
аймгийн Баянзүрх уулын хошуу гэдэг газарт улаан гэрт анхны цэцэрлэгийг 30
хүүхэдтэйгээр байгуулсан тухай ахмад багш П. Цэрмаагийн дуртгалаас.
•1929 онд …Эх нялхсын төв анх байгуулагдсан.
•1930 онд Улаанбаатар
хотод Д,Сүхбаатарын нэрэмжит коммуны дэргэд анхны цэцэрлэгийг З0 хүүхэдтэйгээр
байгуулжээ. (Р. Л. Балдааев "Народное образование
вМНР" изд, Наука . М. 1971г).
•1921\31) онд сургуулийн өмнөх насны хүүхдийг
хүмүүжүүлэх ажилчны түр сургууль байгуулж 30 хүнийг бэлтгэсэн болой"
("Ажилчин Эмэгтэй" сэтгүүл 1932 оны №6. )
•1931 онд анх удаа "Соёлын тэмцэл (1931 оны 1,2-р
дугаар, 6-12-р тал) сэтгүүлд "Сургуулийн өмнөх хүмүүжил ба олон нийтийн
ажлаар оролдогч багшийн үүрэг" гэсэн өгүүллэг нийтлүүлжээ.
•1931 онд Дорнодын Баянтүмэн, Хэнтийн Өндөрхаан,
Төвийн Тариалан ба Сүхбаатарын нэрийн дор байгуулагдсан коммун, Хөвсгөлийн
Хатгал, Тариалан аймгийн Алтанбулаг, Архангайн Цэцэрлэг, Завханы Улиастай
Ховдын төвд Алтайн Лениний нэрийн дор байгуулагдсан коммун, Өвөрхангай төвийн
Ламын гэгээний хийд, Улаанбаатар хоёрын зэрэг газарт хүүхдийн цэцэрлэг шинээр
нэмж байгуулагджээ. (Ардыг гэгээрүүлэх яамны тайлан.
1935 он)
•Н. Янжмаа 1931 оноос
Эрүүлийг Хамгаалах яамны эх нялхсын хэлтсийн даргаар 1932 он хүртэл ажиллаж
байсан байна.
•1940 онд Ардыг Гэгээрүүлэх яаманд анх удаа хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг эрхэлсэн тасаг байгуулагдаж тасгийн эрхлэгчээр Даваагийн Долгоржав, сургагчаар нь Вера Фёдоровна
Максакова (1940-1947, 1950-1955, 1959-1963 онуудад гэр бүлийн хамт
Монголд ажиллаж байсан) нар ажиллаж байв.
•1941онд анх удаа
цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, эрхлэгчийн нэг сарын семинар курсийг явуулж эхэлсэн.
(" Ардыг Гэгээрүүлэх яамны 30 жилийн хөгжилт" Ц. Шаравнямбуугийн
илтгэлээс. ) Багш нарын сэтгүүл № 2-1951он.
•1942 оны 5-р сард “Хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэх
багачуудын хоолны зардлыг эцэг эхээс гаргуулах тухай” Сайд нарын зөвлөлийн 20-р тогтоол гарчээ.
•1943 онд "Тус Монгол улсаас улаан цэрэгт
татагдсан Зөвлөлтийн харьяат нарын хүүхдийн цэцэрлэг нээж байгуулах тухай” 58-р тогтоол гарч орос хэлний сургалттай цэцэрлэг бий болжээ.
•1946 онд "Сургууль ба сургуулийн өмнөх насны
багачуудыг хүмүүжүүлэх ажлын тухай" Сайд нарын зөвлөл ба Намын Төв хорооны
хамтарсан 41/17-р тогтоол гарч цэцэрлэгийн
хүмүүжил сургалтыг сайжруулах, цэцэрлэгийг олноор байгуулах, хүүхдийн
цэцэрлэгийг тоглоом номоор хангах, боловсон хүчнийг чанаржуулах тухай заагджээ.
