2018-05-23

Өвлийн тухай 2,3 -р хичээл.

Өвлийн тухай сургуулийн өмнөх насны хүүхдэд танилцуулна.
Хүүхдэд танилцуулах үлгэр жишээ үйл ажиллагаа ба хичээлийн конспек. 
/ Та бүхэн өөрийн бодол санааг оруулж өөрчилж болно/.
Нийт 6 хичээлийн конспект (2,3)
Бэлтгэсэн Д.Нонна


2-р ХИЧЭЭЛ

Сэдэв: “Өвлийн тухай”

Хүмүүжил сургалтын зорилго:
  • Өвлийн улиралын тухай төсөөллийг бататгах 
  • Өвлийн улиралын тухай хүүхдийн мэдлэгийг тодруулах 
  • Өвлийн улиралын гоо сайхныг мэдрүүлэх 
  • Хүүхдийн ярианы чадварыг сайжруулах ба үгийн баялагийг нэмэгдүүлэх 
Хүмүүжил сургалтын бэлтгэл:
  • Экскурсээр явж өвлийн онцлогийг олж харуулах хэсгүүдийг урьдчилан үзэж бэлтгэсэн байна
  • Хүүхдээс асуух асуултыг бэлтгэнэ
  • Цас зөөх, овоолох багаж хэрэгслэл бэлтгэнэ
Хүмүүжил сургалтын үйл явц
  1. Хичээлийн зорилгоо танилцуулна. /экскурсээр явах тухай/
  2. Зугаалаганд бэлтгэж гарна
  3. Хүүхдээ дагуулж хашаан дотор яваж мод, шувуу, байшин, дээвэр дээр байгаа цасын ажиглуулж яриулах 
  4. Цас бариулж үзэх, цасан ширхэгийг ажиглуулах
  5. Цасны ширхэгийн шинж чанарыг яриулна
  6. Өвлийн тухай шүлэг уншиж өгөх
С.Эрдэнэчулуун              Анхны цас.

Уулсын сүрлэг оргилоор
Уудам талын энгээрээр
Урт хөндийн эхээр
Ус мөрний саваар

Ариг цэвэрхэн
Ариун цагаахан
Анхны цас орж байна.

Танай барилгын дээвэр дээр
Таримал модны мөчир дээр
Тадбай, гудамж зам дээр
Таны миний малгай дээр

Ариг цэвэрхэн
Ариун цагаанхан
Анхны цас орж байна

Хөөрхөн баяссан хүүхдийн
Хөөрхөн гарын алган дээр
Хөгжүүн тамирчид уралдах
Хөнгөн цанын талбай дээр

Ариг цэвэрхэн
Ариун цагаахан
Анхны цас орж байна.

7.Улиралтай холбоотой оньсого цээжлүүлэх

Дун цагаан
Хар бараан
Хурц ногоон
Хонгор шар /өвөл, хавар,зун,намар /

8.Зарим үг хэллэгийг хэлүүлэх
9.Хичээлийг дүгнэж дуусгана
10.Түргэн хэллэгээс тайлбарлаж цээжлүүлэх

Хүрэн үнээний
Хөвөрхий уяа
Хөвөрхөд нь ч хөвөрнө
Хөлбөрөхөд нь ч хөвөрнө

Жороо морины
Жолоогий нь дарвал
Жороо нь орохоос
Жороо морины
Жолоогий нь дарахгүй бол
Жороогоороо явахгүй

3-р ХИЧЭЭЛ


Сэдэв: Өвлийн шувуу, амьтадын тухай

Хүмүүжил сургалтын зорилго:

  • Өвлийн цаг уурын байдал, амьд ба амьгүй байгальд яаж нөлөөлж байгааг мэдүүлэх
  • Ажиглалтаар олсон мэдлэг, төсөөллөө өөрийн үгээр илэрхийлж ярих чадварыг бататгах
  • Хүүхдийн үгийн баялагийг нэмэгдүүлэх

Хүмүүжил сургалтын бэлтгэл:

  • Өвлийн улиралын зураг
  • Өвлийн улиралд байгаа амьтад шувуудын зураг

Хүмүүжил сургалтын үйл явц:

  1. Хичээлийн зорилгоо танилцуулах
  2. Анхны цас шүлгийг давтан урнаар уншина /2-р хичээлээс /

Асуулт:

  • Юуны тухай шүлэг вэ?
  • Цас аль улиралд ордог вэ?
  • Нар цасыг яагаад хайлуулдаггүй вэ?
3.Ажиглалтаар олсон мэдлэгийг сэргээн сануулж яриулна
Асуулт дэвшүүлэх:

  • Мод одоо ургаж байгаа юу?
  • Яагаад

4.Өмнө үзсэн зэрлэг амьтад, шувуудын сэргээн сануулах
Багшийн яриа:

  1. Өвөл ургамлын ургалтл зогсдог царцаж хөлдсөн байдаг тул амархан гэмтдэг тухай
  2. Ургамлыг хайрлан хамгаалах тухай
  3. Цасан дээр юуны мөр байгаа тухай, амьтдын амьдрал янз бүр байдаг
  4. Амьтдын үс ноос ургаж өтгөн болдог тул тэднийг хүйтгээс хамгаалдаг тухай
  5. Өвөл хүйтэн болдог амьтад даарч эхэлдэг хөл нь хөрдөг. Иймд амьтад байнга хөдөлгөөнтэй байх шаарлдагатай дэт гүйж, харайх нисэж байж дулууцдаг, үүрэндээ хоол хүнсний зүйлийг бэлтгэсэн нүх нь дулаан байдаг. Тэнд амьдарч байгаа амьтан хоол идээд л унтдаг юм.

Амьтан бүхэн өвөл хоол ирдэг юм. Хар хэрээ, шар шувуу, үнэг, чоно зэрэг амьтад зарим үед нэг хоолыг хувааж иддэг юм. Амьтан цатгалан их өөхтэй байвал даардаггүй байна. Энэ бүгдийг задалж ярьж өгнө. Өвлийн шувуудын амьдралаас ярих. Гэрийн ойр байгаа шувууд мөн ой модонд хээрийн шувуудын тухай ярьж өгнө.

6.Хүүхдийг зургаар яриулах
7.Амьтадын тухай шүлэг, зохиолоос уншиж өгөх

Жишээ нь:

АМЬТАДЫН ТӨЛ

Туулайн зулзагыг бүжин гэнэ
Барсын зулзагыг бамбар гэнэ
Баавгайн зулзагыг бамбарууж гэнэ
Гахайн төлийг тоорой гэнэ
Хандгайн төлийг хотол гэнэ
Аргалын төлийг хурга гэнэ
Цаа бугын төлийг хугаж гэнэ
Янгирын төлийг ишиг гэнэ
/ Энэ шүлгийг цээжлүүлж болно /

8.Хүүхдэд хандаж дараах асуултаар ярилцах

  • Өвөл ямар амьтан ичдэг вэ?
  • Ямар амьтад ичдэггүй вэ?
  • Өвөл амьтад юу иддэг вэ?
  • Өвөлждөг шувуудыг нэрлэ
  • Юу идэж шувууд өвөлждөг вэ?
  • Чи ямар амьтан шувуудыг үзсэн вэ?

9. Хүмүүжил сургалтыг дүгнэж дуусгах
10. Хэлний ээдрээ гаргах үгс
          Сольж барьсан гэр
          Сарьж тарьсан үр
          Шилж олсон шүр
          Ширж оёсон ширдэг
                    Суран жолоо
                    Хулан жороо
зэргийг цээжлүүлж түргэн хэлүүлэх

Хавсралт №1
МАНАЙ ОРОНД ӨВӨЛЖДӨГ ШУВУУД
ХҮҮХДҮҮДЭЭ! Их зохиолч Д. Нацагдорж нутаг орон ба жигүүртний холбоог товч тодхон ингэж бичсэн байдаг
“ Уул ус нь тэгш бол
Жигүүртэн донгодох нь яруу” гэжээ

Манай оронд эрдэмтдийн тооцоолсноор 328 зүйлийн шувуу байна. Үүнээс дөнгөж 84 зүйлийн шувуу манай нутагт үлдэн өвөлждөг. Бусад зүйлийн шувуу манай нутагт үлдэн өвөлждөг. Бусад зүйлийн шувуу яагаад буцдаг бол гэж хүүхдүүд та нар асуух бизээ? Энэ олон зүйлийн шувуу манай орны тасхим хүйтэж өвлийн улиралыг даадаггүй учир алс хол африк тив болон далайн эрэгт очиж өвөлждөг. Өвлийн хүйтэнд эдгээр буцдаг шувуудын бие даарч бээрэх ба иддэг хоол олдохоо болино. Иймээс дулаан нөмөр газрыг даган, тэжээл элбэгтэй нутагт очихоос өөр замгүй болдог байна. Монгол орны хүйтэн өвлийг сайн даадаг өлчир амьдралтай шувуудын заримаас өгүүлье. Манай орны ой хөвчид ачлал хийх их сонин. Энд тэндгүй тас няс хийгээд зүйл бүрийн дуу сонстоно. Энэ дуу чимээний ихэнийн нь эзэн бол манайд өвөлждөг жигүүртэй шувууд юм. Хэрэв хүүхдүүд та нар ой модтой ийм нутагт аялвал өндөр моддын ишийг даган дээш доош гүйж байгаа жижиг хөх шувууг харах болно. Тэр шувуу нэг жаахан гүйснээ давтан зогсосхийгээд холтос тоншин “жиг-жиг” гэсэн дууг хэдэнтээ давтан гаргана. Энэ шувууг тоншуул гэнэ. Өвлийн цагт идэш хоол нь ховор байх учир “ Би энд өт хорхой түүж байна”. Та нар цаагуураа түүцгээ гэж өөрийн байгаа газраа өмчирхөн жиргэж буй нь тэр юм.

Бор шувууны хээрийн биетэй, хоёр шанаа нүдний тус газартаа гялтганасан хар өдтэй уртавтар сүүлтэй хөх цэнхэр шувуу хэд хэдээрээ бууж ниснэ. Тэд бас ийш тийш ажиглах шиг болсноо “жир-жир гэж тасалдсан дуу гарган юм тоншин түүж эхэлнэ. Энэ нь хөх бух гэдэг шувуу. Энэ шувуу өвөл өт хорхой шавжийн хаягдсан өндөг ховор болмогц олноор өлбөрөн үхдэг юм.

Ойн гүнд юмуу, эсвэл шугуйд “тар-р” хийж мод доргих сонсогдоно. Чимээ гарах зүгийг даган ойртвол урт шовх хошуутай магнай дээрээ улаан буюу шар ногоон толботой хар цоохор шувуу “сүр-сүр” гэж нисэж бууна. Үүнийг алаг тоншуул гэнэ. Манай оронд их бага алаг тоншуул гэж хоёр зүйлийн алаг тоншуул бий. Тоншуул шувуу дөрвөн хумстай байдаг юм. Түүний хоёр нь урагш, хоёр нь хойш харж тогтсон байх тул модны ишин дээр эгц босоо байдалтай сууж чаддаг. Хошуу нь урт, хурц үзүүртэй ба хүчүүний булчин сайн хөгжсөн тул толгойгоороо мод тоншиж модны өт түүж иднэ. Тоншуулын сонор соргог чих модны дотор байгаа өт хорхойн хөдлөхийг анддаггүй. Модны холтсыг цөмлөхөд тэр болгон өт хорхой ойр байхгүй болохоор түүнийг авч идэхийн тулд өтний явсан нүхээр үзүүртэй өргөстэй урт хэлээ шургуулан дугээцэж явдаг.

Манай оронд бялзуухай, болжмор, бор шувуу, цагаан, элэгт, бөгбаатар, шар шувуу зэрэг шувууд өвөлждөг. Багачууд та нар байгалийн нөхөр шүү дээ. Эдгээр өвөлждөг шувууд ихэнхдээ ашигтай байх учир та нар тэдгээрийг хамгаалах хэрэгтэй. Энэ зорилгоор шувуу тэжээх байр үүр засах ажлыг хийцгээ.

Хүний сайн нөхөр шувуудыг асрамжлан хамгаалж, өвлийн улиралд тэдэнд хөдөөд бол ойр хавийн ууланд, хотын цэцэрлэгт үүр барьж идэшний үлдэгдэл зүйлээр шувуудын “гуанз” байгуулцгаая.

2018-05-01

Өвлийн тухай сургуулийн өмнөх насны хүүхдэд танилцуулна.

Хүүхдэд танилцуулах үлгэр жишээ  үйл ажиллагаа ба хичээлийн конспек. 
/  Та бүхэн өөрийн бодол санааг оруулж өөрчилж болно/.

Нийт 6 хичээлийн конспект

1-р ХИЧЭЭЛ

Сэдэв: Өвлийн тухай    \2 – 3  хичээлээр үзнэ\

Хүмүүжил сургалтын зорилго:
  • Өвлийн тухай мэдлэгийг баяжуулан танилцуулах
  • Өвлийн тухай олон янзын үзэгдлийн тухай хүүхдэд ойлголт өгөх
  • Өвлийн холбогдолтой зарим үгийн баялагийг нэмэгдүүлэх
  • Хүүхдийн ярианы чадварыг сайжруулах

Хүмүүжил сургалтын бэлтгэл:

  • Өвлийн тухай сэдэв зураг
  • Уран зохиолын материал бэлтгэх явц

Хүмүүжил сургалтын  үйл  явц:

  • Хүмүүжил сургалтын  зорилгоо танилцуулах
  • Багшийн яриа

Өмнө өвлийн улирлын онцлогоос та бүгдэд танилцуулсан. Өвөл хүйтэрдэг, цас ордог, эргэн тойрон цасаар хучигдаж, мод ургамал бүгд нүцгэн хөлдүү болдог. Гол мөрөн, ус хөлддөг. Зарим амьтад ичиж, зарим нь хоол эрж амьдардаг тухай өмнөх хичээл дээрээ бид ярилцсан билээ. Өнөөдөр монголд өвөл ямар байдгийг ярьж өгнө.
Өвлийн улирлыг
  • Өвлийн уур амьсгал орох
  • Өчүүхэн цас унах
  • Их цас унах
  • Өвлийн туйл болох
  • Өчүүхэн хүйтэн

Их хүйтэн зэрэг 6 улиралд хуваагддаг байна.
Өвлийн уур амьсгал орох өдөр хүйтний эрч нэмэгдэж, ус зайрмагтан мөсөн захтай болно. Солонго татахаа больж цас орж, тэнгэрийн уур дээш дэгдэж, газрын уур улам доош бууна. Ичигч амьтад урт нойронд орно гэх мэтээр өвөл сар сардаа өөр болдог.
Өчүүхэн хүйтэн болох улирал 1-р сарын 5, 6-нд эхэлж хүйтний эрч ихэд нэмэгдэнэ. Араатан амьтан даарч, хоол эрж ийш тийш гүйлдэх нь ихсэнэ. Шар шувуу үүрээ дулаална. Гургуул шувуу дуугарч эхэлнэ.
Их хүйтэний улирал болох улирал нь 1-р сарын 20- 22-ны өдөр эхэлнэ. Энэ улиралд хүйтэний эрч туйлдаа хүртэл чангарч дунд үеэсээ хүйтний эрч үе үе суларч байгаад хаврын улирал залгана.

Өвөл бид гадаа гарч цас яаж нэмэгдэж байгааг хэмжиж үзнэ.
Цас гэж юу вэ?
Цас гэдэг бол олон тооны жижиг хөлдүү мөснөөс үүсдэг байна. Үүнийг цасан ширхэг гэнэ. Цасан ширхэг бүхэн өөр өөр хэлбэр дүрстэй байдаг. Цас янз бүрийн байдлаар ордог. Жишээ нь: Хүйтэн өдөр цасан ширхэгээр, дулаавтар өдөр бөөн бөөнөөр, хүйтэрхээр будаа шиг, салхитай өдөр зүү шиг цасан ширхэг ордог байна.
Агаарын дулаанаас цасны шинж чанар өөр өөр байна. Хүйтэн өдөр цасан ширхэг хуурай юм шиг орж, хоорондоо наалдахгүй. Ийм цасан дээр явахад чахран дуу чимээ их байна. Цасан ширхэг хоорондоо хүртэл наалдахгүй. Дулаан өдөр цасны чанар нь зөөлөн наалдамхай болж баримал хийх боломжтой.
Өвлийн улиралд гол мөрөн аажим хөлдөнө. 11 12-р сард захалж хөлдөхөд 1-р сард гол мөрөн бүрэн хөлдөнө. Өвлийн улиралад мод, бут нь ургахгүй, амарч эхэлдэг. Бүх мод нүцгэрэн гэхдээ мөчир дээр нахиа үүс, тэр ургахад бэлэн болжээ. Хэрэв чи тэр мөчрийг огтолж байрандаа усанд хийгээд тавихад тэр нь навчаа дэлгэж эхэлнэ. Үндсэндээ мод сэргэж эхэлж байгаа нь тэр. Модны үндсийг хөлдөөхгүйн тулд ёроолд нь цасаар хучдаг юм.
Өвөл зарим мод мөнхийн ногооноор байдаг. Энэ нь гацуур, нарс хоёр мод байнгын ногоон байна. Иймд өвлийн улиралд модоо байнга хамгаалах хэрэгтэй.
Эртний ном сударт байгалийн олон үзэгдэл, үйл явц, сайхан муухай, өдрүүдийн тухай бичсэн байдаг.

Үүнд:
  • Өвлийн улиралд хөх хулган өдөр цас орвол тэр жил цас их орно
  • Өвөл их цас орвол зун нь бороо бага орно
  • Өвөл нь дулаан бол зун нь хүйтэн сэрүүн болно
  • Өвөл хүйтэн бол зун нь халуун болно
  • Өвлийн өглөө, орой тэнгэрийн хаяа тол улаан байвал цаг агаар өөрчлөгдөнө гэж бичжээ
  • Өвөл юу юу үзсэн тухай хүүхдээр яриулах

Өвлийн тухай юу мэддэгийг дараах асуултаар яриулна
  • Өвөл намраас юугаар ялгаатай вэ?
  • Мод бургас ямар болсон бэ?
  • Газрын хөрс ямар болсон байна
  • Цасан ширхэг ямар байдаг вэ?
  • Цас ер нь ямар байдаг вэ?
  • Өвөл ямар шувууд байдаг гэх мэт


Өвлийн тухай оньсого цээжлүүлэх
“Дээвэр эсгий
 Дэлхийг бүтээнэ”        /цас/

“Хүйтэн өвөл
 Тал дээр хэвтэнэ”
 Хойтон хавар нь
 Гол руу гүйнэ               /цас/

IШинэхэн дээрээ хөвөн шиг
Хуучрахаараа төмөр шиг   /цас /

Өвлийн тухай шүлгүүдээсг давтана

А.Прокофьев   Анхны цас

Эргэн тойрон цасхан
Энд тэндгүй цагаахан
Хаа сайгүй цасхан
Хашаа л харвал цагаахан

Хундан цагаан мөр
Хурдан бөжин үлдээжээ
Хурган цагаан малгай
Хус модхон өмсчээ.

Хүмүүжил сургалтыг дүгнэж дуусгана

Ертөнцийн гурваас цээжлүүлэх

Ертөнцийн гурван ногоон
Усанд замаг нэг ногоон
Хаданд хөгц нэг ногоон
Дэлхийд ногоо нэг ногоон

Ертөнцийн гурван хөх
Уудам дэлхийн тэнгэр нэг хөх
Унтрах галын дөл нэг хөх
Урсах голын ус нэг хөх

Нэмж ярих зүйл

2-р сар болж өвлийн сүүлийн сар, цаг агаарын хувьд өдөр нартай, зарим газар цас хайлах, шөнөдөө болохоор хүйтэрч, газрын хөрс нь хөлдүү мөсөөр хучигдана. Энэ сар бол хамгийн хэцүү байдаг. Амьтадын хувьд бэлтгэн авсан тэжээл нь дуусч, тарган өөхтэй амьтадын өөх нь дулааны элч барихаа больж даарч эхлэнэ.

Амьтад, шувууд хөх ногтруу, явуу хур гэх мэт цасанд шигдэж хуугддаг байсан бол мөсөн хучлагатай болсноос амьтад орох газаргүй болж даарч хөрч хөлдөнө.
Энэ сарыг хавар болтол “тэсэх сар” гэдэг. Бүх амьтадын хүнсний нөөц дуусдаг юм. Ой модонд салхи болоход энд тэнд нуугдсан шувуу хорхой шавьж жижиг амьтад хөлдөж хийсч газраар тардаг юм. Амьтад тэдгээрийг түүж идэхийг идэж цэвэрлэж хаядаг байна.
Усны ёроолд голын эргийн ойролцоо мөсөн дор мэлхийнүүд хөдөлгөөнгүй мөсөөр хучигдсан гаргаад авхад маш хэврэгхэн хөл биеийг нь хугалах шахдаг. Иймд эдгээр мэлхийг дулаан байранд олуулаад гэсгэхэд тэдгээр мэлхий сэрж шалан дээр үсрэнэ. Иймд мэлхий дулааныг хүлээж ичээндээ л байна.

Ойд амьдарч буй хандгай, зээр нь эврээ хаяж эхлэнэ. Эвэргүй болохоор тэднийг чоно барихыг завдах боловч хурч туурайгаар тэд биеэ хамгаалдаг. Гэвч эдгээр амьтад дараах эвэр нь ургаж эхэлдэг юм.
Энэ сар хүйтэн байдаг болохоор мөн усны бор шувууд хүйтэн усанд /цооногт/ орж усан дотроос усны хорхой шавьж түүж иднэ.
Загас ч өвөл усны гүнд орж өвөлжин ичнэ. 1, 2-р сарын эхэнд загасанд агаар дутагдаж эхлэнэ. Энэ үед загас дээшээ гарч мөсний завсараас агаараар амьсгалж байдаг. Иймд та нар ч гэсэн мөсөнд цооног нүх гаргах шаардлагатай байдаг.
2-р сард хаврын урь орж эхлэнэ. Энд тэнд цас хайлж байшингийн дээврээс мөсөн унжлага бий болно. Нар хурц болж дулаарна. Тэнгэр цэлмэг болж үүл багасаж эхлэнэ. Дулаархаар хөх бух шувуу нисч ирнэ. Оройн цагт муурын дуу чимээ гарна. Ой модонд тоншуулын дуу чимээ ч гарна. Хаврын эхэн үед сайр шувуу гарч гацуур нарсны боргоцийг түүж иддэг юм. Сайр шувуудын бүжиг наадам ч эхэлдэг юм.

Тайлбар:
Өвлийн тухай ахлах дунд бага бүлэгт тус бүрт тохируулан багш ярина. Энэ хичээлийн эцэст өвлийн холбогдолтой шүлэг дуу оньсого тааврыг зааж сургаж ярилцана. Мөн өвлийн холбогдолтой зураг өгч зургийн утгыг яриулах, өгүүлбэр өгүүллэг зохиолгоно. Энэ сэдвийг ярьж тайлбарласны дараа хүүхдээс асуулт тавьж яриулна.

  • Өвлийн цаг агаар ямар байдаг вэ?
  • Өвөл намрын аль нь хүйтэн байдаг вэ?
  • Өвөл ургамал яагаад ургадаггүй вэ?
  • Өвөл хорхой шавьж яадаг вэ?
  • Өвөл шувууд яадаг вэ?
  • Өвөлждөг шувуудыг нэрлэ
  • Өвөл зэрлэг амьтад хэрхэн яаж амьдардаг вэ?
  • Өвөл тэжээвэр амьтад хэрхэн өвөлждөг вэ?
  • Малчид өвөл малаа ямар аргаар арчилдаг вэ?
  • Өвөл хүмүүс ямар хувцас өмсдөг вэ?
  • Өвөл хүүхдүүд яаж тоглодог вэ?  Гэсэн асуултаар ярилцана.


Боловсруулсан Д.Нонна

2017-09-10

Социализмын үед хүн бүр хүүхэд рүү анхаардаг байлаа.

Эх нийтлэл нь  /www.davalgaa.mn/ хуудсанд байгааг уншиж олно.

Монголын багш нарын 47 дахь өдрийг угтаж “цэцэрлэгийн” гэх тодотголтой, боловсрол судлалын магистр, “Зөвлөх” багш Д.Ноннатай “Боловсролын давалгаа” ТББ-ын ажилтнууд социализмын үеийн хүүхдийн хөгжил, хүмүүжлийн талаар ярилцлаа.
Д.Нонна багш маань гялалзаад л би “Багачууддаа уншиж өгөөрэй” номынхоо 1 дүгээр дэвтрийг гаргалаа. Үүнийг 3 хүртэлх насны хүүхдэд зориулан гаргаж байгаа юм. Одоо хүүхдүүд “Хэнз хурга” шүлгээ ч мэдэхээ байчихсан байна шүү дээ гэсээр яриагаа эхлэв.

Боловсролын давалгаа (Б.Д): “Боловсролын давалгаа” ТББ-аас цаашид үйл ажиллагаагаа явуулахад “Одоо бид хүүхдийг ер нь яаж харах юм бэ?” гэсэн асуулт тулгараад байна. Малчин, нүүдэлчин үед ахмад хүмүүс бол амьдралын хамгийн их туршлагатай, мэдлэгтэй, тэднийг бусад нь хүндэлдэг, үгийг нь сонсдог байсан. Гэтэл одоо бидний амьдралын тогтолцоонд өөрчлөлт ороод байна. Суурьшмал амьдралтай болж. Зарим залуучууд ихийг мэддэг, чаддаг болжээ. Тэгэхээр хүүхэд, залуучуудад хандах хандлагаа эргэж харах шаардлага бидэнд үүсч байна.

Д.Нонна (Д.Н): Харин тиймээ. Хүүхдийг хүн гэж үздэггүй, тэдэнд дээрэлхүү байдлаар ханддаг хүмүүс цөөнгүй байна. Би автобусанд жаахан хүүхдийг суудлаас нь босгодоггүй. Хүүхэд чинь ч бас ядардаг юм шүү дээ. Уламжлалт аргаа орчин үетэйгээ уялдуулах шаардлагатай. Өнөөгийн эцэг эхчүүдийн хүүхдээ таних, хүүхэдтэйгээ ажиллах боловсрол их тааруу болжээ.

(Б.Д): Одоо үеийг социализмын үетэй харьцуулахад ялгаа байна уу?

(Д.Н): Социализмын үед хүүхдийн тухай хүн бүр ярьдаг байсан. Боловсролын байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллага, хөдөө орон нутагт очиход аймаг, сум нэгдлийн дарга нар гээд хүүхдийн асуудлыг ярьдаггүй хүн байгаагүй. Төрөөс хүүхдийн хүмүүжилд их анхаардаг байсан. Хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаар эцэг эхчүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажил ч их хийдэг байлаа. Сар тутам “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүл гарч, түүнийг нь эцэг эхчүүд тогтмол авч уншдаг байсан.  Би цуглуулсан “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүлээ нийслэлийн 129 дүгээр цэцэрлэгт өгсөн. Тэнд очиж үзэж сонирхож болно.

(Б.Д): Дуу, шүлэг гэх мэт хүүхдэд зориулсан бүтээлүүд ч олноороо гардаг байсан даа.

(Д.Н): Тийм. Элдэв-Очир чинь хүүхдийн кино театр байлаа шүү дээ. Хүүхдэд зориулсан “Оюун түлхүүр” сэтгүүл гардаг байлаа. Түүний дотор эцэг эхчүүдэд зориулсан зүйлс бас байдаг байсан. Мөн олон эцэг эх хүүхдүүдтэйгээ сонсдог “Цэнхэр самбар” радио хичээл бүтэн сайн өдрийн 10.00 цагт явдаг байв. 1962 он чухал эргэлт гарсан жил байсан. Засгийн газраас хүүхдийн асуудалд анхаарах талаар бүх хүнд хандсан захидал гаргасан.

1990 он гараад л хүүхдийн хүмүүжил гэж ярих хүн ховордсон доо. Би гэхэд л 1990 онд яамнаасаа “Цэцэрлэгийн хэлтэс”-тэйгээ хамт тэтгэвэрт гарсан.

(Б.Д): Хэрэв бидэнд уламжлал байсан бол ийм хурдан алга болчихмооргүй юм?

(Д.Н): Одоо хүүхэд өөрөө өөрсдийгөө удирдах ёстой гээд үүнийгээ шинэ юм шиг яриад байна. Тэр чинь байсан л байхгүй юу. Бүлгийн ажил, пионерийн ажил гээд хүүхдүүд “пионерийн танхим”-даа ороод ярилцдаг, өөрсдөө хамтарч юм хийдэг байсан. Одоо тийм юм алга. 2-3 ээлжтэй болохоор өрөө тасалгаа ч олдохоо байжээ. Одоо нийгмийн ажилтан гэж байна, гэхдээ ядуу өрх, хог шороо ярина уу гэхээс биш, хүүхдийн тухай ярьж байгаа юм алга. Хорооны дарга хулгайч, архичин, гэр бүлийн салалт ярина уу гэхээс биш хүүхдийн асуудал ярьдаггүй.

(Б.Д): Үлдэх ёстой боловч алга болчихсон тийм уламжлал байна уу?

Одоо бол гадны юм их ороод ирчихсэн байна. Эцэг эх үлгэрлэх, хүүхдээ хүндлэх, зөв харилцах, хүүхэд нь эцэг эхээ хайрлаж хүндэтгэх сайхан уламжлалыг авч хоцрох л ёстой. Олон хүүхэдтэй айлын хүүхдүүдийн ах, эгч нь дүүгээ сургаж, өсгөж өндийлгөөд л явчихдаг байсан. Мөн эцэг эхчүүд  хүүхдийнхээ нас зүйн онцлогийг сайн мэдэж байж, хүүхэдтэйгээ зөв харилцана.
Социализмын үед нийгмийн төлөө их юм хийж байсан. Алдаа нь хувь хүний асуудлыг бага анхаардаг байсан байх.

(Б.Д): Одоо бол нийгмээ ч, бас хүнээ ч хаясан юм биш үү?

(Д.Н): Өнөөдөр хүүхдийг амьдрах ухаанд сургах ажил их орхигдож байна. Хүүхдүүд биеэ дааж, өөрийгөө авч явж чадахгүй байна. Цэцэрлэгт “хөдөлмөр”-ийн хичээл гэж ордог байсан. Ахлах насныхан нь товч энэ тэрээ хадаад сурчихдаг байлаа ш дээ.

(Б.Д): Тэр үед нэг ангид олон хүүхэдтэй байв уу?

(Д.Н): Нэг анги 25 хүүхэдтэй л байдаг байсан, яслийн ангид бол 15 хүүхэдтэй. Одоо зарим анги 50-60 хүүхэдтэй байна шүү дээ. Багш нар ядаргаанд орж байна. Ийм олон хүүхэдтэй болохоор зугаалгаар хүүхдээ салхинд ч гаргаж чадахгүй болж. Цэцэрлэгт хүүхдийг мөнгөгүй авдаг болсноос л болж байна. Багшийн ажил, үйлчилгээг үнэлэхгүй байна.

(Б.Д): Тэр үед цэцэрлэгийн хамралт хэд байсан бэ?

(Д.Н): 20-30%-тай л байсан. Одоо 60, 70% гээд л байгаа юм. Яг бодит байдал дээр 50%-ийг нь л хамарч байгаа юм уу даа. Тэр хувилбарт сургалт энэ тэр ч худлаа юм билээ. “Шонхор” захын тэнд би нэг шинэ цэцэрлэгт очиж үзсэн. Зай талбай багатай, жижигхээн цэцэрлэг байна лээ.  Энэ их олон хүнтэй хотод 250, 330 хүүхдийн том том цэцэрлэг барих хэрэгтэй байна ш дээ. Том орон сууцнууд олноор баригдаж байна. Ийм орон сууцны 1 дүгээр давхарт нь цэцэрлэг байвал хүүхдэд ч, эцэг эхчүүдэд ч хэчнээн амар байхав. Барилга барихаас нь өмнө барилгын компанитай 1 дүгээр давхарт нь цэцэрлэг байна шүү гээд л гэрээ байгуулчихаж болмоор санагддаг юм.
Сүүлийн 23 жил Монголд шунал  ихэссэн. Улсын хэмжээнд 400 ясли байсан, бүгд хувьд шилжиж, хувийн нүдний эмнэлэг, шүдний эмнэлэг, байр энэ тэр болоод дууссан.

(Б.Д): Үүнд хэн буруутай вэ?

(Д.Н): Хувьчлал гэдэг юм чинь л буруутай байхгүй юу. Сүүлдээ би өөрийгөө загнадаг юм. “Чамд ямар хамаатай юм бэ?” гэж. Тэгээд бас чадахгүй ээ, энэ хэдэн цэцэрлэгийн багшдаа туслах санаатай “юм” хэлчих гээд л.
Агуулгын стандарт гэхээсээ цэцэрлэгийн зай талбай, тавилга, тоглоом наадгай ямар байх ёстойг заасан стандартыг л гаргах шаардлагатай. Одоо хүүхдүүд цементэн шалан дээр хуванцар ширээ сандал, тоглоом наадгай хэрэглээд л байж байна. Энэ чинь хортой. Бүх зүйл модоор хийсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой.

(Б.Д): Сургалтын агуулгын хувьд Таны бодол?

(Д.Н): Эхлээд монгол хүүхэд дээр судалгаа, туршилт хийж, бусад орны сургуулийн өмнөх насны хүүхэд дээр хийсэн судалгаатай харьцуулан, өөрийн гэсэн агуулгыг бий болгох. Одоогийн стандарт гэдгийг бүрэн өөрчилж, өмнө хийж байсан цэцэрлэгийн хүмүүжил сургалтын агуулгад ойртуулах, тэгээд цэцэрлэгийн хүмүүжил сургалтын агуулгыг 8-10 жилийн хугацаанд тогтвортой байлгамаар байна.

(Б.Д): Цэцэрлэгийн багш нарт хандаж Та юу хэлмээр байна вэ?

(Д.Н): Хүүхдийн төлөө бүхий л насаа зориулж, хүүхдийг хүн болгох буянтай үйлсэд  зүрх сэтгэлээ өгсөн сайхан багш нартаа улам их амжилт гаргахыг хүсье. Та нар минь биеэ бодож, өөртөө цаг гаргаж, дандаа өөдрөг сэтгэлтэй, инээж баясаж яваарай.

Орчин үеийн сургалтын бүтэц өөрчлөгдөж байна. Оросд “2100 оны цэцэрлэг” гэсэн хөтөлбөр гарч сургалтын зарчмууд шинээр бий болж байна. Багш нар бүтээлчээр ажиллах, мэдээллийн технологийг бүрэн эзэмших, хүн түүний сэтгэл зүйн онцлогийг мэддэг хүн судлаач болоход анхаараарай.
 
Цаг зав гарган ирж, чухал санаанууд хөндсөн ярилцлага өгсөнд их баярлалаа.

Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Тэмдэглэсэн:  Н.Норжхорлоо

2017-07-31

Унаганы зүс

Эцэг эхчүүдээ Т. Жамъяансүрэнгийн   Унаганы зүс шүлгийг 
5-6 насны хүүхдүүддээ уншиж өгч цээжлүүлээрэй.


Зэвэг ахын
урд зэлэн дээр
          Зэсэн олон
          унага байлаа
Цөмийг нь зүсэлж
чадах уу гэж
          Цэрэн ах
          надад хэллээ

Хамгийн урдах нь
Халиун
          Хажуу дахь том нь
          Хар
Хойдох жижиг нь
Хонгор
          Хэвтэж байгаа нь
          Хээр
Зэрэгцэж байгаа нь
Зээрд
          Ард нь туригдаг нь
          Алаг
Цаана нь цавчилдаг нь
Цавьдар
          Саяын босдог нь
          Саарал
Сааралын наадах нь
Буурал
          Цорвойж байгаа нь
          Цоохор
Хөрвөөж байгаа нь
Хүрэн
          Босож суниадаг нь
          Бор
Хулмайж хаждаг нь
Хул
          Шарваж байгаа нь
          Шар гэж

Цөмийг нь би
зүсэлж гүйцээд
          Зөв үү гэж
          лавлан асуутал:
Шарга гэхийг л
шар гэж
          Яльгүй жаахан
          самуурсан ч гэлээ
Адууны зүсийг
андахгүй мэддэг
          Адтай сүрхий
          эр юм гэлээ.