2011-03-29

4- 5 насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог.



  • 4 насандаа хүүхэд өөрөө үзэж хараагүй юмны тухай  хүний яриаг ойлгох чадвартай. 
  • Хүүхэд ном чанга уншиж өгөхийг хүсэх  ба утгыг  нь олон дахин яриулах сонирхолтой байдаг.  Зураг дээр байгаа зүйлийг яриулах түүнийгээ  эргүүлэн өөрөө  тодорхой энгийн байдлаар өгүүллэг зохиож ярина, том хүний эхэлсэн үг яриаг утга төгөлдөр дуусгаж чаддаг, нэгтгэн дүгнэж ярина, “ Яагаад? ” гэх гол асуултыг тавина. 
  • Үеийнхэнтэйгээ сэдэвт тоглоомоор тоглож байхдаа дүрээ өөрчилж чаддаг, тоглоомын утгыг ойлгож дүрмийн дагуу тоглохыг оролдоно, зарим үед гол баатарт тоглох сонирхол төрнө. Бусад хүүхэдтэй хамтран тоглох сонирхолтой болно.
  • Хүүхдийн дүрслэх үйл ажиллагаа нь нэлээд хөгжиж ирнэ. Хүний дүрсийг нэлээд тодорхой гаргаж ирнэ. Жишээ  нь хүний бие, нүд, ам, хамар, үс , зарим үед хүмүүсийн   хувцасны  хэсгүүдийг гаргаж эхэлнэ. Дүрслэх  техник талаас  нь боловсронгуй болно. Хүүхдүүд геометрийн үндсэн дүрсийг гаргаж зурах, хайчаар дүрс гаргаж хайчлах, дүрсээ цаасан дээр наах зэрэг чадвартай болсон байна.
  • Хөдөлгөөн нэлээд нэмэгдэж авхаалж самбаатай, хөдөлгөөнөө зохицуулах, тэнцэх, жижиг хашлага дээгүүр алхах, үсрэх, юм өшиглөх, гүйж харайх, бөмбөгтэй тоглоом нэлээд хүндрүүлж тоглоно. 
  • Энэ насанд хүүхдийн хүртэхүй нэлээд хөгжин. Энгийн дүрсүүдийг ялгах бусад зүйлтэй  харьцуулан ижил зүйлийг олох,  юмны хэмжээ, өнгө, өндөр нам, өргөн нарийн зэргийг ялгаж  эхэлнэ. Орчиндоо цохицоно. Ой тогтоол сайжирч юмыг баримжаалах чадвар  нэмэгдэнэ. Хүүхэд 7-8 юмсын нэрийг тогтоох чадвартай.
  • Хүүхдийн анхаарал  тогтвортой болж 15-20 минут анхаарлаа төвлөрүүлж чадна.
  • Нэг зүйлийг эхэлсэн бол 40-50 минут үргэлжлүүлэх чадвартай. Зорилготой үйлдэл хийнэ. 
  • Маргалдаж эхэлнэ. Энэ насанд хүүхэд магтуулах дуртай .
  • Юмыг сонирхож эхэлнэ. Ямар нэгэн зүйлийг дуурайж бие дааж хийж эхэлнэ.  
  • Хүүхдийн   ярианы чадвар сайжирсан , авиа дуудлага тод , үгийн сан нэмэгдэж, уншсан зүйлийн  утгыг нь чөлөөтэй ярина,  үг бүрийн утгыг ойлгоно, асуултаар чөлөөтэй ярилцана, амьтны дуу хоолойгоор дуугарах,үг бүтээж ярих зэрэг  энэ насандаа хүүхэд чөлөөтэй харилцах чадвартай болсон байна. 
  • 4,5 насандаа хүүхэд зорилго тавьж чаддаг, үр дүнд хүрэхийн тулд төлөвлөдөг. “Яах юм “ гэдэг асуулт тавьдаг. 

4-5 насны хүүхэдтэй эцэг эх хүүхдээ 
хөгжүүлэх ба хүмүүжүүлэхэд дараах зорилго тавин 
ажиллах нь зүйтэй. Үүнд:


  • Юуны өмнө хүүхдийг эрүүл мэндийг бэхжүүлэх, чийрэгжүүлэх, үндсэн хөдөлгөөнийг нь хөгжүүлэх. Ямар ч үед хүүхдийн биеийн галибар  дээр анхаарч зөв явах, суух, зогсож сургана. Эрүүл ахуйн дадал хэвшлийг бэхжүүлэх.
  • Хүүхдийн ажигч, сонирхлыг нь хөгжүүлэх.
  • Өрийн гэр орон, орон  нутагтаа, өөрийн явж байгаа цэцэрлэгтээ хайртай байх хүмүүжлийг үргэлжлүүлэн хөгжүүлэх.
  • Хүүхдийн хэл яриаг улам сайжруулах, үгийн санг  нэмэгдүүлэх, хүүхэдтэй харилцан ярилцах яриаг хөгжүүлэх, өгүүллэг зохиолгох, тоглоом сэдэвт зургийг тодорхойлж яриулахад туслах.
  • Ойр байгаа хүмүүсийн мэргэжил, хөдөлмөрийн ач холбогдлыг ярьж өгөх. Энгийн хөдөлмөрийн дадал хэвшил суулгах.
  • Эхэлсэн зүйлийг дуусгадаг, хамт олны үйл ажиллагаанд оролцож сургах. Хамт олны хөдөлмөрийн даалгаврыг  эцсийн хүртэл гүйцэтгэх чадвартай,  хөдөлмөрийн үр шимийг мэдрэх хүмүүжил олгох.
  • Даруу , шударга ,  эрч хүчтэй ба зоригтой байх хүмүүжил олгох. Буруу юм хийсэн бол ичих ба бусдаас  уучлалт гуйдаг.  Энэ насны хүүхэд   гомддог учир  нийтийн дунд  хүүхдийг зэмлэхгүй байх. Ойр ойрхон хүүхдийг үгээр урамшуулж сайшааж байх нь чухал.
  • Ном, тоглоом бусад зүйлтэй зөв харьцан гамнаж сургах
  • Тоглоом, ахуй , байгальтай зөв харьцах тэдний гоо сайхныг мэдрэх, хайрлаж гамнах, орчны сайхныг хүртэх чадварыг хөгжүүлэх, орчинд байгаа  сайхан зүйлээр бахархаж сургах.
  • Урлагийн бүтээлийн агуулгыг   нь  ойлгох чадварыг хөгжүүлэх, өгүүллэг, үлгэр, хөгжим анхааралтай сонсож сургах.
  • Уран ярьж илтгэх, уран унших, сайхан(гоё) дуулах, хөгжмийн аянд  уран хөдөлгөөн хийж сургах зэрэг чадвар дадал суулгахад эцэг эх анхаарч хүүхэдтэй ажиллавал их сайн.


2011-03-15

МУУ НӨХӨР

Багачууддаа уншиж өгөөрэй. 
Л.Толстой

Хоёр хүүхэд ой дотор явж байтал, гэнэт модны цаанаас нэг том баавгай гарч иржээ. Нэг нь зугтаж модонд авиран гарчээ. Нөгөө нь зам дээр үхсэн мэт хэвтэж өнгөрөхөөс өөр аргагүй болжээ. Баавгай хүрч ирээд хүүхдийг шиншжээ. Тэр хүүхэд үхсэн мэт амьсгаа хурааж хэвтлээ. Баавгай нүүрийн шиншиж шиншиж яваад өгчээ.
Модон дээр гарсан хүүхэд, баавгайг хол явсан хойно бууж ирээд “Баавгай чиний чихэнд юу хэлэв” гэж нөгөө нөхрөөсөө асуув.

“Аюултай цагт нөхрөө хаядаг хүн адгийн муу нөхөр гэж хэллээ” гэж хариулав.

2011-01-31

ТУУЛАЙ

Хүүхдүүд ээ цээжлүүлээрэй
Д.Отгонсүрэнийн шүлэг
ТУУЛАЙ


Дэрсэн хярсан
Дэлдэн туулай
Дэргэдээс босоод
Дэгдэн харайлаа.

Дээр дээр
Үсрэн үсрэн
Дэлдэн туулай дэнж
Дээгүүр даваад явчихлаа
Бүлтгэр нүдтэй
Дэлдэн чихтэй
Бүжин туулай
Ёстой хөөрхөн дөө

Дээр дээр
Үсрэн үсрэн
Дэлдэн туулай дэнж
Дээгүүр даваад явчихлаа
Тоглох юмсан гэж
Бодоод явдаг
Бүжин туулай
Ёстой хөөрхөн дөө

Дээр дээр
Үсрэн үсрэн
Дэлдэн туулай дэнж
Дээгүүр даваад явчихлаа


Ч.Алагсайн шүлэг
ТУУЛАЙ


Дээр дээр
Дэгдэн дүүлж
Дэлдэн туулай
Дэндүү хурдан !
Дэрсний цаанаас
Дэлдэсхийснээ
Дэнж дээгүүр
Давж одно
Бутны ёроолоос
Бултасхийснээ
Бусгаж хулжаад
Бараагүй арилна


2011-01-19

3-4 нас хүртэлх хүүхдийн онцлог.

  • 3 насандаа хүүхэд гар хөлийн хөдөлгөөн оролцсон үйл ажиллагаанаас сэтгэл ханамжтай байна. Хөдөлгөөн хийснээр  хүүхэд өөртөө итгэл төрүүлнэ. Түүний алхалт нь том хүний алхалттай адил байна. Хүүхэд гүйхийг их хүсдэг, зүгээр алхах нь сонирхолгүй байдаг учраас хоёр хөл дээрээ 30 см өндөр  хүртэл үсрэх ба шатанд дээшээ авирах буух чадвар эзэмшиж эхэлнэ. Энэ насны хүүхэд гурван дугуйтай дугуй унах дур бий болно, нэг хөл дээрээ  тэнцэх үсрэх, бөмбөгөөр тоглох, бүжиглэх, юм чулуудах сонирхолтой болно. 
  • Гурван  настай  хүүхэд  “Яагаад? “шалтгааныг мэдэх гэсэн асуулт тавина. Хэрэв хүүхдэд дөхүүлэх асуулт нэмж өгвөл тэр үзсэн харсан зүйл, сонссон зүйлийг эргүүлэн ярина. 
  • Гурван настай хүүхэд яриандаа   250-1000  идэвхтэй үгийг хэрэглэнэ. 1000 үг гэдэг нь орчинд байгаа бүх зүйлийн зөвхөн нэр үг л байна. 3,5 настай хүүхдийн орчинтойгоо илүү харьцаж юмыг танин мэдэж  авсны үр дүнд  үгийн сан  нэмэгдэж 1200-1800 үгтэй болно. 
  • Гурван настай хүүхэд энгийн асуултад хариулж чаддаг байна. Үүнд: өөрийн нэр, аав ээжийн нэр , өөрийн овгоо хэлэх, эрэгтэй  эмэгтэй хүүхэд гэдгээ бага зэрэг ялгана,  ядарсан байдал,  өлсөх, даарсан гэдгийг илэрхийлж хэлнэ. 
  • Энэ насны хүүхэд анхаарлаа 10-15 минут төвлөрүүлж чаддаг учир хичээл, үйл ажиллагааг үүнд тохируулна. 
  • 3-4 настай хүүхэд  орчны бүх зүйлийг мэдэж нэрлэж  сурна. 
  • Түүний  сэтгэхүй нь нэлээд хөгжиж жижиг хэмжээний өгүүллэг зохиож ярина. 
  • Гурван  настай хүүхэд өдөрт 400 асуулт тавина. 
  • “Олон цөөн”,  “их бага”,  “нэг ба олон”  гэдгийг ойлгоно. 
  • Юмсыг нэг шинжээр нь таньж нэрлэнэ. Жишээ нь:  туулайг чихээр нь,   үхрийг эврээр нь, тэмээг бөхөөр нь ялгаж танина. Юмыг орлуулаж (бургас нь морь болно, дөрвөлжин чулуу авдар, ор, машин болно) тоголоно. 
  • Ямар нэгэн  буруу  зүйлийг хийгээд түүнийгээ “би хийгээгүй”, “би тэгээгүй “ гэж өөрөөсөө холдуулах онцлогтой.
  • 3-4 насандаа хүүхэд  зохион бүтээж эхлэхдээ, өөрийн төлөвлөгөөг гаргаж ирэхийг оролдоно.Амьдралын зарим дүрийг дуурайж тоглоно, нэлээд сүүлд нь үеийнхээ хүүхэдтэй хамтран сэдэвт тоглоомын хэсгүүдийг  зохиож тоглоно. (би ээж нь болно, чи аав нь бол, чи ах нь бол гэх мэтээр) 
  • Сэтгэл хөдлөлөөс өрөвдөх, дагаж уйлах, атаархах, сайныг хүсэх, уйтгарлах, баярлах, гомдох, бие тоох байдал үзэгдэнэ.
  • 3-4 настай хүүхэд өөрийг ээ “Би хүн шүү” гэж өргөмжлөн илэрхийлэх  зарим үед эсэргүүцэж үгэнд орохгүй байх, сүрдүүлэх, уурлах, том хүмүүсийг янз бүрээр  /“чи муухай”, чи өөрөө тэнэг”/ гэж хэлэх зэргээр энэ насны хүүхдийн онцлогуудыг эцэг эхчүүд мэдэж аваад дараах байдлаар хүүхэдтэйгээ ажиллах нь зүйтэй.  


Ийм насны хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлэхэд дараах  зорилго тавьж эцэг эхчүүд ажиллахыг зөвлөж байна.Үүнд:

  1. Хүүхдийнхээ  эрүүл мэндийг хамгаалж бэхжүүлэх, биеийг нь тогтмол чийрэгжүүлэх , үндсэн хөдөлгөөнийг хөгжүүлэх. Хүүхдийн биеийн галбир дээр илүү анхаарах зөв суух, зөв явах, нуруугаа эгц авч явахад  эцэг эх анхаарах. Эрүүл ахуйн дадал хэвшлийг эзэмшүүлэн бэхжүүлэх. Идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах.
  2. Байгалийн үзэгдэл, үеийн хүүхэд болон том хүмүүсийн амьдрал, үйл ажиллагаанд нь сонирхдог болгон хүмүүжүүлэх. 
  3. Бодит юмтай харьцах үйлдлийг эзэмшүүлж, үзэгдэл юмсын хоорондын  холбоог мэдүүлэх, энгийн дүгнэлт гаргаж сургах хүүхдийн мэдлэгийн хүрээг  тэлж  хөгжүүлэх 
  4. Хүүхдийн хэл яриаг  үргэлжлүүлэн хөгжүүлэх: хүүхдэд асуулт тавих аргаар яриаг идэвхжүүлэх,үгийн санг тогтмол нэмэгдүүлэх, зөв яриулах, үгийг зөв бүрэн хэлүүлэх, авиаг зөв дуудаж хэлүүлэх, богино хэмжээний өгүүлбэр хэлүүлж сургах, 4-6 мөрт шүлэг, зүйр үг, оньсого, цээжлүүлэх.
  5. Богино хэмжээний  өгүүллэг, үлгэрийг хүүхдэд уншиж өгөхөд сонсох чадвар суулгах ба  уншиж байгаа номд  үйл явдал хэрхэн өрнөж байгаа байдлыг анхааралтай сонсох  чадварыг хөгжүүлэх, утгыг нь яриулж сургах. Зурагтай ном үзэх  сонирхлыг бий болгох. Эцэг эх хүүхдийг ном онд дуртай болгох нөхцөлийг бий болгох.
  6. Тоглох үйлдэлд сургах: юмсыг орлуулах, тоглох явцад нөхөдтэй гээ зөв харьцах,  нөхдөө хүндэтгэх, нөхдөдөө туслах, хамтран тоглох, тоглоомын сэдвийг сонгох, бүтээлчээр хандах, бие дааж өөрийг ээ хөгжүүлэх, бусдын үгийг сонсох, тэвчээртэй байх  хүмүүжил олгох.
  7. Урлаг гоо сайхны үйл ажиллагаанд оролцуулах /хөгжим сонсох,  дуу дуулах, ном унших үед сонирхож сонсох, номын утга агуулгыг ойлгохыг хичээх, жүжигчлэн тоглох,   уран сайхны зургийг танин мэдэх, сонирхох,  зураг зурах, баримлаар  дүрс гаргах, цаасаар дүрс хай чилж наах дадал хэвшилд сургах.
  8. Үеийн нөхөдтэйг ээ, аав ээжтэйгээ, ахмадуудтай  зөв  харьцах харьцааны соёлыг эзэмшүүлж  төлөвшүүлэх, ахмадын хөдөлмөрийг хүндэтгэх, тэдэнд туслах эрмэлзэлтэй болгох,  бие дааж гэрийн ажлын зарим хэсгийг хийх чадвартай болгох.
  9. Бие бялдрыг хөгжүүлэх  /биеийн  хөгжүүлэх  дасгал хийх, хөгжөөнт тоглоомоор тоглох, үндсэн хөдөлгөөн  болох гүйх, харайх, үсрэх, авирах,тэнцэж явах зэрэг хөдөлгөөнийг хөгжүүлэх, жижиг булчингуудыг хөгжүүлэх , агаарт зугаалж тоглох г.м./ чиглэгдэнэ.


2011-01-18

АЛАГДАЙ АВАРГА - 5

Д.Цэвэгмид


(Багачууддаа уншиж өгөөрэй 5-6 настай, 5-р хэсэг)
Үргэлжлэл


Гайхал аварга Алагдай
Гавьтай гүйж чадсангүй
Хэдхэн харайсны эцэст
Хийгүй бөмбөг шиг шолхойж
          Ахин дахин чармайвч
          Аахилан бахардан цуцаж
          Араатны хоншоорын өмнөхөн
          Амь тэмцэн ойчив.
Амжиж энэхэн хооронд
Ах эгч хоёр нь
Аюул түгшүүрийн мэдээг
Анчинд хүргэж чадсанаар
          Шүдээ хавиран дайрч
          Шүлсээ гоожуулан довтолсон
          Ховдог чонын толгойд
          Холч буугийн сум тусаж,
Тарган цүзгэр Алагдай
Танагтай үлдсэн боловч
Сандарч айсны эрхээр
Салганан бие нь чичирч
          Хөл нь эзэнгүй гуйвганан
          Хөлс нь тогтолгүй асгаран
          Уруу буруугаа унаж
          Ухаантай ухаангүй байв.
Ах эгч хоёртоо
Алагдай түшүүлэн явахыг
Агаарын жигүүртнүүд үзээд
“Аваргыг хараач та минь,

          

Баахан мэдлэгтээ ташуурч
Бардам сэтгэл баривал
Сээтэн чонын зууш болж
Сэвстэй гүзээ л үлдэнэ шүү” гэж инээлдэв.
           Айдар баахан Алагдай
           Амь наана, там цаана
           Алхаж ядан гуйвсаар
           Арай чарай ирэхэд нь
Сүргийн өвгөн сэрх
Сүрхий түвшин дүрээр
Сэлмэн эврээ сэжин байж
Сэрвэн сахлаа ирмэн байж:
           “Ямаан омог эрдэм биш
           Ярвагар зан чимэг биш
           Бэрхийг сурвал гайхамшиг
           Эрхийг сурвал гутамшиг
Эцэг өвгөдийн захиасыг дага,
Эрдэмтэн мэргэдийн үгсийг сана,
Эеийн жолоог хүндэтгэ
Эвийн холбоог бататга.
           Мэдлээ гэж бүү сагсуур
           Мэдлэгийн хүрээ хязгааргүй,
           Сурлаа гэж бүү онгир
           Сурлагын далай захгүй” гэж
Ижил сүрэгтээ хандан
Илтгэж хэлсэн үг нь
Ишгэн ухнад ч хэрэгтэй,
Идэр тамирчинд ч сургаалтай.