2011-04-25

5- 6 нас хүртэлх хүүхдийн онцлог.

  • 5 насандаа хүүхэд өөрийн овог нэр, насаа, ээж аавын нэр, ямар ажил хийдгийг мэддэг, гэрийнхээ хаягаа хэлж чаддаг, гэрийн ойролцоо байдаг дэлгүүр албан газар, явдаг унааг хэлж мэддэг. Ойролцоо байгаа цэцэрлэг сургуулийг мөн мэднэ. Амьдарч байгаа дүүрэг, хороог  ч нэрлэж чаддаг. 
  • Энэ насныхан өрж байгуулах тоглоомыг зургаар нь эвлүүлж чадна. Паасли /эвлүүлэх зураг/ тоглоомыг эвлүүлэх чадвартай байна. 
  • Хүний биеийн үндсэн бүх хэсгийг бүрэн зурж , нэрлэж чаддаг. 
  • Ямар нэгэн үйлдэл хийхийн тулд үйлдлээ төлөвлөдөг байна. 
  • Юмсын ялгаатай зүйлийг нэрлэнэ.
  •  Хүүхдийн хамтлаг бий болно. 
  • Хоорондоо сөргөлдөх явдал гарч эхэлнэ. 
  • Эцэг эхийн халамж хайрыг маш их хүснэ, эцэг эх багшаа дээд зэргээр үнэлдэг.

  •  5,5 насандаа хүүхэд бүх төрлийн сургалтыг хүлээн авах чадвартай, зарчмын хувьд сургуульд суралцахад бэлэн болсон байна.
  • Энэ насандаа хүүхэд том хүнтэй харилцах чадвартай,   том хүнээс халамж хайрыг маш ихээр хүсдэг, эцэг эхийн халамжийг авах ба өгөх дуртай, хайрлах мэдрэмж хөгжсөн, эцэг эхдээ ойр байх хүсэлтэй, бусад хүмүүсийг хайрлах талаар ялгавартай шүүмжлэлтэй ханддаг. 
  • Өөрийг ээ удирдана. 
  • Дүрслэлд сэтгэхүй нь нэлээд хөгжсөн, сургалтын явцад янз бүрийн зураг загварыг ашиглах, шалтгааныг илрүүлэх, асуулт тавих, хүүхэд хоорондын харьцаа тогтвортой болж, суралцах эрмэлзэл бий болно.
  • Энэ насандаа хүүхэд зурах сонирхол нь илүү болж , жилдээ  хоёр мянган зураг зурах чадвартай. 
  • Хүүхэд цаасан урлагт сонирхож  цаасаар  хэд хэдэн нугалаас хийх чадвартай, мөн байгалийн  ургамлаар ч дүрс бүтээх чадвартай байна. 
  • Юмсын хэмжээ, хэлбэр дүрс ба өнгө зэргийг зөв илэрхийлж уг мэдрэх чадвар улам сайжран.
  • Юмсын шинж чанараар нь ангилах эхлэл тавигдана.
  • Хүүхдийн анхаарал тогтвортой болж нэг зүйлээс  өөр нэг зүйл дээр анхаарлаа чиглүүлэх чадвартай.
  • Хүүхдийн хэл яриа улам боловсронгуй болж авиа дуудлагыг тод хэлэх, авиалбарын сонсгол хөгжиж өдөр бүрийн яриа, сэдэвт тоглоомын үед ба шүлэг уншихдаа уран тод ярьж уншдаг.
  • Зориудын анхаарал хөгжиж эхэлнэ, юмыг тогтооно, бие дааж сэтгэх, ёс суртахууны мэдрэмжүүд бий болж ирнэ. Хэн өөрт нь их дотно анхааралтай хандаж байна түүнд ойр дотно болно. 
  • Олны дунд биеэ зөв авч явахыг оролдоно.

5-6 настай хүүхдийг сургуульд оруулахын тулд эцэг  эх  дараах зорилт тавьж хүүхэдтэй илүү анхаарал тавьж хөгжүүлэх талаар  ажиллах шаардлагатай. 
Үүнд:

  1. Хүүхдийн эрүүл мэндийг бэхжүүлэх. Үүнд: биеийг нь чийрэгжүүлэх, үндсэн хөдөлгөөнийг нь  улам боловсронгуй болгох, үйл ажиллагааны явцад хүүхдийн биеийн галбир дээр байнга онцгой анхаарах,  боловсон  зөв биеэ авч явах   ба эрүүл ахуйн дадал хэвшлийг улам сайжруулах  хүмүүжил олгох. Хүүхдийг ядаргаанаас хамгаалах.
  2. Ардын болон улсын хэмжээнд  явуулдаг баяр , эх орныхоо тухай төсөөллийг улам баяжуулах.  Орон нутаг, хот аймаг, сум, баг, дүүрэг зэргийн онцлог газруудыг танилцуулах ба эх орноо хайрлах бахархах хүмүүжил олгох.
  3. Орчны амьдрал ахуй, үзэгдэл үйл явдал, байгаль дахь  уул ус, ургамал амьтны тухай  төсөөллийг баяжуулан, түүнийг нь бэхжүүлэн   хамгаалж хайрлах хүмүүжил олгоход эцэг эх үлгэрлэх.
  4. Энгийн ярианы хэлэнд сургах, харилцан яриаг үргэлжлүүлэн хөгжүүлэх,үгийн санг нэмэгдүүлж идэвхжүүлэх, төрөлх хэлээ  зөв  цэвэр дуудлагатай  ярих зэрэг хэл яриаг бүх талаас нь боловсронгуй болгох.  Авиалбарын сонсголыг нь хөгжүүлэх. Богино болон дэлгэрэнгүй асуулт тавих ,  яарахгүй хариулж сургах, тохирсон үгийг ашиглах.
  5. Бусад хүүхдүүдийн амжилтад баярлаж талархал илэрхийлэхийг  тэмүүлэх, хамт олноороо хичээллэх, хөдөлмөрлөх, тоглох дадалтай зэрэг хоорондоо эв найрамдалтай бие биеэ хүндэтгэсэн харьцааг бий болгох  хүмүүжлийг улам бэхжүүлэх.  Хичээнгүйлэн  ажил хийх дадалтай болгох ба өөрийн хийсэн хөдөлмөртөө үнэлгээ өгч чадах чадвар төлөвшүүлэх. Олон үндэстэн үеийнхнээ хүндэтгэлтэй хандах харьцааг төлөвшүүлэх.
  6. Сургуульд суралцах  хүсэл эрмэлзлийг дэмжин төлөвшүүлэх.
  7. Хүүхдийн анхаарлыг үргэлжлүүлэн хөгжүүлэх, өмнө тавьсан зорилгоо / юу хийх хэрэгтэйг/ ойлгох чадвар, түүнийг  амжилт анд  хүргэх  /яаж хийх/ арга барилыг сонгох, тэсвэртэй даван туулах хүмүүжил олгох, цөхрөлтгүй оролдож эцсийн үр дүнд хүрэх зорилго тэмүүлэлтэй байхыг сургах.
  8. Өөрийн үйлдлийг сайн талын үлгэр жишээ болгох, сахилга дэг журмыг хатуу мөрдөх, эхэлсэн зүйлээ эцсийн хүртэл хийдэг, өөрийн хүслийг хязгаарлах чадвартай зэрэг  туйлбартай чанаруудыг  улам хөгжүүлэх. 
  9. Ардын урлаг, уран зохиол, зургийн бүтээл, хөгжим, бүжигт сонирхолтой болгохыг үргэлжлүүлэн төлөвшүүлэх.
  10. Дүрслэх чадваруудыг улам хөгжүүлэх.
  11. Хүүхдийн ой тогтоолтыг сайжруулахын тулд аль зэрэг их юм цээжилж чадаж байгааг жишиж харьцуулалт хийж байх.

2011-04-21

2-3 настай хүүхдийн хэл яриаг хөгжүүлье.


Эх хэлээ эзэмшье, шүлгүүд.

Бөмбөг.
Миний бөмбөг улаан бөмбөг
Чиний бөмбөг хөх бөмбөг
Бөмбөг минь бөмбөр бөмбөр бөмбөрөн
Бүгд хамтдаа тоглоно.

Өнгийн харандаа.
Миний улаан харандаа
Миний хөх харандаа
Миний ногоон харандаа
Миний шар харандаа
Харандаа бол миний зэвсэг
Харандаагаа би хайрлана
Харандаагаа би гамнана.

Хөдөлмөр сайхан.
Хөдөлмөр сайхан хөдөлмөр сайхан
Хоол унд хөдөлмөр хийвэл олдоно.
Хөдөлмөр сайхан хөдөлмөр сайхан
Хувцас хунар хөдөлмөр хийвэл олдоно.

Малын төл
Хонины төлийг хурга гэнэ
Ямааны төлийг ишиг гэнэ
Үхрийн төлийг тугал гэнэ
Тэмээний төлийг  ботго гэнэ
Адууны төлийг унага гэнэ
Илжигний төлийг тутраа гэнэ.

Төлийн дуу чимээ.
Тугал үхэр мөөрнө
Ботго ингэ буйлна
Хурга, ишиг майлна
Унага адуу янцгаана.

2011-04-07

Тоглоомын талбай


Хүүхдийн тоглоомын талбай дэлхийн олон оронд ямар байдаг мөн яаж бүтээж болохыг энэ хуудсанд жагсаасан холбоосуудаар үзэж болно. Эх сурвалжуудаас хамааран жагсаалтыг тогтмол баяжуулах бодолтой байна. Харин та үүнээс санаа авч өөрийн амьдрах орчиндоо, гэр хороололдоо, хөршийн холбоондоо эсвэл цэцэрлэгт өөрсдийн бяцхан хүүхдүүдээ тоглуулах талбайг монгол орныхоо нөхцөл орчиндоо тохируулж байгуулж бүтээхэд туслаарай гэж танаас хүсмээр байна.


2011-03-29

4- 5 насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог.



  • 4 насандаа хүүхэд өөрөө үзэж хараагүй юмны тухай  хүний яриаг ойлгох чадвартай. 
  • Хүүхэд ном чанга уншиж өгөхийг хүсэх  ба утгыг  нь олон дахин яриулах сонирхолтой байдаг.  Зураг дээр байгаа зүйлийг яриулах түүнийгээ  эргүүлэн өөрөө  тодорхой энгийн байдлаар өгүүллэг зохиож ярина, том хүний эхэлсэн үг яриаг утга төгөлдөр дуусгаж чаддаг, нэгтгэн дүгнэж ярина, “ Яагаад? ” гэх гол асуултыг тавина. 
  • Үеийнхэнтэйгээ сэдэвт тоглоомоор тоглож байхдаа дүрээ өөрчилж чаддаг, тоглоомын утгыг ойлгож дүрмийн дагуу тоглохыг оролдоно, зарим үед гол баатарт тоглох сонирхол төрнө. Бусад хүүхэдтэй хамтран тоглох сонирхолтой болно.
  • Хүүхдийн дүрслэх үйл ажиллагаа нь нэлээд хөгжиж ирнэ. Хүний дүрсийг нэлээд тодорхой гаргаж ирнэ. Жишээ  нь хүний бие, нүд, ам, хамар, үс , зарим үед хүмүүсийн   хувцасны  хэсгүүдийг гаргаж эхэлнэ. Дүрслэх  техник талаас  нь боловсронгуй болно. Хүүхдүүд геометрийн үндсэн дүрсийг гаргаж зурах, хайчаар дүрс гаргаж хайчлах, дүрсээ цаасан дээр наах зэрэг чадвартай болсон байна.
  • Хөдөлгөөн нэлээд нэмэгдэж авхаалж самбаатай, хөдөлгөөнөө зохицуулах, тэнцэх, жижиг хашлага дээгүүр алхах, үсрэх, юм өшиглөх, гүйж харайх, бөмбөгтэй тоглоом нэлээд хүндрүүлж тоглоно. 
  • Энэ насанд хүүхдийн хүртэхүй нэлээд хөгжин. Энгийн дүрсүүдийг ялгах бусад зүйлтэй  харьцуулан ижил зүйлийг олох,  юмны хэмжээ, өнгө, өндөр нам, өргөн нарийн зэргийг ялгаж  эхэлнэ. Орчиндоо цохицоно. Ой тогтоол сайжирч юмыг баримжаалах чадвар  нэмэгдэнэ. Хүүхэд 7-8 юмсын нэрийг тогтоох чадвартай.
  • Хүүхдийн анхаарал  тогтвортой болж 15-20 минут анхаарлаа төвлөрүүлж чадна.
  • Нэг зүйлийг эхэлсэн бол 40-50 минут үргэлжлүүлэх чадвартай. Зорилготой үйлдэл хийнэ. 
  • Маргалдаж эхэлнэ. Энэ насанд хүүхэд магтуулах дуртай .
  • Юмыг сонирхож эхэлнэ. Ямар нэгэн зүйлийг дуурайж бие дааж хийж эхэлнэ.  
  • Хүүхдийн   ярианы чадвар сайжирсан , авиа дуудлага тод , үгийн сан нэмэгдэж, уншсан зүйлийн  утгыг нь чөлөөтэй ярина,  үг бүрийн утгыг ойлгоно, асуултаар чөлөөтэй ярилцана, амьтны дуу хоолойгоор дуугарах,үг бүтээж ярих зэрэг  энэ насандаа хүүхэд чөлөөтэй харилцах чадвартай болсон байна. 
  • 4,5 насандаа хүүхэд зорилго тавьж чаддаг, үр дүнд хүрэхийн тулд төлөвлөдөг. “Яах юм “ гэдэг асуулт тавьдаг. 

4-5 насны хүүхэдтэй эцэг эх хүүхдээ 
хөгжүүлэх ба хүмүүжүүлэхэд дараах зорилго тавин 
ажиллах нь зүйтэй. Үүнд:


  • Юуны өмнө хүүхдийг эрүүл мэндийг бэхжүүлэх, чийрэгжүүлэх, үндсэн хөдөлгөөнийг нь хөгжүүлэх. Ямар ч үед хүүхдийн биеийн галибар  дээр анхаарч зөв явах, суух, зогсож сургана. Эрүүл ахуйн дадал хэвшлийг бэхжүүлэх.
  • Хүүхдийн ажигч, сонирхлыг нь хөгжүүлэх.
  • Өрийн гэр орон, орон  нутагтаа, өөрийн явж байгаа цэцэрлэгтээ хайртай байх хүмүүжлийг үргэлжлүүлэн хөгжүүлэх.
  • Хүүхдийн хэл яриаг улам сайжруулах, үгийн санг  нэмэгдүүлэх, хүүхэдтэй харилцан ярилцах яриаг хөгжүүлэх, өгүүллэг зохиолгох, тоглоом сэдэвт зургийг тодорхойлж яриулахад туслах.
  • Ойр байгаа хүмүүсийн мэргэжил, хөдөлмөрийн ач холбогдлыг ярьж өгөх. Энгийн хөдөлмөрийн дадал хэвшил суулгах.
  • Эхэлсэн зүйлийг дуусгадаг, хамт олны үйл ажиллагаанд оролцож сургах. Хамт олны хөдөлмөрийн даалгаврыг  эцсийн хүртэл гүйцэтгэх чадвартай,  хөдөлмөрийн үр шимийг мэдрэх хүмүүжил олгох.
  • Даруу , шударга ,  эрч хүчтэй ба зоригтой байх хүмүүжил олгох. Буруу юм хийсэн бол ичих ба бусдаас  уучлалт гуйдаг.  Энэ насны хүүхэд   гомддог учир  нийтийн дунд  хүүхдийг зэмлэхгүй байх. Ойр ойрхон хүүхдийг үгээр урамшуулж сайшааж байх нь чухал.
  • Ном, тоглоом бусад зүйлтэй зөв харьцан гамнаж сургах
  • Тоглоом, ахуй , байгальтай зөв харьцах тэдний гоо сайхныг мэдрэх, хайрлаж гамнах, орчны сайхныг хүртэх чадварыг хөгжүүлэх, орчинд байгаа  сайхан зүйлээр бахархаж сургах.
  • Урлагийн бүтээлийн агуулгыг   нь  ойлгох чадварыг хөгжүүлэх, өгүүллэг, үлгэр, хөгжим анхааралтай сонсож сургах.
  • Уран ярьж илтгэх, уран унших, сайхан(гоё) дуулах, хөгжмийн аянд  уран хөдөлгөөн хийж сургах зэрэг чадвар дадал суулгахад эцэг эх анхаарч хүүхэдтэй ажиллавал их сайн.


2011-03-15

МУУ НӨХӨР

Багачууддаа уншиж өгөөрэй. 
Л.Толстой

Хоёр хүүхэд ой дотор явж байтал, гэнэт модны цаанаас нэг том баавгай гарч иржээ. Нэг нь зугтаж модонд авиран гарчээ. Нөгөө нь зам дээр үхсэн мэт хэвтэж өнгөрөхөөс өөр аргагүй болжээ. Баавгай хүрч ирээд хүүхдийг шиншжээ. Тэр хүүхэд үхсэн мэт амьсгаа хурааж хэвтлээ. Баавгай нүүрийн шиншиж шиншиж яваад өгчээ.
Модон дээр гарсан хүүхэд, баавгайг хол явсан хойно бууж ирээд “Баавгай чиний чихэнд юу хэлэв” гэж нөгөө нөхрөөсөө асуув.

“Аюултай цагт нөхрөө хаядаг хүн адгийн муу нөхөр гэж хэллээ” гэж хариулав.