2018-10-31

В.Ф.МАКСАКОВА БАГШ


МОНГОЛ УЛСЫН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ СУДЛАЛД ГАДААДЫН БАГШ НАРЫН ОРУУЛСАН ХУВЬ НЭМРИЙН ТУХАЙД: В.Ф.МАКСАКОВА БАГШ

Д.Нонна, Да.Эрдэнэбат нарын өгүүллэг

            Монгол улс УААА, соёлоо хөгжүүлэх төлөвлөгөөг нэг жилийн хугацаанд гүйцэтгэх явуулахаар болсон юм. Улсын VIII их хуралд “...эдүгээ ажиллаж буй хүүхдийн цэцэрлэг нь ард орны шаардлагыг хангаж чадахгүй буюу өсөлтгүй байгаа байдлыг харгалзан, ойрын цагт өргөтгөж, ариун цэвэр ба боловсон байдлаар хүүхдийг хүмүүжүүлэх хэрэгтэй болно. Зарим цэцэрлэгийг аж ахуйн хангамжийн хувьд үйлдвэр аж ахуй, засаг захиргааны газар хариуцуулж, сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагуудыг санхүүжүүлэх явдалд оролцож байх” тухай саналуудыг оруулж өгсөн байна.Я.И.Певзнерийн бичсэн “Монгол улсын эрүүлийг хамгаалах талаар” гэсэн өгүүлэлд[1] манай улсад 1928 онд анх хүүхдийн талаар зөвлөгөө өгөх газар байгуулагдсан гэж дурджээ. Энэ нь удалгүй  нялхаст болон эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх газар, ясли, сүүний газрыг хамруулан 1929 онд эх нялхасыг хамгаалах төв болон өргөжсөн байна.
1941 он болж ирэхэд нийслэлд хоёр ясли, Алтанбулаг, Хатгал, Баянтүмэн, Цэцэрлэг, Улаангомд ясли нээгдэн үйл ажиллагаагаа явуулж байв. Дээрх сэтгүүлд Гэгээрлийн яамны зөвлөх А.В.Русаковын бичсэн,  “Монгол улсын Ардын Гэгээрүүлэх яамны тухай” нэртэй өгүүлэлд, “1930 онд нийслэлд 30 хүүхэдтэй, 4 багштай, 1 цэцэрлэг, 1931 онд 356 хүүхэдтэй 30 багштай 12 цэцэрлэг, 1932 онд 405 хүүхэдтэй, 34 багштай, 14 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байв. Түүнчлэн 1931 онд хөдө орон нутагт 76 ажилчинтай 76 улаан гэр, 1932 онд 99 ажилчинтай, 132 улаан гэр үйл ажиллагаа явуулж байсан[2] гэж тэмдэглэжээ.Зарим эх сурвалжид улаан гэрт цэцэрлэг байгуулах хөдөлгөөн орнөж байсан хэмээн дурдагдсан байдаг. Бидний хийсэн судалгаа болон бусад эх сурвалжуудаас үзэхэд Монгол улсын Засгийн газраас сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол, хүмүүжлийн асуудлыг чухалчлан авч үзсэний дүнд 1924 онд Алтанбулагт, 1925 оноос Улаанбаатар хотод анх цэцэрлэг байгуулж, 30 гаруй хүүхэд 4 багштайгаар үйл ажиллагаа эхлүүлсэн түүхтэй байна. Эдгээрийн нотолгоо нь Баянхонгор аймагт 1929 онд байгуулагдсан цэцэрлэгийн эрхлэгч хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан Д.Цэрмаагийн дурдатгал юм.
1940 оноос эхлэн сургуулийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлэх байгууллагуудыг үйлдвэр, аж ахуй засаг захиргааны байгууллагуудад хариуцуулж санхүүжүүлэх явдалд ч оролцох байхын чухлыг онцлон анхаарч хүүхдийн ясли, цэцэрлэгийг улсын төсвөөс гадна томоохон үйлдвэр, аж ахуй албан байгууллагуудын санхүүжилтээр, тухайн үйлдвэр, аж ахуйд ажиллаж байгаа ажилчид, албан хаагчдын хүүхдийг асран хүмүүжүүлэх ажилд татан оролцуулж эхэлсэн байна. Эл үед Монгол улсын Гэгээрлийн яамны сайд Т.Машлай (1940-1946 онуудад), хүүхдийн цэцэрлэгийг мэргэжлийн боловсон хүчнээр хангахад онцгой анхаарч, 1940 онд Гэгээрүүлэх яаманд хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг хариуцсан тасаг байгуулж, тасгийн эрхлэгчээр, бага ангийн багш байсан орос хэлтэй Даваагийн Долгоржавыг (1941-1945 онуудад), мөн 1941-1947 оныг дуустал зөвлөхөөр нь тэр үеийн ЗХУ-ын мэргэжилтний гэр бүл болох сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэй Вераа Фёдоровна Максаковаг Гэгээрлийн яамны сайдын 1941 оны 1 дүгээр сарын 18-ны тоот тушаалаар зөвлөхөөр томилжээ.
Тэд Гэгээрүүлэх яамны зөвлөх Алексей Владимирович Русаков, заах аргач Андрей Васильевич Лесин нарын шууд удирдлагын дор хүүхдийн цэцэрлэгийг хөгжүүлэх ажлыг эхлүүлжээ. Цэцэрлэгийн тасаг байгуулагдсан болохоор юуны өмнө цэцэрлэгтэй танилцах, судлах шаардлага бий болсон тул морин тэргээр явж, байгуулагдсан цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, заавар зөвлөгөө өгдөг байжээ. Морин тэргээ жолоодон хотын дундуур явахдаа, Вера Фёдоровна жолоогоо барьж, Д.Долгоржав ард нь сууж ажил хэргээ гүйцэтгэдэг байсан тухай дурссан байдаг. Удалгүй тэр хоёрт эмэгтэй хүний унадаг дугуй, тасагт нь заах аргын захидал, зөвлөмжийг олшруулахад зориулсан радатор өгчээ. Сургагч В.Ф.Максакова багш ирмэгц юуны өмнө сургуулийн өмнөх хүүхдийн байгууллагын ажилтай нарийвчлан танилцах шаардлагатай байсан тул Д.Долгоржав багшийн хамт явахад улсын хэмжээнд 14 цэцэрлэг ажиллаж, цэцэрлэгийн эрхлэгчдийн ихэнх нь эрэгтэйчүүд байжээ. Үүнд:
1.Д.Сүхбаатарын нэрэмжит цэцэрлэг (гурван бүлэгтэй), эрхлэгч нь Цэрэннадмид,
2.Үйлдвэр комбинатын цэцэрлэг (хоёр бүлэгтэй), эрхлэгч нь Ринчин,
3.Цэргийн Улаанхуарангийн цэцэрлэг (хоёр бүлэгтэй), эрхлэгч нь Лувсанжамц,
4.Хоршоодын яамны цэцэрлэг (хоёр бүлэгтэй), эрхлэгч нь Бужмаа,
5.Дотоод яамны цэцэрлэг (хоёр бүлэгтэй), эрхлэгч нь мэргэжилтэн Гаврилова,
6.Гар үйлдвэрийн цэцэрлэг (гурван бүлэгтэй), эрхлэгч нь Дэчин зэрэг найман цэцэрлэг Нийслэлд үйл ажиллагаа явуулж байжээ. Бусад зургаан цэцэрлэг нь Сэлэнгэ, Завхан, Дорнод, Архангай, Өвөрхангай, Хэнтий зэрэг аймагт ажиллаж байв. Тэр үеийн цэцэрлэгт хүүхдийн тоглох тоглоом наадгай байхгүй материаллаг баазын хувьд ихээхэн хүнд байдалд байжээ. В.Ф.Максакова, Д.Долгоржав нар ажлаа хүлээж аваад юуны өмнө төр, засгийн шийдвэрээр цэцэрлэг олноор байгуулах шаардлагатай байсан тул шинээр цэцэрлэг ажиллуулах байр орон сууцыг шалгах, орон тоог батлуулах, эд аж ахуйг захиалж хийлгэх, төсөв батлуулах, юуны өмнө цэцэрлэгийн дотоод төхөөрөмж, хэрэгсэл, хүүхдийн насны онцлогт тохируулан хийлгэх шаардлагатай байв.

В.Ф.Максаковабагш цэцэрлэгийн насны хүүхдийн эрүүл ахуй, нас зүйн онцлогт тохирсон аюулгүй байх шаардлагыг хатуу мөрдөж, заавал модон материал бүхий тоглоомтой байх, сандал, ширээ, хувцасны шүүгээ, эвхдэг ор, материал хадгалах шүүгээ, тоглоомын тавиуртай байх, алчуурны өлгүүр, хувцасны шүүгээ зэргийн эскиз зураг гаргаж, орон нутгийн цэцэрлэгүүдэд хүргэж, гар үйлдвэрт захиалан хийлгэх, цэцэрлэгүүдийг эрүүл ахуйн шаардлагын дагуу модоор хийсэн

В.Ф.Максакова (1959-1963)
Цэцэрлэгүүдэд тоглоом наадгай байхгүй байсан учир мэргэжилтэн В.Ф.Максакова Гэгээрүүлэх яамны цэцэрлэгийн тасгаас Орос улсад тоглоомын захиалга өгч, хүрэлцэн ирсэн тоглоомуудыг цэцэрлэгүүдэд хуваарилан өгдөг байв. Үүнээс гадна цэцэрлэг дээр шагай цуглуулж, мод даавуугаар тоглоом хийх ажлыг өрнүүлсний үр дүнд цэцэрлэгүүдэд тоглоомын булан бий болж, цэцэрлэгийн хүмүүжил сургалтын ажил явуулдаг материаллаг баазын суурийг тавьж, бэхжүүлж байсан юм. Дайны жилүүдэд ЗХУ-д хүүхдийн цэцэрлэгт хоол хүнсний зүйл ховордож, ихэнх цэцэрлэгүүд хаагдаж, зарим газар нүүдлийн байдалтай ажиллаж, олон мянган хүүхэд өнчирч, тэдгээрт зориулагдсан асрамжийн газрууд ихээр байгуулагдаж байв. Манай оронд ч мөн адил эл жилүүдэд багачуудыг асрах газарт ихээхэн гачигдал бий болж, хоол хүнс ховордсон юм. В.Ф.Максакова, Д.Долгоржав багш нар бэлэн мөнгөөр (цэцэрлэгийн эрхлэгч нарт тэр үед төсвийг нь гар дээр нь өгдөг байжээ) мэргэжилтний тусгай 18-р дэлгүүрээс будаа, хатсан жимс зэрэг ховор хүнсний зүйлийг бэлэн мөнгөөр авч цэцэрлэгүүдэд хуваарилан өгдөг байжээ. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанарыг сайжруулах, олон төрлийн хоолоор  үйлчдэх зорилгоор хотын хүүхдийн цэцэрлэгүүдийг ногооны талбайтай болгох, түүнд хүнсний ногоо тарих гээд туслах аж ахуйтай болгох, хурааж авсан ургацыг хэрхэн яаж боловсруулах хадгалах, түүгээр хоол хийх арга, байгалийн халиар, жис, мөөг зэргийг түүж ашиглах талаар В.Ф.Максакова багш байнга ухуулдаг, мөөг, байцаа, ногоо даршлах, ногоогоор хоол хийх, жимсээр чанамал хийж үзүүлэх сургалтыг тогоочдын дунд явуулдаг байв.


Цэцэрлэгийн тогооч нарын анхдугаар курс. Эхний эгнээ: Зүүнээс хоёр дахь нь В.Ф.Максакова багш

Цэцэрлэгүүдэд туслах аж ахуйг бий болгон хөгжүүлэх талаар нэлэд анхаарсны үр дүнд, Д.Сүхбаатарын нэрэмжит нэгдүгээр цэцэрлэг, Улаанхуарангийн цэцэрлэг, Мах комбинатын цэцэрлэг, ногооны талбай дээр ногоо тарих, гахай, тахиа үржүүлж тэжээх зарим цэцэрлэг нь саалийн үнээтэй байх зэргээр хоолны төрөл зүйлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байв. Хотын зарим цэцэрлэг хоол хүнс, мод нүүрсээ зөөх, жимс мөөгөнд явах, хүүхдийг зусланд гаргах зэрэг аж ахуйн ажлаа амжуулах зорилгоор хүүхдийн цэцэрлэгүүд нь өөрийн гэсэнморин тэрэгтэй, мотоцикл, ачааны машинтай байжээ.
Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын ажлыг шинжлэх ухааны үндэстэй явуулахын тулд цэцэрлэгийн зорилгыг тодорхойлох, хүмүүжил сургалтын агуулгыг тогтоох зэрэг асуудал чухал байсан юм. Эл үед цэцэрлэгийн хүмүүжил сургалтыг явуулахад удирдамж материал, заах аргын гарын авлага байхгүй байв.
