2014-01-09

Хүүхдийн зохиолч Ш.Энхбаярын шүлгүүдээс.

4-6 настай хүүхдүүдэд цээжлүүлэх шүлгүүд.

Цас.
Өвөл цагийн өнгөрүүлэн
Өдөн цагаан цас
Хөх тэнгэрийн цэцэг
Хун цагаан цас
Цалин цагаан цас
Чамин цагаан цас
Хөмсөг сормуус цантуулсан
Хөнгөн сэвсгэр цас
Хөхөө өвлийн  цас
Хүүхдийн инээ дэнд хайлна
Жихүүн өвлийн цас
Жижигхэн гарт хайлна.

Агаар.
Харагдах юмгүй агаар
Баригдах юмгүй агаар
Хий хоосон агаар
Хаа сайгүй агаар
Агаараар амьсгална
Агаараар  амьдарна
Агаараар ургана
Агаараар ундална
Амьд байгаль
Араатан жигүүртэн
Алив бүхэнд
Агаар хэрэгтэй.

Нар.
Өглөөний нар  мандах нар
Өдрийн нар үдийн нар
Оройн нар жаргах нар
Өдөржин биднийг гийгүүлсэн нар
Уулын цаана унтдаг байлгүй
Өглөө сэрээд манддаг байлгүй.

Сар.
Ээж ээ
Энэ тэнгэрт олон сар 
Манддаг юм уу?
Эсвэл олон нэртэй юм уу ?
Ээж нь
Шинийн нэгний 
Шинэ сар
Харанхуйг гийгүүлэгч 
Хөмсгөн сар
Сарын аравдаар
Саран авхай
Тал дугуй
Тал сар
Арван тавны
Тэргэл сар
Дүүрэн дугуй
Дүгрэг сар гэжээ.

Ангаахай.
Ангаахай ангаахай
Ангас ангас
    жив жив
    жив  жив
Дэгдээхээ дэгдээхээ

Дэрвэс  дэрвэс
    жив  жив
    жив жив
Бялзуухай бялзуухай
Бөндгөс бөндгөс
     жив  жив
      жив жив

Тэнгэр.
Тэнгэрт наран мандана
Тэнгэрт одод түгнэ
Тэнгэрт үүлс хурна
Тэнгэрт онгоц ниснэ
Тэнгэрт шувууд ниснэ
Тэргүүн дээр цэлийх
Тэнгэр цэнхэр өнгөтэй!

Бүүвэйн дуу.
Нар жаргалаа
Сар гарлаа
Од түглээ
Шөнө боллоо
Ээ бүүвэй , ээ бүүвэй
Ээ бүүвэй, ээ бүүвэй
Бүжин туулай
Бутандаа хярлаа
Болжмор шувуу 
Үүрэндээ шургалаа
Ээ бүүвэй,  ээ бүүвэй
Ээ бүүвэй, ээ бүүвэй
Алтан дэлхий
Амгалан нойрслоо
Алив хүү минь
Амарч унт даа
Ээ бүүвэй , ээ бүүвэй
Ээ бүүвэй,  ээ бүүвэй.

No comments: