2013-05-28

Байгаль ба эрүүл мэнд


Оросын ПСКОВ хотын цэцэрлэгийн туршлагаас
Арваад жилийн өмнө цэцэрлэгийн багш нар өөрсдийн үйл ажиллагаанаас дараах дүгнэлтийг гаргажээ. 
Үүнд:
  1. Цэцэрлэгийн хүүхдийн өвчлөлт ихэссэн.
  2. Хүүхэд байгалиас холдож эхэлсэн.
  3. Хүүхэд томчуудын дунд экологийн тухай мэдлэг , ойлголт багасаж, байгальд буруу хандаж эхэлсэн.
  4. Орчин тойрны байгалийн гоо сайхныг мэдрэхээ больж, гоо сайхныг ажиглах харах чадваргүй болсон.
Дээр хи асуудлыг шийдэхийн тулд эрдэмтэн С.Н.Николаевын “Идэр байгальчид” хөтөлбөрийн дагуу цэцэрлэгүүд дээрээ үйл ажиллагаа зохион явуулж эхэлсэн. Цэцэрлэгийн хамт олон хүүхэд тус бүрийн бие бялдар, сэтгэл санаа, эрүүл мэндийг хамгаалах ба бэхжүүлэх зорилго тавин ажилласан.
Үүнийг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг цэцэрлэгийн багш нар дэвшүүлэн тавьсан байна. Үүнд:
  1. Сургуулийн өмнөх насны хүүхдэд байгалийн боловсрол олгох нөхцөл боломжийг бий болгох.
  2. Байгалийн хүчин зүйлийг ашиглан хүүхдийн эрүүл мэндийг иж бүрнээр сайжруулах.
  3. Эцэг эх, багш нарт байгалийн тухай өргөн хэмжээний мэдлэг өгч баяжуулах ба ухамсарлуулан ойлгуулах.
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд юуны өмнө цагийн хуваарийн дагуу явуулж байгаа боловсрол, хөгжил ба хүмүүжлийн үйл явцыг байгальтай холбохын тулд хүүхдийг хөгжүүлэх орчинг бий болгох шаардлага гарч ирсэн . Үүнд:
Хүүхдэд байгалийн тухай боловсрол олгоход
  1. Тоглоомын үйл явцад
  2. Биеийн бялдрыг эрүүлжүүлэх үйл явцад
  3. Урлаг уран сайхны үйл явцад
  4. Дуу хөгжмийн үйл явцад
  5. Туршилт судалгааны үйл явцад
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага байгалийн тухай боловсрол олгож хөгжүүлэх орчинг бүлэгтээ бүрдүүлэх.
  1. Улирлын байдлыг харуулсан модель зураг хэсэг байлгах
  2. Цаг уурыг байдлыг харуулсан булан
  3. Ус ба элстэй хайрцаг /төв/
  4. Цонхон дээр хүнсний ногоо суулгасан байх
  5. Байгалийн холбогдолтой ном гарын авлага /номын сан/
  6. Тасалгааны ургамлууд / цэцэглэдэг цэцэг ба гоёлын цэцгүүд/
  7. Байгалийн зурагтай цомог
  8. Ургамалаар ундаа шүүс хийдэг үйлчилгээний газар /бар/
  9. Хөгжүүлэх ба сургах тоглоомууд
  10. Байгалийн гомдлын дэвтэр
  11. Амьтан ургамлын тухай танилцуулга, паспорт
  12. Бөмбөрцөг буюу газрын зураг
  13. Амьд байгалийн булан /туулай, нохой, хурга, ишиг түр авчрах/
  14. Газрын зураг
  15. Тайвшруулах булан
  16. Тасалдаг ширээний календарь
  17. Байгалийн календарь
  18. Байгалийн ангилал / классификации/
  19. Байгалийн туршилт судалгааны булан /лаборатори / зэрэг цэцэрлэг бүр дээр байна.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна хашаан дотор байгалийн боловсрол олгох ,хөгжүүлэх орчин

2013-01-29

Ойн амьтад


Хичээл 2
    Сургуулийн өмнөх насны хүүхдийг байгальтай танилцуулах.
    Дунд бүлгийн хүүхдэд “Ойн амьтад” сэдвийг танилцуулж зураг зуруулах зэрэг интеграцын хичээлийн үлгэрчилсэн конспект.
    Хичээлийн сэдэв: “Ойн амьтад”.
    Хичээлийн зорилго:Ойн амьтдын тухай төсөөллийг нь /амьтны онцлогуудыг сэргээн сануулах/ баяжуулах.
  • Энгийн юмсыг харьцуулж сургах.
  • Амьтны үүр, чонын үүр зэрэг зарим үгийг идэвхтэй болгож хэрэглэх.
  • Зарим амьтдын хөдөлгөөнийг хийлгэж сургах.
  • Зарим амьтдын дутуу зурсан эрхтнийг гүйцээж зурах ба будах.
  • Амьтны тухай оньсогын агуулгыг тайлбарлаж цээжлүүлэх.
  • Хүүхдийн сэтгэхүй болон хурууны жижиг булчингуудыг хөгжүүлэх.
  • Амьд байгаль сонирхох, хайрлах, тэдний төлөө анхаарал тавих зэрэг хүмүүжил олгоно.
    Хичээлийн хэрэглэгдэхүүн:
    Баавгай , үнэг, чоно, туулай, шар шувуу зэрэг амьтдын зураг бэлтгэх.
  • Бүдүүвчилсэн зураг : дөрвөлжин цаасыг дөрвөн тэгш хэсэгт хуваасан дөрвөлжин тус бүрд зураг байна. Үүнд: нэг дөрвөлжинд – амьтны дөрвөн хөл, хоёр дахь дөрвөлжинд -амьтны хошуу , гурав дахь дөрвөлжинд – амьтны сүүл , дөрөв дахь дөрвөлжинд -амьтны үс ноос байна.
  • Өнгийн харандаа бэлтгэнэ.
  • Амьтны зарим эрхтэн дутуу зурсан /үнэг сүүлгүй, туулай чихгүй, баавгай хөлгүй, / зураг байна.
    Урьдчилан бэлтгэл ажил /хүүхдийн анхаарал татах зорилготой/.
Г. Сэсмээ “Баавгай ба анчид” шүлгийг уншиж өгнө.

Арын ууланд
Анчид хонохдоо
Баавгай ирээд
Базчих болов уу
Барьж аваад
Савчих болов уу
Хонох уу байх уу
Ингэхэд гэж
Холдох уу явах уу
Эндээсээ гэж
Бүгд их маргав
Бүхэнд өвгөн сургав.
Бие биеэ дэрлээрэй
Битүү дугуй гаргаарай
Тэгээд одоо унтан аа хө
Тэнэг баавгайг
Хуурна хө! Гэв
Шөнө дундын хэрд юмсанж
Ид нойрны эхэнд юмсанж
Баавгай хүрээд
Ирэв гэнэ
Баахан зогсоод
Эргэв гэнэ.
Тэгээд бүүр холдсоноо
Тэнээд бүүр явснаа
Удаж удаж иржээ
Унанги дархи /унасан мод/ авчирчээ
Анчдын дээр барьжээ
Арай таарсангүй байжээ
Баавгай зогсоод
Баахан ажив
Бас л ирээд
Муухан алхав.
Тэгээд бүүр холдсоноо
Тэнээд бүүр явснаа
Удаж удаж иржээ
Унанги дархи авчирчээ /унасан том мод/
Анчдын дээр барьжээ
Арай таарсангүй байжээ.
Баавгай зогсоод
Баахан ажив
Бас л ирээд
Муухан алхав.
Тэгтэл үүр цайжээ
Тэнгэрийн харанхуй гийжээ
Тэр анчид босоцгоожээ
Тэнэг баавгайг шоолцгоожээ.

2012-12-11

Орчинтой танилцуулах хичээл.

Хичээл 1

Сургуулийн өмнөх ахлах 4-5 насны хүүхдийг орчинтой танилцуулах.
( цэцэрлэгийн хичээл хүмүүжлийн ажилд хэрэглэх үлгэрчилсэн конспект )

Хичээлийн сэдэв: “Ус байгаа газарт амьдрал байна”.

Хичээлийн зорилго: Усанд хайр гамтай хандах хүмүүжил олгох, усны ундаргад өдөр бүр хэрхэн яаж хандах, өдөр бүр байгаль хамгаалах туршлагыг нь төлөвшүүлэх. Устай холбоотой хялбар туршилтыг хүүхдээр хийлгэх ба усны бүтцийг ойлгуулах. Унших дасгал хийлгэх, хичээлдээ анализ дүгнэлт хийх чадвартай болох , хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх.

Б.Эрдэнэбулганы  Хэрлэн зураг 
Хичээлд хэрэглэх багаж хэрэгслүүд: Усны чимээ шуугиантай аудио бичлэг. Усны бүтэц тэдгээрийг ашиглаж байгааг харуулсан зураг, хэд хэдэн аягатай ус, халбага байна, давс, элс, чүдэнзний мод, жижиг чулуу, хүүхдийн тоогоор аяга, уулгах рашаан ус бэлтгэнэ, савтай цэцэг буюу зурсан савтай хоёр янзын цэцэгтэй зураг, говь хангайг харуулсан фото зураг, очих газрын нэр хаяг бэлтгэсэн байна.

Урьдчилсан ажил: Д. Нацагдоржийн шүлгээс уншиж өгөх.

Хэрлэн Онон Тулын тунгалаг ариун мөрнүүд
Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд
Хөвсгөл Увс Буйрын гүн цэнхэр нуурууд
Хүн малын ундаа болсон тойром бүрд усан ууд.

Энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан орон.


Т.Очирхүүгийн шүлгээс
Усан зүйлийн гол.
… Алгандаа дээжлээд уувал даа
Айраг адил сэнгэнээд байдаг гол минь
Алсын газраас зориод очвол доо
Алаг зүрхэн дэнслээд байдаг рашаан минь
Уулсын өндөр Сутай гаа
Урсгалд нь харсан толь минь
Уужмын холоос гүйдэлтэй
Усан Зүйлийн гол минь

Ш.Энхбаяр “Ус”.

Горхи хоржигнон урсана
Гол мяралзан урсана
Нуур цэлийн тунарна
Далай давлагаа түрнэ
Булгийн ус оргилно
Борооны ус дусална

Нарны туяанд ус гоёхон
Наадан тоглоход ус сайхан
Амьтай бүхнийг ундалсан
Рашаан булаг ус
Амьд байгаль тэтгэсэн
Амин эрдэнэ ус!
Эдгээр шүлгүүдийг уран сайхнаар хэд хэдэн дахин уншиж өгсний дараа хүүхдэд асуулт тавьж ярилцана.
Хичээлийн явц: Бид өнөөдөр усаар явах аялалд гарна. (Тоглоомын аргаар явуулна.) Иймд усаар аялахад ямар нэгэн усан замын тээврээр явах болно. Иймд бид ямар усан онгоц байдгийг санаж үзье. Хүүхдийн хариулт: хөлөг онгоц, далбаат онгоц, суман онгоц, моторт онгоц, хөнгөн онгоц , завь гэх мэт. Та нар нүдээ аниад Сэлэнгэ голоор том усан онгоцон дээр явж байгаа байдлыг сана, онгоцны хашлагын цаана ус яаж давлагаалж хашлагыг цохиж байгааг сонс доо. Бид энэ ая лалаар олон газар зогсож олон сайхан мэдээ авах болно. За , эхний зогсоол дээр ирлээ. Бид усны тухай юу мэддэг билээ? Бүгдээрээ санаарай.

2012-11-06

Цэцэрлэгийн багш нарт өгөх зөвлөгөөн


4-5 настай хүүхдэд нийгэм-ёс суртахууны хүмүүжил олгох ажлын  үлгэрчилсэн  төлөвлөгөө.     Үүнд:  1-р улиралд

Зорилго:
Хүмүүсийг хүйсээр нь ялгаж сургах
Хүүхэд болон том хүмүүсийн  янз бүрийн сэтгэл хөдлөлтийн байдал, тэд хэрхэн түүнийгээ илэрхийлж  байгаа, тэдний нүүрний байдал, хөдөлгөөн, дуу хоолойн байдал зэргийг харьцуулан ярилцаж сурах.

9-р сар
Хичээлийн сэдвүүд

  • Гэр бүл: Гэр бүлийн  ойр дотнын хүмүүсийн , ойр дотнын хүмүүсийн хайр халамж ба гэр бүлийн гишүүдийн үүргийн тухай  анхны мэдлэг өгөх.
  • Хүүхдийн цэцэрлэг:  Хүүхдийн орчны сонирхлыг хөгжүүлэх,  хүүхдийн төлөө том хүмүүсийн хөдөлмөрийг хүндэтгэж  зөв харьцах хүмүүжил олгох.
  • Төрсөн хот, аймаг, сумын төв: Төрсөн нутгийн  дурсгалт газартай танилцуулах ба түүгээр бахархах хүмүүжил олгох.
  • Ертөнцийн  юмс:  Ямар ч юмыг бүтээхэд маш хэцүү байдаг тийм учраас хүмүүс хамтран ажилладаг гэдэг мэдлэг өгөх.
  • Сургах тоглоом: “ Өөрийг ээ толинд хардаа”, “Би хэний тухай  ярьж байна вэ ?”,  “Алив бүгдээрээ мэндэлцгээе”, “ Энэ хэн бэ ?  Эрэгтэй хүүхэд үү, эмэгтэй хүүхэд үү?”, “ Хэн нь ууртай, уйтгартай, хөгжилтэй вэ?”, “ Зураг дээр өөрийн төрлөө олж заа”.
  • Ярилцах сэдвүүд:  “Би ямар байсан, одоо ямар байна, ирээдүйд ямар болох вэ?”, “Бид автобусаар явж  байна”, “ Бид эмчид үзүүлж байна”, “ Бид жүжиг үзэж байна”.

10-р сар
Хичээлийн сэдвүүд:

  • Гэр бүл:  Гэр бүлийн гишүүдийн үүргийн  тухай , хүүхдүүд дүү нар аа халамжилж хайрлаж, арчилж чаддаг тухай  мэдлэгийг нэмэгдүүлэх.
  • Хүүхдийн цэцэрлэг: Хүүхдүүдийн хамт цэцэрлэгийн өөр бүлэгт орж үзүүлэх, хүүхдийн цэцэрлэг гэдэг бол нэг том айл шиг хүүхдүүд бие биеэ халамжилж анхаарал тавьж байгааг анхааралтай ажиглах.
  • Төрсөн хот,аймаг сум: Бидний одоо байгаа дүүрэг, аймгийн төв, сумын төвд  хүүхэд хүмүүсийн тохитой амьдрахад хүмүүс юу хийсэн байна, юу нь сайхан ,юу нь муухай  байгаа тухай  хүүхдийн ажигласан зүйлийн тухай    ярилцах.
  • Том хүмүүсийн хөдөлмөр: Шуудангийн  хөдөлмөртэй танилцуулах ба  хөдөлмөр хийж байгаа хүмүүсийг хүндэтгэх хүмүүжил олгох.
  • Сургах тоглоом:  “Би хүүхэдтэй яаж эвлэрэх вэ? ”, “  Шувууны далавч нь өвдөж байгаа даа”, “ Намар хүн ямар хувцас өмсдөг вэ ? ”.
  • Ярилцах сэдэв:  “ Чи яаж хандах байсан бэ ? “,” Чамайг өнөөдөр юу гэж сайшаах байсан бэ  ? “, “ Миний хайртай найз нар”, “Миний сайн үйлдэл”.

11-р сар
Хичээлийн сэдвүүд:

  • Гэр бүл: Гэр бүл дотроо бүгд бие биендээ тусалдаг,  ээж, эмээ нар гэрийн маш их ажил хийдэг, харин хүүхдүүд нь байнга тусалдаг, ээж , эмээгээ хайрлаж халамжилдаг учраас   тэд их баярладаг тухай хүүхдүүдтэйгээ ярилцах.
  • Хүүхдийн цэцэрлэг:Үеийн найз нөхөд болон цэцэрлэгийн ажил тангуудтай харьцах,   тэдний хийж байгаа зүйлийг сонирхох ба асуулт тавих, юм тодруулж асуух, тоглоом сонирхох зэрэгт хүүхдийг сургах.
  • Төрсөн хот, аймаг, сум: Хот, аймаг, сумын тухай  ойлголт өгөх,  тэнд байгаа хүмүүсийн хөдөлмөрийн онцлогуудыг танилцуулах.
  • Хүмүүсийн хөдөлмөрийн тухай: Цэцэрлэгийн цагаан хэрэглэл угаадаг хүмүүсийн хөдөлмөрийг танилцуулах, цэцэрлэгийн ажилтнууд хүүхдийн төлөө  санаа тавьдаг, хүүхдүүд тэдний хөдөлмөрийг хөнгөвчилчхийн төлөө байх / гараа сайн угаавал алчуур нь бага бохирдоно/ хүмүүжил олгох.
  • Сургах тоглоом: “ Хүүхдүүдийг дуугаар нь тань”,  “ Миний хөөрхөн  тугал, ишиг ”,  “ Төлийг дуугаар нь тань”.
  • Ярилцах сэдэв: “Хүүхэлдэй ба амьтдын  цэцэрлэг”, “Хамтран цэцэг арчлахад  хэнд юу хэрэгтэй вэ?” , “ Би яаж тоглодог  вэ ?  “, “ Би  хүн болгонд тусалдаг”зэрэг сэдвүүдээр ярилцана.
  • Улирал бүр өөрийн гэсэн сэдвүүдийг төлөвлөж эцэг эхийн дунд ажил зохион.

Үргэлжлэл бий.

2012-10-17

УЛААН МАЛГАЙТ үлгэр


Багачууддаа уншиж өгөөрэй,   3-4 нас
Ш.Перро 


Эрт урьдын цагт нэгэн тосгонд дэлхий дээр байхгүй хөөрхөн бяцхан охин суудаг байжээ. Эх нь түүндээ ухаангүй хайртай байхад эмэг эх нь бүр илүү хайртай байжээ.
Ая охиныхоо төрсөн өдрийн нь ойд зориулж, эмэг эх нь улаан малгай бэлэглэж өгчээ.
Түүнээс хойш охин, хаашаа юунд ч явсан өнөө гоё улаан малгайгаа өмсөж явдаг болсонд, айлынх нь хүмүүс:
Улаан малгайт маань л ирж байна гэж ярилцдаг байв. Эх нь нэг өдөр амттай хуушуур хийгээд охиндоо:
-Улаан малгайт аа! Чи эмэг ээждээ энэ хуушуур, савтай тос хоёрыг аваачиж өгөөд бие нь ямар шүү байгааг мэдээд ир! гэж хэлэв.
Улаан малгайт юмаа аваад эмэг эх дээрээ очихоор өөр тосгон уруу явжээ. Охиныг ой модоор явж байтал нь замд нь нэг саарал чоно тохиолджээ.
Чоно, Улаан малгайтныг идэх гэж хүссэн боловч модчин гийн мод цавчих сүхний дуу ойрхон дуугараад байхаар зориг нь хүрсэнгүй. Улаан Малгайтад ойртов.
Улаан малгайт чонотой дайралдах нь аюултай гэдгийг огтхон ч мэдэхгүй учир чонотой мэндлээд:
-Эмэг эхдээ энэ хуушуур, тос аваачиж өгөх гэж явна гэв.
-Чиний эмэг эх чинь хол байдаг уу? гэж чоно асуув.
-Нэлээд зайтай, тэр харагдаж байгаа тосгонд, тээрмийн цаана, тосгоны захын нэгдүгээр байшин гэж Улаан Малгайт хариулав.
-Тэгвэл би ч гэсэн эмэг эхийг чинь үзэхийг хүсэж байна. Би энэ замаар явъя, чи тэр замаар яв, хэн нь түрүүлж хүрэхээ үзье гэж чоно хэлэв. Чоно өөрийнхөө дөт гэсэн замаараа гүйв. Харин Улаан малгайт охин хамгийн тойруу замаар зам зуур зогсож цэцгийн баглаа хийхээр цэцэг зулгаасаар яаралгүй явав. Охиныг тээрэм ч хүрч амжаагүй явахад чоно хэдийн эмэг эхийн нь байшинд хүрч үүдийг нь тог тог хийтэл тогшив.
-Хэн бэ? гэж Улаан малгайтын эмэг эх асуухад
-Би байна таны охин Улаан малгайт, танд хуушуур, тос авч айлчилж ирлээ гэж чоно нарийн дуугаар хариулав.
Энэ үед тэр хөгшин өвчтэй, орондоо хэвтэж байжээ. Тэгээд үнэхээр Улаан малгайт ирлээ гэж бодоод:
-Охин минь наад олсноосоо тат тэгэхээр л үүд чинь онгойно гэж хашхирав. Чоно олсноос дугтармагц хаалга нь онгойв. Гурван өдөр юу ч идээгүй өлсгөлөн чоно хөгшин тийш үсэрч, хүүе гэхийн зав өгөлгүйгээр түүнийг залгичхав.
Тэгээд үүдийг нь хааж, хөөрхий хөгшний орон дотор хэвтээд, Улаан малгайтыг хүлээж байв. Охин удсан ч үгүй хүрч ирээд үүдийг нь тог тог тогшив.
-Хэн бэ? гэж чонын асуухад, чонын дуу бүдүүн яхир сонсогдов. Улаан малгайт их л айснаа, эмэг ээж минь магад салхинд цохиулж, хоолой нь сөөсөн байхдаа гэж бодоод:
-Би байна, охин чинь танд хуушуур, тос авчирлаа гэж хэлэв. Чоно ханиалгаж байгаад нарийн дуугаар:
-Охин минь наад олсноосоо тат, тэгэхэд л үүд чинь онгойно гэв.
Улаан малгайт олсноос нь татмагц онгойв. Охиныг байшинд ороход чоно хөнжил доогуур нуугдаж:
-Охин минь хуушуураа ширээн дээр, тосоо тавиур дээр тавьчхаарай, тэгээд өөрөө миний хажуугаар хэвт, хөөрхий чи минь их л ядраа биз гэв. Улаан малгайт, чонын хажуугаар орж хэвтээд
-Хөгшин ээжээ, яагаад гар чинь ийм том байгаа юм бэ? гэж асуухад:
-Чамайг чанга тэврэх гэж ийм болсон юм охин минь гэв.
-Хөгшин ээжээ, ямар учраас чих чинь ийм том байгаа юм бэ? гэхэд
-Юм сайн сонсох гэж тийм том байгаа юм охин минь гэв.
-Хөгшин ээжээ, нүд чинь яагаад ийм том байгаа юм бэ? гэхэд
-Юм сайн харах гэж тийм байгаа юм охин минь гэв.
-Хөгшин ээжээ, яагаад шүд чинь ийм том байгаа юм бэ? гэхэд
-Аа энэ бол чамайг түргэн идэхийн тулд ийм том болсон юм охин минь гээд Улаан малгайтыг хай! Гэхийн завгүй муу гайхал чоно гутал малгайтай нь залгичхав.
Харин аз болж, энэ үед байшингийн хажуугаар сүхээ мөрөн дээрээ тавьсан түлээчид явж байгаад, байшинд их чимээ гарахыг сонсоод орж нөгөө чоныг алж гэдсийг нь хага яртал Улаан малгайт, дараа нь эмэг эх нь гарч ирэв. Тэгээд хөөрхий хөгшин эх, ач охинтойгоо ямар ч аюул гэмтэлгүй эсэн мэнд уулзав.