1940 оноос өмнө Ардыг Гэгээрүүлэх яаманд цэцэрлэгийн асуудлыг сургуулийн хэлтсийн мэргэжилтэн Лобова хариуцаж байсан бөгөөд сургагч  В.Ф.Максакова 1941-1947 онуудад сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил сургалттай холбоотой дараах материалыг боловсруулан гаргажээ. Үүнд:
-        Хүүхдийн цэцэрлэгийн дүрэм
-        Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн жилийн ажлын төлөвлөгөөний загвар
-        Эцэг эхээс хоолны хөлсийг хураах заавар
-        Цэцэрлэгийн ариун цэврийн дүрэм
-        Цэцэрлэгийн хүүхдийн дунд зохиох хүмүүжлийн ажлыг төлөвлөх, хичээлийн үлгэрчилсэн конспект
-        Хүүхдийн цэцэрлэгт явагдах хичээлийн товч агуулга
-        Цаас модоор тоглоом хийх загвар
-        Талбайн төхөөрөмжийн (морь, гулгуур, тэнцвэрийн вандан, завь, ачааны машин, онгоц гэх мэт) загвар
-        Хүүхдийн хоолны нэрс ба тэдгээрийг хийх аргачлал
-        Өглөөлөг өдөрлөгийн программ
-        Хүүхдийн зуны талбайн заавар
-        24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн үйл ажиллагааны зөвлөмж
-        Экскурс зугаалга явуулах зөвлөмж
-        Бүлэг тус бүрийн өглөөний гимнастикийн дасгалын жагсаалт
-        Цэцэрлэгийн дотоод төхөөрөмжийн үндсэн хэмжээ
-        Цэцэрлэгийн эрхлэгчээс өдөр бүр хийж байх хяналт шалгалтын ажил
-        Цэцэрлэгийн байр болон орчныг цэвэр тохилог байлгах тухай
-        Хүүхдийн цэцэрлэгт явагдах хичээл
-        Хүүхдийн цэцэрлэгийн бага бүлэгт зургийн хичээл яаж заах вэ
-        Хүүхдийн цэцэрлэгт өглөөний гимнастикийн нэгдсэн дасгал зэрэг удирдамжийг гардан боловсруулж өгчээ.
Эл үеэс эхлэн манай улсын хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын агуулга тогтож, сургуулийн өмнөх байгууллагыг шинжлэх ухааны үндэстэй удирдан явуулах болсон юм. Үүнээс гадна тус хэлтэст, 1940 оноос эхлэн Зөвлөлтийн хэвлэл болох “Дошкольное воспитание” сэтгүүлийг захиалж, уул сэтгүүлийг шууд орчуулан цэцэрлэгийн үйл ажиллагаанд нэвтрүүлж байв. Боловсруулан  гаргасан материал бүхнийг хувилж олшруулан цэцэрлэг нэг бүрт хүргүүлэх, эдгээр материалыг цэцэрлэгийн ажилтан бүрт таниулах, хэрэгжүүлэх талаар В.Ф.Максакова багш уйгагүй завлаж, тайлбарлаж ажиллажээ. В.Ф.Максакова багшийн бичиж боловсруулсан зүйлийг Д.Долгоржав орчуулж, зарим сэтгүүлд нийтэлдэг байжээ.
1942 онд гарсан “Багш нарт тусламж” сэтгүүлийн №”-д “Багачуудын хүмүүжилд” буланд хэвлэгдсэн “Хүүхдийн цэцэрлэг ба гэрийн газар хүүхэд багачуудыг хэрхэн хүмүүжүүлэх вэ?” гэсэн өгүүллэгт цэцэрлэгийн насны хүүхдийн өсөлт хөгжилт, мөрдөх өдрийн дэглэм, хооллох, унтуулахын ач холбогдол, ариун цэврийн дадал олгох, хувцсыг зөв тохируулах зэрэг асуудлаар тодорхой зөвлөмж өгчээ.
В.Ф.Максакова багш Улаанбаатар хотын цэцэрлэгийн ажилтан нэг бүрийн мэргэжил боловсролыг дээшлүүлэхийн тулд 1943 онд хүмүүжүүлэгчдийн дунд “Эрхлэгч ба цэцэрлэгийн бусад ажилтны үүрэг, зорилго” гэсэн сэдвээр бага хурлыг явуулж, Улаанбаатар хотод 7 хоног бүр цэцэрлэгийн эрхлэгчийн үйл ажиллагаа, хүмүүжүүлэгчдэд мэргэжил боловсролыг дээшлүүлэх зорилгоор цэцэрлэгийн хүмүүжил сургалтын ажлын талаар сургалт семинарыг тогтмол зохиодог байжээ. Энэ сургалт семинар дээр хүмүүжил сургалтын ажлыг төлөвлөх, тоглоом наадгай үзүүлэн хийлгэх, хөдөлгөөнт тоглоом тоглуулж сургах, дуу заах арга, хөгжмийг пянзнаас сонсох аргыг заах (Монголд сууж байсан Зөвлөлтийн элчин сайдын яамнаас мэргэжилтэн урьж дуу ритмийг заалгадаг) ба бусад хичээлийг явуулах арга барилд биечлэн зааж үзүүлэх аргаар цэцэрлэгийн багш нарыг сургадаг байсан. Түүнээс гадна цэцэрлэгийн тогоочдын курс зохиож нийт тогоочид (20 хүн) хүүхдийн хоол хийх технологи, байгалийн нөөц болох жимсний чанамал хийх, мөөг байцаа давслах аргад сургаж байжээ.
Багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд тэргүүний хүмүүжүүлэгчдийн туршлагыг судалж дэлгэрүүлэх ажил нэлээд зохиож, хүмүүжүүлэгч нарын бүтээлийн самбар, булан гаргаж сурталчилдаг байжээ. В.Ф.Максакова багш 1941 оноос цэцэрлэгийн боловсон хүчнийг бэлтгэж нэг сарын курс зохиож хүмүүжүүлэгчдийг бэлтгэх, 1943-1944 онуудад анх удаа цэцэрлэгийн хүмүүжүүлэгчдийн гурван сарын курсээр цэцэрлэгийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд биеэрээ оролцжээ.
В.Ф.Максакова багш цэцэрлэг дээр өөрөө биечлэн баяр бүрээр өглөөлгийн программ гаргах, хүүхдийн хувцас оёх, өглөөлөг өдөрлөгт биеэрээ оролцох, өөрөө хичээл зааж үзүүлэх зэрэг ажил зохиож байжээ. Жил бүр Улс хувьсгалын баяраар наадмын талбай дээр (яармагт) Гэгээрлийн яамны үзэсгэлэнд “Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын ажлаас” булан гаргаж, цэцэрлэг, хүмүүжүүлэгчдийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанаас сурталчилдаг байжээ. Мөн тэр үзэсгэлэнгийн дэргэд хүүхдийн 24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэг, хүүхэд саатуулах зуны талбай байгуулж, долоон хоногоор ажиллуулж, түүнд В.Ф.Максакова багш Д.Долгоржав багш нар (тэндээ нэг өрөөтэй байсан) цэцэрлэгийн багш хүүхэдтэй хамтран биечлэн ажиллаж, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг сурталчилдаг байжээ. Ардыг Гэгээрүүлэх яамнаас наадмаар цэцэрлэгийн хүүхдүүдийг цэвэрхэн харагдуулахын тулд бэлэн мөнгө олгож байсан учир Д.Долгоржав багш уул мөнгөөр амьд хонь, сүү, цагаан идээ авдаг, харин В.Ф.Максакова багш хүүхдийн гоёлын хувцасны загвар гаргаж, ажилчдынхаа хамт оёж хүүхдүүдээ хувцаслаж, наадамчин олны өмнө өглөөлөг, өдөрлөг, концерт тоглон үзүүлдэг байжээ.
1941-1947 онуудад цэцэрлэгүүд бүтэн жилээр ажиллаж, засвар хийх үедээ хамт олноороо аль нэгэн цэцэрлэг дээр нийлж ажилладаг эсбөгөөс зусландаа гардаг байжээ (Зайсан, Амгалангийн хойно гэрт байрладаг байжээ). Эл үед цэцэрлэг нь  бүтцийн хувьд голдуу 1-2 бүлэгтэй бөгөөд Дотоод яамны цэцэрлэгт зөвлөлтийн мэргэжилтний хүүхдийг авдаг орос бүлэг нэг, Багш нарын цэцэрлэгийн дэргэд  фронтод явсан хүмүүсийн хүүхдийг хүмүүжүүлэх орос бүлэг нэг ажиллаж байв. Сургуулийн өмнөх насны багачуудыг асрах байгууллагад хүмүүжүүлэгчээр Бадамцэрэн, Шагдар, Сономжав, Долгор, Цэрэннадмид, эрхлэгч Долгоржав (одон орон судлаач Нинжбадгарын ээж), Магсар, Лувсанцэрэн, Бужмаа, Гаваа, Норов, Ринчин нар ажиллаж байжээ.
В.Ф.Максакова багш бол Монгол Улсын сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын хүмүүжил сургалтын ажлыг шинжлэх ухааны үндэстэй явуулах зорилгоор хүмүүжил сургалтын агуулга тогтоох, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, цэцэрлэгийг дотоод тавилгатай болгон материаллаг бааз суурийг бий болгох, боловсон хүчнийг бэлтгэх, багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх, гарын авлага боловсруулж хүмүүжүүлэгч багш нарын гарт нь өгөх, биечлэн цэцэрлэгийн хүүхдэд хичээл заах, хөдөлгөөнт ба сэдэвт тоглоом үзүүлэх, дүрслэх урлагийн хичээл заах, экскурс, зугаалга явуулж үзүүлэх, биечлэн багш нартай хамт зохион явуулах, гэр ахуйн хичээл заах зэргээр цэцэрлэгийн хүмүүжил сургалтын үйл ажиллагааг зааж үзүүлж байлаа. Тэрбээр 1951-1953 онд Багшийн сургуулийн дунд боловсролтой цэцэрлэгийн анхны 17 багш нарыг бэлтгэн гаргахад ... багшийн хамт ажиллаж байжээ. Анхны цэцэрлэгийн багш нарын нэгэн болох Ч.Гаасүрэн, “Вера Фёдоровна Максакова багш бидний төлөө байнга анхаарч санаа тавьж, хичээл заахдаа үзүүлэнгээ өөрөө авчирдаг, хэрэв бидний аль нэг маань өвдвөл эмнэлэгт эргэх, хоол тал, жимс өгч явуулдаг байлаа” гэж дурдсан байдаг.Энэ үед ажиллаж байсан нэгдүгээр цэцэрлэгийн хүмүүжүүлэгч Б.Шагдар, “Максакова багш дуу хөгжимд их сайн “яблочка” бүжиг зааж өгч, хүүхдийн хувцас, ариун цэврийг сайжруулах талаар их зөвлөж, янз бүрийн тоглоом наадгай хийх, эцэг эхэд зориулан самбар гаргах, хувцасны эсгүүр гаргах зэргээр сургадаг байсан” гэж дурссан юм. 1959-1962 онд Д.Нонна багшийн хамт, Улаанбаатарын Багшийн сургуульд цэцэрлэгийн багш бэлтгэхэд биечлэн оролцож, дээрх ... ... дагалдуулан сургуулийн ... ... ... ... ... үнэлшгүй хувь нэмрээ оруулсан гавьяатай хүн байсныг ... .... ...... ...
В.Ф.Максакова багш Багшийн сургуульд цэцэрлэгийн ангид заах хичээлийн конспектыг балын харандаагаар маш томоор урьд өдөр нь бичсэн дэвтрээ авчраад дагалдагч багшдаа тайлбарлаж өгөөд тэдгээр дагалдагч багш нар шөнөжин сууж, орчуулж бичиж ирээд оюутнуудад заадаг байв. Дагалдан багш бүх зургийн болон наамал, баримал, зохион бүтээх тоглоом зэрэг үзүүлэнг хийхээс гадна загвар тоглоом, хүүхдийн майк, богино дотуур өмд, хүүхдийн плать зэргийг оёж, оюутнуудад эсгүүрийг хэрхэн хийх, яаж дүрс хайчлах зэрэг хичээлтэй холбоотой үзүүлэн бүхнийг хийж ирээд оюутнуудад зааж дадлагажуулах ажлыг хийдэг байсан юм.
В.Ф.Максакова багш ажилч хичээнгүй, өмнөө тодорхой зорилго тавьж биелүүлдэг, үнэхээр мэргэжилдээ үнэнч, хүнийг уйгагүй сургадаг, хүүхдийн сайн сайхны төлөө сэтгэл санаагаа бүрэн дайчилдаг, эрхэлсэн ажилдаа дур сонирхолтой, хүнд тусархаг зэрэг сайхан чанаруудыг хадгалсан үлгэр жишээч нэгэн байлаа.


[1]Современное Монголия. №2-3, 1941.
[2]Там же,

No comments: