2011-01-31

ТУУЛАЙ

Хүүхдүүд ээ цээжлүүлээрэй
Д.Отгонсүрэнийн шүлэг
ТУУЛАЙ


Дэрсэн хярсан
Дэлдэн туулай
Дэргэдээс босоод
Дэгдэн харайлаа.

Дээр дээр
Үсрэн үсрэн
Дэлдэн туулай дэнж
Дээгүүр даваад явчихлаа
Бүлтгэр нүдтэй
Дэлдэн чихтэй
Бүжин туулай
Ёстой хөөрхөн дөө

Дээр дээр
Үсрэн үсрэн
Дэлдэн туулай дэнж
Дээгүүр даваад явчихлаа
Тоглох юмсан гэж
Бодоод явдаг
Бүжин туулай
Ёстой хөөрхөн дөө

Дээр дээр
Үсрэн үсрэн
Дэлдэн туулай дэнж
Дээгүүр даваад явчихлаа


Ч.Алагсайн шүлэг
ТУУЛАЙ


Дээр дээр
Дэгдэн дүүлж
Дэлдэн туулай
Дэндүү хурдан !
Дэрсний цаанаас
Дэлдэсхийснээ
Дэнж дээгүүр
Давж одно
Бутны ёроолоос
Бултасхийснээ
Бусгаж хулжаад
Бараагүй арилна


2011-01-19

3-4 нас хүртэлх хүүхдийн онцлог.

  • 3 насандаа хүүхэд гар хөлийн хөдөлгөөн оролцсон үйл ажиллагаанаас сэтгэл ханамжтай байна. Хөдөлгөөн хийснээр  хүүхэд өөртөө итгэл төрүүлнэ. Түүний алхалт нь том хүний алхалттай адил байна. Хүүхэд гүйхийг их хүсдэг, зүгээр алхах нь сонирхолгүй байдаг учраас хоёр хөл дээрээ 30 см өндөр  хүртэл үсрэх ба шатанд дээшээ авирах буух чадвар эзэмшиж эхэлнэ. Энэ насны хүүхэд гурван дугуйтай дугуй унах дур бий болно, нэг хөл дээрээ  тэнцэх үсрэх, бөмбөгөөр тоглох, бүжиглэх, юм чулуудах сонирхолтой болно. 
  • Гурван  настай  хүүхэд  “Яагаад? “шалтгааныг мэдэх гэсэн асуулт тавина. Хэрэв хүүхдэд дөхүүлэх асуулт нэмж өгвөл тэр үзсэн харсан зүйл, сонссон зүйлийг эргүүлэн ярина. 
  • Гурван настай хүүхэд яриандаа   250-1000  идэвхтэй үгийг хэрэглэнэ. 1000 үг гэдэг нь орчинд байгаа бүх зүйлийн зөвхөн нэр үг л байна. 3,5 настай хүүхдийн орчинтойгоо илүү харьцаж юмыг танин мэдэж  авсны үр дүнд  үгийн сан  нэмэгдэж 1200-1800 үгтэй болно. 
  • Гурван настай хүүхэд энгийн асуултад хариулж чаддаг байна. Үүнд: өөрийн нэр, аав ээжийн нэр , өөрийн овгоо хэлэх, эрэгтэй  эмэгтэй хүүхэд гэдгээ бага зэрэг ялгана,  ядарсан байдал,  өлсөх, даарсан гэдгийг илэрхийлж хэлнэ. 
  • Энэ насны хүүхэд анхаарлаа 10-15 минут төвлөрүүлж чаддаг учир хичээл, үйл ажиллагааг үүнд тохируулна. 
  • 3-4 настай хүүхэд  орчны бүх зүйлийг мэдэж нэрлэж  сурна. 
  • Түүний  сэтгэхүй нь нэлээд хөгжиж жижиг хэмжээний өгүүллэг зохиож ярина. 
  • Гурван  настай хүүхэд өдөрт 400 асуулт тавина. 
  • “Олон цөөн”,  “их бага”,  “нэг ба олон”  гэдгийг ойлгоно. 
  • Юмсыг нэг шинжээр нь таньж нэрлэнэ. Жишээ нь:  туулайг чихээр нь,   үхрийг эврээр нь, тэмээг бөхөөр нь ялгаж танина. Юмыг орлуулаж (бургас нь морь болно, дөрвөлжин чулуу авдар, ор, машин болно) тоголоно. 
  • Ямар нэгэн  буруу  зүйлийг хийгээд түүнийгээ “би хийгээгүй”, “би тэгээгүй “ гэж өөрөөсөө холдуулах онцлогтой.
  • 3-4 насандаа хүүхэд  зохион бүтээж эхлэхдээ, өөрийн төлөвлөгөөг гаргаж ирэхийг оролдоно.Амьдралын зарим дүрийг дуурайж тоглоно, нэлээд сүүлд нь үеийнхээ хүүхэдтэй хамтран сэдэвт тоглоомын хэсгүүдийг  зохиож тоглоно. (би ээж нь болно, чи аав нь бол, чи ах нь бол гэх мэтээр) 
  • Сэтгэл хөдлөлөөс өрөвдөх, дагаж уйлах, атаархах, сайныг хүсэх, уйтгарлах, баярлах, гомдох, бие тоох байдал үзэгдэнэ.
  • 3-4 настай хүүхэд өөрийг ээ “Би хүн шүү” гэж өргөмжлөн илэрхийлэх  зарим үед эсэргүүцэж үгэнд орохгүй байх, сүрдүүлэх, уурлах, том хүмүүсийг янз бүрээр  /“чи муухай”, чи өөрөө тэнэг”/ гэж хэлэх зэргээр энэ насны хүүхдийн онцлогуудыг эцэг эхчүүд мэдэж аваад дараах байдлаар хүүхэдтэйгээ ажиллах нь зүйтэй.  


Ийм насны хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлэхэд дараах  зорилго тавьж эцэг эхчүүд ажиллахыг зөвлөж байна.Үүнд:

  1. Хүүхдийнхээ  эрүүл мэндийг хамгаалж бэхжүүлэх, биеийг нь тогтмол чийрэгжүүлэх , үндсэн хөдөлгөөнийг хөгжүүлэх. Хүүхдийн биеийн галбир дээр илүү анхаарах зөв суух, зөв явах, нуруугаа эгц авч явахад  эцэг эх анхаарах. Эрүүл ахуйн дадал хэвшлийг эзэмшүүлэн бэхжүүлэх. Идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах.
  2. Байгалийн үзэгдэл, үеийн хүүхэд болон том хүмүүсийн амьдрал, үйл ажиллагаанд нь сонирхдог болгон хүмүүжүүлэх. 
  3. Бодит юмтай харьцах үйлдлийг эзэмшүүлж, үзэгдэл юмсын хоорондын  холбоог мэдүүлэх, энгийн дүгнэлт гаргаж сургах хүүхдийн мэдлэгийн хүрээг  тэлж  хөгжүүлэх 
  4. Хүүхдийн хэл яриаг  үргэлжлүүлэн хөгжүүлэх: хүүхдэд асуулт тавих аргаар яриаг идэвхжүүлэх,үгийн санг тогтмол нэмэгдүүлэх, зөв яриулах, үгийг зөв бүрэн хэлүүлэх, авиаг зөв дуудаж хэлүүлэх, богино хэмжээний өгүүлбэр хэлүүлж сургах, 4-6 мөрт шүлэг, зүйр үг, оньсого, цээжлүүлэх.
  5. Богино хэмжээний  өгүүллэг, үлгэрийг хүүхдэд уншиж өгөхөд сонсох чадвар суулгах ба  уншиж байгаа номд  үйл явдал хэрхэн өрнөж байгаа байдлыг анхааралтай сонсох  чадварыг хөгжүүлэх, утгыг нь яриулж сургах. Зурагтай ном үзэх  сонирхлыг бий болгох. Эцэг эх хүүхдийг ном онд дуртай болгох нөхцөлийг бий болгох.
  6. Тоглох үйлдэлд сургах: юмсыг орлуулах, тоглох явцад нөхөдтэй гээ зөв харьцах,  нөхдөө хүндэтгэх, нөхдөдөө туслах, хамтран тоглох, тоглоомын сэдвийг сонгох, бүтээлчээр хандах, бие дааж өөрийг ээ хөгжүүлэх, бусдын үгийг сонсох, тэвчээртэй байх  хүмүүжил олгох.
  7. Урлаг гоо сайхны үйл ажиллагаанд оролцуулах /хөгжим сонсох,  дуу дуулах, ном унших үед сонирхож сонсох, номын утга агуулгыг ойлгохыг хичээх, жүжигчлэн тоглох,   уран сайхны зургийг танин мэдэх, сонирхох,  зураг зурах, баримлаар  дүрс гаргах, цаасаар дүрс хай чилж наах дадал хэвшилд сургах.
  8. Үеийн нөхөдтэйг ээ, аав ээжтэйгээ, ахмадуудтай  зөв  харьцах харьцааны соёлыг эзэмшүүлж  төлөвшүүлэх, ахмадын хөдөлмөрийг хүндэтгэх, тэдэнд туслах эрмэлзэлтэй болгох,  бие дааж гэрийн ажлын зарим хэсгийг хийх чадвартай болгох.
  9. Бие бялдрыг хөгжүүлэх  /биеийн  хөгжүүлэх  дасгал хийх, хөгжөөнт тоглоомоор тоглох, үндсэн хөдөлгөөн  болох гүйх, харайх, үсрэх, авирах,тэнцэж явах зэрэг хөдөлгөөнийг хөгжүүлэх, жижиг булчингуудыг хөгжүүлэх , агаарт зугаалж тоглох г.м./ чиглэгдэнэ.


2011-01-18

АЛАГДАЙ АВАРГА - 5

Д.Цэвэгмид


(Багачууддаа уншиж өгөөрэй 5-6 настай, 5-р хэсэг)
Үргэлжлэл


Гайхал аварга Алагдай
Гавьтай гүйж чадсангүй
Хэдхэн харайсны эцэст
Хийгүй бөмбөг шиг шолхойж
          Ахин дахин чармайвч
          Аахилан бахардан цуцаж
          Араатны хоншоорын өмнөхөн
          Амь тэмцэн ойчив.
Амжиж энэхэн хооронд
Ах эгч хоёр нь
Аюул түгшүүрийн мэдээг
Анчинд хүргэж чадсанаар
          Шүдээ хавиран дайрч
          Шүлсээ гоожуулан довтолсон
          Ховдог чонын толгойд
          Холч буугийн сум тусаж,
Тарган цүзгэр Алагдай
Танагтай үлдсэн боловч
Сандарч айсны эрхээр
Салганан бие нь чичирч
          Хөл нь эзэнгүй гуйвганан
          Хөлс нь тогтолгүй асгаран
          Уруу буруугаа унаж
          Ухаантай ухаангүй байв.
Ах эгч хоёртоо
Алагдай түшүүлэн явахыг
Агаарын жигүүртнүүд үзээд
“Аваргыг хараач та минь,

          

Баахан мэдлэгтээ ташуурч
Бардам сэтгэл баривал
Сээтэн чонын зууш болж
Сэвстэй гүзээ л үлдэнэ шүү” гэж инээлдэв.
           Айдар баахан Алагдай
           Амь наана, там цаана
           Алхаж ядан гуйвсаар
           Арай чарай ирэхэд нь
Сүргийн өвгөн сэрх
Сүрхий түвшин дүрээр
Сэлмэн эврээ сэжин байж
Сэрвэн сахлаа ирмэн байж:
           “Ямаан омог эрдэм биш
           Ярвагар зан чимэг биш
           Бэрхийг сурвал гайхамшиг
           Эрхийг сурвал гутамшиг
Эцэг өвгөдийн захиасыг дага,
Эрдэмтэн мэргэдийн үгсийг сана,
Эеийн жолоог хүндэтгэ
Эвийн холбоог бататга.
           Мэдлээ гэж бүү сагсуур
           Мэдлэгийн хүрээ хязгааргүй,
           Сурлаа гэж бүү онгир
           Сурлагын далай захгүй” гэж
Ижил сүрэгтээ хандан
Илтгэж хэлсэн үг нь
Ишгэн ухнад ч хэрэгтэй,
Идэр тамирчинд ч сургаалтай.

2010-12-13

2-оос 3 нас хүртэлх хүүхдийн сэтгэл зүйн онцлог.

  • 2 настай хүүхдийн идэвхтэй үгийн сан 300-400 болно. 2-3 нас хүртэл хүүхдийн үгийн сан идэвхтэй нэмэгдэнэ.
  • “Энэ юу вэ?”, “Энэ хэн бэ?” гэж асуулт тавина, үйл үг, нэр үг, тэмдэг нэр, төлөөний нэр зэргийг эзэмшиж богино хэмжээний өгүүлбэрээр ярьж эхэлнэ. Асуулт тавьж эхэлнэ гэдэг хүүхдийн оюуны хөгжил сайн байна гэсэн үг.
  • Харандаа атгаж зураас зурж эхэлнэ, өрж байгуулах тоглоомоор юм өрж тоглохыг оролдоно.
  • Бие дааж явна. Бие дааж бүх юманд хүрч очихыг оролдоно.
  • Юмсыг орлуулан тоглоно (жишээ нь савх мод хүүхэлдэй болох, дөрвөлжин мод машин болох г.мэт).
  • Яриа нь харилцааны хэрэглүүр болно.
  • Эсэргүүцэж эхэлнэ, энэ үед ахмад хүмүүс хүүхэдтэй харьцах харьцаагаа өөрчлөх, хүүхдэд хандах хандлага өөрчлөх шаардлагатай.
  • Хүүхэд Хаана? Хаашаа? Хаанаас? Хэзээ ? зэрэг зүг чиг хугацаа заасан асуулт тавина. Энэ насан дээр хүүхэд асуулт тавихгүй бол хэл ярианы хоцрогдол гарч болзошгүй тул хүүхдийн сэтгэхүй оюуны хоцрогдол буюу сонсголыг шалгуулах шаардлагатай.
  • Энэ насанд хүүхэд тоглоомоор идэвхтэй тоглож наадна. Насанд нь тохирсон олон төрлийн чанартай хоргүй, аюулгүй тоглоом авч өгөх шаардлагатай.
  • Зурагтай ном үзэх сонирхолтой болно. Энэ үед нь номонд сонирхолтой болгохын тулд зурагтай ном авч өгч байна. Эцэг эх өдөр бүр цаг гаргаж хүүхдэдээ ном уншиж өгөхийг зөвлөж байна. Хүүхдийн хэл яриаг эрчимтэй хөгжүүлэх зорилгоор хүүхдэд хүүхдийн ном уншиж өгөх. 2-3 настай хүүхдийн үгийн санг нэмэгдүүлэх, ярианд сургах гол зорилго байдаг. Зураг дээр байгаа зүйлийг зааж асууж эхэлнэ. Энэ үед эцэг эхчүүд анхааралтай хандаж тайлбарлан өгөх хэрэгтэй. Хүүхэд хэдэн ч удаа асууж болно, харин та тэвчээртэй хариулах хэрэгтэй.
  • Бие дааж халбага сэрээ барьж хоолоо идэх, аягтай цайгаа барьж ууна.
  • Хувцсаа тайлах өмсөх чадвар сууж эхэлнэ.
  • Өөрийн хүсэл хэрэгцээгээ илэрхийлж эхэлнэ.
  • Урагшаа хойшоо алхан, тонгойж юм түүж авна, гүйнэ, юманд авирч эхэлнэ. Гүйхдээ хөдөлгөөнөө зогсоож чадахгүй.
  • Энэ насны хүүхэд өөрөө бие дааж юм хийх эрмэлзэл, идэвхтэй болсон байна.
  • Хоёр настай хүүхэд юмыг дуурайх онцлогтой учир нүдээр үзэж, чихээр сонсож, гараар барьсан зүйлээ дуурайх үйл хийнэ.
Хоёр настай хүүхэд өмнө дуулгавартай байсан бол зөрүүд байдал гаргана. Энэ насны хүүхдийн хамгийн дуртай “үгүй” гэдэг үг бий болно. Тэд юм л бол “үгүй” гэнэ. ”Хоолоо ид” гэхээр “үгүй”, “миний хүү наашаа ир” гэхээр “үгүй”, “май энэ тоглоомыг ав” гэхлээр “үгүй” гэж хариу өгнө. Энэ бас учиртай. Хэрэв бид сайн ажиглаад үзэхэд эцэг эх, насанд хүрэгчдээс өөрт нь тулгаад байгаа тэр зүйлийг л хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байдал илэрч буйг ажиглаж болно. Энэ нь чухамдаа түүнийг хүсэхгүй байгаа биш харин бусдын тушаах, тулгах, даалгахыг биелүүлэх дургүй байгаагаас тэр юм. Хүүхэд өөрийг ээ”бие хүн” гэдгийг мэдэрч эхэлж байгаа юм.

Энэ насыг “шилжилтийн нас” гэж эрдэмтэд нотолсон байна. Чухам яаж нотолсон бэ гэвэл. Үүнээс өмнө насанд хүрэгчдийн хэлсэн бүгдийг үг дуугүй зөвшөөрдөг байлаа. Харин одоо бол түүний эсрэг өөрийн хүслээ сөргүүлэн тавих болно. Энэ үед эцэг эх хүүхэдтэй хандах хандлага өөрчлөгдөх шаардлага гарч ирнэ. Тэгвэл эцэг эх яах ёстой вэ? Зөнгөөр нь орхих уу, эсвэл хатуу зүрх гарган өөрийн үзэл дээр бат зогсох уу? Энэ тохиолдолд хамгийн шалгарсан арга бол хүүхдийнхээ анхаарлыг өөр тийш нь хандуулан өөр үйл ажиллагаанд татан оруулах явдал юм.
  • Хүүхдийг хоёр настайд нь ямар нэг дэг журамд сургах ёстой. Энэ нь тун уян хатан байх ёстой. Хэт хатуу шаардлага нь энэ насныхны тогтворгүй сэтгэлийн хөдөлгөөнтэй зөрчилддөг юм.
  • Эцэг эхийн шаардлага нь нэг нэгийгээ үгүйсгэж болохгүй. Энэ насны хүүхдийнхээ өөрийн сэтгэлээ чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах хэрэгтэй. Энэ насанд хүүхэд баярлах, хөөрөх, уурлах эгдүүцэх, чанга хаш гарах байдлаар илэрхийлнэ. Хүүхэд эсэргүүцсэн сэтгэлээ илэрхийлэхэд нь саад болох хэрэггүй, харин түүнд ойлгуулах хэрэгтэй.
  • Хоёр настай хүүхэд эцэг эхээс анхаарал халамж, хайрыг хүсдэг. Эцэг эх сэтгэлийг нь ойлгох, тааламжгүй байдлыг нь хамт хуваалцаж байна гэдгийг тэд мэдрэх нь чухал.
  • Хоёр настайдаа хүүхэд өлсөж байгаагаа тэр болгон ойлгодоггүй. Мөн ядарснаа ч тэр болгон мэдэрдэггүй. Иймээс тэдний амрах, хооллох цагийг эцэг эх бид зохицуулан.
Энэ насанд эцэг эх дараах зорилт тавин хүүхдээ хөгжүүлэх нь зүйтэй. Үүнд:
  • Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах бэхжүүлэх.
  • Ариун цэвэр эрүүл ахуйн дадал хэвшлийг нь бэхжүүлэх, өөрөө өөрийг ээ үйлчилж сурсан байна.
  • Үндсэн хөдөлгөөнийг хөгжүүлэх ба ядаргаанаас хамгаалах.
  • Хүүхдийн хүртэхүй, анхаарал, ой тогтоолтыг хөгжүүлэх.
  • Орчинтойгоо харьцаж мэдрэхүйн эрхтэнгүүдийг хөгжүүлэх.
  • Байгалийг танин мэдэх ба ургамалтай зөв харьцаж сургах.
  • Хүүхдийн хэл яриаг үргэлжлүүлэн хөгжүүлэх, ярианд сургах, ном уншиж утгыг нь яриулж сургах, үгийн баялгийг нэмэгдүүлэх, үеийн хүүхэдтэй харьцаж сургах.
  • Сэдэвт тоглоомоор тоглуулах, нөхөдтэй гээ хамтран тоглож сурах.
  • Олны дунд бие ээ зөв авч явах, ойр дотнын хүмүүс болон эцэг эхээ хайрлах.
  • Урлаг уран сайхныг сонирхож оролцохыг нь дэмжих хэрэгтэй байдаг.

2010-12-03