2020-03-16

Монголын элбэрэлт үрсийн Өүлэн ээж



Тав зургаахан л хоногийн өмнө фэйсбүүкдээ постолсон миний зураг, бичвэрийн доор “Ухаантай охин шүү”, “Маскаа зүүгээд яваач” гэх зэрэг урмын үг бичиж, санаа тавьж байсан Д.Нонна багш минь бурхны орноо заларсан гэх мэдээллийг сонсоод балмагдаж сууна аа. Бүр саяхан л утас цохиж, инээлдэн “Хоёулаа, хүүхэд, гэр бүлийн төлөө олон ажил хийнэ ээ” гээд ярилцаж санаа оноогоо хуваалцаж байсан сан. Тодруулбал, бичсэн, ярьсан зүйлийг минь хамгийн түрүүнд дэмжиж санаа оноогоо хуваалцдаг эгэлхэнээс эгэлхэн Та минь баяртай ч гэж хэлэлгүй ийм хурдан бурхны орныг зорьчихлоо гэж үү. Итгэж нэг л өгөхгүй нь. Хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ харамгүй зориулсан ухаалаг Таны инээмсэглэлээр би чинь, бид чинь дутаж амьдрах нь ээ, одоо яана даа. Та минь бяцхан хүүхэд инээж байвал жаргалтай алхдаг, цэцэрлэгийн багш нарын харц өөдөө л байвал бүтэн нойртой хонодог тийм л эгэл даруухан, хүний төлөө цохилох бүтэн зүрхтэй МОНГОЛ ээж, багш байлаа.

Мянга мянган шавь нараа алган дээрээсээ нисгэсэн хүний хайлан Танаараа мөнхөд бахархаж амьдрах болно оо, би. Д.Нонна багш бид хоёр сүүлийн жилүүдэд их ойр байсаан. Ялангуяа цэцэрлэгийн багш нарын ширээний ном болсон “Багачууддаа уншиж өгөөрэй” I, II, III цуврал номыг дахин хэвлүүлэхэд редактороор ажилласан билээ, миний бие. Намайг яг л охид шигээ хайрлаж, амьдрал болон ажил мэргэжлийн талаар дотно зөвлөгөө өгдөг сөн. Уулзах болгондоо дандаа шинэлэг зүйл ярьдаг эрч хүчтэй нэгэн байсан нь одоо ч тодхон. Нэгэн удаа буюу өнгөрөгч зун “Хүүхдийн байгууллагын түүх бичиж байна. Архивын ерөнхий газар очмоор байдаг. Нэлээд хол юм. Чи минь нэг очиж багшийнхаа өмнөөс судална байгаа” гэв. Би ч учирласан ёсоор Архивын ерөнхий газар хоёр ч удаа очиж чиглэл аван, өөрөөс нь асууж байгаад өргөдөл энэ тэрийг нь бичээд өгчихлөө. Удалгүй багш маань очиж сууснаа ярьж, чамаар урьдчилж судлах юмаа бичүүлээгүй бол олон очих байлаа” гээд л инээж байсан нь сэтгэлд ойр үлджээ.

Ийнхүү ном, сонин ярьсаар хоёулаа байнга уулзалдана. Д.Нонна багш бид хоёр голдуу нөхрийн ажил дээр уулзахаар болзоно. Учир нь, нөхрөөр номын эх, зураг энэ тэрээ бэлдүүлж, янзлуулахаар ярилцаж байгаа нь тэр ээ. Гэрт нь очихоор нээх сайхан сүүтэй цай аялгалж, чихэр, жигнэмэгээр дайлна. Хоёулаа удаан уулзаагүй хоёр найз шиг л тэдний том, жижиг өрөөнд ээлжлэн орж суун яриа дэлгэдэг сэн. Ихэвчлэн гэр бүл, хүүхдийн тухай л ярина. Яриа маань улам бүр хүрээгээ тэлж хайр сэтгэл, үерхэл нөхөрлөл рүү хальснаа сүүлдээ хүүхдийн тоглож буй тоглоомын тухай яриад яриа өндөрлөдөг байж билээ. Дундуур нь цэцэг ургамал, аялал зугаалгын тухай ярихаа бас мартахгүй ээ. Ер нь бол бүхий л сэдвийн хүрээнд сайхан ярилцдаг байсан юм.

Одоогоос 8 жилийн өмнө “Сонгодог гэр бүл” сонинг эрхлэн гаргаснаар Д.Нонна багш бид хоёрт танилцаж сэтгэлээ нээн ярилцах боломж нээгдэж байлаа. Түүнээс хойш өнөөг хүртэл сайхан нөхөрлөсөөн. Миний бие Д.Нонна багштай олон удаа цуврал ярилцлага хийж, хүүхдийн хүмүүжлийн талаар нийтлэл бичсэн. Ханийг нь сэрүүн тунгалаг байхад хүртэл “Гал голомтоо бадраагаад 59 жил сайхан амьдарч яваа гавьяат холбоочин Мятав гуайнхан” нэртэй нийтлэл бичиж “Сонгодог гэр бүл” сониндоо нийтлүүлж байлаа. Бүх насаараа радио холбоо, телевиз орбит, радио релейн техник технологийг Монголдоо барьж байгуулах, түүнийгээ ард түмэндээ хүргэхээр ажилласан гавьяат холбоочин Ц.Мятав гуай гайхалтай ажилсаг хүн байсныг энэхүү нийтлэлээ бичихдээ л анх мэдэж авч байлаа. Нэг ёсондоо энэ сайхан гэр бүлийн үйл хэрэг, инээмсэглэл, үрсээ зөв өсгөсөн гайхам сайхан дурсамж зөвхөн “Сонгодог гэр бүл” сонинд түүх болон үлдээсэндээ миний бие одоо ч бахархаж байна аа. Энэ бүхнээ эргэн дурсахад, Ц.Мятав гуайнх шиг ийм сайхан гэр бүлийг “Сонгодог гэр бүл” сонин олныг онцолсон нь бүр ч бахархалтай санагддаг шүү.

“Хүүхдийн дуу цангинасан айл бүхэн аз жаргалтай. Тиймээс хүүхдийг багаас нь хүнийг хүндэтгэх, хайрлах ухаанд сургах хэрэгтэй” гэж Д.Нонна багш минь үргэлж хэлдэг байж билээ. Энэ нь магадгүй энэ эрхэм хүний ажилдаа, сэтгэлдээ баримталдаг зарчим нь ч байсан байж магадгүй. “Хүүхдийн Нонна” хэмээх нэрээр өөрийгөө овоглуулна гэдэг тийм ч амар зүйл биш ээ. Энэ нэрийг нь хэлэхэд л насаараа хүүхдийн төлөө ярьж, зүтгэж, чөмгөө дундартал ажилласан гэдэг нь илт шүү дээ. Өөрөөр хэлбэл, насан өндөр болсон хэдий ч хүүхдийн төлөө гэх сэтгэл нь халуунаас халуун цохиж, үзэг нь, үзэл бодол нь хүүхдийнхээ төлөө л үнэнч явж дээ. Миний бие охидоос нь М.Эрдэнэчимэг эгчтэй л уулзаж, санаа оноогоо хуваалцаж байлаа. Тэрбээр бас л номд хайртай, хүүхдэд сэтгэлтэй ухаалаг бүсгүй байв. Мэдээж ийм сайхан мундаг хоёр хүний хүүхэд зөв хүмүүжилтэй байх нь аргагүй шүү дээ гэж охинтой нь уулзсаны дараа надад бодогдож байсан шүү. Юутай ч энэ сайхан гэр бүлийн хоёр бүжгэн дээрээс бие биеэ олж ханилан, цэцэг жимс тарих сонирхолдоо хөтлөгдөн сайхнаас сайхан амьдарч байсан түүхийг хоёуланг нь энх тунх байхад яриулж байсан би азтай хүн шүү. Гэхдээ л хаврын хаварт цас ханзрахаар аялдаг танил үүргэвч, цомирлогоо нээн дэлбээлдэг өнгө өнгийн цэцэгс, цангинатал инээдэг цэцэрлэгийн их өргөнөөс Таныхаа ялдам ухаалаг төрх, зөөлнөөс зөөлөн дууг тань дахиад сонсохгүй гэж бодохоор нэг л гунигтай байна. Гэсэн ч та минь ном бүтээлээрээ, эелдэг дулаан төрхөөрөө шавь, болон багачуудын дунд өөрийгөө мөнхөлж чадсаан. Танаараа би үргэлж бахархаж амьдарна аа, Монголын элбэрэлт үрсийн Өүлэн ээж минь!!!

“СОНГОДОГ ГЭР БҮЛ” сонины эрхлэгч, зохиолч, сэтгүүлч БАТТӨРИЙН ДААРИЙМАА
2020.03.12