•"Шинэ байгуулагдах сургууль, цэцэрлэгүүдийн
гэрийн бүрээсэнд ноос олгох тухай" 1947 онд СНЗ-ийн 32-р тогтоол гарч хүүхдийн цэцэрлэгүүд гэрийн ноосоор бүрээсэн өөрсдөө хийж
гэрээ дулаалдаг байв.
•"Хүүхдийн цэцэрлэгийн дүрэм" 1947 онд анх гарч цэцэрлэгүүд мөрдөх болов. "Багш" сэтгүүл №2-1947 он.
•"БНМАУ-ын аймгийн Гэгээрлийн хэлтсийн
дүрэм" СНЗ-ийн 1948 оны 2-р сарын 20-ны өдрийн 47-р тогтоолд хүүхдийн цэцэрлэгийн дотоод ажлыг тодорхой тусгаж оруулжээ.
•1948 онд Э. Кармын “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарт гарын авлага” ном гарсан.
•1951 оноос Улаанбаатар
хотын багшийн сургууль дээр цэцэрлэгийн багш бэлтгэх бүлгийг нээж 3 жилээр
бэлтгэж эхлэв. 1954 онд анхны дунд мэргэжлийн цэцэрлэгийн хүмүүжүүлэг багш 17
хүн төгсөв. Энэ үед зөвлөлтийн мэргэжилтэн В. Ф. Максакова багш, Э. Карма
орчуулагч багшаар хамт мэргэжлийн хичээл зааж байв. (В. Ф. Максакова Монголд 3 удаа нөхрөө дагаж ирсэн.
1959-1963 он хүртэл Д. Нонна багш дагалдан багшаар хамт ажиллаж байв. )
•1952 оноос анх удаа
сургуулийн өмнөх сурганы дээд боловсролоор боловсон хүчнийг ЗХУ-д бэлтгэж
эхлэв. 1956 онд Ц. Үдэрпил төгсөж ирсэн.
•1953-1957 онуудад
Солонгосын өнчин 3-6 насны 200 хүүхдүүд ирж манай улсын хүүхдийн цэцэрлэг
сургуульд хүмүүжиж байгаад нутаг буцсан. Энэ үед цэцэрлэгийн хүүхдүүдтэй
ажиллуулахад Улаанбаатар хотын Багшийн сургуулийн цэцэрлэгийн багшийн анхны
ангиас С. Жалам, Д. Цэндаюуш, П. Жүрмэд, С. Бүжинлхам, Ж. Гарамханд зэрэг
сурагчдыг томилон ажиллуулсан байна.
•1954 оны Гэгээрлийн
яамны хүүхдийн цэцэрлэгийн хэлтсийн тайланд:"1954 оны 7-р сард цэцэрлэгийн
эрхлэгчдийн 10 хоногийн семинар явуулж, тэд нарт сургуулийн өмнөх насны
хүүхдийг хүмүүжүүлэх арга барилын талаар 62 эрхлэгчид 64 цагийн онолын хичээл,
4 цагийн практикийн хичээлийг заажээ. Мөн хүүхдийн цэцэрлэгт заавал явагдах хэл
бичиг, тооны хичээлийн программыг гаргаж өгөв" гэжээ.
•1956 онд анх БНМАУ-ын
хүүхдийн цэцэрлэгт "Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч нарт
удирдамж" түүвэрлэн орчуулсан (С. Цэвэгмид УБ. 1956. он)
хөтөлбөрөөр хүмүүжил сургалтын ажлыг явуулж эхэлсэн.
•1958 онд цэцэрлэгийн
эрхлэгч нарт зориулсан “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарт гарын
авлага ” гэсэн гарын авлага номыг эмхтгэн Э. Карма гаргажээ.
•1959 онд мэргэжлийн
багш Ц. Үдэрпил анх удаа сургуулийн өмнөх боловсролын
асуудлаар олон улсын семинарт Москва хотод оролцож Монгол улсын хүүхдийн
цэцэрлэгийн асуудлаар илтгэл тавьж ээ.
•"Сургуулийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлэх
ажлыг цаашид сайжруулах арга хэмжээний тухай" 1962 онд 387-р тогтоол гарч хот аймаг орон нутагт цэцэрлэгийн хүмүүжил сургалт, удирдлагын
асуудлыг хариуцсан байцаагчтай болгох, багш нарын мэдлэг боловсролыг
дээшлүүлэх, хүүхдийн цэцэрлэг бүхнийг зуслантай болгох, цэцэрлэгийг
тохижуулахад олон нийтийн анхаарлыг хандуулж шефлэн авах, цэцэрлэгийн хүмүүжил
сургалтын чанарыг сайжруулах тухай оруулжээ.
•1962 онд хүүхдийн
дууны уралдаан зарлаж Ч. Лхамсүрэн зохиолч “Хүрэн морь” найраглал, анх удаа
“Маамуу наашаа ир” дууны шүлгээрээ төрийн шагнал авч байсан байна.
•1962-1963 оны
хичээлийн жилээс эхлэн “Цэцэрлэгийн багш нарыг бэлтгэх тусгай
дунд сургууль” бие дааж байгуулагдав. Захирлаар нь Д. Цэнджав, хичээлийн
эрхлэгчээр нь Ц. Үдэрпилийг томилов.
•1953-1963 онуудад
багшийн сургуулийн дэргэдэх цэцэрлэгийн ангид багш бэлтгэхэд ЗХУ-ын мэргэжилтэн
В. Ф. Максакова (орчуулагч багшаар Э. Карма, Д. Нонна), П. Давыдова (орчуулагч
багшаар орос хэлний багш нараас Д. Нонна, Ч. Түмэндэлгэр), А. Н. Петрова
(орчуулагч багшаар урлагийн ажилтан Б. Тунгалаг , орос хэлний багш Г.
Лхаасүрэн), нар мэргэжлийн хичээлийг зааж байв.
•1963-1964 оны хичээлийн жилээс цэцэрлэгийн мэргэжлийн гарын авлага номыг орос мэргэжилтний
тусламжтай хамтарсан бүтээлийг Н. А. Петрова, Г. Лхаасүрэн (орос
хэлний багш) "Цэцэрлэгийн дуу хөгжим", П. Давыдова, "Ш.
Гандолгор, Ч. Түмэндэлгэрийн "Хүүхдийн цэцэрлэгийн дүрслэх урлал заах
аргын ном", Ч . Лувсандэндэвийн "Төрөлх хэл заах арга зүй"
зэрэг зохиомжилсан орчуулгын номууд гарчээ.
•1963 онд цэцэрлэгийн
багш эцэг эхэд зориулан "Эцэг эх, хүмүүжүүлэгч багш нарт
зөвлөгөө" сэтгүүл гарч эхлэв.
•1964 онд Э. Карма
багшийн зохиосон "Хүүхдийн цэцэрлэгийн хичээлийн
программ" хэвлэгдэн улсын хэмжээний хүүхдийн цэцэрлэгт мөрдөх анхны
үндэсний хөтөлбөр гарсан.
•1966 онд Ардын их
хурлын 186-р зарлигаар Дорнод аймгийн Чойбалсан хотын хүүхдийн 1-р цэцэрлэгийг
“Зоя Космедьянская” нэрэмжит болгов.
•1967 онд манай улсад анхны цогцолбор болох
яслитай-цэцэрлэг Найрамдлын районд улсын тэргүүний 61-р цэцэрлэг Зөвлөлтийн
тусламжаар баригдсан. Тэр үед эрхлэгчээр анхны
Л. Бадамханд ажиллаж,Эрүүлийг Хамгаалах яамны дэргэдэх ВОЗ-ын тусламжаар яслийн
4 бүлгийг бүрэн тохижуулан, тоглоомоор хангагдсан бүлгүүдийг хүлээлгэн өгсөн.
•1968 онд "Цэцэрлэгийн хүмүүжлийн программ" гарч цэцэрлэгт хүмүүжлийн ажлын хөтөлбөртэй болов.
•"Цэцэрлэг, хүүхэд саатуулах газрын тэргүүний ажилтны улсын анх
дугаар зөвлөгөөн" 1968 онд болж 300 гаруй төлөөлөгчид оролцов.
•УБДС-ийн дэргэд цэцэрлэгийн дээд боловсролтой
боловсон хүчнийг бэлтгэх ангийг 1969 онд нээж 30
хүний элсүүлж хичээллэж эхэлсэн. Энэ үед сургуулийн өмнөх сурганы хичээлийг
орос мэргэжилтэн Л. Ф. Климова УБДС-ийн сурганы багш Оюун
багшийн хамт сургуулийн өмнөх сурганы хичээл, сургуулийн өмнөх сэтгэл судлалын
хичээлийг доктор Д. Санжжав багш, сургуулийн өмнөх насны
хүүхдэд математик заах аргыг Ж. Алтанцэцэг
багш,сургуулийн өмнөх насны хүүхдийг байгальтай танилцуулах, хэл заах аргыг Д. Нонна зэрэг багш нар зааж эхэлсэн. 1969-1974 онуудад 74
хүнтэй хоёр анги төгссөн.
•1970 онд Сурган хүмүүжүүлэх
хүрээлэнд сургуулийн өмнөх боловсролын асуудлаар ажиллах эрдэм шинжилгээний
ажилтны орон тоотой болж Д. Нонна (1970-1982 оныг хүртэл) сургуулийн
өмнөх насны боловсролын асуудлыг эрхэлсэн анхны эрдэм шинжилгээний ажилтнаар
Ардын Боловсролын яамнаас томилон ажиллав. 1976 онд
цэцэрлэгийн багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудлаар Ж.
Лхагвасүрэн яамнаас томилогдон очиж ажилласан.
•1971 онд Ардын
Боловсролын яамны сайдын тушаалаар “Ясельтай цэцэрлэгийн дүрэм”
гарчээ.
•1973 онд "
Монголын Хүүхдийн Төлөө фонд" байгуулагдаж түүний хөрөнгөөр
анхны үлгэр жишээ 25 хүүхдийн яслитай цэцэрлэгийг хотын ойролцоо Рашаант зөрлөг
дээр баригдсан. Тэр үед хүн болгон нэгээс хоёр өдрийн цалингаа
хандивладаг байв. Фондын даргаар Ю. Цэдэнбалын гэргий Анастасия Ивановна Филатова (1973-1984 онуудад) байлаа. Энэ хугацаанд
8О орчим хүүхдийн цэцэрлэг, ясли, хүүхдийн эмнэлэг зэрэг баригдсан.
•"Сургуулийн өмнөх
насны хүүхдийг сургуульд бэлтгэх зарим арга хэмжээний тухай" 20-р тогтоол
1974 онд гарч
цэцэрлэгт хамрагдаагүй 7-8 настай хүүхдийг ерөнхий боловсролын сургуулийн
дэргэд бэлтгэл бүлэг нээж, бага ангийн багш нар нэг сарын хугацаатай бэлтгэл
хийж 5-р сарын 1-ээс 6-р сарын 1 хүртэл нэг сар сургуульд орох бэлтгэлийг нийт
хүүхдэд хийдэг болов.
•1974 онд Улаанбаатар хотын Найрамдал районы 22-р
цэцэрлэгийн эрхлэгч Ноосойн Сүрэндарь Найрамдал районы
орон сууц гудамжны 5-р хорооны хөдөлмөрчдийн хурлаас АИХ-ыг сонгуульд нэрийг
дэвшүүлж Залаатын 58-р тойргоос, цэцэрлэгүүдээс анхны АИХ-ын
депутатаар сонгогджээ.
•1974 онд анх удаа цэцэрлэгийн багш нарын дахин
шалгаруулалтын нэг сарын семинар сургалт явагдаж багш нар
5 жил тутамд ирж мэргэжил дээшлүүлдэг болов.
•"Ясли-цэцэрлэгийн
харьяаллын тухай, "Ясли, цэцэрлэгийн барилгын талаар авах зарим арга
хэмжээний тухай" 1975 онд тогтоолууд гарч цаашид яслитай цэцэрлэгийн барилга барих ба хүмүүжил
сургалтын асуудлыг Боловсролын яам, эрүүл мэндийн асуудлыг Эрүүлийг хамгаалах
яам хариуцах, нэг удирдлагатай болгов. (тэр үед нэг байшин хоёр удирдлага байв)
•1975 оны 12-р сард
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс “Цэцэрлэгийн хүүхдийн тоглоом, тоглоомын
хэрэглэлийн хангамжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай” тогтоол гарчээ.
•1976 онд Сурган Хүмүүжүүлэх Ухааны Хүрээлэнгээс
"Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын программ" гэсэн хүмүүжил сургалтыг нэгтгэсэн сургуулийн өмнөх насны монгол
хүүхэд дээр хийсэн туршилт судалгаан дээр үндэслэсэн хөтөлбөр гарч улсын
хэмжээнд мөрдөгдсөн.
•1976 онд анх удаа "Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч
ба хүмүүжүүлэгч нарын бие дааж мэргэжил дээшлүүлэх программ " гарч багш нарын гар дээр очив.
•1976 оноос 1984 он хүртэл ЗХУ-ын "Сургуулийн өмнөх боловсролын асуудлыг эрхэлдэг эрдэм
шинжилгээний хүрээлэн"-ээс эрдэмтэн А. Давидчук, А. Шатова, Л. Парамонова,
Тумакова, Богина зэрэг хүмүүс ирж сургуулийн өмнөх сурган сэтгэл
судлал, заах аргаас шинэлэг сургалтын технологи зааж, мэдээлэл өгдөг
байв.
•1979 онд хүүхдийн цэцэрлэгт орос хэл заах хөтөлбөр боловсруулж Ардын боловсролын
яамны коллегээр батлуулж Улаанбаатар болон зарим аймгийн
цэцэрлэгт орос хэлний хичээлийг бэлтгэл бүлгүүдэд сургалт явуулж эхэлсэн.
•1980 оноос эхлэн
Улаанбаатар хотод хүүхдийн цэцэрлэгүүдийн дунд хавар хүүхдийн баяраар “Олимпын гараа” багачуудын уран сайхан гимнастикийн тэмцээн
уралдаан явуулж Хүүхдийн Төлөө Фондоос шалгарсан цэцэрлэгийн эрхлэгч, багш,
хүүхдүүдийг урамшуулж тоглоом мөнгөн шагнал өгдөг байв.
•1982 онд “Яслийн хүмүүжил сургалтын хөтөлбөр”-ыг Д.
Нонна хамтын бүтээлээр гаргаж улсын хэмжээний
яслиудад мөрдөж эхэлсэн.
•1983 онд “Монгол улсын
боловсролын хууль” гарав. Түүнд сургуулийн өмнөх боловсролын тухай тусгай бүлэг болж оров.
•1983 онд анх удаа хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарын 45
хоногийн “Удирдах ажилтан” сэдвээр сургалт явуулж
эхэлсэн. Жил бүр 50 эрхлэгчийг авчирч сургалтад нийт
300 гаруй эрхлэгчид хамрагдсан.
•1986 онд ясли
цэцэрлэгийн хөтөлбөрийг боловсронгуй болгож сургуулийн өмнөх насны монгол
хүүхэд дээр хийсэн туршилт судалгааны үндсэн дээр "Сургуулийн
өмнөх 0-8 насны хүүхдийн хүмүүжил сургалтын хөтөлбөр" гарч улсын
хэмжээний ясли цэцэрлэгт 1991 он хүртэл мөрдөж ирсэн.
•"Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын
талаар авах арга хэмжээний тухай" 421-р тогтоол 1986 онд гарч хүүхдийн цэцэрлэгийг олшруулах, албан газрын хөрөнгөөр
цэцэрлэг байгуулах, хүүхдийн хамралтыг нэмэгдүүлэх, хүүхдийг сургуульд бэлтгэх
асуудлыг чанаржуулах, боловсон хүчнийг чанаржуулах, дээд боловсролтой удирдах
ажилтныг бэлтгэх зэрэг олон асуудлыг тусгасан билээ.
•1986 онд хүүхдийг
гэрээр сургуульд бэлтгэх зорилгоор Ардын боловсролын яам, Цэцэрлэгийн багшийн
сургуулийн багш нар, Радиогийн хүүхдийн нэвтрүүлгийн ажилтан Эрдэнчулуун
хамтран радио хичээл "Цэнхэр самбар"
нэвтрүүлгээр 58 хичээл явуулсан.
•1988 оноос Болгарын
туршлагаар хүүхдийн цэцэрлэгийн дэргэд хагас өдрийн бүлгийг ажиллуулж цэцэрлэгт
хамрагдах боломжгүй 7-8 настай хүүхдийг цэцэрлэгийн хүүхдийн унтлагын цагаар
хүмүүжил сургалтыг явуулж эхэлсэн. 1988 онд гэхэд 100 цэцэрлэг дээр хагас
өдрийн бүлэг (одоогоор цагийн сургалт) нээж цэцэрлэгт хамрагдах боломжгүй 3300
хүүхдийг хамруулсан байв.
•1988 онд тусгай
сургалттай (харааны гажигтай) цэцэрлэгийн бүлгийг Улаанбаатар хотын 25-р
цэцэрлэг дээр хүүхдийн нүдний эмч Монгол Ардын Гавьяат эмч Л. Манлай ажиллаж
сургуулийн өмнөх насны хүүхдийн тусгай сургалтын суурийг анх эхлүүлсэн.
•1988-1990 онуудад
Улаанбаатар хотын өнчин хүүхдийн 58-р цэцэрлэг дээр Афганистаны өнчин 27
хүүхэд, 2 багшийн хамт ирж хүмүүжиж эрүүлжин буцсан. Афганистанаас хүүхдүүдийг
очиж авахдаа өнчин хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч Б. Уртнасан, Ц. Тунгалаг,
П. Шаандар эмч Эх нялхсын төвийн хүүхдийн эмч Малчинхүүгийн хамт явсан.
Хүүхдүүдийг буцааж хүргэж өгөхөд цэцэрлэгийн эрхлэгч Т. Уртнасан, Д. Раяа багш
эмч П. Шаандар нар явсан. Афганистаны хүүхдүүд хоёр бүлэг болж хүмүүжил сургалт
явуулсан. Нэг бүлэгт Афгани багш Шохнооз 13 хүүхэдтэй монгол багш асрагч нараас
Д. Раяа Б. Уртнасан багш, асрагчаар Хүдэрчулуун, Да. Оюунчимэг, Б. Тунгалаг
нар, хоёр дахь бүлэгт багш Олло 14 хүүхэд монгол багш нараас Ц. Тунгалаг, Д.
Дашдулам туслах багшаар Ариунчимэг, Дуламсүрэн нар ажиллаж байв.
•1989 оноос хүүхдийн
хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгийн барилгыг өргөтгөж гэр хэлбэрийн
байрыг Улаанбаатар хотын 52,62,12,83 зэрэг цэцэрлэгийн дэргэд барьж эхэлсэн ба
орон сууцны 1-р давхарт цэцэрлэг байгуулах, шинээр барьж байгаа орон сууцанд
цэцэрлэгтэй барих төсөл гарч хэрэгжив.
•1989 онд Арменд газар
хөдөлж олон барилга байшин нурж сүйдсэн тул Монгол улсаас өөрийн хүч хөрөнгөөр
1 сургууль, 280 хүүхдийн 1 цэцэрлэг бүрэн төхөөрөмжилсөн (цэцэрлэгийн тооцоог
хийхэд үндэсний хивс, Д. Сүхбаатарын жаазтай хөрөг,монгол пластилин, диафильм,
шагай, дэвжээ, зэрэг үндэсний ваар, баримал, хөөмөл, зэрэг унтлагын өрөөнд
хивс, хивсэнцэр, заалын өрөөний чимэглэл зэргийг багтаасан), гадаад бүрэн
тохижилттой цэцэрлэгийн зураг загварыг ардын зураач Чүлтэм гуайтай хамт Ш. Гандолгор
гаргаж эдгээр төслийг дээд байгууллагад өгч тус оронд туслалцаа үзүүлсэн. .
•1989 оноос хот аймгийн
Боловсролын хэлтэст хүүхдийн цэцэрлэг хариуцсан байцаагч, арга зүйч хоёр хүний
орон тоотой, цэцэрлэгт арга зүйчтэй, яслитай цэцэрлэгт эмчтэй болгосон.
•1990 онд "Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил
сургалтын хөтөлбөр " боловсронгуй болгож 4
дахь удаа хэвлэгдэв.
•1990 оны 4-р сараас Ардын
Боловсролын Яамны цэцэрлэгийн хэлтсийг цомхтгох нэрийдлээр татан буулгаж
сургуулийн хэлтэстэй нийлүүлж улсын хэмжээний 900 гаруй цэцэрлэгийг хариуцсан
цэцэрлэгийг нэг хүнтэй болгосон. 1940 оноос1990 хүртэл 50 жил ажиллаж байсан
цэцэрлэгийн хэлтсийг татан буулгав.
•1991 онд “Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын
хөтөлбөр” дахин боловсронгуй болгож 5 дахь удаа
хэвлэгдэн гарав.
•1993 онд хүүхдийн
112-р цэцэрлэгийн эрхлэгч анх удаа хүүхдийн цэцэрлэгүүдээс “Улсын гавьяат багш”
цолыг Л. Балжид багш хүртсэн хүн. Өмнө Улаанбаатар хотын 45-р цэцэрлэг, Төв
аймгийн Баянцогт сумын Улсын тэргүүний цэцэрлэгийн эрхлэгчээр 28 жил ажилласан.
•1995 онд "Сургуулийн өмнөх боловсрол
хөтөлбөр" 1995-2005 онуудад сургуулийн
өмнөх байгууллагыг хөгжүүлэх, шинэчлэх, бүтцийг боловсронгуй болгох, боловсон
хүчний чанаржуулах, хүүхдийн хамралтыг 80 хувьд хүргэх, зэрэг чухал зорилтыг
дэвшүүлжээ.
•1996 онд Лондонгийн их
сургуулийн дэргэдэх боловсролын хүрээлэнгийн нийгмийн ухааны эрдэм шинжилгээний
төвийн ажилтан Хелэн Пен монгол улсын “Сургуулийн өмнөх боловсрол” хөтөлбөрийн
талаар дүгнэлт өгч зөвлөмж гаргав.
•1999 онд “Малчдын хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол
олгох сургалтын үлгэрчилсэн зөвлөмж”-нд малчдын
хүүхдийг сургуульд бэлтгэхэд зориулан сургуулийн өмнөх боловсрол олгох сургалт
хүмүүжлийн агуулга зөвлөмжийг багтаасан номыг Гэгээрлийн яам, Английн хүүхдийг
ивээх сантай хамтран гаргасан.
•2000 онд “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын үлгэрчилсэн цөм
хөтөлбөр”-т Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын системийн тухай дүгнэлт
өгсөн ном гарсан.
•2001 онд 2005-2010 он хүртэл “Сургуулийн өмнөх
боловсрол-2” үндэсний хөтөлбөр гарч сургуулийн
өмнөх боловсролын бодлого, зохицуулалт, менежментийн тогтолцоог сайжруулах,
сургалтын агуулгын стандарт боловсруулах, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх,
үйлчилгээг сайжруулах, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох, хамрагдах
хүүхдийн тоог 2007 онд 62 хувьд хүргэх, төрийн бус өмчийн цэцэрлэгийг
нэмэгдүүлэх, сургалтын орчны стандартыг нэмэгдүүлэх зэрэг зорилт тавьжээ.
•2003 онд “Сургуулийн
өмнөх боловсролын стандарт”-ыг БСШУ Яам гаргав.
•2005 онд “Сургуулийн
өмнөх боловсролын киррикюлим”-ыг БСШУЯам ЮНЕСКО –гоос гаргав.
•2008 онд “Сургуулийн
өмнөх боловсролын тухай” Монгол улсын хууль гарав.
Д.Нонна
No comments:
Post a Comment