2011-11-21

Цэцэрлэгийн эрхлэгч (2)


Цэцэрлэгээс эцэг эхийн дунд зохиох ажил.

Эцэг эх бол хүүхдийн анхны багш. Тэд хүүхдийг хувь хүний хувьд нялхаас нь эхлэн бие бялдар, ёс суртахуун ба оюуныг хөгжүүлэх төлөвшүүлэх анхны суурийг тавих үүрэгтэй.
Гэр бүл ба хүүхдийн цэцэрлэг бол ирээдүйн иргэнийг бий болгох нийгмийн хоёр чухал сургууль. Гэвч бие биеэ ойлгох, сонсох, тэсвэр хатуужлыг давах, хоорондоо харилцах, харилцан ойлголцох талаар цаг хугацаа бага байдаг.  Харилцан бие биеэ ойлгохгүйгээс болж дунд нь хүүхэд хохирч байдаг байна. Эцэг эх хүүхдэд минь өнөөдөр ямар хоол өгсөн бол гэдгийг сонирхдог, цэцэрлэг бидний  хүүхдийг минь зөвхөн харж саатуулдаг гэж ойлгодог. Иймд багш нарт дээрх шалтгаанаас болж эцэг эхтэй харьцахад их саад учирдаг.

Хүүхдийн хүмүүжлийн талаар эцэг эхэд ойлгуулахад багш нарт маш хүнд байдаг. Хүүхдийг зөвхөн хооллоод, гоё хувцас өмсгөөд байх нь биш хүүхэдтэйгээ харьцаж ярилцаж, тэдний бодол санаа, мөрөөдлийг сонсож, тэднийг сэтгэж бодож байгааг дэмжиж байх талаар багш нар эцэг эхэд зөвлөгөөн өгөхөд хүлээн авах дургүй байдаг. "Бид завгүй, цаг байхгүй" гэж хариулна.

 Үүнийг яаж өөрчлөх вэ?
 Хамтран ажиллах талаар яаж эцэг эхийн сонирхлыг татах вэ?

Эцэг эхтэй хамтран ажиллахад  юуны өмнө эцэг эхийн  сонирхол, үзэл бодол, мөрөөдөл, амьдралыг судлах, гэр орноор нь очих, гэр бүлийн хүмүүжил, эцэг эхийн хоорондын харьцаа, хүүхдийн хөгжих орчин гэрт нь байгаа эсэхийг судалж дүгнэлт гаргах нь чухал байдаг.

Эцэг эхийг судлаад үзэхэд тэд гурван бүлэгт хуваагддаг. Үүнд:

  • Лидер /манлайлагч/ эцэг эх гэж байдаг. Тэд хүүхдийн цэцэрлэгийг сонирхдог, тэдний үйл ажиллагааг мэддэг байнга цэцэрлэгийн ажилд тусалдаг.
  • Гүйцэтгэгч эцэг эх гэж байна. Тэд ямар нэгэн болзол харж цэцэрлэгийн ажилд оролцоно.
  • Шүүмжлэлтэй ажиглагч эцэг эх гэж байна. Тэд хүүхдийнхээ боловсролд анхаарч хүмүүжил сургалтын зарим үйл ажиллагаанд сууж өөрийн хүүхэд  аль зэрэг оролцож байгааг ажиглах, хүүхдийн ямар нэгэн асуудал гарахад мэргэжлийн хүнд хандаж шийдвэр гаргах, “Намайг  ингэж л хүмүүжүүлж байсан юм” гэж хайнга хандах зэргээр  дээрхи эцэг эх бидний зохиож  байгаа ажилд оролцдог .

Иймд хүүхдийн цэцэрлэг эцэг эхтэй хамтран ажиллах талаар тодорхой зорилго чиглэлтэй ,эцэг эхийн сонирхлыг татахуйц тэдэнд хүүхдийн хүмүүжлийн талаар боловсрол олгох олон төрлийн ажил зохиох шаардлага гарч ирж байдаг. Энэ талаар та бүгдэд эцэг эхтэй ажиллахад үлгэр жишээ болгож  ирэх бичлэгүүдээрээ дараах зүйлийг өгнөө.  Үүнд:

  •    Цэцэрлэгээс эцэг эхийн дунд зохиох үйл ажиллагаа. /үлгэрчилсэн байдлаар өглөө/
  •    Эцэг эхэд зориулсан сурталчилгааны хэлбэрүүд. (дараах бичлэгт)
  •    Цэцэрлэгийн бүлэгт эцэг эхийн хамт явуулах баяр ба чөлөөт цаг. (дараах бичлэгтсэдвүүдийг өгөх болно.

 Цэцэрлэгээс эцэг эхийн дунд зохиох үйл ажиллагаа. /үлгэрчилсэн байдлаар өглөө/

  •  Цэцэрлэгт явж байгаа хүүхэд нэг бүрийн  гэрээр очиж танилцах,
  • Нийт ( жилд 2 удаа)  ба бүлгийн  (  улиралд 1 удаа ) эцэг эхийн хурлыг тогтмол хийх / эцэг эхийн эхний хурлыг тоглоомын аргаар тойрч зогсоод өөрсдийг ээ танилцуулах, хүүхэд насаа санаж ярилцах, хүүхдийн болон том хүний дуу дуулах,  цэцэрлэгийн  ба бүлгийн зорилгоо танилцуулах ба жил ба улирлын тайлангаа тавих  гэх мэт./
  • Хүүхдийн хүмүүжлийн талаар зөвлөгөөн өгөх / хүүхдийн нас зүйн онцлог тэдэнтэй хэрхэн яаж ажиллах талаар богино хэмжээтэй байх ба сэтгэл судлаач,эмч, хэл засалч зэрэг мэргэжлийн хүмүүсийг урьж яриа хийлгэх/
  • Эцэг эх хүүхэд оролцсон хичээл явуулах / “ Бид дэлхийн хүүхдүүд”, “Миний сайхан нутаг”, “Миний хайртай хот / хот,аймаг, дүүрэг, сум бригад, хороо гэх мэт”, “Миний хайртай унага”, “Миний хайртай дүү”, “ Миний хайртай өвөө, эмээ”,“Миний хайртай ишиг”,  “Миний хайртай нохой”,  “Миний хайртай цэцэг”, “Манай аймгийн домог”, “Манай нутгийн шувууд”, “Мэдлэгийн орон” “Газар дэлхийгээ аваръя” зэрэг  сэдэвтэй хичээлийн конспект бэлтгэж явуулах/
  • Эцэг эх ба хүүхдийн оролцсон бүтээлийн үзэсгэлэн гаргах /зургийн, наа малын, баримлын, зохион бүтээх, эцэг эхийн урлан бүтээсэн зүйл, эцэг эх хүүхдийн хамт хийсэн бүтээл гэх мэт./
  • Хамтарсан аялал экскурс зохиох / нутаг орноороо явж бахархал төрүүлэх/
  • Харилцааны өдөр / цэцэрлэгийн эрхлэгч , арга зүйч ,багш нарын төлөөлөл, эцэг эх нар оролцсон“ Халуун хийцтэй цайны өдөр” , “Боорцогтой халуун цайны өдөр” сэдвээр чөлөөтэй · ярилцаж эцэг эхийн саналыг сонсох, багш эцэг эхийн харилцан чөлөөтэй ярилцах гэх мэт./
  • Буян хийх өдөр / жилд нэг удаа тухайн цэцэрлэгт явж байгаа хагас өнчин, нэн ядуу айлын хүүхдэд туслах зорилгоор айлд байгаа илүү тоглоом, хүүхдийн хувцас , ном хичээлийн хэрэглэлийг хүүхдэд бэлэглэх арга хэмжээ явуулахын тулд “ 10 төгрөгийн өдөр”, “ Найздаа хувцас бэлэглэе” ,” Найздаа тоглоомоо бэлэглэе”, “ Найздаа хичээлийн хэрэгсэл ба номоор тусалъя”, “Зүгээр л тусалж байна”, “Байгалийн гамшигт орсон орны хүүхдэд тусалъя”  гэх мэт ядарсан хүүхдэдээ туслах хайрлах халамжлах ажил зохиох өдөртэй болох г.м/
  • Нээлттэй хаалга / улиралд нэг өдөр эцэг эхчүүд хүүхдийн болон багшийн үйл ажиллагаатай танилцах зорилготой/
  • Баяр, чөлөөт цагийг өнгөрүүлэх бэлтгэл ажилд эцэг эх оролцох / “9-р сарын 1-ний нээлт”, “шинэ жил”, “ээжийн баяр” , хүүхдийн “төрсөн өдөр”, “ сургуульд үдэх өдөр” зэрэг арга хэмжээний бэлтгэл ажилд ба өдөрлөгт зөвхөн цэцэрлэг дээрээ оролцоно, гадуур ресторан бааранд олны газарт оролцохыг хориглоно/
  • Фото зургийн үзэсгэлэн гаргахад эцэг эх оролцох / гэр бүлийн зураг, олон үйл явдалд оролцсон, хүүхдийн өсөлт ,хүүхдийн хөгтэй явдлууд зөвхөн гэр бүлтэй холбоотой зургууд байх эсвэл зөвхөн цэцэрлэгийн үйл явдлаас харуулсан зургууд байна/
  • Хөгжүүлэх сургалтын орчин бүрдүүлэхэд эцэг эх хамтран оролцох
  • Өглөөний мэндчилгээнд оролцох 
  • Бүлгийн эцэг эхийн зөвлөлийн ажилд оролцох
  • Эцэг эх ба хүүхэдтэй харилцан ярилцах
  • Эцэг эхийн дунд сургалт семинар дадлага  хийх /“ Та хүүхдээ хэрхэн хөгжүүлж байгаа”, “Танай хүүхдийн эрүүл мэнд”, “Танай хүүхэд ямар хоолонд дуртай вэ”, “Танай хүүхэд гэртээ ямар хөдөлмөр хийдэг вэ”,“ Танай хүүхэд сургуульд ороход бэлэн үү ”, ”Танай хүүхэд ямар тоглоомоор тоглодог, ямар ном сонирхдог”, “Танай хүүхэд сургуульд явах хүсэлтэй юу” сэдвээр судалгаа хийх, ярилцлага зохиох гэх мэт./
  • Эцэг эхийн хүлээн авах өрөөнд ажил зохиох / эрхлэгч буюу арга зүйч нар эцэг эхтэй ганцаарчилсан уулзалтууд зохиох/
  • Итгэлт утас / утасны дугаар тавьж утсаар эцэг эхээс мэдээлэл авах/ ажиллуулах
  • Итгэлт шуудан / шуудангийн хайрцгаар мэдээ авах/ ажиллуулах

үргэлжилнэ

No comments: