2014-06-19

ХӨГШИН ХОНЬ, ЯМАА, ЧОНО ГУРВЫН ҮЛГЭР

Монгол ардын үлгэр (Багачууддаа уншиж өгөөрэй 2 номоос) 
4-6 настай хүүхдүүдэд уншиж өгөх үлгэр,

Зургийг 61-р цэцэрлэг, 6нас, эм, О.Эрдэнэбаяр,
Хөгшин хонь ямаа хоёр байжээ. Хөгшин ямаа нь хоёул гэр барья гэж хонинд хэлэв.
Хонь: - Талий талий өмхий ямаа!
Би сүүлтэй, ноостой билээ. Над гэр хэрэггүй гээд тусалсангүй.
Хөгшин ямаа өөрөө гэр барив.
Өвөл болж, цас оров.
Хонь даарсандаа:
-Намайг энэ шөнө гэртээ хонуулаач! Гэж гуйв. Ямаа хариуд нь:
-Талий талий ! Чи сүүлтэй, ноостой амьтан, гэрээр юү хийдэг юм бэ? Гадаа хэвт гэв. Хонь гадаа хэвтээд хөлдөж үхэв. Өглөө хөгшин ямаа гэрээс гарч, үхсэн хонийг үзээд хөлөөс нь чирч хол хаяжээ.
Тэр ямаа ишиглэж, хоёр ишигтэй болов. Нэгд нь Шангуул, нөгөөд нь Мангуул гэж нэр өгөв. Хөгшин ямаа өдөр бүр талд гарч эврээ усаар, амаа өвсөөр, дэлэнгээ сүүгээр дүүргэж үдэш гэртээ ирээд,
-Шангуул, Мангуул! Үүдээ нээ. Эвэр дүүрэн ус, ам дүүрэн сүүтэй ирэв гэж хоёр ишгэндээ өгөөд, өглөө дахин талд бэлчдэг байв.
Нэг чоно үүнийг мэдээд хөгшин ямааны гэрийн өмнө ирж:
-Шангуул, Мангуул! Үүдээ нээ. Эвэр дүүрэн ус, ам дүүрэн өвс, дэлэн дүүрэн сүүтэй ирэв гэхэд:
-чи манай ээж биш байх хөлөө үзүүл гэв. Чоно хөлөө үзүүлэв. Ишиг:
-Ээж хөлдөө туурайтай. Чи манай ээж биш байна гэв. Чоно туурай олж хөлдөө өмсөөд ирж:
-Шангуул, мангуул! Үүдээ нээ. Эвэр дүүрэн ус, ам дүүрэн өвс, дэлэн дүүрэн сүүтэй ирэв гэв.
Ишиг:
-Хөлөө үзүүл гэв. Чоно хөлөө үзүүлэв. Ишиг үүдээ нээж өгөв. Чоно гэрт орж Шангуул Мангуул хоёрыг ховдоглон залгив.
Хөгшин ямаа ирээд:
-Шангуул, Мангуул! Үүдээ нээ. Эвэр дүүрэн ус, ам дүүрэн өвс, дэлэн дүүрэн сүүтэй ирэв гээд гэртээ ортол Шангуул Мангуул хоёрыг нэг амьтан идсэн байв.
Тэгээд хөгшин ямаа ирвэсний гэр дээр гарч хөлөө дэвсэв.
Ирвэс:
-Миний гэр дээр хэн хөлөө дэвссэн бэ? Гэв. Ямаа:
-Хурдан хөлт ямаа би байна. Миний Шангуул, Мангуул хоёрыг хэн идсэн бэ? Буутай сумтай бол үтэр түргэн гарч надтай үзэлц гэв. Ирвэс:
-Чиний Шангуул Мангуул хоёрыг идээгүй. Над буу ч байхгүй, сум ч байхгүй, үзэлцэх ч үгүй гэв. Ямаа чонын гэр дээр гарч хөлөө дэвсэв. Чоно:
-Миний гэр дээр хэн хөлөө дэвссэн бэ? Ямаа:
-Хурдан хөлт ямаа би байна. Миний Шангуул, Мангуул хоёрыг хэн идсэн бэ? Буутай сумтай бол гарч ир! Надтай үзэлц гэв. Чоно:
-Чиний, Шангуул Мангуул хоёрыг би идсэн. Над буу ч бий, сум ч бий, Гарч үзэлцье гэв Ямаа:
-Болзооны газар хаана вэ? гэв. чоно:
-Уулын дор, усны дэргэд болзъё гэв. Чоно хонины тулмыг дүүртэл үлээж, туламны амсарт хэдэн чавга хийгээд, тулмаа дарханд аваачаад хэлсэн нь:
-Миний шүдийг ирлэж өгнө үү. Би чамд уутаар дүүрэн чавга авчраа гээд шүдээ ирлүүлээд явчхав.
Дархан, хүүдээ:
-Чавганаас идье. Тэр тулмыг онгойлго гэв. Онгойлготол хий гарав.
Дархан, хүүдээ:
-Хөвгүүн хөвгүүн ! Чонын хойноос очоод, миний аав чиний нэг шүдийг мартаад дутуу ирлэв. Очиж ирлүүл гэж дууд гэв.
Чоно буцаж ирэв. Дархан чонын шүдийг суга татаад давстай хөвөн хийв.
Чоно хэлэв.
-Шүд минь юунд өвдөж байна? Гэхэд дархан
-Чиний шүд хурц болсондоо өвдөв, зүгээр гэжээ. Чоно буцлаа:
Хөгшин ямаа хувин дүүрэн чихэртэй тараг бүрж, дарханд авчраад:
-Миний хоёр эврийг жад болтол ирлэж өгөөч дээ! гэв
Дархан жад болтол ирлэж өгөв.
Өглөө нөгөө болзооны газар очив. Чоно эхлэн сувгийн энэтээ гээс үсэрч ямааг зуутал шүдгүйгээ мэдэв. Хөгшин ямаа өөрийнхөө ээлжид сувгийн тэртээгээс үсрэн чоныг мөргөж гэдсийг хагалан Шангуул, Мангуул хоёроо гаргаад гэртээ буцаж амар сайхан жаргав гэнэ.



No comments: