2013-01-29

Ойн амьтад


Хичээл 2
    Сургуулийн өмнөх насны хүүхдийг байгальтай танилцуулах.
    Дунд бүлгийн хүүхдэд “Ойн амьтад” сэдвийг танилцуулж зураг зуруулах зэрэг интеграцын хичээлийн үлгэрчилсэн конспект.
    Хичээлийн сэдэв: “Ойн амьтад”.
    Хичээлийн зорилго:Ойн амьтдын тухай төсөөллийг нь /амьтны онцлогуудыг сэргээн сануулах/ баяжуулах.
  • Энгийн юмсыг харьцуулж сургах.
  • Амьтны үүр, чонын үүр зэрэг зарим үгийг идэвхтэй болгож хэрэглэх.
  • Зарим амьтдын хөдөлгөөнийг хийлгэж сургах.
  • Зарим амьтдын дутуу зурсан эрхтнийг гүйцээж зурах ба будах.
  • Амьтны тухай оньсогын агуулгыг тайлбарлаж цээжлүүлэх.
  • Хүүхдийн сэтгэхүй болон хурууны жижиг булчингуудыг хөгжүүлэх.
  • Амьд байгаль сонирхох, хайрлах, тэдний төлөө анхаарал тавих зэрэг хүмүүжил олгоно.
    Хичээлийн хэрэглэгдэхүүн:
    Баавгай , үнэг, чоно, туулай, шар шувуу зэрэг амьтдын зураг бэлтгэх.
  • Бүдүүвчилсэн зураг : дөрвөлжин цаасыг дөрвөн тэгш хэсэгт хуваасан дөрвөлжин тус бүрд зураг байна. Үүнд: нэг дөрвөлжинд – амьтны дөрвөн хөл, хоёр дахь дөрвөлжинд -амьтны хошуу , гурав дахь дөрвөлжинд – амьтны сүүл , дөрөв дахь дөрвөлжинд -амьтны үс ноос байна.
  • Өнгийн харандаа бэлтгэнэ.
  • Амьтны зарим эрхтэн дутуу зурсан /үнэг сүүлгүй, туулай чихгүй, баавгай хөлгүй, / зураг байна.
    Урьдчилан бэлтгэл ажил /хүүхдийн анхаарал татах зорилготой/.
Г. Сэсмээ “Баавгай ба анчид” шүлгийг уншиж өгнө.

Арын ууланд
Анчид хонохдоо
Баавгай ирээд
Базчих болов уу
Барьж аваад
Савчих болов уу
Хонох уу байх уу
Ингэхэд гэж
Холдох уу явах уу
Эндээсээ гэж
Бүгд их маргав
Бүхэнд өвгөн сургав.
Бие биеэ дэрлээрэй
Битүү дугуй гаргаарай
Тэгээд одоо унтан аа хө
Тэнэг баавгайг
Хуурна хө! Гэв
Шөнө дундын хэрд юмсанж
Ид нойрны эхэнд юмсанж
Баавгай хүрээд
Ирэв гэнэ
Баахан зогсоод
Эргэв гэнэ.
Тэгээд бүүр холдсоноо
Тэнээд бүүр явснаа
Удаж удаж иржээ
Унанги дархи /унасан мод/ авчирчээ
Анчдын дээр барьжээ
Арай таарсангүй байжээ
Баавгай зогсоод
Баахан ажив
Бас л ирээд
Муухан алхав.
Тэгээд бүүр холдсоноо
Тэнээд бүүр явснаа
Удаж удаж иржээ
Унанги дархи авчирчээ /унасан том мод/
Анчдын дээр барьжээ
Арай таарсангүй байжээ.
Баавгай зогсоод
Баахан ажив
Бас л ирээд
Муухан алхав.
Тэгтэл үүр цайжээ
Тэнгэрийн харанхуй гийжээ
Тэр анчид босоцгоожээ
Тэнэг баавгайг шоолцгоожээ.


Хичээлийн явц:
Багш - Хүүхдүүдээ энэ зургийг сайн хараарай, энд юу нь илүү байна вэ? /Нэг хуудсан дээр баавгай, үнэг, чоно, туулай ба шар шувуу зурсан байна./
Хүүхэд: Шар шувуу илүү байна.
Багш : Яагаад?
Хүүхэд: Шар шувуу шувуу шүү дээ. Тэгээд шар шувуу бол шувууны төрөлд орох ёстой. Харин бусад нь зэрлэг ойн амьтад буюу ойн амьтан гэж хэлдэг.
Багш: Зүйтэй. За тэгвэл бүгдээрээ “ ойн амьтан” гэдэг үгийг 2 – 3 дахин хэлье гээд давтан хэлнэ.
Багш: Яагаад ойн амьтад гэж нэрлэсэн юм бэ?
Хүүхэд: Ойн амьтан гэдэг нь эдгээр амьтан бүгд амьд ойд амьдардаг учраас “ойн амьтан” гэнэ.
Багш: Зүйтэй. Зөв хариулж байна. Зураг дээр ямар амьтан байна вэ? Эдгээр амьтанд юу юу байна вэ?
Хүүхдийн хариулт .
Багш: Зүйтэй. Бүх амьтан дөрвөн хөлтэй, сүүлтэй, хоншоор, дулаан ноос үсээр бүрхсэн байдаг. Та нар энэ зураг дээр хардаа. Энэ зураг хараад амьтан уу үгүй үү гэдгийг тодорхойлж болно.
Багш: - Эхний хүснэгт энд хэдэн хөл байна вэ ?
Хүүхэд: -Дөрвөн хөл байна.
Багш: -Хоёр дахь хүснэгт энд юу зурсан байна вэ ?
Хүүхэд: -Сүүл байна.
Багш: -Гурав дахь хүснэгт энд юу байна вэ?
Хүүхэд: - Амьтны хоншоор байна.
Багш: -Амьтны нүүрний хэсгийг “ хоншоор” гэнэ, хүнийхийг “нүүр” гэнэ. -Сүүлийн хүснэгт энд юу байна вэ?
Хүүхэд: -Ноос үс байна.
Багш: -Тэгвэл сүүлийн хүснэгт энд өд байвал энэ амьтных уу үгүй юу? Хүүхэд үгүй гэвэл ямар амьтных байх вэ?
Хүүхэд - Шувууны өд байна.
Багш: Зүйтэй. Шувуу бүхэн өдтэй байна харин баавгай, чоно туулай бол үс ноостой байна.
Амьтныг тодорхойл” сургах тоглоом:
Багш: За одоо бүгдээрээ тоглоё. Би та нарт нэр хэлнэ та нар амьтан мөн бол “Тийм” гэж хариулна. Хэрэв амьтан биш бол та нар “Биш” гэж хариулна.
Дор жагсаасан амьтдын зургууд байна.
Баавгай Хэрэм
Туулай Чоно
Болжмор Тоншуул
Могой Зараа
Тахиа Хэрээ
Буга Гөрөөс зэрэг амьтны зураг тусбүрийг хүүхдүүд тодорхойлж хэлнэ.

Багш: За одоо энэ зураг дээр амьтад юу хийж байгааг та нар сайн ажиглаад надаа ярьж өгнө.
Хүүхдүүд зургийн дагуу ярьж дууссаны дараа, зургуудыг энд тэнд байрлуулна.
Багш: Та нар эдгээр амьтныг үзсэн хүүхэд байна уу асуултаар ярилцана.
Багш ойн амьтны тухай оньсого хэлэхэд, хүүхэд тэр амьтны зургийг авчирч өгнө.

Сүр сүр гүйдэлтэй
Сухай хусан ташууртай
Намс намс гүйдэлтэй
Навчин шар дээлтэй /үнэг/

Монгол газрын молтогчин
Модон дээгүүр дүүлэг чин /хэрэм/

Нүд нь бүлтгэр гайхал
Чих нь сэртгэр гайхал /туулай/

Мантайсан том биетэй
Майга майжгий хөлтэй
Бамбагар нэхий дээлтэй
Бардам их зантай /баавгай/

Арзайхад
Бурзайх /зараа/

Ойгоор өлсгөлөн явдаг
Нохойтой адилхан
Шүд нь хутаг шиг хурц
Шүдээ хавиран гүйж явдаг
Мал тааралдвал барьж идэхэд бэлэн
Өвөл хүйтэнд гүйж явдаг ямар амьтан бэ /чоно/ зэрэг бусад амьтны тухай оньсого нэмж таалгана.

Багш: Эдгээр амьтад хаана амьдардаг вэ? Тийм ээ, эдгээр амьтад ойд амьдардаг тул тэднийг “ойн амьтад” гэж нэрлэдэг.
Ойн амьтад бүгд нэг гэр бүлийн гишүүд шиг амьдардаг боловч бүгд бие биеэсээ хамаардаг тул бие биеэсээ саланги амьдарч чадахгүй. Ойн амьтад өөрийн гэсэн журам дүрэмтэй амьдардаг тул тэр дүрмээ чанд биелүүлдэг.

Багш: Хүүхдүүдээ та нар юунд амьдардаг вэ, та нарт орон сууц гэр байдаг уу? Тэгвэл ой модонд мөн гэр байдаг түүнд амьтад амьдардаг. Тэхдээ амьтан бүхэнд өөрт нь тохирсон гэр байдаг.

Хэн хаана амьдардаг вэ “ сургах тоглоом.
Баавгай - баавгайн ичээнд / “ичээ” гэсэн үгийг тайлбарлана/
Үнэг – ичээнд
Туулай – бутны дор
Хэрэм – модны хонгилд
Харин чоно – жалга нүхэнд амьдардаг.
Багш: За одоо бүгдээрээ “ Ичээнд”, “бутны дор”, “модны хонгилд”, “жалга нүхэнд” гэсэн үгийг давтан хэлье гээд багш хүүхдийг дагуулж 2-3 дахин хэлүүлнэ.

Багш: Амьтан бүхэн өөр өөр араншинтай . Та нар тэднийг сайн мэдэх байх.

Хэн ямар билээ? ” сургах тоглоом.
Туулай шиг аймхай
Үнэг шиг зальтай
Баавгай шиг эв хавгүй
Чоно шиг арзайсан шүдтэй
Туулай шиг сэвсгэр зөөлөн үстэй
Хэрэм шиг үсэрдэг.

Чилээ гаргах дасгалууд А.Бартогийн “Амьтны өглөөний дасгал” шүлгийн дагуу хүүхдүүд хөдөлгөөн хийнэ.

Нэг доошоо суулаа
Хоёр харайлаа
Энэ бол туулайн дасгал.
Харин гаврууд нойрноосоо сэрхээр
Бүгд суниаж, заавал эвшээнэ
Дараа нь сүүлээрээ шарвана.
Бэлтрэгүүд нь нуруугаа хотойлгоно
Бага зэргийн хөнгөн үсэрнэ.
Харин майга хөлтэй баавгай
Хөлөө алцайж зогсоод
Дороо хөлөөрөө ээлжлэн гишгэнэ.
Удаан удаанаар гишгэлнэ.
Хэрэв дахин дасгал хий гэвэл
Эхнээс нь дахин дасгал хийж болно.

Хичээлийн төгсгөлд “Ойн амьтад” сэдэвт дутуу зурсан зургаа гүйцээн зурж, будна.

Багш: Хүүхдүүдээ! Та нарын өмнө будах зургууд байгаа. Зураг дээр ямар амьтад байгааг сайн ажиглаарай. Зурагчин ямар амьтанд юуг дутуу зурсан байна вэ? Та бүгдийн зорилго бол дутуу эрх тэнг гүйцэж зурах. Жишээ нь: баавгайн хөл нь дутуу, үнэг сүүлгүй, туулайн чихийг нөхөж зурна. Амьтны дутуу эрх тэнг зурж дуусгаад , амьтад ямар зүстэй байдаг билээ түүнийг тэр өнгийн харандаагаар будаарай. Будахдаа нэг жигд дүрсээс хальж гадагш гаргахгүй будна.

Багш: Хүүхдүүдээ! Амьтнаа будаж дууссаны дараа ойн амьтан болохоор юу нэмж зурах вэ Тийм зүйтэй мод, бут, сөөг өвс ,цэцэг зурах хэрэгтэй. Тэгвэл та нар амьтнаа тойруулж мод, бут, сөөг, өвс, цэцэг ингэж зурна гэж багш үзүүлнэ.
Хүүхдүүд зургаа зурж дууссаны дараа хамт олноороо зурсан зурагтаа дүгнэлт өгнө.

АБТА, Боловсрол судлалын магистр, “Зөвлөх “ багш, Ахмад багш Д.Нонна.

No comments: